Categories
мэдээ улс-төр

Шилэн дансны тухай хуулийн төслийг хэлэлцэх болов

УИХ  Шилэн дансны тухай  хуулийн төслийг  хэлэлцэхээр болов.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нар танилцуулав.

Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог хангах асуудлаар сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газраас Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журмыг батлан хэрэгжүүлсэн боловч төсвийн талаарх иргэд, олон нийтийн ойлголт, мэдээлэл сул, төсвийн үйл ажиллагаан дахь олон нийтийн хяналт хангалтгүй байна. Энэхүү хуулийн төслөөр төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх шилэн дансны тогтолцоог бүрдүүлж мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх замаар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд цаг тухайд нь олон нийтийн хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан байна.

 Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд “Энэ хуулийн төсөл өмнө нь нэг удаа буцсан. Ингэхдээ гол нь хуулийн агуулга бус нэр томьёог өөрчлөх саналыг гишүүдийн зүгээс гаргаж байсан. Уран гоё нэр томьёо өгснөөр сайн байдаг бол сайн л байна. Иймд хуулийн төслийн нэрийг өөрчлөх асуудалд цаашид анхаарал хандуулах уу” гэж асуув. Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, энэ хууль гарснаараа төсөвт бүх байгууллагууд хамрагдах ёстой. Ингэснээр цахим хуудсанд өөрийнхөө төсвийн зарцуулалт, дансны гүйлгээг ил тодоор харуулж байх хэрэгтэй болж байна. Манай орны хувьд бүх сум интернэтэд хамрагдаж чадсан уу. Хэрвээ хамрагдсан бол хичнээн нь интернэтэд холбогдож цахим хуудсаа нээх боломжтой вэ. Хуулийг хэдийнээс эхэлж хэрэгжүүлнэ гэж тооцож байна. Цаашид хуулийн хэрэгжилт нэг мөр байж чадах уу гэдгийг тодруулсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан эдгээрт хариулахдаа “Хууль буцсан нь дан ганц хуулийн төслийн нэр томьёотой холбоотой байгаагүй. Шилэн данс гэсэн нэрэнд ямар нэг гоёчилсон зүйл байхгүй. “Ил данс”, “Тунгалаг данс”, “Ил тод данс” гээд нэрний талаар олон саналууд гарч байсан. Шилэн данс гэдэг нь оноосон нэр бус “тунгалаг” гэсэн үгтэй дүйсэн үг. Хамгийн гол нь нэр гэхээсээ илүүтэй агуулга чухал.

Өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанд хөндөгдсөн асуудлын нэг нь мэдээллийг  цаасаар нийтэд мэдээлэх заалт байсныг үрэлгэн байна, их хөрөнгө мөнгө зарцуулна гэж шүүмжилсэн. Иймд хуулийн төсөлд эдгээр байдлыг харгалзан үзэж мэдээллийг цахим хуудастай газар цахим хуудсандаа байршуулах, цахим хуудасгүй бол байгууллагынхаа үүдэнд самбар байршуулж олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээж байгаа. Энэ хууль батлагдсанаар цахим хуудаснаас үл хамаараад хэрэгжих боломжтой гэсэн тайлбарыг өглөө.

Хуулийн төсөлтэй холбогдуулан төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Д.Хүрэлбаатар, Ж.Батзандан нар үг хэлсэн. Харин хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байр сууринаас үг хэлэх гишүүд байсангүй. Ингэснээр Байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон 61 гишүүний 55 нь буюу 90,2 хувийн саналаар дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.  

Categories
мэдээ улс-төр

Наадмаар тав хоног амрах найдвар байна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх  хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  асуудлыг хэлэлцлээ. Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Засгийн газраас санал болгосон наадмаар тав хоног амрах саналын төсөл дэмжигдээгүй. Наадмын дараа энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзсэн юм.  Гэсэн ч наадмаар тав хонг амрахыг хүсч байгаа хүмүүс сэтгэлээр унах хэрэггүй.

 УИХ-ын нэгдсэн чуулганаар  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй саналыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураагаад, хуралдаанд оролцсон 64 гишүүнээс 45 нь буюу 70,3 хувийн саналаар дэмжих нь зүйтэй гэж үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. 

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар өнөөдөр ийм асуудлууд хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр баталжээ.

09.00 цагаас:

1. Шилэн
дансны тухай
тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.06.09-ний өдөр
өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:


Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын  газрын
дарга П.ЦАГААН танилцуулна;
– Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн
Ч.ХҮРЭЛБААТАР танилцуулна.

2.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний
их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай,
Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн
газар 2014.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, төрийн ёслолын журмыг Монгол Улсын
Ерөнхийлөгч батлах тухай, хэлэлцэх эсэх/:


Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна;
– Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их  Хурлын
гишүүн Р.БУРМАА танилцуулна.

3.  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах
тухай
 хуулийн төсөл
/Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, бондын хүүгийн орлогын
татварыг 10 хувь болгох тухай, хэлэлцэх эсэх/:


Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;
– Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.БАЯРЦОГТ
танилцуулна.

4.  Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нар 2014.06.10-ны өдөр өргөн
мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:


Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн  Ж.БАТЗАНДАН
танилцуулна;
– Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их  Хурлын
гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.
 

5. Засгийн
газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;

 –
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна;
– Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн
Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.

6.  Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн
мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:


Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн
Ц.НЯМДОРЖ танилцуулна.

7. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайлан /нэг
дэх хэлэлцүүлэг/:


Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;
– Санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор
А.ЗАНГАД танилцуулна.

8.  Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
/Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гэр
бүлийн асуудал хариуцсан агентлаг бий болгох тухай, хэлэлцэх эсэх/:


Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна;
– Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал,
дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

9. Чөлөөт бүсийн тухай  /шинэчилсэн найруулга/ болон холбогдох
бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн,
хэлэлцэх эсэх/:

– Хууль санаачлагчийн илтгэлийг
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР танилцуулна;
– Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ
танилцуулна.

10.  Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн
Д.Эрдэнэбат 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, тамхи татах тусгай цэг байгуулах
тухай, хэлэлцэх эсэх/:

– Хууль санаачлагчийн илтгэлийг
Улсын Их Хурлын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
– Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал,
дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

Categories
мэдээ улс-төр

Наадмаар тав хоног амрахгүй

Улсын их баяр наадмыг гурав биш тав хоног тэмдэглэх өнгөрүүлэх заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд тусгах саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооныхон дэмжсэнгүй. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Энэ төслийг хойшлуулах нь зүйтэй. Үндэсний баяр наадам дөхөж байгаа энэ үед хэлэлцээд дэмий. Тиймээс хуулийн төслийг ирэх намар хүртэл хойшлуулъя” гэснээр горимын санал хурааж гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Ингэснээр наадмаар тав хоног амардаг байх санаа шийдлээ олсонгүй. 

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичиг барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчид Хорват, Узбекстан, Гүрж улсын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичиг барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр үдээс хойш Бүгд найрамдах Хорват улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Небойша Кохарович, Бүгд найрамдах Узбекстан улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Даниер Джавдатович Курбанов, Гүрж улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Давид Апциаури нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Бүгд найрамдах Хорват улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Небойша Кохаровичийг хүлээн авч уулзах үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн  идэвхжүүлэхэд шинээр томилогдон ирж буй Элчин сайдын үйл ажиллагаа чухал түлхэц болно гэдгийг тэмдэглэж амжилт хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Бүгд найрамдах Узбекстан улсын Элчин сайд Даниер Джавдатович Курбанов уулзахдаа Монгол Улс, Узбекстан улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллаж байгааг болон хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж буйг онцлон тэмдэглэлээ.

Гүрж улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Давид Апциаури Монгол, Гүрж хоёр орон эртнээс уламжлалт сайн харилцаатай явж ирснийг дурдаад цаашид ч харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсад хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөлөө. Хоёр орны парламентын гишүүд, бизнесийн төлөөлөл харилцан айлчилж, хоёр талын хамтын ажиллагаа улам гүнзгийрч буйг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдсон Элчин сайд нарт амжилт хүсч, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад харилцааны яам тэдний ажилд тусламж дэмжлэг үзүүлж ажиллах болно гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа

Засгийн газар ээлжит бус хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарлаад байна. Уг хуралдаанаар Оюутолгой төслийн үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл сонсохоор төлөвлөсний зэрэгцээ МИАТ төрийн өмчит компанийн үйл ажиллагааны тухай Зам тээврийн сайд А.Гансүх мэдээлэл хийхээр болсон аж. Мөн нууц асуудал багтаж байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах хүснэгтээс сонирхоно уу.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хорооны хурал цуцлагдлаа

Ирц хангалтгүйгээс тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэлж хуралдахаар болсон ч удалгүй цуцлагдлаа. Хуралдааны эхэнд тус байнгын хороо даргаа сонгох тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байв. Гэвч Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй байгаа тул өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх боломжгүй болж буй аж.

Мөн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болох холбогдох хуулиуд, Хөдлөх эд хөрөгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Зөвшөөрлийн тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр байсан бөгөөд хурлыг С.Баярцогт хурлыг даргалан явуулах гэж байв. Гэвч УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн дагуу уг хурлыг Байнгын хорооны дарга даргалан явуулах дэгтэй тул ийнхүү бүхий л асуудлыг хэлэлцэх боломжгүй юм байна хэмээн гишүүд хурлыг орхин гарцгаасан байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Би хууль дээрэмдэгч биш

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ сарын 13-нд өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагч төслийнхөө талаар танилцуулсны дараа гишүүд асуулт тавьж, хариулт авав. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Ордон дотор тамхи татдаг хэдхэн эрэгтэй гишүүний эрх ашгийг бодож тамхины цэг байгуулах төсвийг батлах уу” гэж асуулаа. Түүний асуултад УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хуульд оруулж ирэх гээд байгаа нэмэлт, өөрчлөлт нь хэн нэг тамхи татдаг хүний эрх ашгийг хамгаалах тухай асуудал биш хууль өөрөө дархлаагүй болох гээд байгаа тул уг хуулийг хамгаалахад чиглэгдэж байгаа юм. Хуулийн цоорхойгоор зөрчилдөөд байгаа олон асуудал байна, тэдгээрийг шийдэх хэрэгтэй гэсэн санаа” гэв. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Миний санаачилсан хуулийг унагачихаад тамхины цэг байгуулах гэсэн хууль оруулж  ирлээ. АН-ын бүлгийн дарга хууль дээрэмдэгч болоод байна уу” гэхэд Д.Эрдэнэбат “Би хууль дээрэмдэгч биш. Таныг дэмжиж гарын үсэг зурж байсан. Таны өргөн барьсан хуулийн төсөл нэгэнт унасан тул би УИХ-ын хуралдаан дээр хуулийг дахин өргөн барина гэдгээ хэлж байсан. Тамхины цэг байгуулах гэдэг дээр нь” гэж хариулав.

Categories
мэдээ улс-төр

Тамхи татах тусгай цэг байгуулахыг дэмжсэнгүй

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн олонхи дэмжээгүй тул хуулийн төсөл уналаа. Гэхдээ уг хуулийн төслийг буцаах эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байж эцсийн шийдвэр гарна.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат санаачилсан юм. Хуулийн төсөлд тамхи татах тусгай цэг байгуулахаар зааж өгсөн. Учир нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тамхи татах тусгай цэг байгуулахыг хуулиар зохицуулж өгөөгүй. Үүнээс болж олон сөрөг үр дагавар бий болж буй тул олон улсад мөрдөгддөг жишгийн дагуу тамхи татах цэг байгуулахыг хуулийн хүрээнд зохицуулалттай болгож өгөх нь зөв хэмээн үзсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Ингэснээр хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Төсөлд зөвшөөрлийг Онцгой зөвшөөрөл, Тусгай зөвшөөрөл, Энгийн зөвшөөрөл хэмээн гурав ангилсан байна. Онцгой зөвшөөрлийг 30 хоногт багтаан, Тусгай зөвшөөрлийг 14 хоногт багтаан, Энгийн зөвшөөрлийг долоо хоногт багтаан олгохоор зааж өгчээ.