Categories
мэдээ улс-төр

Наадмаар тав хоног амрахыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд тусгаснаар Үндэсний их баяр наадмаар тав хоног буюу долдугаар сарын 11-15-нийг хүртэл бүх нийтээр амрахаар тусгаад байгаа юм. Хуулийн төслийг хэлэлцэх үед асуулт асуух гишүүн байсангүй, харин УИХ-ын гишүүн Н.Батцэрэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг гишүүд дэмжиж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахаар боллоо.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаан үдээс хойш эхэлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагт эхэлнэ.

Хуралдааны эхэнд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ. Мөн Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай хоёр дахь хэлэлцүүлгийг хийх аж.

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд зэрэг 14 төсөл хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах нэмэгдүүлэх хөтөлбөртэй танилцав

Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулах, худалдааны төв шинээр байгуулахаар 2013 оноос “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах нэмэгдүүлэх” хөтөлбөрийг Засгийн газар Монгол банктай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрт 116 аж ахуйн нэгж төслийн санал ирүүлснээс шаардлага хангасан 33 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ. 23 аж ахуйн нэгжид харилцагч банкуудаар дамжуулан 74,9 тэрбум төгрөгийн зээл олгож, зоорийн багтаамжийг 40 мянган тн-оор нэмэгдүүлж, 35 орчим мянган тн-ын механикжсан зоорь ашиглалтад оруулжээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 9 тэрбум төгрөгийн зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн “Тэнгэр” худалдааны төвтэй танилцлаа.    

Тус төв энэ хөтөлбөрт хамрагдсанаар өдөрт 20-30 тн мах бэлтгэн ангилж савлах хүчин чадалтай махны цех, 10 тн хүнсний ногоо, жимс жимсгэнийг хүлээн авч угааж цэвэрлэн савлах хүнсний ногооны цех, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон нарийн боовны үйлдвэрийн цехтэй болжээ. Мах, махан бүтээгдэхүүн, гурил гурилан бүтээгдэхүүнийг ченжүүдийн дамжлагагүйгээр хэрэглэгчдэд шууд хүргэх боломжтой болсон гэж тус төвийнхөн танилцуулж байлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Улаанбаатар орчимд ганц “Хүчит шонхор” биш дүүрэг бүрт, ялангуяа захын дүүргүүдэд ийм төв байгуулахаар Засгийн газар дэмжин ажиллаж байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан, хямд үнэ бүхий бүтээгдэхүүнийг иргэддээ хүргэх нь чухал юм. Энэ хөтөлбөрийн үр дүнд намар хурааж авсан төмс, хүнсний ногооныхоо 80 хувийг зооринд хадгалдаг болохоор зорьж байна” гэж хэллээ.

“Тэнгэр” худалдааны төв шиг зоорь бүхий худалдааны төв ойрын хугацаанд Улаанбаатар орчимд 4-5 байгуулагдана гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан хэлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.06.26/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулав.

Монгол Улсад бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг өргөтгөн бодит цагийн горимд мөнгөн урсгалыг хянах замаар мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилго бүхий “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, 7 дугаар сарын 3-ны өдрийн УИХ-ын холбогдох Байнгын хороодоор хэлэлцэн дэмжээд Монгол Улсын Ерөнхий сайдын 113 дугаар захирамжаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон аж.

Үүний дагуу Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 54 дүгээр тушаалаар Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээ хийх ажлын хэсгийг байгуулж, 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр зээлийн хэлэлцээг хийжээ.

Хэлэлцээний дүнд Азийн хөгжлийн банкаас хийгдэх санхүүжилт болох 20 сая ам.долларын хөрөнгийг Азийн хөгжлийн банкны энгийн эх үүсвэрийн сангаас санхүүжүүлэх ба Лондонгийн банк хоорондын захын зээлжих хүүд суурилсан хувьсах хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд буцаан төлөх, үүнээс эхний 5 жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр, төслийг 2014 оны 6 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл нийт 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай тохирсон байна.

“Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлснээр соронзон тууз, IC чип, зайнаас уншигдах RF технологийг 1 картанд нэгтгэсэн хосолмол картыг нэвтрүүлэх юм байна. Хосолмол картыг нийтийн тээврийн системд хэрэглэснээр зорчигч нь бэлэн мөнгөтэй харьцах шаардлагагүй болж, автобус, такси бүрт байрлуулсан хосолмол картыг хүлээн авах хэрэгсэл нь үйлчилгээний хураамжийг хэрэглэгчийн данснаас шууд суутгах зарчмаар нэгдсэн системд холбогдож тооцоог хийх аж.

Түүнчлэн банкуудын мобайл банкны үйлчилгээ рүү хандах нэгдсэн цонхтой болгож, тэдгээрийн хооронд гүйлгээ хийх боломжоор хангах юм байна. Мобайл банкны хэрэглэгч нь дансны дугаар болон утасны дугаар үл ялгаварлан өөрийн гүйлгээ хийх бөгөөд бусад бэлэн бус төлбөрийн хэрэгслийн үйлчилгээг өөрийн гар утас ашиглан авах боломжтой болох ажээ.

Тус төсөл хэрэгжсэнээр бэлэн мөнгөний хэрэглээ багасч, бэлэн бус төлбөрийн шинэ хэрэгслүүдийг хөгжүүлж, одоогийн ашиглаж буй төлбөрийн систем улам боловсронгуй, найдвартай болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд хүрэх боломж бүрдэнэ хэмээн танилцуулгад дурджээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх төслийг батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжсэнгүй хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдрийн /2014.06.26/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд хэрэглэгч үүрэн утасны оператор компаниа сольсон ч дугаараасолихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах харилцааг зохицуулахаар тусгажээ.

1990-ээд оны дунд үеэс дугаартайгаа шилжих үйлчилгээг дэлхийн улс орнууд үүрэн болон суурин холбооны зах зээлд нэвтрүүлэн хэрэглэж эхэлсэн бөгөөд 2013 оны байдлаар 78 улс тус үйлчилгээг нэвтрүүлээд байгаа хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хуулийн төслийг танилцуулах үеэр хэлсэн.

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх зорилго нь хэрэглэгчдэд дугаараа хадгалан үйлчилгээ эрхлэгчийг сонгох боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг зөв хэлбэрээр нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм байна.

Тухайлбал, үүрэн холбооны оператор компаниуд нь хэрэглэгчээ дугаараар нь барьж тогтоох, дугаарын үнэ цэнийг хий хөөрөгдөх, үнэ тарифын хямдралаар өрсөлдөх бус үйлчилгээний чанар, сүлжээний хамрах хүрээ,түүний найдвартай байдал, контентийн тоо, төрлийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн хүсэл, таашаалд нийцсэн үйлчилгээг үзүүлэх, шинээр гарч ирж буй техник технологийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлэх замаар шударга, үр ашигтай өрсөлдөх нөхцөл бүрддэг аж.

Олон улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нийт хэрэглэгчдийн 5 хувиас дээш хэсэг нь хэрэглэсэн тохиолдолд үр ашигтай гэж үздэг бол Монгол Улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор түүврийн аргаар хэрэглэгчдээс санал асуулга авч, судалгаа хийж үзэхэд нийт хэрэглэгчдийн 33.5 хувь, түүний дотроос давамгайлагч операторын хэрэглэгчдийн 44 хувь дугаартайгаа шилжих үйлчилгээг ашиглан оператороо солих шийдвэр гаргахад одоогоор бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Эдийн засгийн байнгын хороо энэ төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэллээ. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг үдээс хойшхи хуралдаанаар явуулахаар болон үдээс өмнөх хуралдаан завсарлалаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайдын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл

Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр гарсан Гадаад харилцааны сайдын 
2013 оны төсвийн багцын гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэлд дараах хариу
тайлбарыг өгч байна.

Гадаад
Харилцааны сайдын төсвийн багцын 2013 оны гүйцэтгэлээр нийт зардал
653.4 сая төгрөгөөр хэмнэгдсэн. Үүнд барилга байгууламж, тоног төхөөрөмж
зэрэг хөрөнгө оруулалтын зардлын хэмнэлт гол нөлөө үзүүлжээ.

Харин урсгал зардлын гүйцэтгэл төлөвлөснөөс 2 хувиар давсан байна.
Үүний дотор гадаад томилолт, арга хэмжээний зардал 558 сая төгрөгөөр
хэтэрснийг ‘’Гадаад харилцааны сайд гадаадад зугаалжээ’’ гэх мэтээр
тайлбарлаж байгаа нь бодит байдалд яавч нийцэхгүй юм.

Учир нь энэхүү хэтрэлтийн 96 хувийг гадаад дахь нийт 39 Дипломат
Төлөөлөгчдийн Газрын ажилтнуудын томилолт, эх орондоо бүрмөсөн буцах
унааны зардал зэрэг зардал бүрдүүлж байна.

Гадаад харилцааны яамны төв аппаратын томилолт, гадаад арга хэмжээний
зардал 2013 онд 9 сая төгрөгөөр давсан нь валютын ханшийн өсөлт маш
өндөр байсан өнгөрсөн оны хувьд үнэндээ ихээхэн хэмжээний хэмнэлтийн үр
дүн байсан юм. Ер нь тус салбарын нэг онцлог нь зардлын дийлэнхийг
гадаад валютаар төлдөг бөгөөд өнгөрсөн онд салбарын төсвийг батлахдаа 1
ам.долларыг 1336.1 төгрөгөөр тооцсон ч бодит байдалд жилийн дундаж ханш
1523.6 төгрөг байснаас их хэмжээний санхүүжилтийн дутагдал үүссэн.

Энэхүү бодит шалтгааны улмаас урсгал зардлын 2 хувийн хэтрэлт бий
болсон бөгөөд сайдын гадаад томилолтоос болсон зүйл биш гэдгийг дахин
тодотгож байна.

Хэдийгээр валютын ханшийн өсөлт гэсэн зайлшгүй хүчин зүйл гол нөлөө
үзүүлсэн ч гэлээ Дипломат төлөөлөгчийн газруудын томилолтын зардлын
зөрүүг төлөөлөгчийн газар тус бүр дээр дахин нягтлан шалгаж, хариуцлага
алдсан асуудал байгаа бол арга хэмжээ авах болно.

2014.6.26

Categories
мэдээ улс-төр

Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цаг гаруй хойшилж эхэллээ. УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг танилцуулав.  Хуралдаанаар нийтдээ 10 гаруй хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдааны эхэнд 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах  тухай асуудлыг хэлэлцэх юм. Дараагаар нь ЭЗХ-ийн сайд Н.Батбаярыг огруулах асуудлыг хэлэлцэх ажээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч 11:00 цагт Х.Баттулгатай уулзана

Ерөнхийлөгч   УИХ-ын гишүүн Х.Баттулгатай өнөөдөр уулзахаар дуудсан байна.   Энэхүү уулзалт өнөөдөр 11.00 цагт болох гэнэ. Тэдний дунд сүүлийн үед телевизийн хэд хэдэн сувгаар төлбөртэй  цацагдсан “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийн талаар яриа өрнөнө гэсэн олны таамаг байна. 

Categories
мэдээ улс-төр

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

2012 онд хувийн хэвшлийнхний дунд хийсэн санал асуулгаар хуулийн этгээдийн бүртгэлийг хялбаршуулж, цахимжуулах шаардлагатай нь тодорхой болсон бөгөөд хуулийн этгээдийг бүртгүүлэхийн тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 8 шат дамжлагаар 5 хоног зарцуулдагыг хялбаршуулж, бичиг баримтыг цөөрүүлэх, бүртгэлийг шуурхай болгох хэрэгтэй болжээ.

Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль нь 2003 онд батлагдсанаас хойш нийт 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ба уг хуульд цахим хэлбэрээр хуулийн этгээдийг бүртгэх, лавлагаа олгох тухай заасан боловч хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой бус байгаа аж.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2008-2012 оны тоон мэдээнээс үзэхэд 2008 оны байдлаар 44.464 хуулийн этгээд шинээр байгуулагдаж байсан бол энэ тоо 2013 он гэхэд 93.733 болсон байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага өдөрт дунджаар 220 орчим хуулийн этгээдийг шинээр болон нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл хийж байгаа бөгөөд хуулийн этгээдийн бүртгэлийг мэдээллийн сүлжээг ашиглан цахим хэлбэрээр хийж, хуулийн этгээдийн бүртгэлийн тогтолцоог шинэчлэх шаардлага урган гарч байгаа юм байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсад хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, хуулийн этгээдийн бүртгэл хариуцсан байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, эрх хэмжээг тодорхойлох, хуулийн этгээд цахим гэрчилгээтэй байх, хуулийн этгээдийн улсын бүртгэл болон хувийн хэрэг хөтлөх, лавлагаа олгохтой холбогдон үүсэх харилцааг цогц байдлаар зохицуулахаар тусгажээ.

Мөн хуулийн этгээдийн бүртгэлийн нэгдсэн санг бий болгох зорилгоор соёл, боловсрол, сургалтын болон эрүүл мэндийн байгууллагын бүртгэлийг тусгай зөвшөөрөл олгосон байгууллага болох холбогдох төрийн захиргааны төв байгууллага бүртгэхээр заасан зохицуулалтыг өөрчлөн хуулийн этгээдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэхээр тусгасан байна.

Хуулийн этгээдийн бүртгэлийг 2-3 хоногийн дотор хийж, цахим гэрчилгээг өргөдөл гаргагчдад цахим хэлбэрээр илгээх, хүссэн үедээ хэвлэх боломжийг бүрдүүлэхээр заажээ. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул чуулганы хуралдаанд оруулахаар болов.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаярыг хүн хутгалаагүйг тогтоож хэргийг хаалаа

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Мунзуй” хочит Д.Нямдорж нарын хооронд үүссэн хэрэг маргаан олны анхаарлыг ихээр татсан. Хэрэг явдлын талаар “Мунзуй” Д.Нямдорж хэвлэл мэдээлэлд хэд хэдэн удаа ч ярилцлага өгсөн. Тэрээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өөрийн найз н.Баттулгыг хутгалсан гэж мэдэгдээд байсан. Тэгвэл Н.Номтойбаярт холбогдох эрүүгийн хэргийг нийслэлийн прокурорын газар хянаж үзээд “хэн нэгнээ хутгалсан гэх ул мөр илрээгүй, хэрэг нотлох баримтаар нотлогдоогүй” гэх үндэсллээр хэрэгсэхгүй болгож хаасан байна.