Categories
мэдээ улс-төр

Хөвсгөлд дахин сонгууль явагдлаа

Энэ сарын гуравны өдөр Хөвсгөл аймгийн ИТХ-ын 41 тойргийн долоон тойрогт дахин сонгууль явагджээ. Эл сонгуульд Ардчилсан нам, МАН, бие даагчид нэр дэвшин өрсөлдсөн байна. Өмнөх сонгуульд нэр дэвшсэн бие даагчид хуурамчаар гарын үсэг цуглуулан сонгуульд оролцсон гэх шалтгаанаар бие даагчдыг жагсаалтаас хасаад сонгуульд оролцуулаагүй билээ. Тэгвэл уг сонгуульд өрсөлдсөн бие даагчид тус бүрдээ 250 хүний гарын үсэг цуглуулж чадсан гэж үзсэн тул ийн дахин сонгууль болсон аж. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын хоёр, Рашаант, Цагааннуур, Бүрэнтогтох, Жаргалант, Тосонцэнгэл сумдын нэг нэг тойрогт дахин сонгууль явагджээ. Сонгуулийн дүнгээр МАН тав, бие даагч хоёр гишүүн сонгогдоод байгаа гэнэ. Харин Ардчилсан намаас нэр дэвшигчид нэг ч суудал авч чадаагүй гэнэ. Нутгийн иргэдийн хэлж буйгаар “Эдийн засгийг хүндрүүлсэн, ахуй амьдрал доройтуулсан” гэх шалгаанаар Ардчилсан намд санал өгөөгүй юм байна. Ардчилсан намын зарим нэр дэвшигчид 17 хүний санал авсан гэх мэдээллийг өгсөн юм. 

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаярт эрүү үүсгэлээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр долдугаар сарын сүүлээр эх орондоо ирнэ гэсэн боловч тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байгаа юм. Үүнийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба эмч нарын дүгнэлттэй холбон тайлбарлаж байв.

Харин түүнийг эх орондоо ирвэл дахин шалгагдаж, хэрэг үүсгэж магадгүй гэсэн таамаг хүчтэй явж байна. Учир нь казино байгуулах нэрээр Израилуудаас авсан 1,5 сая ам.долларын талаар гомдол гарсны дагуу шалгаж эхэлжээ. Энэ тухай ЦЕГ-ын эх сурвалж “МАХН-ын дарга Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн нь үнэн” хэмээн баталсан байна. Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр шилжсэн барилгын асуудал боловч түүнийг Интерполоор эрэн сурвалжилсаар байгаа учраас хамсаатан гэгдэх Н.Энхбаяр шалгагдах бололтой.

Categories
мэдээ улс-төр

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өдөржин Төрийн ордонд хуралдаж байна. Уг хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж буй нь одоогоор тодорхойгүй байна. ҮАБЗ-ийн хуралдаан гэнэт зарлагдаж Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдах байсан боловч чадаагүй юм. 

Categories
мэдээ улс-төр

АН-ын гишүүд мэдэгдэл гаргажээ

МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ,

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ НАР ТАНАА

Монгол Улсын хариуцлагатай бөгөөд эгзэгтэй, дэлхийн болон дотоодын эдийн засгийн тааламжгүй цаг мөчид Монгол түмнийхээ итгэлийг хүлээн төрийн өндөр алба хашиж байгаа журмын нөхдийнхөө амгаланг айлтгая.

Улс орныхоо хувь заяаг бүрэн хариуцах боломжийг олж авах гэсэн Монголчууд бидний 320 жилийн хүсэл тэмүүлэл зөвхөн Ардчилсан хувьсгалын ачаар биелсэн билээ.Энэ бүхнийг авч ирэхэд манлайлан оролцсон Та бүхэн, мөн журмын олон нөхдийн маань хичээл зүтгэл, нэгэн үзүүрт сэтгэл, итгэл үнэмшилийн үр шим гэж үздэг.Тийм ч учраас бид “замд суусан туулайнаас” илүүтэй анхдагчдынхаа, Та нарынхаа үгийг сонсож, зөвийг нь дэмжиж, бурууг нь шүүмжилжбие биенээ түшиж ирсэн.

Бидчулуужсан хатуу зохион байгуулалттай, цээжиндээ гарсан түймрийнхээ утааг хамраараа бургиулдаггүй, засгийн эрх мэдэл, зөөлөн суудлын төлөө үнэтэй бүхнээ золиослохоос ч буцахгүй өнөөгийн сөрөг хүчинболох “хойд эхийн хатуу гар доор” улс төр хийх хувь тавилантайнүүр тулсан.

Бид алдсан, асгасан, хагарсан мөч бүрийдээ гамбир болтлоо нүдүүлж, чилийсэн 20 жил гудамжинд лааз өшиглөж, зарим нөхөд маань өнөөдрийн сайханыг ч үзэж чадсангүй.

Бид олох,ялахын заяа байсан ч оршоох, тогтоохын туршлагаар дутсан.Сөрөг хүчинбидний алдаан дээр амжилттай тоглож, дараагийнхнь сонгуулиар их хуралд суудалгүй болгож, Ерөнхий сайд, намын дарга маань ч гудамжинд гарч байсан гашуун түүх бидэнд олон бий.

Юунаас болж, яагаад ийм байдалд хүрч байсныг өдгөө төрийн өндөрлөгт суугаа Та гурав маань дэндүү сайн мэдэж байгаа!

Тэр үед бид яг өнөөдрийнх шиг хоорондоо чулуу нүүлгэлцэж, хэсэг нөхөд маань сөрөг хүчинтэй нийлж засгаа унаган намаа хорлож, нөхдөө гайтуулах өс хонзонд автсан бүлэглэл үүссэн байсныг мартах учиргүй.Бүр байтлаа эрх баригчдын зэвсэг болсон хүчний байгууллагын гартжурмын нөхөд маань өртөж, ганц үзэг, өмдний тэлээ бэлгэнд авсныхаа төлөө шоронд орж, алтан амь насаа алдаж байсныгхэлэх юун!

Гашуун түүх олон бий.Нэг лидерийнхээ амийг хороолгож, түүгээр нь 10 жил улс төр хийсэн. Эрхэм Ерөнхийлөгчийн маань анхны Ерөнхий сайд хийх үеийн, өмнөх засгийн дан дээлтийг давхар болгон байж байгуулсан Засгийн газрын гишүүдийн зургийн цомгийг харахад хоёр сайхан анд маань өнөөдөр бидний дунд алга.

Гэтэл яг одоо, өнөөдөр бид ямар байдалтай байна.С.Зориг агсны хэлснээр Улсынхаа эрх ашгийн дээр өчүүхэн бүлгийн эрх ашгийг тавьж явсны гайг дэндүү хатуу амссаны ул мөр арилаагүй, утаа нь уугисаар, урьдны алдаагаа давтсаар, өрсөлдөгчид хөх инээдээ барьж ядсаар сууна.

Ардчилсан намын үе үеийн журмын нөхөд Танарыг шилж сонгон дэмжин, дагаж яваа.Танарыг “Хан тэнгэрээс нисдэг бор морийг нь аваад ир гэж явуулснаас нисдэггүй бор морь унаад ир” гэж дээш гаргаагүй.Ханцуйдаа хутга нууж, хоорондоо толхилц гэж дээш гаргаагүй.

Өчүүхэн жижиг эрх ашгаа хойш тавьж, улс орноо бодож, улс төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллаарай гэж олон удаа итгэл сэтгэлээ харамгүй өгцгөөсөн.Заримыг чинь ардын хүүгийн хүрч зүүдэлшгүй сэнтийд олон ч удаа итгэл хүлээлгэн суулгалаа.

Гэтэл өнөөдөр зарим үйл ажиллагаа савнаасаа хальж, төрд шургасан луйварчдын гараар анд нөхдөө ангуучилж эхэллээ.Газар даахгүй дээ гэмээр авилгач луйварчид шалгагдахгүй байхад хийж бүтээе хэмээн зүтгэж яваа журмын нөхдөө захиалгатай гэмээр айлгаж ичээх боллоо.

Бид Ардчилсан Ерөнхийлөгчтэй, Ардчилсан Улсын Их Хурлын даргатай, Ардчилсан Ерөнхий сайдтай боллоо хэмээн бахархаж явсан сайхан цаг салхинд хийсэж,одоо бие биерүүгээ чулуу нүүлгээд сууж байгаа Ардчилагчдыг л харж байна.

Олон түмний дэмжлэг авахын тулд ардын дайсан бэлтгэх, нийгмээр нь шүүлгэх, хараалгах, авилгач идээчийг илрүүлэх нэрээр өчүүхэн зорилгоо хэрэгжүүлэх гэсэн хэсэг бүлэг нөхдийн уувайгүй үйлдлийг л харж байна.

Бид шудрага ёсыг тогтоож, авилгатай тэмцээд өгөөч гэж байгуулснаас бус ажил хийж байгаа, баялаг бүтээж байгаа хүмүүсийг бөөнөөр нь хорьж, хэлмэгдүүлж, хуучныДо яам шиг мангасыг босгож ирэх гэж 25 жил халуунд халж, хүйтэнд хөрж тэмцээгүй юм аа. Энэ бидний байгуулах гэсэн нийгэм биш ээ!

1990 оны хувьсгалд идэвхтэй оролцож, МОХ-г толгойлж явсан Лу.Болдын хэлснээр 1990 онд юуны төлөө хувьсгал хийсэн юм бэ.Мэдүүлэг авахын тулд  хорьдог. Хорьж, залхааж байгаад мэдүүлэг авдаг.Авсан мэдүүлгээрээ буруутгадаг, ялладаг.Хүн нь олдвол гэмт хэрэг нь заавал олддог. Ямар нэг хэрэгт захиалгаар холбож шалгаад  хэргийг нь тулгадаг. Ийм зүйл олон жил нүдэн дээр үргэлжилж байна.Үүнийг л өөрчлөх гэж хувьсгал хийсэн.Гэтэл хориод жилийн дараа яг хуучны НАХЯам шиг ажилладаг хуулийн байгууллагатай, түүнээсээ бүгд айдаг болчихсон сууж байна.

Бид хаашаа яваад байгаа юм, бидний зорьж байсан ардчилал маань юуг авчрав, хүний эрх, эрх чөлөө хаана байна.Үүнийг дахиж нэг бодох цаг иржээ.Өнөөдөр олон гэргий дэрээ норгож, үрс нь хичээлдээ явахаас халширдаг болсоны хариуцлагыг хэн хүлээх вэ.

Ардчлалынханыг өөрсдийнх нь гараар нугаслах ажиллагааявсаар байгааг харсаар л суух уу.Өнгөрсөн гашуун түүхийг бүү март. Үргэлж санаж яв!

Намын эв нэгдэл, дотоод сахилга бат цаашилбал улс орныхоо эв нэгдлийг хангах үүрэгтэй Аюулгүй Байдлын Зөвлөлийн эрхэм гурван гишүүн,  журмыннөхөд минь ээ! Та бүхэн хүний хэлээр ярьж, төрийн зангарагаар шийдэж Улс орныхоо эрх ашгийн дээд эрэмбийг хангахын төлөө бололцоотой бүхнээ хийгээч ээ!

Чухам өнөөдрийн Монголд улс төрийн, нийгмийн, эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах гол хүчин зүйл эв нэгдэл дээр, түүний дотор Ардчилсан намаас томилолт дэмжлэг авсан Та гуравт л бий.

Бид хангалттай хагаралдаж, тарж бутарч, салж сарниж явсан.Тэр цаг нэгэнт өнгөрсөн.Харин үргэлжлүүлэх хэрэг үгүй билээ.

Та бүхнийхээ гэгээн мэлмий, мэргэн ухаан, холч бодолгод найдсаар байгаа, анхааралтай ажиглан суугаа бидний үгийг сайтар ширгээн болгооцгооно уу.

АРДЧИЛСАН НАМЫН ЖУРМЫН НӨХДӨӨС

Categories
мэдээ улс-төр

“Эзэн 100” хөтөлбөрийг энэ сарын 20-нд дүгнэнэ гэв

Тавдугаар сарын 8-нд Засгийн газраас баталсан “Эзэн-100” хөтөлбөрийн хугацаа энэ сарын 18-нд дуусах аж. Уг хөтөлбөрийг УИХ-аар баталсны дараа УИХ дахь МАН-ын бүлгээс “Эзэн-100”-г Ардын намынхан “Ард-100”-гаар хянах болно хэмээн мэдэгдэж байсан юм. Тус намын холбогдох албан тушаалтнуудын өгч байгаа тайлбараар “Эзэн-100” хөтөлбөрийн үр дүнг наймдугаар сарын 20-нд дүгнэнэ гэсэн хүлээлттэй байна.

Categories
мэдээ улс-төр

Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцов

Улсын Их Хурлын дэд дарга, Монгол, Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог Оросын Холбооны Улсын Элчин Сайдын яамны зөвлөх Оганов Артем Валерьвичийг өнөөдөр /2014.08.04/ хүлээн авч уулзан Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцов. 

Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн Д.Арвин, Г.Уянга, Ё.Отгонбаяр болон Монголын энхтайван, найрамдлын байгууллагын Хэрэг эрхлэх газрын дарга Р.Баярсайхан, орлогч дарга Л.Сайханцэцэг, тус байгууллагын гишүүн орнууд хариуцсан нарийн бичгийн дарга Ё.Максим нар оролцож харилцан санал солилцсон юм. 

1939 онд Халх голын дайныг удирдсан Зөвлөл Холбоот Улсын маршал Георгий Константинович Жуковын тухай өгүүлсэн баримтат киног Оросын Холбооны Улсын Элчин Сайдын яам манай улсад авч ирэхээр болов. Харин Монголын энхтайван, найрамдлын байгууллага эх хэлнээ орчуулан олон нийтэд толилуулахаар тогтсон юм. 

Түүнчлэн Монгол, Оросын парламентын бүлэг, Оросын Холбооны Улсын Элчин Сайдын яам, Монголын энхтайван, найрамдлын байгууллага хамтран Халх голын 75 жилийн ойн арга хэмжээг Оросын шинжлэх ухаан, соёл урлагийн төвд зохион байгуулах, Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулиудад  нээлттэй хичээл заах гэх мэт олон арга хэмжээ төлөвлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Categories
мэдээ улс-төр

“Улаанбаатар төмөр зам”-ынханд Сүхбаатарын одон гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 65 жил, төмөр замчдын мэргэжлийн баярын өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд оролцов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зорчигч үйлчилгээний “Улаанбаатар” төв буудалд УБТЗ, ОХУ-ын РЖД нийгэмлэгийн ололт, ажилтын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг үзсэний дараа railbus-аар төмөр замчдын өдөрлөгт очлоо.

Төмөр замчдын баярын өдөрлөгийг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тус байгууллагыг Сүхбаатарын одонгоор шагнах ёслолын арга хэмжээ боллоо. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг Сүхбаатарын одонгоор шагнах тухай 92 дугаар тоот зарлигт “Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улсын 808 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жил, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 65 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэн, өөрсдийн хүч хөдөлмөр, авьяас чадвараа зориулан хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг Сүхбаатарын одонгоор шагнав” гэжээ. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төмөр замчдад баяр хүргэн хэлсэн үгэндээ “

Эрхэм хүндэт төмөр замчид аа,

Хүндэт зочид оо,

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нийт ажилтан, албан хаагчид аа,

Үе үеийн ажилтан, ахмадууд аа,

Энд хүрэлцэн ирсэн ОХУ-ын Элчин сайд И.К. Азизов, В.Н.Морозов болон бусад өндөр дээд зочид оо,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Юуны өмнө “Улаанбаатар Төмөр Зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг байгуулагдсаны 65 жилийн ой, төмөр замчдын баярын өдрийн мэндчилгээг та бүхэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэнчилье.

Нэгэн жарныг давсан цаг хугацааны босгон дээр, тэртээ ХХ зууны тэн хагаст Монгол Улс төмөр замтай болсон нь яахын аргагүй улс үндэстний хөгжин дэвших, сэргэн мандахын хурдасгуур болсон түүхэн үйл хэрэг байсан.

Дэлхийн II дайны өмнө эхэлсэн төмөр зам барих ажил дайн дууссаны дараа эрчээ авч 1949 оны 11 дүгээр сарын 7-нд Улсын нийслэл Улаанбаатар хотод маань анхны илчит тэрэг дуут дохио хангинуулан орж ирсэн нь тухайн үедээ төдийгүй өнөөдөр ч Монгол Улсын маань хөгжилд бүхий л талаар өмөг түшиг болж ирсэн Монголын төмөр замын түүх юм.

Улаанбаатар төмөр зам бол Монгол Улс-Зөвлөлт Холбоот Улс / ОХУ-ын найрамдал, хамтын ажиллагаа, Орос-Монгол хүмүүсийн хөдөлмөр үйлс, бас бахархам амжилт бүтээлийн түүх, түүчээ гэдгийг онцлон тэмдэглэе.

Өнөөдөр 65 жилийн турш Монгол орныхоо ХХ зууны түүхийг хамтран бичилцэж, мянга мянган эгэл ажилчдынхаа хөлс хөдөлмөрөөр, сая сая иргэддээ үйлчилсээр ирсэн энэ аварга хамт олны хөдөлмөр, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Монголын төрийн  дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнаж байна.

Энэ шагнал бол 527 сая тонн ачаа тээвэрлэж,  122 сая зорчигчдод үйлчилж ирсэн манай төмөр замын бүх үеийн ажилтан, албан хаагчдын хөдөлмөр зүтгэлд хүндэтгэл үзүүлж буйн илэрхийлэл юм. Энэ шагнал бол төмөр замын салбарт одоо албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй 15 мянган иргэний маань болон үе үеийн мянга мянган төмөр замчдад очиж буй хамт олны шагнал юм.

Энэ шагнал бол ХХ зууны хөгжлийн түүчээ, XXI зууны амжилтын буухиа болсон нийт төмөр замчдынхаа хийж ирсэн ажлаас гадна ирээдүйд хийж бүтээх үйл хэргийнх нь төлөө өгч буй халуун урам, их итгэл юм.

Монголын төмөр зам нь Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн гол баталгаа болж ирсэн. Цаашид ч Монгол Улсын Европ, Азийг холбосон газарзүйн байршлын онцлог далайд гарцтай эдийн засгийн хүчирхэг өсөлтийг бий болгоход төмөр зам юу юунаас илүүтэй амин чухал гэдгийг энд онцлон хэлье.         

Ингээд та бүхэндээ болон, та нарынхаа гэр бүл, ажил, үйлсэд тань өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе. Баяр хүргэе та бүхэнд” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Зарим аймаг, сумдад үр тарианы агуулах байгуулна

Засгийн газрын хуралдаан Булган аймгийн Хутаг-Өндөр суманд наймдугаар сарын 1-нд боллоо.

Тус хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж Засгийн газрын гишүүдэд танилцуулж, Засгийн газар дараах шийдвэрийг гаргалаа.

Арьс ширний гүн боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийг арьс ширний бэлтгэлтэй уялдуулан шуурхай зохион байгуулан энэ оны 11 дүгээр сард багтаан үр дүнг нь танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нарт даалгалаа.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус салбарт хэрэгжүүлэх “Сүүний хөргөлтийн төв” байгуулах, “Хөдөө аж ахуйн трактор, техник худалдан авах”, “Үр тарианы элеватор байгуулах” төслүүдийн тусгайлсан гэрээ байгуулах бэлтгэл хангахыг Эдийн засгийн хөгжийн сайд Н.Батбаярт үүрэг болгов.

Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг ханган БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 15, Сэлэнгийн Баянголд 16, Увсын Баруунтуруун, Хэнтийн Өмнөдэлгэр, Дорнод аймагт тус бүр 20 тн-ын агуулах барих “Үр тарианы элеватор байгуулах” төслийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Ш.Түвдэндорж сайдад Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар Булганд хуралдав

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хуралдсан Засгийн газрын хуралдаан өндөрлөлөө.  Хуралдаанд Засгийн газрын танхимын сайдууд бүгд оролцжээ. Сайд нараас гадна  Хөвсгөл, Булган аймгийн Засаг дарга нар, авто зам тавьж байгаа компанийн удирдлага, сумын иргэд оролцсон байна.

Хэлэлцсэн асуудлын дийлэнх хувь хөдөөгийн хөгжилтэй холбогджээ.  Энэ үеэр Ерөнхий сайд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багаас-Хөвсгөл аймгийн Мөрөн сум хүртэл тавьж байгаа авто замын ажлыг энэ онд багтаан ашиглалтад оруулах үүргийг талуудад өглөө.

Түүнчлэн Хутаг-Өндөр сумын иргэдийг орон нутгаа хөгжүүлэхэд саналаа хэлж, ямар ажил хийх нь илүү иргэдэд тустай болохоо ярилцаж хөгжлөө төлөвлөн төсвөөс өгч байгаа таван  тэрбум төгрөгийг зөв зохистой ашиглах ёстойг хэллээ. “Шинэ сум” төслийн хүрээнд Хутаг-Өндөр суманд таван тэрбум төгрөг хуваарилагдсан байна. Үүгээр тус сумынхан сумын төвөө шинэчлэн тохижуулах юм. Засгийн газар энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаа Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хийсэн нь тус суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж байгаа, аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил тус сумыг дайран өнгөрч байгаа тул тохиромжтой газар хэмээн үзэж сонгожээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаан Булган аймагт болж байна

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөө өглөө 10.00 цагаас эхэлсэн хуралдаанаар арав шахам асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Аймгуудыг Улаанбаатар хоттой холбох авто замын ажлын явц ямар шатанд байгаа талаар мэдээлэл сонсох аж. Мөн “Шинэ сумын төв” төслийн хэрэгжилт, дулаан хангамжийг хэрхэн шийдэж байгаа, хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар хэлэлцэнэ. Үүнээс гадна Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцэхээр болжээ. Засгийн газрын хуралдаанд бүх сайдууд оролцож байна.