Categories
мэдээ улс-төр

В.Путины зөвлөх Юрий Ушаков мэдээлэл хийжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад ажлын айлчлал хийх гэж байна. Тэрбээр хэдхэн хормын дараа Чингис Хаан олон улсын нисэх буудалд газардах гэж байна.

Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч В.Путины зөвлөх Юрий Ушаков айлчлалын үеэр том хэмжээний 13 хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөсөн гэж мэдэгджээ. Эдгээрийн дотор хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр багтсан нь тодорхой боллоо. Түүнчлэн Улаанбаатар төмөр замын шинэчлэл, стратегийн хөгжлийн түншлэлээр Оросын төмөр замын “РЖД” хувьцаат нийгэмлэг болон Монгол улсын Зам тээврийн яамны хооронд мөн хэлэлцээр хийгдэхээр болсон гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

 Юрий Ушаков “Монголын тал визгүй зорчих асуудлыг 1994 оноос хойш тавьж байгаа хэдий ч манай тал түдгэлзүүлсээр ирсэн билээ. Гэвч энэ удаад манай хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих болсноор харилцан ашигтэй бизнес цэцэглэн хөгжиж, соёл урлаг, аялал жуулчлалын харилцаанд чухал түлхэц үзүүлэх нь дамжиггүй” гэжээ.

 Үүнээс гадна Хэрлэн, Онон, Улз зэрэг Монголын томоохон голууд цутгадаг Амур мөрний зэрлэг ан амьтны нөөц, Монгол улсад цэрэг техникийн тусламж үзүүлэх тухай протокол, Хоёр улсын Хууль зүйн яамдын хамтын ажиллагаа, худалдаа болон эдийн засгийн харилцааг хөгжүүлэх санамж бичиг, “Аэрофлот” болон “МИАТ”, Монголын иргэний агаарын тээврийн компаниудын хооронд харилцан ойлголцлын санамж бичиг, Газрын тосны “Роснефть” компанийн түнш байгууллагуудад зориулсан сургалттай холбоотой Монгол улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам болон “Роснефть” хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.

 Харин Оросын талаас эдийн засгийн хамтын ажиллагаа хангалтгүй байгаад сэтгэл хангалуун бус байгаагаа ноён Ушаков илэрхийлжээ. Монгол улсын хувьд гадаад худалдааны хоёр дахь томоохон түнш хэдий ч урд хөрштэй харьцуулахад харьцангуй удаашралтай явагдаж байгаа хэмээн үзжээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд худалдааны бараа эргэлт хумигдсан үзүүлэлттэй гарсан байна. 2013 оны хоёр орны гадаад худалдааны нийт эргэлт 1.3 тэрбум ам.доллар байсан бөгөөд энэ  нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлт аж. Гэтэл энэ жилийн эхний хагасын байдлаар газрын тосны бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүний худалдаа 13 хувиар буурсан байна.

Иймээс хоёр улсын төрийн тэргүүн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудалд илүү нухацтай хандана гэж олон улсын ажиглагчид бичжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Тээврийн сайд Максим Соколов, Эрчим хүчний сайд Александр Новак, Хууль зүйн яамны сайд Александр Коновалов, Алс дорнод дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч, дэд сайд Юрий Трутнев, Алс дорнодын хөгжлийн сайд Александр Галушка, Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской, Барилга хот байгуулалт, нийтийн үйлчилгээний сайд Михаил Мень тэргүүтэй нарын хүмүүс багтаж байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

Хүндэтгэлийн чуулган хуралдахгүй

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин манай улсад ажлын айлчлал хийнэ. Монголд гурав дахь удаагаа айлчилж буй түүний айлчлалын бүрэлдэхүүнд Оросын томоохон бизнесменүүд багтсан гэсэн мэдээлэл байна. Тэрээр 13.00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардах юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн өмнө БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчлаад буцсан билээ. Тэрээр УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр үг хэлсэн. Харин В.Путиныг ирэхэд УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдаж магадгүй гэсэн мэдээлэл гараад байсан ч энэ удаад хуралдахгүй юм байна.

Categories
мэдээ улс-төр

“Ц.Элбэгдорж”, “Владимир Путин ба Монгол” номуудыг бүтээжээ

Монголчуудын Аюур нэрээр нь сайн мэдэх монгол судлаач Юрий Николаевич Кручкины хоёр номын нээлт өнөөдөр боллоо. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг, ярилцлагыг түүвэрлэн орос хэлнээ орчуулж “Ц.Элбэгдорж” гэсэн ном туурвижээ. Мөн Монгол-Оросын харилцаа, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины  Монголтой биечлэн харилцсан харилцааны тухай өгүүлсэн сурвалжлага тэмдэглэлийг эмхэтгэн “Владимир Путин ба Монгол” ном бүтээсэн байна. 

Номын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан баяр хүргэн үг хэлж, дурсгалын зүйл гардуулсан байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Монголчуудын сайн мэдэх Аюур Орос, Монголын ард түмнийг хооронд нь ойлголцуулахад их буянтай ажил хийж байна. Нэг хүний бүтээлч санаачилга хоёр орны харилцааг дээшлүүлэхэд ийм чухал үүрэгтэй байна” хэмээн онцолж, талархлаа илэрхийлжээ. 

Монгол судлаач Юрий Николаевич Кручкиныг Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж, энэ оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасан юм. Эдгээр ном нь 1990 оноос хойш ОХУ-д Монголын тухай гарч байгаа дөрөв дэх ном бөгөөд зохиогч Монгол судлалаар 20 гаруй жил ажиллахдаа нийт 60 гаруй ном, бүтээл туурвижээ.

Categories
мэдээ улс-төр

20 гаруй баримт бичигт гарын үсэг зурна

Өнөөдөр эхлэх ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путины айлчлалын үеэр хоёр улсын хамтарч ажиллах тухай 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа юм. Үүний дотор төмөр замын асуудал тойрсон 3-4 баримт бичиг байгаа ажээ. Гэхдээ эдгээрийг бүрэн гүйцэд ярих эсэх нь тодорхойгүй байгаа тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлж байна. 

Ямартаа ч энэхүү айлчлалын үеэр яригдсан ажлууд нь хойр орны бизнес, эдийн засгийн хамтын ажиллагаа болон хүмүүс хоорондын харилцаанд чухал нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлт манай талд бий. 

Дашрамд хэлэхэд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг эх орондоо айлчлахыг урьсан бөгөөд 2015 онд тохиох ялалтын баярын 70 жилийн ойгоор Төрийн тэргүүн маань хойд хөршийг зорихоор төлөвлөөд байгаа ажээ. 

Categories
мэдээ улс-төр

Путины айлчлалын үеэр стратегийн баримт бичигт гарын үсэг зурахгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад маргааш ажлын айлчлал хийнэ. Айлчлалын үеэр 20-иод баримт бичигт гарын үсэг зурах гэнэ. Цаг хугацааны хүчин зүйлсээс шалтгаалан энэ удаад стратегийн баримт бичигт гарын үсэг зурагдахгүй гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хэлж байна. Баримт бичгүүдэд гарын үсэг зурснаар хоёр орны харилцаанд эерэг нөлөөлөл гарах аж. 

Айлчлалын үр дүнд нэг хэсэг зогсонги байдалд орсон хоёр орны харилцаа шинэ шатанд гарна гэдэгт манай тал итгэлтэй байна. 

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Д.Батцогт шилдэг сурагчдыг хүлээн авч уулзав

Улсын
Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын
хорооны дарга, “Ховдын ирээдүй” сангийн тэргүүн Д.Батцогт Ховд аймгийн шилдэг
сурагчдыг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт
шилдэг сурагчдад хандан хэлэхдээ, хичээл сурлагатаа амжилт гаргаж, бусад оюутан
залуустаа үлгэр дуурайлал болох хэрэгтэйг захиад дээд боловсрол эзэмшихийн
зэрэгцээ нийгэмд тустай олон зүйл хийж  нутаг ус цаашлаад улс орныхоо нэр
хүндийг өндөрт өргөсөн сайн мэргэжилтэн болохыг хүссэн юм.

Мөн
тэрээр “Ховдын ирээдүй” сан нь хүүхэд багачуудын оюуны боловсролд
чухал хувь нэмэр оруулахаар ажилладаг гэдгийг онцолсон юм. Тус сангаас энэ
удаад математик, хими, физик, англи хэлний дөрвөн чиглэлээр улсын олимпиадад
амжилттай оролцож, эхний гурван байр эзэлсэн 11 сурагчид тэтгэлэг олгож 
байгааг  Байнгын хорооны дарга Д.Батцогт гардууллаа хэмээн УИХ-ын
Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Categories
мэдээ улс-төр

Дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, Хувь хүний нууцын тухай
хуулийн 4 дүгээр зүйлд “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд
аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал
хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэсэн 4
дэх заалтыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн нь  Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр
зүйлийн 1, 2 дахь хэсэг,  Арван
зургадугаар зүйлийн 13/, 17/ дахь заалт мөн Арван
есдүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус
зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ.

            Уг мэдээллийн дагуу үүссэн
маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан 2014 оны
9 дүгээр сарын 10-ны өдрийн 9.30 цагаас эхэлнэ гэж Үндсэн хуулийн цэцийн
хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

                                                            2014-09-02

Categories
мэдээ улс-төр

Их хурлын дарга сонгосон мэргэжилдээ эзэн байхыг хүслээ

Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд өнөөдөр 9 цагт Барилгын политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тэрбээр нээлтэд оролцохдоо “Аливаа улсын хөгжлийг аж үйлдвэргүйгээр төсөөлөхийн аргагүй, чадварлаг технологийн ажилчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Иймээс Монгол Улс ч дэлхийн хөгжлийн өрсөлдөөн дунд өөрийн байр суурийг эзлэхийн тулд технологийн салбарын ажилчин, ажилтнуудынхаа өөрөөр хэлбэл та бүхний боловсрол онцгой анхаарах шаардлагатай. Монгол Улсын ирээдүйн хөгжлийг нуруундаа үүрч явах өндөр хариуцлага технологийн чиглэлээр мэргэшиж байгаа залуус та бүхэнд оногдож байгаа. Манай улс 1980-аад онд нэг жилд 40-50 мянган метр квадрат барилга ашиглалтад оруулахаас хэтэрдэггүй байсан бол 2013 онд энэ тоо нэг сая метр квадрат талбай хүрсэн. Оюутан залуус та бүхэн суралцах хугацаандаа зөвхөн технологийн мэргэшил, дадлагатай болох төдийгүй ажил хөдөлмөрийн чанд сахилга бат, өндөр ухамсартай иргэн хүн болж төлөвшихийг УИХ-ын даргын хувьд, эцэг хүний хувьд, бас инженер хүний хувьд зөвлөе. Сонгосон мэргэжлээ эзэмшсэн шиг эзэмшиж Монголын ирээдүйг бүтээн босгох хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэхийг эрхэм дүү нартаа хүсье” гэсэн юм. Харин тус сургуулийн захирал П.Нарандалай шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэн нийт оюутнууддаа сурлагын амжилт хүслээ. Энэ өдөр шинээр оюутны ширээнд сууж буй Н.Батмаа мөнгөн хонхыг цохисноор шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ. Түүний дараа Их хурлын дарга З.Энхболд тус сургуулийн Токарийн дадлагын газарт зочилон оюутнуудын хийж буй ажилтай танилцсан юм. 

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

В.Путины айлчлал 6 цаг үргэлжилнэ

Ирэх сарын эхээр Оросын Холбооны улсын Ерөнхийлөгч В.Путин манай улсад төрийн айлчлал хийнэ. Түүний айлчлал 6 цаг үргэлжлэнэ гэдгийг албаныхан хэлж байгаа ч  яг хэдний өдөр, хэдэн цагт ирнэ гэдгийг  одоогоор нууцалж байна.

В.Путины айлчлалаас манай улс ихээхэн зүйлийг хүлээж байгаа юм. Тухайлбал, транзит тээвэр, төмөр замын царигийн асуудлаас гадна Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.  Мөн ОХУ-руу зарим нэрийн хүнс тэр дундаа мах экспортлох асуудлыг хөндөх аж. Түүнчлэн, айлчлалаар нийгэм, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрүүд ч хийгдэх талаар албаныхан ярьж байна. 

Categories
мэдээ улс-төр

Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах ажлыг урагшуулна

Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тавантолгойн ордыг хөгжүүлэх, хамтран ажиллах хөрөнгө оруулагч сонгох асуудлаар УИХ-аас 2008 онд 40, 2010 онд 39, 2014 онд 34 дүгээр тогтоолууд гаргаж, Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байдаг.

УИХ-ын 2008, 2010 оны тогтоолуудын дагуу Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч эцэслэн шийдвэрлэгдэлгүй зогсонги байдалд ороод байсан юм. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг тодруулбал, Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компани шалгаруулах урьдчилсан сонгон шалгаруулалтыг 2010 оны 12 дугаар сард зарлаж 15 компани санал ирүүлснээс 6 компанийг хураангуй жагсаалтад шалгаруулсан. Дээрх 6 оролцогчтой хэлэлцээ явуулснаар Шиньхуа, Пибоди, ОХУ-ын төмөр зам тэргүүтэй Орос Монголын хамтарсан консорциумыг сонгох саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан боловч зөвлөлөөс уг асуудлыг дэмжилгүй буцаасан билээ. Улмаар УИХ-аас Засгийн газарт даалгасан хөрөнгө оруулагч сонгох, гэрээ байгуулах ажиллагаанд хүлээгдэл үүсэн өдийг хүрсэн юм.

Иймд энэ оны 5 дугаар сарын 8-ны өдөр УИХ-аас “Эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолд Тавантолгойн ордын асуудлаар хэд хэдэн заалт тусгаж баталсан юм. Энэ дагуу шаардлагатай судалгаа хийсний үндсэн дээр өмнө зарласан сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлага, зарчимд өөрчлөлт оруулах замаар үргэлжлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргалаа. Уралдаант шалгаруулалтыг 11 дүгээр сарын 1-ний дотор явуулан дүгнэж, шалгарсан хуулийн этгээдтэй 12 дугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулах Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ахлуулахаар боллоо. Ингэснээр ордыг эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулах, нүүрсийг түүхийгээр нь бус баяжуулан экспортлох, түүнд шаардлагатай үйлдвэр, дэд бүтэц, төмөр замын асуудлыг улсын төсөвт ямар нэг ачаалал үүсгэлгүйгээр цогцоор нь шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм.

“Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр” баталлаа

Манай улсын аж үйлдвэрийн тулгын чулууг тавилцаж, хүн амын ажил эрхлэлт, өрхийн орлогын эх үүсвэр болж ирсэн ахуйн үйлчилгээний салбар зах зээлийн шилжилтээс хойш ихээхэн цалгардсан. Хувьд бүрэн шилжсэн энэ салбар зах зээлийн эрэлтийг даган хөгжиж байгаа ч хөдөө орон нутагт төрийн дэмжлэгээр ахуйн үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай гэж Шинэчлэлийн Засгийн газар үзэн тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Өнөөдөр баталсан “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн үр дүнд орон нутагт ажлын байр нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн саарч, иргэд бүртгэлтэй, баталгаатай, хариуцлагатай албан хөдөлмөр эрхлэх зэрэг олон давуу тал бий болгох юм.

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “сумдад дэд бүтэц барьж, ахуйн үйлчилгээний цогцолбор төвүүд байгуулах, иргэд таатай амьдрах боломж бүрдүүлэхэд шаардлагатай ахуйн үйлчилгээг ойртуулах” зорилтын хүрээнд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.

Орон нутагт ахуйн үйлчилгээ эрхлэгчид зээлийн барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгөгүйгээс үйлчилгээгээ өргөжүүлэх бололцоо хомс. Энэ байдлаас шалтгаалан ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн 90 шахам хувь нь түрээсийн болон стандарт, шаардлага хангахгүй байранд ажиллаж, ажилтнуудаа нийгмийн халамж, даатгалд хамруулах сонирхолгүй хэвээр байна. 2013 онд ахуйн үйлчилгээний салбарт 219 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 1200 гаруй хүнийг ажлаар хангасан мэдээ байна.

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компани байгуулна

Энэ компани хөдөө аж ахуйн давхар даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулна. Тус компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг Сангийн сайд хэрэгжүүлэх юм.

Засгийн газраас санаачлан боловсруулсан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг УИХ-ын энэ хаврын чуулганаар баталсан бөгөөд энэ хуульд Засгийн газар давхар даатгалын компанийг үүсгэн байгуулах, компанийн төрийн өмчийн төлөөллийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэгжүүлэхээр заасан юм.

Дээрх компанийг үүсгэн байгуулахаар энэ оны төсөвт суулгаж батлуулсан хөрөнгийг зориулалтын дагуу “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компанийн дансанд шилжүүлэх, үлдэгдэл эх үүсвэрийг 2015, 2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгалаа.

Ургац хураалтын ажлыг хугацаанаас нь өмнө эхлүүлнэ

2014 оны ургацын урьдчилсан дүнг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Энэ онд улсын хэмжээнд 434.5 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан байдлаар 466.6 мянган тонн үр тариа хураан авахаар байгаа нь нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо, 5.8 цн тосны ургамал, 26.7 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломж бүрдүүлжээ.

7 дугаар сарын сүүлч, 8 дугаар сарын эхний 15 хоногт нийт нутгаар хур тунадас багассанаас хураалтын ажил урьд жилүүдээс 7-10 орчим хоногоор эрт эхлэх төлөвтэй байна гэж салбарын сайд мэдээллээ. Үүний зэрэгцээ 9 дүгээр сарын дунд хүртэл тариалангийн бүс нутгаар хур бороотой, сэрүүсэх төлөвтэй байгаа тул болц дутуу таримлыг хяруунаас хамгаалах, төмс, хүнсний ногоог хайрагдахаас сэргийлэх ажлыг ҮХААЯ-наас орон нутагт эрчимжүүлсэн байна.

Ургац хураалтын ажилтай холбогдуулан хэд хэдэн асуудалд анхаарал хандуулахыг Засгийн газраас салбарын яам, орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндоржид, ургац тээвэрт ашиглагдах зам, гүүрийн засварыг шуурхайлж, цахилгаан эрчим хүч, шатах тослох материалаар тасалдалгүй хангахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Эрчим хүчний сайд М.Сономпил, Уул уурхайн сайд Д.Гансүх нарт даалгалаа.

Товч мэдээ

•      – Олон улсын банк, санхүүгийн байгууллагад ажиллаж буй монгол мэргэжилтний тоог нэмэх, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх зорилгоор Засгийн газрын ажилтнуудыг Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагад туршлага судлуулах тусгай томилгооны хөтөлбөр хэрэгжүүлнэ. ОУВС, Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх зөвлөх томилох тухай асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Монгол Улс ОУВС, Дэлхийн банк болон гишүүнээр элссэн олон улсын бусад банк, санхүүгийн байгууллагад Засгийн газрын байнгын төлөөлөлгүй. Эдгээр байгууллагад Засгийн газрыг төлөөлөх зөвлөх томилсноор Захирлуудын зөвлөлийн шийдвэрт өөрийн улсын байр суурийг тусгах, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, эрх ашгаа бүрэн хэрэгжүүлэх, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд байнгын оролцоотой байх зэрэг чухал ач холбогдолтой юм.

•      – Хилийн боомтын тухай хуулийн дагуу “Боомтын хяналт шалгалтын дараалал”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан Засгийн газрын 2003 оны 20 дугаар тогтоолыг хүчингүй болголоо. Боомтын хяналт шалгалтын тоог цөөлж, зайлшгүй шаардлагатай хяналт шалгалтыг түргэн шуурхай, чирэгдэлгүйгээр нэг цэгт, нэгэн зэрэг зохион байгуулах журам, дарааллыг Боомтын үндэсний зөвлөлөөс энэ сарын 26-ны өдөр баталсан байна.

•      – Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 оны худалдан авах ажиллагааны эхний хагас жилийн явц, үр дүнг Сангийн сайд Ч.Улаан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар албан даалгаврын дагуу худалдан авах ажиллагааны зохион байгуулалтыг эрчимжүүлэх хэд хэдэн арга хэмжээ авахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.

•      – Татварын байгууллага, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, аж ахуйн нэгжүүдийн гаргасан санал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны саналыг харгалзан нэр бүхий 3 компанийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Баянхонгор аймгийн Баянхонгор суманд байршилтай “Хөвших”, “Ганбогд”, нийслэлийн Хан-Уул дүүрэгт байршилтай “Би Цэ трейд” компаниуд цаашид архи, согтууруулах ундаа үйлдвэрлэхгүй.

•      – Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэгт ажилд С.Баатаржавыг томиллоо. Тэрбээр ЦЕГ-т 1990 оноос хойш ажилласан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.