Categories
мэдээ улс-төр

Цэцэрлэгийн хүртээмж, өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагын талаар мэдээлэл сонсов

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд өнөөдөр /2014.08.27/ “Цэцэрлэгийн хүртээмж, өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, барилга байгууламж”-ийн талаар мэдээлэл сонсож холбогдох албаныхантай тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.

Хуралдаанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт,  УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, Г.Уянга, З.Баянсэлэнгэ, Ж.Батзандан, Д.Сумъяабазар нар болон  холбогдох яам, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож санал бодлоо солилцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагын талаар танилцуулсан юм.

Нийслэлд 2013-2014 оны хичээлийн жилд төрийн өмчийн 178 цэцэрлэг, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт нийт 75579 хүүхэд хамрагдаж, 2-5 насны хүүхдийн 72,3 хувийг хамруулжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 4,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг тэрээр онцлов.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 31683 ор бүхий 178 цэцэрлэгт 59474 хүүхэд хүмүүжиж байгаа нь цэцэрлэгийн барилга хүчин чадлаасаа даруй 1,87 дахин илүү ачаалалтай ажиллаж байгаа аж.

Энэ онд гурван цэцэрлэгийн барилга ашиглалтанд орж, 27 цэцэрлэгийн барилга угсралтын ажил эхэлсэн байна. Мөн тендер нь зарлагдсан 32 цэцэрлэгийн барилга байгаа бөгөөд энэ тоог  нэмэгдүүлж 150 хүүхдийн хүчин чадалтай 374 цэцэрлэг барих шаардлага тулгарчээ.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана газар чөлөөлөлтийн ажил удаашралтайгаас шалтгаалж цэцэрлэгийн барилга барих ажил он дамнах, зохих ёсны хугацаандаа ашиглалтад орохгүй  байгаа талаар онцлоод, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх  таван санал гаргаж буйгаа танилцуулсан юм.

Үүнд нэгдүгээрт, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг хоёр дахин нэмэгдүүлж ингэхдээ 50 хувийг эцэг эхчүүд хариуцдаг байх шийдвэр гаргах хэрэгтэй байгаа талаар дурдаад, энэ талаар судалгаа явуулсныг  эцэг эхчүүдийн 80 хувь дэмжсэн байна.

хоёрдугаарт, өнгөрсөн хичээлийн жилд үйл ажиллагаа явуулсан төрийн бус өмчийн нийт цэцэрлэгийн 43 хувь нь  хүчин чадлаа бүрэн ашиглаж чадаагүй байна. Энэ нь нийт 71 цэцэрлэгийн 2552 ор сул байна гэсэн үг юм. Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд байгаа энэ  сул орыг ашиглаж тодорхой зорилтот бүлгийн хүүхдүүдийг төлбөргүйгээр хамруулах. Ингэснээр хувийн цэцэрлэгүүд бүрэн хүчин чадлаараа ажиллахаас гадна цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 3150-аар нэмэгдэнэ.

гуравдугаарт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Аж ахуй нэгж, байгууллага нь цэцэрлэгтэй байж болно” гэж заасныг үндэслэн байгууллагууд дэргэдээ өөрийн цэцэрлэг байгуулах саналыг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх.

дөрөвдүгээрт, ашиглалтын хугацаа дуусаагүй, суурь сайтай баригдсан 38 цэцэрлэгийн барилгад давхрын өргөтгөл хийж цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой. Барилга угсралтын ажилд шаардагдах 20 гаруй тэр бум төгрөгийг шийдвэрлүүлэх хэрэгтэй. Ингэснээр цэцэрлэгийн орны тоо 2850-аар, хамрагдах хүүхдийн тоо 4500-аар нэмэгдэнэ гэж үзэж байна.

тавдугаарт, боловсролын салбарт Захиргаа аж ахуйн орон тооны үлгэрчилсэн нормативыг  яаралтай батлуулах шаардлагатай байгаа гэсэн саналуудыг дэвшүүлэв.

Мэдээллийн явцад цэцэрлэгийн үйл ажиллагааны өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны  гишүүдийн зүгээс тавьсан  асуултад  холбогдох яам, агентлагийн   удирдлагууд  хариулт өглөө.

Мөн байнгын хорооны гишүүдийн зүгээс хэд хэдэн санал гаргасан. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар цэцэрлэг, сургуулийн барилгын нэгдсэн жишиг стандарттай болох асуудал дээр анхаарах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж, ингэснээр хөрөнгийн зарцуулалт тодорхой байхаас гадна хөрөнгө мөнгө хэмнэгдэнэ гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Байнгын хорооны гишүүд Нийслэлийн боловсролын газраас дэвшүүлсэн зарим саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлж ажил хэрэг болгох талаар анхаарч ажиллахыг холбогдох яам агентлагуудад анхаарууллаа.

Түүнчлэн Нийслэлийн боловсролын газраас дэвшүүлсэн  ашиглалтын хугацаа дуусаагүй, суурь сайтай баригдсан 38 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх ажлыг шуурхайлах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн юм.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэхдээ, цэцэрлэгийн барилгад давхрын өргөтгөл хийх ажлыг шуурхайлах хэрэгтэй. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх энэ ажилд шаардлагатай 20 гаруй тэрбум төгрөгийг 2015 оны төсөвт суулгахад  хоёр байнгын  хороо анхаарч ажиллана гэдгийг энэ үеэр дуулгав.

Мөн Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар энэ ажлыг хариуцаж зарим барилгыг концессын гэрээгээр шийдвэрлүүлэх хэрэгтэй гэсэн үүрэг, чиглэл өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг БНСУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Манай улсад айлчилж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ тэргүүтэй төлөөлөгчдийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа.

Энэ айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэлээ.

Мөн тэрбээр, ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг хоёр талдаа өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх,

БНСУ-д гэрээгээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхлэж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулахад анхаарч, дэмжлэг үзүүлэх, Солонгосын компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг уриалахыг Ерөнхий сайд хүслээ.

Мөн тус улсын Ерөнхий сайдыг Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урилаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хүлээн авч уулзаж буйд БНСУ-ын Гадаад хэргийн сайд талархал илэрхийлээд 2 орны бүх түвшний харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гэлээ. Мөн тэрбээр Ерөнхий сайдын тавьсан санал хүсэлтийг Засгийн газартаа уламжлах болно гэж хэллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

БНСУ-ын Гадаад харилцааны сайдын айлчлал өнөөдөр эхэлнэ

БНСУ-ын Гадаад хэргийн сайдын Монголд хийх айчлал өнөөдөр эхэлнэ.   Түүний айлчлал Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзсанаар эхлэх юм. Тодруулбал Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ 09:50 цагт Гадаад харилцааны сайд Л.Болдтой  уулзах бол тэдний албан ёсны хэлэлцээ хийх ажил 10:00 цагт эхлэх юм. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхах юм байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Си Жиньпин: Харилцан туслах замаар Хятад, Монголын харилцааны шинэ эрин үеийг нээнэ

  -Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд

                                    БНХАУ-ын дарга Си Зиньпиний хэлсэн үг-

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж  болон түүний гэргий,

Эрхэм хүндэт З.Энхболд Их Хурлын дарга аа,

Эрхэм хүндэт гишүүд ээ, сайд нар аа,

Хатагтай ноёд оо,

Анд нөхөд өө,

Сайн байцгаана уу. Өнөөдөр миний бие Монгол Улсын Их Хуралд зочилж, Та бүхэнтэй уулзаж байгаадаа туйлын байртай байна.

Юуны өмнө миний бие БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа энд оролцож байгаа Та бүхэнд болон Та бүхнээр дамжуулан Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Миний бие 2008 онд БНХАУ-ын Дэд даргын хувиар Монгол Улсад айлчлахдаа Монгол Улс элбэг баян сайхан орон юм гэсэн сэтгэгдэл төрж байлаа.

Танай улсын нэрт зохиолч Д. Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт:

       “Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд

       Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд

       Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд

       Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

       Энэ бол миний төрсөн нутаг  Монголын сайхан орон” гэж бичсэн байдаг.

Би 6 жилийн дараа дахин Монгол Улсад айлчилж, танай улсын хөгжил цэцэглэлт, хүч бололцоог хараад чин сэтгэлээсээ баярлаж байна. Миний бие ажилсаг хичээнгүй, итгэл төгс дүүрэн Монголын ард түмний ололт амжилтад баяр хүргэж байна.

Өчигдөр миний бие Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийж, өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай уулзаж ярилцлаа. Монгол Улсын удирдагчидтай Хятад, Монголын харилцаа болон харилцан сонирхсон асуудлаараа өргөн хүрээнд санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрлээ.

Хоёр тал Хятад, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүргэн дээшлүүлж, Хамтарсан тунхаглал гарган, улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын 20 гаруй хэлэлцээр, баримт бичигт  гарын үсэг зурлаа. Айлчлалын үр дүнд би сэтгэл ханамжтай байна. Хятад, Монголын харилцааны ирээдүйд итгэл төгс байна.

Хатагтай, ноёд оо,

Анд нөхөд өө,

Хүлгийн сайныг унаж мэддэг

Хүний сайныг ханилж таньдаг.

Хятад, Монгол  хоёр улсын хооронд 65 жилийн өмнө анх дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол Улс шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг. Танай улсаас шинэ Хятад улсад үзүүлсэн дэмжлэгийг бид мартах ёсгүй.

Хоёр дахь жарандаа ороод байгаа хоёр талын харилцаа улам өндөр түвшинд хүрснийг баяртайгаар тэмдэглэж байна. Ялангуяа өнгөрсөн 20 жилийн туршид Хятад, Монголын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч ирлээ. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, БНХАУ олон жил дараалан танай улсын гадаад худалдааны хамгийн том түнш болон хамгийн том хөрөнгө оруулагчийн байр суурийг хадгалж байна.

2013 онд Хятад, Монгол хоёр улсын хооронд харилцан зорчсон иргэдийн тоо 1 сая 300 мянга давсны дотор Хятадад зорчсон монгол иргэдийн тоо 1 саяыг давжээ. БНХАУ, Монгол Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон нь цаг үетэйгээ нийцэж байна. Энэ нь хоёр талын харилцаа түүхэндээ хамгийн сайн үедээ орсныг илтгэж байна.  

Хятад, Монгол хоёр орон уул, усаараа холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд бүс нутгийн хувьд чухал улсууд билээ. Энэ жил бол БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэсний 20 жилийн ой, мөн Хятад, Монголын найрсаг солилцооны жил болж байна.  Хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон боломжийг ашиглан Хятад, Монголын харилцааг улам өндөр түвшинд гаргах хэрэгтэй гэж үзэж байна.

Үүний тулд,

Нэгдүгээрт, Хятад, Монгол хоёр улс бие биедээ тустай сайн хөрш болох ёстой.

Олон улсын нөхцөл байдалд ямарч өөрчлөлт гарсан хоёр улсын харилцааны гол чиг шугамаа дагаж, стратегийн түншлэлийн өнцгөөс нөгөө талынхаа эрх ашгийг бодолцож байх ёстой. Нөгөө талын бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг гол асуудал болон нөгөө талынхаа анхаарлаа хандуулж буй томоохон асуудалд тууштай, харилцан дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй.

Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгална.

Хоёр улсын удирдагч нар янз бүрийн шугамаар уулзалдаж, стратегийн зохицуулалтыг эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлнэ.  Миний бие Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энэ оны 11 дүгээр сард Хятадад болох АПЕК-ийн гишүүн орнуудын удирдагч нарын албан ёсны бус хурлын үеэр зохион байгуулах дэд бүтцээр холбох түншлэлийн яриа хэлэлцээнд оролцохыг урьж байна. 

Хятадын тал Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг энэ онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхийг мөн урьж байна. Хууль тогтоох байгууллагуудын хооронд байнгын харилцах механизм, БНХАУ-ын Гадаад харилцааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд стратегийн яриа хэлэлцээний механизм тогтоохоор хоёр тал тохиролцсон бөгөөд батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтын хүрээнд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

Монгол Улсыг АПЕК-ийн гишүүнээр элсэхийг БНХАУ дэмжиж байна.

Монголын тал Зүүн Азийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, Зүүн Азийн дээд түвшний уулзалт, Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаанд зохих хэлбэрээр оролцохыг Хятадын тал дэмжиж байна. Монголын тал санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг дэмжиж, НҮБ, АСЕМ, АХАИББХ, ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ.

Хятадын тал Монголын талтай “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгын хүрээнд ажиллахад бэлэн байна. Мөн Монголын “Талын зам”санаачлагад нааштайгаар, нээлттэй хандаж байна. Хоёр тал Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг шинэ талбарт хамтын ажиллагааг бэхжүүлэн хамтдаа хөгжиж, хамтран ашиг хүртэх болно.

Хоёрдугаарт, Хятад, Монгол хоёр улс харилцан ашигтай, хамтдаа хожих сайн түнш болох ёстой.

“Усны дэргэдэх асраас сарны тусгалыг түрүүлж харна” гэсэн үг бий.

Хятад, Монгол хоёр орон газар зүйн байршлын хувьд хөрш, эдийн засгийн хувьд харилцан нөхөх шинжтэй. Хятадын талд зах зээл, хөрөнгө мөнгө, техник,технологи, зам, дэд бүтцийн талаар давуу тал бий. Монгол Улс арвин их байгалийн баялагтай. Иймд хоёр тал хамтран ажиллахад ихээхэн боломж байна.

Өнгөрсөн жил Хятад улсын импорт, экспортын барааны эргэлт 4 трилион 16 тэрбум ам.долларт хүрсэн. Ирэх 5 жилд Хятадын гадаад худалдааны эргэлт 10 трилион, гадаадын хөрөнгө оруулалт 500 тэрбум ам.долларт хүрэх урьдчилсан тооцоо байна. Өнгөрсөн жил гадаадад зорчсон хятад иргэдийн тоо бараг 100 сая болсон. Энэхүү тоо 2020 он гэхэд 150 саяд хүрнэ. Хятад улсын тасралтгүй хөгжил Монгол Улс болоод бусад түншүүдэд асар том зах зээл, боломжийг нээж байна.

Миний энэ удаагийн Монгол Улсад хийсэн айлчлалаар Монголын тал удаан хугацаанд анхаарал тавьж ирсэн дамжин өнгөрөх тээвэр, далайн гарцын асуудал тодорхой шийдэлд хүрлээ. Хоёр тал уул, уурхай, эрчим хүч, дэд бүтцээр холбогдох хамтын ажиллагааны комисс байгуулж, Хятад, Монголын  худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт гарын үсэг зурлаа.  2020 он гэхэд хоёр талын хоорондын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тодорхойлсон. Хоёр талын хилийн боомтын төмөр замын хамтын ажиллагааны талаар гүн гүнзгий санал солилцож, тохиролцоонд хүрлээ.  Хоёр тал юань, төгрөгийн свопийн хэмжээг 10 тэрбум 500 сая хүртэл нэмэгдүүллээ. Эрээн-Замын-Үүдэд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах талаар судалгаа хийхээр санал нэгдлээ. Хоёр тал уул уурхайн бүтээгдэхүүнийг гүнзгий боловсруулах, шинэ эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт бүх талын хамтын ажиллагаа явуулах  болно. Эдгээр шинэ хэлбэрийн хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд улам их, бодит ашиг тус авчирна гэдэгт найдаж байна.

Гуравдугаарт, Хятад, Монгол хоёр улсын иргэд үргэлж харилцан зочилсон сайн найзууд болох ёстой.

Замаа мэдвэл явахад амар

Хүнээ мэдвэл ярилцахад амар.

Өчигдөр би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийхэд иргэдийн солилцоог идэвхжүүлэх, харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх бодлого баримтлах, залуучууд, хэвлэл, мэдээллийн салбарын тогтмол солилцоог бэхжүүлж, ингэснээрээ нийгэмд таатай уур амьсгалыг бүрдүүлж, Хятад, Монголын найрамдлыг эрчимтэй сурталчлахаар тохиролцсон.

Хятадын тал Монгол Улсын иргэн тус улсад суралцах, жуулчлах, худалдаа хийх, эмчлүүлэхэд найрсагаар хүлээн авах болно. Хятадын тал ирэх 5 жилд Монголын талд нийт 1000 хүнийг давтан сургалтад хамрагдах квот олгож, Засгийн газрын тэтгэлэгт 1000 оюутныг хамруулах, 500 цэргийн албан хаагчдын мэргэжлийг дээшлүүлэх болно. Монголын 500 залуу, 250 сэтгүүлчийг Хятадад айлчлахыг урьж байна. Хятадын тал Монголын талд 25 шилдэг кино бэлэглэх болно. Эдгээр нь хоёр орны ард түмний хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг гүнзгийрүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэж байна.

Хатагтай, ноёд оо,

Анд нөхөд өө,

Одоо Хятадын ард түмэн хоёр “100 жил”-ийн зорилт биелүүлэхийн төлөө хүчин зүтгэж байна. 2020 он гэхэд анхан шатны чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, энэ зууны дунд үе гэхэд чинээлэг, ардчилсан, соёлтой, өв тэгш, орчин үеийн социалист орныг бүтээн байгуулна. Бидний энэхүү зорилтыг товчлон хэлбэл, Хятад үндэстний сэргэлтийн “Хятадын мөрөөдөл” гэж хэлж болно. Монгол Улс өөрийн орны шинэчлэлт, өөрчлөлт, нийгэм, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэж байна. Өөрөөр хэлбэл Монголын ард түмний зүрхэнд бас “Монголын мөрөөдөл” бий.

БНХАУ-ын шинэчлэл өөрчлөлт, нээлттэй байх бодлого, орчин үеийн бүтээн байгуулалт нь хөрш орнуудад, түүний дотор Монгол Улсын хөгжилд нааштайгаар нөлөөлж, чухал түлхэц болно. Хятад, Монгол хоёр улсын хөгжлийн стратегийг үр дүнтэй хослуулснаар хамтран хөгжих бүрэн боломжтой юм.

Хоёр “100 жил”-ийн зорилтыг биелүүлэх нь амар хэрэг биш. Яагаад гэвэл бид 1 тэрбум 300 сая хүн амтай, алслагдсан зах хязгаар нутгийн хөгжил тэнцвэргүй, бидний ачаа хүнд, туулах зам хол байгааг бүрэн мэдэрч байна. Бид удаан хугацаанд цуцалтгүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Энэхүү зорилтыг биелүүлэхэд аятай таатай орчин хэрэгтэй. Хэрвээ гэрийн гадаа тайван байвал, гэрийн дотор санаа зоволтгүй ажлаа хийж чадна.

Хятад улсын зогсолтгүй хөгжлийн явц дэлхий дахинд болон зарим хүмүүст эргэлзээ төрүүлжээ. Хятад улс хөгжсөнөөрөө заналхийлэл болох вий гэж санаа зовниж байна. Энэ бол буруу ойлголт, буруу үзэл бодол юм.

Хятад улс энх тайванч замаар тууштай замнаж, дэлхийн улс орнууд энх тайвнаар хөгжихийг дэмжиж байгаагаа олонтаа илэрхийлсэн. Хятад улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн, дэлхийн бусад орнуудтай хамтран хүн төрөлхтөний ёс суртахуун болон олон улсын нийтлэг хэм хэмжээг сахин хамгаалж, дэлхий болоод бүс нутгийн үйл ажиллагаанд шударга ёсыг эрхэмлэн оролцох болно. Хятад улс чин шударга, зоригтой, тэвчээртэй, яриа хэлэлцээний зарчмаар, энх тайван замаар аливаа зөрчил маргааныг шийдвэрлэхийн төлөө байна.

Хятад улс дэлхийн улс орнууд өөр өөрсдийн хөгжих замыг сонгох эрхийг хүндэтгэж ирснийг олонтаа мэдэгдэж байсан. Бид өөрсдийн үзэл бодлыг бусдад тулган хүлээлгэхгүй. Аливаа хүн өөрийн үзэл бодлыг хятадын ард түмэнд тулган хүлээлгэхийг бид бас зөвшөөрөхгүй. Бид олон улсын маргааныг энх тайвнаар шийдэхийн төлөө байна. Хятад улс аливаа жанжлах бодлого, хүчирхийлэгч улс төрийг эсэргүүцэж, хэзээ ч жанжлах бодлого явуулахгүй, хэзээ ч тэлэх бодлого явуулахгүй.

Хятад үндэстэн энх тайвныг эрхэмлэгч үндэстэн бөгөөд хятадын соёл, өв уламжлалыг эрхэмлэдэг. Таван мянган жилийн иргэншлийн хөгжлийн явцад хятад үндэстэн энх тайванч, эв хамтач үзлийг тууштай баримталж ирсэн билээ. Энх тайвныг эрхэмлэх, эвсэг найртай харилцах, өөрийн хүслийг бусдад тулгахгүй байх зэрэг ойлголтууд нь Хятадын эрт дээр үеэс уламжлагдан ирсэн, хятад гүн ухаанд  шингэсэн, хятад хүний үйл ажлаар илэрч байдаг. Эрт дээр үеэс хятад үндэстэн гадаадад довтлохын оронд худалдаа хийх, гадаад харилцааг идэвхтэй явуулж ирсэн. Өөрийн орныг хамгаалах эх оронч үзлийг эрхэмлэдэг. Харин нутаг дэвсгэрээ тэлэх, колончилох  үзэл байхгүй. Хуучин Хятад улсын түүхээс харахад гай гамшиг дүүрэн, зовлон доромжлолд автсан гашуун түүх байдаг. Мөн Хятад үндэстний гадаадын довтлогоог эсэргүүцсэн, үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн аугаа их тэмцлийн түүх байдаг. Хатуу зовлонг туулсан Хятадын ард түмэн энх тайвныг эрхэмлэн хайрладаг бөгөөд өөрийн гашуун сургамжийг бусдад дахин амсуулахгүйн төлөө байна. Хятадын ард түмэн дэлхийн бусад орны ард түмэнтэй энх тайвнаар зэрэгцэн оршиж, эв хамтаар хөгжих, энх тайвныг хамтран сахин хамгаалж, энх амгаланг хамтдаа хүртэхийн төлөө бэлэн байна.

Хятад улсын шинэчлэл, нээлттэй бодлого явуулсан 30 гаруй жилийн түүх энх тайвнаар хөгжих нь БНХАУ-ын улс орны үндсэн нөхцөл байдал, нийгмийн тогтолцоо, уламжлалт соёлоос үүдсэн стратегийн сонголт гэдгийг нотлон харуулж байна. Энэ нь он цагийн урсгалд хөл нийлсэн, Хятадын үндэсний эрх ашигт нийцсэн, дэлхийн бусад орон болон хөрш орнуудын эрх ашигт зохицсон байдаг юм. Бид үүнийг өөрчлөх учиргүй.

Бид Монгол Улс болоод хөрш орнуудаа хамтдаа хөгжих сайн түнш, энх тайван тогтвортой байдлыг сахин хамгаалах сайн найз гэж үздэг. Бид дийлэнх хөршүүдтэйгээ түншлэлийн харилцаа тогтоогоод байна. Цаашид ч хөршүүдтэйгээ найрсагаар харилцах, түнш болох зарчмыг барьж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, баян чинээлэг болгох бодлогыг баримтална. Бид хөршүүдтэйгээ харилцахдаа эвтэй найрсагаар, чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар хандаж эвсэг хөрш, амгалан хөрш, баян хөрш байх бодлого баримтална.

Хамтдаа түлээ цуглуулбал гал өндөр бадарна. Хятад улс Монгол Улсыг оролцуулаад хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. Та бүхнийг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байна. Галт тэрэг хурдан ч бай, удаанч бай бид Та бүхнийг урьж байна. “Ганцаар явбал хурдан явна. Олуулаа явбал хол явна” гэж үг байдаг.

Хятад улс хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаа явуулахдаа зөв үзэл бодол баримталж, “би хожиж, чи хожигдоно”, “би ихийг, чи багыг” гэх асуудал гаргахгүйгээр, зарим тодорхой төслүүд дээр нөгөө талын эрх ашгийг анхаарах болно гэдгийн би олонтаа хэлсэн. Хятад хүн хэлснээ хийдэг, хийснээ дуусгадаг. Хятад улсын хэлсэн үг, амласан амлалт заавал биелэх, хэрэгжих ёстой.

Хатагтай, ноёд оо,

Найз нөхөд өө,

Монголд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн үг байдаг.  Хятад хүн “Сайн хөршийг алтаар ч солихгүй” гэж ярьдаг. Хятад  улс дэлхий дээр хамгийн олон хөрштэй орон. Үүнийгээ бид үнэт эрдэнэ гэж үздэг.

Өнөөгийн өртөнцөд Ази тив бол эдийн засаг хамгийн эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг. Мөн эмзэг асуудал цөөнгүй байдаг. Азийн улс орнуудын хөршийн харилцааг хэрхэн зохицуулах, яаж энх тайвнаар зэрэгцэн орших, яаж хамтдаа хөгжих, зөрчил маргааныг эв зүйгээр хэрхэн зохицуулах зэрэг нь заримдаа төвөгтэй асуудалд хүргэдэг. Миний бодлоор эдгээр асуудлыг шийдэхийн тулд хамгийн чухал нь цаг үеийн байдал, ард түмний хүсэл зорилгод нийцүүлэх хэрэгтэй гэж үздэг. Мөн түүнчлэн харилцан хүндэтгэлтэй хандаж, үзэл бодлоо нэгтгэж, санал зөрөлдөөнөө арилган, ирээдүйгээ харсан, харилцан ашигтай байх, хамтдаа хожих зарчмыг баримталж, дорно дахины оюун ухаанаар аядуу зөөлөн асуудлыг шийдэж, эвийг эрхэмлэх зүйтэй гэж боддог.

60 жилийн өмнө Хятад, Энэтхэг, Мяньмар хамтран энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмыг санаачилсан нь улс хоорондын харилцааны чиглүүлэх суурь мөрдлөг болж, Азийн улс орнууд олон улсын харилцааны хөгжлийг урагшлуулахад чухал хувь нэмэр оруулсан билээ. Бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулах явцад Азийн улс орнуудын солилцоог бий болгон, харилцан хүндэтгэж, санал нэгтэй зөвшилцөн тал талд таатай ази хэв маягийг харгалзан үзэх нь энэ бүс нутгийн онцлог, харилцаагаа зохицуулах уламжлалд нийцэх юм. Энэхүү уламжлал нь Азийн улс орны хөршийн харилцаанд илэрч байна. Өнөөдөр үүнийг үргэлжлүүлэн өргөжүүлж, Азийн орнууд болон бүс нутгийн энх тайван, хөгжил, хамтын ажиллагаанд тасралтгүй өдөөгч, дотоод хөдөлгөгч хүч болгох хэрэгтэй. Энэхүү уламжлалыг баримталж хэрэгжүүлэхэд дараах хэдэн зүйлийг хийх хэрэгтэй.

Харилцан хүндэтгэж, харилцан итгэе. Азийн олон улс, орнууд гадны түрэмгийлэлд өртөж, зовлон зүдгүүр амссан түүхтэй. Тиймээс ч тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үнэ цэнийг гүн гүнзгий ойлгодог. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, нөгөө улсын сонгосон нийгмийн тогтолцоо болон хөгжлийн замыг хүндэтгэх, дотоод хэрэгт нь үл оролцох, бие биенийхээ анхаарал хандуулж буй томоохон асуудлыг харилцан  дэмжих нь Азийн улс орнуудын найрсаг харилцааны гол үндэс юм. Азийн улс орнууд өөр өөрийн онцлогтой, нээлттэй, хүлээцтэй уламжлалтай билээ. Улс орнууд эрх тэгш зарчимд тулгуурласан өөр өөр соёл, иргэншлийн харилцан солилцоог нэмэгдүүлэх замаар харилцан ойлголцол, илтгэлцлийг гүнзгийрүүлж, Ази тивийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийн бат бэх үндэс суурийг бий болгоно.    

Нийтлэг зүйлийг нэмэгдүүлж, зөрчлийг арилгая. Азийн улс орнуудын харилцааны түүхэнд найрсаг хамтын ажиллагаа голлож ирсэн боловч зарим нэг шийдвэрлэх асуудлууд байсаар байна. Хөрш орнуудын хооронд үл ойлголцох явдал хааяа гардгийг үгүйсгэхгүй. Гол нь асуудалд хэрхэн хандаж, яаж шийдвэрлэх нь чухал юм. Яриа хэлэлцээний нэгдсэн ойлголт болон хамтын ажиллагааны нийтлэг зүйлийг нэмэгдүүлж, зөрчилдөөнийг арилгах нь бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг удаан хугацааны туршид хадгалах цорын ганц баталгаа юм. Бид алсын хараатай байж, аливаа асуудлыг найрсагаар хэлэлцэн зөвшилцөж, олон улс, бүс нутгийн үйл хэрэгт хамтран оролцож олон улсын улс төр, эдийн засгийг эрх тэгш, шударга зарчмаар хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулна.

Хамтын ажиллагаанд хамтдаа хожих, эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх нь Азийн улс орнуудад тулгарч буй эн тэргүүний зорилт бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх нь найрсаг харилцааг урагшлуулах гол түлхүүр юм. Азийн улс орнууд хамтдаа хүчирхэгжин, харилцан туслах ази чанараа хадгалан, давуу талаараа харилцан нөхөлцөж, эрх ашгаа хамтатган өргөжүүлж, чөлөөт худалдааны бүс байгуулах болон харилцан дэд бүтцээр холбох бүтээн байгуулалтаа урагшлуулан, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлж, хамтдаа хөгжин, нийтлэг эрх ашгийн том бялууг бүтээлцэж, улс орнуудын ард түмний аз жаргалыг нэмэгдүүлэхийг хүсч байна.

Хатагтай, ноёдоо,

Анд найз нараа,

Миний бие энэ удаагийн Монгол Улсад хийж буй айлчлалаасаа Монгол, Хятадын найрамдал хэдийнээ хоёр орны ард түмний сэтгэлд соёлж буйг мэдэрлээ. Энэ нь Монгол, Хятадын харилцааны хөгжилд хамгийн том итгэлцэл, хөдөлгөгч хүч юм. Хоёр орны ард түмний дэмжлэгээр Монгол, Хятадын харилцааны маргааш улам сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ он бол Монгол, Хятадын морин жил. Морь бол хүч чадал, ахиц дэвшлийн бэлэг тэмдэг юм. Монгол, Хятад хоёр орны ард түмний хайр, хүндэтгэлийг гүн гүнзгий мэдэрцгээе.

Монгол Улсын бүтээн байгуулалт морины хурдаар цэцэглэн хөгжихийг чин сэтгэлээсээ хүсч байна. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд хурдан моринд ташуур өгөх адил амжилт хүсье. Гар гараасаа барилцан хамтын чармайлтаар Монгол, Хятадын үе үеийн найрамдлын үрийг хоёр орны ард түмний сэтгэл зүрхэнд цацая.

Categories
мэдээ улс-төр

Үзэсгэлэнгийн нээлтэд оролцов

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Дарга Си Зиньпин нар  Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан “Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дурсамж” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцож, үзэж сонирхлоо. Үзэсгэлэнг Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 1949 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэлх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн гэрэл зургуудыг дэлгэн тавьжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын дарга Си Жиньпиний Монгол Улсад хийж буй Төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан баримт бичгүүд

Ганцаарчилсан уулзалтын дараа Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар албан ёсны
хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн айлчлалаас 11
жилийн дараа Хятад улсын дарга Монгол Улсад дахин төрийн айлчлал хийж буйг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон дурдлаа. БНХАУ-ын дарга Си Жиньпин
хариу хэлэхдээ хэдийгээр Монгол Улсад хоёрхон хоног айлчилж буй ч гарах үр дүн
нь асар их байгааг онцолсон юм.

Албан ёсны хэлэлцээний үр дүнд хоёр
тал дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав.

1. Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж
бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал

Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар гарын үсэг зурав.

2. Монгол, Хятадын хооронд 1949-2012
онд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Засгийн газар хоорондын
протокол

3. Монгол Улсын Гадаад харилцааны
яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны протокол

Монгол Улсын Гадаад харилцааны сайд
Л.Болд, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар тус тус гарын үсэг зурав.

4. “Ялтан шилжүүлэх тухай Монгол
Улс, БНХАУ-ын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцох протокол

Монгол Улсын Хууль зүйн сайд
Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар гарын үсэг зурав.

5. Монгол Улс Хятад Улсын нутаг
дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн
газар хоорондын хэлэлцээр

Монгол Улсын Зам, тээврийн сайд
А.Гансүх, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар гарын үсэг зурав.

6. Төмөр замын дамжин өнгөрөх
тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын ерөнхий
хэлэлцээр

7. Төмөр замын хамтын ажиллагааг
хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

8. “Монгол, Хятадын хилийн төмөр
замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам,
БНХАУ-ын Улсын Төмөр замын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Монгол Улсын Зам, тээврийн сайд
А.Гансүх, БНХАУ-ын Тээврийн яамны дэд сайд бөгөөд Төмөр замын газрын дарга Лу
Дун Фу нар тус тус гарын үсэг зурав.

9. Монгол Улсын Уул, уурхайн яам,
БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хооронд нүүрсний гүн
боловсруулалтыг эрчимжүүлэх салбарын хамтын ажиллагааны тухай харилцан
ойлголцлын санамж бичиг

Монгол Улсын Уул, уурхайн сайд
Д.Ганхуяг, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Сю Шаоши
 нар гарын үсэг зурав.

10. Эрдэс баялаг, эрчим хүч, дэд
бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл байгуулах тухай Монгол Улсын
Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо
хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн
сайд Н.Батбаяр, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Сю Шаоши
нар гарын үсэг зурав.

11. Монгол, Хятадын худалдаа, эдийн
засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр

12. Эдийн засаг, техникийн хамтын
ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр

13. Хятадын талын тусламжаар Улаанбаатар
хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулах төслийг эхлүүлэх
тухай Засгийн газар хоорондын солилцох захидал

14. Монгол, Хятадын эдийн засгийн
хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах тухай Монгол Улсын Эдийн засгийн
хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж
бичиг

Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн
сайд Н.Батбаяр, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен нар тус тус гарын үсэг
зурав.

15. Монгол Улсын Эдийн Засгийн
хөгжлийн яам, БНХАУ-ын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Цахим
эрүүл мэнд” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

16. Монгол Улсын Эдийн Засгийн
хөгжлийн яам, БНХАУ-ын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Шинэ
зууны боловсрол төсөл”–ийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

17. Монгол Улсын Эдийн Засгийн
хөгжлийн яам, БНХАУ-ын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Том оврын
тракторын худалдан авах төсөл”–ийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн
сайд Н.Батбаяр БНХАУ-ын Экспорт, импорт банкны ерөнхийлөгч Ли Руогу нар тус тус
гарын үсэг зурав.

18. Монгол, Хятадын хилийн боомтын
менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай Монгол Улсын Боомтын
үндэсний зөвлөл, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр

Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг,
БНХАУ-ын ГЕГ-ын дарга Юй Гуанжоу нар гарын үсэг зурав.

19. Монгол Улсын ССАЖЯ, БНХАУ-ын
Соёлын яам хоорондын соёлын солилцооны протокол

Монгол Улсын Соёл, спорт, аялал
жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, БНХАУ-ын Соёлын сайд Цай У нар гарын үсэг зурав.

20. Монгол Банк, Хятадын Банкны
хяналтын хороо  хоорондын хяналтын хамтын ажиллагааны санамж бичиг

Монгол Банкны Ерөнхийлөгч
Н.Золжаргал, Хятадын Банкны Хяналтын хорооны дарга Шан Фүлин нар гарын үсэг
зурав.

21. Хамтын ажиллагааны тухай Газрын
тосны газар, Хятадын Газрын тосны үндэсний корпораци хоорондын санамж бичиг

Монгол Улсын Газрын тосны газрын
дарга Г.Өлзийбүрэн, Хятадын Газрын Тосны Үндэсний корпорацийн дэд ерөнхийлөгч
Лиу Хунгбин нар гарын үсэг зурав.

22. Улаанбаатар хотын Сүхбаатар
дүүргийн 7 дугаар хорооллын Г хэсэг орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлэх
Төрийн орон сууцны корпораци, Хятадын Экспорт-импорт банк хоорондын зээлийн
хэлэлцээр

Төрийн орон сууцны корпорацийн
Ерөнхий захирал А.Гантулга, БНХАУ-ын Экспорт, импорт банкны ерөнхийлөгч Ли Руогу
наргарын үсэг зурав.

23. 162 сая ам долларын арилжааны
зээлийн тухай Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын
хэлэлцээр

Монгол Улсын Хөгжлийн банкны
Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, БНХАУ-ын Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Жэн Жизие нар
гарын үсэг зурав.

24. Гашуун сухайт-Ганц модны боомтын
төмөр замыг санхүүжүүлэх тухай Гашуун сухайт ХХК, БНХАУ-ын Шэнхуа групп,
Хятадын хөгжлийн банк хоорондын ерөнхий хэлэлцээр

“Гашуун сухайтын төмөр зам” ХХК-ийн
Гүйцэтгэх захирал Х.Ганболд, БНХАУ-ын Шэнхуа группийн Ерөнхийлөгч Жан Юйжуо нар
гарын үсэг зурав.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаанд БНХАУ-ын дарга Си Зиньпин үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан зарласан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр /2014.08.22/ боллоо.

Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар байлцав.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпинийг чуулганы хуралдааны танхимд орж ирэхэд Улсын Их Хурлын гишүүд, хүндэт зочид босч хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдааныг Улсын Их Хурлын дарга З.Энхболд нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин оролцож байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн босгон дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа нь 1994 онд хоёр орны хооронд байгуулсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ болон хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж буй бусад баримт бичгийг амжилттай хэрэгжүүлж, цаашид хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин Танд Монгол Улсын Их Хурлын гишүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, нарлаг монгол оронд минь тавтай морилохыг хүсье” гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан зарласан Монгол Улсын Их Хурлын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Хүндэтгэлийн хуралдааныг нээснийг мэдэгдэхэд хөгжимт Төрийн дуулал эгшиглэж Улсын Их Хурлын гишүүд, хүндэт зочид босч хүндэтгэв.

Улсын Их Хурлын дарга дараа нь хүндэт зочныг Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд үг хэлэхийг урилаа.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин хэлсэн үгэндээ, “ Өнөөдөр Монгол Улсын Их Хуралд зочилж Та бүхэнтэй уулзаж байгаадаа их баяртай байна. Юуны өмнө миний бие Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс, мөн хувиасаа энд байлцаж буй та бүхнээр дамжуулан бүх Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе. Миний бие Монгол Улсын удирдагч нартай Хятад, Монголын харилцаа болон хамтран сонирхсон асуудлаар гүн гүнзгий санал бодлоо солилцож өргөн хүрээнд тохиролцоонд хүрсэн. Хоёр тал Хятад Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлэх хамтарсан Тунхаглал гаргаж 20 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байна. Хятад, Монголын харилцааны ирээдүйд итгэл төгс байна. Морины сайныг унаж мэддэг, хүний сайныг ханилж мэддэг. 65 жилийн өмнө Хятад, Монгол хоёр улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол улс бол хамгийн эрт шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон улсуудын нэг мөн” гэлээ.

Үүний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүндэт зочинд хандаж, Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд халуун дотно үг хэлсэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдааныг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэллээ. Улсын Их Хурлын даргын Хүндэтгэлийн хуралдааныг хааж хэлсэн үг, Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпиний хэлсэн үгийг parliament.mn, open.parliament.mn сайтад бүрэн эхээр нь нийтлэнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын даргын айлчлалын хүрээнд аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулав

БНХАУ-ын дарга Си Зиньпиний 2014 оны 8 дугаар сарын 21-22-ны өдөр Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны баримт бичигт өчигдөр гарын үсэг зурсан юм. Уг арга хэмжээний үеэр:  

Хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тогтоох тухай Монгол Улсын “Эрдэнэс Монгол” ХХК болон БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпораци (the China railway engineering corporation) хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,

Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замыг санхүүжүүлэх тухай Гашуун сухайт ХХК, БНХАУ-ын Шэнхуа групп, Хятадын хөгжлийн банк хоорондын ерөнхий хэлэлцээр, 

Адуунчулууны 300 МВт цахилгаан станцыг бариж байгуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх тухай “Монгол алт” (МАК) ХХК,  Харбины  Олон улсын Эрчим хүчний компани  хоорондын ерөнхий хэлэлцээр, 

Нарийнсухайтын 195 МВт цахилгаан станцыг барьж байгуулах  төслийг хамтарч хэрэгжүүлэх тухай “Монгол алт” (МАК) ХХК, Харбины  Олон улсын Эрчим хүчний компани хоорондын  ерөнхий хэлэлцээр, 

Тавантолгой – Ханги чиглэлийн 435 км авто замын төслийн тухай Нако ХХК болон БНХАУ-ын Төмөр замын барилга байгууламжийн корпораци хоорондын хамтын ажиллагааны гэрээ, 

“Эрдэнэцогт Энержи” ХХК, Хятадын “China Power Engineering Consulting Group” хооронд “Эрдэнэцогтын цахилгаан станц барих тухай” харилцан ойлголцлын санамж бичиг,

“Хүрмэн Энержи ХХК болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Kingho Group хоорондын нүүрс гүн боловсруулах төсөл хэрэгжүүлэх тухай санамж бичиг”,

“Голден сояа бийн” ХХК, “Хожуулын эх” ХХК болон БНХАУ-ын “Өү Най Те” сүү, сүүн бүтээгдэхүүний компани хоорондын хамтран ажиллах гэрээ,

“Талын Монгол групп” ХХК, БНХАУ-ын “Хөлөнбуйр Аялал жуулчлалын групп” ХХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг,

“Уникон групп” ХХК, БНХАУ-ын “Хөлөнбуйр Нүн Кэнь групп” ХХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг,

“Эрдэнэт прогресс” ХХК, Дон-Юань ХХК, Shandong Ayeshan Group хоорондын хөдөө аж ахуйн цогцолбор төсөл хэрэгжүүлэх “Эмээлт прогресс” ХХК үүсгэн байгуулах тухай гэрээнд тус тус гарын үсэг зурав. 

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Си Зиньпинийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай оронд төрийн айлчлал хийж буйд талархал илэрхийлээд энэ айлчлал нь хоёр орны харилцаа хамтын ажиллагааг чухалчлан үзэж байгаагийн илрэл хэмээн өндрөөр үнэлж байгаагаа хэллээ.

Мөн тэрээр, Монгол Хятадын стратегийн түншлэлийн харилцаа шат ахин хөгжиж, улс хоорондын харилцааны дээд түвшин болох иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлэхээр тохиролцон Хамтарсан тунхаглал болон Монгол Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсанд баяртай байна гэлээ.

Монголын экспортын бараа, бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд татваргүй, квотгүй гаргах чиглэлд анхаарахыг Ерөнхий сайд хүслээ.

Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж, нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц хамтран байгуулах, эрчим хүч экспортлох талаар хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх саналтай байна гэлээ. Хоёр орон эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх зорилгоор Монгол Хятадын эрчим хүчний зөвлөл байгуулсан. Иим байнгын механизмтай болсон нь энэ чиглэлийн хамтын ажиллагааг дээшлүүлэхэд ач холбогдлоо өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. БНХАУ манай улсын худалдааны том түнш. Хоёр тал дунд хугацаанд худалдааны хэмжээгээ 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байна гэлээ.

 Монгол Улсын Ерөнхий сайдын тавьсан хамтын ажиллагааны талаарх бодиттой санал хүсэлтийг судалж, ажил хэрэг болгоход анхаарна гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин хэллээ. Монгол Улсын транзит тээврийг нэмэгдүүлэхэд манай орны далайн боомтыг ашиглахад бид хамтарч ажиллана. Энэ нь далайд гарцгүй танай орны хувьд чухал асуудал юм.

Монгол Улсын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг БНХАУ-д илүү их хэмжээгээр авахад бид бэлэн байна.

Мөн Хятад улс Торгоны зам төслийг эхлүүлэхээр төлөвлөж буй энэ үед танай улс Талын зам төслийг санаачилсан байна. Торгоны зам, Талын замыг хэрхэн хослуулах талаар бид судалъя. Мөн Монгол Улсад  үндэсний үйлдвэрүүд байгуулагдахад ялангуяа, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлэх, өмнийн говийн төмөр замыг нарийн царигаар шийдсэн тохиолдолд энэ замыг барих, санхүүжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг Шинзо Абэгийн ээжтэй уулзжээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Монгол, Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилж байгаа Япон Улсын Парламент дахь Либерал Ардчилсан намын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоo Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Япон Улсын Парламент дахь Зөвлөхүүдийн танхимын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Сацүки Эда, Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хироюки Сонода болон парламентын гишүүд мөн Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн ээж Ёко Абэ нар багтсан юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн ээж Ёко Абэг тусгайлан хүлээн авч уулзсан байна.