Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Өвөрхангайд амарч байна

УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд амарч байна. Тэрбээр ээлжийн амралтын хугацаандаа тус сумын ойд оролцохоор төлөвлөжээ. Дараа нь Баян-Өлгий аймгийн Төрийн тахилгат Алтай ханы Таванбогд хайрханд хүндэтгэл үзүүлэх юм байна. Баян-Өлгий аймгаас буцахдаа Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын аж байдалтай танилцахаар төлөвлөжээ. 

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд De Facto нэвтрүүлэгт оролцлоо

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Өвөрхангай аймгийг зорив

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумыг зорьжээ. Тэрээр ээлжийн амралтын хугацаандаа Баруунбаян-Улаан сумын ойд оролцох юм байна. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 185 км-ийн зайд орших Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ой энэ жил тохиож буй аж.

Дараа нь Баян-Өлгий аймгийн төрийн тахилгат  Алтай ханы  Таванбогд хайрханд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тус аймаг дахь Тайшир болон Дөргөний  усан цахилгаан станцын ажил байдалтай танилцах юм байна. УИХ-ын дарга З.Энхболдыг эзгүй байх хугацаанд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, М.Энхболд нар арын албыг залгуулах болжээ.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Ц.Элбэгдорж:Зол хийморь тань босоо сайхан наадаарай

-Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Үндэсний их баяр наадмыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна-

Өргөн олон наадамчид аа,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо

Хүндэт зочид гийчид ээ,

Өнгөрснөөс өвлөж ирсэн, өнөөдрөөр дэвжин цэцэглэх, өрнөх ирээдүйд мандан босох гурван цагийн алтан аргамж, монгол наадмын хоймор, эх орныхоо голомт, улсын нийслэл Улаанбаатараас нийт иргэд, наадамчин олондоо Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Цэлмэг хөх тэнгэр, ноён оргил уулс, өргөн тал хөндий, хангай говь, мөрөн голууд хосолсон Монголын сайхан эх оронд маань өвсний шим жигдэрч, өнгөтэй сайхан дэлгэр цаг тохиож байна.

Газар газрын Монгол наадам хийморь бахархал дүүрэн эхэлж байна.

Үндэсний их баяр наадам бол Монгол түмний халуун түүх, гэгээн хүсэл, хамтын хүчийг илтгэсэн язгуур эрдэнэ билээ. Дэлхийд төрийн дэг, хуулийн засаглал, ёс журам тогтоож явсан өвөг дээдсийн маань харвасан сумны эрч хариагүй, унасан хүлгийнх нь шандас аргамаг, зоригт баатруудынх нь сүр хүч хэвээр байгааг энэ цагийн Монгол наадам уламжлан харуулдаг аа.

Монгол хүн байгаа газар бүрт Монгол наадмын өнгө гийж, уламжлал соёлоо дээдэлж, урагшлах золбоог илтгэсэн сайны билэгт яриа өрнөж байна.  Энэ мөчид эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист суугаа ард түмэндээ, мөн хилийн чанадад олон хэлийн оронд наадамлаж буй иргэддээ бүгдэд нь ажил хөдөлмөрийн амжилт, бүтээл туурвилын эрчим, сайн сайхны ерөөлийг өргөе.

Монгол төрийн их шүтээн, есөн хөлт цагаан тугийнхаа өмнө эрхий мэргэн харваачдын маань цэц мэргэн, аргамаг шандаст хүлгийн сойлго төгс, хүчит бөхүүдийн бяр даацтай, мэх уран, шагайн харвааны оноч дүүрэн байхыг ерөөе. Саяхан ард түмэндээ уламжилсан нэгэн уриалгыг энд давтан хэлье.

Морьтон Монголчуудаа морио унацгаая. Хурдыг эзэмшиж, адууны соёлын амьд дархлааг тээсээр яваа Монгол хүн бүр морьтон уламжлал соёлоороо бахархцгаая, гайхуулцгаая. Морио уная. Морио эдлэе. Морьтойгоо малаа хариулая. Морьтойгоо наадамлая. Морио уная Монголчуудаа. Морь бол Монгол түмэнд заяасан дээд хувь тавилан юм.

Мянга мянганыг улираан, хүн төрөлхтний түүхэнд онцгойрон мандсан Монгол түмний бахархал-Монгол наадам ийнхүү эхэлж байгааг даяар олноо дуурсган зарлая аа.

Зол хийморь тань босоо сайхан наадаарай.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Катарын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Катарын Батлан хамгаалахын сайд Хамад бин Али Аль Аттияхыг хүлээн авч уулзав. Катарын Батлан хамгаалахын сайд Эмирийн бие төлөөлөгч болж ирсэн бөгөөд уулзалтын эхэнд Катарын эрхэм дээд Эмир Шейх Тамим бин Хамад бин Халиф ааль-Тхани, түүний эцэг өмнөх Эмирийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид дамжууллаа. Мөн Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эрхэм дээд Эмир мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлээд  Эрхэм дээд Эмирт болон түүний эцэг, өмнөх  Эмир Шейх Хамад бин Халиф ааль-Тханид чин сэтгэлийн хариу мэндчилгээ  уламжилж, тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьсан урилгаа дахин нотлов. Эрхэм зочид Монголын үндэсний их баяр наадмын үеэр, тааламжтай сайхан цаг улиралд морилон ирсэнд нь талархаж байгаагаа мөн илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч зочдод хандан хэлсэн үгэндээ “Хоёр орны батлан хамгаалах салбарын хоорондын харилцаа бэхжиж байгаад туйлын баяртай байна. Катар улсын зүгээс Монголд зам барих, энхийг сахиулагчдыг дэмжих зэргээр тодорхой ажил хийж байгаа. Катар бол богино хугацаанд амжилттай хөгжиж байгаа орон. Баялгаа их зөв ашиглаж улс орноо хөгжүүлж чадсан гэж боддог. Монгол Улс байгалийн баялгаа зөв ашиглаж улсаа хөгжүүлэх талаар та бүхнээс суралцах, хамтарч ажиллах сонирхол бий. Би өмнө нь Катарт айлчилж байхдаа Эрхэм дээд Эмиртэй уулзаж, чин сэтгэлээсээ нээлттэй ярилцаж байсан нь гүн сэтгэгдэл үлдээсэн.Та бүхний айлчлалд амжилт хүсье” гэлээ.
Катарын Батлан хамгаалахын сайд хариу үгэндээ “Монгол Улсад ирээд маш хурдацтай хөгжиж дэвшиж байгааг ажиглалаа. Бидний хийж байгаа айлчлал хоёр орны харилцааны нэгэн илэрхийлэл, хүндэтгэлээ илэрхийлж байгаагийн нэг хэлбэр болж байгаа юм” гээд хоёр орны батлан хамгаалах салбарын албан хаагчид хамтарсан сургуульд оролцож хамтын ажиллагаа улам бэхжүүлэх гэж буйг тэмдэглэв. Мөн Катарт сурч буй оюутны тоог нэмэгдүүлэх боломжтой гэж байлаа.
Катарын Батлан хамгаалахын сайд өмнө нь Монголд айлчилж байсан бөгөөд монгол гэр ихэд таалагдаж, гэр аваачиж Катарт барьснаа сонирхуулж байв.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ийм асуудлуудыг хэлэлцжээ

Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


 
Бүтээн байгуулалтад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын хэрэглээг тусгайлсан журмаар зохицуулна
Улс орны эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгайлсан журам баталлаа.
Ийм төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг Засгийн газрын шийдвэрээр олгоно. Эрх эзэмшигч нь дээрх төрлийн ашигт малтмалыг өөрийн зардлаар байгалиас шууд олборлон ашигладаг, бүтээн байгуулалтын ажил нь улирлын шинжтэй, ашиглалтын талбайг зөвхөн тухайн төсөл, хөтөлбөр хэрэгжих хугацаанд ашигладаг байх шаардлагатай.
Бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлах энэ журмын хэрэгжилтэд Зам, тээврийн болон Уул уурхайн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хяналт тавьж ажиллахыг Засгийн газраас даалгалаа.
 
“Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг
соёрхон батлуулахаар өргөн мэдүүлнэ
“Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх гол хөшүүрэг болсон тээврийн дэд бүтэц хөгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, зах зээлийг нээлттэй болгоход НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссоос санаачилга гаргаж, энэ хэлэлцээрийн төслийг боловсруулжээ.
Уг хэлэлцээрт далай, тэнгисээс алслагдсан орны аймаг, нийслэл эсвэл Азийн авто замын болон Транс-Азийн төмөр замын аль нэг сүлжээнд хүрэх бололцоотой олон улсын чанартай Хуурай боомтын жагсаалтыг баталж, хөгжүүлэх асуудлуудыг тусгасан нь өндөр ач холбогдолтой юм. Манай улсаас Алтанбулаг, Сайншанд, Улаанбаатар, Замын-Үүд болон цаашид Чойбалсанд хуурай боомт байгуулах боломжтой гэж оруулжээ.
Далайд гарцгүй манай орон энэ сүлжээгээр дамжуулан Ази болон хөрш орнуудтай транзит болон тээврийн үйлчилгээг либералчлах, олон улсын жишигт нийцсэн бүс нутгийн нэгдсэн тээврийн коридор бий болгох, нийтлэг журам, стандарт нийцүүлэх зэрэг бодлогын шинэчлэл хийх шаардлагатай юм.
 
Монголчууд Европын улс орнууд руу тээвэрлэлт хийх боломж бүрдлээ
2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
Хэлэлцээрийн дагуу Монголын тээвэрчид Европын улс орнууд руу шууд тээвэрлэлт хийх боломж бүрдэхээс гадна дамжин өнгөрөх шинэ гарц нээгдэж байна. Манай улс Польш улстай автотээврийн хэлэлцээргүйгээс ОХУ, Беларус, Польшийн нутгаар дамжин тээвэрлэлт хийхэд хүндрэлтэй байсан бол одооноос Латви улсын нутаг дэвсгэрээр дамжиж болно. Мөн Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөнө.
Монгол Улс 1993 оноос эхлэн “Олон улсын автотээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, БНАСАУ, Турк, Кыргиз, Беларус орнуудтай хийсэн юм.
 
Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг шинэчилнэ
Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын баримт бичгийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. 2004 онд батлагдсан “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэх хэд хэдэн үндэслэл, шаардлага байна.
1. Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого 2004 онд батлагдсанаас хойш Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (2010), Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого (2008), Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (2004), Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль (2011) батлагдаж гарсан тул бодлогыг эдгээртэй нийцүүлэн шинэчлэх шаардлагатай.
2. Сүүлийн 10 жилийн хугацаанд манай эдийн засгийн бүтцэд ихээхэн өөрчлөлт орсон нь хүний нөөцийн бодлогоо шинэчлэх бас нэг үндэслэл болж байна.
3. 2004 оны Хүн амын хөгжлийн бодлого 2000 оны хүн амын тооллогын баримтад суурилсан. Гэтэл энэ тоо мэдээлэл, нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн нь 2010 онд хийсэн Хүн ам, орон сууцны тооллогоор батлагдсан тул хүн амын хэтийн тооцоог үндэслэн бодлогоо тодорхойлох шаардлагатай.
4. УИХ-ын Судалгааны төв, Засгийн газар, ХАХНХЯ-наас тус тус хийсэн гурван судалгаа, шинжилгээний дүн Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг шинэчлэх шаардлагатайг баталсан байна.
5. Манай улсын нийт хүн амд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь бусад насны бүлгийнхнээс их буюу хамгийн таатай хүн ам зүйн цонх үе тохиож байна. Энэ таатай үед хүний нөөцөө зөв удирдан чиглүүлбэл улсын хөгжилд том хөшүүрэг болно.
Энэ мэт бодит шаардлагад нийцүүлсэн бодлогыг Засгийн газар шинэчлэн боловсруулсан баримт бичгийн төсөлдөө тусгасан байна.
 
Товчхон:
•  – Улаанбаатар хотноо 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурсан “Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Хэлэлцээрийн дагуу дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой.
•  – УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Батцогт, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Р.Бурмаа, С.Дэмбэрэл, Н.Номтойбаяр, Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар, Ш.Түвдэндорж, Б.Чойжилсүрэн, Л.Эрдэнэчимэг нарын санаачлан боловсруулсан “Хүүхэдтэй гэр бүл, өнчин хүүхэд, залуусыг дэмжих тухай” хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай хэлэлцээд, дэмжих боломжгүй гэсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар шийдвэрлэлээ. Шинэчлэлийн Засгийн газар нийгмийн хавтгайрсан халамжаас татгалзаж, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдийн амьжиргааг дэмжих бодлого баримталж байгаа. Гэтэл дээрх хуулийн төсөлд амьжиргааны түвшнээс үл хамааран Монгол Улсын нийт хүн амын 27 хувьд тусламж, дэмжлэг олгож, нийгмийн хавтгайрсан халамж түгээхээр байна. Энэ нь нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх шинэчлэлийн бодлоготой нийцэхгүйн зэрэгцээ иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээг нэмж хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулах сөрөг талтай гэж Засгийн газар үзжээ.
• – УИХ-ын гишүүн Ж.Батзандан, А.Бакей нарын санаачлан боловсруулсан Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх саналыг хуулийн төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаалд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр Чингисийн талбайд болсон Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд оролцож үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Манай улсын төрийн алтан соёмбот сүлд, эрдэнийн далбаа тэргүүтэн нь Монголын төрт ёсны нандин уламжлал, гүн утга санааг агуулан өнгөрсөн, өнөө, ирээдүй гурван цагийн алтан хэлхээ холбоонд мөнхөд мандан бадарч байхыг бэлгэддэг юм.

Ертөнцийн умард, өмнөд туйл, дэлхийн дээвэр Хималай, сансрын уудам, НҮБ-ын ордон, олимп, тив дэлхийн аваргын дэвжээнээ Монголын Төрийн алтан соёмбот эрдэнийн далбаа монгол хүний эрэлхэг зориг, тэсвэр хатуужил, авьяас билгийн бэлгэдэл болон мандаж байдаг нь ард түмэн, төр, улсын маань жинхэнэ бахархал билээ” гэлээ.

Төрийн далбааны өдрийг монголчууд 2008 оноос эхлэн тэмдэглэж, Төрийн тэргүүн 2011 онд Монгол Улсын Төрийн далбааг дээдлэн хүндэтгэх санаачлагыг түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан билээ.

Уг зарлигт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг-Төрийн далбаагаа дээдлэн шүтэх ард түмний хүсэл эрмэлзэл, үүсгэл санаачлагыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БУУЛГАХ НЬ:

Монгол хүний үндэсний бахархал, эх оронч үзлийг хөхиүлэн дэмжих зорилгоор монгол түмний их түүх, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбаагаа өргөө гэр, албан тасалгаандаа ёс төртэй залж, гүн хүндэтгэлтэй хэрэглэж хэвшихийг Монгол Улсын нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уриалсугай” гэжээ.

Өнөөдөр болсон Төрийн далбаны өдрөөр 1911 оны Богд хаант Монгол Улсын гурван хэл бүхий бадамлянхуа цэцгийн суурьтай соёмбо тэмдэг, э-бам үсэгтэй төрийн далбаа, 1924 оны бадамлянхуа цэцгийн суурьтай алтан соёмбо, хоёр хажуудаа БНМАУ гэсэн монгол бичигтэй төрийн далбаа, 1940 оны голдоо таван хошуу малын дүрс бүхий Төрийн сүлдтэй, БНМАУ гэсэн бичигтэй төрийн далбаа, 1945 оны оройдоо улаан таван хошуутай, алтан соёмботой төрийн далбаа, 1992 оны Үндсэн хуулиар баталсан одоо хэрэглэж буй алтан соёмбот төрийн далбааг гүн хүндэтгэлтэйгээр залж, мандууллаа гэж Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалыг эрж хайх журмыг баталлаа

Улс орны эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгайлсан журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Ийм төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг Засгийн газрын шийдвэрээр олгох аж. Эрх эзэмшигч нь дээрх төрлийн ашигт малтмалыг өөрийн зардлаар байгалиас шууд олборлон ашигладаг, бүтээн байгуулалтын ажил нь улирлын шинжтэй, ашиглалтын талбайг зөвхөн тухайн төсөл, хөтөлбөр хэрэгжих хугацаанд ашигладаг байх шаардлагатай юм байна. Бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлах энэ журмын хэрэгжилтэд Зам, тээврийн болон Уул уурхайн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хяналт тавьж ажиллахыг Засгийн газраас даалгалаа.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Г.Баярсайхан хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар өнөөдөр  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээлэлд дурдагдсанаар, “ Тайлангийн хугацаанд Байнгын хороо 63,11 хувийн дундаж ирцтэйгээр 16 удаа хуралдаж, давхардсан тоогоор 28 асуудал хэлэлцжээ. Байнгын хорооноос хууль тогтоолын төслийн талаарх хэлэлцэх эсэхийн болон анхны хэлэлцүүлгийн санал дүгнэлт 15, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн дөрвөн танилцуулга гарсан байна. Мөн 11 тогтоол гарснаас хууль тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах чиглэлээр дөрөв, Засгийн газар болон харьяа яам агентлагт чиглэл өгсөн хоёр, холбогдох асуудлаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах хоёр, бусад гурван тогтоол гарчээ. Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын болон дэд хэсэг 50 удаа, агаарын бохирдлыг бууруулах дэд хороо нэг удаа хуралдсан байна.

Байнгын хороо тайлангийн хугацаанд Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Малын индексжүүлсэн даатгалын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна. Мөн Газрын тухай багц хуулийн төслийн талаар иргэд олон нийт, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан 8 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд Байнгын хорооноос Засгийн газар хуулийн төслийг сайжруулан дахин оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Тайлангийн хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2013 оны жилийн төсөв, үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх мэдээлэл, Ноолуурын салбарын бодлогын хэрэгжилтийн талаар Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайдын мэдээллийг сонсож хэлэлцэн тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч цаашид эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүргийг өгчээ.

Мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Categories
мэдээ улс-төр

Шүүгчдэд үнэмлэх гардуулах ёслол болов

Шүүгчийн албан тушаалд томилогдож байгаа хүмүүст шүүгчийн үнэмлэх гардуулах ёслол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Шинээр томилогдсон шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм.

Энэ удаа зарласан 70 шүүгчийн сул орон тоонд 400 гаруй хуульч нэрээ дэвшүүлж, 375  хуульч бүртгүүлж, сонгон шалгаруулалтад  282  хуульч оролцож,  252 хуульч тэнцсэн байна. Сонгон шалгаруулалт  нарийн шалгууртай, шалгаруулах үйл ажиллагаа нь хүнээс бага хамааралтай болж өнгөрсөн бөгөөд дээрх хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулж, өнөөдөр анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүх рүү дэвшсэн гурван шүүгч, анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон 43 шүүгч, нийт 46 шүүгчийг нэгэн зэрэг томилж үнэмлэх гардуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Баярхүүг Иргэний хэргийн давж заалдах шатны наймдугаар шүүхийн шүүгчийн, Д.Баатархүү, С.Мөнхжаргал нарыг Захиргааны хэргийн давж заалдах шатны давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсон байна. Мөн Д.Ганболд, Б.Ундраа, Б.Ууганбаяр, С.Энхбаяр, Т.Энхтуяа нарын 43 хүнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томиллоо.

Ингэж нэгэн зэрэг олон шүүгч томилж байсан тохиолдол Монголын шүүхийн түүхэнд байгаагүй юм. Шүүгчдэд үнэмлэх гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд хандан үг хэллээ.