Categories
мэдээ улс-төр

Озоны давхаргыг хамгаалахад тавьж буй зорилтын талаар танилцууллаа

БОНХЯ-ны Хаан танхимд Олон улсын Озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан Озоны давхаргыг хамгаалахад тавьж буй зорилтын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд С.Оюун сайд оролцлоо.

Озоны бодисын тухай  Монреалийн протокол нь 1987 оны 9 дүгээр сарын  16-ны өдөр анха 24  орон гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болж НҮБ-аас тухайн өдрийг  Озоны давхарыг хамгаалах олон улсын өдөр болгон  тунхаглажээ. Өнөөдөр тус Протокол  болон түүний  эх конвенц болох  Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц нь нийт 197  орон буюу Дэлхийн  бүх улс орон  нэгдэн орсон олон улсын  анхны гэрээ юм.

Монреалийн протоколыг  хэрэгжүүлсэний үр дүнд ахуйн хэрэглэээ, үйлдвэрлэл,  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний  салбар дахь  зарим  төрлийн  озон задалдаг  бодисын  хэрэглээний 98 хувийг  олон улсад  түвшинд үйлдвэрлэл, хэрэглээнээс гаргаж чадснаар озоны давхарга нь  ирэх хагас зуун  жилийн турш нөхөн сэргэх  боломжтой болоод байгаа билээ.  Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн улс орон бүр амласан үүрэг амлалтаа  заавал биелүүлэх  шаардлагатай байна.

Хүн төрлөхтний хөгжил, технологийн  дэвшлийн  үр дагавар озоны  давхаргад  сөрөгөөр нөлөөлж эхэлсэн байна. Эрдэмтэд хлортфтортнүүрсустөрөгч хий буюу  хөргөлтийн  хий агаарт алдагдснаас шалтгаалж  озоны молекулыг задлан озоны  давхарга дахь  озоны хэмжээ багасаж байгаа 1970-аад оны үеэс судлан тогтоожээ.

Categories
мэдээ улс-төр

Мьянмарын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Мьянмарын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ү Вин Мра тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хурдацтай өргөжин хөгжиж буйг онцлон тэмдэглээд зочид, төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай айлчлахыг хүслээ. Мөн тэрээр “Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгааг дурдаад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Мьянмарын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, ноён Ү Вин Мра байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархаад цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам их өргөжин хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

 Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга А.Дашдэлэг нар байлцсан бөгөөд 2000 онд батлагдсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон талаар танилцуулж, харилцан санал солилцов.

 Ноён Ү Вин Мра уулзалтын төгсгөлд байгуулагдаад гурван жил болж буй Мьянмарын Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын сайн туршлагаас судлах хүсэлтэй байгаагаа онцлон тэмдэглэсэн юм. Мьянмарын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2011 оны есдүгээр сарын таванд Мьянмарын Нэгдсэн Ард Улсын Засгийн газрын 34 тоот тогтоолоор байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар олон үндэстний төлөөлөл болсон 15 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Сэлэнгэ аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 14,15-ны өдрүүдэд манай аймагт ажиллалаа. Ерөнхийлөгчийг Үйлдвэр Хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр тэргүүтэй албаны хүмүүс дагалдан явлаа.

Есдүгээр сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаа явуулдаг “Майнд тех” ургамлын тосны үйлдвэртэй танилцсан. Дараа нь Шаамар суманд хүрэлцэн ирж Дэлгэрхаан 1-р багийн ногоочин Б.Гансүхийнд зочиллоо. Гэрийн эзэн хот яваад ирж амжаагүй байсан тул гэрийн эзэгтэй Д.Хараа өрхийн аж ахуйнхаа тухай товч танилцуулсан. Б.Гансүхийнх Ховд аймгийн Булган сумын айл бөгөөд Шаамар суманд 1998 онд шилжин ирсэн байна. Таван ам бүлтэй, гурван хүүхэд нь оюутан. Хашааныхаа 70 сот газарт байцаа, манжин, лууван, сонгино, хулуу зэрэг төрөл бүрийн хүнсний ногоо тариалж борлуулан өрхийн амьдралаа авч явдаг. Хашааны 70 сот газар энэ өрхийн бүхий л хэрэгцээг хангадаг ажээ. Оюутан хүүхдүүдийнх нь сургалтын төлбөрөөс эхлээд идэж уух, өмсөж зүүх гээд бүгд хашааны ногооноос эхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч тус өрхийн ажил байдалтай танилцаад төр засгаас юу хүсэж байгааг тодруулан асуусан. Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар ногоочдынхоо өмнөөс төрийн тэргүүнд:

-Ногоочдод урамшуулал олгох

-Хүнсний ногооны борлуулалтанд төрөөс дэмжлэг үзүүлэх

-Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудал чухал байгааг дуулгалаа.

Цаашид ногоочдыг биржийн системээр хөгжүүлэх асуудлыг судалж байгаа талаар ҮХАА-ны сайд тодотгосон. Малчдыг мэргэжлийн үнэмлэхтэй болгосон шиг ногоочдыг бүртгэлжүүлэн баталгаажуулж, тамга тэмдэгжүүлэх ажлыг цаашид хийх нь чухал хэмээн төрийн тэргүүн хэллээ. Ингэснээр ногоочид зээлд хамрагдаж, гэрээ хэлэлцээр хийх боломжтой болох юм. Хөдөө аж ахуйн бодлого тогтвортой байна гэдэг хөрөнгө оруулалтаас шалтгаалдаг. Дэмжлэг тогтвортой байвал ямар нэг савлагаа гарахгүй. Үүнийг бодлого тодорхойлж байдаг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Байнгын дэмжлэгтэй байдаг энэ салбарлуугаа хөрөнгө оруулалтаа оруулж байх нь чухал гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хэллээ.

Төрийн тэргүүн Шаамар сумаас Зүүнбүрэн сумын “Арвин хур” ХХК дээр ирж үйл ажиллагаатай нь танилцсан. Тус компани цагаан суффольк үүлдрийн хонь, канола ургамлын тос гээд шинэ шинэлэг ажил үйлчилгээг нэвтрүүлэн гаргаж байгаа бүтээлч хамт олон. Өөрсдийн тарьж ургуулсан рапснаас гарган авсан ургамлын тос болн бусад төрлийн бүтээгдэхүүнүүдтэй төрийн тэргүүн танилцлаа. Эндээс Цагааннуур суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Гацуурт” компанийн тариан талбай дээр очиж лууван болон тариа хураалтын байдалтай танилцан тус компанийн нэвтрүүлсэн шинэ техник технологи, махны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа фермерийн аж ахуйг үзэж сонирхлоо.

Тариан талбай дээр гурилын үйлдвэрүүд болоод ҮХАА-н яамнаас гаргасан буудайн үнийн талаарх маргаантай асуудлаар “Гацуурт” ХХК-ийн захирал н.Чинбат, ҮХААЯ-ны сайд Ш.Түвдэндорж, ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга н.Золжаргал нарыг байлцуулан талуудын байр суурийг сонслоо. Монгол Улсын ерөнхийлөгч үнийн асуудлаар өрнөсөн дээрх маргааныг аль болох зөв бодлогоор, зөв шийдвэр гаргаж, хэн хэнийг нь хохироохгүйгээр, өнөөдрийн хүрсэн түвшингөө бууруулахгүйгээр асуудалд нухацтай хандаарай гэсэн юм. Тариаланчид урамшуулалгүйгээр амьдрахгүй. Бидний хөдөлмөр хоёр жилийн дараа л мөнгө болж ирдэг, бэлэн мөнгө гэж байдаггүй, тариаланчид дэмжлэггүйгээр амьдрахгүй гэдгийг “Гацуурт” ХХК-ийн захирал Чинбат онцолж байв.

Тариаланчдын зүгээс будааныхаа үрийг дотооддоо бэлтгэдэг болмоор байна гэсэн асуудлыг ч хөндлөө. Тариаланчдад үнийн дарамт үзүүлэх юм бол будаа тарих хүнгүй болно. Бүгд рапс тарих болно. Одоо үрийн будаан дээрээ урамшуулал олгочих юм бол энэ асуудлыг 100 хувь шийдлээ гэсэн үг гэж Чинбат захирал хэллээ. Тариаланчдаа суулгаад тал талаасаа харилцан ярилцах хэрэгтэйг Ерөнхийлөгч зөвлөсөн.

Төрийн тэргүүн Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ рапс, хүнсний ногоонд талбайгаар нь тооцож урамшуулал олгох, тариаланчдын урамшуулал, гурил үйлдвэрлэгчдээ дэмжих гэх мэт олон асуудлыг хөндөж ярилцсан. Мөн өнөөдрийг хүртэл ХАА-н салбарт олсон ололт амжилтаасаа алхам ч ухарч болохгүй гэдгийг онцгойлон тодотгож байв.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жирийн ногоочин өрхийн амьдрал ахуй болоод томоохон компаниудын үйл ажиллагаатай танилцах зорилгоор газар тариалангийн гол бүс нутаг болох манай аймгийг зорин ирсэн байна. Тэрээр одоогоос 10 жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа Сэлэнгэ аймгийн газар тариалангийн компаниудын үйл ажиллагаатай танилцаж байснаа хэлж байлаа.

Categories
мэдээ улс-төр

Э.Эрдэнэжамъян ажлаа өгөх хүсэлтээ гаргажээ

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян албан тушаалаа урвуулан ашиглаж Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргад захидал бичсэн хэргээр шүүхийн хаалга татсан. Түүнийг Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарын хэргийн мөрдөн байцаалтад саад учруулсан гэж үзэн шүүхээс улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасч мөн найман сая, 424 мянган төгрөгөөр торгох ял оноогоод байгаа юм. Хэдийгээр Э.Эрдэнэжамъян энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа ч шүүхийн шийдвэрийг хүндэтгэн албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн байна. Түүний өргөдлийг энэ сард багтаан шийдвэрлэх бололтой.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийнхэн ОХУ-д айлчилал хийнэ


  
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид энэ
сарын 15-20-нд ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькины урилгаар тус
улсад албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид
ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькинтой албан ёсны уулзалт хийж,
хоёр орны Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам
хөгжүүлэх асуудлаар ярилцана. Манай төлөөлөгчид  ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн
гишүүдтэй ажил хэргийн уулзалт хийх үеэр Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх талаар
хоёр орны Үндсэн хуулийн шүүхүүдийн явуулж буй үйл ажиллагаа, оруулж буй хувь
нэмэр, хуримтлуулсан арга туршлага, үндэсний болон олон улсын эрх зүйн хөгжлийн
чиг хандлага зэрэг асуудлаар харилцан санал солилцох аж. Мөн айлчлалын хүрээнд
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид
ОХУ-ын Дээд шүүхийн дарга В.М.Лебедевтэй ажил хэргийн уулзалт хийхээр товлосон
байна.  Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга
Н.Жанцан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Үндсэн хуулийн цэцийн
Судалгааны төвийн захирал Ц.Сарантуяа нар багтсан аж

Categories
мэдээ улс-төр

Төрийн тэргүүдийн зөвлөлийн хуралдаанд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүдийн зөвлөлийн хуралдаанд
оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Бүгд
найрамдах Тажик улсын нийслэл Душанбе хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын
Төрийн тэргүүдийн зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцлоо. Тэрээр тус
хуралдаанд үг хэлсэн юм.

ШХАБ-ын гишүүн орноор ОХУ, БНХАУ, Казахстан,
Киргиз, Тажикистан, Узбекистан улсууд ажилладаг бөгөөд гишүүн улсуудын итгэлцэл,
найрамдал, сайн хөршийн харилцааг бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй
байдлыг хангах, терроризм, салан тусгаарлах үзэл болон хэт даврах үзлийн бүх
хэлбэр, хар тамхины хууль бус наймаатай хамтран тэмцэх нь ШХАБ-ын үндсэн
зорилго юм.

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүдийн
зөвлөлийн хуралдаан болж буй энэ өдрүүдэд Монгол Улсыг тус байгууллагад элсэнэ
гэсэн яриа гарах болсон юм. Гэвч 10 жилийн турш ажиглагчийн статустай явж ирсэн
байр сууриа цаашид ч хадгална. Тус байгууллагад элсэх талаар ямар нэг яриа,
хэлэлцээ хийгээгүй гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр 
Монголын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онцлон хэлсэн билээ.

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүдийн
зөвлөлийн хуралдаан өчигдөр болж өндөрлөлөө.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН
ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН
ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ

Душанбе, 2014 оны 9 дүгээр сарын 12

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч
эрхэмсэг ноён Эмомали Рахмон,

Хуралдаанд оролцож буй улс орны тэргүүн, хүндэт
зочид, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн нар аа,

Хатагтай, ноёд оо,

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Төрийн
тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 14 дэх удаагийн хуралдааныг өндөр түвшинд,
бүтээлч байдлаар зохион байгуулж, төлөөлөгч биднийг эелдэг, халуун дотноор
хүлээн авч, хамтран ажиллах таатай орчин бүрдүүлсэн Бүгд Найрамдах Тажикистан
Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Эмомали Рахмон Танд гүн талархлаа илэрхийлье.

Өнө эртний соёл иргэншлийн түүхтэй Тажик нутагт
зочилж байгаадаа миний бие туйлын баяртай байна. Өнгөрч буй нэг жилийн
хугацаанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд “Хамтын ажиллагаа,
хамтын хөгжил, хамтын цэцэглэл” уриан дор бүс нутгийн аюулгүй байдал, эдийн
засаг, соёл боловсрол зэрэг бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллагын
нэр хүндийг олон улсын тавцанд өсгөхөд нь Бүгд Найрамдах Тажикистан Улсын
Засгийн газар, ялангуяа Ерөнхийлөгч Эмомали Рахмон идэвх зүтгэл гарган, жинтэй
хувь нэмрээ оруулсныг онцгойлон тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улс Төв Азийн бүс нутгийн олон талт хамтын
ажиллагаанд идэвхтэй оролцох гадаад бодлогын хүрээнд 2004 онд Шанхайн хамтын
ажиллагааны байгууллага /ШХАБ/-д ажиглагчийн статустай анхны орон болсон.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай улс тус байгууллагын гишүүн орнуудын төр,
засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол, салбарын сайд нарын уулзалт болон
бусад арга хэмжээнд өөрийн нөөц, бололцоонд тулгуурлан идэвхтэй оролцож ирсэн.

Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг
өргөжүүлэн хөгжүүлэх нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хамгийн үр дүнтэй
арга билээ. Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд ШХАБ нь үйл ажиллагааныхаа эдийн
засгийн чиглэлд илүүтэй ач холбогдол өгч, тодорхой үйл ажиллагааг явуулж
байгаад Монгол Улс өндөр ач холбогдол өгч байна. Бүс нутгийн аюулгүй байдал,
эдийн засгийн хөгжлийг хангахад өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор эдийн
засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаанд цаашид түлхүү оролцох сонирхолтой
байгаагаа тэмдэглэе. Эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх энэхүү үйл
хэрэгт байгууллагын ажиглагч, түнш орнуудыг татан оролцуулах, энэ чиглэлээр
тусгай хөтөлбөр гарган ажиллах нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

ШХАБ-ын хүрээнд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх
зорилтын хүрээнд Монгол Улс нь “Эрчим хүчний клуб” дэх оролцоогоо бэхжүүлэх,
удахгүй байгуулахаар ажиллаж буй ШХАБ-ын Хөгжлийн банк, Тусгай дансанд өөрийн
нөөц бололцоондоо тулгуурлан идэвхтэй оролцох хүсэлтэй байна. 

Түүнчлэн, ШХАБ-ын хүрээнд Монгол, Орос, Хятадын
гурван талын дамжин өнгөрөх тээврийн нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах,
гурван талт хамтын ажиллагааг байгууллагын хүрээнд хэрэгжиж буй дэд бүтэц,
дамжин өнгөрөх тээврийн “Торгоны замын эдийн засгийн бүс”, “Транссибирь,
Байгал-Амарын гол замын дамжин тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх” зэрэг төсөл
болон бусад төсөл хөтөлбөртэй уялдуулах нь Төв Азийн бүс нутгийн нийгэм, эдийн
засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй. Түүхийн үүднээс авч үзэхэд
монголчууд Торгоны замын боломжийг нэмэгдүүлэх, найдвартай байдлыг хангахад
чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байдаг. Монгол Улсын газар зүйн байрлал, бүс
нутгийн ачаа тээврийн байнгын өсөлт зэрэг нь дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх
таатай нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Хатагтай, ноёд оо,

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын
“Улаанбаатарын уулзалт”-ын санаачлагыг хэрэгжүүлэх талаархи анхны гурван талт
уулзалтыг өчигдөр буюу 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион
байгууллаа. Уулзалтаар Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад
Ард Улсын төрийн тэргүүн нарын “Улаанбаатарын уулзалт”-ын агуулга, зарчмыг хэлэлцэж
байх асуудлын тухай манай улсын санаачилгын талаар хэлэлцэж, тодорхой
ойлголцол, тохиролцоонд хүрч чадлаа..

Монгол Улс ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд,
түүний дотор манай хөршүүд болох ОХУ, БНХАУ-тай дэд бүтэц, хөрөнгө оруулалт,
дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай
бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ирсэн. Энэ хүрээнд 2014 оны 8 дугаар
сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, стратегийн иж
бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр шийдвэрлэсэн бол 9 дүгээр сард ОХУ-ын
Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийж, хоёр орны стратегийн
түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, төмөр зам, уул уурхай, дэд
бүтцийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохиролцсон нь бүс
нутгийн хамтын ажиллагааны бүхий л салбарт Монгол Улсын оролцоо улам идэвхжих
нөхцөл бүрдсэнийг тэмдэглэе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
мэдээ улс-төр

Азийн худалдааг дэмжих форумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

‘Улсын
Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.09.12/ Азийн худалдааг дэмжих форумын
тэргүүнүүдийн 27 дугаар ээлжит хуралдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 Улсын
Их Хурлын дарга уулзалтын эхэнд ээлжит форумын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа
баяртай байгаагаа илэрхийлээд хуралдаанд нь амжилт хүссэн юм. Түүнчлэн Монгол,
ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд уулзаж байгаа чухал өдөр бидний уулзалт болж
байна гээд тус байгууллага нь анх таван гишүүнтэйгээр байгуулагдаж байсан бол
өнөөдөр Азийн 24 орны худалдааг дэмжих байгууллагыг эгнээндээ нэгтгэж,
амжилттай ажиллаж байгаад баяр хүргэлээ. Тэрбээр худалдааг хөнгөвчлөх, гадаадын
хөрөнгө оруулалтыг татах болон ногоон эдийн засагт шилжих, ногоон үйлдвэрийг
хөгжүүлэх нь Монгол Улсын төр, засгийн нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлуудын нэг
хэсэг гэдгийг дуулгаад энэ талаар хуралдаж цаашдын хөгжлийн гарцыг олох, өөрийн
орны бүс нутгийн бизнесийг тэр зүгт чиглүүлэхээр хамтран хэлэлцэж байгаад
талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улс сүүлийн жилүүдэд гадаадын
хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хэд хэдэн бодлого боловсруулан хууль эрх
зүйн болоод хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлд бодитой алхмууд
хийснийг онцлоод үүнд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим томоохон
хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.

Хурлын төлөөлөгчид Улсын Их Хурлын даргыг их
ажлынхаа хажуугаар цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлээд хурлаар
ярилцсан асуудлуудын талаар товч мэдээлэл өглөө. Түүнчлэн энэ удаагийн чуулга
уулзалт маш үр дүнтэй болж байгааг онцлоод Монгол Улс өндөр хэмжээнд маш сайн
зохион байгуулж байгааг дуулгасан юм. Хуралдаан Монгол Улсад зохион
байгуулагдсанаараа хамтын ажиллаагаанд ахиц дэвшил гарч байна гэдгийг хэллээ хэмээн
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Хөрш гурван улсад дээд хэмжээний уулзалт хийх шалтгаан бий

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч
В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар өчигдөр гурван талт уулзалт хийсэн нь
хөрш гурван орны Төрийн тэргүүн нэгэн цаг мөчид нүүр тулан уулзсан анхны
тохиолдол болсон юм. Уг уулзалтын дараа Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Монголын сэтгүүлчдэд  хандаж мэдээлэл хийлээ.

Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ц.Элбэгдорж– Гурван улсын тэргүүн
нарын түвшинд уулзсан тус уулзалт нь анхных юм. Энэ уулзалтын гол зорилго нь
Монгол улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын дээд түвшний “Улаанбаатарын
уулзалт”-ыг хийе гэдэг асуудлыг ярихад оршиж байгаа юм. Уг уулзалтыг зохион байгуулъя
гэдэг санаачилгыг өнгөрсөн дөрөвдүгээр сард дэвшүүлж ярилцсан. Харин Душанбед
болж буй тус уулзалтаар уг санаачилгын тухай ярилаа. Уулзалтыг санаачлагч улсын
хувьд бидний зүгээс тодорхой асуудлуудыг гаргаж тайлбарласан. Ер нь ийм уулзалт
хийх ямар шалтгаан, хүчин зүйлүүд байна вэ гэдгийг тайлбарласан юм.
Тайлбарлахдаа бид асуудлаа гурав, гурав гэдэг зарчмаар ярилаа. Ийм гурван
шалтгаан байна. Мөн ийм гурван зарчим байна гэх зэргээр. Бидний зүгээс гурван
улсын тэргүүн нарын уулзалтыг Улаанбаатарт хийх дараах гурван учир шалтгаан,
хүчин зүйл байна гэж үзэж байгаа.

Нэгдүгээрт, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь
манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл. Мөн Орос, Хятад улстай хамгийн
урт хилээр хиллэдгийн хувьд манай гурван улсын хооронд хэлэлцэж шийдвэрлэх
шаардлагатай асуудлууд байна гэж үзэж байгаа. Ялангуяа дамжин өнгөрөх тээвэр,
дэд бүтцийн хөгжилтэй холбоотой ярилцах асуудлууд байгаа юм. Мөн далайд гарахын
тулд заавал хоёр хөршөөрөө дамжих шаардлагатай.

Хоёрдугаарт, Монгол Улсын газар зүйн байршлын өөрийнх нь онцлог нь
 БНХАУ, ОХУ хооронд бүхлээрээ оршдог цорын ганц дамжин өнгөрөх орон юм.

           
Гуравдугаарт, Монгол Улс өөрийгөө ОХУ-ын хувьд Европоос Ази руу гарах, БНХАУ-ын
хувьд Азиас Европ руу гарах хамгийн дөт, найдвартай дамжин өнгөрөх дэд бүтцийн
зангилаа орон гэж үздэг юм. Ийм учраас энэ гурван улсад дээд хэмжээний уулзалт
хийх шалтгаан байгаа гэж бид үзэж байгаа юм.

Мөн гурван зарчмыг хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн.

Нэгдүгээрт,  Гурван улсын дээд хэмжээний албан уулзалтыг
байнга Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод, 3 жил тутамд хийж байя гэдэг
саналыг хамгийн эхэнд дэвшүүлсэн.

Хоёрдугаарт, энэ уулзалт нь олон нийтэд нээлттэй гурван улсын
хамтын ажиллагааны нийтлэг зарчимд нийцэж байх ёстой гэсэн зарчмыг дэвшүүлсэн.

  Гуравдугаарт,  гурван улсын  уулзалтаар
талуудын сонирхсон асуудал тэр дундаа гурван улсын нутаг дэвсгэрээр дамжин
өнгөрөх тээвэр, дэд бүтцийн болон бүс нутгийн шинж чанартай асуудлыг ярилцаж
шийдвэрлэж байх гэсэн.  Энэхүү саналаа би БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си
Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён В.В.Путин нарыг саяхан манай улсад
айлчлах үеэр мөн дэвшүүлж ярилцсан. Тэр уулзалтаар Монгол Улсын хувьд дараах
гурван асуудлаар санал солилцож тохиролцоонд хүрэхийг гол зорилгоо болгож
байгаа.

Нэгдүгээрт, Монгол Улс, ОХУ,
БНХАУ-ын төрийн тэргүүн нарын “Улаанбаатарын уулзалт”-ын талаарх дээр миний
хэлсэн үндсэн зарчмын тухай харилцан санал солилцож нэгдсэн шийдэлд хүрэх,

Хоёрдугаарт, Си Зиньпин дарга,
В.В.Путин Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ойрын үед шийдвэрлэхээр тохиролцсон
“Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн тухай Монгол, Орос, Хятадын Засгийн газар
хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн явцыг идэвхжүүлж, гурван талын ажлын хэсгийн
уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатарт хийх асуудлыг шийдвэрлэх. Мөн ийм ажлын хэсгийн
уулзалтыг “Байгалийн хий дамжуулах баруун шугам”-ыг Монгол Улсын нутаг
дэвсгэрээр дамжуулан тавих  асуудлыг судлах зорилгоор Улаанбаатарт хийж
болох юм гэж байгаа. Байгалийн хийг манай нутгаар тавих боломж байна. Учир нь
дөт, саад бартаа багатай мөн найдвартай байна гэсэн үндэслэлийг бид ярьж байна.
 

Гуравдугаарт,  Энэ оны 11
дүгээр сард Бээжин хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус
байгууллагын гишүүнээр элсэх Монгол Улсын хүсэлтийг шийдвэрлэх талд дэмжлэг
үзүүлэхийг хоёр хөрш орныхоо Ерөнхийлөгчөөс хүссэн. АПЕК гэдэг бол Ази, Номхон
далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага гэсэн үг. Жил бүр уулзалт
нь болдог. Монгол Улс олон жил АПЕК-т гишүүнээр элсэх саналыг тавьж байгаа. Энэ
саналыг дэмжиж өгөхийг В.В.Путин Ерөнхийлөгч болон Си Зиньпин даргаас
хүслээ.  Дээд хэмжээний “Улаанбаатарын уулзалт”-ын бэлтгэл ажлыг хангах
зорилгоор гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний уулзалтыг жил бүр
зохион байгуулж байх, эхний уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатарт хийх саналыг
бид мөн дэвшүүлсэн юм.

Монгол Улс санаачлагч орныхоо хувьд өнөөдрийн уулзалтад арай илүү
эрх эдэлсэн. Бидэнд 3 минутын боломж олдсон байгаа. Тиймээс би 2 минут 50
секундэд багтааж саналаа хэлсэн . БНХАУ-ын даргын хувьд мөн тодорхой саналуулыг
бэлдэж ирж ярьсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путины хувьд мөн тодорхой саналуулын
бэлтгэж ирж ярьж байна. Тэгээд төгсгөлд нь уг уулзалтыг дүгнэж хааж би үг
хэлэхдээ “Бид саяхан Монгол Улсад их амжилттай болсон айлчлалын үр дүнг цаашид
хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж ажиллана. Түүнээс гадна гурван талын
уулзалтаар бид бүхний ярилцсан дээрх асуудлуудыг зохих яамд хамтарч Засгийн
газрууд чиглэл, чиглэлээрээ хамтарч ажиллая. Мөн энэ удаагийн гурван талт
уулзалтаар хэлэлцсэн асуудлуудыг дараа нь дэд сайдуудын уулзах уулзалтаар
хэлэлцэж тохиролцъё” гэсэн. Манай талаас гаргасан санаачилгыг дэмжиж уулзалтад
оролцсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарт талархлаа
илэрхийлсэн.

Бид энэ уулзалтыг Улаанбаатар хотод хийж байя. Өөр газар хийхгүй
гэсэн байр суурьтай байгаа. Нөгөө хоёр Төрийн тэргүүн маань мөн өөр, өөрсдийн
байр суурийг илэрхийлж байна. Заавал Улаанбаатарт биш, олон улсын хурлын үеэр ч
юм уу боломж гарсан үедээ эсвэл ээлжлээд хийж болох юм гэсэн саналыг дэвшүүлж
байгаа. Мөн өнөөдрийн уулзалтаар төмөр замаа хамтарч барих Монгол Улсыг АПЕК-т
элсүүлэх гэх мэт асуудлуудын талаар маш сайн ярилцлаа. Ер нь Путин Ерөнхийлөгч,
Си Зиньпин дарга “Ийм уулзалт бидэнд хэрэгтэй байсан юм. Энэ бол улсуудын
түүхэнд анх удаа болж байгаа уулзалт” гэж үзэж байгаа. Зөв эхлэл бол амжилтын эхлэл
юм гэдгийг Си Зиньпин дарга хэлж байна. В.В.Путин Ерөнхийлөгч ч мөн “Энэ
уулзалтаар яригдсан зүйлүүд бидний ирээдүйд хэрэгжүүлэх хамтарч ажиллах
томоохон төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэх зөв механизм бүрдэж байна” гэж хэлж
байна лээ. Үүнд хамтарч ажиллая гэсэн. Мөн ирэх жилүүдэд гурван улсын
Ерөнхийлөгч тодорхой арга хэмжээнүүдийн үеэр уулзах боломж байна гэдгээ
дуулгасан.  

Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн сонирхсон
асуултад хариуллаа.  

·        
Та уг уулзалтыг хэр үр
дүнтэй болсон гэж үзэж байгаа вэ?. Олон улс уг уулзалтад маш их анхаарлаа
хандуулж байх шиг байна…

·        
“Улаанбаатарын уулзалт”
гэдэг санаачилгыг дэвшүүлээд, тэгээд уулзалт болбол үнэхээр түүхэн үйл явдал
болно гэсэн эхний сэтгэгдэл байсан. Энэ маш богинохон хугацаанд Хятад улсын
дарга, ОХУ ын Ерөнхийлөгчийн айлчлал давхцаад түүгээр дахиж яригдаад тэгээд
манай хоёр хөршийн удирдлагууд олон улсын арга хэмжээний үеэр уулзахдаа Монгол
Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилгыг яах вэ гэдэг талаар дахиад гурван
улсын ГХЯ, Ерөнхийлөгчийн аппаратын түвшинд ярилцсан. Энэ бол байнга л яригдаж
байсан асуудал. Яаж хийх вэ, ямар хэлбэрээр хийх вэ. Наад зах нь хэн гэдэг
Ерөнхийлөгчөөр эхэлж үг хэлүүлэх вэ, үсгийн дараалал юу байх вэ гэх мэт нарийн
ширийн маш олон асуудал яригдсан. Аль Ерөнхийлөгч нь аль талд зогсох вэ гэх
зэрэг. Миний хувьд маш өндөр сэтгэгдэлтэй байгаа. Бид энэ боломжийг ашиглах
хэрэгтэй. Гурван улсын Төрийн тэргүүн гурвуулаа өмнө нь хэлбэрийн талаас нь
ярилцдаг байсан. Одоо бол агуулгын талаасаа илүү сайн дэлгэж ярилцаж шийдвэрлэх
талаас нь ярилцахаар болсон.

·        
Орос, Хятадын зүгээс
Манай улсыг ШХАБ-ын байгууллагад элсүүлэх удаах саналыг тавих байх. Манайх энэ
талаар байр сууриа хэрхэн илэрхийлэх вэ?

·        
Энэ саналыг Орос, Хятад
улсын Төрийн тэргүүн нар тавьж байсан. Өмнө нь ч тавьж байсан. Бид бол “За энэ
саналыг маш хүндэтгэлтэй сонсож байна” гэж хэлж байсан. Одоогийн бидний
томъёолж байгаа томъёолол бол Монгол Улс их идэвхтэй ажиглагч орон байна.
ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч байна. Мөн бүс нутгийн томоохон
төсөлд Монгол Улс оролцох ёстой. ШХАБ-ын байгууллагын хүрээнд Монгол Улсын
оролцоог хэрэгжүүлж байгаа. Дэд бүтцийн шинжтэй бидний сонирхож байгаа дамжин
өнгөрөх тээвэр, Монгол Улсад холбогдох боломжтой гэж бид үздэг тэр хөнгөлөлтүүд
шийдвэрлэгдэхгүй яваад байгаа. Энэ асуудлаар хөрш хоёр улстай яриад л яваад
байгаа. Тэгэхээр гурван талт ярилцъя, бүр ШХАБ-ын гишүүн болон ажиглагчийн
хүрээнд томоохон дэд бүтцүүдэд оролцъё. Ялангуяа төмөр зам байна. Тэр байгалийн
хий дамжуулах хоолой байна. Мөн эрчим хүч үйлдвэрлэж дамжуулж болох боломж
байна. Тэгэхээр энэ боломжуудыг ярилцъя Европ, Азийн авто замаар холбогдох
боломжууд байгаа. Тэр ажил руу оръё. Ийм үр дүнгүүд гарах ёстой гэж би харж
байгаа. Түүнээс биш зүгээр нэг оролцоод хэдэн минут үг хэлээд хүмүүстэй гар
бариад өнгөрөх биш. Энэ ажлаас илүү бодит ажлын үр дүнг хүлээж байна гэж бид
хариулж байгаа. Бид бол идэвхтэй оролцоно. Одоохондоо ажиглагчийн статус нь
бидэнд хангалттай юм.

·         

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Душанбе хотод очоод байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тажикстан улсын Душанбе хотод очоод
байна. Маргааш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны
байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх
удаагийн хуралдаанд оролцох юм.

52044
Categories
мэдээ улс-төр

Азийн худалдааг дэмжих форумын тэргүүнүүдийн 27-р ээлжит хуралдаан болж байна

Монголын Үндэсний
Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим Азийн худалдааг дэмжих форумын
тэргүүнүүдийн 27-р ээлжит хуралдааныг Төрийн ордны Б танхимд зохион
байгуулж байна. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож
төлөөлөгчдөд хандан үг хэлж баяр хүргээд, хуралдааны ажиллагаанд амжилт
хүслээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Монголын Үндэсний Худалдаа, Аж
Үйлдвэрийн Танхимын дарга С.Дэмбэрэл нээж үг хэлсэн юм.

Азийн Худалдааг Дэмжих
Форум нь 1987 онд таван гишүүнтэйгээр харилцан мэдээлэл солилцох
хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бүс нутгийн худалдааны
хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор байгуулагдаж байсан бол
өнөөдрийн байдлаар Азийн 24 орны худалдааг дэмжих байгууллагыг эгнээндээ
нэгтгэж,жил бүр тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү
уулзалтаар худалдааг дэмжих байгууллагуудын өмнө тулгарч байгаа
асуудлууд, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийн үр дүн болон цаашид
хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал бодлоо солилцдог
уламжлалтай.

Энэ удаагийн хуралдаан
“Худалдааг хөнгөвчлөх, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон “Ногоон
бизнес”-ийг дэмжин хөгжүүлэхэд Худалдааг дэмжих байгууллагын үүрэг
оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд 19 орны 50 гаруй
төлөөлөгчид оролцож байгаа юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.