Categories
мэдээ улс-төр

Д.Тэрбишдагва Хятадын Хөгжлийн банкны ерөнхийлөгчтэй уулзлаа

Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын Засгийн газар хооорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва БНХАУ-ын Хөгжлийн банкны ерөнхийлөгч  Зин Зижег хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Зин Зиже хэлэхдээ БНХАУ-ын Хөгжлийн банк нь улсдаа хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ хамгийн томд тооцогддог бөгөөд, 350 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн 115 улстай хамтран  ажилладаг. Монгол Улс нь манай улстай хил залгаа оршдог, олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай учраас цаашид Монголын хөгжлийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байна. Монгол-Хятадын харилцаа хамтын ажиллагаанд  та чухал үүрэг гүйцэтгэдэг учраас хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг  Шадар сайдаас хүссэн юм.

Тэрээр манай улсад төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Си Зиньпин даргын айлчлалыг бид түүхэн айлчлал хэмээн үзэж байна. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын Хөгжлийн банк  хооронд 162 сая.ам.долларын  гэрээнд гарын үсэг зурахаар боллоо. Энэ нь бид бүгдийн хамтын ажиллагааны эхлэл болж байна. Цаашдаа илүү ойр дотно ажиллаж, олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс нь Хятадын Тянь-Жин  боомтод арван га газартай болсон. Энэ боомтын бүтээн байгуулалт дээр хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэхийг Шадар сайд Д.Тэрбишдагва Хятадын Хөгжлийн банкны ерөнхийлөгчөөс хүслээ.

Categories
мэдээ улс-төр

Хэлэлцээр үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын удирдагч Си Жиньпин нарын албан ёсны хэлэлцээ үргэлжилж байна. Хэлэлцээрийн дүнд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа Стратегийн түншлэлээс иж бүрэн стратегийн түншлэл болон өргөжих юм. Энэ нь бүхий л асуудал дээр хоёр улс хамтран ажиллах бололцоо нээгдэнэ гэсэн үг. Монгол Улсын төрийн тэргүүн энэ удаагийн айлчлалаар Хятадын удирдагчид авлигатай тэмцэхэд хоёр улс хамтран ажиллах, Хятад улсад ял эдэлж байгаа монгол иргэдийг цаазаар авахгүй байх хүсэлтийг тавина гэж байгаа билээ. Мөн Монголын түүхийг мушгин гуйвуулсан мэдээлэлд хатуу хориг тавих зэрэг хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцээрийн үеэр тавих юм байна. 

Categories
мэдээ улс-төр

Хятадын даргын айлчлал стратегийн түншлэлийг бэхжүүлнэ гэв

-Тэд бидний тухай-

БНХАУ-ын дарга Си Жиньпин Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Ийнхүү Хятадын төрийн тэргүүний Монголд хийх хоёр хоногийн айлчлал эхэллээ.

Сүүлийн 11 жилд БНХАУ-ын дарга Монголд айлчилж байгаа юм. Энэ нь Си Жиньпиний БНХАУ-ын даргын хувь хийж буй  хоёр дахь тусгай айлчлал.

Тэрээр Монголын улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон тус улсын бусад хариуцлагатай ажилтнуудтай уулзаж,  УИХ буюу парламентад үг хэлэх юм. 

Энэ жил БНХАУ, Монгол улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятад Монголын найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулсны 20 жилийн ойг тэмдэглэж байгаа. Мөн 2014 он “Хятад Монголын найрамдалт солилцооны жил” юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Си Жиньпиний айлчлал нь хоёр улсын стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхэд чухал үүрэгтэй.

Синьхуа

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын дарга Си Жиньпинийг угтах ёслол Чингисийн талбайд болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөө өглөө хүрэлцэн ирсэн.

Хятадын дарга гэргий Пөн Ли-Юань болон дагалдан яваа хүмүүсийн хамт Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан юм. Тэднийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, албаны бусад хүмүүс угтан авч, хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлжээ.  Өнөөдөр үдээс хойш 16:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар БНХАУ-ын Дарга Си Зиньпин гэргий Пөн Ли-Юань нарыг албан ёсоор угтах ёслол болно.

 Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээр хийж баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно. Харин үүний дараа БНХАУ-ын дарга Си Зиньпин нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийх аж. 

Categories
мэдээ улс-төр

Хүлээлт

Хоёр хөршийн тэргүүн дараалан айлчлах гэж байгаа энэ өдрүүд дотоодын улс төр, эдийн засгийн асуудалдаа бухимдалтай байгаа Монголын олон нийтэд дотоод асуудлуудаас анхаарлаа түр ч гэсэн хөндийрүүлж, томоор бол олон улсын тавцан дахь, тодруулж хэлбэл хоёр хөршийн дундах улс орныхоо байр суурийн талаар эргэцүүлэх боломжийг олгож байх шиг.  

Монгол, Орос, Хятад гурван үндэстэн хоорондоо салшгүй холбоотой бөгөөд хэдэн зуун, мянганаар тоологдох харилцаа¬ны түүх өнөөгийн бидний ой санам欬¬¬¬¬¬¬ийг биежүүлж, харилцан бие биедээ хандах хандлагыг тодорхойлж иржээ. Дэлхийн хүчний төв гэж тооцогддог Евроазийн эх газрын дийлэнх хэсгийг эзлэн оршдог энэ гурван үндэстэн Монголын эзэнт гүрний үеэс бие биеийнхээ хувь заяанд харилцан хүчтэй нөлөө үзүүлж, хэдэн зууны турш ээлж дараалан дэлхийн геополитикт гол нөлөөтэй улс үндэстнүүд байсаар ирэв.

 Өнөөгийн монголчууд бидний өвөг дээдэс хоёр хөрш орныхоо газар нутгийг нэгтгэж, урьд байгаагүйгээр тэлж, өнөөдрийн хүчирхэг хоёр гүрэн байгуулагдах үндэс суурийг баттай тавьж өгсөн гэж бахархдаг. Бас хожим Манжийн бүрэлдэхүүнд, мөн Зөвлөлтийн хараанд байсан үеэ ч тод санадаг. Манжийн эзэнт гүрэн нуран унахад монгол, хятад үндэстэн аль аль нь колоничлолоос салж, тусгаар тогнолоо тунхагласныг зүй ёсны өрнөл байсан гэж үздэг. 

Түүнээс хойшхи хэдэн 10 жилийн туршид тусгаар тогтнолоо баталгаажуулах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх үйл явц хоёр хөршийн харилцааны өрнөл дунд хэрхэн үргэлжилж, биелэлээ олсныг нийтээр ойлгодог бөгөөд энэ нь ч Орос-Хятадын харилцааны үнэ цэнийг мэдрэх суурь болдог гэж болно. Энэ бол монголчуудын түүхэнд ханддаг хандлага, түүхээс улбаалан өнөөдөр хоёр хөршдөө харах үзэл бодлын суурь юм. 

Гурван сая хүрэхгүй хүн амтай атлаа энэ дайны хүн амтай аль ч улс үндэстнээс илүү гэж болохоор нэгдмэл төр, үндэсний гал голомт, тусгаар тогтнол, соёл уламжлалаа шүтэж дээдлэх хүчтэй эрмэлзэлтэй монголчуудын үзэл санаа, сэтгэл зүй ийм түүхээс эхтэй. 

Дэлхий ЗХУ, АНУ-ын хоорондын зөрчлөөр хоёр хуваагдаж байсан цаг үед Монгол үнэн хэрэгтээ социалист, капиталист хоёр лагерийнхаас илүүтэй хоёр хөршийнхөө хоорондын хүйтэн дайны талбар болж байлаа. Хөрш орнууд харилцан зөрчилд ороход аюулгүй байдал, эдийн засаг, улс төрийн аль ч утгаараа ямар таагүй байдал үүсч болохыг Зөвлөлт-Хятадын сөргөлдөөний жилүүд бидэнд мэдрүүлсэн. 1980-аад оны сүүлчээс хоёр хөршийн харилцаа сайжирч эхэлсэн нь Монгол Улсад амар тайван амьдрал, хөгжил дэвшлийн олон боломжийг нээсэн юм. 

Аюулгүй байдлын үүднээс хоёр том хөршийн дунд оршдог ямар ч үндэстэнд байх сэтгэлзүйн дотоод зөрчлийг монголчуудаас олж харах тийм ч хэцүү биш. Хоёр хөрш хоорондоо зөрчилдөхгүй байгаасай гэж хүснэ. Бас хоорондоо хэт ойртож бидний эрх ашгийг наймаалцчих вий гэж болгоомжилно. Энэ бүх хүсэл, болгоомжлолын цаана монголчуудад хоёр л тодорхой ашиг сонирхол бий: Тусгаар тогтнол, хөгжил дэвшил.

Олон улсын харилцааны өнөөгийн хувьсал өөрчлөлтийн дунд тэр тусмаа хоёр хөрш хоорондоо ихээхэн ойртон дотносож байгаа цаг үед монголчууд удахгүй болох Хятадын тэргүүний айлчлалаас юу хүлээж байна вэ?

ЮУНЫ ТҮРҮҮНД ИТГЭЛЦЭЛ

Айлчлалын өмнөх энэ өдрүүдэд Хятадын интернетийн сүлжээгээр тархаж байгаа Хятад улс  Монголыг өөртөө нэгтгэх тухай хэн нэг нь санаатай түгээж байна уу гэмээр яриа хэлэлцүүлгүүд Монголын мэдээллийн сүлжээгээр амархан тархаж, монголчуудын хөршдөө үл итгэх уур амьсгалыг дэврээхэд хүргэж байна. Одоогоос арван нэгэн жилийн өмнө болсон Ху Зинтаогийн айлчлалын үеэр хоёр тал сайн хөршийн харилцан итгэлцсэн харилцаагаа бэхжүүлэх зорилт тавьсан ч энэ чиглэлд лав л Монголын нийгэмд тийм том дэвшил гарч чадаагүй. Үе үе Монголын сонин хэвлэлээр орчуулагдан тавигдах Монгол Улсгүй газрын зурагтай түүхийг гуйвуулсан мэдээлэл, Монголын УИХ 43 дахь удаагаа Хятадад нэгдэх асуудлыг авч хэлэлцлээ гэх цуурхал… энэ бүхэн өмнөд хөршөөсөө өөрийн эрхгүй жийрхэх үзэл, зай барих эрмэлзлийг  хүмүүсийн далд ухамсарт буй болгосоор байгаа нь харамсалтай. Монгол бол бидний ядарч явахдаа алдсан газар нутаг бөгөөд хэзээ нэгэн цагт буцааж авах ёстой гэсэн бодолтой жирийн хятад хүн, Монгол бол хэзээнээсээ Хятадын нэгэн адил Азийн бие даасан үндэстэн байсан гэсэн гуйвшгүй үнэмшилтэй Монголын жирийн иргэн хоёрын хооронд харилцан итгэлцсэн харилцаа үүсэх үү гэдэг хариулахад хэцүү асуулт юм. 

Зүүн Азийн бүс нутгийн хэмжээнд үндэсний үзэл, үл итгэлцэл газар авч, улс орнуудын хооронд зэвсэгт мөргөлдөөнд хүргэж ч болзошгүй уур амьсгал буй болгож байгаа нь хөгжил дэвшлийн асар их нөөцтэй энэ бүс нутгийн хувьд харамсмаар зүйл юм. Иймээс өнөөг хүртэл амжилттай хөгжиж байгаа Монгол-Хятадын харилцааг ухраахгүйгээр найрсаг харилцаагаа бэхжүүлэхийн тулд хоёр орны төрийн тэргүүн, Засг­ийн газар дээрх эмзэг асуудлаас тойрч зугтах бус, нүүр тулж, хамтарч шийдэл хайхаас өөр гарц харагдахгүй байна. Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө энэ асуудлыг онцлон дурдсаныг цагаа олсон зөв алхам гэж үнэлүүштэй.

Энэ бүхний цаана монголчуудын хувьд өмнөд хөршөөсөө хүсэн хүлээх хамгийн чухал зүйл бол бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээний гүрэн болж өсч тэлж байгаа том орны хувьд хөрш зэргэлдээ жижиг улс үндэстнүүдийн түүх соёлд хүндэтгэлтэй, хүлээцтэй ханддаг, ёс суртахуун, соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн  хариуцлагатай их гүрэн байх. 

Гэхдээ итгэлцэл гэдэг бол нэг урсгалтай хандлага бус, харилцан бие биедээ итгэх тухай асуудал. Монголын нийгэмд үе үе цухалзах болсон Хятадын эсрэг үндсэрхэг үзлийг өдөөн турхирах, Монголд байгаа хятад иргэдийн аюулгүй байдалд халдах үйлдлүүдийг таслан зогсоож, хөрш оронтойгоо найрсаг харилцаатай байх нийгмийн зөв уур амьсгалыг хадгалахад Монголын Засгийн газар ч мөн үүрэг хүлээж илүү анхаарал хандуулах ёстой. Тиймээс энэ удаагийн айлчлалаар хоёр орны удирдлага итгэлцэл бэхжүүлэх тухай уриа лозун дэвшүүлэх бус, үл итгэлцэл буй болгож байгаа бодитой шалтгааныг арилгахад ахиц дэвшил гаргана гэж найдъя.

ДАЛАЙН ГАРЦ, ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВЭР, ТӨМӨР ЗАМ, ЭРЧИМ ХҮЧ, БАНК…

Монгол, Хятад хоёр тал эдийн засгийн харилцаандаа ихээхэн ач холбогдол өгч буй. Монголын тал эдийн засгаа хөгжүүлэхийн тулд өмнөд хөршийн зах зээлийг түшиглэх, хөрөнгө оруулалт татах, Хятадын нутгаар дамжин далайд гарч гуравдагч оронд бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг нэмэгдүүлэхийг хүсч байгаа. Хятадын тал өсөн нэмэгдэж байгаа зах зээлийн эрэлтээ хангах, олон улсын өрсөлдөөнд давуу байр суурьтай байхын тулд Монголоос уул уурхайн бүтээгдэхүүн, эрчим хүч авах шаардлагатай гэж үзэж буй. Хоёр орон хоёулаа харилцан ашигтай эдийн засгийн харилцаа нь тогтвортой байдал, сайн харилцааны суурь болно гэж үзэж байна. 

Монгол Улс далайд гарцгүй орон. Энэ нь гадаад худалдаа, эдийн засгийн хөгжлийг хязгаарлах, хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулах нэгэн бодитой хүчин зүйл болдог. Хятадын тал 1990-ээд оны эхэн үеэс манай улсад Тяньжингийн боомтоор гадаад худалдаа хийх боломж олгосон нь өнгөрсөн хугацаанд монголчуудын ахуй амьдралд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлохгүй байх аргагүй. 

Си Зиньпиний айлчлалаар хоёр орны хооронд харилцах боомтын тоог нэмэгдүүлэх,  Монгол Улсад ганц Тяньжин бус, Зүүн хойд Хятадын олон боомтоор далайд гарах боломжийг олгох, олон жилийн хугацаатай, Монголд таатай нөхцөл олгосон дамжин өнгөрөх төмөр замын тээврийн хэлэлцээрийг байгуулахаар ярилцаж байгаа нь хоёр талын харилцаанд гарах маш бодитой ахиц дэвшил болохоор харагдаж байна.   

Түүнчлэн манай уул уурхайн бүтээгдэхүүнийг өмнөд хөрш рүү шууд гаргах  Таван толгой – Гашуун сухайт, Сайншанд – Замын Үүд, Хөөт – Бичигтийн гурван чиглэлийн төмөр замыг нарийн царигаар тавих асуудал талуудын хооронд яригдаж, Хятадын тал энэ асуудлыг шийдвэрлэхийг манай Засгийн газраас хүсч буй. Олон жилийн турш талцал, улс төржилт дагуулсан царигийн асуудал өнөөдөр ч монголчуудыг хуваасан маргааны сэдэв хэвээр байна. Гэвч УИХ-ын хаврын чуулганы хуралдаан Хятадын тал дамжин өнгөрөх тээврийн таатай нөхцлийг баталгаажуулж гэрээ хэлэлцээр байгуулсан нөхцөлд дотоодын зөрчлөө сөрөн дээрх гурван газарт нарийн царигийг баталж болох юм гэсэн нэлээд өргөн хэмжээний ойлголцолтойгоор завсарласан. УИХ асуудлыг барьцаалж байгаа хэрэг бус, харин нарийн царигийг эсэргүүцэж байгаа нийгмийн нэг хэсгийн бухимдлыг намжаахын тулд хөрштэйгээ сайн тохиролцоо хийх шаардлагатай гэж үзсэнийх юм. Улс төрчид олон нийтийн шаардлагыг тэнцвэржүүлэхийн тулд ийм сонголт хийж байгааг ойлгохоос аргагүй. 

Мөн Монголын нүүрсний ихээхэн нөөцийг түшиглэн нүүрс шингэрүүлэх үйлдвэр барих чиглэлээр хамтран ажиллах, Хятад руу хоолой тавьж Хятадын зах зээлийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангаад зогсохгүй нийслэл Улаанбаатар хотыг ч бохирдол багатай эрчим хүчээр хангах асуудал яригдаж байгаа нь шинэ бөгөөд нэн дэвшилттэй сонсогдож байна. Гол нь ийм хамтын ажиллагаанд Монголын үндэсний хөрөнгө оруулагчдын оролцоог хангаж чадвал Монгол Улс Хятадад эрчим хүч экспортлогч орон болно. Ингэснээр хоёр орны хоорондын стратегийн хамтын ажиллагаа өргөжүүлэх, тогтвортой харилцааны суурийг бэхжүүлэх нэгэн чухал алхам болно. Монгол Улсын эрчим хүчний баялаг эх үүсвэрийг тооцон үзвэл энэ нь бүтэшгүй зүйл биш юм.

Мөн хөршийн зүгээс Хятадын Банкны салбарыг Монголд байгуулах асуудлыг тавьж байгаа. Жижиг эдийн засагтай, банк санхүүгийн салбар эмзэг хэвээр байгаа монголчууд харин энэ саналд болгоомжтой хандсан хэвээр байна. 

ХӨРШИЙН ХҮЛЭЭЛТ

Дээр дурдсан улс төр, эдийн засгийн асуудлуудаас нэлээд нь айлчлалын хүрээнд нааштайгаар шийдвэрлэгдэх боломжтой. Тэдгээрийн цаана айлчлалын яриа хэлэлцээрийн явцад хөршүүдийн зүгээс хөндөхгүй байж болох ч цаанаа хадгалж үлдэх битүү болгоомжлолууд байгааг энд хөндөхгүй байхын аргагүй.

Юуны өмнө Монголын дотоод амьдралыг сайн мэдэх хөрш орны хувьд Монголын талд тохирсон гэрээ хэлцлээ биелүүлэх эсэхэд эргэлзээ тээж үлдэхэд гайхах зүйлгүй. Энэ асуудлыг өмнө нь хоёр хөрш хоёулаа, түүний дотор умард хөрш илүүтэй хөндөж тавьсаар ирсэн. Өнгөрсөн он жилүүдийн Монголын улс төр хөрш орнуудад ийм эргэлзээг бий болгосонд бид өөрсдөө л буруутай. Өнөөдөр Монголын дотоодын амьдрал ч, гадаад орчин ч биднээс энэ байдлаа яаралтай засч залруулахыг шаардаж байна. Аливаа тусгаар улс нэг төртэй, нэг зангидсан гадаад бодлоготой, хөрш түнш орнуудтайгаа нэг цонхоор хэлэлцэж ойлголцдог, ойлголцож тохирсон бол хэрэгжүүлдэг байх ёстой. Ингэж байж тогтвортой, найдвартай түнш байна. Ийм түвшинд ажиллахын төлөө бид хичээх, хөрш орнуудаасаа ч ойлгож хамтран ажиллахыг хүсэх нь чухал. Хятадын ч, Оросын ч хувьд өөр нэгэн болгоомжилдог зүйл бол Монголын “гуравдагч хөршийн” бодлого. Хэдэн мянган километрээр хил залган оршдог Монголыг өөрсдийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулах гуравдагч орны түшиц газар болон хувирах вий гэдэг болгоомжлол. Геостратегийн нэн онцлог байрлалд орших Монгол Улсыг дэлхийн их гүрнүүд сонирхож харьцдаг нь нууц зүйл биш. Гэхдээ бусад улс орнууд Монголыг ямар өнцгөөс сонирхохоос үл хамаараад Монголд өөрийн бодлого бий.

Хоёр хөрш хийгээд бусад улс оронтой харилцах талаар Монголын төр өнгөрсөн хориод жилд ухаалаг бодлого барьж ирсэн бөгөөд Монголын олон нийт ч үүнийг үнэлж дэмждэг. Монголын аюулгүй байдал, гадаад бодлогын хамгийн чухал баримт бичгүүдэд хоёр хөрштэйгээ сайн харилцаатай байхыг эн тэргүүний зорилго болгосон байдаг. Энэ бол хоёр талдаа таалагдах гэсэн тунхаглал бус, ерөөсөө хоёр хөрштэйгээ сайн харилцаатай байх нь Монголын аюулгүй байдлын суурь шаардлага болохыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан хэрэг юм. 

Үүний цаана дээрх бодлогуудад Монголтой улс төр, эдийн засгийн бодит харилцаатай хэсэг бүлэг орныг нийлүүлж нийтэд нь “гуравдагч хөрш” гэж тодорхойлсон. Гуравдагч хөршийн бодлого бол монголчууд өөрийнхөө үндэсний эрх ашиг, хөгжил дэвшлийг урагшлуулахын тулд бусад улс оронтой харилцаа хөгжүүлэх бодлого болохоос бус хэн нэгний эсрэг зорилго агуулсан зүйл огтоос биш. Гадны зарим судлаачид төдийгүй монголчуудын дунд хүртэл гуравдагч хөршийг ганц нэг улсаар төлөөлүүлж ойлгох, мөн хоёр хөрштэй тогтоосон харилцаатай сөргөлдүүлж тавих хандлага байдаг. Үүнийг аюулгүй байдал судлалд “нийлбэр нь тэг” буюу “чиний нөхөр бол миний дайсан” гэх хүйтэн дайны үеийн сэтгэлгээтэй зүйрлүүлж үздэг. Монголын үндэсний язгуур эрх ашигт юуны өмнө Монголын ард түмний амар амгалан амьдрал багтдаг. Эндээс хоёр хөршийн эсрэг чиглэсэн гуравдагч хөршийн бодлого байж болохгүй бөгөөд байлаа ч энэ нь эргээд үндэсний эрх ашигтайгаа харшилна гэдэг нь харагдана.     

Монгол Улс хоёр хөршийн дунд, мөн бүс нутгийн бусад улс орнуудтай харилцахдаа ч “тэнцвэр” хэмээх ойлголтыг ихээхэн чухалчилж ирсэн нь олон улсын тавцанд хутган үймүүлэгч бус, бусдад хэрэгтэй зөв тоглогч байх, үүгээрээ дамжуулаад улс төрийн аргаар үндэсний эрх ашгаа хамгаалах гэсэн бодлоготой холбоотой. Финлянд, Швейцар зэрэг Европын зарим орнуудын бусдад аюул тарихгүй, хэн нэгний талд орж үгсэхгүй байх, бусдын яриа хэлэлцээр, хамтын ажиллагаанд таатай нөхцөл бүрдүүлж өгөх замаар аюулгүй байдлаа ч, олон улсын тавцан дахь нэр нөлөөгөө ч хадгалж  хамгаалж ирсэн бодлогыг Монголын үе үеийн дипломатууд, шийдвэр гаргагчид манай улсын хувьд хамгийн тохиромжтой үлгэр жишээ гэж үздэг.

Зүүн хойд Азийн бүс нутаг бол улс орнуудын харилцан үл итгэлцэл, шийдвэрлэгдээгүй түүхийн маргаантай асуудал ихтэй, олон талын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд амаргүй бүс нутаг. Монгол Улс Зүүн хойд Азийн бүх оронтой хоёр талын зөрчил маргаангүй ганц орон бөгөөд үүгээрээ бүс нутгийн орнууд уулзаж, яриа хэлэлцээр өрнүүлэх хамгийн таатай газар гэж болно. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улаанбаатарт Зүүн хойд Азийн яриа хэлэлцээг өргөжүүлэх санаачилага гаргасныг бүс нутгийн орнууд нааштай хүлээж авсны дотор БНХАУ-ын Засгийн газар дэмжиж ажиллахаа илэрхийлсэнд онцлон талархууштай.

Товчоор дүгнэхэд, Монгол Улс гадаад бодлогын хувьд хөршүүдийнхээ итгэлийг хүлээж, бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой, ийм ч эрмэлзэлтэй орон. Олон мянган километрээр хаяа залган орших Монгол орон үг хэлээ ололцож, итгэж хамтарч ажиллаж чаддаг тогтвортой түнш байх нь Орос, Хятадын аюулгүй байдлын ашиг сонирхолд ч нийцэх учиртай. Бид харин хөршүүдийнхээ болон олон улсын итгэлийг хүлээсэн орон байхын тулд дотоодын улс төрөө эрүүлжүүлж, засаглалаа сайжруулах, үндсэн хуулийн институцүүдээ бэхжүүлэх гээд олон ажил хийх шаардлагатай байгаа. Монгол Улс бүс нутагтаа аюулгүй оршиж, ардчилал, чөлөөт эдийн засгийн тогтолцоогоо бэхжүүлж хөгжин цэцэглэх ирээдүй биднээс өөрсдөөс ихээхэн хэмжээнд хамаарах болно. Бид зөвхөн өнөөдрөөр амьдрах ёсгүй. 

М.БАТЧИМЭГ 

(УИХ-ын гишүүн) 2014.08.19

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын дарга Ши Жинпиний албан ёсны намтар

Өнөөдрөөс манай
улсад айлчилж эхэлсэн БНХАУ-ын дарга Ши Жинпиний албан ёсны намтрыг хүргэж
байна.

 ТӨРСӨН ОН:



1953 оны 6 сарын 15-нд Бээжинд төрсөн. 61 настай.

БОЛОВСРОЛ:

Бээжин хотын 101 дунд сургууль,
1972-1979 онд Цинхуа их сургуулийг химийн инженер, эрх зүйч мэргэжлээр төгссөн.

ГЭР БҮЛИЙН БАЙДАЛ:

1989 онд Пен Лиюантай гэрлэсэн.
Эхнэр Пен Лиюан нь 1962 онд төрсөн 51 настай. Хятадын хөгжмийн консерватур
төгссөн. Хятадын ардын дууч, жүжигчин. Одоо Хятадын Ардын чөлөөлөх армийн
урлагийн акедемийн деканаар ажилладаг.
Охин Мингзе нь 22 настай Ханжоугийн гадаад хэлний сургууль, Жежиангийн их
сургууль, Харвардын их сургууль тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1969 онд Шанси мужийн хөдөө нутаг Яанчуанд шилжин ажилласан. Хожим үйлдвэрийн
намын салбарын дарга болсон.
1971 онд 18 настайдаа БНХАУ-ын Коммнуист намд элссэн.
1979-1982 онд БНХАУ-ын Коммнуист намын армийн лидер Ген Биаогийн нарийн бичиг,
1982 онд Цэргийн төв зөвлөлийн Нарийн бичгийн дарга,
1982 онд Хэбэй мужийн Женгдин тойргийн Коммнуист намын хорооны нарийн бичгийн
орлогч дарга,
1985 онд АНУ-ын Хөдөө аж ахуйн туршлага судлах багт орж Айово мужид айлчилсан.
Шанси (1969–1975), Хэбэй (1982–1985), Фужиан (1985–2002), Жэжианг (2002–2007)
мужуудад намын дээд алба хашсан.
1990 онд Фужоу хотын Намын сургуулийн ерөнхийлөгч,
1999 -2002 онд Фужан мужийн дарга,
2002-2007 онд  Жэжианг мужийн дарга, Мужийн Коммунист намын дарга,
2007 онд Шанхай хотын Коммунист намын нарийн бичгийн дарга,
2007 оны аравдугаар сард БНХАУ-ын Улс төрийн Товчооны байнгын хороо, Нарийн
бичгийн Төв хороо Ху Жинтаогийн залгамжлагч болохыг дэмжсэн. Ингэснээр 5-р
үеийн удирдагч болох эхлэл тавигдав

СОНГУУЛЬТ АЛБАН ТУШААЛ

2007.12.22 – 2013.01.15. БНХАУ-ын Коммунист Намын төв сургуулийн Ерөнхийлөгч,
2007.10.22 – 2012.11.15. БНХАУ-ын Коммунист намын Төв нарийн бичгийн дарга
нарын нэгдүгээр нарийн бичгийн дарга,
2008.03.15 – 2013. 03.14. БНХАУ-ын Дэд Ерөнхийлөгч,
2012.11.15. БНХАУ-ын Коммунис намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
2012.11.15. БНХАУ-ын Коммунист намын Цэргийн төв зөвлөлийн дарга,
2013.03.14. БНХАУ-ын дарга,
2013.03.14. БНХАУ-ын Коммнуист намын Цэргийн төв зөвлөлийн дарга,
2014.01.25. БНХАУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаар тус тус ажиллаж
байна.

 

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын Соёлын сайдтай уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр БНХАУ-ын Соёлын сайд Цай Уг хүлээн авч уулзлаа.

Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдтай ахин уулзаж байгаадаа талархал илэрхийлээд Монгол, БНХАУ-ын хамтын ажиллагаа улс төр, эдийн засгийн төдийгүй соёл, хүмүүнлэнгийн салбарт ч өргөжиж байна. Энэ хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, соёлын бүх салбарт хамтран ажиллах, соёлын өвийг хадгалахад цаашид анхаарч ажиллана гэлээ.

Тус улсын соёлын өдрүүдийн нээлт, БНХАУ-ын дарга Си Зиньпиний төрийн айлчлалтай давцаж байгаа бөгөөд энэ айлчлал хоёр орны олон салбарт үр дүнгээ өгөх айлчлал болно гэдгийг уулзалтын үеэр талууд онцоллоо.

БНХАУ-ын Соёлын сайд Цай У айлчлалынхаа хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй Монгол Улс, БНХАУ-ын 2014-2017 оны соёлын солилцооны хөтөлбөрийг байгуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогын төслийн үзэл баримтлалыг баталлаа

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, хуралдааны үеэр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Хууль зүйн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нар хамтран үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж үзжээ.

Монгол Улс зах зээлийн баримжаатай нийгэм, эдийн засгийн харилцаанд шилжсэнээр 1995 онд Нийгмийн даатгалын багц хуулийг, 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”, “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийг тус тус баталж, ажил олгогч болон даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн. Өнөөгийн тэтгэврийн тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо бөгөөд хэрвээ тэтгэврийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ 2020 онд ДНБ-ий 4.5 хувь, 2030 онд 7 хувь, урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтэй байна.

Иймд цалинд үндэслэн тогтоогдох тэтгэврийн тогтолцоог шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоогоор аажмаар сольж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлвэл ахмад настанд зохистой хэмжээний тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцлийг бүрдүүлж, тэтгэврийн даатгалд хамрах хүрээг өргөжүүлж малчид, хувиараа хөдөлдөр эрхлэгчдийг тэтгэврийн орлоготой болгох боломжтой болох юм.

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын төсөл нь дөрвөн хэсэгтэй бөгөөд тогтоолын төсөл батлагдсанаар даатгуулагч төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай зохистой хэмжээний тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ, тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг дунд, урт хугацаанд бууруулна, даатгалын хамрах хүрээ нэмэгдэж, ахмад настан бүр орлогын баталгаагаар хангагдаж, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалтай болох, өндөр орлоготоы ажиллагсдад зориулсан хувийн хэвшлийн нэмэлт даатгалын тогтолцоо бий болох зэрэг эерэг үр дагавар гарна хэмээн тооцоолж байна.

“Хүний хөгжлийн төв цогцолбор төсөл”-ийн концессийн гэрээг “Жам Зам Инвестмент” ХХК-тай байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрлөө

“Хүний хөгжлийн төв цогцолбор” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхэд залуус, иргэдийг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх эмчилгээ, уламжлалт эмчилгээ, сэтгэлзүйн эмчилгээ, түр байршуулан эмчлэх, соёл, спорт, сургалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг үндсэн үйлчилгээг үзүүлнэ.

Төслийг Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд хэрэгжүүлэх бөгөөд төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 17 тэрбум төгрөг байна. “Жам Зам Инвестмент” ХХК буюу концесс эзэмшигч нь концессийн гэрээ байгуулагдсанаас хойш 6 сарын хугацаанд ТЭЗҮ, барилгын зураг төслийг боловсруулан төрийн захиргааны холбогдох байгууллагаар батлуулж, төслийн санхүүжилтийн гэрээ болон бусад дагалдах гэрээг байгуулснаар концессийн гэрээ хүчин төгөлдөр болж, барилга угсралтын ажил эхлэх юм.

Концессийн гэрээний хугацаа нийт 30 жил байх бөгөөд концесс эзэмшигч нь “Хүний хөгжлийн төв цогцолбор”-ыг 2 жилийн хугацаанд барьж, удаах 28 жил ашигласны дараа төрд үнэ төлбөргүй шилжүүлнэ.

Газрын тосны хайгуулын “Борзон-VII” талбай дээр Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “М СИ ЭС Петро лимитед” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн үүрэг хүлээсэн эрх, үүргийг “Импайргаз монголиа” ХХК-нд бүхэлд нь шилжүүлэхийг зөвшөөрлөө.

“Газрын тосны тухай” хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарснаар тус салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж хайгуул, олборлолтын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлын хүрээнд “М Си Эс Петро Лимитед” ХХК нь Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Импайргаз монголиа” ХХК-тай “Борзон-VII” талбайд байгуулсан Бүтээгдхүүн хуваах гэрээний эрх, үүргийг бүхэлд нь шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байна. Газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд шаардагдах техник-технологи, санхүүжилтийг БНХАУ-ын талын хувь эзэмшигч “Өвөрмонголын Чинхуа Групп” ХХК хариуцах, Австралийн “JORK” стандартын дагуу нөөцийг тогтоох, эдийн засгийн хувьд үр ашигтай нөөц тогтоогдсон тохиолдолд хувь нийлүүдэгчид Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулах үйлдвэр барихаар нэгдсэн шийдвэрт хүрсэн байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ-гийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар 2014 оны 8 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлалын зорилго нь Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоход оршино.

Айлчлалын үеэр  Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийнэ.

Яриа хэлэлцээний үеэр иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх, БНСУ-ын виз мэдүүлэхэд Монгол Улсын иргэдээс авдаг барьцааг болиулах, БНСУ-д гэрээгээр болон хувиараа ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулахад цаашид ч анхаарч, дэмжлэг үзүүлэхийг солонгосын талд хүсэлт болгоно.

Түүнчлэн Монгол Улс, БНСУ-ын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор байгуулагдаж буй Засгийн газар хоорондын хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулах, Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн өнөөгийн байдлын талаарх Монгол Улсын байр суурийг нотолж, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ хийх санаачлагын хүрээнд БНСУ-тай хамтран ажиллах, Монгол Улс бүс нутгийн олон талт яриа хэлэлцээний үйл явц, интеграцид нэгдэн орох,   Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох зорилтыг хэрэгжүүлэхэд БНСУ-ын дэмжлэгийг авч хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцох юм.

Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнгийн тухай Гадаад харилцааны сайд Л.Болд Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд 2014 оны 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр  Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, Сайд Ж.Бэйрд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга М.Энхболд нарт бараалхжээ.

Албан ёсны уулзалт, хэлэлцээний үеэр Монгол, Канадын хоёр талын харилцаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар талууд санал солилцож, цаашид хоёр улсын харилцааны түвшинг ахиулах, хамтын ажиллагааг уул уурхай төдийгүй батлан хамгаалах, хууль эрх зүйн шинэчлэл, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Товч мэдээ

– ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донскойн 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлалын дүнгийн тухай Монгол Улсын шадар сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан уг айлчлалын мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгав.

– Засгийн газрын үйл ажиллагааны талаарх 2014 оны 7 дугаар сарын хураангуй мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайхан билэг танилцуулав.

– 2014 оны 7 дугаар ард Засгийн газрын 5 удаагийн хуралдаан болж, 101 асуудал хэлэлцэн, 26 асуудалтай танилцаж, Засгийн газрын тогтоол 28, тэмдэглэл 72, Ерөнхий сайдын захирамж 1 гарчээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд хийт, хөнгөн бетоны үйлдвэрийн нээлтэд оролцлоо

Шинэчлэлийн Засгийн газрын “Монголдоо бүтээцгээе” зорилтыг аж ахуйн
нэгж, иргэд дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл болсон “Дорнын цас” ХХК-ийн
хийт, хөнгөн бетоны үйлдвэрийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож
үг хэллээ.

Монголчууд олон зүйлийг гаднаас авч байна. Дотооддоо байгаа түүхий эдээ
ашиглаад Монголдоо бүтээдэг болъё гэж Шинэчлэлийн Засгийн газар зорьж
байна. Манай улс жилд 2-3 мянган вагон ачаа бүхий бетоныг гаднаас авдаг.
“Дорнын цас” компани жилд 200 мянган метр куб хийт, хөнгөн бетон
үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрөөс эхлээд монголчууд ийм хэмжээний
бетоныг гаднаас зөөвөрлөх шаардлагагүй болж байна. Манай улсын нийт зах
зээлийн 30 хувийг хангах боломжтой ийм сайхан үйлдвэрийг богино
хугацаанд барьж ашиглалтад оруулсан “Дорнын цас” ХХК-ийн хамт олонд баяр
хүргэж амжилт хүсье гэж Ерөнхий сайд хэллээ.

Манай улс жилд 600 мянган метр куб хөнгөн бетоны хэрэгцээтэй. Энэ
хэрэгцээг “Дорнын цас” болон “МАК” компани, хөнгөн бетоны үйлдвэрүүд
хангаж, энэ хэмжээний хөрөнгө Монголдоо үлдэх боломжтой болж байгааг
Ерөнхий сайд онцлоод “Монголчууд бид олон зүйлийг өөрсдөө үйлдвэрлэдэг,
гаднаас авдаггүй болох учиртай. Үйлдвэрлэгч байж, өөрсдөө бүтээж чадаж
байгаагийн тод жишээг бид эндээс харж болохоор байна” гэлээ.

“2013 онд барилгын ажил нь эхэлсэн манай үйлдвэр байгаль орчинд хор
хөнөөлгүй, ямар нэгэн хаягдал гаргахгүй, утаагүй, усаа дахин ашигладаг,
шинэ технологи бүхий үйлдвэр юм. Улсын хэмжээний нийт бетоны хэрэгцээний
30 хувийг хангах боломжтой, 60 хүн шинээр ажилтай болсон гэж тус
үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Амартүвшин ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Японы парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол нар Япон Улсын парламентын доод танхимын гишүүн Сонода Хироюки, Хаяаши Мото, Никай Хидэтоши болон албаны бусад хүмүүсийг өнөөдөр /2014.08.20/ Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт зочид төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож буйдаа талархаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр, манай улс мөнхийн хоёр том хөрштэй. Гурав дахь том хөрш бол Япон Улс. Бид олон жилийн сайн түншийн хамтын ажиллагаатай явж ирсэн. Хүнд хэцүү үед үргэлж тусалж дэмжиж, хандив тусламж өгч донор болж ирсэнд талархалтай байдаг. Цаашид ч Япон Улстай харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд бид анхааран ажиллана гэлээ. Мөн тэрээр “Богино хугацаанд эдийн засгаа сэргээн хөгжүүлэх нь монголчууд бидний хувьд нэн тэргүүний асуудал болоод байна. Үүнд Японы туршлага, дэмжлэг чухал байна. Ялангуяа Японы хувийн хэвшлийнхэн Монголд хөрөнгө оруулах боломжийг бий болгоход эрхэм парламентын гишүүдийн дэмжлэг чухал” байгааг онцолсон юм. Ингэхдээ тус улсын санхүүжилтээр Дархан-Уул аймагт баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл удаашралтай явагдаж байгааг хэлээд энэ тал дээр анхаарал хандуулахыг хүслээ. 

       МАН-ын бүлгийн даргын байр суурьтай Японы парламентын төлөөлөгчид санал нэгтэй байгаагаа илэрхийлээд эдийн засаг хүндрэлтэй үед нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд анхаарах ёстой гэлээ. Японы парламентын доод танхимын гишүүн Сонода Хироюки хэлэхдээ, манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Монгол Улсын өнөөгийн хөгжилд улс төрийн ууган хүчин МАН-ын гүйцэтгэх үүрэг, хариуцлага чухал гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

           Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед та бүхэн айлчилж байна. Тиймээс танай орны эдийн засгаа тогтвортой авч явдаг арвин туршлага бидэнд чухал. Бидний хөгжүүлж чадахгүй байгаа зарим асуудал дээр та бүхний дэмжлэг, зөвлөмж хэрэгтэй байна гэв. Мөн парламентын гишүүдээ иргэд нь шууд сонгодог Японы сонгуулийн тогтолцооны туршлагаас судлах хүсэлтэй байгаагаа энэ үеэр уламжлав. 

            Манай оронд айлчилж байгаа Японы парламентын гишүүд маргааш Дархан-Уул аймагт очиж үйлдвэрлэлийн бүсийг хэрхэн сэргээн хөгжүүлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэх, давтан сургах зэрэг асуудлаар газар дээр нь очиж судлах гэж байгаагаа МАН-ын бүлгийн удирдлагуудад хэллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд, Ажлын албаны зөвлөх М.Оюунчимэг нар байлцлаа.