Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг татварын өршөөлийн тухай хуулийг дэмжихгүй гэв

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаа аж. Учир нь татварыг нэг удаа чөлөөлөх асуудалд МАН хатуу байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, тэд татвараа үнэнч шударгаар төлж ирсэн иргэд хохирч, нуун дарагдуулж байсан хүмүүс өршөөгдөж байгаа нь шударга бус хэрэг болно гэж үзжээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслөөр Татварын нэг удаагийн чөлөөлөлтийн тухай хуулиар гадаадад хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан хүмүүст өршөөл үзүүлэхээр болсон гэх. Гэвч үндэслэлгүй хөрөнгөжсөн төрийн эрх мэдэлтнүүдийг дахин шалгахгүй, хэрэг үүсгэхгүй. Энэ талаар олон нийтэд мэдээлсэн иргэнийг таван сая төгрөгөөр, байгууллагыг 50 сая төгрөгөөр торгох гэсэн нь байж болшгүй заалт учраас МАН-ын бүлэг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Батбаяр сайдыг АГТ-т өгсөн гэв

 “Их Монгол нэгдэл” ТББ-аас дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэд Н.Батбаяр сайдыг АТГ-т өгсөн тухайгаа мэдээлсэн юм. Хэвлэлийн хурал зарлагсдын өгсөн мэдээллээр бол Замын-Үүдийн хилийн боомт чиглэлд 26 тэрбумаар зам бариулахаар судлуулсан ажлын төсөвт өртгийг 33 тэрбум болгон зардал нэмүүлсэн нь хууль бус хэмээсэн юм. 

Мэдээллийн үнэн худал нь тодорхойгүй ч ямартаа ч Н.Батбаяр сайдыг АТГ-т шалгуулахаар өгсөн бололтой.

Categories
мэдээ улс-төр

Г.Буяндорж нарт холбогдох хэрэг шүүхэд шилжлээ

1999 оноос эхлэн Г.Буяндоржид залилуулчихлаа, дээрэмдүүлчихлээ гэсэн мэдээлэл тасрахгүй явсаар өнөөдрийг хүрэв. “Олон хавар нэгэндээ” гэгчээр Г.Буяндорж бусдыг залилан онц их хэмжээний хохирол учруулсан, хуурамч бичиг баримт  бүрдүүлсэн, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэсэн гэх зүйл ангиудаар ял төлөвлөөд байгаа аж. Тэрээр урьд нь бусдыг залилан онц хэмжээний хохирол учруулсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, авлига өгсөн  гэх мэт хэргүүдээр шүүхэд дууддагдсан ч “Өршөөлийн хууль”-д хамрагдаж байжээ.

Хоёр ч удаа “Өршөөлийн хуульд хамрагдаж, хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан Г.Буяндоржийн холбогдох хэрэгт Д.Батжаргал, Хурцаа, Ч.Ууганбаяр, Г.Дамдиндорж, С.Баттулга зэрэг хүмүүс холбогдон яллагдагчаар татагдсан байна. Бусдад учруулсан хохирлын хэмжээ нь хэдэн тэрбумаар яригдаж байгаа аж. Эрүүгийн хуулийн 248.4-т зааснаар түүнд ял төлөвлөсөн бөгөөд арав хүртэл жилийн хорих ял оноох магадлалтай юм байна.

Categories
мэдээ улс-төр

Газрын тосны хуулийг эсэргүүцэж байгаа гэв

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өнөөдөр Газрын тосны тухай хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Газрын тосны хуулийн төслийн ажлын хэсгийг  нэг жилийн хугацаанд ахлан ажиллаж, УИХ-аар батлуулах мөчид гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй. Гэтэл Засгийн газраас Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин өргөн барьсан. Шинээр өргөн барьсан хуулийн төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн билээ.

Шинээр өргөн барьсан хуулийн төсөл нь Монгол Улсад ашиггүй, өмнөх хуулинд байсан чухал заалтуудыг авч хаясан хэмээн шүүмжилллээ. Тухайлбал, унасан хуулийн төсөлд  Монгол Улсын эзэмших хувь нь 50 хүртэл хув болох, төлбөрийг зөвхөн Монгол Улсын банкаар дамжуулах зэрэг олон чухал заалтуудыг оруулж ирсэн байсан ч шинэ хуулинд тусгаагүй байна. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүд газрын тосны төлбөрийг Монгол Улсын банкаар дамжуулах нь зүйтэй гэж байсан боловч эсэргээрээ орж ирсэн байна гэлээ.

Мөн тэрээр “Газрын тос олборлодог дэлхийн бусад орнуудын тухайн улсын эзэмших хувь нь 70 хувь хүртэл байдаг. Гэтэл манай улсад 24-хөн хувь байгаа нь харамсалтай. Түүгээр зогсохгүй газар нутаг, тэр том тал нутгийг сүйтгэснийхээ төлөө 24 хувийн ашгийг Монгол Улсад өгдөг. Бид энэ байдлыг өөрчлөе гэж байсан ч шинэ хуулиар ийм зүйл орж ирээгүй байна. Шинэ хуульд газрын тосны ашгийн хувь  хэмжээг тухайн Засгийн газар нь тогтооно гэсэн байна. Уг нь тодоохой хувь хэмжээ заах ёстой байсан. Энэ мэт олон эсэргүүцэж шалтгаан шинэ хуулинд байна” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Төрийн өмчийг хувьчлах төслийг өргөн барив

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.06.18/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхийн дагуу төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах бөгөөд нийт 22 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, өөрчлөн байгуулахаар Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгажээ.

Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн хувьчлалыг “төрийн эзэмшлийн хувийг бүрэн хувьчлах”, “төрийн эзэмшлийн хувийг бууруулах” гэсэн хоёр ангилалд хуваасан бөгөөд хувьчлалыг хийхдээ зах зээлийн тааламжит нөхцөл бий болсон, хөрөнгийн зах зээл дээр хүлээн авах чадамж бүрдсэн, хувьчлалын бэлтгэл ажил бүрэн хийгдэж дууссан үед гүйцэтгэхээр тогтоолын төслийг боловсруулсан тухайгаа Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан хувьсгалын анхдагчдыг орон сууцтай болгох хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Баттулга, Р.Бурмаа, Д.Ганбат, М.Зоригт нар Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүдийн нийгмийн хамгааллыг дээшлүүлэх талаар хуулийн төсөл санаачилжээ. Хуулийн төсөлд Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд орон сууц олгох, эсвэл түүнтэй адилтгах хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох талаар тусгасан байна. Орон сууц болон тэтгэмжийн хэмжээ, олгох журмыг баталж, 2015 онд багтаан зохион байгуулахаар оруулжээ. Уг хуулийн төсөлдөө санал авахаар өнөөдөр Засгийн газарт хүргүүлээд байгаа аж. 

Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939, 1945 оны Халх голын байлдаан, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол Улсын төр баримтлаж хэрэгжүүлсээр ирсэн. Тиймээс хуулийн төсөл санаачлагчид түүхэн уламжлал, дэлхийн бусад орны жишгийг харгалзан үзэж Ардчилсан хувьсгалд манлайлан оролцсон хүмүүсийн халамж, хамгааллыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Анхдагчдын дийлэнх нь өдгөө амьжиргааны дундаж түвшнээс доогуур, нэн ядуу амьдралтай төдийгүй хөдөлмөр эрхлэх чадвар нь хязгаарлагдмал, 50-иас дээш насныхан голдуу байдаг аж. Өнөөгийн эрх зүйт ардчилсан, иргэний нийгмийн үндэс суурийг тавилцсан Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийг алдаршуулах, төрөөс нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэн, орон сууц болон түүнтэй адилтгах хэмжээний мөнгөн тэтгэмж олгох шаардлага зайлшгүй байгаа тул энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. 

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Ганбат гишүүнийг томилох эсэхийг хэлэлцэнэ

Өнөөдөр нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо,  Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаан товлогджээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”,  Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, тамхи татах тусгай цэг байгуулах тухай, хэлэлцэх эсэх/; Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд хуралдаж төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах тухай агуулга бүхий Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /2013 оны байдлаар/; Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

Тэгвэл Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл, Шилэн дансны тухай, мэдүүлсэн, бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох тухай агуулга бүхий Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийднэ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Байнгын хорооны шинэ даргаа сонгохоос эхлэх бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх юм байна. Байнгын хорооны даргад АН-ын бүлэг Д.ганбат гишүүнийг нэр дэвшүүлээд байгаа билээ.

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцов

Боливийн
Санта Круз хотноо энэ сарын 14-15 ны өдрүүдэд НҮБ-ын Хөгжиж буй
орнуудын 77-гийн бүлэг байгуулагдсаны түүхэн 50 жилийн ойд зориулсан
дээд хэмжээний уулзалт болж Гадаад харицааны дэд сайд Дамбын Ганхуяг
тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Эдийн
засгийн хамтын сонирхлоо харилцан дэмжиж, НҮБ-ын системийн хүрээнд болж
байгаа олон улсын эдийн засгийн гол асуудлаарх хэлэлцүүлэгт нэгдмэл байр
сууринаас хандан, Өмнөд-Өмнөдийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих
зорилго бүхий 77 хөгжиж буй орон 1964 онд Женев хотноо хамтарсан
тунхаглалд гарын үсэг зурж 77 -ийн бүлэг (G77) -ийг байгуулсан. НҮБ-ын
133 гишүүн орнуудыг нэгтгэсэн эл бүлэг нь НҮБ дахь хамгийн том бүлэг
бөгөөд энэ жил бүлгийг Боливи Улс даргалж байна.

“Сайн
сайхан амьдралын төлөөх дэлхий ертөнцийн шинэ жаяг” сэдвийн дор болж
буй эл дээд хэмжээний уулзалтад 20-иад орны төр засгийн тэргүүн, НҮБ-ын
Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ерөнхий Ассемблайн дарга
Жон Аш зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцсон бөгөөд Ерөнхий нарийн
бичгийн дарга Бан Ги Мүн Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг
түргэтгэх, 2015 оноос хойших хөгжлийн зорилтыг тодорхойлох, дэлхийн уур
амьсгалын өөрчлөлтийн шинэ гэрээг байгуулах зэрэг асуудлуудад гол
анхаарлаа хандуулахыг уриалав.

Уулзалтын
бүгд хуралдаанд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээлтийг уншиж танилцуулав. Гадаад
харилцааны дэд сайд Д.Ганхуяг Чилийн Гадаад хэргийн дэд сайд Эдгардо
Риверос болон Төрийн сайд, гадаад харилцаа хариуцсан ерөнхий нарийн
бичгийн дарга Альваре Эхральде, Аргентины Гадаад харилцааны нарийн
бичгийн дарга Эдуардо Зуайн, Перу болон Тайландын төлөөлөгчдийн тэргүүн
нартай уулзаж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар санал
солилцов. Мөн манай төлөөлөгчид Найроби дахь НҮБ-ын Байгаль орчны
ассамблейн Ази, Номхон далайн бүсийн орнуудын төлөөлөгч нартай уулзав.

Дээд
хэмжээний уулзалтаас 232 заалт бүхий тунхаглалыг гаргасан бөгөөд
ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт,
хөгжлийн санхүүжилт зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг багтаасан байна.
Тунхаглалд цөлжилт, далайд гарцгүй орнуудын тусгай хэрэгцээний талаарх
манай саналууд тусгагдажээ.

Ерөнхийлөгчийн илгээлт

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь Монгол-Германы бүлгийн гишүүд ХБНГУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Германы бүлгийн дарга Р.Бурмаа болон Монгол-Германы бүлгийн гишүүд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Баден-Вюртеммберг мужийн Ерөнхий сайдын орлогч Нийлс Шмид тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр / 2014.06.17 / Төрийн ордонд хүлээн авч уулзав.

 Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы бүлгийн дарга Р.Бурмаа, Германы аж үйлдвэр хөгжсөн мужийн төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр орны хууль тогтоох байгууллагууд сайн харилцаа, хамтын ажиллагаатай явж ирсний зэрэгцээ Монгол Улсын Их Хурал Бундестагаас үлгэр жишээ авч “Өргөдлийн байнгын хороо”-г шинээр байгуулсныг онцлон тэмдэглэв. Мөн хоёр орны улс төрийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Германы аж үйлдвэр хөгжсөн муж улстай тодорхой салбаруудад харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх сонирхолтой байгаагаа дуулгав. Түүнчлэн Монгол Улсад мэргэжлийн ажиллах хүчин шаардлагатай байгаа бөгөөд автомашин, төмөрлөг, машин техник, үйлдвэрлэлээр Германдаа төдийгүй Европд тэргүүлдэг мужтай техник мэргэжлийн сургалт явуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

 Ноён Нийлс Шмид, Байнгын хорооны даргыг цаг зав гарган, өргөн бүрэлдэхүүнтэй хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд, Ландтагийн “Өргөдлийн байнгын хороо”-ны даргаар шинээр сонгогдсон гишүүдийг ажиллуулдаг уламжлалтайг танилцуулсан юм. Баден-Вюртеммберг мужийн Ландтагын “Өргөдлийн байнгын хороо” бусад байнгын хороодоос хамгийн том байнгын хороонд тооцогддог ажээ. Мөн тэрээр Монгол, Германы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох зорилготой ирсэн тухайгаа дуулгаж, Монгол Улсаас Герман Улсад мэргэжилтэн бэлтгэх, Герман Улсаас Монгол Улсад сургагч багш илгээн ажиллуулахад бэлэн байгаа хэлсэн юм.

 Тэд уулзалтын төгсгөлд Сонгуулийн хуулийн талаар харилцан санал солилцсон. Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Су.Батболд, Д.Лүндээжанцан, З.Баянсэлэнгэ, Ё.Отгонбаяр, Ж.Батзандан нар байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв

УИХ-ын өнөөдрийн чуулган 40 гишүүнтэйгээр хуралдлаа. Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Бакей, С.Дэмбэрэл, Д.Зоригт нар Төсвийн байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгохоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

 Энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо үйл ажиллагааны чиглэл болон тусгай зөвшөөрөл тус бүрээр тусгаарлан тооцох бөгөөд хуулийн 8.1.1-д заасан орлогын дүн нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгчийн төлсөн албан татварын 90 хувийг хуульд заасан шаардлагыг зэрэг хангасан тохиолдолд буцаан олгохоор төсөлд тусгажээ. Уг асуудлыг зохицуулсан хуулийн зүйл заалт нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчинтэй байхаар тусгажээ. 

Харин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босгын хэмжээг өнөөгийн эдийн засгийн өсөлттэй уялдуулан өөрчлөх үүднээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Манай улс 1998 оноос Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг мөрдөж ирснээс хойш нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх борлуулалтын орлогын хэмжээг 10 сая төгрөгөөр тогтоож өнөөг хүртэл 16 жил өөрчлөлт оруулалгүй хэрэгжүүлж ирсэн. Харин энэхүү 10 сая төгрөгийн суурийг эдийн засгийн нөхцөл байдал, тухайлбал бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан өөрчлөх шаардлагатай байгаа аж. Сангийн яамнаас гаргасан тооцоогоор 2013 оны жилийн эцсийн байдлаар нийт НӨАТ төлөгчдөөс 10 сая хүртэл борлуулалтын орлоготой татвар төлөгч 21 хувийг эзэлж байхад 50 сая хүртэл борлуулалтын орлоготой татвар төлөгч 45 хувийг эзэлдэг байна. 

Иймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6.4.1 дэх заалтын “80 хувьд” гэснийг “20 хувьд” гэж, 4.1.10, 5.2, 6.11, 7.2, 13.7 дахь хэсгийн “10.0 сая” гэснийг “50.0 сая” гэж тус тус өөрчлөх, уг хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулснаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 50 орчим хувь нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргах, бүртгэл хөтлөх, падаан цуглуулах үйл ажиллагаанаас чөлөөлөгдөх юм байна.

 Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ оны 1 дүгээр сарын 28-ний өдрийн хуралдаанаараа хийж, зарчмын болон найруулгын шинжтэй зарим санал гаргасныг санал хурааж шийдвэрлэх явцад гишүүд саналын үндэслэлээ тайлбарлалаа. Байнгын хорооноос дэмжлэг аваагүй гишүүн С.Бямбацогт, Д.Дэмбэрэл, Ж.Эрдэнэбат нарын гаргасан хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын “буцаан олгоно” гэснийг “хөнгөлнө” гэж өөрчлөх буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг 1 хувь болгох буюу 90 хувиар хөнгөлөх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь дэмжсэн юм. Ингэснээр байнгын хорооноос гаргасан найруулгын шинжтэй саналын томъёоллоор санал хураалгах боломжгүй болж буйг УИХ-ын дарга хэлж, хуулийн төслийн хэлэлцүүлгийг дуусгалаа.