Categories
мэдээ улс-төр

Монгол Орос улсууд барилгын салбарт хамтарна

Барилга,
хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын
бүрэлдэхүүнд багтсан ОХУ-ын  Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн сайд
Михайл Александрович Мень, Бүс нутгийн хөгжлийн сайд Игорь Николаевич Слюняев
нартай өчигдөр уулзаж,
барилга, хот байгуулалтын салбарын асуудлаар ярилцлаа.

ОХУ-ын
 Барилга, орон сууц- нийтийн аж ахуйн сайд Михайл Александрович Меньтэй
уулзах үеэрээ барилга, орон сууцны салбар дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг
хөндөв.

Тухайлбал,
Барилгын салбарын норматив баримт бичгийг евро стандартын жишигт нийцүүлэн
боловсронгуй болгож буй ОХУ-ын туршлагаас суралцах, Монгол Улсад нутагшуулах,
 барилгын зураг төсөл боловсруулах, эрдэм шинжилгээ, оюутан мэргэжилтэн
солилцох, орон сууцны барилгын хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр
хамтран ажиллахаар
тохиролцов.                                                                                               
Улаанбаатар хотын 1, 3, 4 дүгээр хороолол, Сансар орон сууцны
хорооллууд болон бусад олон үйлдвэр, үйлчилгээ, соёл, боловсролын барилгуудыг
СОТ-1, СОТ-2, СОТ-3 зэрэг  хуучин ЗХУ-ын барилга, барилгын хийцийн
үйлдвэрлэл, машин механизм, техникийн баазуудын хүчээр бүтээн байгуулсныг сайд
Ц.Баярсайхан онцлон тэмдэглэж,  хоёр яамны хооронд байгуулах Харилцан
ойлголцолын Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлж ажиллах нь
зүйтэй гэв.

Талууд
Санамж бичгийн хэрэгжилтийг зохицуулах хоёр яамны төлөөллөөс бүрдсэн Ажлын
хэсэг байгуулж, ажлаа хамтран төлөвлөж, хэрэгжүүлж ажиллахаар санал нэгдэв.
                                                                                                                                      

Түүнчлэн
ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн сайд  Игорь Николаевич Слюняевыг хүлээн авч
уулзлаа. Уулзалтын үеэр бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа, хил орчмын
боомтуудын төлөвлөлт,   хил орчмын боомтоор дамжуулан  хоёр
талын худалдаа эдийн засгийг эрчимжүүлэх,  ялангуяа барилгын модон
материал үйлдвэрлэл, нийлүүлэлтийн чиглэлээр хамтын ажиллагааны боломжуудын
талаар ярилцлаа.

Уулзалтын
үеэр Талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд
чиглэсэн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд модон материал, цемент, арматур
болон бусад барилгын материалын импортыг нэмэгдүүлэх боломжуудын талаар
ярилцлаа. Ялангуяа ОХУ-аас модон материалын импортыг нэмэгдүүлэх нь Монгол
Улсын барилгын салбарын хөгжилд тодорхой түлхэц үзүүлэхийг тэмдэглэв. 

Сайд
Ц.Баярсайхан Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэр “Талын
зам” төслийн хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн төмөр зам, хурдны зам, нефтийн хийн
хоолой,  эрчим хүчний системийн барилга, байгууламжийн талаар ярилцсан
байгаа. Энэхүү стратегийн томоохон төслийг дэмжих талаар анхаарч үзэхийг ОХУ-ын
Бүс нутгийн хөгжлийн сайдаас хүслээ.

Э.ЭНХ

 

 

 

Categories
мэдээ улс-төр

Монголыг онцгой анхаарав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний Монголд хийж буй ажлын айлчлалын талаар “Associated Press” агентлаг дараахь байдлаар дамжуулжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар тус улсад таван цагийн хугацаатай ажлын айлчлал хийж байна. Путин нийслэл Улаанбаатар хотод байрлах Чингис хаан олон улсын нисэх буудалд албаны хүмүүсийн хамт хүрэлцэн ирэх үед тус улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Гадаад хэргийн сайд Л.Болд хүлээн авчээ.

В.Путинийг Монгол Улсад ирэхтэй зэрэгцэж АНУ-ын Вашингтон хотноо “НАТО”-ын удирдлагууд Украины хямралын асуудлаар шуурхай хуралдав. Тус хуралдаанд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг оролцохыг урьсан ч тэрбээр татгалзсан хариу өгсөн юм.

Тус улсад Путинээс өмнө БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлал хийж, томоохон гэрээнүүдэд гарын үсэг зурсан билээ. Монгол байгалийн баялаг арвин боловч хүн хүч, техник технологийн хувьд Орос, Хятад хоёр хөршөөсөө бүрэн хамааралтай гэхэд буруутахгүй. Тус улс гурван сая хүн амтай. Путин тус улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзсаны дараа Засгийн газрын хүндэтгэлийн танхимд уригдаж, хоёр орны ирээдүйн асуудлаар өөрсдийн байр сууриа солилцжээ.

Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар “Путин Украины хямралын асуудлаар ярилцахаас татгалзаж, Монгол Улсад айлчлал хийж буй. Путинийг дагалдаж Гадаад хэргийн сайд Сергей Лавров ирсэн нь энэхүү айлчлалд Орос ямар их анхаарал хандуулж байгаа нэг хэлбэр” гэжээ. “Орос болон Монголын удирдлагууд 16 гэрээ үзэглэх болно” гэж Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

Энэхүү айлчлалын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Орост шинээр тавих хоригийнхоо асуудлаар Германы канцлер Ангела Маркельтэй утсаар ярьсан тухай  “Yahoo.com” мэдээллээ. Путин тус улсад гурав дахь удаагаа айлчлал хийж буй юм.

Categories
мэдээ улс-төр

“ТЭЦ 4”-ийн өргөтгөлийг ОХУ-ын Хөгжлийн банк санхүүжүүлнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улс дахь албан айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Хөгжлийн банкны төлөөлөл багтаж буй. Тус банкны гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Сергей Лыков дагалдан яваа хүмүүсийн хамт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзаж, Монгол орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал хийгээд хамтран ажиллах төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл сонслоо.

Уулзалтын дараагаар ОХУ-ын Хөгжлийн банк болоод Монгол Улсын Хөгжлийн банк хооронд “Үүргийн бичиг” байгуулжээ. Оросын талыг төлөөлж Сергей Лыков, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нарын баталгаажуулсан “Үүргийн бичиг”-ийн гол агуулга нь банкууд хоорондоо ахисан түвшинд хамтран ажиллах, хоёр орны худалдааны төслүүдийг санхүүжүүлэх, тодорхой бараа бүтээгдэхүүний чиглэлээр худалдаа явуулахдаа хоёр талын үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхийг анхны байдлаар тохиролцож буй аж.

“Үүргийн бичиг”-т заасан өөр нэг хамтын ажиллагаа нь “ТЭЦ 4”-ийн өргөтгөлд зориулан 74 орчим сая ам.долларыг ОХУ-ын Хөгжлийн банкнаас зах зээлийн боломжийн хүүтэйгээр санхүүжүүлэхээр боллоо. Улсын төсвийн дэмжлэггүйгээр, Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжих “ТЭЦ 4”-ийн өргөтгөлийн төсөл нь нийт өртгөө өөрөө нөхөх  онцлогтой юм.

   

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Цаг шахуу ч өндөр агуулгатай айлчлал боллоо

Ц.ЭЛБЭГДОРЖ: Монголын төмөр
замыг цахилгаанжуулах, хос болгох ажлыг цаг алдалгүй эхлүүлж энэ ажлыг 2020 он
гэхэд дуусгахаар тохиролцлоо

 Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын албан ёсны хэлэлцээ дуусч, 
нийт 15 баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийсэн тухай мэдээлэл
хийсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Эрхэм хүндэт Владимир Владимирович,

Хүндэт зочид, хэвлэл мэдээллийн
төлөөлөгчид өө,

Өнөөдөр манай оронд айлчлан ирж байгаа ОХУ-ын
Ерөнхийлөгч В.В.Путинтэй ганцаарчилсан болон өргөтгөсөн хэлэлцээр хийж хоёр
талын сонирхсон асуудлаар нөхөрсөг, нээлттэй санал солилцож чухал шийдвэрүүдэд
хүрч чадлаа.

Монгол Улс, ОХУ-ын харилцаа бол уламжлалт,
нөхөрсөг, найрамдалт харилцаа юм. Энэ харилцаа бол цаг хугацаа, түүхэн
сорилтоор шалгагдсан харилцаа юм. Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг
тэмдэглэж байгаа энэ цаг мөчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад
айлчлан ирсэн явдалд бид туйлын талархалтай байна. Манай орны халдашгүй дархан
байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө залуу халуун насаа үл хайрлан тэмцсэн Орос,
Монголын дайчдын түүхэн гавъяаг бид үүрд дуурсаж байх болно.

Дайчин нөхөрлөлийн хүчийг бид дэлхийд харуулж
чадсан. Монгол Улс, ОХУ-ын дайчин нөхөрлөлөөр гагнагдсан найрамдал хамтын
ажиллагаа энх цагт ч их бүтээн байгуулалтад өрнөн үргэлжилсэн юм. Бид Оросын
анд нөхөдтэйгээ тогтоосон бүтээлч нөхөрсөг харилцаагаа манай хоёр орны ард
түмний нандин ололт, чухал өв гэж үздэг. Өнөөдрийн Таны айлчлал ч хоёр орны
харилцаанд шинэ хуудас нээж байгааг бид харж байна.

Би Владимир Владимировичтай хоёр орны харилцааны
суурь, мөн тулгамдаж байгаа  асуудлууд болох дэд бүтэц, дамжин өнгөрөх
тээврийн, худалдаа эдийн засгийн, санхүү хөрөнгө оруулалтын, хүмүүнлэгийн
салбарт болон, олон улс, бүс нутаг, гурван талт харилцааны зэрэг өргөн хүрээний
асуудлаар санал солилцож тодорхой үр дүнд хүрч чадлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай оронд хийж байгаа
айлчлал нь цаг шахуу ч маш өндөр агуулгатай, ажил хэрэгч болж байна. Энэ
айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар, яам, албаны байгууллага, хамтарсан аж
ахуйн нэгжүүдийн хооронд 15 хэлэлцээр, протокол, санамж бичиг, хамтарсан баримт
бичигт гарын үсэг зурлаа. Энэ бол энэ айлчлалын өндөр ач холбогдол, агуулгыг
илтгэн харуулж байгаа юм.

Эдгээрээс манай хоёр орны иргэд харилцан визгүй
зорчих асуудал бүрэн шийдэгдсэнийг онцгойлон тэмдэглэхийг хүсч байна. Одоо
иргэддээ хил гаалийн үйлчилгээг түргэн  шуурхай, чирэгдэлгүй үзүүлж, хоёр
талын боомт гарцыг шинэчилж, заримынх статусыг олон улсын зэрэглэлд хүргэх
талаар ажиллах хэрэгтэй байна. Мөн УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн
түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж төмөр замын салбарын шинэчлэл, бүтээн
байгуулалт, тээвэрлэлтийг нэмэгдлүүлэх зэрэг хамтын ажиллагааны гол зарчмуудаа
тохирч чадлаа. Монголын төмөр замыг цахилгаанжуулах, хос болгох ажлыг цаг
алдалгүй эхлүүлж энэ ажлыг 2020 он гэхэд дуусгахаар тохиролцлоо. Мөн төмөр
замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар
хоорондын болон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд төмөр замын
дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг ойрын үед байгуулах талаар ярилцлаа.

Хоёр орны худалдааны тэнцвэрт харьцаа хэт
зөрүүтэй байгаад бид анхаарал хандууллаа. Хоёр улсын худалдааны нөхцлийг нэн
тааламжтай болгож 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт
хүргэхээр ярилцлаа. Мөн Монголд үйлдвэрлэсэн барааг ОХУ-ын зах зээлд 20 жилийн
хугацаатай татвар, гаалийн хураамжгүйгээр, хэмжээ харгалзахгүй нийлүүлж байх
гэрээ хэлэлцээрийг ойрын үед эхлүүлэх саналтай байгаагаа би илэрхийллээ. Мөн
хоёр талын худалдаанд өөрийн мөнгөн тэмдэгтийг өргөнөөр ашиглах, харилцан
солилцоо хийх, худалдааны хэмжээтэй дүйх рублийн зээл авах талаар ярилцлаа. Мөн
хоёр тал хамтарч тодорхой чиглэлээр сургууль, сургалтын төв байгуулах, урлаг
соёл, спорт, хэвлэл мэдээллийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг
өргөжүүлэхээр тохиролцлоо.

Цаашид цаг алдалгүй байгуулах гэрээ хэлэлцээр,
баримт бичгийн болон харилцааны асуудлаар тодорхой санал хоёр талдаа гаргаж,
ойрын үед болох айлчлал, арга хэмжээний үеэр шийдвэрлэхээр тохиролцлоо. Мөн
манай хоёр орны цэрэг, цэрэг техникийн уламжлалт харилцаа хамтын ажиллагаа
өргөжин бэхжиж байгаад бид сэтгэл хангалуун байна. Ирэх жил болох Аугаа эх орны
дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн баярын парадад Монголын зэвсэгт хүчний
төлөөллийг оруулах талаар ярилцлаа.

Мөн яриа хэлэлцээний үеэр олон улс, бүс нутгийн
байгууллагын хүрээнд хамтарч ажиллах, бүс нутгийн аюулгүй байдлын болон гурван
талын дээд хэмжээний Улаанбаатарын уулзалтын талаархи манай санаачлагыг ОХУ-ын
тал ойлгон хүлээн авч байгаад баяртай байна.

Би ОХУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён В.В.Путиныг
манай оронд бүрэн хэмжээний төрийн айлчлалаар дахин саатан морилохыг урилаа.
Эрхэмсэг Ерөнхийлөгч Владимир Владимировичийн энэ удаагийн айлчлал хоёр орны
уламжлалт найрсаг харилцааг улам хөгжүүлэн бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулж,
хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байгааг би онцлон тэмдэглэхийг хүсэж
байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
мэдээ улс-төр

Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчихоор боллоо

Монгол улс болон ОХУ-ын Төрийн тэргүүнүүд дөнгөж сая хэвлэлийнхэнд хамтарсан мэдээлэл хийлээ. 

Энэхүү хамтарсан мэдээллийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Монгол Улс болон ОХУ хоёрын харилцаа уламжлалт, нөхөрсөг, найрамдалт харилцаа юм. Энэ харилцаа бол цаг хугацаа, түүхэн сорилтоор шалгагдсан харилцаа юм. Халхын голын байдлааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэж буй энэ цаг мөчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчилж байгаад бид туйлын баяртай байна. Манай орны халдашгүй дархан байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө залуу халуу насаа үл хайрлан тэмцсэн Орос Монголын дайчдын түүхэн гавьяаг бид үүрд дуурсаж байх болно.

Дайчин нөхөрлөлийн хүчийг бид дэлхийд харуулж чадсан. Монгол Улс Ороын Холбооны Улсын дайчин нөхөрлөлөөр гагнагдсан найрамдал хамтын ажиллагаа энх цагт ч их бүтээн байгуулалтад өрнөн үргэлжилсэн юм. Бид бүтээлч нөхөрсөг харилцаагаа манай хоёр ард түмний нандин ололт, чухал өв гэж үздэг. Өнөөдрийн таны айлчлал ч хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж байгааг бид харж байна” гэлээ.

 Түүнчлэн ОХУ-ын зүгээс үзүүлж болох эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны талаар Ерөнхийлөгч В.Путинтэй санал солилцсон тухайгаа хэллээ. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ руу татах хийн хоолойг Монголын газар нутгаар дайруулах тухай саналыг тавьжээ. Ингэвэл газар ойр учир хямд өртөгтэй байна гэдгийг Оросын талд хэлсэн байна. Хэрэв уг санал нь ажил хэрэг болж чадвал Монголын талаас найдвартай байлгах бүхий л баталгааг өгнө гэдгийг хэлсэн аж. 

Түүнчлэн ирэх жил тохиох их ялалтын 70 жилийн ойн сүрт жагсаалд Монголын зэвсэгт хүчнийг оролцуулах талаар ч саналаа хэлжээ. 

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдээллийнхээ эхэнд хоёр орны хамгийн чухал харилцааны нэг болох Халх голын байлдааны ялалтын үеэр айлчлал тохиож буйд баяртайгаа байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрээр гарын үсэг зурсан хэлэлцээрүүдийг тодорхойлохдоо Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг нарийн тодорхойлж, худалаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх алхмууд хийлээ хэмээн хэлсэн юм.

Мөн ОХУ-ын зүгээс нийлүүлдэг цахилгаа, нефтийн хангалтыг цаашид ч найдвартай хүргэж байхаа илэрхийлсэн. Нөгөө талаас манай улсын уул уурхайн салбарт хуримтлуулсан баялаг туршлагаа ашиглан цаашид ч зэс, молибдень, алт олборлох чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хэлэв. Түүнчлэн агаарын тээврийн салбарт хамтарч ажиллах болон ОХУ-д үйлдвэрлэсэн автомашин, автобуснуудыг манай зах зээлд нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 

Мөн манай улсын зүгээс тавьсан ОХУ-ын зах зээлд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх саналын тухайд мал эмнэлэгийн лабораторийн шаардлага хангасан бол их хэмжээний мах Монголоос авах тухай асуудлыг шийдвэрлэхийн төлөө холбогдох хүмүүст үүрэг болгоно гэдгээ хэлэв. 

Мөн иргэдийн харилцааны нэг чухал алхам болох харилцан визгүй зорчих тухай асуудлыг бүрэн шийдвэрлэсэн гэдгээ мөн хэвлэлийнхэнд мэдэгдлээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч хэлсэн үгийнхээ төгсгөл манай улсыг олон улсын түвшинд хамтарч байна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв. Тодруулбал, НҮБ болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын түвшинд хамтарч ажиллах болно хэмээлээ.

Categories
мэдээ улс-төр

Хоёр тал 15 хэлэлцээрт гарын үсэг зурж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хэдхэн хормын өмнө ганцаарчилсан уулзалт хийсэн билээ. Тэгвэл яг одоо Төрийн ордонд  Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагааны талаархи хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж байна. Айлчлалын хүрээнд хоёр тал 15 хэлэлцээрт гарын үсэг зурах юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол, ОХУ-ын Төрийн тэргүүнүүдийн албан ёсны хэлэлцээр эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч
В.Путин нарын албан ёсны хэлэлцээ эхэллээ. Хоёр улсын хамтын ажиллагааг
идэвхжүүлэх  үүднээс гурван багц сэдвийн хүрээнд
13 гэрээнд гарын үсэг зурна.

Нэгдүгээрт, төмөр замын багц
асуудал. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлж
байгаатай холбоотойгоор дамжин өнгөрөх транзит тээврийн асуудлыг хөндөн
ярилцана. Мөн  хоёр улсын хувь нийлүүлсэн “УБТЗ”-ын  1949 онд байгуулсан
нууц гэрээг шинэчлэх асуудлыг хэлэлцэж, “УБТЗ”-ыг хос төмөр замтай болгох,
дамжин өнгөрөх хүчин чадлыг нэмэгдүүлэх, цахилгаанжуулах талаар ярилцах
юм.  Түүнчлэн Хятадаас Европ руу, Оросоос Хятад руу гарах бүтээгдэхүүнийг
Монголоор дамжуулах талаарх асуудал ч хөндөгдөх аж.

Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн бараа
бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх багц асуудал багтаж байна. Монголоос Орос
руу экспортолж байгаа мах, махан бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэх саналыг
Монголын зүгээс тавихаар болжээ.

Гуравдугаарт, ОХУ руу гаргаж
байгаа барааг квотгүй болгох багц асуудлыг ярилцах юм байна. Мөн хоёр улсын төв
банк хооронд  рубль, төгрөгийн  своп хэлэлцээр хийх талаар хэлэлцэх
аж. Түүнчлэн хоёр улсын хооронд визгүй зорчих асуудлыг энэ үеэр ярилцана.

Түүнчлэн,

-Хил дамнасан тусгай хамгаалалттай газар
байгуулах тухай хэлэлцээр

-Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж
үзүүлэх протокол 

-ОХУ-ын төрийн өмчит “Роснефть” компани
болон Монголын БШУЯ-тай “Роснефть”-ийн түнш их, дээд сургуулиудад монгол
иргэдийг сургах талаарх гэрээ

-“Оросын төмөр зам” болон Зам, тээврийн
яам Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн түншлэлийн гэрээ

-Хоёр улсын дунд 30 хоногийни хугацаатай харилцан
визгүй зорчих гэрээ

-“Аэрофлот” болон МИАТ компанийнхан
харилцан ойлголцлын санамж бичиг

-“Орос улс өнөөдөр” агентлагтай
Монголын Үндэсний Олон Нийтийн радио хамтран ажиллах зэрэг санамж бичгүүдэд
гарын үсэг зурна.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Ерөнхийлөгчийг угтан авлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Чингэсийн талбайд хүрэлцэн ирлээ. Монгол Улсын хүндэт харуулын дарга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид раборт өгч, хоёр улсын төрийн дуулал эгшиглэснээр ОХУ-ын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтан авах ажиллагаа эхэллээ.   

Ерөнхийлөгч В.Путиныг угтан авах арга хэмжээнд манай улсаас УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд Д. Тэрбишдагва болон Засгийн газрын бүх сайдууд байлцлаа. Харин ОХУ-ын талаас Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Тээврийн сайд Максим Соколов, Эрчим хүчний сайд Александр Новак, Хууль зүйн яамны сайд Александр Коновалов, Алс дорнод дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч, дэд сайд Юрий Трутнев, Алс дорнодын хөгжлийн сайд Александр Галушка, Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской, Барилга хот байгуулалт, нийтийн үйлчилгээний сайд Михаил Мень тэргүүтэй нарын хүмүүс багтаж байгаа ажээ. 

Яг одоо хоёр улсын Ерөнхийлөгчид хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурж, ганцаарчилсан уулзалт хийж байна. 

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд аймгуудын удирдлагатай цахим хурал хийлээ

Бүтээн
байгуулалт өрнүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх, иргэд амьдрах ая тухтай
орчин бүрдүүлэх чиглэлээр Шинэчлэлийн Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн
дагуу аймаг, орон нутгийн удирдлагууд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон сайн
ажил хийлээ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг ээлжит цахим хурлын үеэр сайшааж, бие
биеэсээ туршлага судалж хэрэгжүүлэх шаардлагатай дараах ажлуудыг онцлон
нэрлэлээ.

Архангай
аймаг:

·     Хог ангилан ялгаж боловсруулах
бага оврын цех ажиллуулснаар хогийн асуудлыг бүрэн шийдвэрлэлээ.

Баянхонгор
аймаг:

·     Өрхтэй харилцах дэвтэр аялуулж,
иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу зөрчил дутагдлыг шуурхай арилгадаг
боллоо.

·     Аймгийнхаа бүх иргэдийг эрүүл
мэндийн үзлэгт хамрууллаа.

Говь-Алтай
аймаг:

·     “Эрүүл-Ус” орон нутгийн өмчит
компани байгуулан ажиллуулж, Алтай хотын иргэдийн ундны усны асуудлыг шийдлээ.

·     Алтай хотод 1000 айлын орон сууцны
“Солонго” хорооллын дэд бүтцийг тавьж эхэллээ.

Дорноговь
аймаг:

·     Хамрын хийд, энергийн төвийн аялал
жуулчлалын бүсийг түшиглэн 500 гаруй ингэтэй Ингэний аж ахуй байгуулсан нь
малчдад орлогын байнгын эх үүсвэр, орон нутагт бүтээгдэхүүн үйлчилгээний шинэ
нэр төрөл бий болголоо.

·     Эрээн хотын удирдлагатай хамтран
ажиллаж, Хятад улсаас ирэх өдрийн жуулчдад 3-5 хоногийн виз олгож эхэллээ. Ийм
маягаар хил орчимд жилд 30-50 мянган хүн аялуулж, улс, орон нутгийн төсөвт
багагүй орлого нэмэх боломжтой гэж аймгийн удирдлагууд үзэж байна.

·     “Дорноговийн хүүхдүүд Японд”
хөтөлбөр хэрэгжүүлж, 1000 хүүхдийг сурагч солилцоонд хамруулж байна.

Дорнод
аймаг:

·     Чойбалсанчууд энэ онд 120 мянган
цэцэг тарьж, 3 орчим га газрыг зүлэгжүүллээ. Шинээр тавьсан мод ургамлууд
95-98%-ийн амьдралттай байгаа нь ногоон хот болох зорилт тавьсан бусад аймаг
суралцах үлгэр жишээ ажил боллоо.

Дундговь
аймаг:

·     Гурвансайхан сумынхан “Сумын
төвийн шинэчлэл” хөтөлбөрийг үлгэр жишээ хэрэгжүүлж, иргэдээ оролцуулан үр
дүнтэй ажиллаж байна.

Орхон
аймаг:

·     Маскны үйлдвэр ашиглалтад оруулж,
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг дотоодын бүтээгдэхүүнээр бүрэн хангаж байна.

·     Сард 1000 тонн үйлдвэрлэх хүчин
чадалтай утаагүй сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орууллаа.

Өвөрхангай
аймаг:

·     Барилгын салбараа эрчимтэй
хөгжүүлж, аймгийн төвдөө 650 айлын орон сууц барьж ашиглалтад орууллаа.

Өмнөговь
аймаг:

·     Орон нутгийн хөрөнгөөр Бүсийн
оношилгоо, эмчилгээний төв болон Цогтцэций, Ноён сумдын эмнэлгүүдэд түргэн
тусламжийн 3 автомашин авч өглөө.

Сүхбаатар
аймаг:

·     Хот шинээр төлөвлөх явцдаа 607
объект буулгаж, нүүлгэж, газар чөлөөлөх асуудлыг ямар ч  маргаангүй
шийдлээ.

·     Баруун-Урт хотоос 8 км-ын зайд
малчдын хороолол байгуулж, нэг айлд 30×30 хэмжээтэй хашаа, худаг, цахилгаан
татан өгч, ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүллээ.

·     Орон нутагт хувийн хөрөнгө
оруулалт татаж, энэ онд гэхэд аймгийн төвд 17 давхар цамхаг байгуулаад байна.

Төв
аймаг:

·     Ашиглалтгүй орхигдсон барилга
байшинг засварлаж, орчин үеийн кинотеатр зэргийг тохижуулж босголоо.

·     Ажил олгогч, хувиараа хөдөлмөр
эрхлэгчдийг дэмжин хамтран ажилласнаар шинэ ажлын байрууд бий болголоо.

Увс
аймаг:

·     Шатахууны үнийг 80 төгрөгөөр
буурууллаа.

Ховд
аймаг:

·     Үндэсний хэв шинж хадгалсан хийц
загвараар аймгийн төвөө тохижуулж байна. Монгол маягийн тохижилт, гудамжуудыг
яаж байгуулахыг Ховдоос суралцах хэрэгтэй.

Энэ
мэт ажлаас харилцан туршлага судалж, хамтран ажиллахыг Засгийн газрын тэргүүн
аймгийн удирдлагуудад захилаа. Түүнчлэн, өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалтын
ажлуудаа сайтар төлөвлөж нэг бүрчлэн эзэнжүүл, шинэ ургацын ногоог нийслэл,
аймгийн төв, томоохон суурин газруудад борлуулах ажлыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн
яамтай хамтран сайн зохион байгуул гэлээ.

Цахим
хуралд яам, агентлагийн албан тушаалтнууд оролцож, аймаг орон нутагт
тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаарх асуултуудад хариулт,
мэдээлэл өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах
албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Чингэсийн талбай руу хөдөллөө

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хөлөглөсөн тусгай үүрийн нисэх онцгоц Чингэс хаан олон улсын нисэх буудалд газардлаа. ОХУ-ы төрийн тэргүүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад харилцааны сайд Л.Болд, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайд болон албаны бусад хүмүүс угтан авч байна. Түүнчлэн манай улсад үйл ажиллагаагаа явуулж буй Орос сургууль, цэцэрлэгийн багачууд угтаж байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийг дагаж тус улсын 100 гаруй хэвлэл мэдээллийн ажилтнууд ирж байгаа юм байна. 

Түүний хөлөглөж буй онгоц өнгөрөгч сарын 31-ны өдөр манай Чингэс хаан олон улсын буудалд туршилтын буулт хийсэн бөгөөд тэрээр тусгай хуягт машиндаа сууж, Чингэсийн талбайг зорьлоо.