Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд
оролцохоор өнөөдөр Улаанбаатараас мордов.

Ерөнхий ассамблейн ээлжит чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт,
Хүн ам, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 29 дүгээр тусгай
чуулган, Уугуул иргэдийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр
түвшний бүгд хурал зэрэг олон улсын хэд хэдэн уулзалт, арга хэмжээнд
оролцохоос гадна бусад улс, олон улсын байгууллагын тэргүүн нартай хоёр
талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Бусад Тов тогтоолгохоор хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан
боловсруулсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн
төслийг холбогдох бичиг баримтын хамт УИХ-ын Бусад шийдвэрийн төсөл
боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу УИХ-ын Тамгын
газрын Ерөнхий нарийн бичгийн даргад тов тогтоолгохоор хүргүүллээ.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн
төслийг УИХ-аар хэлэлцүүлэн  батлуулснаар Монгол Улсын урт хугацааны
эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, эрдэс баялгийн нөөц
шавхагдаж, эрдэс баялгийн орлого буурах үед уг бууралтын тодорхой
хэсгийг нөхөх хуримтлалын санг бүрдүүлэх юм.

Баялгийн сангийн механизм нь макро эдийн
засгийн менежментийн илүүтэй ухаалаг, урт хугацааны тогтолцоог
бүрдүүлэн, улс орны тогтвортой хөгжлийн шинэ загварыг бий болгоно.
Үүнээс гадна хөрөнгө санхүүгийн хадгаламжийг хуримтлуулж,  үе хоорондын
баялгийн зөв хуваарилалтын механизмыг тогтоох юм. Мөн дэлхий дахинд
болон дотоодын эдийн засагт учирч болзошгүй эдийн засаг, санхүүгийн
хямралын эсрэг дархлааг сайжруулан, эрсдэлээс зайлсхийх боломжийг
илүүтэй хангаж өгөх юм.

Categories
мэдээ улс-төр

Цагт 60 мянган өндөг ангилж савлах цогцолбор нээгдлээ

500 шахам мянган шувуутай “Баян шувуу” шувууны аж ахуй Төв аймгийн
Баянчандмань суманд өнөөдөр нээлтээ хийлээ. 300 гаруй мянган өндөглөгч,
100 гаруй мянган дэгдээхэйтэй, цагт 60 мянган ширхэг өндөг ангилж савлах
хүчин чадалтайгаар эхний ээлжинд ашиглалтад орж байгаа энэ цогцолборыг
үндэсний НВЦ компани өөрийн хөрөнгөөрөө хоёрхон жилийн дотор барьж
босгожээ.Ерөнхий сайд Н.Алтанхуяг цогцолборын
нээлтэд оролцохдоо “1953 онд Монгол Улс анх удаа 30 мянган өндөглөгч
тахиатай аж ахуй нээж, түүнээс хойшхи 50 жилийн хугацаанд нийтдээ 350
мянган өндөглөгч тахиатай болжээ. Харин өнөөдөр манай улсын хагас зуун
жилийн түүхэнд бүтээснээс илүү хүчин чадалтай орчин үеийн том
цогцолборыг үндэсний компани богино хугацаанд босгож байна. Монголчууд
жилд 100 сая ширхэг өндөг хэрэглэдэг бол энэ үйлдвэр бүрэн хүчин
чадлаараа ажиллаж эхлэхэд дотооддоо 200 сая ширхэгийг үйлдвэрлэж, хоёр
дахин илүүг хэрэглэх боломжтой болно. Энэ том бүтээн байгуулалтыг дагаж
хамгийн орчин үеийн технологи, ноу хау орж ирж, үйлдвэрлэлийн өртөг
зардлыг бууруулахаас гадна гадаадаас өндөг авдаг байсан 20 сая
ам.долларыг эх орондоо үлдээнэ. Ийм жишгээр Монголдоо бүтээх санаа,
төсөл бүрийг Шинэчлэлийн Засгийн газар дэмжих болно” гэлээ.

Өндөгний импортыг 90%, өндөгний
үйлдвэрлэлийн өртгийг 30% хүртэл бууруулах, энэ хэрээрээ улсын эдийн
засагт жинтэй нөлөө үзүүлэх энэ цогцолборыг барьж босгоход төр бодлогын
дэмжлэг үзүүлж, НВЦ компани нийт 55 тэрбум төгрөгийн хөрөнгөө зарцуулж
байна. Тус аж ахуй нээгдсэнээр орон нутгийн 200 хүн ажлын байраар
хангагджээ.

“Баян шувуу” аж ахуй ойрын 4 жилд 1 сая
толгой өндөглөгч шувуутай, жилд 200 сая ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин
чадалтай том үйлдвэр болж, 2018 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллана.
2015 онд мax боловсруулах үйлдвэр, шингэн өндөгний цех, 2016 онд
тэжээлийн болон биогазын үйлдвэр, 2017-2018 онуудад нэмж тус бүр 300
мянган өндөглөгч, 100 мянган дэгдээхэйн байрыг тоног төхөөрөмжийн хамт
барьснаар Европын томоохон аж ахуйнуудтай эн зэрэгцэхүйц техник
технологи, хүчин чадалтай томоохон цогцолбор болно.

Хог хаягдлаа дахин боловсруулж бүрэн
ашиглах энэ цогцолбор экологид ээлтэй үйлдвэрлэлийн жишгийг Монголд
тогтооно. Шувууны аж ахуйгаас гардаг гол хаягдал сангасаар түлш
үйлдвэрлэж, хэрэглээний эрчим хүчээ хангаад, үлдсэн хэсгээр хөдөө аж
ахуйд өргөн ашиглагдах сайн чанарын бордоо үйлдвэрлэнэ. Энэ мэт олон
сайн жишиг нэвтрүүлэх үйлдвэрийн хүрд нийслэлээс 75 км зайд, дэд бүтэц
сайн хөгжсөн бүсэд өнөөдрөөс эргэж эхэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“888” -тай холбоотой санал хүсэлтийг авахаар болжээ

“Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл”-өөс хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэр,
мал аж ахуй, газар тариалангийн салбарын төслүүдийг дэмжигдсэн жагсаалтыг
хүргэснээс хойш гүйцэтгэсэн ажлын явцыг дүгнэх, оролцогч талуудын уялдааг
сайжруулах, иргэн, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн төсөлд шаардагдах зээл олголтыг
эрчимжүүлэх, учирч буй саад бэрхшээл, шийдвэрлэх арга замыг тодорхойлох
зорилгоор санал хүсэлт авч байгаа аж.

Саналыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны байрны нэгдүгээр давхарт байх санал
хүсэлтийн хайрцагт хийж болох гэнэ. Санал хүсэлтийн дагуу хийсэн ажил,
шийдвэрлэсэн асуудлыг бичгээр биелэн хүргүүлэх буюу яамны вэб сайтад байршуулах
юм байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч“Шонхор” морин циркийн захирлыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
өнөөдөр БНСУ-ын Чэжү арал дахь монгол жүжигчдийн “Шонхор” морин циркийн захирал
Г.Баатархүүг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Г.Баатархүү хэлэхдээ
“Дэлхийд өв соёлоороо гайхуулсан морьтны гайхамшгийг үзүүлж байгаа залуус
бидэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ зун, улсын их баяр наадмын үеэр гаргасан
“Монголчууд морио унацгаая”, “Олуулаа болцгооё” гэсэн уриа их урам зориг өгч Монголдоо
ирэх их хүсэл зорилготой болсон.

Адууны соёлын амьд дархлааг бий
болгох гэж Чэжү арал дээр монгол жүжигчидтэй хоёр морин цирк байдаг. Түүний нэг
нь манай цирк юм. Манай цирк өдөртөө 3500-5000 жуулчдад Монголынхоо өв соёлыг
сурталчилж тоглолт хийдэг. Тоглолт дээр Чингис хаан есөн өрлөг баатартайгаа
гарч ирэн “Монгол Улс мандан бадраг” гэж тунхагладаг. Түүндээ бид их омог
бардам байдаг.

Ирэх жилээс би баруун аймгийн
хүүхдүүдээс циркийн жүжигчин болгон сургаж бэлтгэх бодолтой байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Шонхор”
морин циркийн жүжигчдэд амжилт хүсэн ерөөж, “Монголчууд морио унацгаая”,
“Олуулаа болцгооё” уриаг нь дэмжиж, Монголдоо ирэх гэж байгаад нь талархал
илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулах ёслол боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Уур амьсгалын
өөрчлөлтийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гардуулах
ёслол өчигдөр Байгаль Орчин,
Ногоон Хөгжлийн Яамны “Хаан танхим”-д боллоо. Зарлиг гардуулах ёслолд
Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Амьдрах орчин,
ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр, БОНХ-ийн сайд С.Оюун, БОНХ-ийн
сайдын зөвлөх, Байгаль орчны гавьяат ажилтан З.Батжаргал, ҮХАА-н сайд
Ш.Түвдэндорж болон албаны бусад хүмүүс, тус салбарын голлох эрдэмтэн судлаач,
салбар шинжлэх ухааны байгууллагын ахлах ажилтан, төлөөлөгчид оролцов.

Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн
төлөөлөгч С.Эрдэнэболд уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Тамгын Газрын дарга П.Цагаан БОНХ-ийн сайд С.Оюун, ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж
нарт гардуулан өгч зарлигийн хэрэгжилтийг хангах ажил хэрэгт нь амжилт хүсэв.

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан
хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд Төрийн тэргүүн
болсон цагаасаа байгаль орчны асуудалд нухацтайгаар анхаарал хандуулсаар
ирснийг дурдаад ард иргэд, эрдэмтэн мэргэдийн саналыг тусгаж Уур амьсгалын
өөрчлөлтөд ард иргэдийг бэлэн байлгахад чиглэсэн энэхүү зарлигийг гаргасныг
онцлов. Мөн БОНХ-ийн сайд С.Оюун НҮБ-ын Байгаль орчны Асамблейн даргаар
томилогдсон хоёр жилийн хугацаандаа дэлхий нийтийн сайн туршлагыг Монгол
орондоо нутагшуулах, өөрийнхөө орны сайн туршлагаар бусад орнуудад дорвитой
хувь нэмэр оруулахаар зорьж байгаа гэдгийг хэлж зарлигийг хэрэгжүүлэх болон
цаашдын ажил үйлсэд нь амжилт хүссэн юм.

Зарлиг гардуулах ёслол өндөрлөсний дараа
Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр хүрэлцэн
ирсэн төлөөлөгчид болох тус салбарын голлох эрдэмтэн судлаач, салбар шинжлэх
ухааны байгууллагын ахлах ажилтнуудын Ерөнхийлөгчийн зарлигийн талаарх
сэтгэгдэл, санал санаачилгыг сонсон, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт
өгөв.

Ирэх долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Асамблейн ээлжит
чуулганы өмнө буюу есдүгээр сарын 23-ны өдөр Нью-Йорк хотноо болох Уур
амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Төр, засгийн тэргүүн нарын Өндөр дээд
хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, дугуй
ширээний уулзалтыг даргалах юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Төв аймгийг зорилоо

Монгол
Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутагт ажиллахаар болж өнөөдөр өглөө
Улаанбаатар хотоос мордлоо.

Шувууны
аж ахуйг хөгжүүлж, өндөгний импортыг 90 хүртэл хувиар бууруулах зорилгоор Төв
аймгийн Баянчандмань суманд 500 мянган шувууны аж ахуй байгуулагдсан байна. Уг
аж ахуйн нээлтийг өнөөдөр хийх бөгөөд Ерөнхий сайд оролцох юм.

Categories
мэдээ улс-төр

Байнгын төлөөлөгчөөр Ш.Батцэцэгийг томилжээ

    Монгол Улсаас
Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэгийн дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр
Шагдарын Батцэцэгийг томилсон байна. Тэрбээр Монгол Улсаас Бүгд Найрамдах
Индонези улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаа
юм. Энэ бүс нутгийн улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн Зүүн өмнөд Азийн орнуудын
нийгэмлэг /Association of Southeast Asian Nations/ буюу АСЕАН-ы бүсийн чуулганд
манай улс 1998 онд оролцож, 2005 онд Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд
нэгдэн орсон ба цаашид АСЕАН-тай яриа хэлэлцээний түнш болох зорилт тавьж
байна. Харин АСЕАН-ы дэргэд сууж байсан Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдоржийг
өнгөрөгч дөрөвдүгээр сард эгүүлэн татжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
өчигдөр Дэлхийн банкны Монгол Улс, Хятад, БНСУ болон Зүүн Ази,
Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Берт Хофман, Дэлхийн банкны
 Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон нарыг хүлээн авч уулзлаа.

Берт Хофман нь Дэлхийн банкны Монгол
Улс, Хятад, БНСУ болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирлаар
саяхан томилогдсон байна. Мөн Дэлхийн банкны  Монгол дахь суурин төлөөлөгч
Жеймс Андерсон ч өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр шинээр томилогдон ирж, ажлаа
албан ёсоор аваад удаагүй байна. Энэ талаараа тэд Монгол Улсын
Ерөнхийлөгчид танилцуулж, Монгол Улстай цаашид ч урьдын адил төсөл, хөтөлбөрүүд
хэрэгжүүлж, үр бүтээлтэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Монгол Улс нь Дэлхийн банктай урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж, Монголын
хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах, хөгжлийн өгөөжийг ард иргэдэд тэгш
хүртээдэг тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр их зүйл хийж ирснийг дурдав. Мөн эдийн
засгаа эрсдлээс хамгаалах дунд хугацааны зохицуулалт хийхээр Монгол Улсын төр,
засгаас хүчин чармайлт гарган ажиллаж байна гэлээ. Эдийн засгийн үр өгөөжийг
хүртээмжтэй болгох, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, гадаад
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээ авч,  холбогдох хууль,
эрх зүйн акт боловсруулан ажиллаж байгааг хэлээд захирал, суурин төлөөлөгч
нарын ажилд амжилт хүсэн ерөөв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Дэлхийн банкны Монгол Улс, Хятад, БНСУ болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Берт Хофман, Дэлхийн банкны  Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон нарыг хүлээн авч уулзлаа.

Берт Хофман нь Дэлхийн банкны Монгол Улс, Хятад, БНСУ болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирлаар саяхан томилогдсон байна. Мөн Дэлхийн банкны  Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон ч өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр шинээр томилогдон ирж, ажлаа албан ёсоор аваад удаагүй байна. Энэ талаараа тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, Монгол Улстай цаашид ч урьдын адил төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, үр бүтээлтэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс нь Дэлхийн банктай урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж, Монголын хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах, хөгжлийн өгөөжийг ард иргэдэд тэгш хүртээдэг тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр их зүйл хийж ирснийг дурдав. Мөн эдийн засгаа эрсдлээс хамгаалах дунд хугацааны зохицуулалт хийхээр Монгол Улсын төр, засгаас хүчин чармайлт гарган ажиллаж байна гэлээ. Эдийн засгийн үр өгөөжийг хүртээмжтэй болгох, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээ авч,  холбогдох хууль, эрх зүйн акт боловсруулан ажиллаж байгааг хэлээд захирал, суурин төлөөлөгч нарын ажилд амжилт хүсэн ерөөв.