Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр УИХ-ын
2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох
тухай 147 дүгээр захирамж гаргажээ.  Уг захирамжид УИХ-ын тухай хуулийн
11 дүгээр зүйлийн 11.1.3, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, УИХ-ын
даргын дэргэдэх Зөвлөлийн 2014 оны есдүгээр сарын 22-ны өдрийн
хуралдаанаас гарсан саналыг үндэслэн намрын ээлжит чуулганаар хэлэлцэх
асуудлын дарааллыг тогтоожээ.

1. “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг
хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”- ийг
соёрхон батлах тухай хуулийн төсөл;

2. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг
хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

3. Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;

4. “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5. Галын аюулгүй байдлын тухай хуулийн төсөл;

6. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл;

7. Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл;

8. Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл;

9. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

10. Худалдааны тухай хуулийн төсөл;

11. Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон шинэчилсэн найруулгын төсөл;

12.    Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл;

13. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл;

14. Гэмт хэргийн тухай хуулийн төсөл;

15. Зөрчлийн тухай хуулийн төсөл;

16. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл;

17. Монгол хэлний тухай хуулийн төсөл;

18. “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

19. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын
бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай
хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл;

20. Хяналтын тухай хуулийн төсөл;

21. Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл;

22. Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;

23. “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

24. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

25. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд;

26. Бусад.

Энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль
санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн бусад хууль, УИХ-ын шийдвэрийн
төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцэхийг тухай бүр УИХ-ын даргын
дэргэдэх Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэх гэнэ. Намрын ээлжит чуулганаар
хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахыг Байнгын хороодын дарга нар болон
Тамгын газар Б.Болдбаатарт  даалгасан байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дулааны станциудтай танилцана

УИХ-ын
дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд М.Сономпил нар өнөөдөр эрчим хүчний салбарын
ажил албатай танилцах юм байна. Хамгийн түрүүнд зорин очих газар бол 
Амгалан ДС юм. Амгалан дулааны станц ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн 20
гаруй мянган айл өрхийн дулаан хангамжийг шийдвэрлэх боломж бүрдэх  юм.
Төслийн ажил өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд  эхэлсэн ч газар чөлөөлөлтөөөс
шалтгаалан хугацаа алдсан тал бий. Тус станцын эхний хэсгийг энэ ондоо багтаан
хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм.

УИХ-ын
дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд М.Сономпил нар мөн “Дулааны цахилгаан станц
III”-ын IX зуухны өргөтгөл,  “Дулааны цахилгаан станц IV”-ын 123 мВт-ын
өргөтгөл зэрэг эрчим хүчний салбарт хийгдэж байгаа томоохон бүтээн
байгуулалттай танилцана.

Categories
мэдээ улс-төр

Туркийн батлан хамгаалахын сайд айлчилна

 Бүгд Найрамдах Турк Улсын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз тэргүүтэй Туркийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчид есдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр тохиож байгаа юм. Айлчлалын хүрээнд зөвхөн батлан хамгаалах салбараар зогсохгүй хоёр улсад холбогдох бусад олон сэдэвт асуудлаас гадна бүс нутгийн болон олон улсын асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ.

БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз энэхүү айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэтэй уулзаж, албан ёсны хэлэлцээр хийж, зарим гэрээнд гарын үсэг зурж, хамтарсан хэвлэлийн мэдэгдэл хийж, сэтгүүлчидтэй уулзана.

Мөн тэрбээр Ирак, Афганистан улсад болон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл болсон цэргийн алба хаагчидтай уулзан, талархлаа илэрхийлэхээс гадна Төрийн ордонд айлчилж, Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцоно.

Түүнчлэн БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз тэргүүтэй төлөөлөгчид албан ёсны айлчлалын хүрээнд Архангай аймгийн нутагт байрлах Түрэгийн хөшөө, дурсгалын цогцолбор, нийслэлийн Налайх дүүрэгт байрлах Тоньюкукийн хөшөө, Цонжин Болдог байрлах Чингис хааны дурсгалын цогцолборт зочлох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Хот төлөвлөлтийн талаар мэдээлэл солилцоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар  Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаагаар хэрэгжих “Хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах” төслийн хүрээнд зохиогдох сургалтуудын хөтөлбөрийг боловсруулах, загвар төслийн талаар санал боловсруулах, зохион байгуулах, төсөлд оролцогч талуудын хооронд мэдээлэл солилцох, мэдээллийг төслийн хүрээнд оролцогч талуудад жигд хүргэх үйл ажиллагаануудыг зохион байгуулахад удирдлагаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийн даргаар Нийслэлийн ЗДТГ-ын  Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар ажиллана. “Хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах” төслийн нэгж болон төсөлд оролцогч талуудтай мэргэжил, арга зүйн хувьд хамтран ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болгосон байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр: Тэр хүн намынхаа болон сонгогчдынхоо итгэлийг алдсан байна. Ял шийтгэлээ эдэл л дээ

-АН Засаглаж чадахгүй бол Ерөнхий сайдынхаа суудлыг манай намд өгчих-

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяртай ярилцлаа.

-Сүүлийн үед Засгийн газрын талаар гишүүд өөрсдийн байр
суурийг илэрхийлж байна. Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын талаар та
ямар бодолтой байна вэ?

-2012 оны УИХ-ын сонгуулийн дараагаас дөрвөн намын төлөөлөл бүхий
Шинэчлэлийн Засгийн газарт урд хожид байгаагүй таван том боломж хангагдсан.

-Тэр нь ямар боломжууд байсан гэж?

-Эхнийх нь парламентын хяналт тавих дархлааг сулруулсан нь УИХ-ын гишүүн
Засгийн газрын гишүүний албыг давхар хашсанаас үүдэлтэй. Энэ нь тэдний хувьд
маш том боломж. Өөрсдийн хүссэнээр ямар ч хуулийг Их хурлаар батлуулах
боломжтой байлаа. Одоо ч гэсэн тэр боломж нь нээлттэй. Дараагийн дугаарт
Шинэчлэлийн гэх энэ Засгийн газар өмнө нь байгаагүй хамгийн их мөнгөтэй Засгийн
газар байгуулсан. Зөв бодлого, бизнесийн олон шинэлэг санаа байгаад мөнгө нь
байхгүй бол хэцүү байдаг. Гэтэл мөнгөтэй хирнээ буруу бодлоготой байсан
болохоор ажил болгож чадаагүй. Гуравдугаарт нь, саяхан хоёр хөршийн Төрийн
тэргүүнүүд айлчилсан. Хоёр хөрш асар том худалдан авагч тул маш том зах зээл
байх нь гарцаагүй. Айлчлалын хүрээнд хоёр хөршийн Төрийн тэргүүн бүх боломжийг
нээгээд өгчихлөө. Тэгвэл дөрөв дэх боломж нь УИХ-д цөөнхийн үүрэг гүйцэтгэж буй
МАН-ын бүлгийн 26 гишүүний дунд дадлага, туршлагагүй хүн гэвэл тун ховор. Бүгдээрээ
салбар хариуцаж байсан, ихэнх нь сайд явсан. Гадаад дотоодын их дээд
сургуулиудад суралцаж мэргэшсэн. Цөөхүүлээ ч гэсэн мэргэжлийн ур чадамжийн
хувьд маш сайн баг. Алдааг нь хэлэхэд хүлээж аваад эргэцүүлэх ухаантай байх
хэрэгтэй. Анхнаасаа ухаантай байсан бол цөөнхөө хүндэтгэж, үгийг нь сонсдог
парламентынхаа ёсны дагуу явах байсан юм. Ухаантай хүн заавал алдаж биш бусдын
алдаан дээр сурч болно шүү дээ. Бид өөрсдийгөө зүгээр нэг хөөргөж байгаа юм биш
шүү. Ардын намын 26 үнэхээр мэргэшсэн улстөрчид. Өмнө нь Ардчилсан нам цөөнхийн
үүргийг гүйцэтгэж байхдаа тийм ч мэргэшсэн байгаагүй. Өнгөрсөн хоёр жилийн
хугацаанд эдийн засаг эрчимжлээ алдсан. Тэгвэл гадаад өр багатай, Хөгжлийн
банкны үлдэгдэл 650 сая ам.доллар байсан. Бид энэ Засгийн газрыг мөнгөтэй
үлдээсэн. Энэ таван том боломжийг ашиглаж чадсангүй дээ.

Сүүлийн 24 жилийн 22 жилд нь Ардын нам ганцаараа Засаг толгойлж байсан мэт
ярих юм. Үнэндээ 10 жилд нь хамтарсан байдаг. Найман жилд нь Ардын нам
дангаараа Засаг барьж, зургаан жилд нь Ардчилсан нам Засгийн эрх барьсан.
Тиймээс аливаа ололт амжилт бид бүгдийнх л байхгүй юу. Түүнээс биш Ардын нам,
Ардчилсан намын асуудал гэж чихэж болохгүй. Бид бүгдийнх. Хувь хүний хувьд
баримтлах зарчим маань хэрээс хэтэрсэн улс төржилтөө зогсоомоор байна.

-Танай, манай гэлтгүй бүх нам л улс төржөөд байна даа?

-Дэндүү улс төржиж байна. Улс төржих гэдэг үг маань эрүүл мэтгэлцэх гэсэн
үг. Энэ хийх гэж байгаа зүйл чинь тийм эрсдэл дагуулна. Харин үүн дээр ийм
хувилбар байна гэдгийг олуулаа мэтгэлцэж хамгийн эрсдэл багатай зөв шийдвэрийг гаргадаг
төрийн тогтолцоотой. Парламент гэдэг чинь энэ. Улс төржилт хэтрэхийн хувьд
хэрээс хэтэрсэн. Бид өөрсдийн хэлэх үгээ хэлээд явж байсан. Гэхдээ хэлсэн үгийн
ард хувь хүний жижиг ашиг сонирхол явж байгаагүй юм.

-Эдийн засгийг эрчимжүүлэхээр нэлээдгүй хуулийн төслийг
баталсан ч өнөөдрийг хүртэл яагаад үр дүнгээ өгч чадахгүй байна вэ. “ЭЗЭН 100”
хоногийн тал дээр ямар дүн тавих вэ. Өнөөдөр биш юмаа гэхэд цаашид үр дүн гарах
уу?

-Өнөөдрийн байгаа энэ тогтолцоогоор цаашид ч гэсэн эерэг үр дүн гарахгүй. Өр
ширэндээ баригдсан, яах нь тодорхойгүй хүнд Засгийн газрыг бид Ардчилсан намд
тамгатай нь гардуулж өгөөгүй. Хөдөө орон нутгаар явж байхад иргэд Засгийн эрх
барьж буй Ардчилсан намд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, итгэх итгэл нь алдарсан
байна. Тэглээ гээд “Номтойбаяраа та УИХ-д цөөнх шүү. Сөрөг хүчин шүү. Сайн
тэмцэж, хэрэлдээд байгаарай” гэж нэг ч хүн надад захиж хэлэхгүй байна. “Та нар
минь цаашид сайн ажлаарай” гэж байсан. Бид ажил хэрэгч, санаачилгатай байх
ёстой юм байна. Ардын намын давуу тал мэдлэг, боловсрол, дадлага туршлага.
Үүнтэй хэн ч маргахгүй. Алдаатай, хуудуутай зүйлс байсан. Гэхдээ тэр нь цөөн юм
даа. Ганц нэг хувь улстөрчийн хариуцлагагүй алдаанууд байгааг бүгдэд нь нялзааж
болохгүй.

Манай төрийн албан хаагчид цалингаа төсвөөс авдаг. Төсвийг хэн бүрдүүлдэг
юм, татвар төлөгчид. Жинхэнэ баялаг бүтээгчид татвар төлдөг. Тэд өнөөдөр маш
хүнд байдалд орчихсон. Цалинг нь өгч чадахаа байгаад цалингүй чөлөө өгөөд,
халж, цомхотгож байгаа олон байгууллага байна. Байдал ямар ч хүнд байсан хууль
журмынхаа дагуу татвараа төлж байгаа. Тэдний төлөө юу хийж ямар гавьяа
байгуулсан болоод өнөөдөр баялаг бүтээгчдийн бүрдүүлсэн төсвийн мөнгөөс бид  цалингаа авч байгаа юм. Би хувьдаа ичиж байна.
Миний цалин хугацаандаа ороод л байна лээ. Манай улс төрчид, төрийн албан
хаагчид ичих цаг нь болсон. Баялаг бүтээгчдийн төлөө юу ч хийгээгүй. Ичихгүй
тэр олон хүний хөлс хүчээр бий болсон мөнгөөр цалингаа аваад, тансаглаад явах
юм. Манайд ичих булчирхай гэж юм байхаа больсон юм уу. Би бол өөрийгөө зөвтгөх
ганц зүйл нь би ч бас татвар төлөгч шүү дээ л гэж бодох юм байна шүү дээ.

-Та бүлгийн дэд дарга болоод ямар асуудлуудыг шийдэж
байна вэ?

-УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын хувьд санаачилгатай байх тал дээр
анхааран ажиллаж байгаа. Үүний тод жишээ өнгөрөгч баасан гаригт хийсэн
хэвлэлийн хурал. Хөдөлмөрийн яамны анхаарах ажлууд их байгаа ч ахицтай яваа
ажлууд ч байна. Нэг зүйлийг онцлон хэлэхэд буруу үйл ажиллагаанд нь бид дүн
тавих шаардлагатай. Энэ нь тухайн хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Дахиад
энэ алдааг давтахгүйн тулд л дүгнэж байгаа юм. Бид дандаа сөрөг хүчин байхгүй.
Нэг л өдөр Засгийн эрхийг авна. Ардчилсан нам жишээлбэл хөдөлмөрийн салбар,
эдийн засгийн тал дээр ямар бодлого хэрэгжүүлэв түүнийх нь үр дүн муу байсан
гэх юм бол дахиж бид түүнийг нь хийхгүй шүү дээ. Их хурал дээр зарим сайд нарыг
шүүмжилдэг. Гэтэл хувийн харьцаагаар үүнийг хүлээж авдаг. Коридорт таарахаараа
дуугарахгүй өнгөрч байх жишээтэй. Энэ миний мууг үзэх гээд байна гэж боддог. Тийм
зүйл огт байхгүй. Хувь хүний асуудал өнөөдөр юу юм. Юу ч биш. Нийгмийн маш том асуудлын
хүрээнд яригдаж байгааг ойлгоосой. Нэг шүүмжлэлтэй зүйл хэлэхээр өстөн дайсан
мэт хардагаа болих ёстой. Ялангуяа залуучуудад энэ үг хамаатай. Бид юм
хийчихье, бүтээчихье гээд улс төрд орж ирсэн. Хэвлэлийн хурлаараа Хөдөлмөрийн
яаманд хандсан зүйл бол эхлэл. Дараа нь бид ХАХНХЯ руу орж ажиллана. Ажил
эхэлсэн. Байгаль орчны тал дээр ч гэсэн анхаарч ажиллах зайлшгүй шаардлага бий.
Хоёр хөршийн Төрийн тэргүүн айлчлаад асар том боломжийг бий болгосон. Цаашид
яах юм. Энэ утгаараа Гадаад харилцааны яам руу анхааран ажиллана. Дашрамд
хэлэхэд гуравдагч хөршийн бодлогыг бид алдаж болохгүй. Хоёр хөрштэйгээ эдийн
засаг, бизнесийн салбар гээд бүх салбарт “win, win”
буюу хоёулаа ялагч болох нь зөв. Гэхдээ гуравдагч хөршөө
гадаад харилцаа, стратеги, бодлогын хүрээнд хэн нь хэзээ ч мартаж болохгүй.

-Ерөнхий сайд Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулна
гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн үед есөн яамтай болох тухай мэдээлэл цацагдаж байна. Бүтцийн
өөрчлөлтийн талаар юу бодож яваа бол?

-Засгийн газар тамгаа гардаж авсан хоёр жил нэг сарын хугацаанд буруу
ажилласнаа хүлээн зөвшөөрөх ёстой.

-Ерөнхий сайдын мэдэгдлээс тэр нь тодорхой харагдаж
байгаа юм биш үү?

-Тийм л юм бол тодорхой хэлэх хэрэгтэй. Дэндүү том нүсэр бүтэцтэй, үрэлгэн
ажиллаж ирсэн маань буруу байж ээ. Энэ Засгийг тэргүүлж яваа хүний хувьд ийм
зүйл дээр би алджээ. Алдаагаа засъя гэж Ерөнхий сайд хэлэх шаардлагатай. Үүнд
хоёр туйл бий. Ардчилсан намын зарим гишүүдийн ярилцлагаас харахад “Алдаа
гаргасан бол чемоданаа баглаад буцах цаг болсон” гэж байсан бол зарим нь
“Алдаагаа сайжруулаад илүү сайн ажиллах нь чухал” гэсэн байна лээ. Аль аль
талдаа бодох зүйл их байна. Монголын Засгийн газрын газрыг хүнээр авч үзэхэд
байж болох хэм хэмжээндээ байдаг за гэвэл “ёо”-гүй ноён нуруутай байвал дотоод,
гадаадын хөрөнгө оруулагчид итгэж эхэлнэ. Хүний харьцаатай яг ижилхэн. Өнөөдөр
нэг юм яриад маргааш нь тэс хөндлөн зүйл ярьдаг бол ямар ч хамтын ажиллагаа
өрнөхгүй. Үерхэж байгаа хоёр хосын дунд ч гэсэн байдаг л зүйл. Үүнтэй яг
ижилхэн.

-Гадны хөрөнгө оруулагчид орж ирэх таатай боломжийг нээх
үүднээс нэлээдгүй хуулийг баталсан болов ч өнөөдөр бахь байдгаараа л байна. Засгийн
газарт эсхүл хуулинд буруу байна уу. Эсвэл салбар хариуцсан сайддаа асуудлын
гол нь оршиж байгаа юм болов уу?

-Гадна, дотны хөрөнгө оруулагчдын итгэлийг татах асуудал нь ганцхан хуулиар
хийчихдэг зүйл биш. Хамгийн эхэнд түншлэл, итгэлцэл гэдэг зүйл утгаа алдсан. Би
Оюутолгой гэж ярих үнэн дургүй. Гэсэн ч Монгол Улсын хэтийн хөгжилд асар том түлхэц
өгөх стратегийн чухал зүйл. Гадны хөрөнгө оруулагчид Монголын төр Оюутолгойд
хэрхэн хандаж байгаагаар загвар болгон хардаг. Би Оюутолгойг хамгаалах талдаа
байдаг хүн. Олон Их хурлын гишүүд үүнийг эсэргүүцдэг. Монголын төр 100 хувь
байх хэрэгтэй гэж манайхан ярьдаг. Бид өнөөдөр 34 хувь эзэмшдэг ч гэсэн ноогдол
ашгаа авч чадсан уу. Чадаагүй. Өнөөдөр татвараа ч авч чадахгүй байна. 130 сая
ам.доллартай тэнцэх татвараа авах ёстой. Гэтэл 100 сая ам.доллар нь больчихож
байгаа юм биш үү. Ийм заваарсан юм хийх хэрэггүй. Чөлөөт ардчилсан нийгэмд
шилжсэн юм бол эдийн засаг нь сонгодог утгаараа шилжмээр байна. Төр нь татвараа
л сайн авчих. Саяхан улс төрийн томоохон албан тушаалтай хүний ярилцлагыг унших
байхад “Татвар төлөх соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй байна” гэж байгаа юм. Нэг
талдаа зөв. Татвар төлөгчдийг соёлтой болгох гэж тэмцэж байхаар татвар
төлөгчдийн хөлс хүчээр бий болсон мөнгийг өөрсдөө зөв зарцуулах соёлд сурах
хэрэгтэй. Бид өгсөн татварын төлөө төрийн үйлчилгээг авах ёстой. Эрүүл мэнд,
боловсрол, дэд бүтэц, батлан хамгаалах гээд 
төрийн үйлчилгээг бид авч чадаж байна уу гэвэл үгүй. Нэг том сургууль,
эмнэлэг баригдав уу. Хэрэв баригдсан бол хаана байгаа юм. Татвар төлөгчдийн
хөлс хүчээр бүрдэж буй төсвийг зөв зохистой зүйлд нь захиран зарцуулж төрийн
үйлчилгээ үзүүлдэг зүй тогтол руугаа ормоор байна.

-Та хөдөлмөрийн харилцааны талаарх тоон үзүүлэлтүүдийг
буруу гэж байсан нь ямар учиртай юм бэ?

-Би хөдөлмөрийн салбарын тоон үзүүлэлтүүдийг дурьдаагүй. Учир нь тэр
тоонууд худлаа. Миний хувьд дэд сайдаар ажиллаж байхдаа ч гэсэн энэ тоонуудад
итгэдэггүй байсан. Тоогоо буруу гаргасан болохоор төлөвлөлт, арга зам бүгд
буруу болоод байгаа юм. Харамсалтай нь миний дэд сайдаар ажилласан хугацаа
даанч таван сар л байсан. Худлаа тоо гаргачихаад хэнийгээ хуурах гээд байгаа
юм. Тоо буруу болохоор төлөвлөлт буруу. Тэгэхээр төсвийн мөнгийг захиран
зарцуулж байгаа нь ч гэсэн буруу болчихож байна. Өнөөдөр хөдөлмөрийн үнэлгээ
асуудалтай байгаа. Сэтгүүлчийн нийгэмд хүлээх хариуцлага асар өндөр. Сэтгүүлч
хүн бол соён гэгээрүүлэх үүрэгтэй нийгмийн багш шүү дээ. Тэгсэн хирнээ дундаж
цалин нь 400 мянга. Нэг талдаа эрүүл сэтгүүлзүйн хүрээнд үйл ажиллагаа явуулж
байна уу гэвэл үгүй. Яагаад үгүй гэхээр хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлс нь бага
байна. Аль ч салбар ийм л байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн бүтээмж, хариуцлагыг нэмэгдүүлэх
зорилгоор хөдөлмөрийн үнэлэмж, цалин үнэлгээний системийг бүхлээр нь өөрчлөх
цаг болсон. Өнөөдөр 2.9 сая хүн амд 150 мянган төгрийн албан хаагч үйлчлэх юм
уу, хэд байх ёстой вэ гэсэн тооцоогоо хамтдаа гаргая. Монголын хүн амд 150
мянган төрийн албан хаагч их байна гэж хувьдаа үзэж байгаа. Үүнийгээ бодитоор гаргаад
бүтээмж, хариуцлага дээр нь анхааръя. Түүний дараа цалин урамшууллыг нь
хангалттай шийдээд өгье л дөө. Орон сууцны бодлоготой уялддаг, ирээдүйн
хуримтлал үүсгэх боломжийг нээцгээе. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний
үнийн савлагаанд өртөөд байхааргүй болох хэрэгтэй байна. Манайхан амьжиргааны
доод, дунд түвшинд гээд яриад байдаг. Монгол хүний амьдралын баталгаажих түвшин
нь хэдэн төгрөг байх ёстой юм гээд асуудлууд байна. Хүмүүсийн худалдан авах чадвар
муу байвал хичнээн үйлдвэрлэл үйлчилгээ явуулаад борлуулалт байхгүй. Наадмаар
яагаад тав хоног амраасныг мэдэж байна уу. Олон хоног амрахаар ядаж дотоодын
аялал жуулчлал хөгждөг байхгүй юу. Хүмүүс дэлгүүр, захаар явж юм авч худалдан
авалт хийдэг. Энэ бүхэн цаанаа эдийн засгийн углуургатай зүйл. Эдийн засгийн
хөшүүрэг, эргэлдэх цикл рүү зөв орох гээд байгаа хувилбар юм.

-МАН-ын бүлгээс цаашид Засгийн газарт ямар акциуд тавих
вэ?

-Бид цөөнх. Хяналт тавих үүрэгтэй. Манайхан Их хурлын индэр дээр илтгэл
тавьж байна. Чуулган дээр минутаа авч үгээ хэлж, хэвлэлийн хурал зарлаж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч байна. Байр сууриа илэрхийлж байгаа
байдал нь ийм л байгаа. Бүлгийн дэд даргын хариуцлагатай ажлыг авснаар аливаа
зүйлсийг газар дээр нь очиж ажиллая гэж байгаа юм. Хаана асуудал байна тэнд нь
очиж ажиллахгүй бол Төрийн ордонд суугаад байвал амьдралаас улам бүр тасарна. Тавантолгойн
том асуудал гээд байх юм. Газар дээр нь очиж үзье. Тавантолгой дээр очоогүй
байж хүмүүс олон юм яриад байдаг юм билээ. Тэр салбар, мэргэжлийн онцлог тэр
бүхнийг очиж үзэх ёстой. Миний ажиллах байр суурь газар дээр нь очиж ажиллах
явдал.

Магадгүй бидний шүүмжлэл буруу байхыг үгүйсгэхгүй. Яагаад бидний үг зөв
байх ёстой гэж. Сайдуудын хийх гээд байгаа ажил нь салбартаа хамгийн зөв байж
болно шүү дээ. Зөвийг нь дэмжиж, буруу зүйл дээр нь улс төрийн боекот хийе. Номтойбаяр
гэдэг хувь хүн, Ардын намын бүлэг, Ардын намын гишүүд, намайг сонгосон тойргийн
гишүүн гэдгээрээ асуудалд хандаж болохгүй. Улс төрчдийг чиглүүлэгч сум нь нийгмийн
хүсэлт, хүлээлт, тэмүүлэл, ажил, амьдралд нь тулгамдаад буй хясал шүү дээ. Энэ
бидний баримтлах алтан зарчим байхгүй юу. Гэтэл зарим нь ард түмний нэрийг бариад
худлаа солиороод яваа сонин үзэгдэл манай Их хуралд байна. Тэгж болохгүй.

-Сүүлийн үед Ардын нам Лениний музейг нэг сая ам.долларын
барьцаанд Г.Алтанд үлдээсэн гэх мэт мэдээлэл гарах боллоо. Үүн дээр байр сууриа
илэрхийлэхгүй юу?

-Энэ тал дээр байр суурь илэрхийлэх хангалттай мэдээлэл одоогоор алга. Бүх
зүйл хуулийн дагуу явах ёстой. Үнэхээр буруу бол байх ёстой газраа байг л дээ. Өмч
хөрөнгө булаацалдаад байгаа нь дэмий л байгаа юм. Миний хувьд өмч хөрөнгөтэй
холбоотой асуудалд хошуу ч дүрдэггүй.

-Улс төрийн намуудын тухай хууль маань юу болж байгаа бол.
Та ажлын хэсэгт нь байгаа байх аа?

-Одоохондоо сураггүй л байна. Улс төрийн намуудын гэсэн олон тоон дээр
боловч Ардын нам руу л чиглэсэн хууль юм биш үү. АН, МАН хоёулаа ард түмний
захиалгаар бий болсон. Монгол Улсыг гэр гэвч авч үзвэл тооныг нь тулах хоёр
баганын нэг нь МАН. Гэтэл хоёр баганынаа нэгийг нь унагах гээд байх юм. Эдийн
засгийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай, Газрын тухай гээд таг
болчихсон хуулиуд зөндөө л байна.

-Эдийн засгийн хямрал хэр удаан үргэлжилэх юм шиг байна?

-Удахгүй намрын чуулган эхэлнэ. Энэ байдлаараа бид яваад байвал эдийн
засгийн хямралаас маш олон зүйлийг хийж, цаг хугацаагаа алдаж байж гарна. Олон
жилийн хөгжлөөрөө хохирно. Заавал энэ бүхнийг даамжруулан тултал нь явах ямар
шаардлага байгаа юм. Эрсдэлийн менежментийн төлөвлөгөө гаргая гэж бид хэлж
байсан. Манайхан урьдчилан харна гэдэг зүйл дээр алдаж байна. Аливаа зүйлийг
урьдчилан харах арга нь Монгол хүнд байдаггүй юм уу хаашаа юм. Өвөл болно гээд
урьдчилаад хадлан тэжээлээ бэлддэг биз дээ. Төрийн бодлого яагаад тэгж
болдоггүй юм. Ийм салбаруудад тийм эрсдэл гарах тул бид урьдчилан энэ арга
хэмжээг авахгүй бол болохгүй гээд хийдэг байх ёстой. Тэгэхгүйгээр заавал алдаж
байж арга хэмжээ авах гээд зовоод байгааг гайхдаг.

-Манайхан хэт хаширладаг юм байлгүй дээ…

-Бид зөндөө л хаширлаа. Яасан ч хаширч ханадаггүй юм. Энэ бүхнийг
эргэцүүлэн бодохоор нэг этикийн асуудал гарч ирээд байна. Үнэхээр Монгол Улсыг
хөгжүүлье гэсэн сэтгэл улс төрчдөд байна уу. Зөвхөн өөрийнх нь хүүхдүүд нь идэх
хоол, өмсөх хувцастай, гадаадад сургах мөнгөтэй байвал болж байна гэж хараад
байвал уучлаарай гэж хэлье. Та зүгээр л зайлаад өгөөрэй.

-Та тэгээд Их хурлын гишүүдийг юу гэж харж байгаа юм?

-Би бол дийлэнхийг нь сэтгэлгүй л гэж харж байна. Юм хийж бүтээе гээд
тэмцэж улайраад явж буй хүн цөөхөн байгаа. Харин ярьж байгаа нь маш олон. Мань
мэт ярьж л байна. Одоо ч гэсэн ингээд ярьж л байна. Ярьсаар байтал одоо
бухимдаж байна шүү дээ. Би харин бага ярьдаг байх шүү. Яриад л, яриад л,
хуралдаад л, хуралдаад л байдаг. Ярьдаг яриа, шүүмжилдэг тоо, зохион байгуулсан
хурлаараа Монгол Улс гиннесийн номонд орно шүү. Яасан ч их хуралддаг юм, үр дүн
нь хаана байна. Яахав мэдэхгүй юм аа мэдээд зөв зүйл байгаа байх. Гэхдээ үр
дүнгүй хурлууд их болох юм. Заримдаа ч чуулганы хуралдаан дээр ч гарч байгаа
биз дээ. Хааяа ийм юманд суугаад хайран ч цагаа үрэх гэж дээ хэмээн бодох л юм.

-УИХ-ын гишүүн болсондоо харамсдаг юм биш биз дээ?

-За яалаа гэж дээ. Хувь хүний хор шар байна. Би хэр баргийн зүйлд бууж
өгөөд байдаг хүн биш. Буруутай зүйл дээрээ бууж өгөлгүй л яахав. Бухимдах зүйл олон
бий. Тэглээ гээд хойш суугаад байж таарахгүй. Би 13 насандаа улс төрд оръё гээд
л өөрийнхөө хэмжээнд шийдвэрээ гаргаж л байсан. Тодорхой хэмжээнд өөрийгөө
бэлтгэчихээд орох ёстой юм байна гэсэн бодлыг тээж явлаа. Надад шантарч
бухимдана гэсэн зүйл байдаггүй. Миний оронд хүмүүс 43 43 гэсэн хоёр гутланд минь
ороод явбал ихэнх нь шатрах байх даа. Би элдвээр л бичүүлж, гөвүүлж,
доромжлууллаа гээд нэг ч сэтгүүлчтэй ам мурийж байсангүй. Нэг талдаа энэ нь
хүнийг улам хөдөлгөөд, хөдөлмөрлүүлээд байдаг юм.

-Таныг орон нутгаар явж байгаад ирсэн гэсэн. Ардын
намынхан орон нутгаар явж МАХН-ы гишүүдэд албан тушаал амлан намдаа татаж байна
гэх юм?

-Ганц нэг жишээг нийгмийн жишээ болгож болохгүй. Үнэхээр бид улс төрд
байгаа юм бол хариуцлагатай байх ёстой. Бид хэзээ нэгэн цагт ялна. Би явсан
газар болгоноо нэг зарчмын асуудлыг хөндөж байлаа. Тэр нь юу вэ гэхээр бид ялж
болно. Яллаа гээд ард түмний өмнө хариуцлага хүлээгээд төрийн ажлыг зөв
зохистой авч явж чадах чадамж байгаа юу. Ялах бол нэг асуудал. Ялсныхаа дараа
бид яах ёстой юм бэ. Ардчилсан нам шиг хаанаа хөл толгойгоо хийхээ мэдэхээ байгаад
явах юм уу. Улс төрийн соёл, боловсрол, төлөвшил хамгийн чухал асуудал. Хар л
даа. АН-ынхан яасан их хоорондоо хөлөө жийлцэж, өш хонзон өвөртөлж байнаа. Ингэж
болохгүй, арай дэндүү байхгүй юу. Ардын нам 2012 онд ялагдсан учир шалтгаан юу
байв. Тэр алдаагаа давтахгүй байх нь бидний үүрэг, хариуцлага. Авлига албан
тушаалын асуудал байсан уу байсан.

Дургүй ламыг дарж байгаад сахил хүртээнэ гэгчээр МАХН-ын ганц нэг
нөхдүүдээс татаж чангаана гэдэг худлаа. Би өөрийнхөө найз нөхдүүдийн нэгийг нь
ч наашаа орооч гэдэггүй. Тэр нь хувь хүний итгэл үнэмшил, сонголт байдаг. Өөрөө
улс төрийнхөө шийдвэрийг гаргаад сурч мэдсэнийг бусдад зориулъя гэсэн хүмүүс нь
ороод ирэг л дээ.

-Танай бүлгийнхэн хамтарсан Засгийн газар байгуулах гээд
байна уу. Хамтарвал орохгүй гэж байсан хүмүүс яаж ч магадгүй тухай яриад байна?

-Хувь хүний байр сууриа илэрхийлье. Би НАМЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэг
гүйцэтгэгч, бүлгийн дэд дарга, МАН-ын Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүний
хариуцлагатай албан тушаалыг хашиж байна. Бид хамтарсан Засагт орсноороо үүсээд
буй хүндрэлд гарч шийдэл олоод явах улс төрийн таатай нөхцөл бүрдэх үү. Энэ
хямралаас гаргаад бодит хөгжлийг бий болгочих юм уу. Харин дангаараа МАН чадна.

-Хамтрахаараа яачих гээд байгаа юм?

-Хамтарна гэдэг чинь ямарваа нэгэн зүйлд хамааралтай болно гэсэн үг. Чин
сэтгэлээсээ нэгдээд бодлого үйл ажиллагаа явуулж чадах юм уу. Үгүй. Нэг хөнжилд
орсон ороогүй бид улс оронд хэрэгтэй, ард түмэнд хөгжил болоод ирэх хууль
эрхзүйн орчныг бид дэмжээд л явж байгаа. Харин энэ нөхдүүд бидний өргөн барьсан
хуулийг чуулганаараа хэлэлцэлгүй ард түмнийг хохироож байна. 2012 онд ард түмэн
арай илүү суудлыг Ардчилсан намд өгсөн. Тэднийг Засгаа байгуулаад яв гэсэн. Галзуу
хөгжүүлнэ гээд л гарч ирсэн. Ардын нам ялагдсан нь аргагүй үнэн. Бид ялагдах
болсон шалтгаануудаа засч чадсан юм уу. Зассан гэхэд хэцүү. Харин алдаагаа засч
байгаа. Намын зарим удирдлагууд ард түмний амьдралаас хэт тасарч зарчмын том
алдаанууд гаргасан. Олон нийтийн өмнө гарахаараа зангиагаа шахаад, хоолойгоо
засаад явдаг дарга стиллийн имиж арилсан уу гэх мэтчилэн зүйлс байна. Би л
хувьдаа хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмий л гэж бодож явна. Тал
еэвэнгийн онигоо байдаг даа. Бидэнд арай жижигрүүлсэн тал еэвэн л өгөх гээд
байна. Салбараа мэддэг мэргэжлийн хүмүүс л сайдаар тавь л даа. Салбартаа мэргэшсэн,
алдаа оноогоо үзчихсэн, шүүлтүүрээр орчихсон, ёс зүйн хувьд төлөвшсөн, зарчмын
доголдол гаргахгүй хүмүүс зөндөө байна. Тэднээр салбараа удирдуулаач. Их хурал
нь хяналтаа тавьчихдаг эрүүл улс төрийн тогтолцоог л би хүсээд байгаа юм. Энэ
Засгийн газар мэргэжлийнх биш. Хаана нь ямар мэргэжлийн хүн тавигдсан юм бэ. Учиргүй
улс төржсөн, популизм хөөсөн нөхдүүд байгаа биз дээ. Ичихгүй тэгээд хувийн
хэвшлийнхний хийсэн зүйл дээр очиж тууз хайчлах юм. Яасан их тууз хайчилдаг юм
бэ. Тууз хайчилдаг хайчийг нь ч үйлдвэрлэж үзээгүй. Замд нь байгаа тахир
хадаасыг тэгшилээд ашиглаж үзээгүй хүмүүс бол улстөрчид. Ямар ч аж ахуйн
сэтгэлгээгүй байж бүгд өөрсдийгөө мундаг гэж боддог. Хадаас үйлдвэрлэдэг,
баялаг бүтээдэг хүмүүсийнхээ дуу хоолойг сонсдоггүй. Засгийн газар зөвлөл
байгуулсан гэсэн. Ямар хүмүүс байгааг нь би мэдээч үгүй, сонсоо ч үгүй юм байна
лээ. Тэр хүмүүс нь татвар төлөлтөөрөө хаана жагсдаг, ямар ажлын байр бий
болгосон нөхдүүд байгаа юм бүү мэд. Тэд дуу хоолой болж чадахгүй байна. Дууг нь
сонсох ч үгүй байгаа юм чинь.

Албан тушаал дээр очоод тамга барихаараа, зангиа зүүхээрээ, сайдын сэнтийд
залрахаараа мундаг болчихдог юм биш. Тэр чинь хүн. Тийм болохоор чадахгүй зүйл
зөндөө байгаа. Түүнийгээ ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй. Худлаа популизм хөөсөн
улс төрчид яам толгойлоод дэмий л байх. Бодоод сууж байхад хариуцлага гэдэг
утга алдагдчихсан юм шиг байна.

-Ямар утга илэрхийлж байна гэж?

-Хариуцлага гэдэг чинь хатуухан сонсогддог ч гэсэн асар том зарчмын үг. Монгол
хэлний үгсийн санд энэ үгийн утга тодорхой байдаг. Хариуцлага гэдэг үгийн утгыг
улс төрийнхөн алдагдуулж байна. Хэтэрхий их улс төрийн талаас асуудалд хандаж
ажил явуулж байгаа.

-Нэгэн цаг үед МАН-ын сонгуулийн зардлыг шийдэж явсан гэх
гишүүн асан Д.Дондогт 10.1 жилийн ял оноосон. Араас нь танай намын Д.Сугар
явчих гээд дэн дун байна. Нам хуучин гишүүддээ хайргүй байгаа юм уу даа?

-Би энэ хүмүүсийг мэднэ. Эрүүгийн хуулийн зүйл, заалтуудыг зөрчсөн болохоор
л шоронд сууна шүү дээ. Хүн чанар талдаа гэвэл харамсах юм байна. Олон хүний
өмнө хариуцлага хүлээсэн хүн гэдэг утгаараа хатуухан хэлэхэд үүнийг зөв гэж
бодож байгаа.

-Шоронд явуулж байгааг нь зөв гэж байгаа юм уу?

-Тийм. Хууль зөрчсөн юм бол ял шийтгэлээ эдлэл дээ. Тэр хүн намынхаа болон
иргэд сонгогчдынхоо итгэлийг алдсан байна. “Ээ хөөрхий минь төрийн өндөр албан
тушаал хашч байсан юм” гээд толгойг нь илэх юм бол хариуцлага гэдэг үг байгаад
яах юм. Хууль журам батлаад яах юм. Төр төмөр нүүртэй гэж ярьдаг. Төмөр нүүрээ
жирийн ард түмэндээ гаргаад төрийн өндөр албан тушаал хашиж байсанд нь зөөлөн
арьсаар хандаад байж болохгүй. Үнэхээр хууль зөрчин албан тушаалаа урвуулан
ашиглаж идэж уусан юм бол “Уучлаарай зөв шийдвэр гаргажээ” л гэж хэлнэ. Цаашдаа
ч тийм байх хэрэгтэй. Би улс төрд тийм л хатуу зарчимтай байна. Хичнээн журмын
нөхөр анд найз маань хууль зөрчин ямар нэгэн гэмт хэрэг хийсэн бол найз нөхдийн
харилцаа хэвийн ч зарчмын асуудал тусдаа гэж хэлнэ. Би хууль хүчний
байгууллагад ажиллаж байсан хүний хувьд зөв л гэж бодож байгаа.

-Намынхныгаа анхаарал тавих болов уу гээд та нарыг харж л
байгаа байх даа?

-Хамт мөр зэрэгцэн сууж байсан гишүүдээсээ эхлээд эргэж очих ёстой л доо. Энэ
хүн чанарын асуудал. Хүн чанарын асуудлыг зарчмын асуудалтай битгий хутгаачээ л
гэж байгаа юм. Жирийн гэр бүлээр жишээ авахад айлын сахилгагүй хүүхэд буруу юм
хийчихээд байхад аав нь толгойг нь илээд байвал яах вэ. Ээж нь толгойг нь илээд
байвал тэр хүнийг улам л буруу тийш нь явуулна. Үүнээс ялгаа юу байгаа юм. Шинэ
үеийн залууст үлгэр дууриал болог л дээ. Хууль зөрчвөл ял шийтгэл ийм байдаг
шүү гэдгийг залуус мэдэг. Залуучууд болгоомжил л дээ. Ингэчихвий тэгчихвий
гэсэн хар муу санаатай яваг л дээ.

-Газрын тосны тухай хуулийг Дорнодынхон хэр хүлээн авч
байна вэ. Х.Болорчулуун гишүүн “Дорнодоос сонгогдсон Номтойбаяр гишүүн дэмжсэн
бол батлах байсан” тухай ярьж байсан?

-Буруу хуулийн төсөл байсан юм чинь яаж дэмжих юм. Үүний цаана асар том геополитикийн
асуудал бий. Хятад ч бай хаанах ч бай тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт
хийчихсэн. Түүнийг нь төр шууд булааж авна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ц.Нямдорж
гишүүн ажлыг нь хэсгийг нь ахлаад Газрын тосны хууль батлагдсан. Бид асуудлыг
олон талаас нь харах ёстой. Ямархуу газар зүйн байрлал, геополитикийн байршилд
байгаа билээ. Гадны хөрөнгө оруулсан нөхдүүдтэй иймэрхүү байдлаар харьцаад
байвал бидний ирээдүй яах юм. 2001 онд далай ламд виз өгөхөд хятадууд хоёр
хоног хил хаагаад манайд юу боллоо. Тэр үед манайд 75-хан цагийн хүнсний нөөц
байсан. Одоо өслөө гэхэд 90 цагийн л байгаа биз дээ. Тэр хуулийн төсөл дээр нь
ноцтой асуудлууд байсан. Байгаа бодит нөхцөл байдлаа бодох хэрэгтэй.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд итгэмжлэх жуухаа барьжээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мозамбик Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Одонжил тус улсын Төрийн Тэргүүн Эрхэмсэг ноён Армандо Гуэбузад Итгэмжлэх жуух бичгээ барив. Энэ үеэр Элчин сайд Б.Одонжил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Мозамбикийн төрийн тэргүүнд уламжилсан бөгөөд Монгол, Мозабикийн хооронд  харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлж, ирэх 2014 онд тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд тодорхой ажил, арга хэмжээнүүд  хэрэгжүүлэх талаар болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Мозамбикийн Ерөнхийлөгч Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд Мозамбикийн тал Элчин сайдад бүх талын дэмжлэг үзүүлнэ гэв.   Элчин сайд Б.Одонжил Итгэмжлэх жуух бичгээ барьсантайгаа холбогдуулан Мапуто  хотноо Мозабикийн Гадаад хэргийн яамны орлогч сайд, холбогдох газрын удирдлага, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, тус улсад суугаа зарим орны дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай ажлын уулзалт хийв. Элчин сайд Мозамбикт ажиллах үеэрээ тус улсад  ажиллаж, амьдарч буй манай иргэдийн төлөөлөлтэй уулзаж тэдний амьдрал ахуйтай танилцан, санал бодлоо солилцов.

Монгол Улс, Бүгд Найрамдах Мозамбик Улсын хооронд 1975 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Б.Одонжил тус улсад итгэмлэх жуухаа барьж буй манай улсын анхны  Элчин сайд  юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намрын чуулган ирэх лхагва гаригт нээлтээ хийнэ

УИХ-ын намрын чуулганы хуралдаан аравдугаар сарын 1-ны өдөр буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт эхлэх гэж байна. Энэ намрын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчөөс долоо, нам эвслээс 102, УИХ-ын гишүүдээс 55, Засгийн газраас 142 нийт 340 төсөл хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа юм. 

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид Европын Комиссын даргаар сонгогдсон Жан-Клод Юнкер захидал ирүүлжээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Комиссын даргаар сонгогдсонд нь баяр хүргэж ноён Жан-Клод Юнкерт захидал илгээсэн билээ.

Жан-Клод Юнкер Ерөнхийлөгчид хариу илгээсэн захидалдаа “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танаа, Европын Комиссын даргаар сонгогдсонд минь баяр хүргэсэнд тань гүнээ талархаж байна. Миний бие Европын Комиссыг тэргүүлэх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажилд сонгогдсоноо нэр хүндийн хэрэг гэж үзэж байна. Манай байгууллага ойрын ирээдүйд Монгол Улстай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Ноён Жан-Клод Юнкер ирэх 11 дүгээр сарын 1-нд Европын Комиссын даргын ажлыг албан ёсоор хүлээж авах юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч зарлиг гаргалаа

Төрийн ордон, Улаанбаатар хот  Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус, тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлтөд улс орон, ард иргэдийн бэлэн байдлыг хангах зорилгоор дараах шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай.

1. Холбогдох хууль тогтоомж, Улсын Их Хурлаар батлагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг улс орны болон салбар, орон нутгийн урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусган хэрэгжилтийг хангах;

2. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай орны байгаль орчин, эдийн засаг, нийгмийн амьдрал, хүний эрүүл мэндэд үзүүлэх таагүй нөлөөлөл, үр дагавар, эрсдэлийг нарийвчлан тогтоох, болзошгүй эрсдэлийг даван туулах, өртөх байдлыг бууруулах, өөрчлөгдөж байгаа уур амьсгалын нөхцөлд зохицсон аж ахуй, үйлдвэрлэл эрхлэх, ялангуяа хөрс, бэлчээрийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэх;

3. Байгаль орчинд ээлтэй, хаягдал, бохирдолгүй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, байгалийн нөөц баялаг түүхий эд, бүтээгдэхүүний зохистой ашиглалт, хэрэглээ, үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих;

4. Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон улсын хэмжээний яриа хэлэлцээ, арга хэмжээнд идэвхтэй оролцож, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий хөгжиж байгаа улс орнуудад шинэ техник, технологи нэвтрүүлэхболон санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт хамрагдах;

5. Уур амьсгалын шинэ нөхцөлд зохицон амьдрах хэвшил, дадлыг бий болгох талаар иргэд, олон нийт, бүх шатны сургууль, боловсролын байгууллагыг мэдээллээр хангах, сургалтын хөтөлбөрт оруулах.

Хоёр. Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг бүх шатны байгууллагуудын жил бүрийн төсөвт тусгах, бусад дотоодын болон олон улсын эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авах, зарлигийн биелэлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд тайлагнаж байхыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т үүрэг болгосугай.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганд оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцож байна.

Ерөнхий ассамблейн ээлжит чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт, Хүн ам, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 29 дүгээр тусгай чуулган, Уугуул иргэдийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний бүгд хурал зэрэг олон улсын хэд хэдэн уулзалт, арга хэмжээнд оролцохоос гадна бусад улс, олон улсын байгууллагын тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөөд байгаа билээ.