Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Д.Тэрбишдагва Ван Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ван Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2014.07.07/ албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, уул уурхай, төмөр зам, чөлөөт бүсийн асуудлаар харилцан ярилцаж санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва, Өвөр Монголын Өөртөө Засах Орон нь Монгол Хятад улсын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хоёр талын харилцаанд гүүр болж байдгийг онцолж, ноён Ван Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал хоёр улсын болон ӨМӨЗО, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаанд маш том түлхэц болно гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Мөн тэрээр, хил дамнасан аж үйлдвэр, худалдааны чөлөөт бүс байгуулах болон зөвхөн уул уурхайн салбараас гадна аж үйлдвэр, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг татаж хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. Түүнчлэн Хөх хот дахь Монгол Улсын Ерөнхий Консулын газрын асуудлыг нааштайгаар шийдсэнд талархал илэрхийлээд, газрын асуудлыг ойрын үед эцэслэн шийдвэрлэхийг хүслээ. Мөн ӨМӨЗО-нд хийгдэж буй шинэ бүтээн байгуулалт, ололт амжилтын туршлагаас судлахын сацуу ялангуяа Ардын эмнэлгэтэй харилцан туршлага солилцож хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва, хоёр талын боомтын захиргаа жил бүр ажлын уулзалт хийж байх саналыг дэвшүүлсэн юм.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ван Зюнь, төлөөлөгчдийг цаг зав гарган тусгайлан хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, анхны айлчлалын томилолтоо Монгол Улсаас эхлүүлж байгаад баяртай байгаагаа дуулгав. Мөн тэрээр, сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ баялаг болон өргөжиж байгааг тэмдэглэж, зөвхөн эдийн засаг төдийгүй хүмүүнлэгийн салбарт харилцааг өргөжүүлэх нь чухал гэлээ. Хоёр улсын өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр ярилцаж, гарын үсэг зурсан урт, дунд хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь чухлыг мөн тэрээр онцолсон. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын тавьсан бодит асуудлуудыг хамтын ажиллагааны хүрээнд нарийн судалж үзэх шаардлагатайг тэмдэглээд, хоёр тал хамтран чармайж ажилласны үр дүнд тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Вань Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2014.07.07/ хүлээн авч уулзав.

 Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж уулзалтын эхэнд зочид, төлөөлөгчдийг тавтай айлчлахыг хүсээд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Өвөрмонголын өөртөө засах  орон чухал нөлөөтэй хэмээн онцлон тэмдэглэв.

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Вань Зюнь, Монгол Улстай цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэ удаагийн айлчлалын гол зорилго гэдгийг онцлоод энэхүү уулзалтад оролцсон өөрийн талын  төлөөлөгчдийг танилцуулсан юм.

Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Арвин нар байлцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Дэд дарга ноён Пэтр Газдык тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд найрсаг харилцаатай БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд уулзалтад оролцож байгаа өөрийн талын хүмүүсийг танилцууллаа. Мөн Монгол Улсын Их Хурал, Чехийн парламентын хоёр танхим сайн харилцаатай, парламентын бүлгүүд, Тамгын газар хооронд идэвхтэй хамтын ажиллагаатай явж ирснийг онцлоод цаашид байнгын хороодын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр энэ оны 9-р сард Чех Улсад айлчлахаар төлөвлөж байсан ч ажлын хуваарийн улмаас айлчлалыг 2015 онд хийхээр төлөвлөөд байгааг дуулгасан юм. Түүнчлэн Европын холбоо, түүний дотор Чех Улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын чухал зорилтын нэг гэдгийг хэлээд, Чех Улсыг өөрийн гуравдагч хөршөө гэж үзэн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн. УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улс, Европын Холбооны хооронд “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт” гарын үсэг зурсныг дурдаад Чехийн тал хэлэлцээрийг дэмжиж, ойрын хугацаанд соёрхон батлана гэдэгт найдаж байгаагаа хэллээ.

Ноён Пэтр Газдык хүлээн авч уулзаж байгаад талархалтай буйгаа Улсын Их Хурлын даргад илэрхийлээд Чех Улсыг гурав дахь хөрш орноо хэмээн хүлээн авч буйд баяртай байгаагаа дуулгав. Мөн тэрээр Монгол Улс, Европын Холбооны хоорондын хамтын ажиллагааг дэмжинэ гэдгээ онцлон тэмдэглээд 2015 онд УИХ-ын даргын Чех Улсад айлчлах айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойтой давхацсан тэмдэглэлт үе байхыг дурдлаа. Түүнчлэн дулааны цахилгаан станц, гүний усыг хамгаалах зэрэг төсөл хөтөлбөрүүдтэй танилцах талаар хэлээд геологи, гүний усны хамгаалалтын салбарын туршлагаас нэвтрүүлэхийг санал болголоо. 

УИХ-ын дарга Чех Улс уран олборлолтын салбарт арвин их туршлагатайг онцлоод энэ салбарын туршлагыг нэвтрүүлэх, ялангуяа аюулгүй ажиллагааны стандартыг нэвтрүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгасан юм. Тэрээр уулзалтын төгсгөлд айлчлалд нь амжилт хүсээд Бүгд Найрамдах Чех Улсын Төлөөлөгчдийн танхимын даргыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа. Энэхүү уулзалтад Монголын талаас УИХ-ын гишүүн, Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороод ажлаа тайлагнана

Улсын Их Хурлын хавар, намрын ээлжит чуулган завсарласны дараагаар Байнгын хороод ажлаа тайлагнадаг уламжлалтай. Өнгөрсөн долоо хоногт Өргөдлийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороод ажлаа тайлагнасан бол өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, маргааш 11.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнахаар төлөвлөсөн байна. Байнгын хороодын хэвлэлийн бага хурал Төрийн ордон дахь “Г” танхимд болно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчид ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер бараалхав.

Уулзалтын үеэр ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд хоёр талын харилцаа бүх салбарт амжилттай хэрэгжиж байгааг дурдаад Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдацтай байгааг тэмдэглэн хэллээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон өнгөрсөн 40 жилийн хугацаанд талуудын харилцаа бүх түвшинд сайн явж ирснийг дурдаж, цаашид ХБНГУ-ын тал Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа эдийн засгийн салбарт улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгааг Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер яриандаа дурдав. Мөн ирэх 2015 онд Берлин хотод болох Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “ITB-2015”-д Монгол Улс оролцох болсонд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөсөн 1990 оноос германчууд ойр дотно байж ардчиллын цагаан толгойд монголчуудыг суралцахад ихээхэн хувь нэмэр оруулж, чухал үүрэг гүйцэтгэснийг онцолж байлаа. Түүнээс хойш Монгол Улс ардчилал руу улс төр, эдийн засгийн хос шилжилтийг зэрэг хийж, өдгөө Мъянмар, Киргиз зэрэг орнууд Монголын ардчиллын туршлагаас хуваалцаж байгааг, Мъянмарын сэтгүүлчид Улаанбаатарт ирж туршлага судалсныг дурдав.

Өмнөх нийгмийн үеэс Германд сурч, мэргэжил эзмшсэн олон монгол хүн байдаг. Энэ уламжлалыг үргэлжлүүлж Налайх дүүрэгт  Ашигт малтмал, технологийн их сургууль үүд хаалгаа нээж, үйл ажлаа эхлүүлж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаж, хамгийн чухал хөрөнгө оруулалт бол боловсролын салбарын хөрөнгө оруулалт байдгийг тэмдэглэж байлаа. Германы тал ч Монголын залуу үеийг сургаж, боловсруулахад ач холбогдол өгч анхаарна гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид эдийн засаг, байгаль хамгаалал, байгаль орчинд ээлтэй эко технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер тэмдэглэж байв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Вань Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ноён Вань Зюнь хүлээн авч уулзаж буйд талархаж байгаагаа УИХ-ын даргад илэрхийлээд саахалт айлдаа зочлон хамтын ажиллагаагаа зузаатгахаар ирлээ хэмээн айлчлалын зорилгоо танилцуулсан юм. Мөн тэрбээр Монгол Улсын Их Хурал, Өвөрмонголын өөртөө засах орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хамтын ажиллагаа цаашид ч өргөжинө хэмээн итгэж байгаагаа илэрхийлсэн.

 УИХ-ын дарга З.Энхболд хоёр орны Их Хурлаас гадна хөрш аймгууд сайн харилцаатай байдгийг онцолсон. Тэрбээр Өвөрмонголын өөртөө засах орноос суралцах зүйл их байгаа хэмээгээд нүүрсний ордуудад түшиглэн байгуулсан нүүрс шингэрүүлэх төслүүд амжилттай явааг дурдсан юм. Бээжингээс дутахгүй шахам болоод буй Улаанбаатарын агаарын бохирдол, утаанаас салах арга зам нь нүүрс шингэрүүлэх төслийг хэрэгжүүлэх гээд энэ талаар Өвөрмонголын өөртөө засах орон өөрийн туршлагаа харамгүй хуваалцана гэж найдаж байна гэж хэллээ. 

Түүнчлэн зам тээврийн салбар нь Монгол Хятадын хамтын ажиллагааны тэргүүлэх салбар болоод байгааг УИХ-ын дарга яриандаа дурдаад Замын-Үүдэд явагдаж буй бүтээн байгуулалтын ажил хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд ахиц авчирна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. 

УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатар аймаг, Өвөрмонголын Шилийн гол аймаг хамтран Сүхбаатар аймагт унадаг дугуйн угсрах үйлдвэр барих талаар яригдаж байсныг дурдаад аймгуудын хамтын ажиллагааг УИХ-ын зүгээс дэмжиж байгаа хэмээлээ. 

Эрхэм зочин Вань Зюнь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанаас гадна хүмүүсийн харилцаа гүн гүнзгий байдаг гээд харилцаа хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх нөөц боломж бий гэсэн. Тэрбээр нүүрс шингэрүүлэх болон бусад олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

Нийслэл 2014 оны төсвөө тодотголоо

НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан 2014 оны 7 дугаар сарын 4-нд болж хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийслэлийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2013 оны аудитлагдсан санхүүгийн нэгтгэсэн тайлан  болон нийслэлийн  2013 оны  төсвийн гүйцэтгэл, нийслэлийн 2014 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах талаар танилцуулсан.

Нийслэлийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн  2013 оны  санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 763 байгуулага төсөл, арга хэмжээний тайланг нэтгэжээ.  

Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангаар 387,1 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй  үүнээс мөнгөн төгрөг   298,7 тэрбум төгрөг  байна гэж тэрээр хэллээ. Өнгөрсөн онд нийт 1072,0 тэрбум  төгрөгийн  хөрөнгөтэй болсон ба өнгөрсөн оноос 365,0 тэрбум төгрөгөөр  нэмэгдсэн байна. Үүнээс үндсэн хөрөнгө өмнөх оноос  282,2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж  684,9 тэрбум төгрөг болсон байна. Үүний 253,4 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө нь тусгай шилжүүлгийн байгууллагуудын үндсэн хөрөнгө юм байна. Мөн авлага 3,4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь хөрөнгө оруулалтын барьцаа, ОНӨҮГазруудын авлага өссөнтэй шууд холбоотой гэж тэрээр хэллээ. Харин  өглөг өмнөх оноос 84,8 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 35,0 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэнээс 18,1 тэрбм төгрөгийн зөрчлийг аудитын явцад залруулжээ.

2013 онд нийслэлийн төсөвт 711,7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 727,7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, төсвийн орлогын төлөвлөгөөг 16.0 тэрбум  төгрөгөөр буюу 2,2 хувиар давуулан биелүүлсэн байна. Нийслэлийн 2013 оны төсвийн зардлын нийт төлөвлөгөөг 851 тэрбум 457.9 сая төгрөгөөр баталж, гүйцэтгэлээр 681 тэрбум 621,3 сая төгрөг зарцуулж, батлагдсан төлөвлөгөөнөөс 169 тэрбум 836,6 сая  төгрөг дутуу зарцуулсан мэдээтэй байна. Үүнээс нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн зарлагын төлөвлөгөөг нийт 628тэрбум 885.4 сая төгрөгөөр баталж, гүйцэтгэлээр 460 тэрбум 438,0 сая төгрөг зарцуулжээ.

Улсын тусгай шилжүүлгээр санхүүжиж буй нийслэлийн төсвийн байгууллагуудын төсвийн зарлагын төлөвлөгөөг нийт 222 тэрбум 572.4 сая төгрөгөөр батлагдаж, гүйцэтгэлээр  221 тэрбум 183.3 сая төгрөг зарцуулсан гэх мэдээллийг тэрээр өгсөн юм.

Харин 2014 оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг тэрээр танилцуулахдаа, Монгол Улсын Их Хурал 2014 оны 05 дугаар сарын 23 –ны өдөр  “Монгол Улсын 2014 оны төсвийн т хай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийг хэлэлцэн баталсан. УИХ-аас  Улсын 2014 оны төсвийн тодотгол батлагдсанаар нийслэлийн төсөвт хэд хэдэн өөрчлөлтүүд орсон байна.

Тодруулбал,

1.    Сангийн яамнаас Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголын төслийг  боловсруулахдаа төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх хугацаа хойшилсонтой холбогдуулан нийслэлийн төсвийн суурь зарлагын дүнг  170.3сая төгрөгөөр бууруулахаар төлөвлөж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Дээрх суурь зарлагын бууралтын дүнгээс хамаарч нийслэлээс Улсын төсөвт төвлөрүүлэх орлого 340.7 сая төгрөгөөр нэмэгдэж, 2014 онд 44.3 тэрбум төгрөг нийслэлээс Улсын төсөвт төвлөрүүлэх болж байна.

2.    Монгол Улсын 2014 оны төсвийн орлогын биелэлтийн дүнгээс хамаарч орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлийн хөгжлийн санд шилжүүлэх орлогын хэмжээ 51.3 сая төгрөгөөр нэмэгдэж, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлэг 48.8 тэрбум төгрөг болохоор Улсын Их Хурлаас баталлаа. 

3.    Улсын тусгай шилжүүлгээр санхүүждэг нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, соёл, биеийн тамир, хүүхэд хамгаалал, газрын харилцаа, кадастрын үйлчилгээний салбарын 2014 оны төсвийг төрийн үйлчилгээний ажиллагсадын цалингийн нэмэгдэлтэй холбогдуулан 9 тэрбум 69.7 сая төгрөгөөг нэмэгдүүлэн баталсан байна.

 Мөн Засгийн газраас баталсан “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын дагуу нийслэл, дүүргийн төсвийн захирагч нарт төсвийн хэмнэлтийн горимд шилжих үүрэг өгч, бууруулж болох урсгал зардлуудыг 20 хувь бууруулах бодлого баримтлан ажиллаж байна гэж тэрээр онцоллоо.   Нийслэлийн  2014 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн орлогын нэр төрөл бүрээр төлөвлөгдсөн хэмжээнээс давж биелэх, болон тасрах бодит шалтгааныг тооцсоны үндсэн дээр нийслэлийн төсвийн орлогын батлагдсан төлөвлөгөөг 2тэрбум 940,0 сая төгрөгөөр бууруулан 556 тэрбум 734,8 сая төгрөг байхаар, үүнд хотын шуудын төсвийн орлогын төлөвлөгөөг 4 тэрбум 642,7 сая төгрөгөөр бууруулан 456 тэрбум 6,8 сая төгрөг байхаар тооцон, төсвийн тодотголын төсөлд тусгажээ.

 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоолоор Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд 210 тэрбум 915,4 сая төгрөгийн 98 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан байна.  Эдгээрээс тендер зарлагдаагүй 20 тэрбум 403,4 сая төгрөгийн 9 төсөл, арга хэмжээний хөрөнгийг татах, 18 тэрбум 123,6 сая төгрөгийн 22 төсөл, арга хэмжээг нэмж хэрэгжүүлэхээр төлөвлөснөөр 2014 онд нийслэлийн төсвөөс 208 тэрбум 635,6 сая  хөрөнгөөр 112  төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.  Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолын дагуу Рейлбусын дундын зогсоолуудтай холбогдох явган зам, талбайн тохижилтын ажил, Долоон буудлын автобусны буудлыг Зунжин худалдааны төвийн баруун тал дахь талбайд шилжүүлэх ажил, Усан спорт сургалтын төвийн барилгын болон инженерийн шугам сүлжээний  засварын ажил, Хүй долоон худагт хийх бүтээн байгуулалтын ажил зэрэг  цаг үеийн зайлшгүй шаардлагын улмаас 3 тэрбум 592,8 сая төгрөгийн 8 төсөл, арга хэмжээг нийслэлийн 2013 оны төсвийн давалт болон нийслэлийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлсэн бөгөөд нийслэлийн 2014 оны төсвийн тодотголд тусгуулахаар танилцууллаа.

Нийслэлийн төсвийн тодотголд тусгуулахаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас 230,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний саналыг ирүүлсэн боловч хөрөнгө оруулалтын эх үүсвэргүйгээс нэн тэргүүнд хэрэгжүүлэх  шаардлагатай гэж үзсэн 14 тэрбум 530,8 сая төгрөгийн 14 төсөл, арга хэмжээг тодотголын төсөлд тусгажээ. 

 Нийслэлийн ИТХ-аар дээрх асуудлыг хэлэлцээд Хотын шуудын  2013 оны орон нутгийн тєсвийн орлогын гүйцэтгэлийг  369 тэрбум 617сая  135,4мянган тєгрєгєєр,зарлагын гүйцэтгэлийг 291 тэрбум 887 сая 394,1мянган тєгрєгєєр, үүнээс орон нутгийн хєгжлийн сангийн хєрєнгийн гүйцэтгэлийг 7 тэрбум 751 сая 337,7 мянган тєгрєгєєр, дүүргүүдэд олгосон 2013 оны санхүүгийн дэмжлэгийг 59 тэрбум 389 сая 174,7 мянган тєгрєгєєр, хотын шуудын тусгай шилжүүлгээр санхүүжигдэх тєсєвт байгууллагуудын 2013 оны зарлагын гүйцэтгэлийг  5 тэрбум 56 сая 328,4 мянган тєгрєгєєр тус тус баталлаа.  Харин нийслэлийн 2014 оны төсөвт дараахи өөрчлөлтүүдийг оруулан баталлаа. Үүнд Нийслэлийн төсвөөс орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг 44 тэрбум 384 сая 898.6мянган төгрөгөөр, Нийслэлийн 2013 оны орлогын давалт 3 тэрбум 94 сая 280.1 мянга, 2013 оны хөрөнгө оруулалтын ажлын зарцуулагдаагүй үлдэгдэл 14 тэрбум 471.5 сая, нийслэлийн төсөвт байгууллагуудын өнгөрсөн оны хэмнэлт, үйл ажиллагааны орлогын давалт 1 тэрбум 689 сая 417.2 мянга, нийт 19 тэрбум 255 сая 197.3 мянган төгрөгийг нийслэлийн 2014 оны төсөвт нэмж зарцуулах, нийслэлийн нийтийн тээврийн хөгжүүлэх, парк шинэчлэх сангийн хөрөнгө 20.0 тэрбум, Улаанбаатар – Орон сууц сангийн хөрөнгө 5.0 тэрбум, Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгө 1 тэрбум 20.7 сая төгрөг, нийт 26 тэрбум 20.7 сая төгрөгийн сангийн хөрөнгийг 2014 оны санхүүгийн жилд зарцуулахаар батлав. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 – 2014 онд он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын хэмжээг 97 тэрбум 466 сая 680.3 мянган төгрөгөөр баталлаа. Түүнчлэн Хотын төсвийн нийт орлогыг  481 319 885.3 мянган төгрөг, харьяа газар, агентлагуудын төсөвт төвлөрүүлэх орлого  469 260 679.4 мянган төгрөг,  Хотын төсвийн нийт урсгал зарлагыг  226 960 702.7 мянган төгрөг байхаар тус тус баталлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

Өвөрмонголын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дэд даргын урилгаар БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Вань Зюнь тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2014.07.06/ манай улсад хүрэлцэн ирлээ.

Ноён Вань Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Д.Арвин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нар болон  албаны бусад хүмүүс угтан авсан юм.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Д.Арвин зочид, төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсээд айлчлалын хүрээнд хийгдэх ажлуудын талаар харилцан санал солилцов.

Айлчлалын хугацаанд зочид  Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхана. Мөн Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзах юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банкны удирдлага ЗГ-ыг залилжээ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд, Х.Баттулгын захианд хариулав

УИХ-ын гишүүн Х.Баттулгаас миний нэр дээр хаяглан ирүүлсэн ил захидалдаа хөндсөн асуудлуудтай холбогдуулж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Үүнд:

1. “Харилцаа холбооны салбарт ZTE, Huawei компаниудын  тоног төхөөрөмж, программ хангамжийг ашиглах” тухай шийдвэр   2009 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагууажил нь хийгдэж дууссан болно.

2. Эрхэм гишүүн таныг 2008 оноос Зам, тээврийн сайдаар 4 жил ажиллахдаа УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан төмөр замын бодлогыг манай Засгийн газар огтхон ч зөрчөөгүй бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн нь шууд гадагшаа гарах зарим боомтод нарийн царигтай төмөр зам тавих асуудлыг “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын дагуу УИХ-д өргөн мэдүүлээд байна.

3.  “Банк оф Чайна”-гийн салбарыг Монголд байгуулах асуудал Засгийн газрын түвшинд огт яригдаагүй болно.

4. “Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулсан “Газрын тухай багц хуулийн төсөлд газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэхийг зөвшөөрсөн заалт тусгасан мэтээр мушгин гуйвуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг төөрөгдүүлэх зохион байгуулалттай аян эхэлсэн тул энэхуулийн төслийг эргүүлэн татсан.

Шинэчлэлийн Засгийн газар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хор хохирол учруулах ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд ийм шийдвэр хэзээ ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг