Categories
мэдээ улс-төр

Чагнах төхөөрөмж илэрсэн хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлжээ

Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын өрөөнөөс чагнах төхөөрөмж илэрсэн хэрэг гараад байгаа билээ. Энэ хэргийн талаар ТЕГ-аас мэдээлэхдээ Б.Шинэбаатарын өөрийнх нь хүсэлтийн дагуу өрөөнд нь шалгалт хийсэн гэдгийг хэллээ. Шалгах үеэр өрөөнөөс нь харах болон сонсох төхөөрөмж илэрсэн юм байна.  ТЕГ-аас энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, Нийслэлийн прокурорын газарт танилцуулаад байгаа аж. 

Categories
мэдээ улс-төр

Сайд Н.Батбаяр албанаасаа сайн дураар буухгүй гэв

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх болсон тухай мэдээлэл өнөөдрөөс цацагдаж эхэлсэн билээ. Тэгвэл үүнд сайд Н.Батбаяр хэвлэлийнхнээр дамжуулж хариу өглөө. Тэрээр “Би өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй, ажлаа хийгээд явж байна. Цаашид ч ажлаа тууштай хийх болно” гэсэн юм.

Хуульд заасанаар УИХ-ын хаврын чуулган жил бүрийн долдугаар сарын 1-нд завсарлах ёстой.

Эл өдөр маргааш, харин сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-д хандан тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Хамгийн сүүлд УИХ дахь Ардчилсан намын бүлэг эл асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан. Завсарлагын хугацаа ирэх пүрэв гаригт дуусах ёстой ч түүнээс урьтаж хаврын чуулган хаалтаа хийсэн байх тул энэ асуудал ирэх намар хүртэл хэлэлцэгдэлгүй хойшлогдох төлөвтэй болсон юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч ухаалаг төрийн хүрээнд боловсруулж буй хуулийн төслүүдээс танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдийн төлөөлөлд ухаалаг төрийн хүрээнд боловсруулж буй хуулийн төслүүдээс танилцууллаа. Тэрээр Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Нийтийн сонсголын тухай,  Захиргааны ерөнхий хууль, Шилэн дансны тухай хуулийн төслүүдийг танилцуулсан юм. Уг арга хэмжээнд УИХ дахь Ардчилсан нам, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн гишүүдийн төлөөлөл, сэтгүүлчид оролцлоо.

Төрийн тэргүүн УИХ-д өргөн барьсан болон удахгүй өргөн барих дээрх дөрвөн хуулийн төслийг нэг бүрчлэн танилцуулж, ирэх намар гэхэд баталж мөрдүүлэх нь ухаалаг төрийг цогцлооход нэн тэргүүнд чухал болохыг онцлов.

Дээрх хуулиудыг баталж хэрэгжүүлснээр төсвийн ил тод байдал хангагдаж, хариуцлагын тогтолцоо жинхэнэ утгаараа хэрэгжиж, төрийн албанд сонгодсон болон томилогдсон хүмүүс үүргээ бүрэн ухамсарлаж, хариуцлага хүлээдэг болж, иргэд мэдээллээр хангагдах юм.

Нийтийн сонсголын тухай хуулийн төсөлд хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн долоон төрлийн сонсгол явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгажээ.

Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг хэлэлцэн баталснаар  төрийн сонгуульт болон томилгоот  төрийн өндөр алба тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл, журам, хүлээлгэх хариуцлагын төрөл тодорхой болж, албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших нөхцөл бүрдэх юм.

Өнөөдрийг хүртэл төрийн захиргааны үйл ажиллагааг зохицуулсан салбар хуулиудын хүрээнд нийтлэг асуудлуудыг нэгтгэн зохицуулсан суурь хуулийг батлан гаргаагүйг Монгол Улсын Ерөнхийлбөгч хэлсэн үгэндээ онцоллоо. Иймээс үүнийг зохицуулах үүднээс захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаарх ерөнхий болон процессын нийтлэг харилцааг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн төслийг боловсруулжээ.

Шилэн дансны тухай хуулийн төслөөр төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх шилэн дансны тогтолцоог бүрдүүлж мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх замаар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд цаг тухайд нь олон нийтийн хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан байна.

Эдгээр хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүлж батлуулахад  Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө манлайлал үзүүлж оролцох болно гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүд яг одоо сэтгүүлчидтэй  “Ухаалаг төрийн хүрээнд боловсруулж буй зарим хуулийн төслийн танилцуулга” сэдвээр ярилцаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаа Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Нийтийн сонсголын тухай,  Захиргааны ерөнхий хууль, Шилэн дансны тухай хуулийн төслүүдээр ярилцах юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.00 цагаас УИХ-ын гишүүд, сэтгүүлчидтэй  “Ухаалаг төрийн хүрээнд боловсруулж буй зарим хуулийн төслийн танилцуулга” сэдвээр ярилцах гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаа Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Нийтийн сонсголын тухай,  Захиргааны ерөнхий хууль, Шилэн дансны тухай хуулийн төслүүдээр ярилцах юм.

Categories
мэдээ улс-төр

Чуулган маргааш завсарлаж Н.Батбаяр сайд аврагдах уу

Өнгөрсөн баасан гаригт бараг бүх байнгын хорооны хурал зэрэг шахуу зарлагдаж хуралдав. Нэг байнгын хороонд арав хүрэхгүй гишүүн сууж олон хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахаар тогтсон. Харин өнөөдөр гурван байнгын хороо хуралдах бөгөөд залгаад УИХ-ын чуулган ч орж магадгүй байгаа.

УИХ-ын хаврын чуулганыг маргааш завсарлуулах тов гарсан учраас ийн шахуу ажиллаж, хууль “бөөндөж” байгаа гэнэ. Гэнэт чуулганыг завсарлуулах болсон нь Н.Батбаяр сайдыг ирэх намар хүртэл авч үлдэхээр шийдсэн эрх баригчдын бодлого гэх нь байна. Эх сурвалжийн өгүүлж буйгаар эрх баригчид Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хөтөлбөрийн хэрэгжилт дуусч, үр дүнг нь хэлэлцсэнээр Н.Батбаяр сайдыг хэрхэхээ шийднэ гэж үзэж байгаа юм байна. Шууд хэлбэл ирэх намрын чуулган болтол эдийн засаг доривтой дээшлэхгүй бол Н.Батбаяр сайдыг явуулах Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг АН-ынхан хөндөх юм байна.   

Categories
мэдээ улс-төр

Харилцаа холбооны хуулийг батлуулахаар боллоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.  Зарчмын зөрүүтэй санал гараагүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах саналыг ажлын хэсгээс гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Мөн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Ажлын шаардлагаар яам, агентлагийн мэргэжилтнүүдийн гадаад явсан зардал ганцхан сайдын гадаад явсан зардал юм шиг харагдан олон нийтэд буруу ойлголт төрүүлж байна. Өнгөрсөн жил би ганц удаа гадаад томилолтоор явсан гэж тодотголоо. Үүний дараа Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах нь зүйтэй хэмээн үзэж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болж хуралдаан өндөрлөлөө. 

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.06.27/ Олон Улсын Валютын Сангийн
/ОУВС/ Удирдах захирлын орлогч ноён Наоюуки Шинохара, Ази, Номхон Далайн
Газрын орлогч захирал Маркус Родлаувер болон бусад төлөөлөгчдийг хүлээн
авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл
байдал болон цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар
санал солилцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд, Олон Улсын Валютын Сангийн
/ОУВС/ төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлэв. Мөн тэрээр,
Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй эдийн засгийг
эрчимжүүлэх 100 хоногийн ажлын хүрээнд хууль тогтоох дээд байгууллага
буюу УИХ нь холбогдох зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар, хууль
эрхзүйн орчныг бүрдүүлэх тал дээр анхааран ажиллаж буйг онцоллоо.

Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ Удирдах захирлын орлогч ноён Наоюуки
Шинохара уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсын эдийн засагт богино
хугацаанд тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд
мөнгөний болон төсвийн тэлэх бодлогоо хумих шаардлагатай байгааг
сануулав. Мөн дэлхий нийт төдийгүй Монгол Улсад нүүрлэсэн 2009 оны эдийн
засгийн хямралын үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ буюу мөнгөний
бодлогын хүүг өсгөх замаар мөнгөний нийлүүлэлт, нийт зээлийн хэмжээг
бууруулах шаардлагатай гэж зөвлөв. Гэхдээ мөнгөний бодлого дангаараа
богино хугацаанд хүндрэлийг даван туулах боломжгүй учраас мөнгөний
бодлогыг төсвийн бодлогоороо дэмжих нь зүйтэй гэлээ. Ялангуяа төсвийн
бус хөрөнгө оруулалт нь нийт зээл нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа нь
төсвийн тэлэлтэнд шууд нөлөө үзүүлж байгааг онцгой анхааруулав.

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэж буй үүргийг Олон Улсын Валютын
Сан үгүйсгэхгүй. Гэхдээ Хөгжлийн банк хяналттай ажиллахын зэрэгцээ
гадаад орнуудаас авч буй зээл, нийлүүлэлтийг төсөвтэй хамт тооцож явах
шаардлагатайг ноён Наоюуки Шинохара хэлэв. Мөн тэрээр, эдийн засагт
тулгамдаж буй богино хугацааны хүндрэлийг даван туулахын тулд Монгол
Улсыг төсвийн зардлаа бууруулах нэн шаардлагатай болсныг уулзалтын үеэр
онцлон тэмдэглэлээ. УИХ-ын дарга З.Энхболд Олон Улсын Валютын Сангийн
/ОУВС/ Удирдах захирлын орлогч ноён Наоюуки Шинохарад хандан, бодит
нөхцөл байдлыг дүгнэн хэлсэнд талархлаа илэрхийлээд, мөнгөний бодлогын
хүүг нэмэгдүүлснээр иргэд болон аж ахуйн нэгжид хүндээр тусч, банкны
зээл олголт буурах үр дагавартай боловч эдийн засгийг бүхэлд нь
хямраахгүйн тулд УИХ, Засгийн газар болон холбогдох байгууллагууд
анхаарах болно гэдгийг мэдэгдэв.

Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ Удирдах захирлын орлогч ноён Наоюуки
Шинохара, хэрвээ бодлогын түвшинд мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэхгүй
бол эдийн засаг хямралд орох магадлал өндөр гэдгийг сануулснаар уулзалт
өндөрлөв. Уулзалтанд Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ төлөөлөгчдөөс
гадна Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Монгол Улсын
Их даргын зөвлөх З.Нарантуяа болон Монгол Улсын Сангийн Яамны албаны
бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн гүйцэтгэлийг дэд хороонд хүргүүлнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын  тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Цөмийн энергийн газар, Тагнуулын Ерөнхий газрын төлөөлөл бүхий ажлын хэсгийнхэнд хандаж, дээрх байгууллагууд гадаад томилолтын зардлаа хэтрүүлсэн эсэх, гадаад улсад хийх айлчлалыг хэрхэн төлөвлөлдөг, төсвөөс санхүүждэг байгууллага хэд байдаг, гадаад томилолтын зардлаа хэтрүүлсэнд ямар дүгнэлт хийж байгаа, гадаадад байгаа монгол иргэдэд туслах сангийн төсвийн зарцуулалтын талаар аудитын дүгнэлт гардаг эсэх зэргийг тодруулж асуув.

 Гадаад харилцааны яамнаас бусад байгууллагууд гадаад томилолтын зардлаа хэтрүүлэгүй, харин ч зарим нь хэмнэлттэй байгаа тухай ажлын хэсгийнхэн танилцууллаа. Гадаад харилцааны яам төсвөө хэтрүүлсэн нь гадаад валютын ханшийн зөрүүтэй холбоотой хэмээн хариулlлаа.

 Тус Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар саналаа илэрхийлэхдээ, Засгийн газар гадаад томилолтын төсвийн зарцуулалтад анхаарах ёстой. Энэ хүрээнд Гадаад харилцааны яамны үүрэг, хариуцлагыг сайжруулах, гадаад томилолтын төсвийн хэтрүүлэлтдээ томоохон дүгнэлт хийх ёстойг онцлон тэмдэглэхийн сацуу олон нийтэд зөв ойлголт өгөхөд анхаарах талаар ярив.

 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаарх санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдав

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордны “Б” танхимд ээлжит бусаар хуралдаж байна. Ээлжит бус хуралдаан зарласан нь УИХ-ын хаврын чуулганыг ирэх долоо хоногт завсарлуулах болсонтой холбоотой бололтой.

Тус бүлгийн хувьд эдийн засаг хүндхэн байгаа үед УИХ яаран амрахаар ажлаа хойш тавьж болохгүй, шаардлагатай хуулийн төслүүдийг батлах ёстой. Нөгөө талдаа УИХ дахь МАН-ын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ асуудлыг УИХ мөн шийдвэрлэх ёстой гэхчлэн үзэж байгаа аж.