Categories
мэдээ улс-төр

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай хэлэлцээд, тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Энэ дагуу Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмших “Эрдэнэс-Гацуурт” хамтарсан компани байгуулж, уг компанид төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох саналыг Засгийн газраас УИХ-д оруулах аж. Гацууртын ордыг ашиглах “Эрдэнэс-Гацуурт” ХХК-ийн өөрийн хөрөнгө дэх төрийн эзэмшлийн 20 хувьд ногдох 20 мянган ам.долларын санхүүжилтийг хуулийн дагуу “Эрдэнэс МГЛ” ХХК-аас гаргуулах юм байна.

“Эрдэнэс-Гацуурт” ХХК нь холбогдох хуульд заасны дагуу төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжих, энэ ордыг ашиглах хугацаанд уг төслийн санхүүжилт болон бусад зардлыг хувь нийлүүлэгчдэд ачаалалгүйгээр шийдэх үүрэг хүлээх гэнэ. Харин Засгийн газраас орд ашиглахад шаардагдах санхүүжилт босгоход дэмжпэг үзүүлж ажиллах аж.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт алтны үндсэн орд нь оршдог Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК юм. Энэ ордод 1970-1991 онд шороон ордын судалгаа хийгдэж, 1992 онд алтны шороон ордын олборлолтыг эхлүүлсэн. Шороон ордын олборлолтын явцад 1997 онд алтны үндсэн судлыг олж тогтоосноор 2002-2003 онд хайгуулын ажлыг эрчимжүүлж, 2004 онд нэмэлт хайгуул хийжээ. Ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэж, 2008 онд ТЭЗҮ-ийг хүлээж авч байв.

Гацууртын орд 27,6 сая тонн хүдэр, 75,9 мянган кг алтны нөөцтэй. Монгол орны алтны металлогены мужлалаар энэ орд Хойт Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд бөгөөд алтны өндөр агуулга бүхий хүдэртэй юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Унгар, Эстонийн Ерөнхийлөгч нартай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн
Элбэгдорж есдүгээр сарын 24-нд буюу өчигдөр хоёр талын хэд хэдэн уулзалтыг
хийлээ. Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адертай хийсэн уулзалтын
эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65
жилийн ой болж буйг онцлоод Монгол, Унгар орон эртнээс холбоотой, уламжлал
ойролцоо улсууд болох талаар ярилаа. Мөн оюутан суралцуулах талаар ярилцаж,
хоёр улсын оюутнууд хамтран судлах зүйлс олон байгааг дурдав. Унгар улс нь
Европдоо Монгол судлалын төв болж явдаг юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Унгар улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо дахин нээхээр болсонд
талархалтай хандаж буйгаа илэрхийлэв.

Унгарын Ерөнхийлөгч Я.Адерийн хувьд
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Давосын эдийн засгийн чуулганы Усны менежментийн
хурлыг даргалж байхад нь харж, усыг ариг гамтай ашигладаг нүүдэлчний
уламжлалаас суралцах зүйл их байгаа талаар  бодож байснаа дурсав. Мөн
биотехнологийн салбарт монголчуудтай туршлага хуваалцахдаа бэлэн байгаагаа
илэрхийлж, Биокомбинатын шинэчлэлд хамтран ажиллахад таатай байна хэмээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Миланд болох Ази, Европын дээд хэмжээний
уулзалтад оролцоод буцах үедээ буюу ирэх аравдугаар сарын 17-18-нд Бүгд
Найрамдах Унгар улсад хийх ажлын айлчлалын үеэр бусад зүйлийг дэлгэрүүлж
ярилцахаар тохирлоо.

Үүний дараа Эстони улсын Ерөнхийлөгч
Тоомас Хендрик Илвестэй уулзсан юм. Хүн амын хувьд Монголтой ойролцоо Эстони
улс цахим засаглалаараа дэлхийн хэмжээнд тэргүүлэгчдийн тоонд ордог.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эстонийн цахим засаглалын тогтолцооноос туршлага
хуваалцах хүсэлтэйгээ илэрхийлж, цаашид мэдээллийн технологийн салбарт
харилцаагаа өргөжүүлэх боломж бийг дурдав. Мөн тус улсын шатдаг занар ашиглаж
ирсэн арга замыг сонирхож байгаагаа илэрхийлэв. Эстонийн Ерөнхийлөгч Тоомас
Хендрик Илвесийн хэлснээр тус улс зуу гаруй жилийн өмнөөс занар боловсруулж
ашиглаж иржээ. Туршлага их, технологи нь сайжирч чаджээ. Цахилгаан эрчим
хүчнийхээ хэрэглээний 95 хувийг, шатахууны хэрэглээний 50 хувийг занараас
гаргаж авдаг байна. Өнгөрсөн жил Эстони улсын хүлээж байсан “Цахим эрх чөлөө
эвсэл”-ийг даргалах үүрэг одоо Монгол Улсад ирээд буй. Эстонийн зүгээс Азийн
орнуудыг эвсэлдээ нэмж оруулах тал дээр хичээн ажиллахыг хүсэв. Мөн цахим эрх
чөлөөний талаар НҮБ-ын тогтоол санаачлан гаргах тал дээр хоёр тал хамтран
ажиллах боломжийн талаар ярилцав.

Ирэх жилийн тавдугаар сард манай
улсад болох “Цахим эрх чөлөө эвсэл”-ийн хуралд Эстонийн Ерөнхийлөгч 
Тоомас Хендрик Илвес өөрийн биеэр оролцох юм.

Categories
мэдээ улс-төр

“Ахмадуудад тулгамдаж буй асуудлууд”-ыг хэлэлцэж байна

Хүн
амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын  чөлөөт холбоотой
хамтран “Ахмадуудад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж
байна.  Нийслэлийн дүүргүүд болон 21 аймгийн ахмадын байгууллагын
удирдлагууд, төлөөлөгчид оролцож байгаа энэ хэлэлцүүлэгт Ерөнхий сайд
Н.Алтанхуяг оролцож, үг хэллээ.

Ерөнхий
сайд ахмадуудад хандаж өнгөрсөн хоёр жилд үнэ тогтворжуулах, төрийн хүнд
суртлыг арилгах болон бүтээн байгуулалтын чиглэлээр хийсэн ажлуудаа тоймлон
танилцуулж, тус хэлэлцүүлгээс ахмадуудын нийгмийн хамгааллын чиглэлээр гарсан
санал санаачилгыг тусган Засгийн газрын хэмжээнд эрх зүйн баримт бичиг болгох,
цаашлаад хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барих боломжтой гэдгээ
хэллээ. 

Хэлэлцүүлэгт
оролцогчид Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, эрх зүйн асуудал болон
ахмад настны тэтгэвэрийн зээл, зээлийн хүүгийн асуудал гэсэн үндсэн хоёр
сэдвийн хүрээнд санал солилцох юм.  Өнөөдрийн байдлаар 55 ба 60-аас дээш
настай эмэгтэй, эрэгтэй 168 500 орчим ахмад байна. Бусад нөхцлөөр тэтгэвэрт
гарсан иргэд нэмэгдээд 240 гаруй хүн тэтгэвэр авч байгаагийн 68-аас дээш хувь
нь тэтгэвэр барьцаалсан банкны зээлтэй байна. Хэлэлцүүлгээс тэтгэвэрийн зээл
авагчдын мэдээллийн санг сайтар бүрдүүлж, зээл олгох үйл ажиллагааг
боловсронгуй болгох, бичиг баримт, гэрээг ахмад настай хүнд ойлгомжтой байхаар
энгийн хялбар, нэг загвартай болгож, зардал, хугацааг багасгах, тэтгэвэрийн
зээлийг бүх банкууд олгодог нөхцөл бүрдүүлж өрсөлдөөн бий болгох зэрэг
асуудлуудыг боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр хэлэлцэж байна гэж
Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн дэд сайдад У.Уугангэрэлийн нэр яригдаж байна

Өнөөдөр хуралдах МАХН-ын Гүйцэтгэх
товчооны хурлаар Э.Эрдэнэжамъяны оронд хэнийг томилох талаар хэлэлцэхээр
төлөвлөснийг эх сурвалж мэдээлэв. Түүний оронд Гаалийн ерөнхий газрын
орлогч дарга Ц.Уугангэрэлийн нэрийг дэвшүүлж буй мэдээлэл байна.

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяныг эрх
мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр улс төрийн
албан тушаал хаших эрхийг нь хоёр жил, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг
63 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан. Тэрээр
Хууль зүйн дэд сайдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Уур амьсгалын шинжлэх ухаан” сэдэвчилсэн хэлэлцүүлгийг даргаллаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дугаар чуулганы үеэр НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн дарга Бан Ги Мүний санаачилгаар Уур амьсгалын өөрчлөлтийн
асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг есдүгээр сарын 23-ны өдөр зохион
байгууллаа. НҮБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар, санхүү,
бизнес, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний төлөөллийг түүнд урин
оролцуулж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх үйл ажиллагааг
урагшлуулах, тэр дундаа хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах санаачилгыг
түргэтгэх, дэлхийн температурыг хоёр хэмээс багаар нэмэгдүүлэхээр
хязгаарлах тухай даян дэлхийн тохиролцоонд 2015 он гэхэд хүрэхэд
чиглэсэн улс төрийн эрмэлзлийг дайчлах зорилгоор энэхүү Дээд хэмжээний
уулзалтыг зохион байгуулж байгаа юм.  

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалтын
хөтөлбөрт тусгагдсан “Уур амьсгалын шинжлэх ухаан” сэдэвчилсэн
хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж даргаллаа.

Гринландын Ерөнхий сайд Алека Хаммонд, Байгаль орчныг хамгаалах олон
улсын холбооны ерөнхий захирал Жулиа Мартон-Лефевр, Уур амьсгалын
өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын уулзалтын ажлын хэсгийн
дарга Томас Стокер нар уг хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцсон юм.

Categories
мэдээ улс-төр

АН эвтэй байхыг жирийн гишүүд нь сануулав

УИХ-ын намрын чуулгантэй зэрэгцэн улс төрийн зарим намд хөдөлгөөн орж
эхлэв. Тухайлбал,  АН-ын орон нутгийн намын хороодоос УИХ дахь бүлэгтээ
хандсан хэд, хэдэн уриалга хүргүүлжээ. Тухайлбал Сэлэнгэ, Увс аймгийн
АН-ын анхан шатны байгууллагаас Засгийн газрыг тоггвортой ажиллуулах,
өмнө нь өөрсдийнхөө засгийг огцруулж байсан түүхээ давтахгүй  байхыг
сануулсан албан бичгийг бүлгийн гишүүддээ хүргүүлжээ. Тэд АН дотроо
хагаралдах бүртээ бусдын өгөөш болж, үр дүнг нь сонгуулийн ялагдлаар
амссаар ирснийг өгүүлсэн байна. Иймээс үлдэж буй хугацаанд Шинэчлэлийн
Засгийн газрыг дэмжиж ажиллахыг УИХ-ын гишүүдэд уриалжээ. Мөн бусад
аймгийн намын хороод ч иймэрхүү уриалгыг УИХ дахь намын бүлэгтээ
хүргэсэн гэсэн мэдээлэл байна. Ямар боловч 2012-2016 оны УИХ-ын нэгэн
бүрэн эрхийн хугацаа тэн хагасдаа ороод буй энэ үөд нам дотроо
хагаралдахгүй байхыг сануулах нь АН-ын анхан шатны байгууллагуудын гол
зорилго юм байна. Нөгөөтэйгүүр, улс төрийн хэлмэгдүүлэлт ч АН засаглаж
буй энэ үед гарч байгааг анхааруулжээ.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн дэд сайдад хэнийг томилохоо хэлэлцэнэ

МАХН-ын
гүйцэтгэх товчоо өнөөдөр 18.00 цагт хуралдахаар болсон тухай эх
сурвалж дуулгалаа.
Хурлаар хэд хэдэн чухал асуудлыг авч хэлэлцэх юм байна.Тухайлбал, улс төрийн
алба хаших эрхээ хасуулаад буй тус намын гишүүн, Хууль зүйн дэд сайд байсан
Э.Эрдэнэжамъянгийн талаар авч хэлэлцэх
 нь ээ. Өөрөөр хэлбэл, Э.Эрдэнэжамъян албан тушаалаасаа буусан
тохиолдолд түүний оронд тус намаас гишүүн томилогдохоор болсон байна. Үүний дагуу МАХН-ынхан дэд сайдын суудалд хэнийг томилохоо
хэлэлцэх аж. Тэгэхээр өнөөдрийн хурлаар Дэд сайдын орны хүнээр хэнийг томилох
нь тодорхой болох бололтой.

Мөн МАН-аас МАХН-д гишүүнээр элссэн Ц.Шаравдоржийн
асуудлаар ч хурлын үеэр авч хэлэлцэх юм байна. Ц.Шаравдоржийн хувьд МАХН-ын
нарийн бичгийн даргаар томилогдоод байгаа сурагтай.

Categories
мэдээ улс-төр

Хоёр талын уулзалтууд хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өчигдөр буюу есдүгээр сарын 23-ны өдөр хоёр талын хэд хэдэн уулзалт хийсэн юм.

Эхлээд Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзлаа. Уулзалтын үеэр
хоёр орон эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт даруй гарын үсэг зурж,
Монгол Улсыг аж үйлдвэржүүлэхэд Японы тал дэмжлэг туслалцаа үзүүлэхэд
бэлэн байгаагаа нотлов. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс
Япон Улсын Ерөнхий сайдад 60 насны ойн баярын мэнд хүргэж хэлэхдээ
“Монголчууд жаран наснаас дахин шинэ эрч хүч мэндэлдэг гэдэг” хэмээн
онцолсон бол Ерөнхий сайд Шинзо Абэ Төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж
гар бичмэл захиа илгээсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Дараа нь хоёр
тал харилцан сонирхсон болон бүс нутгийн харилцааны асуудлаар
дэлгэрэнгүй санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Беларусь улсын Ерөнхий сайд  Михаил
Мясниковичтай уулзав. Ерөнхийлөгчийн зүгээс Беларусийн байнгын
ажиллагаатай ЭСЯ Улаанбаатар хотноо нээгдэж, харилцаа хамтын ажиллагаа
идэвхжиж байгааг тэмдэглэсэн юм. Беларусь улсын талаас Монгол Улсад
транзит тээврийн чиглэлээр хамтран ажиллах, уул уурхайн техник,
технологи нийлүүлэхэд экспортын зээлийн хөтөлбөр эхлүүлэх, хөдөө аж
ахуй, түүний дотор шувууны аж ахуй, бордоо үйлдвэрлэх чиглэлээр хамтран
ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд Монгол Улс тус
улстай оюутан солилцоог нэмэгдүүлэх талаар санал тавьсан юм.

Мөн НҮБ-ын 69 дүгээр Ерөнхий ассамблейн хуралдааны үеэр Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монакагийн Хунтайж Алберт, Ираны Ерөнхийлөгч
Хасан Рохани нартай уулзаж хоёр талын харилцаа болон харилцан сонирхсон
бусад асуудлаар ярилцав.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад үг хэллээ

НҮБ-ын 69 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо салбар
хуралдаануудаараа эхлээд байна. Энэ удаагийн Ерөнхий ассамблей нь түүхэн
70 жилийн ойн өмнөх жил болж буйгаараа ихээхэн онцлог бөгөөд дэлхийн
120 гаруй орны төр, засгийн тэргүүн болон өндөр хэмжээний зочид оролцож
байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Уур амьсгалын
өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжэний улзалтад оролцож, чуулганы
эхэнд үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Аливаа улс орон цор ганцаар
дэлхийн дулааралтай тэмцэж чадахгүй. Та бүхэн манай оронд, Монголд очоод
асуухад жирийн малчин нь хүртэл байгаль цаг уурынхаа мянга мянган
жилийн улбааг танин мэдсэн туршлага дээр бодит амьдралд уур амьсгалын
өөрчлөлт хэрхэн гамшгийн хэмжээнд хүрснийг хэлээд өгөх болно. Уур
амьсгалын өөрчлөлтийн асуудал зөвхөн эрдэм шинжилгээ, судалгааны маргаан
байхаа нэгэнт больжээ. Энэ бол бидний өмнө тулгараад байгаа бодит
заналхийлэл болсон. Хэрвээ ийм гамшиг нүүрэлсэн эсэхэд эргэлзэж буй бол
Монголд ирээд үз. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын хэмжээ
дунджаас хоёр хувиар өсөхөд л өдөр тутам мянга мянган гамшиг нүүрлэхэд
хүрдгийг шинжээчид аль хэдийнэ тогтоосон. Эх дэлхий маань улам бүр аюулд
өртсөөр байгааг бид харж байна. Бид энд шийдвэртэй үйлдэл хийж эхлэх
цаг болсон. Энэхүү гамшиг, уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөний гараар
бүтээгдсэн. Бид ирээдүй хойч үедээ, үр ач нартаа энэ гамшгийн хувь
тохиолыг тэр чигт нь үлдээх үү? Үгүй. Тиймээс хамтдаа тэмцэх цаг болсон”
хэмээн онцолсон юм.

Энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцсон төр засгийн зуу гаруй
удирдагчаас гадна дэлхий дахинд танигдсан сайн үйлийн эзэд, Холливуудын
одод, НҮБ-ын “Сайн санааны элч” төлөөлөгчид мөн оролцож үгээ хэлсэн юм.
Тухайлбал АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан, Нобелийн Энх тайвны шагналт
Алберт Гор хэлэхдээ “Уурь амьсгалыг өөрчлөлтийн эсрэг хийх хамгийн сайн
тэмцэл бол улс төрийн шийдэл” гэж онцолсон бол Холливудын од Леонардо
ДиКабрио “Бид шийдвэртэйгээр үйлдэл хийх цаг болсон” хэмээн хэлж байлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Клинтоны дэлхийн санаачилгын
ээлжит уулзалт болон Колумбын их сургуульд болсон “Тогтвортой хөгжлийн
асуудлыг шийдвэрлэх даян дэлхийн сүлжээ” байгууллагын хуралд тус тус
оролцож санал солилцлоо.

Categories
мэдээ улс-төр

Дотоод мэдээлэл задруулсан гэгдсэн Д.Цогт-Очирыг агентлагийн даргаар томилжээ

Дотоод
мэдээлэл задруулсан хэргээр  Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх
газрын Тэргүүн дэд даргын албыг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очирыг ажлаас нь
халсан гэх мэдээлэл зарим хэвлэл дээр гарсан. Тэгвэл албаны хүний өгсөн
мэдээллээр Д.Цогт-Очирыг дотоод мэдээлэл задруулсан хэргээр ажлаас нь халсан
гэдэг нь худлаа аж.  Харин ч түүнийг Ус цаг уур, орчны хүрээлэнгийн 
даргаар томилогдсон байна.