Categories
мэдээ улс-төр

Улаанбаатарт үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай хэлэлцэнэ

НИТХ-ын
Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан ирэх даваа гаригт болно. Хуралдаанаар, Хүүхдийн
хөгжлийн төв, Ахмадын сувилалыг концессын гэрээгээр барих зөвшөөрөл олгох
тухай,  Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах
хөтөлбөр батлах тухай, Хан-Уул дүүрэгт Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн
парк байгуулах, Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк
байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Мөн
НИТХ-ын  ээлжит 19 дүгээр хуралдааны товыг  зарлаж, тус хуралдаанаар
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлах тухай хэлэлцэх юм. НИТХ-ын  Тэргүүлэгчдийн
ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд 10:00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Японы бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт болно

Японы Чиба банкнаас Монгол, Японы бизнес эрхлэгчдийн уулзалтыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уулзалт  энэ сарын 12-ны  10.00 – 17:00 цагийн хооронд ХААН банкны төв оффисийн үзэсгэлэнгийн танхимд болох юм. Сүүлийн жилүүдэд Монгол улс  уул уурхай болон ашигт малтмалын хайгуул олборлолтын хөгжилд тулгуурлаж эдийн засгийн огцом өсөлтөнд хүрээд байгаа. Японы аж ахуйн нэгж, компаниуд ч Монголын зах зээлийг ихээр сонирхох болсон. Түүнчлэн энэ оны долдугаар сард Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад албан ёсны айлчлал хийснээр хоёр орны “Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээр” хийх бэлтгэл ажил эхэлж Монгол Японы харилцаа нэг том  алхам урагшилсан билээ. Энэ удаад Чиба банк Японы 19 аж ахуйн нэгж компанитай хамтран Улаанбаатар хотод бизнес уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Япончуудтай хамтран бизнес эрхлэхийг хүссэн хүмүүст энэ арга хэмжээ нээлттэй юм билээ.

 

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг зарим сайд нарт хариуцлага тооцох асуудлаар мэдээлэл хийнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдлаа. Уг
хуралдаанаар Засгийн газраас хэрэгжүүлсэн “Эзэн-100” хөтөлбөрийг хэлэлцэж,
тайланг нь сонсох ёстой хэмээн үзсэн ажээ. Хөтөлбөртэй холбоотойгоор зарим сайд
нарт хариуцлага тооцох ёстой гэсэн асуудлыг бүлгийн гишүүд хөндсөн байна. Үүний өмнө Засгийн газрын тайланг сонсох ёстой
хэмээн олонхи гишүүн үзсэн аж. Бүлгээр
хэлэлцсэн асуудал, шийдвэрийнхээ талаар тус бүлэг ирэх долоо хоногийн
даваа гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнхтөр: Засгийн газар дэргэдээ хэвлэлгүй учраас мэдээлэл, тайлангаа олон нийтэд хүргэхийн тулд төлбөр төлдөг

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөрөөс дараахь тодруулгыг авлаа.

засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас хэвлэл мэдээллийн байгууллагуудад мөнгө өгсөн баримтыг дэлгэлээ гээд байна. энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах зардал гэж жил бүр төсөвт хэдэн төгрөг суудаг. Энэ нь зөвхөн өнөөдрийн Засгийн газар ч бус өнгөрсөн Засгийн газруудын үед ч байсан. Өнгөрсөн жилээс эхлээд нийт 200 орчим сая төгрөгөөр хамтран ажиллах буюу үйл ажиллагаа сурталчлуулах гэрээ хийдэг болсон. Төвийн хэдэн сонин, телевизүүдтэй дээд тал нь арав, доод тал нь таван сая төгрөгийн үнийн дүнтэй бүтэн жилийн гэрээ хийсэн. Угаасаа хэвлэлийн тухайд цааснаас эхлээд хэвлэлт, ажиллах хүчин гээд өч төчнөөн зардал гардаг. Телевизүүд ч ялгаагүй бидний хийсэн ажлыг иргэдэд танилцуулахын тулд мөн хэмжээний зардлыг гаргаж байгаа шүү дээ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд бол хувийн хэвшлийн газрууд. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд байнга хурал цуглаанд оролцоно. Шийдвэр, журам гарна. Асуудлыг яаж шийдсэн, ямар журам тогтоомж гаргаснаа олон нийтэд түгээх хэрэгтэй болно. Үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэх шаардлага гарна. Энэ тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагад зохих төлбөрийг нь өгөх ёстой болж байгаа юм. Засгийн газар дэргэдээ хэвлэлгүй учраас үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэсэн төлбөрөө төлөх шаардлага гардаг гэсэн үг. Түүнээс биш учиргүй их мөнгө цацаж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаж аваад байгаа юм биш.

асуудал Н.Алтанхуягийн засгийн газрын үед шинээр гарч ирсэн асуудал уу. иргэдэд ийм ойлголт өгүүлэхээр яриад байх шиг?

-Хувийн компани, корпорациуд хэдэн зуун сая төгрөгөөр үйл ажиллагаагаа сурталчлуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан олон нийтэд мэдээллээ хүргэдэг. Зай талбайн үнэлгээнээс нь доогуур үнээр Засгийн газар 10 сая төгрөгөөр гэрээ байгууллаа гээд хэвлэлийнхэн дургүй л байдаг. Тэглээ гээд яахав. Бид байгаадаа тохируулж Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд хүргэх шаардлагатай. Түүнээс биш хүмүүсийн яриад байгаа шиг мөнгө угаасан, хэвлэлийг худалдаж авсан гэх мэтээр бизнесийн далд утга огт байхгүй.

хамгийн гол нь засгийн газар болоод зарим хэвлэл мэдээллийн байгууллага хооронд хийсэн гэрээгхаалтынгэж тодотгоод байна л даа?

-Хаалтын гэдгийг нь ойлгохгүй байгаа. Хэвлэлийнхний юу гаргах вэ гэдгийг хааж нээгээд байдаг зүйл ч биш л дээ. Гэрээ хийхдээ би “Манай энэ зүйлийг битгий гаргаарай” гэж аль ч хэвлэлд хэлж байгаагүйг бүгд мэднэ. Харин “Манай арга хэмжээнд оролцсонд талархлаа” гэдэг үгийг л хэлдэг. Тэгээд ч Засгийн газартай байгуулсан гэрээнд “хаалтын” гэдэг үг ороогүй. Нэгэнт л том местүүд ажиллаж байгаа учир хийж байгаа ажлынхаа үйл явцыг, болох гэж байгаа зүйлийг иргэдэд мэдээлэх зайлшгүй шаардлага тулгардаг. Үүнийг биелүүлэхэд төсөв мөнгө нь бага байна гээд өнгөрсөн жил Эдийн засгийн хөгжлийн яам 100 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Тэр нь Чингэс бондын хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтыг танилцуулах гэх мэт ажилд зарцуулагдсан. Зөвхөн энэ Засгийн газар хамтын ажиллагааны гэрээ хийсэн үү гэвэл үгүй. Өнгөрсөн Засгийн газрын үед ч үйл ажиллагаагаа сурталчлуулахаар 5-10 сая төгрөгийн гэрээ хийж мөнгийг нь өгөөд л явдаг байсан. Надад ирсэн мэдээллээр 2010,
2011 онуудад Засгийн газар 100 гаруй сая төгрөгөөр үйл ажиллагаагаа сурталчилдаг байсан байна.

Байгууллага хооронд байгуулсан гэрээ хөндлөнгийн хүний гарт байгааг юу гэж ойлгох вэ?

-Манайхаас л гарсан юм байлгүй дээ. Тэр бичиг баримтыг хаанаас ч олж авсан юм, мэдэхгүй.

Л.ТӨР

 

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ сайд хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын дарга
З.Энхболдод өнөөдөр /2014.09.04/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, 
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ   Эрүүл мэндийн албан
журмын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол
Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг батлах
тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс
шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай болон Нийгмийн
даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд өргөн барилаа.

“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай”
хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь тухайн цаг үеийн тулгамдаж байгаа
асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэж байсан хэдий ч даатгуулагчийн эрхийг
хамгаалан тэдэнд хэрэгцээтэй чанартай үйлчилгээг худалдан авдаг
даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалын
харилцаанд оролцогч талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох гэх
мэтээр даатгалын тогтолцоонд тулгамдаад буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд
дорвитой өөрчлөлт хийгдээгүй байна. Тиймээс “Иргэний эрүүл мэндийн
даатгалын тухай” хуулийг шинэчлэн найруулж “Эрүүл мэндийн албан журмын
даатгалын тухай хууль”-ийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад
хууль болон эрх зүйн шинэтгэлийн бодлоготой нийцүүлэн боловсруулсан
байна. Түүнчлэн 2004 онд батлагдсан Хүн амын хөгжлийн бодлого 2000 оны
хүн амын тооллогын баримтад суурилсан бол 2010 оны Хүн ам, орон сууцны
тооллогоор тоо мэдээлэл, нөхцөл байдал эрс өөрчлөгдсөнийг тусгахаас
гадна 2010 оны тооллогын дүнг үндэслэсэн хүн амын хэтийн тооцоог
үндэслэн хүн ам зүйн бодлогын асуудлыг тодорхойлох шаардлагатай байна.
Иймээс Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц
бодлогыг батлах зайлшгүй шаардлагатай байгааг Хүн амын хөгжил, нийгмийн
хамгааллын  сайд С.Эрдэнэ УИХ-ын даргад танилцуулав.

Мөн 2013 оны эцсийн байдлаар
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 5,8
орчим мянган тэтгэвэр авагч тахир дутуугийн тэтгэвэр авч байна. Эдгээр
тэтгэвэр авагчдын зарим нь ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын
шимтгэлийг үргэлжлүүлэн төлдөг ч төлсөн шимтгэлтэй нь уялдуулан
тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох зохицуулалт одоогийн мөрдөж буй
хуульд байхгүйгээс тэтгэвэр авагчдын зүгээс санал гомдол ихээр гаргаж
байгаа зэргээс үүдэн Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн
осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан байна
хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

А.Гансүх хуулийн төслүүд өргөн барилаа

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Зам, тээврийн сайд А.Гансүх хоёр
хуулийн төсөл өргөн барилаа. Тодруулбал, Гаалийн тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль
болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслийг тус тус өргөн барьсан байна. Бүтээн байгуулалтын
салбарт гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл, арга
хэмжээг хэрэгжүүлэх хугацаа нь авто замын барилгын төслүүдэд 2-3 жил
байгаа бөгөөд гэрээнд заасан баталгаат засварын хугацааг нэг жил байгааг
тооцож үзэхэд замын барилгын ажлын гүйцэтгэгч нь доод тал нь гурван
жилийн хугацаанд машин механизм, тоног төхөөрөмжийг Монгол Улсын нутаг
дэвсгэрт түр хугацаагаар байршуулах шаардлагатай болдог. Гаалийн тухай
хуулийн 97 дугаар зүйлд энэхүү хугацааг нэг жилээр тогтоосон байгаа нь 1
жилээс дээш хугацаагаар хэрэгжих төслийн хувьд жил бүр хилээр оруулж
гаргах, эсхүл татвар, хураамж төлж бүр мөсөн оруулах горимд шилжүүлэх
хүндрэлийг үүсгэж байгаа юм. Иймд энэхүү хугацааг гадаадын зээл,
тусламжаар хэрэгжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зориулалттай үндсэн
техник, тоног төхөөрөмжийн хувьд хоёр жил хүртэл байхаар дээрх хуулийн
төсөлд тусгасан байна.

Түүнчлэн одоо дагаж мөрдөж буй Гаалийн тариф, гаалийн татварын
тухай хуулийн 38.1.9 дэх заалт болон Нэмэгдсэн өртгийн албан татварын
тухай хуулийн 13.1.7 дахь заалтаар иргэний агаарын зорчигч тээврийн
хөлөг онгоц, түүний сэлбэг нь гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөгдөж
байгаа. Энэ нь зорчигч тээврийнхээс бусад ачаа тээвэр, уул уурхай,
аялал жуулчлал, хөдөө аж ахуйн хортон шавьжтай тэмцэх, эмнэлэгийн
түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх, нисгэгч боловсон хүчин бэлтгэх
зэрэг сургалтын зориулалтын агаарын хөлөгт хамаарахгүй байгаа тул
хуулийн төслөөр нийгэм, эдийн засаг, аж ахуйн бусад салбарын хөгжлийг
хангах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор бүх зориулалтын иргэний агаарын
хөлөгт хамаарахаар өөрчлөлтийг тусгасан байна. 
Categories
мэдээ улс-төр

Х.Тэмүүжин сайд “Лицензийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Шинэчлэлийн Засгийн газар цагдаагийн байгууллагын эрх зүйн
шинэчлэлийн хүрээнд цагдаагийн байгууллагаас олгогддог зарим
зөвшөөрлүүдийг нэг дор төвлөрүүлэн олгох зорилгоор 2014-09-01 нд
“Лицензийн төв” шинэ байрандаа үйл ажиллагаагаа эхлэж, нээлтээ хийсэн. 

Цагдаагийн албаны үндсэн чиг үүрэг болох гэмт хэрэгтэй тэмцэх үйл
ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бусад албадыг шаардлагатай мэдээ
мэдээллээр хангах, мэдээллийн бааз суурь, зөвшөөрлийн системийг
төгөлдөржүүлэхэд чиглэгдэн ажиллаж байгаа тус төвийн анхны
үйлчлүүлэгчид сэтгэгдэл өндөр байна.

Нөгөө талаар цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд түргэн
шуурхай хүргэх, үйлчилгээний шинэ стандартыг нэвтрүүлэх, ил тод
байдлыг хангах талаар шинэлэг ажил болсон юм.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Лицензийн төв”-ийн үйл ажиллагаатай
танилцах үйл ажиллагаанд ЦЕГ-ын удирдлагууд оролцон санал бодлоо
солилцон шинэ төвөө танилцууллаа.

Categories
мэдээ улс-төр

ОХУ руу төмөр замын шинэ гарц нээнэ

Халхын голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга
хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол
Улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр хоёр талын харилцааны олон чухал асуудлаар хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын баримт бичгүүдийг байгуулав.
Зам, тээврийн салбарын хувьд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн
Монголын талын хувь нийлүүлэгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч Монгол Улсын
Зам, тээврийн сайд А.Гансүх, нийгэмлэг дэх ОХУ-ын эзэмшлийн хувьцааг
итгэмжлэн захирагч В.И.Якунин нар Улаанбаатар төмөр замын шинэчлэл,
хөгжлийн стратегийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт, Монгол Улсын
Зам, тээврийн сайд А.Гансүх, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов нар
Иргэний агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны тухай протоколд,
ОХУ-ын “Аэрофлот” компанийн Ерөнхий захирал В.Савельев, МИАТ ХК-ийн
Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан нар хамтын ажиллагааны тухай санамж
бичигт тус тус гарын үсэг зурав.
Эдгээрээс хамгийн ач холбогдолтой нь улс, орны хөгжлийн зүтгүүр
болсон Улаанбаатар төмөр замын ирэх 50 жилийн хөгжлийг тодорхойлсон
баримт бичиг байв. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”
нийгэмлэгийг үүсгэн байгуулсны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа
билээ. Ойн жилд талууд Улаанбаатар төмөр замын шинэчлэлийг цаашид
далайцтай өрнүүлэх, сүлжээг өргөжүүлэх, тээвэрлэлтийг үлэмж нэмэгдүүлэх
цаашдын олон жилийн хөгжлийн стратегийг тохиролцов.
Талууд Улаанбаатар төмөр замын одоо байгаа коридорыг жилд 100 сая
тн хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадалтай болгох, цахилгаанжуулах, хоёр
дахь замыг барих, Салхит-Эрдэнэтийн салбар төмөр замын шугамыг баруун
хойд чиглэлд үргэлжлүүлэн Монгол Улс, ОХУ-ын хилд хүргэж ОХУ руу төмөр
замын шинэ гарц нээх, ингэснээр цаашид ОХУ-ын Тува Улсын Кызылтэй
холбогдож ОХУ-ын уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын нутгаар дамжуулан
БНХАУ-д гаргах шинэ замнал бий болгох, Монгол Улсын нутаг дэвсгэрээр
дамжин өнгөрөх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын
баруун бүс нутгаар дайран өнгөрөх босоо чиглэлийн шинэ коридор байгуулах
боломжийг судлах зэрэг бусад асуудлыг тохиролцлоо.
Дашрамд дурдахад, түүхт ойн жилийн босгон дээр талууд нийгэмлэгийн
дүрмийн санг 250 сая ам. доллараар амжилттай нэмэгдүүлсэн. Түүнчлэн
Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлийн 2015 он хүртэлх эхний
шатны хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд хөтөлбөрийн
хүрээнд Монгол Улсаас нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд оруулсан
125 сая ам. долларын хөрөнгөөр шинэ зүтгүүр, вагон, гол замын холбоо,
дохиолол, хориглолын шинэ систем худалдан авах зэрэг шинэчлэлийг хийж,
2015 оны сүүл гэхэд замын тээх, нэвтрүүлэх хүчин чадал даруй 60 хувиар
нэмэгдэж жилдээ 34 сая тн. ачаа тээвэрлэх чадвартай болно. 2013 онд
Улаанбаатар төмөр зам 21 сая тонн ачаа тээвэрлэсэн юм.
Айлчлалын үеийн яриа хэлэлцээний үеэр Монгол Улс БНАСАУ дахь ОХУ-ын
хөрөнгө оруулалттай Ражин боомтод хувь эзэмшиж, хамтран ашиглах зарчмын
тохиролцоонд хүрэв. Ингэснээр Монгол Улс анх удаа өөрийн далай боомттой
боллоо.
Мөн түүнчлэн Орос, Монгол, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын
дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах, Монгол
Улсын нутгаар дамжин өнгөрөх ОХУ-аас БНХАУ-ыг чиглэсэн ачаа тээврийн
хэмжээг 2015 он гэхэд 6 сая тонн, 2020 он гэхэд 20 сая тоннд хүргэж
ажиллахаар тохиролцлоо.
Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Путин айлчлалаа ингэж дүгнэжээ

-Дүгнэвэл, тээвэр, металлург,
дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар нилээн тодорхой
ярилаа. Цаасан дээр хараахан буугаагүй тодорхой төлөвлөгөө ч байгаа. Ойрын үед
бид энэ ажлыг дуусгана-

 

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар
өчигдөр /2014.09.03/ ажлын айлчлал хийгээд буцсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин
өөрийг нь дагалдан явсан Оросын сэтгүүлчдийн асуултад хариулсаныг ОХУ-ын
Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудаснаа тавьжээ. Энэхүү асуулт, хариултыг
хүлээн авна уу.

-Бид Монголд байна, тиймээс айлчлалын үр
дүнгийн талаар асуумаар байна. Энэ айлчлал худалдаа-эдийн засгийн харилцаа
саарч байгааг зогсоож чадах болов уу?

-Хэдийгээр энэ айлчлал Халхын голын ялалтын 75
жилийн ойд зориулагдсан ч гэсэн бид өнөөдөр худалдаа-эдийн засгийн харилцааны
талаар их ярилаа. Халх голын ялалт бол бидний хамтдаа тэмдэглэх үйл явдал.
Гэсэн энэ уулзалтыг далимдуулан хоёр орны харилцааны асуудлуудаар ярилцах
боломжийг ашиглахгүй байж болохгүй. Манай яамдууд, агентлагууд, компаниуд өөр
өөрсдийн чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар сайн ажилласан
гэдгийг би айлчлалын явцад хэлсэн. Тухайлбал, тээврийн асуудал. Монголын хувьд
ч, бидний хувьд энэ улсын транзит тээврийн боломжийг нэмэгдүүлэх тун чухал ач
холбогдолтой. Монгол бол Орос-Хятадын дунд оршдог. Орос-Хятад хоёр бол
худалдааны том түншүүд. Худалдааны эргэлт 67 тэрбумаар тоолошдож байна, энэ онд
65-67 тэрбум болон нэмэгдэх төлөв харагдаж байна. Тиймээс Монголын транзит
тээврийн нөөц боломжийг өнөөдрийн байгаагаас илүү ашиглах шаардлагатай. Бүүр
Зөвлөлтийн үеэс бид металлургийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.

Гэсэн ч асуудал байна. Орос-Монголын худалдааны
баланс алдагдалтай байна. Монголоос Орос руу нийлүүлэх хүнсний барааны хэмжээг
нэмэгдүүлэх чиглэлд бид ажиллаж байна, гэхдээ үүнийг хийхийг түншүүд маань
гуйсан тохиолдолд. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг оруулахад тодорхой
хязгаарлалт тавигдсан байгаа. ОХУ-ын Засгийн газар энэ хязгаарлалтыг цуцлах
талаар ажиллахаар тохиролцлоо, ялангуяа мах нийлүүлэх квотын талаар.

Дүгнэвэл, тээвэр, металлург, дэд бүтэц, хөдөө аж
ахуйн салбарт хамтран ажиллах талаар нилээн тодорхой ярилаа. Цаасан дээр
хараахан буугаагүй тодорхой төлөвлөгөө ч байгаа. Ойрын үед бид энэ ажлыг
дуусгана.

Хөрөнгө оруулалт хийгдэж байгаа, гэхдээ энэ нь
хангалтгүй гэдэг ойлгомжтой. Хөрөнгө оруулалт бол бидний хамтын ажиллагааны бас
нэг чиглэл. Нааштай ирээдүйн төлөв байгаа.

Өнөөдрийн ажлын үр дүндээ би сэтгэл хангалуун
байна.

-Владимир Владимирович та өнөөдөр ноён
Порошенкотой ярьсан. Эхлээд Украины тал гал зогсоох тухай тохиролцлоо гэж
мэдэгдсэн. Гэсэн ч үүссэн нөхцөл байдлыг зохицуулах алхмуудын талаар л ярьсан,
яагаад гэвэл Оросын тал энд оролцогч тал биш гэсэн тайлбар араас нь дагалдсан.
Ямар алхмуудын талаар ярьсан талаар хэлэхгүй юу?

-Тийм ээ, өнөөдөр өглөө үнэхээр Ерөнхийлөгч
Порошенкотой утсаар ярьсан Дипломатуудын ярьдгаар үүссэн нөхцөл байдлыг
зохицуулах тал дээр бидний байр суурь их ойролцоо байгаа над санагдсан.
Благовещенскээс Улаанбаатар руу нисэх зуур юу хийх, яах талаар зарим нэг
санаанууд орж ирсэн. Хэрвээ та бүхэнд сонирхолтой бол та бүхэнд танилцуулж
болох юм.

Украины зүүн өмнөд хэсэгт үүсээд байгаа нөхцөл
байдлыг намжааж, цус урсгахыг зогсоохын тулд, сөргөлдөгч талууд нэн даруй
зөвшилцөж, улмаар дараах арга хэмжээг авах хэрэгтэй. Үүнд,

-Нэгдүгээрт, Украины зүүн өмнөд хэсгийн Донецк,
Луганск чиглэлд зэвсэгт хүчний болон зэвсэглэсэн бүлэглэлийн идэвхтэй дайралтыг
зогсоох,

-Хоёрдугаарт, Украины цэргийн хэсгүүдийг тодорхой
зайд холдуулах, ингэснээр суурин газруудыг буудах боложмийг үгүй болгох,

-Гуравдугаарт, Гал зогсоох ажиллагааг олон улсын
бүрэн хэмжээний, бодит хяналтан дор хийх,

-Дөрөвдүгээрт, сөргөлдөөнтэй байгаа хэсэгт орших
суурин газар_ энгийн иргэдийн эсрэг гал хэрэглэхгүй байх,

-Тавдугаарт, ямар ч нөхцөл болзолгүйгээр хүч
хэрэглэн хорионд байглгаж байгаа хүмүүсийг солилцох,

-Зургадугаарт, Донбасс, Донецк, Луганск мужуудын
хот, суурин газруудад дүрвэгсэд чөлөөтэй шилжиж болох, мөн хүмүүнлэгийн
тусламжийн ачааг хүргэх коридор нээх,

Эцэст нь , долдугаарт, Донбассын эвдэрч сүйдсэн
суурин газруудад сэргээн болсголтын ажил хийх багуудыг оруулах боломжийг
бүрдүүлж, тухайн хот, суурин газрын дэд бүтцийг сэргээн өвөлд бэлдэхэд тусламж
үзүүлэх шаардлагатай байна.

Киев болон Украины зүүн өмнөд хэсгийн эрх
баригчид есдүгээр сарын 5-нд товлогдоод байгаа уулзалтаар эцэслэн тохиролцож
болно гэж бодож байна. Миний энэ мэдэгдэл, хэлсэн зүйлс маань Ерөнхийлөгч
Порошенкотой ярьсан ярианаас үүдэлтэй гэдгийг тэмдэглэхийг хүсч байна. Украины
удирдлага тус нутгийн зүүн өмнөд хэсэгт үүсээд байгаа нөхцөл байдлыг
зохицуулахад ажиглагдаж байгаа нааштай өөрчлөлтийг дэмжиж, тэнд амьдарч байгаа
иргэдийн эрхийг хангана гэдэгт би их найдаж байгаа.

Өөр нэмж хэлэх зүйл алга даа. Баярлалаа.

 

Categories
мэдээ улс-төр

Минскт хоёр талын бизнес уулзалт болно

Монгол,
Беларусийн Засгийн газар хоорондын комисс байгуулагдаад нэг жил гаруй болжээ.
Тус комиссын Монголын хэсгийн даргаар Барилга, хот байгуулалтын дэд сайд
Г.Байгалмаа ажиллаж байгаа аж. Манай уул уурхайн салбарт Беларусь улсад
үйлдвэрлэсэн хүнд даацын “БелАз” автомашин, сэлбэг хэрэгслийн албан ёсны гэрээт
борлуулагч ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд “Монголын Алт Мак”, “Адуунчулуун”,
“Багануур” болон “Талын гал” компаниуд уг автомашиныг ашигладаг байна. Түүнчлэн
Монголын Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч экспортлогчдын холбоо нь Беларусийн
төрийн өмчит “Беллегропром” концернтэй хамтран ажилласнаар материал,
бүтээгдэхүүн нийлүүлдэг байна. Өнгөрсөн онд манай улс Беларусаас 698,3 мянган
ам.долларын нефтийн бүтээгдэхүүн, ачааны тэрэг, автомашины дугуй зэргийг
импортлосон бол энэ оны эхний хоёр сарын байдлаар хоёр улсын бараа эргэлт 3,2
сая ам.долларт хүрсэн байна.

Цаашид
тус комисс цахилгаан шатны үйлдвэр болон уул уурхайн салбарт хамтарсан жишиг аж
ахуйн нэгж байгуулах, хүнд даацын механизмын үйлдвэр барихад шаардагдах
төлбөрийг нүүрс болон бусад бололцоот ашигт малтмалаар төлөх асуудлыг
шийдвэрлэх, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах, байгалийн диоксид цахиур
дээр суурилсан гадаргуугийн биоцид шинж чанартай микро шүүлтүүрийн мембран
гарган авах, Беларусийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа монгол иргэдийн
ачаа тээвэртэй холбоотой гарч буй бэрхшээлийг арилгах зэрэг ажлууд хийхээр
төлөвлөсөн байна.

Манай
улсад Беларусь улсын Элчин сайдын яам үүдээ нээгээд нэг сар гаруй болоод байна.
Өнгөрсөн долоо хоногт элчин сайд ноён Станислав Чепурнай Монгол, Беларусийн
Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн зөвлөлийн гишүүн, МҮХАҮТ-ын
Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгштэй уулзжээ. Талууд энэ сарын 22-ноос
24-ний хугацаанд Минск хотноо зохион байгуулагдах хоёр улсын бизнес эрхлэгчдийн
уулзалтын бэлтгэл ажил, транзит ачааны тээвэр саадгүй зохих газартаа хүрэх,
худалдааг хөнгөвчлөх, хоёр талын бизнес эрхлэгчдийг мэдээллээр хангах, түнш
олоход нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.