Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооныхон ажлаа тайлагнав

Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооныхон хийсэн ажлаа тайлагнав.  “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэгдсэн зарим шаардлагатай хууль, бусад шийдвэрийг хэлэлцэн батлуулах, зарим хууль, тогтоомжийн хэрэгжилтийн явц байдлын талаар холбогдох байгууллага, яамдын мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгсөн гэнэ.  

Эдийн засгийн  тогтвортой байдлыг хангаж, гадаад валютын ханшийн хэт өсөлтөөс сэргийлж, төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, төсвийн зардлыг илүү хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах бодлогын хүрээнд “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн баталжээ. Уг тогтоолоор гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү, эдийн засгийг эрсдэлээс сэргийлэх, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах; эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих; хөгжлийн бодлого, хөгжлийн зээл, санхүүжилт; төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх” гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн 26 арга хэмжээг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллагууд, хувийн хэвшилтэй хамтран авч хэрэгжүүлэхийг даалгасан байна.

 “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталж, эдийн засгийг дэмжих мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хоёр оронтой тоонд хадгалах, ажилгүйдлийн түвшинг 6,6 хувьд байлгах зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн нь эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, улмаар өсөлтийг хангах боломжийг бүрдүүлж байна гэж тэд үзжээ.

Ээлжит чуулганы хугацаанд Газрын тосны тухай хууль/шинэчилсэн найруулга/ батлагдан гарснаар газрын тос болон уламжлалт бус газрын тосны эрх зүйн орчин тодорхой болж, газрын тосны салбарт төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын эрх, үүрэг, газрын тосны нөөц ашигласны төлбөр, хураамжийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой зохицуулалтуудыг боловсронгуй болголоо. Монгол Улсад баригдах газрын тосны боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүний импортоос хамааралтай байдлаас гарах, экспорт нэмэгдэх, гадаад валютын нөөц өсөх, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагаварыг бий болгож байна. Түүнчлэн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцөлийг хэвээр хадгалсан нь хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчинг бүрдүүлж байгаа юм.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс босгосон хөрөнгийн мэдээллийг холбогдох байгууллагаас авч мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нутгийн захиргааны байгууллагатай байгуулах гэрээ, ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн боловсруулалтын чанарыг сайжруулах, ашигт малтмалын баялаг, нөөцийн тухай нэр томьёог олон улсын жишгээр хуульчлах, Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг тодорхой болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг тодорхой хугацаанд хориглож байсан эрх зүйн зохицуулалтыг цуцалжээ.

Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар үйл ажиллагаа нь жигдэрсэн томоохон хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд хувьцаа болон түүнд хөрвөх үнэт цааснаас бусад аливаа хэлбэрийн үнэт цаас /өрийн бичиг болон бусад хуулиар зөвшөөрсөн санхүүгийн хэрэгсэл гэх мэт/-ыг хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд санал болгон гаргаж, хөрөнгийн зах зээл дээрээс урт хугацаатай, хөрөнгө оруулалтын хямд эх үүсвэр татах боломж бүрдэж байна. Түүнчлэн хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүдийг сонгох болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон шинэ зохицуулалтуудыг хуульчилсан байна.

Үүрэн телефон хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх үед тухайн ашиглаж байгаа дугаарыг солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглуулах боломж олгох замаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг идэвхжүүлэх чиглэлээр Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Ээлжит чуулганы хугацаанд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, холбогдох бусад хуулийн төслүүд, Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, анхны хэлэлцүүлгийн шатанд шилжүүлжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

З.Энхболд: Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг өнөөдрийг хүртэл УИХ-д оруулж ирсэнгүй

2014 оны хаврын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Улсын Их Хурлын дөрөв дэх удаагийн ээлжит чуулган өнөөдөр өндөрлөж байна. Хаврын чуулган ажлын 62 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдааныг 29 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 108 удаа хийсэн байна.

Хаврын чуулганы хугацаанд УИХ-ын даргын урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манн тэргүүтэй төлөөлөгчид, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Миний бие хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ эдийн засгийн бодит секторыг дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож томоохон бүтээн байгуулалт, хөгжлийн зээлүүдийг цаг алдалгүй эргэлтэд оруулах, олон жил царцсан хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн зөвшөөрөгдсөн газарт олгох, аж ахуйн нэгжийн орлогын татварыг нэг шатлалтай болгох, “Хамтын тэтгэврийн” тухай хуулийг хэлэлцэж батлах, төрийн өмчийн менежментийг боловсронгуй болгож 2014 онд хувьчлах төрийн өмчийн жагсаалтыг батлах, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг батлуулж, төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бондын эх үүсвэрүүдтэй уялдуулахад анхаарлаа хандуулж ажиллахыг чиглэл болгосон. Хаврын чуулганаар 106 хууль, тогтоол, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл хэлэлцэж баталсаны 10  бие даасан хууль, 61 нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 4 хүчингүй болгох тухай, 4  гэрээ соёрхон батлах тухай хууль, 27  Улсын Их Хурлын тогтоол байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, “Соёлын өвийг хамгаалах тухай”, “Газрын тосны тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Малын индексжүүлсэн даатгалын тухай”, “Шилэн дансны тухай”, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль, Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай”, “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоол зэрэг эдийн засгийн чухал ач холбогдолтой хууль тогтоолуудыг баталлаа. Түүнчлэн Амгалангийн дулааны цахилгаан станцын угсралтын ажлыг гүйцэтгэх тоног төхөөрөмж, Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, төлөх хугацааг 2 хүртэл жилээр сунгах тухай хуулиудыг баталж их бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх нөхцлийг бүрдүүллээ.

“Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай”, “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай”, “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл, нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулиудыг баталлаа.

Хаврын чуулганы хугацаанд “Хяналтын тухай”, “Газрын тосны тухай”, “Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон “Чиглэл өгөх тухай” зэрэг хэд хэдэн хууль, тогтоолын төслүүд эргэж буцаж цаг хугацаа ихээхэн алдлаа. Энэ нь Засгийн газраас өргөн баригдсан зарим хууль, тогтоол дутуу дулимаг боловсрогдсон төдийгүй УИХ дахь нам, эвслийн бүлэг, гишүүдийн үзэл баримтлалтай зөрчилдөж байгаатай холбоотой байна. Нөгөө талаар хаврын чуулганы хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган болон Байнгын хорооны хурлаар хэлэлцсэн 16 асуудлаар АН-ын бүлэг 3 удаа 15 хоног, МАН-ын бүлэг 9 удаа 37 хоног, МАХН-МҮАН-ын “шударга ёс” эвслийн бүлэг 4 удаа 16 хоног нийтдээ 16 удаа 68 хоногийн завсарлага авсан нь зарим хууль, тогтоолыг цаг хугацаанд нь шийдвэрлэхэд хүндрэл учруулсан гэдгийг тэмдэглэж байна.

УИХ төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа инфляцийг энэ оны эцэст 8 хувьд байлгаж, улмаар 2015-2016 онд 7 хувьд хүргэн дунд хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байх нөхцлийг бүрдүүлэх зорилт тавьсан. Гэвч энэ оны 5 дугаар сарын байдлаар инфляци 13.7 хувьтайгаас харахад энэ зорилт биелэх боломж бага байна. Гадаад валютын орлого төсөөлж байснаас илүү багасч, төсвийн орлого төвлөрүүлэлт тасалдаж, бодит салбарт олгосон зээлийн чанар муудах төлөвтэй байна.

Урсгал тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 56 хувиар буюу 728.2 сая ам.доллараар буурч, 580.5 сая ам.долларын алдагдалтай байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан өнөөдрийн нөхцөлд уул уурхайн салбарын өсөлтөөр дэмжигдсэн эдийн засгийн өндөр өсөлтийг хэвээр хадгалах гэж оролдсон нь төлбөрийн тэнцэл алдагдах, төгрөгийн ханш унах, инфляци нэмэгдэх үндэс болсон байна. Иймээс макро эдийн засгийн бодлогоо хатууруулах чиглэлд бодлого хэрэгжүүлж, нийлүүлэлтийг хязгаарлах шаардлага тулгарч байна.

Зээл олголтыг хязгаарлах нь бодит эдийн засагт, тэр тусмаа иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүнд тусна гэдгийг ойлгож байгаа ч эдийн засгаа бүхэлд нь хямралд оруулахаас арай дээр хувилбар гэж үзэж байна. Иргэд, аж ахуйн нэгж үүнийг ойлгож, богино хугацаанд тулгамдаж байгаа эдийн засгийн хүндрэлийг хамтдаа даван туулахын төлөө сэтгэл, зүтгэл нэгтэй ажиллана гэдэгт итгэж байна. Гэхдээ бага, дунд орлоготой иргэдийн ажлын байр, бодит орлогыг хамгаалах, дотоодын үйлдвэрлэл болон үндэсний компаниудын тогтвортой хөгжих орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогоо эрчимжүүлэх шаардлага нэмэгдэж байгааг анхаарч ажиллах нь зүйтэй.

Засгийн газрын тэвчиж болох зардал, төсвөөс эргэн төлөгдөх хөрөнгө оруулалтыг төсвийн гадуурхи Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх ажлыг үргэлжлүүлсээр байвал төлбөрийн  тэнцэл улам муудаж, хямралыг бодитойгоор бий болгох магадлал байна. Засгийн газар Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу жил бүрийн хаврын чуулганд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг УИХ-д оруулж батлуулах ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл энэ жагсаалтыг УИХ-д оруулж ирсэнгүй. 

Судлагаанаас үзэхэд Хөгжлийн банк ДНБ-ний 5 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийг төсвийн гадуур зарцуулсан байгаа. Хэрэв энэ байдал үргэлжилж Хөгжлийн банкны дансан дахь 1.0 тэрбум ам. долларын бондын хөрөнгөөр Хөгжлийн банкин дахь хүлээгдэж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлбэл төсвийн нийт алдагдал ДНБ-ний 10 хувьд хүрэхээр байна. Тиймээс Хөгжлийн банкнаас хийж байгаа “Чингис”, “Самуурай” бондын санхүүжилт, тэдгээрийн зардал, төсвийн шинж чанартай бүх үйл ажиллагааг нэгдсэн төсөвт тусгаж, нийт төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан түвшинд хүртэл үе шаттайгаар буулгах бодлогоор төсвийн тодотголыг боловсруулж 8 дугаар сард УИХ-д оруулж ирэх хэрэгтэй.

Цаашид Засгийн газар бондын хөрөнгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид заасан зарчмаар зарцуулж, түүний хэрэгжилтэд УИХ-ын холбогдох Байнгын хороод анхаарал хандуулж хяналт тавьж ажиллах хэрэгтэй.

Эдийн засагт учирч байгаа хүндрэлийг даван туулах, цаашид тасралтгүй өсгөх таатай нөхцлийг бүрдүүлэхэд санхүүгийн салбарын тогтвортой байдал чухал ач холбогдолтой. Ялангуяа банк, санхүүгийн салбарын хяналт шалгалтыг улам чангатгаж, уламжлалт бус замаар олгогдсон эрсдэл үүсгэж болзошгүй байгаа зээлийн томоохон багцад дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Түүнчлэн зээлийн чанар нь муудаж байгаа салбарын зээлийг хязгаарлахад анхаарах нь зүйтэй. Гадаад валютын зээлийн зохистой бус харьцааг өөрчлөх, валютын зээлийг бүхэлд нь зохицуулах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Монголбанк санаачилга гарган ажиллавал зохино.

  Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурал 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолыг баталсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хугацаа тодорхой учраас хэрэгжилтийг хангахад анхаарлаа хандуулж ажиллахыг Та бүхэнд уриалж байна. УИХ-аас шалтгаалах асуудал гарвал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага гарахыг ч үгүйсгэхгүй байна. Хамгийн гол нь Засгийн газар ажил, амралтаа зохицуулж “ЭЗЭН-100” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө цаг хугацаа алдалгүй идэвхитэй ажиллах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.

Та бүхэнд ажлын амжилт хүсч, Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы ажиллагааг хаасныг мэдэгдье.

Categories
мэдээ улс-төр

Өргөмжит консулын газрыг Мадрид хотноо нээв

Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 1-2-ны өдрүүдэд Испаний Вант Улсын Гадаад харилцааны сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Европын Холбооны нөлөө бүхий орон, испани хэлтэй орнуудын цөм болсон Испаний Вант Улсад энэхүү айлчлалыг хэрэгжүүлснээр “гуравдагч хөрш”-ийн талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг улс төрийн аргаар бэхжүүлэх, олон улсын тавцан дахь байр суурийг өргөжүүлэхэд ач холбогдолтойн дээр хоёр орны эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд тодорхой алхам боллоо.

1Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Испаний Гадаад хэргийн сайд Гарсиа Маргаёотой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, оюутан залуусыг солилцох, хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх шаардлага байгаад санал нэгдэж хэрэгжүүлэх зарим ажлын талаар тохиролцлоо. Мөн Европын Холбоо, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцохын зэрэгцээ олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Ноён Г.Маргаёо хоёр улсын дипломат харилцааны 40 гаруй жилийн түүхэнд Монгол улсаас Гадаад харилцааны сайд анх удаа айлчилж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болж буйг онцлон тэмдэглэж байлаа.

1Сайд Л.Болд Испаний нийслэл Мадрид хотод байгуулагдсан Монгол Улсын Өргөмжит консулын газрын албан ёсны нээлтэд оролцож, Өргөмжит консулаар томилогдсон Испаний иргэн Адриана Поведад Монгол Улсын төрийн далбааг албан ёсоор гардуулав. Энэ үеэр хатагтай А.Поведа Испанид Монгол Улсыг бүх талаар сурталчлах, Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Тэрээр өргөмжит зонсулын газартаа Испани болон Монголын иргэн 2 хүнийг өөрийн зардлаар авч ажиллуулж эхлээд байгаа юм.

Испанид одоогоор 300 гаруй Монгол иргэн бүртгэгдсэн гэдэг мэдээ байдаг бөгөөд 6 дугаар сарын 30–ны өдөр Барселона хотод танхай этгээдүүд Монгол залууг зодсон явдал гарсан байв. Барселона болон Мадрид дахь өргөмжит консулууд энэ хэрэгт анхаарал хандуулан монгол залуугийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд залуугийн бие сайн байгаа хэмээн сайдад мэдээлж байв.

1

Парламент хооронд хамтран ажиллахаар болов

1

Мөн  Гадаад харилцааны Л.Болд Испаний Сенатын дарга Пио Гарсиа-Эскудеро Маркест бараалхлаа. Тэрээр Сенатын даргатай уулзах үеэр УИХ-ын дарга З.Энхболдын мэндчилгээ болон урилгыг уламжилж, УИХ-д Монгол, Испанийн парламентын бүлэг байгуулагдсныг мэдээлэхийн ялдамд хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллааг хөгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.

Сенатын дарга ноён П.Э.Маркес ойрын үед Испаний Парламентад найрамдлын байгуулах чиглэлээр ажиллахаа мэдэгдээд, УИХ-ын даргыг тааламжтай цагтаа Испанид айлчлахыг урив.

1

Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

1

Гадаад харилцааны сайд айлчлалынхаа үеэр Испанийн Эдийн засаг, өрсөлдөөний яамны Гадаад худалдааны асуудал эрхэлсэн дэд сайд Хэйми Гарсиа Легазтай ажлын уулзалт хийлээ. Талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх маш олон таатай боломж байгааг санал нэгтэй тодотгон бизнес эрхлэгчдийн харилцан уулзалтыг нэмэгдүүлж бодлогоор дэмжих тухай ярилцав. Ялангуяа дэд бүтэц, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй түүн дотроо арьс шир боловсруулах, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах бололцоо байна гэж талууд үзсэн бөгөөд 6 дугаар сард Улаанбаатар хотод болсон Монгол, Испанийн бизнес форум маш амжилттай болсон тул дараагийн форумыг 9 дүгээр сард Испанид зохион байгуулахаар тохиролцов.

1

Энэ үеэр Испанийн экспортыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулахаар манай улсын Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамнаас санал болгосон Арьс шир боловсруулах цогцолбор үйлдвэр байгуулах төслийн танилцуулгыг сайд Л.Болд, дэд сайд Х.Г.Легазд гардууллаа.

Гадаад харилцааны сайд мөн Испанийн Худалдааны танхимын Ерөнхийлөгч Артуро Фернандезтэй уулзаж, Монгол, Испаний бизнес эрхлэгчдийг холбож, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Тус танхим нь Испаний эдийн засгийн хөдөлгүүр болсон нийт 500 мянга гаруй компанийг эгнээндээ нэгтгэдэг юм.

1

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад ажиллалаа

 

Испанид ажиллах үеэрээ Гадаад харилцааны сайд Л.Болд Мадрид хотод байрладаг НҮБ-ын харъяа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төв байранд зочилж ажлын уулзалт хийлээ. Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай хоёр гүйцэтгэх захирал, хэд хэдэн газрын дарга зэрэг шийдвэр гаргах бүрэлдэхүүний хамт Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм.

1

Л.Болд сайд уулзалтын үеэр аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн хамт цаашид илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах тодорхой хувилбаруудыг санал болгов. Тухайлбал, ирэх онд манай улс олон улсын аялал жуулчлалын “ИТБ” үзэсгэлэнд түнш орноор оролцох, манай Засгийн газар аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 42 орны иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргасныг уг байгууллагын шугамаар дэлхий даяар сурталчлах, Монголын аялал жуулчлаын суртчилгааг сайжруулж, брэнд бий болгоход дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгов. Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Рифай Монгол улсын ССАЖЯ-тай үр дүнтэй хамтран ажиллаж буйгаа дурдаад эдгээр чиглэлээр хамтран ажиллаж, боломжит туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдэв.

Тухайлбал, Монгол улсын аялал жуулчлалын шинэ хуульд мэргэжлийн экспертиз хийх, мэдээлэл сурталчилгааны төлөвлөгөө боловсруулах, салбарын удирдлагын чадавхийг бэхжүүлэх зэрэгт тус байгууллага тусалж байгаа бөгөөд төслүүдийн тайлан төлөвлөгөөг Гадаад харилцааны сайдад анхлан албан ёсоор гардуулав. Мөн Торгоны зам дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх олон улсын томоохон хөтөлбөрт Монгол улсыг албан ёсоор хамруулахаар болжээ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XVIII хуралдаан болно.  Хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтцийг шинэчлэх  хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих журам, Монгол наадам цогцолборын Хүй долоон худагт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад мөрдөх журам, арга хэмжээ зохион байгуулах үнэ тариф батлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч тахилгад оролцохоор Баян-Өлгийг зорилоо

Өнөө өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тусгай нислэгээр Баян-Өлгий аймгийг зорилоо.

Тэрээр тус аймагт өнөөдөр болох Алтай Таван богд хайрханы төрийн тахилгад оролцох юм байна. Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл сумдын нутгийг дамнан орших Алтай ханы Таванбогд уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлигийг 2012 онд гаргаж байжээ.

Түүнчлэн уг зарлигаар төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх төрийн ёслолын давтамжийн хугацаа дөрвөн жил байсныг уртасгаж, цаашид таван жилд нэг удаа үйлдэж байхаар тогтоосон байна.

Categories
мэдээ улс-төр

П.Алтангэрэл 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариуллаа

Цахим ярилцлагын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Үндэсний их баяр наадмаар зохион байгуулах соёлын арга хэмжээний талаар танилцууллаа. Үндэсний их баяр наадам нь Монгол үндэстэн оршин  байгаагийн илэрхийлэл, монгол түмний бахархал болсон хүндэтгэлт их цэнгэл юм. Тийм ч учраас Засгийн газраас баяр наадмын  бэлтгэл ажилд онцгой анхаарч Шадар сайдаар ахлуулсан байнгын ажиллагаатай зохион байгуулах хороо ажилладаг. Эрийн гурван наадмаас гадна зохиогдох соёлын арга хэмжээнүүдийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна гэж Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл хэллээ. Баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Монгол төрийн хүндэтгэлийн концерт, Улаанбаатарын үдэш их цэнгүүнээс гадна “Эх орноо хамтдаа дуулъя” сэдэвт урлагийн наадам зохион байгуулахаар төлөвлөжээ. Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд өнгөрсөн жил 900 гаруй уран бүтээлчид оролцож байсан бол энэ жил 4000 орчим хүн оролцож, Монгол улсын  түүхийг үечлэн харуулсан урлагийн тоглолт бүхий нээлт хийхээр бэлтгэж байна.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлд хандаж иргэдээс ирүүлсэн асуултын дийлэнх нь аялал жуулчлалын салбартай холбоотой байлаа. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар аялал жуулчлалын салбарт цоо шинэ бодлого хэрэгжиж, 2017 он гэхэд Монголд ирэх жуулчдын тоог 1 саяд хүргэх  зорилт тавин ажиллаж байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхнийг төр бодлогоор дэмжиж, эрх зүйн орчноо шинэчилж, жуулчдад зориулсан бүтээгдхүүнийхээ агуулгыг баяжуулж, тоог нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулж байж энэ зорилт хэрэгжинэ. Жилд сая жуулчин авдаг болсон үед нэг жуулчнаас 1000 доллар Монгол улсад үлдэхэд нийт 1 тэрбум доллар улсын эдийн засагт шингэж үлдэнэ гэсэн тооцоо байна. Энэ нь одоогийн ноолуурын салбарын Монголд үлдээж байгаа мөнгөнөөс нэг дахин их, нүүрсний салбарын оруулж байгаатай дүйцэхүйц хэмжээний мөнгө гэдгийг  Төрийн нарийн бичгийн дарга хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Төмөр замын асуудлыг намар хүртэл хойшлуулав

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцээд уг төслийг хаврын чуулганаар хэлэлцэхгүй болж, хойшлуулав. Ингэснээр төмөр замын асуудлыг намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж байна. 

Categories
мэдээ улс-төр

Газрын тосны тухай хууль батлагдлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хууль нь дахин өргөн баригдсан бөгөөд өмнө нь орж ирсэн хууль 32:32 гэсэн санал авч, улмаар унасан юм. Харин өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг 49 гишүүнээс 39 нь дэмжсэнээр ийнхүү батлагдлаа.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан ХЗБХ-ноос гарах өргөдлөө өгсөн байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хууль зүйн байнгын хорооноос гарах өргөдлөө дөнгөж сая өгчээ. Түүнийг намдаа гомдсон учраас ингэж байж магадгүй гэсэн яриа улс төрчдийн дунд байна. Учир нь АН-ынхан Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Ганбатыг дэмжиж Ж.Батзанданг гадуурхаж байгаа юм. Тиймээс Ж.Батзандан гишүүн өөрийн хүсэлтээр нэрээ татаж цаашилбал Хууль зүйн байнгын хорооноос гарахаар болсон нь энэ аж. Тэрбээр өөрийн твиттер хуудсаар дамжуулан Хууль зүйн байнгын хорооны шинэ дарга болох гэж буй Д.Ганбатад амжилт хүсчээ.

Categories
мэдээ улс-төр

Дугаартайгаа шилжих үйлчилгээг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Уг хууль “Дугаартайгаа шилжих үйлчилгээ” юм. Энэ нь хэрэглэгч нэг цахилгаан  холбооны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс гарч бусад цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид бүртгүүлэн хэрэглэгч болох үедээ одоогийн ашиглаж буй дугаараа  шилжүүлэн хэрэглэх боломжтой болж байгаа юм.