Categories
мэдээ улс-төр

Татварын 90 хувийг буцаан олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын
чуулганы хуралдаан 09.00 цагт эхэлнэ гэж товлогддог ч үргэлж хоцордгийн жишгээр
өнөөдрийн нэгдсэн хуралдаан ч 10.30  цагт эхэллээ.  Чуулганы
хуралдаанаар Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт
оруулах, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл
батлах тухай, Гэр бүлйн тухай хуульд нэмэлт оруулах, Галын аюулгүй байдлын тухай
хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.  Хуралдааны эхэнд Аж ахуй нэгжийн орлогын
алан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны
хэлэлцүүлэгийг үргэлжлүүлэн хийлээ.

Энэ
хуулийн төсөл нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд
татварын 90 хувийг буцаан олгох тухай хууль юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан
гишүүд асуулт, тодруулга авч байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Нийгмийн сэтгэл зүйд зохиомлоор бухимдал үүсгэх нь хариуцлагагүй үйлдэл

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан бүтэн өдрийн турш үргэлжиллээ.  Хуралдааны завсарлагаанаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа болон ЭЗБХ-ны дарга Б.Гарамгайбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Гадаадын иргэнд газар өмчлүүлэхгүй 

АН-ын бүлэг үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээлэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судалж, санал болгох үүрэгтэй ажлын хэсэг болон УИХ-ын гишүүн ч Л.Цогийн мэдээлэл, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаагийн мэдээллийг сонссон юм. Эдгээр асуудлын талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 

Тэрээр Газрын тухай хуулиар буруу, ташаа мэдээлэл твиттер хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байна. “Өнөөдөр 18 цагаас газрыг гадаадын иргэнд өмчлүүлэхийн эсрэг жагсаал хийнэ” гэсэн мэдээллийг Ё.Отгонбаяр гишүүн твиттер хуудсандаа цацсан байна. Иймд энэ талаар мэдэгдэл хийхэд хүрлээ. Манай Үндсэн хуульд зөвхөн Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй гэж заасан. Бид 2002 онд анх удаа Газрын тухай хуультай болсон. Энэ хуулийн 44-р зүйлд гадаадын иргэнд газар ашиглуулах тухай асуудлыг тодорхой зааж өгсөн байдаг. Гурав дахь парламентдаа дамжин хэлэлцэгдэж байгаа Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд уг заалт яг хэвээрээ орж ирсэн. Газрыг дуудлага худалдаагаар борлуулахад анхны үнийг зарласан байна гэсэн ганцхан тодотгол нэмэгдсэн. Үүнийг орон нутгийн Засаг дарга нь шийдвэрлэнэ гэсэн хуучин заалт нь ч хэвээрээ байгаа. Өөр ямар ч өөрчлөлт ороогүй. Нийгмийн сэтгэл зүйд зохиомлоор бухимдал үүсгэн, тэр байтугай Үндсэн хуультай зөрчилдүүлсэн асуудлыг зориудаар тарааж, хурал цуглаан зохион байгуулахыг уриалах нь Үндсэн хуульд харшилсан, хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Тиймээс хууль хяналтын байгууллагууд энэ асуудлыг анхааралдаа авах ёстой. Монгол Улс Газрын тухай хуулийг баталж, иргэдээ өмчтэй болгож, газраар дамжуулан иргэдийнхээ зээлжих, эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг нь баталгаажуулах ёстой. Иймд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай. Газрын тухай хууль нь бэлчээртэй ямар ч холбоогүй болсон. Бэлчээр бол монголын ард түмний уламжлалт ёс заншил, нүүдэлчин соёлыг хадгалж байгаа гол зүйл. Тиймээс бэлчээрийг хувьчлахгүй хэмээн мэдэгдлээ.

Өмчлөх, эзэмших, ашиглах, түрээслэх эрх гэдэг бол дөрвөн өөр ухагдахуун. Эдгээрийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулиа зөрчөөд, монгол нутгаа зарчихъя гэсэн сонирхолтой нэг ч хүн байхгүй гэдэгт би итгэж байна. Ард түмэнд газрыг нь өмчлүүлнэ гэж олон жил худал яриад, улс төрөөс болоод төр зоригтой алхам хийж чадахгүй байсан. Бид энэ асуудлыг шийдэх үүрэгтэй. Гэхдээ зөв шийднэ. Сүүлийн үед эх оронч дүр эсгээд популист маягаар улс төр хийдэг байдал түгээмэл болж байна. Газрын тухай хуулиас гадна Ашигт малтмалын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гээд бүгдийг нь жадлан эсэргүүцэж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хойш нь татах санаархал зохион байгуулалттайгаар өрнөж байгаа нь яавч сайн зүйл биш. Монголд гялтайх зүйлгүй болсон мэтээр ухуулан сурталчилж,  Монгол Улсыг хамгийн муухайгаар харагдуулах үйлдлийг хөхиүлэн дэмжиж байгаа нь хамгийн буруу улс төр юм. Монгол Улсад гялтайж байгаа, хөгжиж байгаа зүйл олон байна. Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан тулгамдаж байгаа асуудал ч олон бий. Иймд эдийн загсийн цоо шинэ эрх зүйн орчныг бий болгохын тулд хаа хаанаа хамтарч ажиллах нь чухал байна гэдгийг бүлгийн дарга нэмж хэлсэн юм.

Өргөтгөлөөр эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Ерөнхий сайдын мэдээлэл байлаа. Эдийн засгийг идэвхжүүлэх энэ хугацаанд Засгийн газраас өргөн барих ёстой хуулиудаа бүгдийг өргөн мэдүүлээд байгаа. Наадам хүртэл маш их ачаалалтай дөрвөн долоо хоног хүлээж байна. Арваад хуулийн төслийг наадмаас өмнө хэлэлцэж, батлах ёстой. Шаардлагатай гэж үзвэл чуулганы хугацааг сунгаж өгөөч гэсэн хүсэлтийг АН-ын бүлгээс УИХ-ын даргад тавьсан. Үүнээс өөр арга зам байхгүй гэдгийг АН-ын бүлгийн дарга мэдэгдлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “Өнөөдөр Ерөнхий сайд “ТЭЦ-3” дээрх өргөтгөлийг хүлээж авах нээлтийн ажиллагаанд оролцож байгаа. Бид цахилгаан станц барина гэж нэлээд олон жил ярьсан. Үнийн зөрүүгээс болоод энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй ч гэсэн “ТЭЦ-3” болон “ТЭЦ-4”-ийн өргөтгөлийг барьснаараа монголын эрчим хүчний чадлыг 173 мвт-аар, хамгийн хямд өртгөөр нэмэгдүүлж байгаа. Урьд нь бид их өндөр өртөгтэй ажил хийдэг байсан. Жишээлбэл, 2012 онд 50 мвт-ын хүчин чадалтай Салхитын цахилгаан станцыг 120 сая ам.доларын өртгөөр байгуулсан. Гэтэл өнөөдөр “ТЭЦ-3”-ын өргөтгөлийг 35 сая ам.доллараар хийж байна. Тэгэхээр цаашид өргөтгөл хийх маягаар эрчим хүчний асуудлыг шийдвэрлээд явах нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайдад зөвлөсөн. Цаашид эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд ямар эх үүсвэрийг сонгох вэ гэдгийг бодолцох ёстой гэлээ. 

Үндсэн хуультай холбоотой судалгааны талаар Л.Цог гишүүний мэдээлллийг АН-ын бүлэг сонссон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн урьдчилсан дүгнэлтийг зүйтэй гэж үзэж байгаагаа бүлгийн дарга илэрхийлэв. Тиймээс бүлэг дээрээ ажлын хэсэг зохион байгуулахаар болсон юм.

Сонгуулийн хуулийг парламент дотроо ярилцах цаг болсон

Бүлгийн хурлаар хэлэцсэн дараагийн асуудал Сонгуулийн тухай хууль. Энэ  хууль дээр ажлын хэсэг жил гаруй хугацаанд ажилахдаа улс төрийн бүх намууд, ТББ-ууд, судлагааны байгууллагуудын саналыг авсан байна. Одоо парламент дотроо энэ хуулийг ярилцах цаг болсон гэж үзэж байна. АН-ын бүлгийн хувьд парламент дахь намуудынхаа зөвшилцлийг хэрхэн хийх вэ, юуг нь дэмжих вэ гэдгийг анхаарч, болж өгвөл өмнөх амжилтаасаа ухрахгүй байх шаардлагыг тавьж байгаа. Мөн олон сонгуулийг нэг мөр хамтад нь хийж байя гэсэн байр суурьтай байгаа. Сонгуулийг хамгийн бага зардлаар зохион байгуулж, хамгийн нээлттэй байдлаар зөв тоолдог болоосой гэж хүсч байна. Тиймээс бусад намуудтай зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Өнөөдрөөс эхлээд анхныхаа уулзалтуудыг хийгээд явна. АН-ын хувьд урьд нь олсон ололтуудаасаа ухрахгүй байх тал дээр бусад намуудтай зөвшилцөнө. Тухайлбал: 2012 оны сонгууль 28:48 гэсэн хувилбараар явагдсан. Үүнийг ахиулаад 50:50 харьцаатай болгох саналтай байна. “Шударга-Ёс “эвсэл бидэнтэй санал нэгдэж байгаа. Харин МАН-ын бүлэг жижигчилсэн буюу можаритори сиситемээр явъя гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаад байгаа. Гэхдээ бид хоорондоо ярилцаж байгаад алтан дунджийг олох байх гэж найдаж байна гэж Д.Эрдэнэбат дарга мэдээллээ.  

Д.Гарамгайбаатар: Газрын биржийн журмыг боловсруулж, ажиллуулна

Бүлгийн дарга мэдээлэл хийсний дараа Газрын тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар гишүүн уг хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр: 

Сүүлийн үед Газрын тухай хуулиар улс төр явагдаж байна. Намууд өөрсдийн байр сууринаас улс төр хийхийг хориглохгүй. Гэхдээ үнэн бодит мэдээллийг ард иргэдэд өгөхгүй байгаа нь харамсал төрүүлж байна гэдгийг онцоллоо. Ажлын хэсгийн ахлагч цааш нь хэлэхдээ “Миний хувьд, Газрын тухай хуулийн ажлын хэсгийг ахлаад жил гаруй болж байна. Улс төрийн нилээд олон асуудал дагуулсан том хууль учир олон талаас нь нухацтай хэлэлцэж байна. Монгол Улсын Засгийн газраас Газрын тухай багц хуулийн төслийг 2013 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн.  2013 оны гуравдугаар  сарын 10-ны өдөр яам, тамгын газрын холбогдох албан тушаалтан, МУИС, ХААИС-ын багш, эрдэмтэн, судлаачид, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцуулсан өргөн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгээр оролцогсод өөрсдийн санал, сэтгэгдлээ өгсөн. Мөн оныхоо дөрөвдугаар сард  уг хуулийн нэр томъёогоор хэлэлцүүлэг хийсэн. Энэ хэлэлцүүлэгт  багш, оюутан, эрдэмтдээс гадна газрын тухай холбогдох хууль хяналт, өмгөөлөл, шүүхийн байгууллагаас төлөөлөл оролцсон. Олон улсад газартай холбоотой асуудлаар ямар нэр томъёо хэрэглэдэг талаар санал бодлоо солилцсон юм. Мөн газартай холбоотой шүүх, өмгөөлөл маргааны талаар ярилцсан. Нэлээд ач холбогдолтой хэлэлцүүлэг болсон. Мөн хөдөө аж ахуйн газрын эрхзүйн зохицуулалт хэлэлцүүлгийг энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд  явуулсан. Үүнд ҮАБЗ, Үндэсний шинэтгэлийн хороо, УУЯ, ҮХААЯ, Газрын харилцаа, геодези, зурагзүйн газар, АМГ, шүүх, МУИС зэрэг байгууллагуудаас холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцож, санал бодлоо солилцсон. Үүний дараагаар бид эрчимжсэн мал аж ахуйн асуудлаар хэлэлцүүлэг хийсэн. Үүгээр эрчимжсэн мал аж ахуй, тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, нийслэлийн Хан-Уул, Налайх, Сонгинохайрхан дүүрэг, Булган, Сэлэнгэ, Төв аймаг зэрэг аймгуудаас малчид, тариаланчдын төлөөллийг авчирч, санал солилцлоо. Дараагаар нь бид тавдугаар сарын 13-нд АНУ-ын Газар ашиглалт, хамгаалалт, түүнд тавих хяналт, эрх зүйн орчныг ямар байгааг туршлага судлалж ярилцсан. Энэ хэлэлцүүлэгт төрийн байгууллага, яам тамгын газар, энэ чиглэлээр судалгаа явуулдаг мэргэжилтнүүд оролцсон. Газрын багц хуулийн төсөлд хэлэлцүүлэг явуулсны дараа иргэдээс захидал, өргөдөл, цахим хаягаар 194 санал ирүүлсэн. Эдгээр саналуудыг бид багцлан, томъёолол бэлтгээд ажлын хэсэг өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ чиглэлээр хэвлэл мэдээллийн сэтгүүлчид надаас ярилцлага өгөхийг хүсдэг. Гэвч байнгын хороогоор орж хэлэлцүүлээгүй байгаа асуудалд өөрийн байр сууринаас хандаж хэлэх нь зохимжгүй гэж үзсэн. Байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулсны дараагаар хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөх боломж бүрдэх байх гэсэн зарчмыг барьж ажилласан. Хамгийн гол нь өнөөдрийг хүртэлх хугацаанд улс төр хийх гэсэн хүчнүүд өөрсдийн зүгээс ард иргэдийн санаа бодлыг үймүүлсэн янз бүрийн мэдээлэл өгсөн. Өнөөдрийг хүртэл бид хүлээцтэй хандсан. Цаашдаа хариуг нь дор бүр нь өгч байхаар боллоо. 

УИХ-ын БОХХААБХ-оос байгуулагдсан ажлын хэсэгт бүх намуудын төлөөлөл байгаа. Ажлын хэсэг 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Харамсалтай нь энэ бүх төлөөлөл ач холбогдол бүхий хуулийн төсөл дээр чин сэтгэлээсээ ажиллаж чадаагүй. Тийм учраас байнгын хороод дахин хуралдаж бүрэлдэхүүний тоог цөөлсөн. Өнөөдрийг хүртэл УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр нэгдсэн байдлаар гараагүй. Гишүүдийнх нь дунд үзэл бодлын зөрүү байгаа учраас нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байна гэсэн. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дээр МАН-ын бүлэг хэд хэдэн асуудал дээр нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байгаагаа албан ёсоор хэлсэн. Бие даагч нараас С.Ганбаатар гишүүн энэ хуулийн төсөлтэй холбогдуулан эрдэмтэд, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзуулсан. С.Ганбаатар гишүүний саналыг бид хүлээж аваад, тэдэнтэй ярилцсан. Энэ хуулийн төсөлд хүнд хандсан чиглэсэн ямар нэг асуудал байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харамсалтай нь бие даагчид, МАН-ын бүлгийн гишүүд хувь улстөрчийн зүгээс ард олонд таалагдахын тулд уг хуулийн төслийг мушгин гуйвуулсаар байна.  

Өмчлөх гэдэг асуудлыг Монгол Улсын Үндсэн  хууль, Иргэний хуульд тодорхой заасан байдаг. Өргөн баригдсан хууль холбогдох хуулиудыг огт зөрчөөгүй. Монгол Улсын иргэн 0,07-05 га газрыг  үнэ төлбөргүйгээр нэг удаа өмчлөх эрхтэй. Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхой заасан. Үүнээс өөр ямар нэг өмчлөлийн асуудал Газрын тухай хуулинд тусгагдаагүй байгаа. УИХ-ын ажлын хэсгийн эцсийн хувилбараар “Газар бол төрийн өмч. Монгол Улсын төрийн төсөвт байгууллага л эзэмшиж болно. Гэхдээ үйл ажиллагаа явагдах тодорхой чиглэл хугацаагаар гэрээ байгуулна.”  гэж хуулийн төсөлд тусгасан. Өөр эзэмших тухай заалт байхгүй. Ашиглах гэдэг дээр Монгол Улсын иргэн, Монгол Улсын хуулийн этгээд ашиглаж болно. Гэхдээ “Тодорхой үйл ажиллагаа явуулах зураг төсөлтэй  гэрээг аймаг, нийслэлийн Засаг дарга хийж, ашиглана” гэсэн заалт байгаа. Гэрээн дээр нөхцөл, шаардлагууд тодорхой тусгагдана. Мөн “Монгол Улсын иргэн газрыг оршин суух зориулалтаар ашиглаж болно” гэсэн заалт байгаа. Үүний сум, дүүргийн Засаг дарга нар шийдвэрлэнэ.  Гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс Монгол Улсад оршин суух зорилгоор мөн ашиглаж болно.  “Гадаадын хуулийн этгээд тодорхой үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр мөн ашиглаж болно” гэсэн заалт байгаа. Тухайн ашиглах газар дээр зураг төсөл нь байх юм.  Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж мөн газар ашиглаж болно. Гэрээнд заагдсан зориулалтаар л ашиглана. Өмчлөх, эзэмших эрх байхгүй. Тодорхой хугацаатай. Газрын биржээр дамжуулж ашиглах юм. 

Газрын бирж өнөөдрийг хүртэл ажиллаагүй. Өмнөх хууль дээр Газрын биржийн талаар тодорхой заалт байсан. Гэхдээ хэрхэн ажиллах журам нь батлагдаагүй байсан. Одоо бид журам боловсруулж, Газрын биржийг ажиллагаанд оруулна. Газрын тухай хуулиар бүгдийг зохицуулна. Гадаадын иргэн, аж ахуйн нэгжид газрыг өмчлүүлэх тухай асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өглөө. 

-Улсын баялагтай холбоотой хуулийн төслүүдийг баяр наадам дөхөж буй, хөл бөмбөгийн ДАШТ болж байгаа энэ үед давхцуулан шууруулах гэж байна гэсэн хардлага байна. Ер нь стратегийн орд гэж байхаа больж байгаа юм уу? 

Д.Эрдэнэбат: Үндсэн хуульд “Газар бол ард түмний өмч” гээд заачихсан. Гэхдээ уул уурхайн баялгийг ямар хэлбэрээр ашиглавал ард түмэнд илүү үр өгөөжтэй байх вэ гэдэг дээр гишүүдийн дунд хоёр янзын санал байна. Нэг хэсэг нь стратегийн орд газар байх ёстой, тодорхой хувийг төр эзэмших ёстой гэдэг. Нөгөө хэсэг нь уул уурхайг илүү үр ашигтай ашиглая гэвэл төрийг оролцуулахгүй байя. Төр оролцохоороо хамаг юм нь шахааны байдлаар явагдаж, улс төржсөөр ард түмэн  баялгаасаа хүртэж чадахгүй байна гэдэг. Ямар нэг баяр наадам, хөл бөмбөгийг далимдуулаад, ардуур нь хулгайч нар асуудлыг шийдэх гээд байгаа юм шиг ойлголтыг олон нийтэд түгээж, ийм гэнэн улс төр хийж болохгүй шүү дээ. 

С.Одонтуяа: Стратегийн оруудын талаар нэмэлт мэдээлэл өгье. Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогод 2007 оны 27-р тогтоолд заасан стратегийн ордуудыг цэгцлэх тухай тусгасан байгаа. Зарим ордыг энэ жагсаалтаас хасъя, зайлшгүй үлдэх ёстой ордууд дээр төр хяналтаа зөв тавьж, үр ашгийг нь нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллая гэсэн заалт орсон. Манай улсын эдийн засаг томоохон ордуудаас шууд хамааралтай байдаг. Тийм учраас Засгийн газраас эдгээр ордын асуудлыг оруулж ирж байгаа юм. Оруулж ирсний дараа төрийн өмчийн оролцоо хэдэн хувь байх вэ гэдгийг УИХ өөрөө шийдэх ёстой. Бодлогын баримт бичгийг хэлэлцэх үед санал өгч байсан эрдэмтэн, судлаачид, ААН-үүдийн 90 гаруй хувь нь стратегийн ордыг болих хэрэгтэй, энэ бол эдийн засгийн үр ашиггүй хувилбар гэдгийг хэлж байсан. Төрийн өмч нэрээр хэдхэн хүн завшдаг, авилгын уурхай болдог асуудлыг эцэслэе гэсэн зарчмыг баримталж байгаа юм. 

Categories
мэдээ улс-төр

Телевизийн хөтөлбөрийг цэгцэлнэ

Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ

Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд нэмж оруулах нэр томъёог, үйл ажиллагаанд тавих хязгаарлалтыг тусгаж, 2 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг тусгажээ. Энэ хуулийн төсөл батлагдсанаар үндэсний соёлыг хамгаалах хэрэгцээ өсч, үндэсний уран бүтээлчдийн эрэлт сайжирч, ажлын байр нэмэгдэнэ хэмээн үзэж байна.

Телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулагдаж буй уран сайхны нэвтрүүлгийн агуулгын зохистой харилцааг бий болгох, хэрэглэгчийг үндэсний эрх ашиг, хэл, соёл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээлээр хангах, үндэсний соёл, зан заншлыг дэмжих зорилгоор хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Тодруулбал, Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхны хөтөлбөрт 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Бусад Монгол Улсад бүртгэлтэй эфирийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Мөн кино театр, үзвэрийн цэгүүдийн дэлгэц тус бүрээр түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь 50-аас доошгүй байхаар тусгажээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн даргын Л.Эрдэнэчимэгт өгөх хариу цохилт

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Тамхины хяналтын тухай”  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барьжээ. Уг төсөлд утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах асуудлыг тусгасан аж. Ингэхдээ тамхи татах зориулалт бүхий тусгай бэлтгэсэн талбайг гадаа эсвэл агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгай тасалгаан дотор байхаар төсөлд оруулжээ. Мөн нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуй нэгж байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Харин тамхи татах цэг нь тусгай тэмдэглэгээтэй байх аж. 

Д.Эрдэнэбат гишүүн тамхичдын эрх ашгийг хамгаалахаар ажиллаж эхлэв. Тэр тамхи татдаг хүмүүст зориулсан тусгай газар байх нь зүйтэй гэж үзэж. Харин хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тамхины өрөөг эрс эсэргүүцэж байгаа. Тэрбээр тамхичдыг гишгэх газаргүй болгох нь зүйтэй хэмээн үзэж, санаачилсан хуулиа цээжээрээ хамгаалж буй. Тиймдээ ч бүлгийн даргаа торгуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагад албан бичиг илгээж байсан удаатай. Тамхины хяналтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж, төсөл боловсруулаад буй АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өрөөндөө тамхи татсан хэмээн ам алдсанаасаа болж, Л.Эрдэнэчимэг гишүүнээс зэм хүртээд зогсоогүй торгуулахаар болсон. Харин энэ удаа АН-ын бүлгийн дарга хариу болгож, хуулийг нь засварлахаар шийджээ. Мянга мянган тамхичид бас өөрийнхөө хэрэгцээ шаардлагад нийцүүлэх үүднээс хуулиар хориглосноос бусад нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөгдсөн цэг байгуулах нь зүйтэй хэмээн хуулийн төсөлд тусгаж. Харин хуулийн эзэн энэ засварыг хэрхэн хүлээж авах нь сонирхууштай л зүйл.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Огцруулах томилох хоосон хэрүүл ордонд оволзож, бүтээж бий болгох их ажил “Хүннү” хороололд өрнөж байна

Энэ удаа хоёр өөр газрыг сонгон өдрийн сурвалжлага бэлдлээ. Нэг
нь УИХ-ын чуулганы танхим. Нөгөө нь “Хурд групп” ХХК-ийн сүндэрлүүлж буй “Хүннү”
хорооллын бүтээн байгуулалт. Хан-Уул дүүргийн нутагт 25 га газрыг эзлэн орших том
хорооллын бүтээн байгуулалт ид өрнөж байгаа юм. Шийдвэр гаргагчид, баялаг бүтээгчдийн
нэг өдөр хэрхэн өнгөрч буйг харьцуулсан сурвалжлагыг таны өмнө дэлгэж байна. Та
ч гэсэн харьцуулж уншаад үзээрэй. 

 07.30
цаг:
Өчигдөр  өг­лөө­ний 07.30
цагт Төрийн ордны гадаа очлоо. Харуул хамгаалалтынхан хоёр талын хаалгаа онгойлгочихсон
зогсч байна. Албан хаагчид нь түрүү­чээ­сээ уван цуван ирж байгаа харагдана. Ордны
хоёр талын зогсоол дээр чамлахааргүй тооны машин тавьсан байхыг харвал ажил­чид
овоо ирсэн бололтой. Төрийн алба 08.00 цагт цугла­даг ёстой учраас гадаа 30 минут
хүлээгээд дотогш нэвтэрлээ.

08.00
цаг:
Сэтгүүлчдийн нэвтэрдэг голын хаалгаар орлоо. “Ийм эрт орох юм уу”
гэж хамгаалалтын ажил­тан гайхсанаа цүнхийг минь шалгаад явууллаа. Үүдэнд түүнээс
өөр ажилтан байсангүй. Дээшээ гарлаа. Замд хэн ч таарсангүй. АН, МАН-ын бүлгийн
хуралдааны  А, Б танхим байрладаг гол хонгилоор
явав. Гурав, дөр­вөн үйлчлэгчээс өөр хүн бай­сангүй. Тэдний зарим нь хив­сээ цэвэрлэж,
шалаа зүлгэж  байна. Зарим нь тоос шороогоо
арчиж байлаа. Цаа­шаа эргэтэл өөр нэг үйлчлэгч эмэгтэй ханаа арчиж байна. Та хэдэн
цагт ирсэн бэ гэхэд “долоо” гэж хэллээ. Зүүн талын хаал­ганы хамгаалалтын ажилтан
дээр очиж  “УИХ-ын гишүүдээс орж ирэв үү”
гэхэд “С.Бямбацогт гишүүн л ирсэн дээ” гэлээ. Энэ үед 08.00 цагтай уралдан “хуруугаа”
уншуулах гэсэн ажилчид яаран сандран цувсаар л байлаа.

Ингээд хоёрдугаар давхарт байрлах гишүүдийн хаалгыг  эхнээс нь татав. Нийгмийн бодлого, боловсрол соёл
шинж­лэх ухааны байнгын хороо буюу Д.Батцогт ги­шүү­ний өрөө нээлттэй бай­на. Гэхдээ
гишүүн алга. Байн­гын хорооных нь ажил­­тан ганцаараа сууж байлаа. Цаашаа Ц.Цолмон,
М.Сономпил, Б.Чойжилсүрэн, М.Батчимэг гээд бүгдийнх нь өрөө цоожтой. АН-ын бүлгийн
дарга Д.Эрдэнэбатын өрөө нээлттэй. Гэхдээ тэр ирээгүй байлаа. Цаашилбал Засгийн
газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг өрөөндөө ажлаа хийгээд зогсч байгаа
нь харагдав. 08.00 цаг: Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх утсаар яриад коридороор
явж байна.  Латвийн Ерөнхийлөгчийг хүлээж  авах бэлтгэлээ хангаж, хамгаалалтын ажилтнууд  ёслолд өмсдөг гоё хувцсаараа гангарсан зогсч байв.
Энэ үед Д.Оюунхорол гишүүн туслахаа дагуулан өөдөөс гарч ирлээ. Тэр үед цаг  08.30  болж
байв. Энэ цагт тус намын бүлэг даргынхаа өрөөнд хуралдахаар товлосон юм байна. Дээшээ
гуравдугаар давхарт гарлаа. Энэ давхарт Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатараас
өөр өрөөндөө байгаа гишүүн байсангүй. Харин дөрөвдүгээр давхарт Шадар сайд  Д.Тэрбишдагваас өөр хүн ирээгүй байлаа. Гишүүдийн
ирц ийм байсан ч Төрийн ордны албан хаагчид өрөө өрөөндөө сууж ажлаа эхэлжээ. 

09.00 цаг: УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан эхэлдэг
цаг.  Танхимын үүдийг нээж гишүүдийг хүлээн
авахад бэлэн болжээ. Хамгийн түрүүнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танхим руу
орлоо. Араас нь Ц.Баярсайхан, Ш.Түвдэндорж, Д.Тэрбишдагва, Ц.Оюунгэрэл нарын гишүүд
цувлаа. Ардын намынхнаас Д.Оюунхорол, Д.Дэмбэрэл, Б.Бат-Эрдэнэ гээд түрүүлж ирсэн
гишүүд цөм бүлгийн даргынхаа өрөөнд оров. Тэднийг бүлгийнхээ хурлыг хийхээр цуглаж
байх хооронд Х.Тэмүүжин, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Р.Гончигдорж,  Ж.Батзандан, Д.Зоригт, Ч.Сайханбилэг, Л.Болд гээд
УИХ-ын бусад гишүүд чуулганы танхим руу орсоор байв. 

10.00 цаг: Хурлаасаа хоцорсон  МАН-ын бүлгийн гишүүд даргынхаа өрөө рүү цуварсаар
л.  Тэдэнтэй зөрөлдөн  Д.Арвин, Ц.Оюунбаатар, Н.Батбаяр, Г.Уянга, З.Баянсэлэнгэ,
Л.Гантөмөр зэрэг гишүүд чуулганы танхим руу орсоор л. Үндсэндээ хамгийн сүүлд сүүл
мушгисан гишүүд нь арван цагтай уралдан ирж байгаа нь энэ.  Танхимд байсан гишүүд Ардын намынхныг хүлээсээр
байлаа. 

10.16 цаг: Ардын намынхан бөөнөөрөө чуулганы танхимд
орж ирэв. Ирц ч сайн байлаа. Х.Баттулга, Г.Батхүү, Н.Батцэрэг, Ж.Энхбаяр, М.Сономпил,
Х.Наранхүү нарын цөөн гишүүдийн суудал эзгүй байв.  Ингээд хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цагийн
хойно эхэлсэн юм.  Хуралдааныг Р.Гончигдорж
гишүүн даргаллаа.  Тэрээр энэ өдөр хэлэлцэх
асуудлын дарааллыг танилцуулсан юм.  Галын
аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт
оруулах төсөл, Ш.Түвдэндоржийг сайдаар томилох эсэх, Өрийн удирдлагын тухай хууль
гэх мэтчилэн 12 асуудал байв. Үүнийг уншаад “хэлэлцэх асуудлаа батлах уу” гэхэд
нь  МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эхлээд
Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцье. Тиймээс өнөөдөр
хэлэлцэх асуудлуудыг хойшлуулж өгөөч. Тэгэхгүй бол УИХ Дэгийн тухай хууль  зөрчөөд байна” гэдэг горимын санал гаргав. Хажуугаас
нь Ч.Хүрэлбаатар гишүүн “Монголын эдийн засгийн байдал хүнд байна.  Валютын ханш 1830 хүрээд явчихлаа. Н.Батбаяр сайдын
асуудлыг нэн даруй шийдмээр байна. Ний нуугүй хэлэхэд эдийн засгийн хөгжлийн сайдыг
огцруулчихвал байдал нэлээд сайжирна шүү. Ерөнхийлөгч зурагтаар Н.Батбаярыг эдийн
засгийн хямралын сайд гэж хэлж байна лээ. Ийм байхад энэ асуудлыг яагаад ярихгүй
байгаа юм” гэлээ. Араас нь М.Энхболд гишүүн “Өрийн удирдлагын тухай хуульд Төсвийн
тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн заалтууд бий. Тиймээс үүнийг хэлэлцэж болохгүй,  өнөөдрийн дарааллаас хасах хэрэгтэй” гэлээ. Хариуд
нь УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Н.Батбаяр сайдын асуудлыг байнгын хороогоор хэлэлцээгүй
учраас чуулганаар ярьж болохгүй. Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг  хэлэлцэхгүй тухай яриа байхгүй” гээд асуудлаа
хэлэлцэхээр алхаа цохилоо.  Тэгтэл Ардын намынхан
шаагилдаж эхлэв.

Р.Гончигдорж гишүүн
“Н.Батбаяр сайдын асуудлыг хэлэлцэх боломжгүй. Тэгээд ч УИХ-ын даргын зөвлөлөөр
хэлэлцэх асуудлын дарааллыг шийддэг юм. Гэтэл УИХ-ын дарга алга. Харин Өрийн удирдлагын
тухай хуулиар гаргасан горимын саналаар чинь санал хураая” гэв. Ингээд санал хурааж
гишүүд дэмжсэнээр Өрийн удирдлагын тухай хуулийг энэ өдөр хэлэлцэхээргүй боллоо.
Тэгсэн ч Ардын намынхны санаа амарсангүй 
“Одоо чуулганаа зогсоогоод эдийн засгийн байнгын хороог хуралдуулж, Н.Батбаяр
сайдыг хэлэлцье” хэмээн хашгиралдсан учраас хэрүүл дэгдлээ. Д.Сумъяабазар гишүүн
“хууль зөрчихөө боль” хэмээн бусдаасаа онцгой орилж байв. Нөгөө талаас нь Д.Эрдэнэбат,
Г.Баярсайхан нарын гишүүд “Даргын зөвлөл хуралдаж байж байнгын хороог хуралдуулна”
гэлээ. Тэгэхэд нь Ц.Нямдорж гишүүн “даргын зөвлөлөөс чинь өмнө хууль байдаг юм за”
хэмээн том дуугарав. Энэ үед хурал даргалагч “асуудлаа хэлэлцэж эхэлье, Ерөнхий
сайдыг индэрт урьж байна” гэлээ. Ерөнхий сайд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад нэр
дэвшүүлсэн Ш.Түвдэндоржийг танилцууллаа. Гэвч Ардын намынхан түүнийг тоож байгаа
шинж алга. Н.Батбаяр сайдын асуудлыг хэлэлцсэнгүй хэмээн бухимдаж,  Р.Гончигдорж гишүүнтэй заргалдсаар байлаа. С.Бямбацогт
гишүүн “Тэгвэл манай бүлэг Ш.Түвдэндорж гишүүний асуудал дээр завсарлага авъя” гэхэд
нь Р.Гончигдорж гишүүн  “Дэгийн хуулийн дагуу
завсарлага өгч болохгүй. Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх нь хугацаатай
учраас ийм зүйл дээр завсарлага өгдөггүй юм” гээд хүлээж авсангүй.

10:45 цаг: Н.Алтанхуяг сайдын танилцуулга  дууслаа. Үргэлжлээд завсарлагын тухай хэрүүл өрнөв.  С.Бямбацогт гишүүн завсарлагаа авна гэдгээ дахиад
хэллээ. Нөгөө талаас Д.Эрдэнэбат гишүүн “Энэ одоо хэн юм бэ” хэмээн хуруугаараа
чичлэхэд С.Бямбацогт гишүүн “Чи өөрөө хэн юм” хэмээн том дуугарцгаав. Үүнийг хурал
даргалагч  тоосонгүй “Засгийн газрын гишүүнийг
томилох асуудлаар Байгаль, орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дүгнэлтийг
Г.Баярсайхан гишүүн танилцуулна” хэмээн зарлав. Тэгтэл Д.Оюунхорол гишүүн ширээгээ
нүдэж эхэллээ. Түүнийг дагаад Д.Хаянхярваа тэргүүтэй Ардын намын залуу  гишүүд бөмбөр нүдэх мэт ширээгээ балбалаа. Ардчилсан
намынхан тэднийг гайхан харж “Яагаад байгаа юм бэ” хэмээн хэлэх нь сонсдоно. Нүргээн
намжсаны дараа Г.Баярсайхан гишүүн танилцуулгаа уншиж дуусгав. Дараа нь гишүүд асуулт
асуухаар болж, Ардын намынхан бүгдээрээ кноп дарав. Самбар дүүрэн гарсан нэрийг
хараад АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Асуух зүйл байхгүй байж, бүгдээрээ дайрч
гэнэ” хэмээн уурлаж, хурлын танхимыг хаяад гарав. 

Хамгийн эхэнд УИХ-ын
гишүүн М.Энхболд “Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдыг томилох асуудлыг 30 хоногт шийдэх
ёстой гээд одоо хэлэлцэж байна. Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг долоо
хоногийн дотор хэлэлцэх байтал яагаад хэлэлцэхгүй байгаа юм. Алийг нь хугацаанд
нь хэлэлцээд, алийг нь хугацаанаас нь хэтрүүлж хууль зөрчдөг юм бэ” гэхэд УИХ-ын
гишүүн Р.Гончигдорж “хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой зүйл асуу” гэсэнд тэрээр
уурлаж “Та удирдаж байгаа юм бол дэгийнхээ дагуу удирд. УИХ-ын гишүүдийн юу асуухыг
заах эрхгүй шүү. УИХ Засгийн газарт хяналтаа тавьж чадахгүй байна. Яагаад гэвэл
УИХ-ын 17 гишүүн сайд байна. Ерөнхийлөгч дан дээлтэй болгоё гээд оруулж ирж байхад
та нар яагаад эсэргүүцдэг юм. Ерөнхийлөгчтэйгээ нэг байр суурьтай байж чадахгүй
байгаа юм уу” хэмээн ярихад нь С.Эрдэнэ гишүүн өөдөөс нь чанга дуугаар сөргүүлэн
хэрэлдэв.  Тэрээр “Насаараа өмхийртөл давхар
дээлтэй явчихаад та нар одоо юу яриад байгаа юм” гэлээ.  М.Энхболд гишүүн “өмсч байсан дээлээ дааж байсан
юм. Улс орноо хөгжүүлж байсан юм аа за юу. Та нар шиг унагааж,  нурааж байгаагүй юм” гэв. Хариуд нь С.Эрдэнэ сайд
“Шившигтэй юмнууд та нарын хийсэн юм гэж юу байдаг юм” гэхэд М.Энхболд гишүүн “чиний
хийсэн юм хаана байгаа юм” гэх мэтээр хэрэлдлээ. Тэдний хэрүүлийг тасалж Г.Баярсайхан
гишүүн “Наадмын маргааш  намар гэдэг дээ.
Бүгдээрээ ажил ярьцгаая” гэж байлаа. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Давхар дээлийн
тухай хуулийг Ерөнхийлөгч 2016  оноос хэрэгжүүлье
гэсэн юм. Гэтэл та нар 2014 он болгож, засгийг бужигнуулах арга хэлбэр болгон хувиргасан
шүү дээ. Хаваржингаа энэ тухай ярьсан учраас одоо болъё л доо. Олон хүн биднийг
хараад сууж байна. Бүгдээрээ ажил ярья” гэв. Гэх мэтчилэнгээр Ардын намын асуулт
асуусан гишүүд цөм энэ сэдвийн хүрээнд үг хэлцгээж байлаа. Бүгдийнх нь санаа ажил.
Ерөнхий сайдын хариулт ч өмнөхөө давтаж байсан тул энд нуршилгүй орхиё.  МАН-ынхан асуулт гэхээсээ илүү саналаа хэлцгээж,
эрх баригчид руу дайрч байв.

11:24 цаг: Асуулт үргэлжлэв. Ч.Хүрэлбаатар гишүүн
“Ерөнхийлөгч том төрөөс ухаалаг төр рүү шилжинэ гээд байгаа. Гэтэл Ерөнхий сайд
үүнээс өөр бодолтой байгаа юм шиг байна. Энэ чинь ам ажлын зөрүү биш үү. Эдийн засаг
хүнд байгаа учраас бүсээ чангална гээд байдаг. Гэтэл Бразил руу  төсвийн мөнгөөр баахан дарга нар явж хөлбөмбөг
үзэх гэж байна. Энэ чинь ам ажлын зөрүү шүү дээ. Эрх зүйн шинэчлэл хийнэ л гээд
байдаг. Тэгсэн  шоронд хүн үхэж байна, үхсэн
хүнийг шүүж байна. Энэ чинь тэгээд шинэчлэл юм уу. Эдийн засгийн хөгжлийн саадыг
огцруулъя гэхээр хэлэлцэхгүй юм. УИХ хуулиа зөрчөөд байна шүү дээ” хэмээн хэлэв.
Энэ үед  Н.Батбаяр сайд бодол болон шанаагаа
тулж суулаа. Харин чуулганы танхимд 16 гишүүн сууж байсан юм. Тэдний ихэнх нь Ардын
намынхан байв. Харин  12.00 цагт Ерөнхий сайд
Латвийн Ерөнхийлөгчтэй уулзахаар гишүүдээс “чөлөө” авч гарав. 

12.35 цаг: Эзгүйд нь Ц.Нямдорж гишүүн Ш.Түвдэндорж
гишүүнд хандан “Нэр хугарахаар яс хугар гэдэг юм. АН-д чамаас өөр сайхан сайхан
залуучууд бий. Тэдэнд зай тавиад өгчихгүй яасан юм зайлуул. Чи байнгын хорооны дарга
болоод нэг жил огт үзэгдээгүй алга болсон шүү дээ. Нэхэл дагал болж байж авчирсны
дараа овоо гайгүй болсон. Ийм хүнийг яаж сайд болгох юм. Х.Баттулга хариуцлагагүй
байсан. Одоо Х.Баттулгаас долоон дор  нөхрийг
сайд болгох гэж байна.  Түвдэндорж хөдөө аж
ахуй, мал мэдэхгүй. МоАХ гэж далдганахаас өөр юм мэдэх үү. Улс төрийн тохироогоор
та нар энэ хүнийг оруулж ирж байгаа биз дээ. Энэ луйврыг чинь хэлэх вий гэхээс айсандаа
АН-ынхан хурлаас гараад явчихлаа” хэмээн хэллээ. Ингээд үдээс өмнөх чуулган завсарлав.

14.00 цаг: Үдээс хойших чуулган эхлэв байв. Гэсэн
ч гишүүд ирсэнгүй.

14.26 цаг: Н.Энхболд гишүүн хамгийн түрүүнд чуулганыхаа
танхим руу орлоо. Араас нь Ж.Энхбаяр, Б.Гарамгайбаатар, Л.Цог, Б.Болор, Ш.Түвдэндорж
гэх зэргээр цувсаар чуулганы хуралдаан яг 15.00 цагт эхэллээ.

15.00 цаг: Ө.Энхтүвшин гишүүний асуултаар эхлэв.
Түүний дараа Н.Энхболд гишүүн “Олонхийн араншин парламентын ардчиллыг булшилж байна.
Ерөнхийлөгч одоо дуугарах цаг болсон. Яагаад бидэнд засварлага өгсөнгүй вэ” гэх
мэтээр асуулт өрнөлөө. Өөртэй нь холбоотой асуултуудад Ш.Түвдэндорж гишүүн  “Намын шийдвэрээр намайг нэр дэвшүүлсэн. Тийм
учраас яамныхаа бодлогыг үргэлжлүүлж сайн ажиллана” хэмээн хариулж байлаа.

16.00 цаг: Асуулт хариулт дуусч, гишүүд үг хэлэв.
Г.Баярсайхан гишүүн “Ардын намынхан өнөөдөр УИХ, Засгийн газрын ажилд чөдөр тушаа
болж байна шүү дээ. Ашигт малтмалын хууль, Газрын тухай хуулийг та нар  гацааж байна. Тиймээс одоо ажил ярьцгаая” гэв.
Ж.Батзандан “Сөрөг хүчний хартай авгай шиг зан хэрээс хэтрээд байна шүү. Дэлхийд
сөрөг хүчнийг хоёр хуваадаг. Бүтээгч, нураагч гэж. Ардын намынхан бүтээгч сөрөг
хүчин байж хамтарч ажиллах хэрэгтэй байна” гэлээ. Харин Б.Болор гишүүн “Эцэс төгсгөлгүй
улс төрөө болиоч гэж хөдөө орон нутгийнхан бидэнд хандаж хэлж байна лээ. Тэрнээс
биш  дан давхар дээлийн тухай хүмүүс ярихгүй
байна. Тиймээс үүнд цэг тавьж ажил ярьцгаая. Түвдэндорж гишүүнийг дэмжиж байна.
Ажлын амжилт хүсье” гэсэн юм. Ц.Нямдорж  гишүүн
“Х.Баттулга сонинд ярилцлага өгчээ. Түүний хэлсэн үгийг энд уншиж өгье. “Тодорхой
юм нь Монгол элгээрээ хэвтсэн. АН Элбэгдоржийг сонсохоо байсан” гэх мэтээр хэлсэн
байна. Үүнийг бид хэлээгүй та нарын дунд байсан нөхөр чинь сонинд ингэж ярьсан байна
шүү.  Олонхи болсон 45 нөхөр ер нь юу хийгээд
байна аа. Ард түмнээ сонсохоо байж.  Нам доторх
шударга дуугарсан нөхдүүдээ тоохоо байж. Өөрсдийнхөө талд нэг кноп авчрах нөхрийг
сайд болгох гээд энд шараа болгож байна. Тиймээс үүнд чинь Ерөнхийлөгч хориг тавих
байлгүй. Тавихгүй бол түүнийг худлаа жүжиглэж байжээ гэж үзье” гэв.  Дараа нь Н.Алтанхуяг сайд “Ерөнхийлөгч бид хэдийг
зөрчилдүүлэх гээд байх шиг байна.Давхар дээлийг 2016 оноос тайлуулъя гэж хууль оруулж
ирснийг нь та нар 2014 болгох гээд байхаар чинь больсон шүү дээ. Өнөөдөр статистик
мэдээллийг харахад муу ч мэдээ байна. Сайн ч байна. Энэ бүхнийг бодитой харж асуудлаа
ярьцгаая” гэсэн юм.  Ингээд төгсгөлд нь хоёр
намын бүлгийн дарга үг хэлснээр Ш.Түвдэндорж гишүүнийг үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар
томилох уу гэдгээр санал хураав. Тэгэхэд нь Ардын намынхан санал хураалтад оролцохгүй
гэлээ. Гэсэн ч олонхи бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралд сууж байсан тул Ш.Түвдэндоржийг
85 хувийн саналаар Үйлдвэр хөдөө аж ахуй сайдаар дэмжив. Дараа нь Галын аюулгүй
байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх гэхэд нь 
Ардын намынхан “Өнөөдөр хэлэлцэх бүх асуудал дээр тав хоногийн завсарлага
авч байна” гэснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө. Р.Гончигдорж гишүүн “Маргаашийн
/өнөөдөр/ чуулганаар шинэ  төсөл л хэлэлцэх
байхдаа. Өнөөдрийн /өчигдөр/ бүх асуудлаар завсарлага авчихлаа” гэсээр хоцров.

17.00 цаг: Чуулган өндөрлөж, Засгийн газрын хуралдаан
оров. Шинэ сайдын томилгоотой холбоотой бэлгэдлийн чанартай хурал хийнэ гэсэн албан
бус мэдээлэл байлаа.

 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

 

07.30
цаг:
Маршалын гүүрний наахна зам дагуу байрлах томоо гэгчийн хашааны
үүдэнд хүмүүс аль хэдийнэ бужигнаад эхэлчихэж. Энэ хашаан дотор “Хүннү” хорооллын
барилгын ажил өрнөж байгаа юм. Дотогш нэвтрэхээр дугаарласан ажилчдаас гадна машинууд
ч орох ээлжээ хүлээн эгнэцгээжээ. Машинтай ажилчдын өмнө нийтийн унаагаар ирсэн
ажилчид хашаа руу орж эхэллээ. 18 барилга сүндэрлэж буй энэ том хороололд 27 компанийн
1370 гаруй хүн ажиллаж байгаа аж. Ийм олон хүнийг шалгаж нэвтрүүлнэ гэдэг амаргүй
ажил бололтой. Хашааны завсраар сонирхож харвал зарим ажилчид нь дасгал хийж харагдана.
Хажууд зогссон залуу “Эрт ирсэн ажилчид 07.45 цагаас дасгал хийдэг юм” гэж тайлбарлав. 

08.05 цаг: Ажилчдын цуваа сая л нэг татрав. Тэдний
завсар зайгаар машинуудыг шалган оруулж байсан юм. Зөвхөн энд ажилладаг хүмүүсийн
машин л барилгын талбайд орох эрхтэй аж. “Хүннү-2222” төслийн менежер Х.Тогтох бидэнд
газарчиллаа. Хашаагаар оронгуут баруун гар талд эгнэсэн байрнууд ажилчдын кэмп гэнэ.
Зүүн гар талын цэлийсэн том хашаанд ороож бэлдсэн, элдэв янзын хэлбэр дүрстэй  баахан төмөр өржээ. Төмрийн хавиралдах чимээ,
техникийн жигд хүнд дуу нүргэлсэн энэ хашааг Х.Тогтох “Арматурын үйлдвэр” гэж тайлбарлав.
Өглөө, өдөргүй хоёр ээлжээр ажилладаг гэнэ. Хашааны үүд хавиар ажилчдын машиныг
эгнүүлжээ. Лав л 200 гаруй машин байгаа бололтой.  Инженерүүдийн өрөөгөөр орлоо. Нэг орос хүн компьютер
тогшин сууна. Жога Владимирович нэлээд эрт долоо өнгөрч байхад  иржээ. Энэ төсөл дээр орос инженерүүд сантехник,
цахилгаан, хөрсний  усны асуудал дээр зөвлөгөө
өгөн ажиллаж байгаа гэнэ. Энэ өрөөнд монгол, орос, солонгос инженерүүд тохой залган
суудаг юм байна. ”Хүннү” хорооллын архитектур, төлөвлөлт талын зөвлөгчид нь солонгосчууд
аж.

 

08.30
цаг:
Хөдөлмөр хамгааллын сургалтын өрөө бол бидний орсон хоёр дахь газар.
Хичээлийн танхим маягаар тохижуулсан энэ өрөөнд дөрвөн хүн ажилладаг аж. Хөдөлмөр
хамгааллын албаны дарга Н.Даваажав гав шав хийсэн, хөнгөн шингэн гэж жигтэйхэн хүн
юм. Биднийг ороход  “Вестерн консол”-ын кранист,
инженер хоёр сургалтад сууж байв. Биднийг байхад байсгээд л хүмүүс шагайх юм. Шинэ
ажилчдаа сургалтад хамруулах, шаардлагын хариу өгөх гээд өчнөөн шалтгаантай улс
энэ өрөөгөөр тасралтгүй орж гардаг нь хагас цаг байхад л мэдрэгдсэн.

09.00
цаг:
“Одоо Ким ирсэн байх. Бүгдээрээ инженерүүдийн өрөөгөөр дахиж нэг
ороод барилгын талбай руу явъя” гэсэн Х.Тогтохын зөвлөгөөг дагав. Ингэж зөвлөсөн
нь ч учиртай байж. Инженерүүдийн өрөөнд Кимээс гадна хоёр солонгос сууж байна.
“Хурд”-ынхан “Хүннү” хорооллоо солонгос загвараар барьж байгаа аж. Кимээр хорооллын
талаар баахан яриулав. “Хүннү”  хороололд
ямар ч машин оруулахгүй юм байна.Түргэний, галын машин л орох эрхтэй. Гэртээ нүүж
ирж байгаа ч юм уу, энэ хорооллоос нүүх айл ачааны машин оруулж болно, бусад тохиолдолд
“no”  гэнэ. Учир нь хорооллын  доор машины зогсоолыг шийджээ. Бүр хоёр давхрыг
тэр чигт нь  машины зогсоол болгохоор төлөвлөчихөж.
Нэг айлд 1.5 машины зогсоол ногдоно гэж Тогтох яриандаа оролцов. Нэгдүгээр ээлжийн
1416 айлын дунд гэхэд л 1810 машины зогсоол төлөвлөжээ. Тэгэхээр энд байр худалдаж
авсан хүмүүс хүүхдээ айх аюулгүйгээр гадаа тоглуулж болох нь. Солонгос загварын
жишиг хороолол гээд байгаагийн учир  нь энэ
аж. Өөр нэг зүйл сонирхуулахад хорооллын айл бүрд өдөрт 3-5 цагийн хугацаанд заавал
нар тусч байхаар архитектурыг нь шийдсэн гэсэн. Бас гарааш байрлах доод талын хоёр
давхарт  тагтан дээрээ овоолдог элдэв зүйлсээ
хийж болох өрөөнүүдийг төлөвлөжээ. Монголоор бол амбаар маягийн үүрэг гүйцэтгэх
эд бололтой. Энэ мэт хэрэглэгч рүүгээ хандсан эерэг шийдлүүдийг хангүгчүүдээс хуулжээ.
“Монголдоо бол анх удаа хэрэгжүүлж байгаа шийдлүүд” гэж төсөл хэрэгжүүлэгчид онцолж
байна лээ.

09.30
цаг:
Инженерүүдийн өрөөнөөс  гараад
барилгын ажил өрнөж буй талбай руу зүглэлээ. Кэмпээс бас ч гэж хол зайтай юм. Наана
нь дахиад арав гаруй барилга сүндэрлэх гэнэ. Барилга сүндэрлэх талбайн наахна гэхэд
л материалын агуулах, бетон зуурмагийн үйлдвэр нэлээд талбайг эзлэн оршино. Барилгын
ажил өрнөж буй хашааны үүдэн хэсгээс л их ажил өрнөж байгаа гэдэг нь илт. Барилгын
материал ачсан портерууд тасралтгүй хөлхөнө. 
Төмөр нүдэх, ямар нэг юм өрөмдөх, алх тогших зэрэг олон янзын авиа нэгдэхээрээ
яаж сонсогддог  билээ. Яг тийм сүртэй дуу
чимээ биднийг угтлаа.

10.00
цаг:
Бидний анх орсон хэсгийг Х.Тогтох “Машины зогсоол болно” гэж тайлбарлав.
Тэнд хорь орчим хүн ажиллаж байна. Нэг хэсэг нь элс зөөж, нөгөө зарим нь шавар зуурч,
хоёр, гурван хүн гагнуур хийгээд завгүй. Сантехникийн хоолой угсрах ажил хийж байгаа
гэнэ. Мөн тэнд “ЧУЗ” компанийнхан “Хүннү” хорооллын салхивчны хоолойнуудыг элдэв
хэлбэрээр нь хийж өгч байна. Арав гаруй залуу төмөр нүдэж, зүсэж, давтаж сэхээ чөлөөгүй
ажиллацгаана. Тэд биднийг очдогийн өмнөх өдөр гэхэд л зуу гаруй ийм хоолой хийжээ.

11.00  цаг: Гараашны дунд хэсэгт  уртаа гэгчийн хоолой маягийн зүйл харагдав. Монголд
хамгийн урт буюу 300 метр туннель энд баригдах юм байна. Оршин суугчид энэ туннелээр
дамжин гарааш руугаа орж машинаа байрлуулах аж. Хамгийн доод давхрын буюу B1 давхарт
байрлах гараашийн ажил бас ид өрнөж байв. Гурван ч газар гал өрдөж дээр нь поошиг
тавьчихаж. Замын хар хайлуулж байгаа бололтой. “Үерийн усны хамгаалалт хийхэд ашиглана”
гэж гал өрдөж буй бүсгүй тайлбарлав.

12.18
цаг:
Хороолол руу орох гарц нь их том, загвар нь ч хөөрхөн санагдав.
Энэ гарцаар оршин суугчид машинтайгаа орох боломжгүй, шууд гаднаасаа туннелээр дамжин
машинаа зогсоолд тавих юм билээ. Гарцан дээр арав орчим хүн ажиллаж байна. Гагнуур,
шавардлага гээд ажил ч өрнөж байнаа. Хорооллын 
гадна талбайд дөрвөн эгнээтэй хоёр урсгал бүхий засмал тавихаар төлөвлөжээ.
Хорооллын урд талд сүндэрлэсэн байрны шатаар дээш өгслөө. Хог хаядаг бункерийн хэсэгт
хоёр нүх гаргасан нь экологид ээлтэй шийдэл гэнэ. Нэг хоолойгоор  нь дахин боловсруулах, нөгөөхөөр нь энгийн хог
хаях зориулалттай аж. Усны хоолойг гэхэд л хаягдал усыг дахин ашиглах боломж бүхий
шийдлээр хийжээ. Энэ шийдлээ төсөл хэрэгжүүлэгчид “Алсаа харсан, байгальд ээлтэй”
гэж тайлбарласан. Дахиад дээшиллээ. Энэ байрны дотоод заслыг “DP construction” компани
гүйцэтгэж байгаа юм билээ. Биднийг очиход тус компанийн захирал Болдсүх ажлаа  сонирхуулав. Тэдний дотоод заслыг нь хийж байгаа
дөрвөн өрөө байрыг сонирхлоо. Өрөөнүүдийн зохион байгуулалт нь дажгүй, зочны өрөөний
цонхны урт нь гэхэд л гурван метр, өндөр нь бараг хоёр метр шахуу юм. Гал тогооны
өрөөний цахилгааны утсыг хүртэл хийчихэж. Энэ байрыг шинэ жилээс өмнө ашиглалтад
оруулахаар ажиллаж байгаа аж. Компанийн зүгээс Хүннү хорооллын эхний ээлжийн орон
сууцнуудыг ирэх хавар гэхэд ашиглалтад бүрэн өгөхөөр ажиллаж байгаа юм билээ. Болдсүх
“Манайх зөвхөн дотоод заслаа л хариуцна. Гадна засал, цахилгаан гээд компаниуд тус
тусдаа үүрэгтэй ажиллаж байгаа болохоор барилгын ажил илүү хурдтай, чанартай явагдаж
байна” гэж ярилаа. Хана нь бүрэн цутгамал учраас газар хөдлөлтөд тэсвэртэй, тулаас
баганагүй учраас өрөөнүүд нь илүү саруулхан харагддаг гээд олон давуу талтай гэнэ.
Болдсүх Х.Тогтохоос ханы обойгоо авчирсан эсэхийг сонирхохыг бодоход байр ашиглалтад
орох хугацаа тун дөхжээ.

13.00
цаг:
Цайны цаг эхлэхэд барилгын талбай нэг хэсэгтээ эзгүйрэв. Гэхдээ
ээлжилж явдаг бололтой, цөөн хэдэн хүн барилгын талбай дээр үлджээ. Төсөл дээр ажилладаг
компани бүр тус тусдаа хооллоцгоодог юм байна. Портерын тэвшин дээр савтай хоол
авчирч ажилчдадаа хооллох компани ч харагдсан. Ихэнх нь ажилчдын кэмпэд хооллоцгоолоо.

14.00
цаг:
Дахиад л алх, өрөм, гагнуурын дуу хадаж эхэллээ. Энэ удаа хяналтын
инженер Д.Дүгэр, Н.Өлзийсайхан хоёроор газарчлуулав. Бетон цутгалт яаж хийдгийг
сонирхохоор хорооллын баруун захын байрны лифтээр дээшлэв. Лифт гэдэг нь бидний
мэддэг орцон доторх цахилгаан шат биш. Барилгын гадна талд байрлуулсан, хүнд жинтэй
барилгын материалуудыг дээш нь зөөх зориулалттай лифт  юм. Хоёр тонн ачааг өлхөн зөөх чадалтай энэ аварга
лифтээр дээшилж арванхоёр дугаар давхарт гарлаа. Тэндээсээ хорин давхар руу явганаар
өгслөө. Дээрээс харахад Туул орчмын тэр бүсэд барилгын ажил хаа сайгүй өрнөж байна
аа. Эднийх бетон цутгалтандаа мөн л шинэ технологи нэвтрүүлчихэж. Солонгосчуудын
2007 оноос хэрэглэж эхэлсэн орчин үеийн технологи гэнэ. Солонгосоор бол ягир гэдэг
аж. Англи нэр нь гангформ юм билээ. Хар үгээр зүйрлэвэл гадна талд нь төмөр, дотор
талд нь хөнгөн цагааныг нийлүүлж угсраад бетоноо цутгадаг юм байна. Энэ хэв хашмалын
онцгой давуу тал нь  бүрэн угсрахад л барилгын
нэг давхрыг нэг дор бетоноо цутгах боломжтой гэнэ. Давхар давхраар нь ингэж өрөөд
явахад барилга барина гэдэг тийм ч асуудал биш бололтой. Доод давхруудад бетон зуурмагаа
краны тусламжтайгаар хүргэдэг бол дээд давхрынхыг хөнгөхөн хялбар аргаар шийджээ.
Доороос нь тусгай хоолой гүйлгээд хүчтэй даралтаар шахахад л хорин давхрыг тэр чигт
нь бетондчих боломжтой юм билээ.

15.00
цаг:
Хорин давхар дээрх бетон цутгалтын ажлыг сонирхсоны дараа хотхоны
зохион байгуулалттай танилцахаар доошлов. Хотхоны дунд сүндэрлэх  хоёр давхар цэцэрлэгийн барилгын бетон цутгалтын
ажил дуусчээ. Дотоод заслынхаа ажилдаа аль хэдийнэ орсон бололтой, ачааны машинууд
барилгын материал зөөж, буулгаж харагдав. Цэцэрлэгийн барилгыг худалдаж авах хүнд
хотхоны хүүхдүүдийг цэцэрлэгтээ хамруулах, боломжийн үнээр хүүхдүүдэд үйлчлэх гэсэн
шаардлага, шалгуурыг компанийн зүгээс тавих юм билээ. Хоёрдугаар ээлжийн орон сууцнууд
баригдах үед сургуулийн барилгын ажил эхлэх юм байна. Энд мөн номын сан, ахмадын
чөлөөт цагаа өнгөрүүлэх төв ажиллана гэж төслийнхөн ярьсан. Бетон цутгалтын ажил
нь ид өрнөж байгаа юм байна. Хажуугийн байрны гадна фасадын ажил эхэлжээ. “Хорооллын
дундах талбайд гурван метр хэрийн хөрс асгаж зүлэгжүүлнэ, мөн тоглоомын талбай байгуулна”
гэж Х.Тогтох сонирхуулав.

16.00
цаг:
Инженерүүдийн өрөөнд эргэж ирлээ. “B1 хэсгийг ингэнэ, F1 хэсгийн
хувьд… “ гэж ирээд мэргэжлийн яриа өрнөсөн энэ өрөөнд хэсэг саатав. Инженерүүдтэй
зөвлөлдөх гэсэн хүмүүсийн хөл татрах шинжгүй. Тухай бүрд нь асуудлыг шийдээд гаргах
юм. Инженерүүд өндөр хяналттай ажилладаг нь илт. Биднийг газарчилсан хяналтын хоёр
инженерийн үүрэг нь гүйцэтгэгч компаниудыг ажлаа яаж хийж байгааг хянах юм билээ.
Ким гэхэд л шавардсан хэсгийг шалгаад замаскдах эсэхийг хүртэл шийддэг бололтой
юм. Сонирхуулж хэлэхэд инженерүүдээс нэг шинэ мэдээ сонсов. Давхар бүрд дуу тусгаарлагч
хийж өгөх гэнэ. Дээд айл нь их дуу чимээ гаргасан ч доод айлд нь сонсогдохгүй гэсэн
үг. Мөн л солонгос технологи гэнэ. Өнөө хэрэглэгчдэдээ ойртсон шийдэл “Хүннү” хороололд
энэ мэтээр өчнөөн байх бололтой дог шүү. 

17.00
цаг:
Нэгдүгээр ээлжийн 18 барилгаас гадна хоёрдугаар ээлжийн барилгуудаас
хоёр ч орон сууцны суурийн ажил эхэлчихсэн бужигнаж байгааг газар дээр нь очиж харав.
“Хурд групп”-ийнхэн одоогийн байдлаар 7000 орчим айлын орон сууц ашиглалтад оруулжээ.
“Алдаан дээрээсээ суралцаад ажлаа илүү чанаржуулахын төлөө явж байгаа” гэж ярих
хүн олон байв.  Зуун хувь Монголын хөрөнгө
оруулалттай энэ компанийн “Хүннү-2222” төсөл дээр ажиллаж байгаа 1300 гаруй хүний
жар, дал нь л гадныхан, бусад нь монголчууд гэсэн. “Хүннү” хорооллын барилгын ажил
өрнөж буй цэлгэр том хашаанаас 05.15 цагийн үед гарахад тэдний ажил дуусаагүй байв.
Өглөө наймаас ажлаа эхэлсэн барилгачдын ажил орой наймаас дуусна. Арматур, бетон
зуурмагийнхны хувьд шөнийн ээлж нь ажилдаа ирнэ. Тэр хашаанд  барилгын бүтээн байгуулалтын ажил өдөр, шөнөгүй
өрнөж байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Далай аварга цолыг хасахаар боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 80.7 хувийн саналаар дэмжин баталлаа. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Б.Чойжилсүрэн нарын  санаачилсан уг хууль батлагдсанаар үндэсний бөхийн далай аварга цол хасагдаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Тамхины хяналтын хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Тамхины хяналтын тухай”  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах асуудлыг  хуулийн төсөлд тусгасан байна. Тамхи татах зориулалт бүхий тусгай бэлтгэсэн талбайг гадаа, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгай тасалгааг дотор байхаар зааж дээрх цэгүүдэд тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи татах, худалдаалахыг хориглосон заалт дээр нэмж эмнэлэг сувиллын газрыг оруулахаар хуулийн төсөлд тусгасан талаар хууль санаачлагч дурдав. Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт тавих стандартыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж хуулийн төсөлд оруулжээ.

Мөн нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуй нэгж байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулж, хуулиар хориглосноос бусад нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөгдсөн цэг байгуулах асуудлыг сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэхээр тусгажээ.  

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцуулав.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдаж, гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцож, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг 2007 онд батлан хэрэгжүүлжээ. Засгийн газраас гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хамгаалах байр, зөвлөгөө өгөх утсаар үйлчлэх үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан ажиллуулжээ. 

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа боловч гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд илүү өртөх зэргээр ноцтой хэлбэрт шилжих болсон байна. Үүний гол шалтгааныг хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгасан, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг орхигдуулсантай холбоотой гэж үзсэн байна.

Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Гишүүд хүчирхийлэлд өртсөн хүмүүст үйлчлэх түр хамгаалах байрны үйл ажиллагаа, түүнд байрлах хугацаа, хүүхэд, ахмад настны эсрэг гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэл, хохирогчдод үзүүлэх сэтгэл зүйн зөвөлгөө, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, үр хүүхдээ шийтгэдэг, уураа барьж чаддаггүй эцэг эхчүүдтэй ямар хариуцлага тооцох талаар асууж тодруулж байлаа. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон тус хуулийн ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар, хүүхэд, ахмад настны эсрэг хүчирхийллийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдлаар авч үзэхээр хуулийн төсөлд тусгасан байна. 

Одоо үйл ажиллагаа явуулж байгаа хохирогчдыг түр хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг 7-30 хоног байрлуулдаг байна. Хуулийн төсөлд түр хамгаалах байранд хохирогчийг байрлуулах хугацааг заагаагүй бөгөөд цаашдаа тэднийг байрлуулах хугацааг сунгах боломжтой хэмээн ажлын хэсгээс тодруулж хэлсэн. 

Эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид эрүүл мэндийн болон сэтгэл зүйн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ хэмээн заасан байдаг ч хэрхэн үзүүлэх нь тодорхойгүй явсаар ирсэн аж. Шинэ хуулиар сэтгэл зүйн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх асуудлыг дээрх хуультай холбож өгч байгаа юм байна. 

Хүүхдээ зун цагт хөдөө явуулж, мал хариулуулан, хөдөөд, малд дуртай болгож байгааг хүүхдийн хөдөлмөр гэж ойлгож болохгүй. Энэ бол монгол ахуй хэмээн Х.Тэмүүжин сайд хэлсэн. Харин хүүхдээ сургуулиас нь гаргаад мал хариулуулан, мөнгө олж, эрхийг нь зөрчиж байгаа үйлдлийг өөрөөр ойлгох учиртай гэж тэрбээр тодруулсан юм. 

Хүүхэддээ гар хүрсэн, уураа барьж чаддаггүй эцэг, эхийг юун түрүүн шийтгэхээс өмнө уураа барих сургалтад хамруулах талаар ч хуулийн төсөлд тусгасан байна. Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.  

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар АНУ-д авто осолд оржээ

УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар Вашингтон ДС хотод авто зам гарч яваад  машинд дайруулсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан байна. Ослын улмаас тэрбээр гар, хөлөндөө гэмтэл авч Вашингтон хотын нэгэн эмнэлэгт ухаангүй хүргэгджээ. Одоогоор түүний биеийн байдал сайжирч ухаан орсон гэдгийг ойрын эх сурвалж нь мэдээллээ.

 АНУ-ын Вашингтон хотод Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дэд дарга тэргүүтэй хүмүүс очсон байна. Г.Занданшатар тэдэнтэй уулзаад орой авто замын гарцаар, ногоон гэрлээр гарах гэж байхад нь машин хурдтай жолоодож явсан нэгэн залуу ирж дайрчээ.  Г.Занданшатартай хамт хоёр америк иргэн зам гарах гэж явсан бөгөөд тэд ч мөн машинд дайруулж хүнд гэмтэл авсан байна. Хурд хэтрүүлэн машин жолоодож явсан залууг цагдаагийнхан саатуулсан бөгөөд түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ машин жолоодсон гэж буруутгаж байгаа  гэнэ. 

 Г.Занданшатар  АНУ-ын Вашингтон хотод гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд “George Town” –ны их сургуульд суралцаад  зургаан сар болж байсан юм байна. Энэ талаар МАН-ын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад “Г.Занданшатар осолд орсон нь үнэн. Бие нь гайгүй байгаа” гэсэн товчхон хариултыг өгсөн юм.

Г.Ялгуун

Categories
мэдээ улс-төр

Далай аварга цолыг хасах тухай хэлэлцэнэ


УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал   

09.00 цагаас: 

1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.5.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/: 

– Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна; 

– Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их  Хурлын гишүүн Р.БУРМАА танилцуулна. 

2. Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн 2014.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, далай аварга цолыг хасах тухай, анхны хэлэлцүүлэг/: 

– Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их  Хурлын гишүүн Р.БУРМАА танилцуулна. 

3. Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/: 

– Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна; 

– Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их  Хурлын гишүүн Ц.ЦОЛМОН танилцуулна. 

4. “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/: 

– Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна. 

5. Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/: 

– Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна. 

6. “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/: 

– Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна. 

7. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай /Засгийн газар 2014.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, татварын 90 хувийг буцаан олгох тухай, анхны хэлэлцүүлэг/: 

– Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.НАРАНХҮҮ танилцуулна. 

8. Монгол хэлний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, А.Бакей, Г.Батхүү, Л.Гантөмөр, Н.Энхболд нар 2014.5.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/: 

– Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын М.БАТЧИМЭГ танилцуулна; 

– Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.ОТГОНБАЯР танилцуулна. 

9. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/: 

– Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР танилцуулна; 

– Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна. 

10. Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гэр бүлийн асуудал хариуцсан агентлаг бий болгох тухай, хэлэлцэх эсэх/: 

– Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын Д.ОЮУНХОРОЛ танилцуулна; 

– Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.