Categories
мэдээ улс-төр

Зарим сайд нарт хариуцлага тооцох асуудлыг орхихгүй гэлээ

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Тэд энэ удаа Засгийн газар танхимдаа сэлгээ хийснээр 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар болсон талаар намын байр сууриа илэрхийлсэн юм.

Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт 2015 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Гэвч энэхүү төсөв нь Шинэчлэлийн Засгийн газар 16 яам, 19 сайдтай байх үеийнхээр төсөөлөгдөж, өргөн мэдүүлсэн төсөл аж. УИХ-аас өчигдөр Засгийн газрын бүтцийг шинэчилэн баталсан, тиймээс 2015 оны төсвийг дахин боловсруулах шаардлагатай гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзжээ.

Тус бүлэг 2015 оны төсвийн хуулийн төслийг өчигдөр хүлээн авсан байна. Төсвийн хуультай танилцахад өрийн хэмжээг нэмэгдүүлж, ДНБ-ний 70 хувьд хүргэхээр оруулж ирсэн нь мөн хууль зөрчсөн үйлдэл гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол хэллээ.

Мөн Засгийн газар шинэ бүтцээр ажиллах болсноор шинээр гурван сайдын нэрийг өргөн мэдүүлнэ. Шинээр санал болгох сайд нь “Давхар дээл”-гүй байх, бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан сайд нарын нэрийг дахин санал болгохгүй байх зэрэг шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа С.Бямбацогт дарга онцолсон юм.

Тэрээр мөн бүтцийн асуудал, хариуцлагын асуудал тус, тусдаа яригдах асуудал гэдгийг онцолж байна. Ажлынх нь үзүүлэлтээр дүгнэвэл, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас гадна Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж нар муу дүн авах аж. Тиймээс хариуцлага тооцох асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг орхихгүй гэдгээ энэ үеэр тодотголоо.

Categories
мэдээ улс-төр

Хувьсгалын ахмад зүтгэлтнүүдийг урамшуулах тогтоолын төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт нар “Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн барилаа.

Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939, 1945 оны Халх голын байлдаан, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол Улсын төр баримталж хэрэгжүүлсээр байна.

Монголчууд бид Монголын Ардчилсан Холбоогоо байгуулж, Ардчилсан Хувьсгалаа зарлан тунхаглан, Цагаан морин жилд үр дүнг нь үзэж, хүн төрөлхтөний хөгжлийн жам ёсны замд эргэн нэгдэж Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих агуу их шилжилтээ эхэлснээс хойш даруй 25 жил болж байна.

МоАХ-ны түүх бол Монголын Ардчилсан хувьсгалын түүх юм. 2009 онд түүхт 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэ онд 25 жилийн ой тохиож буйг хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын даргад хэлэв. Мөн тэрбээр, 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүдийн нийгмийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх нь хөгжлийн шаардлагаар гараад байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг үндэслэн “Ардчилсан Хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг төслийг боловсруулсан тухайгаа танилцуулсан юм.

Categories
мэдээ улс-төр

Хотын дарга төсвийн төслийг шүүмжлэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн дөнгөж сая өндөрлөлөө. Шуурхай зөвлөгөөний үеэр Монгол Улсын Засгийн газраас УИХ-д 2015 оны төсвийн төсөл өргөн барьсантай холбогдуулан нийслэлийн Засаг дарга өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Монголын парламентын түүхэнд өмнө нь байгаагүй төсвийн төсөл өргөн барьсанд үнэхээр их гайхаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдад удаа дараа энэ талаар хандсан ч бидний хүсэлтийг үл ойшоон нийслэлийн өдөр тутмын ажил, бүтээн байгуулалтыг зогсонги байдалд оруулах, иргэдийн эрх ашгийг үгүйсгэсэн төсвийн төсөл өргөн бариад байна. Уг төсөлд зааснаар жилдээ 450-500 тэрбум төгрөгийн төсөвтэй Улаанбаатар хотод багш нар, эрүүл мэндийн байгууллага, соёлын байгууллагын ажилтнуудын цалин, урсгал засварыг хариуцуулахаар заасан байна. Энэ нь бидний тооцоолж буйгаар 330 гаруй тэрбум төгрөгийг гаргана гэсэн үг. Үнэхээр тийм боломж хотод байхгүй. Энэ төслийг УИХ баталвал хот үндсэндээ дампуурна” гэлээ.

Мөн энэ асуудлаар УИХ-ын дарга З.Энхболдод албан бичиг явуулахаар төлөвлөжээ. Уг төсвийн төслийг УИХ баталсан тохиолдолд нийслэлийн Засаг дарга иргэдийнхээ эрх ашгийн төлөө нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барихгүй, батлуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ

Categories
мэдээ улс-төр

Санамж бичигт гарын үсэг зурна

ОХУ-ын Хууль зүйн яамны дэргэдэх Шүүх шинжилгээний төвийн захирал С.А.Смирнова тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийж байна. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн урилгаар айлчлал хийж буй төлөөлөгчид өнөөдөр 11.00 цагт тус хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах аж. Энэ үеэрээ хоёр байгууллага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр УИХ-ын Байнгын хороод хуралдана

09.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Цайдам нуур, Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулах тухай, хэлэлцэх эсэх/;

Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

“Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;

Ажлын хэсгүүд байгуулах тухай.

09.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийн тухай /зөвшилцөх/;

Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай /зөвшилцөх/;

“Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/;

Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан“Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/.

13.00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаан А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

Намрын ургац хураалтын явцын талаар мэдээлэл сонсох;

“Монгол орны ойн цэвэрлэгээний талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох;

Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох.

13.00 цагаас Өргөдлийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Гүний уурхайд ажиллагсдын нийгмийн асуудлын талаар иргэнээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх;

Улсын Их Хурлын 2014-2015 оны намрын чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөө батлах.

15.00 цагаас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар, 2014.09.04-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

Номын сангийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.

15.00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар байршуулсан барааг буцаан гаргах хугацааг шинэчлэн тогтоох тухай, хэлэлцэх эсэх/.

Categories
мэдээ улс-төр

ССАЖЯ-г аль нэг яамтай нэгтгэх асуудал дэмжигдсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж Засгийн газрын бүтцийн асуудлын анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хийх явцад УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс ССАЖЯ-ыг өөр аль нэгт яамтай чиг үүргийн хувьд нэгтгэх санал гаргаж олонхийн дэмжлэг авсан.

Үүний дагуу үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж мөн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр ССАЖЯ-ыг өөр аль нэг яамтай нэгтгэх саналын талаар хэлэлцсэн юм.

ССАЖЯ-ыг өөр яамтай нэгтгэх асуудлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Р.Гончигдорж нар эсэргүүцсэн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ дэмжиж буйгаа илэрхийлж үг хэллээ.

Ингээд ССАЖЯ-ыг нэгтгэх талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг дэмжих талаар гишүүдээс санал хураалаа. Ингэхэд гишүүдийн олонх нь эсэргүүцсэн юм. Өөрөөр хэлбэл, ССАЖЯ-ыг өөр яамтай нэгтгэх асуудал чуулганы нэгдсэн хуралдаанд дэмжигдсэнгүй.

Categories
мэдээ улс-төр

Европын цөмийн судалгааны байгууллагатай хэлэлцээр байгууллаа

Монгол Улсын Засгийн Газар, Европын Цөмийн Судалгааны Байгууллага (ЦЕРН) хооронд Их энергийн физикийн салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухайн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тус хэлэлцээрт Монголын талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ЦЕРН-ний талаас Гадаад харилцаа эрхэлсэн ноён Р.Форс нар гарын үсэг зурсан юм. Их энергийн физикийн судалгаа нь суурь шинжлэх ухаан болон манай орны технологийн дэвшлийг цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой. 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хийгдсэн уг хэлэлцээрийн үр дүнд ЦЕРН-ийн эрдэм шинжилгээний хөтөлбөрүүдэд манай орны эрдэмтэд, судлаачид, оюутан залуучууд оролцох бололцоо нээгдэж байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг завсарлага авснаар Байнгын хорооны хуралдаан хойшлов

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 9 цаг 30 минутад 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв. Эдгээр хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хорооны дарга А.Бакей хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулсны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаар намын бүлэг дахин ярилцах шаардлагатай байгаа тул ажлын нэг хүртэлх өдрийн завсарлага авах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Ийнхүү УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар Байнгын хорооны хуралдаан хойшиллоо.

Categories
мэдээ улс-төр

МАХН-аас албан ёсны тайлбар өгнө

Өнөөдөр БНСУ-ын хэвлэлүүдээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн орогнол хүсч, БНСУ-ын иргэншил авсан гэх мэдээлэл түгээд байгаа билээ. Энэхүү мэдээллийг МАХН-ын гишүүд эрс үгүйсгэж байгаа юм. Тэд өнөөдөр 15.00 цагт намын байран дээрээ хэвлэлийн хурал зарлан, албан ёсны тайлбар хийхээр болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Францтай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэнэ

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ирэх онд тэмдэглэхээр болжээ. Ой тэмдэглэх ажлыг Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталж, ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг тус хорооны дарга, Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгасан байна. Ойн хүрээнд өндөр, дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах, хоёр орны харилцааны түүхийг олон нийтийн хүртээл болгох зорилгоор Монгол Францын харилцааны товхимол хэвлүүлэн гаргах, хоёр талын хамтарсан археологийн судалгааны үр дүнд илэрч олдсон олдвороор хоёр оронд үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Монголын урлаг соёлын өв уламжлалыг Францад таниулах “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр бэлтгэж эхэлсэн юм байна.