Categories
мэдээ улс-төр

Канад улсын гадаад хэргийн сайдын айлчлал өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрд 2014 оны 7 дугаар сарын 23-25-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. 

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд, Канад Улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар Монгол Улс, Канад Улсын харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх боломжийн талаар ярилцана.

Түүнчлэн, хоёр улсын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, бусад харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлнэ. 

Энэхүү айлчлал нь тус улсаас манай улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын хүрээнд Канад Улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга М.Энхболд нарт тус тус бараалхана.    

КАНАД УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЭРХЭМСЭГ НОЁН ЖОН БЭЙРДИЙН ТОВЧ НАМТАР

Төрсөн огноо:   1969 оны 5 дугаар сарын 26

Боловсрол:   1992 онд Хатан хааны Их сургуулийг улс төр судлалын чиглэлээр дүүргэсэн

Ажил эрхэлсэн байдал:

Тэрбээр 2006 онд анх Нийтийн Танхимд сонгогдсон бөгөөд 2008, 2011 онуудад дахин сонгогдсон. 

2008-2010 Тээвэр, дэд бүтэц, харилцаа холбооны сайд

2010-2011 Байгаль орчны сайд

2011 оны 5 дугаар сарын 18-ний өдрөөс Гадаад хэргийн сайд

2008 онд Дэлхийн шилдэг Залуу удирдагч шагнал хүртэж байсан.  

Categories
мэдээ улс-төр

Монголын хууль эрх зүйн орчин таатай болсныг танилцуулав

Үүний дараа ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг УИХ-аар баталсан зарим хуулиудын талаар товч танилцуулсан юм. Тэрээр “Бид өөрсдөө хөгжчих юм шиг санаж явсан үе бий. Тиймээс Засгийн газар алдаагаа ухамсарласан” хэмээн үгээ эхэлж байв.  Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг ялгалгүй дэмжихээр болсон. Хөрөнгө оруулалтын бүртгэлийн асуудлыг энгийн хүнд сурталгүй болгосон гэдгийг ч дуулгав.  Стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтын хуулийг хүчингүй болгосон. Монголд гаднаас хөрөнгө оруулалт хийх бүх процессийг хариуцах “Инвес Монголиа” агентлаг байгуулсан зэргийг танилцууллаа.  Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталснаар  Монгол, Японы хооронд хөрөнгө оруулалтын сан байгуулах процесс өрнөх боломж бүрдсэнийг дуулгав. Ашигт малтмалын тухай хуулийг өөрчилснөөр стратегийн ордуудын тоог нэмэхгүй байх зарчмыг баримтлахаар болсныг хэлэв.  

Ашигт малтмалын ордуудыг стратегийн болон түгээмэл тархацтай, энгийн гэж гурван ангилалд хуваахаар болсон. Сүүлийн жилүүдэд зогсоод байсан хагуулын лицензийг олгох ажлыг эхлүүлсэн зэргийг танилцууллаа. Газрын тосны хуулийг баталснаар ойрын таван жилдээ НӨАТ, компанийн орлого, гааль, нөөц ашигласны төлбөр ойрын таван жилдээ тогтвортой,  хүчинтэй байхзохицуулалтуудыг хийж өгсөн гэдгийг дуулгалаа. Гадны хөрөнгө оруулагчид тогтворжуулалтын гэрчилгээ авах боломж ч нээгдэж байгааг хэллээ. Бүтээн байгуулалтын томоохон төслүүд хөрөнгө оруулагчаа хүлээж байгааг уламжиллаа. 

Categories
мэдээ улс-төр

Валютын нөөцөд санаа зоволтгүйг дуулгав

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Монголын эдийн засгийн хувьд сүлийн хоёр жил хүнд байлаа. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Нүүрсний үнэ буудсанаас валютын урсгал суларсан. Үүний эдийн засагт ирэх ачааллыг яаж зөөллөх талаар Засгийн газартай хамтарч бодлого хэрэгжүүллээ.  Ажилгүйдлээ хамгаалах, хувийн сектораа хамгаалах үүднээс эдийн засгийн өсөлтөө долоон хувьд нь барих бодлого барилаа. Засгийн газар, УИХ-ын зүгээс дорвитой арга хэмжээ авч байгаа учраас эерэг үр дүн гарах болов уу. Ер нь гадаадын хөрөнгө оруулал, Оюу толгойн төсөл дээр Засгийн газрын зүгээс идэвхтэй авах ёстой гэдэг зөвлөмж өгч байгаа. Дотооддоо үүнийг дэлгэрэнгүй ярьж байгаа. Мөнгөний бодлогын хүрээнд эргэж харах зүйлүүдийг ярьж байна. Эдийн засгийн сулралтыг бид урьчилж харж байсан учраас яаж зөөлрүүлэх вэ гэдэг бодлого явуулсан. Цаашид мөнгө, төсвийн бодлого дээр тодорхой өөрчлөлт хийх боломж бүрдлээ. Ханш дээр гол ачааллаа авлаа. Гэхдээ эрсдэл үүсгэхгүй байх талаар идэвхтэй ажилласан. Үр дүнд нь манай банкуудын муу зээлийн дүн 2.4 гэсэн тоотой байна. Энэ бол муу дүн биш. Цаашид үүнийгээ тогтвортой хадгална. Иргэдийн моргейжийн зээлийн түвшингээ аль түвшинд барих вэ гэдэг бодлого барьж байна. Энэ нь үерэг үр нөлөө авч ирнэ гэж найдаж байгаа. Валютын нөөцийн талаар хэдэн зүйл хэлье. Валютын нөөцийн хэмжээ Монголын эдийн засгийн худалдаа, хэрэгцээг хангахад бүрэн боломжтой. 1.6 миллярд долларын нөөцтэй байгаа нь хангалттай тоо. Дээрээс нь Хятад бол Монголын эдийн засаг, худалдааны том түншийн нэг. Тэдний төв банктай валют солилцох гэрээтэй. Ер нь хоёр талаасаа мөнгөний бодлого дээр бүрэн итгэлцэлтэй яваа нь үүгээр илэрхийлэгдэж байна. Гэрээгээ гурван жилээр сунгасан байгаа. Тэгэхээр манай валютын нөөцөд ирэх ачаалал буурна. Валютын нөөц Хятадын зах зээлээс шууд хамаардаг. Гэтэл сүүлийн хоёр жил Хятадын түүхийн эдийн зах зээл сул байлаа. Энэ байдал удахгүй сайжрах төлөвтэй байна. Эдийн засгийн асуудлаар товч хэлэхэд ийм байна. Японы хоёр том банк Монголд төлөөлөгчийн газраа жилийн дотор нээлээ. Үүний үр дүн удахгүй мэдрэгдэнэ. Монголын хоёр банк Японд төлөөлөгчийн газраа нээнэ. Энэ мэтчилэн санхүүгийн хамтын хамтын ажиллагаа амжилттай өрнөж байна” хэмээн ярив.  

Түүний дараа Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга салбартаа хийгдэж байгаа төсөл хөтөлбөр, эрдэс баялгийн талаарх бодлогоо танилцуулсан юм. Мөн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат шг хэлж,  Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга ч салбарынхаа бодлого, төслүүдийн талаар товч танилцуулга хийлээ. Энэ талаар дараагийн дугаарт дэлгэрэнгүй бичих тул ингээд орхие. Тэдний танилцуулгын дараа Японы зарим компанийн төлөөлөл өөрсдийн санаа бодол, явуулж байгаа үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулсан юм. Тухайлбал, ноён Мицүй Сумитомо банкны гүйцэтгэх захирал Ф.Күрахара “Дэд бүтэц, ашигт малтмалын салбарт Японы талаас  дэмжлэг үзүүлэх сонирхолтой байна.  Япон Монголын харилцаа сайн. Гэхдээ Оюу толгой, Таван толгой зэрэг бодитой төсөлд  том төсөлд хөрөнгө оруулна. Тавдугаар цахилгаан станц, төмөр зам зэрэг төрийн хэмжээний томоохон төсөлд хамтарч ажиллана. Ер нь төслийн санхүүжилтийн хэмжээнд хамтран ажиллах саналтай байна. Томоохон хөрөнгө босгох шаардлагатай байхад тийм боломж нь Монголд  тааруу байдаг. Гэхдээ хууль эрх зүйшинэчлэглэгдэж орчин нь сайжирч байгаа юм байна. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч сая эрч, хүчтэй ярьж өглөө” гэсэн бол Японы Монголын эдийн засгийн хорооны дарга, Иточу корпарацийн захирал Ё.Кобаяши  “Монгол Улс өргөн уудам нутагтай, баялаг түүхтэй. Япон улстай дотно байдаг. Миний хувьд арав гаруй жил Монголын бизнест оролцсон. Монголын ашигт малтмал дэд бүтцийн асуудлаар идэвхтэй ярилцаж ирлээ. Нисэх онгоцны буудал, хот зохион байгуулалтын чиглэлээр ч ажилласан. Монгол бол уран зэрэг эрдэс баялгаар баялаг. Гэтэл энэ баялгийг бид гаднаас авдаг. Тиймээс Монголын ашигт малтмалыг төрөлжүүлэх чиглэлд ажилламаар байна. Ялангуяа Ган төмөрлөгийн үйлдвэрлэлд хэрэгтэй коксжих нүүрс Монголд байна. Олборлосон коксжих нүүрсийг тээвэрлэх төмөр замыг барих шаардлагатай. Транзит тээврийн асуудлыг шийдэх нааштай алхамууд Монголд хийгдэж байгаа талаар сая Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хэллээ. Энэ чиглэлд том найдлага тавьж байна. Япон улс зөвхөн нүүрс биш өндөр чанарын ашигт малтмал авах сонирхолтой байна. Энэ арвин баялгийн талаар мэдээлэл авч болдог боловч хуулийн талаар хөрөнгө оруулалтын орчин ил тод бус байдаг. Энэ нь япон компаниудын хувьд хаалт болж байна” гэв. Монголын хөрөнгө оруулалтын газарт Япон битгий хэл англи хэлгүй хүн ажилладаг тухай зарим бизнесийнхний амнаас гарч байв. “Түүхийнхээ хувьд бид нэг ард түмэн гэж хэлж болно. Япон бол  Монгол Улсад их дэмжлэг үзүүлж байсан. Монгол Улс асар хурдтай хөгжиж байгаа. Үүнийг бэхжүүлэхийн тулд хоёр улс хамтарч ажиллах ёстой. Монголд олон сайхан зүйл байна. Гэхдээ онгоцны буудлаас Улаанбаатар ороход зам нь маш муу байдаг. Боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ч анхаарах шаардлагатай зүйлүүд бий. Ер нь гурван жилийн өмнө энэ уулзалтыг хийсэн бол амжилттай  илүү сайн байх байжээ” гэх япон хүн ч энэ үеэр байлаа. Ийм яриа өрнүүлсэн бизнес форум өндөрлөж,  айлчлалын багийнхан дараа нь Японы Жетро байгууллагатай хамтран хийж байгаа арга хэмжээнүүдтэй танилцаж, Монгол, Япон компаниудын танилцах уулзалт боллоо. Жетро нь Японы гадаад худалдааг дэмжих байгууллага юм. Японы бараа бүтээгдэхүүнийг олон улсад танилцуулах, Японд хэрэгтэй импортын бүтээгдэхүүнийг судлах зорилготой юм байна. 

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эдийн засгийн форумын үеэр зарим төлөөлөгчдөөс авсан тодруулгын хамт дараагийн дугаарт уншигчдадаа хүргэе. 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Манай хоёр орон харилцан ашигтай хамтын ажиллагаа руу шилжиж байна

Монгол, Японы бизнес форум өчигдөр эхэллээ. Форумын өмнө Японы Кейданрэн байгууллагын ерөнхийлөгч С.Сакакибара Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Кейданрэн нь Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо юм. 2002 онд бий болсон энэхүү байгууллагад Японд болоод дэлхий дахинаа нэр цуутай 1600 гаруй компани гишүүнээр нь ажилладаг. Хувь хүн, байгууллага ялгахгүйгээр шударга зарчмаар ажиллахыг эрхэм болгосон энэ байгууллага гаргасан шийдвэрүүдээрээ Японы төр засгийн бодлогод нөлөөлөхийг эрмэлздэг. Худалдааг либеральчлах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, орон нутгийн төрийн байгууллагуудыг өөрчлөх, байгаль орчны асуудлыг шийдвэрлүүлэх, хувийн хэвшлүүдийг дэмжих, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулдаг юм байна. Энэ үүднээсээ Япондоо хүчтэйд тооцогддог байгууллага. Харин өчигдрийн бизнес форум тус байгууллагын байранд боллоо. 

Хурлын эхэнд Кейданрэн байгууллагын ерөнхийлөгч С.Сакакибара үг хэлсэн юм. Тэрээр “Монголд бизнес хийх сонихолтой япон компаниуд бий. Ойрын жилүүдэд Монгол Улс ашигт малтмалаар дамжуулан эдийн засгаах өргөжүүлэх зорилготой байна. Үүнийг ч Японы хөрөнгө оруулагчид найдвар хэмээн харж, том бломж гэж үзэж байгаа. Хоёр орны эдийн засгийн харилцааг сайжруулахын тулд чөлөөтэй, тогтвортой орчин бүрдүүлэх нь чухал. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалаар хоёр орны түншлэлийн хэлэлцээр байгуулна гэж найдаж байгаа.  Япон, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжих үедээ ирээд байна. Өнөөдрийн форум хоёр орны эдийн засгийн шинэ эринийг нээх боломж болно” гэв.  Түүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр  “Энд Монголын бизнесийн салбарын 130 гаруй төлөөлөгч ирсэн байна. Японы талаас 180-аад төлөөлөлч иржээ. Үдээс хойш хоёр талын бизнесийнхний танилцах уулзалт болно. Үүнд Японы талаас 500 гаруй бизнесийн төлөөлөл оролцоно гэсэн сайхан мэдээ байна. Ийм өргөн хүрээтэй анхны том уулазалт Токиод болж байгаад баяртай байна. Үр дүнд нь итгэлцлийн харилцаа тогтоно гэдэгт итгэлтэй байна. Монгол УлсынЯпонтой харилцах харилцаа эртний түүхтэй. Түүхийнхээ онцгой мөч бүхэнд бид Япон улстай харилцахыг эрмэлзэж ирсэн байдаг. Тодорхой жишээ дурдъя. Хубилай хаан ширээнд суусан цагтаа Японы хаантай харилцаа тогтоох захидал илгээсэн байдаг. Энэ захидлын хуулбар Японд хадгалагдаж байна. 1911 онд монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний дараа Богд хаан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхээр элч илгээж байсан. 1990 онд тэр үеийн Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Ерөнхийлөгч П.Очирбат нар  тусламж  хүссэн захиаг Япон руу  илгээж байжээ.  Энэ бол Японтой түүхийн чухал үеүдэд харилцаж,  түнш гэдгээ бататгахыг зорьж байсан эрмэлзлэл. Монгол Улстай найрамдал хамтын ажиллагаа тогтоох гэсэн оролдлого 1960-аад оноос иргэдийн дунд хүчтэй өрнөсөн. Монгол Улстай хамтын үйл ажиллагаа өрнүүлдэг сайн дурын 70 гаруй нийгэмлэг байна. Энд нэг зүйлийг онцолж хэлье. 1990 онд ардчилал, зах зээлд шилжихэд Японы ард түмэн хамгийн их тусламж дэмжлэг үзүүлсэн. Япон улс өөрөө туслаад зогсоогүй, банк санхүүгийн байгууллагыг Монголд ажиллуулахыг эрмэлзэж иржээ.  Бидний хүнд үед байнга тусалж ирсэн Японы ард түмэн, танай Засгийн газарт үргэлж талархаж явдаг.  Хүний тусыг бүү март гэж  бидний өвөг дээдэс сургасан байдаг. Та бүхний тусыг бид мартахгүй. Японы дэмжлэг нүдээ олсон тусламж  байсан шүү гэдгийг цохон хэлье. Монголчууд өвлийн хүйтэнд гал алдахад манай цахилгаан станцид  тусалж байлаа. Нийтийн тээвэр зогсч бид хөл дүүжлэх унаагүй  болоход шатахуунаар тусалсан байдаг. Гал команд, түргэн тусламжийн машин хуучраад зогсоход та бүхэн урьдчилан харж тусалж байлаа. Шилжилтийн үед монголчууд хөдөөгөөс хот руу нүүж,  сурах сургууль, цэцэрлэггүй болоход Япон улс тусламжаар олон арван цэцэрлэг барьж өгсөн. Өдгөө энэ цэцэрлэгт 55 мянга гаруй хүүхэд хүмүүжиж  байна. Энэ мэт тусламж дэмжлэгийн сайн үйл хэрэг өнөө жилээр дуусгавар болж байна. Япон улс манайд орчин үеийн эмнэлэг барьж өгснөөр тусламжийн ажлаа өндөрлүүлнэ. Ингээд манай хоёр орон  харилцан ашигтай хамтын ажиллагаа руу шилжиж байна. Япон улсын Монголд үзүүлсэн дэмжлэг тусламжийн тухай яагаад энд  онцлов гэхээр энд ирсэн та бүхний ажилладаг япон  компаниудын татварын мөнгө Монголд  тусламж болж ирж байсан. Та бүхний зүтгэж олсон тэр мөнгө Монголын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн учраас үүнийг онцолж байгаа юм.  Тэр үед дөнгөж эхээс төрсөн унага тэнцэж ядаж байсан бол өнөөдөр Монголыг хөгжилд хүргэх агт болж өсчээ гэдгийг хэлэхэд таатай байна. Сүүлийн арван жил Монголын ДНБ-ий хэмжээ олон дахин нэмэгдсэн. 1990 онд 500 сая ам доллар байсан бол өдгөө 20 дахин нэмэгдсэн. Хувийн хэвшил хөл дээрээ босч чадлаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт ойрын арван жилд дунджаар арван хувь байх тооцоо гарсан. Гэхдээ энэ нь уул уурхайгаас хэт хамаарсан өсөлт. Тэгэхээр цаашдаа энэ хамаарлыг багасгах, эдийн засгаа солонгоруулах бодлого барьж байна.  Цаг нь алт болсон ажил хэрэгч хүмүүс ирсэн учраас энэ уулзалт руу яриагаа чиглүүлье. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-тэй уулзахад энэ уулзатлтыг хийх санаа төрсөн. Монголын Японтой харилцах хамтын ажиллагаа цөөн салбарт төвлөрч, цар хүрээ нь хэдхэн компаниас хальж чаддаггүй байлаа.  Хөрөнгө оруулалт, худалдааны хэмжээ ч бага байна. Японы Монголд хийж байгаа хөрөнгө оруулалт хагас тэрбум ам.долларт ч хүрэхгүй байна. Худалдааны хэмжээ нь 100 сая доллараас хэтрэхгүй байна. Ер нь манай эдийн засгийн харилцаа унтаа байдлаас гарах хэрэгтэй байна. Үүнд өнөөдрийн уулзалт чухал нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Япон, Монголын хувьд хамтарч судалъя, үйлдвэрлье, борлуулъя гэдэг бизнесийн харилцааг баримтлахаар зорьж байна.  Мөн хувийн хэвшлийн санаачилгаар бус хоёр талын Засгийн газраас хамтарч дэмжье гэдэг чиглэл рүү анхаарлаа хандуулж байна.  Монголын эдийн засаг, зах зээл бага гэдэг. Гэхдээ дэлхий дахинд бидний үлдээсэн мөр том гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Иймээс дэлхийн зах зээлд хамтдаа гаръя. Зөвхөн Монголын зах зээл рүү биш дэлхийн зах зээл рүү чиглэсэн хамтын ажиллагаа явуулъя.  Монгол Улсын байршлыг та бүхэнд мэднэ. Хамгийн их хүн амтай, хамгийн том газар нутагтай хөршүүд хоёр талд маань байна. Ямар учраас өнөөдөр бид энд ирэв ээ. Цаг нь болсон, одоо хөдлөх хэрэгтэй гэдэг мессежийг өгөх гэж ирсэн. Одоо хийе, хөдөлье. Энэ ажлыг хийхэд нөхцөл байдал бүрдсэн.  Нэгт хоёр орны улс төрийн түвшний, иргэд хоорондын харилцаа ойлголцлын түвшинд хүрсэн байна. Бүс нутагтаа хамгийн сайн харилцаатай орнууд нь манай хоёр орон байна. Мөн олон талын хүчин чармайлт гарган ярьсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хоёр орны хооронд байгуулах нөхцөл бүрдлээ. Хоёр улсын Засгийн газрын эдийн засгийн түншлэлийн хэлцлийг үндсэнд нь тохирлоо. Энэ сайхан мэдээг дуулгахад таатай байна. Энэ хэлэлцээрийг УИХ-аар баталгаажсаны дараа хүчин төгөлдөр болно. Монголд эдийн засаг, хөрөнгө оруулалтын суурь болсон банкны харилцаа идэвхтэй сэргэж байгаа. Одоогоор Японы хоёр банк Монголд, Монголын хоёр банк Японд салбараа нээх гэж байна. Энэ бол манай банкууд нэг стандарттай, нэг зарчмаар явах боломж хангагдаж байна гэсэн үг. Цаг нь болсон гэж хэлж дөрөв дэх шалтгаан бол боловсон хүчин байгаа. Энэ чиглэлд маш олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн.  Цаашдаа ийм хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Японы хөнгөлттэй зээлээр Япон улсад 1000 инженер бэлтгэхээр зэхэж байна. 5000 мэргэжилтэй ажилтныг сургах талаар ярьж байна. Төгсгөлд нь хэлэхэд хоёр талын эдийн засгаа хөгжүүлэх эрмэлзлэл давхцаж байгаа нь чухал. Монгол Улс сайн зүйлээ авч үлдэхийг оролдож байна. Япон улсын хувьд өндөр технологи, боловсон хүчнээ гадагш нь гаргаж, шинэ баялаг бүтээх бодлоготой байна. Энэ хоёр эрмэлзлэл давхцаж байгаа нь чухал юм.

 Ярианыхаа дараагийн хэсэг рүү оръё. Монголын онцлог юу байна гэдгийг хэлье.  Монгол Улс өөрөө нээлттэй. Сүүдрээ, дутагдлаа нуудаггүй төр засагтай. Иргэдийнхээ хэлж байгаа, түншүүдийнхээ үгэнд чих нээлттэй. Улс төр нийгмийн салбарын өөрчлөлтийн хувьд айдгаа ардаа хийж байгаа улс. Нөгөө талаар нээлттэй нийгэм гэдэг бол суралцах үйл явц гэж боддог. Бид алдаа хийдэг, түүнийгээ засахын төлөө ажилладаг хүмүүс. Монголд хөрөнгө оруулалтын орчин ямар байна вэ. Эдийн засгийн зурвас өсөлтийг удаан байх юм шиг санаж явжээ. Иргэддээ бэлэн мөнгө тарааж, төсвийн зарлагыг ихдүүлсэн дутагдал бидэнд байсан. Гэвч  2012 оны сонгуулиар бэлэн мөнгө тараахыг хуулиараа хориглосон. Хөнжлийнхөө хэрээр жийх ёстой гэдэг сургамж авч байгаа. Бизнест оролцох төрийн оролцоог багасгах хэрэгтэй гэдэг шийдэлд хүрсэн. Хувьчлалыг үргэлжлүүлнэ. Хувийн хэвшлээ дэжмих нь хамгийн гол хүчин зүйл гэдэг дүгнэлтэд хүрсэн. Хөрөнгө оруулалтад төрөөс хувь эзэмшинэ гэдэг зүйл зогссон. Жишээ нь Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагүй гэдэг шийдвэр гаргасан нь сайны дохио.  Бид энэ зарчмыг хуульдаа тусгаж өгнө. Одоо эрх зүйн орчин Монголд ямар байгаа талаар хэлье. Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Газрын тосны хуулийг шинэчилсэн. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Өөр нэг сайн шинэчлэл бол хууль, шүүхийн байгууллагад ахиц гарч байгаа. Олон улсын авлигын эсрэг тооцоогоор авлигын түвшин байнга буурч байгаа оронд манай улс тооцогдож байгаа. Энд байгаа хөрөнгө оруулагчид сонссон байх. Оюу толгой, Таван толгойн талаар дуулсан байх. Оюу толгойн талаар мэдээлэл өгье. Одоогоор дэлхий дээр ажиллаж байгаа их нөөцтэй ордын нэг гэдгийг та нар мэднэ. Оюу толгой 2014 онд 2.6 тэрбум ам долларын борлуулалт хийнэ гэж төлөвлөсөн. Үүнийхээ 1.2 тэрбумыг нь хийсэн байна.  Оюу толгой ашиглалтад орохоос өмнө Эрдэнэт үйлдвэр байсан. Одоо ч амжилттай ажиллаж байна. Гэтэл Оюу толгой Эрдэнэтээс 40 хувиар илүү байна. Тиймээс Оюу толгойн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа тогтворжсон гэдгийг хэлье. Таван толгойтой холбоотой мэдээлэл өгье. Энэ бол коксжих нүүрсний том орд юм. Үүнийг хувийн хэвшил хариуцах нь зөв гэсэн байр суурь ойлголтод хүрч байгаа. Таван толгойд оролцох сонирхолтой компанитай манай хувийн хэвшлийн компани гэрээ хийгээд, шаардлагатай бол төр дэмжих бодлого барьж байна. Таван толгойг эргэлтэд оруулах ажил удааширсан нэг нөхцөл нь дэд бүтэцтэй холбоотой. Удахгүй тавдугаар цахилгаан станцыг барина.  Энэ баригдвал Таван толгойг эрчим хүчээр хангана. Таван толгой, Оюу толгойн бүтээгдэхүүнийг зөөх авто зам дуусч байгаа. Төмөр замын асуудлыг  нэлээд хэлэлцсэн.  Одоо УИХ шийдвэрээ гаргана. Ойрын хугацаанд шийдэгдэнэ. Тиймээс Японы хөрөнгө оруулагчдад ямар боломж байна гэдгийг хэлье. Манай Засгийн газрын түвшинд эдийн засгийн бүтцийг өөрчлөх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар зорьж байна. Энэ бодлогуудыг ямар зарчмаар өрнүүлэх вэ гэдгээ Абэ Ерөнхий сайдтай уулзаж ярина. Мөн уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татахаар бид сонирхож байгаа. Үйлдвэр худалдааны байгууллагын бааз суурийг ашиглах бүрэн боломжтой. Монгол Улс банк санхүү, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, барилга хот байгуулал, аялал жуулчлал, дамжин өнгөрөх тээврийн түшиц газар байх боломжтой. Монголчууд Японы зах зээлд хэрэгтэй бүтээгдэхүүнийг хамтарч үйлдвэрлээд Японы бүтээгдэхүүн борлуулдаг сүлжээнд хамтарч оролцох сонирхолтой байна. Японы хөрөнгө оруулагчдаас болгоомжлох салбар бидэнд бараг байхгүй. Японы хөрөнгө оруулалт орох тусмаа сайн гэж үзэж байгаа. Монгол Японы эдийн харилцаанд нэг онцлог байдаг. Яагаад гэвэл бидэнд хоёр хөршийг дамжиж харилцах нөхцөл үүсдэг. Монгол Улсын хувьд хоёр хөрштэй харилцах нь хамгийн чухал. Бид хоёр хөрштэйгээ ижил түвшинд харилцахыг эрмэлздэг. Хөрөнгө оруулалт эдийн засаг худалдааны хувьд манай гурван улсад дамжин өнгөрөх тээврийн асуудал чухал байдаг. Энэ талаар олон жил ярьж байгаа. Гэхдээ одоо энэ чиглэлээр гэрээ хэлэлцээр байгуулах боломж бүрдсэн. Ерөнхий асуудлууд шийдэгдэж байгааг хэлье. Хятадын дарга Си Жинпин ирэх наймдугаар асард, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин есдүгээр  сард Монголд ирнэ. Хятад улсын хувьд нүүрс боловсруулах, дэд бүтцийн салбарт манайхтай  хамтран ажиллахаар бэлтгэж байна. ОХУ-тай төмөр зам, хоёр улсын иргэдийн визгүй зорчих, эдийн засгийн хамтын ажиллагааны зураг гаргах чиглэлээр ажиллаж байгааг дуулгая. 

Монгол, япон хүмүүсийг нэтгэдэг нэг зүйл байдаг. Тэр бол хөх толбо.Үүнийг монголчууд тэнгэрийн тамга гэж нэрлэдэг. Эхээс төрөхөд тэнгэр тамгалж өгдөг  ийм хүмүүсийн үр хойч юм аа. Тиймээс дэлхийд нэг мөртэй явцгаая. Дэлхийн өнгийг газарт буулгаж, дархлах ажлыг хамтдаа хийцгээе. Хөх толбо бол тэнгэрийн өнгө. Энэ уулзалтаар бид дэлхийд хамт мөрөө гаргаах үйл ажиллагааны эхлэлийг тавьж байна. Энэ мөр дэлхийн зах зээлд мянга мянгаараа дурайх болтугай”гэсэн юм. Түүнийг ийн үг хэлсний  дараа Японы Мицүбиши банкны ажилтан ингэж ярилаа.  “Таны ярианаас тодорхой мэдээлэл авлаа.Манайх  Японы хамгийн том банк. Гадаад харилцааг өргөн хөгжүүлдэг. Монголтой албан ёсны тусламжийн харилцаа өрнүүлж байсан. Манай банк Монголд төлөөлөгчийн газраа нээсэн. Ерөнхий сайд Абэгийн уриалж байгаагаар ардчилал, энх тайван, харилцан туслалцах зорилгоор  үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан гэж  та ярилаа.  Хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулалыг татах бодлого баримталж байгаа юм байна гэж ойлголоо. Нөгөө талаар дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ буурснаас болж Монголд гадаад валютын нөөц багаслаа. Энэ тал дээр бид санаа зовж байна. Ийм асуудлыг яаж шийдэх вэ. Япон, Монгол хамтдаа дэлхийн зах зээлд гаръя гэж байна.  Аливаа гадаад орны зах зээлд оролцоход хүлээж авч байгаа орны идэвх зүтгэл маш их шаардлагатай байдаг. Монголын тал Японыг  халуун сэтгэлтэй хүлээж байгааг ойлголоо. Мөн Япон Улсад Монголын хөрөнгө оруулалтын агентлагийг нээх талаар бодохгүй юу” гэв. 

Хариуд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төмрийг халуун дээр нь давт гэж үг бий. Ийм үе Монголд иржээ.  Ялангуяа Япон улсад Монголд хөрөнгө оруулах боломж байна. Олон улсын зах зээлийг судалдаг байгууллагуудын үнэлгээ бол Монголд өгч байгаа анхааруулга гэж үзэж байна. Алдаатай явуулж ирсэн бодлогуудаа зас, түншүүдтэйгээ ажлаа эхэл гэсэн анхааруулга. Монголын хөрөнгө оруулалтын орчин нээлттэй байдлаасаа сайжрах чиглэл рүү орно. Засгийн газрын хамтын ажиллагааг хангах байнгын механизмтай болох талаар Абэ Ерөнхий сайдтай ярина. Өнөөдөр энд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч зэрэг хариуцлагатай алба хашдаг хүмүүс ирсэн байна. Гадаад валютын болон бусад асуудлаар тодорхой хариулт өгөх байх” гэлээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Баянхонгорт амарч явна

УИХ-ын дарга З.Энхболд ээлжийн амралтаа аван энэ сарын 16-нд Өвөрхангай аймгийг зорьсон. Өнгөрсөн хугацаанд тэрээр тус аймгийн Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ойд оролцсон бол өнөөдөр Баянхонгор аймагт болж буй Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 375 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд бат оршил өргөх ёслолд оролцож байгаа ажээ.

Хаврын чуулган завсарласан тул УИХ-ын гишүүдийн олонх нь орон нутагт наадамлаж явна. УИХ-ын дарга хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Цаг үеийн нөхцөл байдлаас болж ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болзошгүй” гэдгийг сануулсан юм. Гэхдээ ээлжит бус чуулганыг хэзээ хуралдуулах вэ гэдэг тов одоо тодроогүй байна.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан Голландын сайд асан Х.Блэкэртэй уулзлаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр Голланд улсын Хөдөө аж ахуйн яамны сайд асан Х.Блэкэртэй уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Х.Блэкэр Монгол Улсад урьсанд талархал илэрхийлэн хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгасан юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “ Бид сүүлийн жилүүдэд нүүдлийн аж ахуйгаа фермийн аж ахуй болгох ажлыг эрчимжүүлж байгаа. Голланд улсын хувьд хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж чадсан туршлагатай. Голландын хөдөө аж ахуйн салбарын туршлагыг, техник технологийг Монгол Улсад улсад нэвтрүүлж чадвал Орос, Хятад, цаашлаад Солонгос, Японы зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ хамтарч гарган өрсөлдөж боломж байгааг бид харсан. Тиймээс хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах хүсэлтийг санал болгомоор байна” гэсэн юм.

Ийнхүү талууд хөдөө аж ахуйн салбарын талаар харилцан санал солилцсны дараагаар Голланд улсын Хөдөө аж ахуйн яамны сайд асан Х.Блэкэр Монгол  Улсын хүнс хөдөө аж ахуйн талаар нарийн судалгааг хийж хамтарч ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

Япон улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсын парламент дахь ЛАН-ын Япон-Монголын харилцааг хөгжүүлэх бүлгийн дарга М.Хаяши, бүлгийн дэд дарга Я.Шиозаки, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Нишимура нар бараалхав. Ноён М.Хаяаши хол зам туулж ирсэн ч алжаалыг умартан хүлээн авсан Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв.

Хоёр орны Засгийн газар хоорондын харилцаа амжилттай хөгжиж буйг ноён Хаяаши тэмдэглээд, өөрсдийн зүгээс парламент хоорондын харилцааг идэвхжүүлэхэд анхаарч байгаагаа хэллээ. Мөн тэрээр “Парламент хоорондын айлчлал, уулзалтуудыг идэвхтэй хийхийн зэрэгцээ Ерөнхийлөгч таны хоёр орны хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг дэмжиж, ойртуулах талаар гаргаж буй чармайлттай бид ч санал нэг байж, дэмжин  ажиллаж байна. Парламентын гишүүдийн уулзалт, айлчлалд хувийн хэвшлийнхнийг  оролцуулах нь үр дүнтэй байна гэлээ.

Ерөнхийлөгч “Миний айлчлалын зорилго тодорхой. Ерөнхий сайд Ш.Абэтай хэлэлцээ хийж хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, хамтдаа зоог барина. Мөн айлчлалын үеэр болох Монгол-Японы бизнес форум өндөр ач холбогдолтой” гээд хоёр орны хамтын ажиллагааг бүх түвшинд ойртуулах нь чухлыг онцлов. Уулзалтад Элчин сайд С.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар байлцлаа.

Categories
мэдээ улс-төр

Т.Билэгт, Ц.Батбаяр нарыг шүүж байна

Албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр Нийслэлийн  Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын дөрвөн хүнийг шүүх хурал эхэллээ.  Ц.Батбаяр нь  нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм. Түүнтэй хамт Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав хууль бус ажиллагаанд оролцсон  нь АТГ-ын мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.  Тодруулбал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга бөгөөд Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэглэн, төрсөн дүү Ц.Чанцалд 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр буюу бага үнээр тогтоон хувьчилж, нийслэлийн өмчийг үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Мөн энэ хэрэгт шүүгчдэгчээр татагдаад байгаа Т.Билэгтийг Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга бөгөөд Нийслэлийн өмч хувьчлах комиссын даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөн улсад багагүй хохирол учруулсан болохыг тогтоосон.

Тэднийг шүүх хурлыг хойшлуулах шалтгаан байхгүй хэмээн шүүгчдийн бүрэлдэхүүн үзсэн тул шүүх хурал үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Японы Ерөнхий сайдтай хэлэлцээ хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны долдугаар сарын 21-нээс 24-нд Япон Улсад ажлын айлчлал хийх гэж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Ш.Абэ-тай хэлэлцээ хийж, дүнгээр нь хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа ажээ.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Парламент дахь Найрамдлын бүлэг, Монголтой харилцдаг олон нийтийн байгууллагуудын удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /KEIDANREN/, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/, Япон, Монголын эдийн засгийн хорооны ерөнхийлөгч нартай уулзалт хийж, КEIDANREN-тай хамтран зохион байгуулах Монгол, Японы Бизнес форумд оролцож илтгэл тавих юм.

Монгол, Японы Бизнес форумд оролцох үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалтын боломж, мөн Монголын талаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын төслийг Японы хувийн хэвшилд танилцуулах юм. Түүнчлэн Монгол, Японы эдийн засгийн байгууллагууд, хувийн хэвшил хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх зорилгоор Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/-тай хамтран “Бизнес нетворкинг” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

www.president.mn

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар Хөвсгөлд хуралдана

Шинэчлэлийн Засгийн газар энэ сарын 28-нд ээлжит хуралдаанаа Хөвсгөл аймагт хийхээр болсон байна. Тус аймагт хуралдахаар болсон гол зорилго нь Хөвсгөлийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлын явцтай танилцах явдал аж. Тодруулбал, Засгийн газрын гишүүд Булганы Хутаг-өндөр сумын Уньт багаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэлд 88, Тариалангаас Мөрөн хүртэлх 165,3 км авто замын ажлыг хэсэгчлэн гүйцэтгэж байгаатай танилцах юм байна. Уньтаас Тариалан хүртэлх замыг ирэх аравдугаар сард хүлээлгэн өгөх бол Мөрөн-Тариалан чиглэлийн замыг энэ сард багтаан хүлээлгэн өгөх аж.