Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр /2014.06.25/ Төрийн ордны “Г” танхимд мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийн эхэнд өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод  өргөн барьсан “Гэр бүлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар сэтгүүлчдэд танилцуулав.

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Гэр бүлийн тухай хууль бол 1999 оноос хойш өөрчлөлт хийгдээгүй эргэж харах ёстой хуулиудын нэг юм. Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсрууллаа . Гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гэр бүл салалт, өмч хөрөнгө хуваах асуудлаас эхлээд олон зүйлд  хууль эрх зүйн зохицуулалт хийснээс гадна хамтран амьдрагчийн хууль ёсны хариуцлагыг тусгасан гэв.

Мөн манай улсын эмэгтэйчүүд сүүлийн үед гадаад иргэдтэй гэр бүл болох явдал эрс нэмэгдэх хандлагатай болсон учир  хуулийн төсөлд энэ талаар оруулжээ. Гадаад хүнтэй гэрлэсэн иргэдийн салалт, өмч хөрөнгө хуваахтай холбоотой маргаан ихээхэн байдаг ч хуулиар зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас иргэд  хохирох явдал цөөнгүй байгаа талаар УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлсэн юм.

Дараа нь тэрээр “Нийгмийн даатгалын сан”-тай холбоотой худал ташаа мэдээлэл хэвлэлээр бичигдэж буйг онцлоод залруулга хийв.

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Нийгмийн даатгалын сан”-гаас  “Капитал” банкинд байршуулсан мөнгө тухайн  банкны нийт активийн 39 хувьтай тэнцэж байгаа гэсэн мэдээлэл худал ташаа болохыг албан ёсоор мэдэгдлээ.

Нийгмийн даатгалын сангаас “Капитал” банкинд байршуулсан мөнгөн хадгаламжийн хэмжээ нь тухайн банкны нийт активын 18,9 хувьтай тэнцэж байгаа гэв.

“Нийгмийн даатгалын сан”-гаас арилжааны долоон банкинд 420 тэр бум төгрөгийн мөнгөн хадгаламж байршуулсан бөгөөд тухайн банкны нийт активын 20 хувиас илүүгүй байх зарчмыг баримталж банкуудтай гэрээ байгуулсан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар харилцан санал солилцов

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа Төрийн байгуулалтын байнгын хорооны урилгаар манай улсад ажиллаж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Ардчилсан засаглал, жендэрийн нэгжийн дарга, доктор Марчин Валецкиг өнөөдөр / 2014.06.25 / хүлээн авч уулзав.

Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны урилгаар манай улсад ажиллаж байгаад талархал илэрхийлээд УИХ Улс төрийн намуудын санхүүжилт болон Сонгуулийн тухай хуулийн төслүүд дээр хоёр томоохон ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг танилцуулав. Мөн тэрээр одоо Сонгуулийн тухай дөрвөн тусдаа хууль үйлчилж байгааг дурдаад эдгээр тусдаа хуулиудыг нэгдсэн нэг хуулийн төсөл болгохоор ажлын хэсэг ажиллаж байгааг дуулгалаа. Түүнчлэн Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн гол өөрчлөлт нь сонгуулийн нэрсийн жагсаалт, сонгуулийн санхүүжилт болон сонгуулийн маргааныг шийдвэрлэх гэдгийг хэлээд уг хуульд орж байгаа өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан юм. Тэд уулзалтын төгсгөлд харилцан санал солилцлоо.

Доктор Марчин Валецки нь дэлхийн 35 гаруй улсад ардчилсан засаглалын дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр 18 жил ажиллаж байгаа дадлага туршлагатай юм байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн мэргэжилтнүүд Вена хотод суралцана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Австри улсын Вена хотын Засаг дарга ноён Др. Хойплын урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж байна. Вена хотын Засаг дарга ноён Др. Хойпл  манай төлөөлөгчдийг хүлээн авч, түүний урилгыг найрсгаар хүлээн авч өөрийн баг төлөөлөгчидтэйгөө хүрэлцэн ирсэнд нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд талархаж байгаагаа илэрхийллээ.

Хотуудын дарга нар нийслэл хотуудын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Нийтийн тээврийн шинэчлэл, боломжит өртөг бүхий орон сууц барих, орон сууцны сан бүрдүүлэх, барилгын шинэ техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон асуудлаар санал солилцсон бөгөөд  Улаанбаатар хотын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг Вена хотод зохион байгуулах талаар харилцан тохиролцоонд хүрлээ. Нийслэлийн Засаг даргын айлчлалын бүрэлдэхүүнд манай улсын бизнесийн төлөөлөл багтсан бөгөөд тус улсын Худалдаа Эдийн Засгийн танхимын Барилгын холбооны төлөөлөлтэй уулзаж, барилгын шинэ техник технологи нэвтрүүлэх, богино хугацаанд барилга барих талаар хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн Вена хотод хийж буй албан ёсны  айлчлал амжилттай үргэлжилж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилж байна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар 2014 оны 6 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын энэ оны 1 дүгээр сард хийсэн айлчлалын хариу айлчлал бөгөөд 2014 онд Монгол, Хятадын харилцааны чухал үйл явдлуудын нэг болж байна.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва нарт тус тус бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Гадаад хэргийн сайд нарын албан ёсны хэлэлцээ амжилттай болж, хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбар, Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн хүрээн дэх харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл, санал солилцлоо. Мөн энэ онд хоёр талын хооронд хэрэгжүүлэх харилцан айлчлал, арга хэмжээнүүдийн талаар ярилцаж тохиролцов.

Сайд Л.Болд хэлэлцээний үеэр хоёр тал 2014 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг хамтран тэмдэглэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төслүүдийн явцыг эрчимжүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарын харилцааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож,  хоёр талын хамтын ажиллагааны олон асуудлаар санал нэгдсэнд баяртай байгаагаа илэрхийлснээс гадна 2014 оныг хоёр тал “Монгол, Хятадын Найрсаг солилцооны жил” болгон зарлаж өргөн хүрээний олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр ажлын үр дүнд хоёр ард түмний найрамдалт харилцаа, харилцан ойлголцол улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.  1949 онд Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил өнгөрч байна. Энэ хугацаанд Монгол, Хятадын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээнд заасны дагуу бие биеийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна.

Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирлээ. Өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Хоёр тал олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны механизмуудын хүрээнд амжилттай хамтран ажиллаж байна. Энэ бүхний үндсэн дээр Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, ард иргэд, хүүхэд залуучуудын харилцан солилцоо улам идэвхтэй хөгжих сайхан төлөв бүрэлдээд байна. Түүнчлэн сайд Л.Болд Монгол, Хятадын харилцаа түүхэндээ хамгийн таатай үедээ хөгжиж байгааг тэмдэглээд хоёр улсын хооронд маргаантай асуудал байхгүй, дэлхий дахин, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын төлөө цаашид улам идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны гол тулгуур нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа гэж талууд үздэг. Хоёр талын аж ахуйн нэгжүүд уул уурхай, барилга, зам, тээвэр, хөдөө аж ахуй, банк, санхүүгийн салбарт эрчимтэй хамтран ажиллаж байна.  БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван и-гийн энэ удаагийн айлчлал нь хоёр талын харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулах, ГХЯ-д хоорондын болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж хоёр тал үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Мянганбаярын хэрэг шүүхэд шилжжээ

Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн зарим хэргийн шийдвэрлэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус газраас “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт холбогдох орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашигласан, олборлосон эсэх хэргийг энэ сарын сарын 23-нд шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад Ц.Мянганбаяр нь Өвөр­хангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг 18 хүнтэй бүлэглэн энэхүү хэргийг үйлдсэн болохыг тогтоосон аж. Энэ хэрэгт  “Монгол газар” болон тус хамтарч ажилладаг Өвөрхангай аймгийн “Зул мөнх”, “Бадмаараг”, “Шар зүлэг”, “Шинэ уянга” зэрэг ком­панийг шалгаж байгаа юм байна.

www.medee.mn

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Фракцын шийдвэрийг тулгаж байгаа бүлгийн удирдлагууд солигдоосой

Дөнгөж сая Хууль зүйн байнгын хороо хуралдаж байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Ш.Түвдэндорж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар  томилогдсоноор тус байнгын хорооны даргын суудал  эзгүйрээд байгаа. Түүний оронд хэнийг томилох вэ гэдэг асуудал АН дотор багагүй зөрчил үүсгээд байгаа юм.

АН-ын бүлгээс Д.Ганбатыг ХЗБХ-ны даргаар санал болгож байгаа боловч УИХ-ын гишүүн О.Баасанхүү танхимаас УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлсэн. Гэтэл Ж.Батзанданг нэр дэвшингүүт Ардчилсан намын бүлгээс “Нэг намын бүлгээс хоёр хүн нэр дэвшиж байгаа тул бүлгээр ярилцах шаардлага үүслээ” хэмээн завсарлага авсан.

Харин өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-аас нэр дэвшсэн хоёр гишүүний талаар бүлгийн хурлаар онцгойлон хэлэлцэж байр сууриа нэгтгэсэн. Гишүүд хоёулаа хуульч мэргэжилтэй, гэсэн хэдий ч АН-ын бүлгийн зүгээс энэ удаад Д.Ганбат гишүүнийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхээр санал нэгдлээ, Ж.Батзандан гишүүний хувьд дараагийн удаад бол” гэв.

Бүлгийн даргын энэхүү тайлбарын дараа Ж.Батзандан гишүүн үг хэлсэн бөгөөд тэрээр “Бүлгийн хурлаар ийм шийдвэр гарсан нь үнэн. Нэг талдаа бүлгийнхээ шийдвэрийг хүндэтгэж байгаа хэдий ч нөгөө талдаа хуулийн дагуу би байнгын хорооны даргад нэр дэвшиж өрсөлдөнө” хэмээсэн юм. Тэрээр мөн өөрт нь бүлгийн шийдвэрийг дагах эсвэл Үндсэн хуулийг дагах гэсэн хоёр сонголт байсан гэдгийг хэлсэн. Намынхаа шийдвэрээс зөрж Байнгын хорооны даргад өрсөлдөнө гэдгээ хэлснийхээ дараа Ж.Батзандан гишүүн “Манай улс бол парламентын тогтолцоотой улс, тиймээс улс төрийн аливаа томилгоо фракцын, тулгалтын бус ардчилсан зарчмаар хэрэгждэг байгаасай гэж хүсч байна” гэлээ. Түүнчлэн өөрт нь  фракцын шийдвэрийг тулгаж байгаа бүлгийн удирдлагуудаа солигдоосой гэж хүсч байна гэв.

Ийнхүү санал хураалт явуулах болоход МАН-ын бүлгийн зүгээс ажлын тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдлээ. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ талаар “Эрх баригчдаас нэр дэвшүүлсэн хүнийг дэмжинэ гэж бодож байсан. Гэтэл ингээд хоёр хүн өрсөлдөхөөр болж байгаа учраас цөөнхийн бүлэг хэнийг нь дэмжихээ бүлгийн хурлаар хэлэлцэж байж шийдэх шаардлагатай байна. Тиймээс ажлын тав хоногийн завсарлага авч байна” гэсэн юм. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны даргын асуудлыг ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Categories
мэдээ улс-төр

Монголын төлөөлөгчид НҮБ-ын Байгаль орчны ассамблейн хуралд оролцож байна

Монгол Улсын  Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн-Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайд С.Оюун Кени Улсын нийслэл Найроби хотн энэ сарыын 23-27-ны өдрүүдэд хуралдаж байгаа  НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Байгаль орчны Ассамблейн чуулган болон тус байгууллагын товчоог даргалахын зэрэгцээ төлөөлөгчдийн гишүүд чуулганы нэгдсэн болон салбар хуралдаанууд, энэ  үеэр зохиогдож байгаа  олон тооны арга хэмжээнд оролцож Ази, Номхон далайн бүлэг хийгээд гишүүн 193 улсаас бүрддэг Нийтийн хороо (Committee of the Whole), Ассамблейн Ерөнхийлөгчийн  анд нөхдийн бүлэг, Дотоод журмыг шинэчлэх ажлын хэсэгт ажиллаж байна.

Сайд С.Оюун, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал А.Штайнер нар далай тэнгисийн ан агнуур, зэрлэг амьтан, ургамлын хууль бус наймаа, агаарын чанар, Арктикийн өөрчлөлт зэрэг өнгөрөгч 10 жилийн хугацаанд байгаль орчны  салбарт тулгамдсан, өдгөө шинээр бий болж буй асуудлуудыг тоймлон өгүүлсэн “НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр 2014” номын нээлтэд оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид “Жендэр ба байгаль орчин” сэдэвт  уулзалт, “Ядуурлыг бууруулах хийгээд ногоон эдийн засгийн өсөлтийг хангах ажиллагааны уялдаа холбоо”, “Байгаль орчны хуулийн засаглал” сэдэвт хэлэлцүүлгүүдэд мөн оролцов.

Кени Улсын Дэд Ерөнхийлөгчийн гэргий, Грек Улсын Парламентын гишүүн, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх захирлын орлогч нар оролцсон “Жендэр ба байгаль орчин” сэдэвт хэлэлцүүлэгт жендэр ба байгаль орчны асуудал олон улсын анхаарлын төвд байх учиртай бөгөөд НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн чуулганы төгсгөлийн баримт бичгүүдэд жендерийн асуудлыг тусгах талаар ярилцсан байна.

“Ядуурлыг бууруулах, ногоон эдийн засгийн өсөлтийг хангах ажиллагааны уялдаа холбоо” сэдэвт  уулзалт арга хэмжээний үеэр НҮБ-ын байгаль орчин, тогтвортой хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, иргэний нийгмийн оролцооны талаар санал солилцож, Монгол Улс, Буркина Фасо Улсад  дахь байгаль орчны санал санаачлага, хөтөлбөрийн хэрэгжилтийг  дүгнэж ярилцсан бөгөөд БОНХ-ийн сайд С.Оюун Монгол Улсын  шинэчлэлийн Засгийн газраас байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлж, “Ногоон эдийн засгийн төлөөх үйл ажиллагааны түншлэл” НҮБ-ын санаачилгын хэрэгжилтийн талаар танилцуулав.    

НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн дарга С.Оюун  НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн өмнө тавигдаж буй зорилт, Зүүн Азийн улс орнуудын тогтвортой хөгжлийг хангах боломж,  тулгарч байгаа сорилт, Зүүн Азид оршдог Монгол Улс,  БНХАУ дэлхий нийтийн тогтвортой хөгжилд нэгдэх чиглэлээр хийж болох тодорхой алхам,  НҮБ-ын Байгаль орчны анхдугаар чуулганы дараа НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр уг бүтцийг НҮБ-ын хүрээнд хэрхэн бэхжүүлэх зэрэг асуудлаар Хятадын мэдээллийн “Синхуа” агентлагийн сурвалжлагчтай ярилцав.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Байгаль орчны Ассаблейн анхдугаар чуулганы ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Ордонд ямар үйл явдал болох вэ?


1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

• Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай;

• Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Бусад.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

• “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

• Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

• Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

• Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох тухай, анхны хэлэлцүүлэг/;

• Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

• “ДЦС-2 түшиглэн байгуулсан утаагүй түлшний үйлдвэрийн төсвийн зарцуулалт үр дүн”-д хийсэн аудитын тайлан сонсох.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

• Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “В” танхимд;

• Ноос ноолуурын салбарын бодлогын хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10 цагаас 334 тоот танхимд;

• Улс төрийн нам, түүний санхүүжилтийн тухай болон Сонгуулийн нэгдсэн хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хамтарсан уулзалт 13.00 цагаас “Г” танхимд. 

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Манай улсад айлчилж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзах үеэрээ БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт тогтвортой хөгжүүлэх нь чухал. Хоёр улсын өндөр, дээд түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах нь хамтын ажиллагаанд ач холбогдолтой. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн тавдугаар сард Шанхай хотноо болсон Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын дээд түвшний уулзалтад оролцохдоо БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцсон нь хоёр талын харилцааг идэвхжүүлэх алхам боллоо гэж хэллээ.

Гадаад хэргийн сайд Ван И “Өнгөрсөн жил манай улсад хийсэн Ерөнхий сайд таны айлчлал амжилттай болсон. Ойрын хугацаанд Монгол Улсад хийх БНХАУ-ын дарга Си Зиньпинийн айлчлал эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлж, Монголын эдийн засгийг эрчимжүүлэх болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ирэх 9 дүгээр сард БНХАУ-ын Тяньжин хотноо Давосын эдийн засгийн чуулга уулзалт болно. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг энэ уулзалтад оролцохыг тус улсын Ерөнхий сайд урьжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ

Categories
мэдээ улс-төр

Агаар бохирдуулагч төлбөр төлөх журам батлана

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр  хуралдаж, 2014 оны эхний хагас жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн болон цаашид хийх ажлын талаар холбогдох төрийн байгууллагуудын тайлан мэдээллийг сонслоо.

 Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг даргалан явуулав.

Хуралдааны эхэнд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Ж.Эрдэнэцогт тус хорооны 2014 оны үйл ажиллагааны эхний хагас жилийн тайланг танилцуулав.

 Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод амьдарч, “Агаар бохирдуулах эх үүсвэрийн 2013 оны Улсын нэгдсэн тоо бүртгэл”-ийн дүнгээр 85900 өрх гэрт, 91449 өрх байшинд, нийт 180 орчим мянган айл, өрх гэр хороололд амьдарч байна. Мөн төвлөрсөн халаалтанд холбогдоогүй 3192 орчим аж ахуй нэгж, байгууллага Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр эх үүсвэрүүдээс гарч буй бохирдлын хэмжээ агаарын бохирдлын 80 орчим хувийг эзэлж байна.

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчимд автомат болон автомат бус багажаар хоёроос дөрвөн төрлийн үндсэн бохирдуулах бодисыг тодорхойлон хянаж байна. 2013-2014 оны хүйтний улирлын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүхэрлэг хий 8 мкг-аар буюу 20 хувиар, нарийн ширхэглэгт тоосонцор 27 мкг-аар буюу 21 хувиар, азотын давхар исэл 18 мкг-аар буюу 26 хувиар тус тус бага байсан бол том ширхэглэгт тоосонцор өмнөх жилийн мөн үеийн түвшинд байна гэлээ.

Гэсэн хэдий ч азотын давхар ислийн хүйтний саруудын дундаж агууламж стандарт хэмжээнээс 2011-2012 онд 1.6, 2012-2013 онд 1.8, 2013-2014 онд 1.3 дахин их, хүхэрлэг хийн хүйтний саруудын дундаж агууламж стандарт хэмжээнээс 2011-2012 онд 2.7, 2012-2013 онд 2.0, 2013-2014 онд 1.7 дахин тус тус их байсан байна.

 2013-2014 онд нийт 45 мянган сайжруулсан зуухаар нийслэлийн айл, өрхүүдийг хөнгөлөлттэй үнээр хангахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 29 мянган сайжруулсан зуухаар хангаад байна. Үлдэгдэл 16 мянган айл, өрхийг сайжруулсан зуухаар халаалтын улирал эхлэхээс өмнө хангахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр нийслэлийн 170 гаруй мянган айл, өрх сайжруулсан зуухаар бүрэн хангагдах юм гэлээ.

Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга хэлэхдээ, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Агаарын тухай хуулинд заасан Агаар бохирдуулагч төлбөр төлдөг байх журмыг яаралтай батлуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд сайжруулсан зуухыг иргэдэд хөнгөлөлттэй олгож байгаа ч зуухыг ашиглахгүйгээр дамжуулан зарж борлуулж байгаатай уялдуулж тодорхой торгуулийн систем бий болгох юм гэв.

 Түүнчлэн нийслэлийн гэр хорооллын бүх айл өрхийн зуухыг солих ажлыг энэ онд дуусгана. Хот төлөвлөлтийн ажлыг зөв явуулснаар агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлнө. Газраа өгөөд шууд байранд оръё гэсэн айлууд байдаг. Гэтэл шууд өгөх байр байхгүй байна. Хашаа газрыг нь аваад хоёр гурван жилийн дараа байранд оруулна гэвэл газраа чөлөөлөх айл ховор гарна. Тийм учраас энэ ажил удааширч байгаа. Иймд энэ ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзэж байгаа гэлээ.

Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулахтай холбогдсон хууль, тогтоомж, бусад шийдвэрийн биелэлтийн талаарх Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тайлан мэдээг энэ оны 10 дугаар сард сонсохоор тогтлоо.