Categories
мэдээ улс-төр

2015 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэв

Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа.  

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасны дагуу УИХ-ын 2014 оны тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай” хуулийг баталсан. Тус хуулийн зорилт нь дунд хугацаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бөгөөд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн үзүүлэлтүүдийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,201.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7,690.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.4 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 489.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай байхаар тус тус баталсан юм байна. Гэвч энэ оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл, ирэх оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн ирэх оны төсвийн орлого төсвийн хүрээний мэдэгдлээс буурахаар байгаа нь “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны Төсвийн төсөөллийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг бий болгожээ. Иймд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд дараах агуулгатай заалтыг нэмжээ. Үүнд “33.2.7.Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх болон Засгийн газрын үнэт цаасны эх үүсвэрээр Хөгжлийн банкаар дамжин хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг нийт дүнгээр;

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.47 дах заалтын “улсын өр” гэснийг “Засгийн газрын өр” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.12,  12 дугаар зүйлийн 12.1.12 дах заалтын “улсын өрийн” гэснийг “Засгийн газрын өрийн” гэж тус тус өөрчилөхөөр тусгаад байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганыг хаалттай горимд шилжүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг сая эхлүүлсэн ч хэлэлцэх асуудалтай холбоотойгоор хаалттай горимд шилжүүллээ.

Тус хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байгаа юм. УИХ-ын хаврын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцүүлгийг эхлүүлсэн ч БНХАУ-тай хийх хэлэлцээр дуусаагүй байсан тул хойшлуулж намрын чуулган руу шилжүүлсэн юм. Мөн энэ асуудлыг хаалттай хэлэлцэх шаардлага байна гэсэн асуудлыг тухайн үед Зам тээврийн сайд тавьж байсан удаатай. Энэ дагуу чуулганыг хаалттай хийж байсан бол хэлэлцээр дууссан хэдий ч хаалттай горим үргэлжилж байна. Энэ удаагийн чуулганы хуралдаанаар дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд төмөр замын далангийн ажлын явцтай танилцав

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын далангийн  ажлын явцтай танилцлаа.  Чингис бондын эх үүсвэрээс шинэ төмөр замын суурь бүтэц, барилгын ажилд зориулан 200 сая ам. долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэснээс 193.9 сая ам.долларын санхүүжилт хийгджээ. “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн хэрэгжүүлж байгаа шинэ төмөр замын төслийн гүйцэтгэгчээр “Samsung C and T” корпораци ажиллаж байгаа аж. Мөн дотоодын 12 туслан гүйцэтгэгч компанийн 1700 гаруй хүн ажиллаж байгаа юм байна.  276 км замын газар шорооны ажил 76 хувь, гүүр хоолойн ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Төмөр замын ажлыг төлөвлөгөөний дагуу  ирэх 2015 оны аравдугаар сард ашиглалтад оруулахын тулд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, санхүүжилтийн бусад эх үүсвэр болон гадаад, дотоодын  хөрөнгө оруулагчдыг шинэ төмөр замын төсөлд татан оруулахыг холбогдох албаны хүмүүст Ерөнхий сайд үүрэг болголоо. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх тээвэрлэлтийн өртгийг хамгийн багаар бодоход 50 хувиар бууруулж, авто замаар тээвэрлэхэд үүсдэг байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгах юм. Энэ жилийн хувьд Тавантолгой уурхайн нүүрсний экспортын хэмжээ өссөн үзүүлэлттэй байна. 2013 онд хоёр сая тонн нүүрс экспортлож байсан бол өнөөдрийн байдлаар тус уурхай дөрвөн сая тонн нүүрс экспортолжээ. Энэ онд экспортын хэмжээг 7 сая тоннд хүргэх боломжтой гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Я.Батсуурь Ерөнхий сайдад танилцууллаа.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы нээлтээр Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар нийт 26 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.  Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох асуудлыг шийднэ гэсэн яриа ч бий. Гэхдээ албан ёсоор төлөвлөгдсөн асуудлууд гэвэл иТөрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл, Гэмт хэргийн тухай хуулийн төсөл зэрэг асуудал байгаа юм. УИХ-ын дарга З.Энхболд хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “..Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудал нийгэмд хүлээлт үүсгээд буй. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэх нь засгийн ажлыг цалгардуулахгүй байх чухал ач холбогдолтой” гэж онцоллоо.Чуулганы нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар оролцов. 

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан хүчний холбооныхон чуулна

Ардчилсан хүчний холбооныхон энэ сарын 3, 4, 5-ны өдрүүдэд “Нийслэлийн чуулга уулзалт”-аа зохион байгуулахаар болжээ.  “Хүнээ хөгжүүлж, Монголоо шинэчилье” уриатай чуулга уулзалтаар гишүүд дэмжигчдийнхээ дунд сургалт, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ.  Чуулга уулзалт олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд болно. 

Categories
мэдээ улс-төр

МАН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар санал хурааж байна

МАН-ын Шинэчлэлийн хорооныхон Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал асуулгыг олон нийтийн дунд явуулж эхэлжээ. Тэд Төрийн ордны баруун талд эсгий гэр барьж, иргэдийн амьжиргааны талаар санал асуулга явуулж байгаа юм. Тус хорооныхон“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” хөтөлбөр үр дүнгээ өгч, ард түмний амьдралд эерэг нөлөө үзүүлсэн үү?, “Хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний сүүлийн гурван сарын хугацаанд өссөн үү?”, “Иргэдийн амьдралыг дээшлүүлж, ядуурлаас гарахын тулд нэн тэргүүнд ямар ажлуудыг хийх ёстой вэ?” гэх зэрэг есөн асуултад иргэдийн хариултыг авч байгаа аж. МАН-ын Шинэчлэлийн хороо өчигдрөөс  Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө иргэдээс санал авч эхэлсэн.  Хорооноос Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцрох ёстой гэж үзэж, орон нутгийн иргэдийн саналыг авч, 10 мянга орчим хүний гарын үсгийг цуглуулжээ. Нийслэлд энэ санал асуулгаа ес хоногийн турш явуулахаар төлөвлөжээ. 

Categories
мэдээ улс-төр

Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

-УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ НАМРЫН ЧУУЛГАНЫГ НЭЭЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ-

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Өнөөдөр Улсын Их Хурлын 2014 оны намрын чуулган эхэлж байна. Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсын гадаад харилцаа томоохон үйл явдлаар дүүрэн байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар манай хөрш хоёр орны тэргүүн БНХАУ-ын дарга ноён Си Зиньпин, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч ноён Владимир Владимирович Путин нар Монгол Улсад айлчлал хийлээ.

БНХАУ-ын дарга ноён Си Зиньпин Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд элэгсэг дотно үг хэлж, төрийн айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргаж, хоёр орны Засгийн газар болон аж ахуйн нэгжүүдийн хооронд Төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтыг ашиглах, худалдаа эдийн засаг, нийгмийн салбарыг хөгжүүлэх 24 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ажлын айлчлалын хүрээнд хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудал бүрэн шийдэгдэж, “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж, төмөр замыг цахилгаанжуулах, хос болгох ажлыг цаг алдалгүй эхлүүлэхээр боллоо. Халхын голын ялалтын 75 жилийн ойг хамтран тэмдэглэлээ. Олон салбарыг хамарсан Засгийн газар хоорондын нийт 15 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Эдгээр айлчлалууд нь манай орны хөрш хоёр оронтой харилцах харилцаанд шинэ үе шатыг эхлүүлсэн түүхэн үйл явдал болсныг онцлон тэмдэглэж байна.

Хоёр том гүрний дунд оршиж байгаа манай орны хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан төмөр замын, авто замын, нефтийн болон хийн хоолойн, эрчим хүчний, интернетийн шилэн кабелийн дамжин өнгөрөх стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй, санаачлагатай ажиллах цаг хугацаа тохиож байна.

Энэ сарын сүүлчээр УИХ-ын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны парламент хоорондын харилцааны байнгын ажиллагааг бэхжүүлэх баримт бичигт гарын үсэг зурахын зэрэгцээ бусад асуудлаар Засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн хооронд хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ажлыг амжуулахаар хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж байна. Цаашид төрийн тэргүүнүүдийн айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан баримт бичгүүдийг ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар цаг алдалгүй шуурхай ажиллаж, үр дүнд хүргэх хэрэгтэй байна.

Монгол Улсын хоёр хөрштэйгээ харьцах харилцаанд гарсан сүүлийн үеийн ололт амжилт нь манай улсад Гурав дахь хөршийн бодлогоо эрчимтэй хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Гурав дахь хөршийн холбоогоо бэхжүүлэхэд энэ удаагийн чуулганаар хэлэлцэх Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах нь чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын гишүүд хөдөө орон нутагт ажиллахын зэрэгцээ ХБНГУ, Бельги, Англи, АНУ, Канад, Швед, Турк, Франц, Австри зэрэг улсад олон улсын хурал, чуулганд оролцож тухайн орнуудын хууль эрх зүйн орчинг судалж, парламентын үйл ажиллагаатай танилцсан байна.

Миний бие чуулганы завсарлагааны хугацаанд Баян-Өлгий, Говь-Алтай, Орхон, Булган аймгуудад ажиллаж, нийслэлийн эрчим хүчний бүтээн байгуулалт, Дөргөн, Тайшир, Эгийн голын усан цахилгаан станцын үйл ажиллагаа, төслийн явцтай танилцаж, Орхон аймгийн Молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн нээлтэд оролцлоо.

Монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчим хүчний дэд бүтцийг өргөтгөх ажил эрчимтэй явагдаж байна. Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд ТЭЦ-3,ТЭЦ-4 станцын хүчин чадлыг 50 мВт болон 128 мВт-аар нэмэгдүүлж өргөтгөсөн нь цаг хугацаа хожсон зөв бодлого байсныг харуулж байна. Улаанбаатар хотын зүүн хэсгийг дулаанаар хангах “Амгалангийн дулааны станц” хугацаандаа ашиглалтад орох боломжтой болжээ. Үүний үр дүнд нийслэлийн эрчим хүчний хангамж сайжрах нөхцөл бүрдэж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын энэ удаагийн намрын чуулган Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны хоёр дахь хагасын эхлэлтэй давхцаж буйгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын эрхэм гишүүд Та бид ард түмнээрээ ажлаа дүгнүүлэхэд хоёр хүрэхгүй жилийн хугацаа үлдээд байна. Улсын Их Хурлаас өнгөрсөн хоёр жилд Монгол Улсын хөгжил, эдийн засгийг эрчимжүүлэх ач холбогдолтой хууль, тогтоол, шийдвэр олныг гаргасан нь зохих үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Тухайлбал, Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсноос хойш гишүүн орны хувьд хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хууль хяналтын байгууллагын эрх зүйн шинэтгэлтэй холбоотой багц хуулиудыг батлан гаргаж мөрдүүлсэн. Олон улсын “Транспарэнси интернэшнл” байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексийн судалгааны дүнгээр Монгол Улс 124 дүгээр байрнаас 83 дугаар байрт шилжсэн нь авлигатай тэмцэх талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны үр дүн юм. Гэсэн хэдий ч эдийн засаг, нийгэм, хууль хяналтын салбарын олон эмзэг асуудлыг шийдвэрлэх үүднээс цаг алдалгүй хэлэлцүүлж, батлуулах шаардлагатай хууль, тогтоолын төслүүд цөөнгүй байна.

Намрын чуулганаар 2015 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батална. 2014 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 13.6 хувиар буюу 605.8 тэрбум төгрөгөөр тасарч, Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 3,798,0 тэрбум, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3,951,0 тэрбум төгрөгт хүрч улсын нэгдсэн тэнцвэржүүлсэн тэнцэл 153 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Сүүлийн жилүүдэд манай эдийн засаг дахь төгрөгийн ханшийн савлагаа, инфляцийн өсөлт, экспортын бүтээгдэхүүний үнийн уналт зэргээс хамаарч ард иргэдийн зарим хэсгийн амьжиргааны түвшин буурч байна.

Эдийн засагт үүссэн эдгээр нөхцөл байдлыг болон удахгүй төлбөр нь нэхэгдэж эхлэх Хөгжлийн банкны, Чингис, Самурай бондын төлбөрийг хэрхэн төлөх талаар одооноос сайтар тооцож, 2015 оны төсөв, мөнгөний бодлогыг үндэслэл сайтай баталж мөрдүүлэх шаардлага УИХ-ын эрхэм зорилт болж байна. Өнгөрсөн хаврын чуулганаар баталж амжаагүй Өрийн удирдлагын тухай хуулийг яаралтай батлан гаргах шаардлагатай байна.

Энэ удаагийн чуулганаар Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Худалдааны тухай зэрэг олон чухал хуулиудыг хэлэлцэнэ. Мөн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай, авто зам, боловсрол, эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслүүд болон хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн бусад хууль тогтоомжийг үргэлжлүүлэн хэлэлцэж батлах болно.

Улс төрийн намууд сонгуульд зориулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас их хэмжээний хандив авдаг, намын санхүүжилт ил тод биш байгаа талаар ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Үүнтэй холбоотойгоор Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Улс орныхоо эдийн засагт суурь чанартай томоохон өөрчлөлтүүдийг хийж, улсынхаа хөгжлийг дунд, урт хугацаанд төлөвлөх талаар бид олон удаа ярьж байна. Харамсалтай нь бодитой ажил хийгдсэнгүй өнөөдрийг хүрч байна. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн стратеги, бодлого боловсруулах чиглэлээр байгуулагдсан УИХ-ын ажлын хэсэг ажилдаа яаравчлан орохыг сануулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна гэдгээ ард түмэндээ зарласан нь нийгмийн сэтгэл зүйд ихээхэн хүлээлт бий болгоод байна. Тийм учраас бүтцийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүд, олон нийтийн дунд өрнөж байгаа санал шүүмжлэл, салбаруудын уялдаа холбоог нарийвчлан тооцож, оновчтой хувилбараар боловсруулж ойрын хугацаанд УИХ-д өргөн барих хэрэгтэй. Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу цаг хугацаа, дараалал харгалзахгүйгээр яаралтай хэлэлцэж батлах болно. Энэ нь засаглалын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх алхам гэж үзэж байна. Харин Засгийн газрын бүтэц өөрчлөхтөй холбоотойгоор засаглалын аль ч шатанд ажил цалгардуулж болохгүй гэдгийг төрийн албан хаагчид, албан тушаалтнуудад анхааруулж байна.

Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын гишүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран БНСУ-ын Засгийн газрын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Цахим парламент” төслийг амжилттай хэрэгжүүлж, хуралдааны танхимуудад иж бүрэн цахим системийг шинээр суурилууллаа.

Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны цагийг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар өөрчилж захирамж гаргалаа.

Намрын чуулган дараа жилийн төсөв, мөнгөний бодлогыг тусгай дэгээр хэлэлцдэг учраас цаг хугацааг үр ашигтай, бүтээлчээр ашиглаж, төлөвлөгдсөн олон чухал хууль тогтоолыг батлахын тулд эрхэм гишүүд Та бүхнийг чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй, санаачлагатай оролцохыг уриалж байна.

Та бүхэнд ажлын амжилт хүсч, Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдье.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг дарга Лондон хотод албан айлчлал хийж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захрагч Э.Бат-Үүл ИБУИНВУ-ын Лондон хотод албан айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Лондон хотын дарга Борис Жонсон, Лондон хотын санхүүгийн дүүрэг Сити Лондонгийн Лорд Захирагч Фиона Вүүльф, Европын сэргээн босголтын банк, Лондогийн хөрөнгийн бирж болон бусад бизнес, санхүүгийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, Монгол Английн бизнес форумд оролцсон байна. Форумын үеэр Улаанбаатар хотыг хөгжүүлэх алсын хараа, чиг зорилтын хүрээнд төлөвлөж байгаа болон хийж буй ажил төслүүдийн талаар танилцуулсан байна. Мөн эдгээр төсөл хөтөлбөрүүдийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх, хамтран ажиллах ямар боломж байгаа талаар харилцан санал солилцлоо.

Лондон хотын дарга ноён Борис Жонсонтой уулзсан уулзалтаар Галын аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотыг бүс нутагтаа аялал жуулчлалын төв болгох ажлын хүрээнд Лондон хотын туршлагыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг дурдсан байна. Мөн айлчлалын хүрээнд Улаанбаатар хотод Олон улсын санхүүгийн төвтэй болох асуудлаар СитиЮКэй санхүүгийн байгууллага болон Лондон хотын санхүүгийн дүүрэг Сити Лондонгийн Лорд захирагчтай уулзсан бөгөөд цаашид энэ асуудалд тулгуурлан хоёр хотын харилцааг санхүүгийн салбарт өргөжүүлэх талаар мэдээлэл солилцлоо.

Categories
мэдээ улс-төр

2015 онд баримтлах мөнгөний бодлогыг батлах тухай тогтоолын төсөл өргөн барилаа

Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг өчигдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Макро эдийн засгийн тогтвортой байдал нь төлбөрийн тэнцлийн эерэг орчин, инфляцийн нам, тогтвортой түвшин, бодит эдийн засаг тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчин бүрдсэнээр хангагдана. Эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэртэй байдал нь эдийн засгийн шингээх чадвар, хуримтлал, хөрөнгө оруулалтын оновчтой бодлого, төлбөрийн тэнцлийг тогтвортой сайжруулах бодлого болон төсөв, мөнгөний зохистой бодлогын хослолын үр дүнгээс хамаарна. Иймд Монголбанк 2015 оны мөнгөний бодлогыг эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцийг дунд хугацаанд нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, улмаар эдийн засаг дунд, урт хугацаанд тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчныг бүрдүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал Улсын Их Хурлын даргад  танилцуулжээ.

Categories
мэдээ улс-төр

Маргааш намрын чуулган эхэлнэ

УИХ-ын намрын чуулган маргааш
нээгдэнэ. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг баталсан. Нэн түрүүнд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын
хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг
хэлэлцэх байна. Уг төслийг хаврын чуулганд хэлэлцэх байсан ч намрын
чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдээд байсан билээ. Үүний
дараа УИХ дахь МАН-ын бүлгээс өргөн барьсан Засгийн газрын гишүүнийг огцруулах
тухай асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг
огцруулах эсэхийг шийднэ гэсэн үг. Мөн  “Авто замын тээврийн салбарт төрөөс
баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2015 оны
төсвийн тухай , Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын
сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл, Худалдааны тухай, Татварын хууль
тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон шинэчилсэн найруулгын
төсөл удаах хэлэлцэх асуудал болоод зэрэг хуулиуд байна. Өргөн баригдана гэдэг
үеэсээ л олны анхаарлын төвд байсан Гэмт хэргийн тухай хуулийн төсөл мөн урт
нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хяналтын тухай хуулийн төсөл
хэлэлцэгдэх байна.