Categories
мэдээ улс-төр

МАХН –ын бага чуулган хуралдаж байна

МАХН-ын бага чуулган өнөөдөр 09 цагт эхэллээ. Тус хуралд 200 гаруй гишүүд, намын удирдлагууд болон хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирээд буй намын дарга Н.Энхбаяр оролцож байна. Чуулганы гол хэлэлцэх асуудал нь засгийн газрын гишүүдийнхээ тайланг сонсож, их чуулганы товыг тодорхой болгох аж. Мөн дөнгөж сая УИХ –ын даргад өргөн барьсан сайд нарын нэрсийн дотор Эвслийнхэний нэр байсангүй. Энэ талаар ч гэсэн нам дотроо битүүхэн ярилцаж байгаа бололтой.

Categories
мэдээ улс-төр

Н.Батцэрэг сайд болж магадгүй

АН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилсээр байна. Эрүүл мэндийн сайдад Л.Жамбалжавын нэр яригдаж байгаа ч Н.Удвал сайдаараа үлдэх магадлал бас бий. Харин эвсэл дэх МҮДН-ний квотыг хадгалахын тулд МАХН-д элссэн Ц.Цолмонгоос илүү МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн дарга Н. Батцэрэг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болох магдлал бий.

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх дан дээлтэй Л.Пүрэвсүрэн, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан дан дээлтэй Р.Жигжид, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын “МҮДН” фракцийн Д.Зоригт нарын нэр дэвшээд буй.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газарт зөвшөөрөл олгохоор тогтлоо

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах тухай, “Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах тухай хэлэлцээрийн төслүүд -ийг зөвшилцөх тухай” асуудлыг хэлэлцэв.

Энэхүү хэлэлцээрийн төсөлд Оросын талаас хувь нийлүүлэгчийг өөрчлөх, компаниудын үйл ажиллагааны үр дүнгээр хувьцаа эзэмшигчдэд хуваарилдаг ногдол ашгийг төвлөрүүлэх асуудлыг зохицуулахаар өөрчлөн найруулжээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын олон улсын гэрээ болох “Монгол, Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” (2003 оны 7 дугаар сарын 1), “Монгол, Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” (2007 оны 4 дүгээр сарын 25)-үүдэд нэмэлт, өөрчлөлт оруулж Оросын талаас ногдол ашгийг тус улсын Өмчийн харилцааны яаманд төвлөрүүлдэг байсныг Оросын Холбооны улсын Засгийн газар, эсхүл түүний итгэмжилсэн төлөөлөгчид шилжүүлж байхаар тусгасан юм байна.

Хэлэлцээрийн төслүүдийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Ш.Түвдэндорж хуралдаанд оролцсон гишүүдэд танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс зарим асуултдаа хариулт авсаны дараа санал хураахад гишүүдийн олонх дэмжсэнээр Засгийн газарт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахыг зөвшөөрөхөөр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Н.Алтанхуяг шиг Ерөнхий сайд Японд байсан бол 1000 дахин огцрох байлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өчигдөр өргөн барьсан бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцлээ. Гэхдээ Засгийн газар шинэ бүтцийн яамдад томилох сайд нарын нэрсгүй, хэдэн яамдад хэдэн сайд ажиллахыг жагсаасан хүн болгоны мэдэх төсөл оруулж ирсэн нь байнгын хорооны хуралдаанд гишүүдийн эгдүүцлийг хүргэсэн юм. Өөрөөр хэлбэл, бүрэлдэхүүний хуулийн төслийг сайд нарын томилгооноос салгаж өргөн барьсан нь шүүмжлэл дагуулав.
Зургаан яамыг гурав болгосон, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам байгуулсантай холбогдуулан долоон сайд чөлөөлөгдөж, дөрвөн сайд томилогдох асуудлыг оруулна гэснээс өөрөөр Ерөнхий сайд сайд нарын нэрсийг хэзээ УИХ-д оруулж ирэх хугацаагаа тодорхой хэлсэнгүй. Ингээд гишүүд дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд ийм байр суурьтай байлаа

Ж.Батзандан: Оруулж ирсэн төслөө нэг харчих даа, нуль алдаа


-Бид нэг ажлыг гурван удаа хийх гэж байна. Бүтцийг баталсан, бүрэлдэхүүнийг батална, дараа нь сайд нарыг томилох нь. Ер нь бичиг баримт боловсруулдаг, бичиг үсэгт тайлагдсан хүн ЗГХЭГ-т байна уу. Оруулж ирсэн төслөө нэг харчих даа. Нуль алдаа. Бид Засгийн газарт косметик засал хийж макс зүүгээд өнгөрөх гээгүй. Засгийн газарт муу ажиллаж байгаа сайд нарт хариуцлага тооцох тухай л ярьж байгаа. Ажлаа сайн хийсэн учраас зарим яамдыг татан буулгаж байгаа гэж худал ярихаа та нар зогсоох хэрэгтэй. Сар болгон хууль зөрчдөг Хууль зүйн сайдтай, стандартын шаардлага хангахгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр ард түмнээ хангадаг Эрүүл мэндийн сайдтай байх юм уу. Спортоо дэмждэггүй спортын сайд байх ёстой юм уу. Эдийн засгийг дампууруулдаг Эдийн засгийн хөгжлийн сайдтай байх ёстой юм уу. Ийм байдлаар хол явахгүй. Засгийн газрын оруулж ирж байгаа бүтэц, бүрэлдэхүүн бол зүгээр л косметик засал. Максныхаа өнгийг л сольж байгаа хэрэг. Бид шинэчлэл хийх гэж байгаа суурь шинэчлэл хийх хэрэгтэй. Гүн гүнзгий өөрчлөлт хийх хээргтэй. Н.Алтанхуяг шиг Ерөнхий сайд Японд байсан бол 1000 дахин, Ч.Сайханбилэг шиг сайд Америкт байсан бол 100 дахин огцорсон байх байлаа. Тэгэхээр та бүхэн ажилдаа хариуцлагатай ханд, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор. Энэ янзаараа улс орон өөдлөхгүй нь.


С.Бямбацогт: Хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болдоггүй юм

-УИХ-д хууль тогтоол өргөн мэдүүлэх журмын тухай хууль гэж бий. Тодорхой шаардлага шалгуур хангасан хуулийн төслийг хүлээж аваад холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой. Өнөөдөр ийм зөрчилтэй хуулийн төсөл өргөн барьсан байна. Засгийн газар хуулиа мэддэггүй юм уу, эсвэл чадваргүй юм уу, Ч.Сайханбилэг даргын хариултаас үзэхэд зөрчилтэй хууль өргөн барьсныгаа хэлэлцүүлгийн явцад арилгачихъя гэж байна. Сайд нарыг чөлөөлөх асуудлыг давхар оруулж ирэх ёстой байсан. Шинэ хуучин хоёр зөрчилтэй хууль хүчин төгөлдөр үйлчлэх гээд байна. Яам нь татан буугдсан мөртлөө сайдын эрх нь хэвээр байна. Салбарын асуудлыг хэлэлцэхээр яах ёстой юм бэ. Бид Засгийн газрыг Төсвийн төслөө татаж ав гэхээр хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьчихаж байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг болохоос хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болдоггүй юм. Тамгын газар үүнд анхаарах хэрэгтэй. Засгийн газар хуулийн төсөл өргөн барихдаа зөрчилгүй байх талд нь анхаарч болдоггүй юм уу.


М.Энхболд: Цаг алдаж байгаа нь төрийн ажлыг цалгардуулж байна

-Энэ асуудлыг яаралтай хэлэлцэхийг дэмжиж байна. Ер нь цаг үеэ олоогүй бүтцийн асуудал улс орны ажил амьдралыг хүндрүүлж байна. Есдүгээр сарын 6-ны өдрөөс өнөөг хүртэл яам, тамгын газарт ажил хийдэг, асуудал шийддэг хүн гэж байхгүй боллоо. Уул нь өдийд Засгийн газар намрын ургац, тариа будаа, өвөлжилтийн бэлтгэл ажлаа ид хөөцөлдөж байх ёстой л доо. Гэтэл гэнэт цочсон юм шиг бүтцээ өөрчилнө гээд хэлчихсэн. Өмнө нь бүтэц, бүрэлдэхүүний асуудал УИХ-аар хамт гардаг байсан. УИХ аль болох Засгийн газрын ажлыг дэмжиж хурдан асуудлыг шийдэх тал руугаа байгаа. Гэтэл нэг хуулийн төсөл өргөн бариад долоо хонодог, бас дахиад л долоо хонодог. Бүрэлдэхүүний төслийг батлаад өгөхөөр дахиад долоо хонох уу. Ингэж цаг алдаж байгаа нь төрийн ажлыг цалгардуулж байна. Хэрвээ улс орны төлөө ажиллая гэж бодож байгаа бол Засгийн газар, Ерөнхий сайд асуудлыг түргэн шийдмээр байна. Хэзээ байхдаа ингэж уддаг байсан юм бэ. Би Ерөнхий сайдаар томилогдоод маргааш нь сайд нараа оруулж хоёр хоногийн дотор танхимын сайд нар бүрдэж байсан. Та нар шалтаг шалтгаан хэлээд фракцдаа уягдаад байх юм. Цаана чинь улс орны ажил гэж бий шүү дээ. Хөдөө явж ард түмний амьдралтай танилц, тариаланчидтай уулзаад үз. Ажил амьдрал нь хүнд болчихоод байна. Яам тамгын газраар яваад үз. Ямар сайд байх вэ гэдгээс болоод цаана чинь төрийн бүх ажил суларчихаад байна. Ингэж удвал засаглалын хямралд ойртох нь байна шүү.

Ц.Нямдорж: Элдэв шантаажаас болж засгийн ажил хохирох ёсгүй

-Бакей дарга аа, санал хураалгаад урагшаа явуул. Алтанхуяг өнөөдөр сайд нарын асуудлаа оруулж ир. Янз бүрийн фракц, эвсэл гээчийн элдэв шантаажаас болж засгийн ажил хохирох ёсгүй. Өнгөрсөн хоёр дахь өдөр шийдвэр ерөнхийдөө гарсан байсан. Цааш ажлаа явуулах бололцоо байсан. Монгол төрд ид далд шантааж арай хэтэрлээ. Би муу нэр зүүж шантаажны эсрэг 20-иод жил тэмцлээ. Дуртай болгон нь шантаажилдаг, цаад талд нь амин хувийн асуудлаа шийдүүлдэг арчаагүй юмнаасаа УИХ-ын гишүүд хэзээ гарах юм бэ. Шударга ёс ярьж байгаа хүмүүс чинь цаанаа амин хувийн асуудлаа л шийдүүлэх гэдэг. Банкны зээл, хүнийг ажилд тавих, ах дүү нараа энд тэнд шингээх, тендер гэх мэт асуудлыг шийдүүлэх гэдэг шүү дээ. Нууц биш. Бүрэлдэхүүний өөрчлөлтийг далимдуулдж балиар юмаа хийх гэж байна. Би амьд байх цагтаа, УИХ-ын гишүүн байгаа цагтаа монгол төрийн гал голомтыг самрах оролдлогыг чадан ядан эсэргүүцнэ. Ардын намын төр байна уу, Ардчилсан намын төр байна уу гэдэг бол хоёрдугаар зэргийн асуудал.

Энэ шантааж, луйвар, хуйвалдаан, заваан юмнаас холдвол яасан юм бэ.Цаана чинь дандаа бие биеэ хорлох гэсэн ажиллагаа, булхай явагдаж байгаа. Бид нэг хүнд тангараг өргөөгүй шүү. Монгол төрийн төлөө зүтгэнэ гэсэн биз дээ. Фракцын гишүүдээ тал тал тийшээ авч гүйгээд, хариу унагах гэсэн үйлдэл бүтэн сар энэ ордонд явагдлаа. Би монгол төрийн төлөө зүтгэнэ гэж тангараг тавьсан хүн. Гишүүд ч бүгд тэгж тангараг тавьсан байх.

А.Бакей: Ц.Нямдорж гишүүний үгэнд алга ташилт өгье

-Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүний хувьд Ц.Нямдорж гишүүний хэлсэн үгэнд алга ташилт өгмөөр байна. Үнэн үг хэлсэн учраас. Төсөв хэлэлцэх үе тулсан үед сайд нарын томилгооны асуудлыг яаралтай оруулж ирэх ёстой шүү.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв.

Төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт танилцууллаа.

Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн.

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь Байнгын хорооны саналыг дэмжсэнээр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

О.Магнайд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл хүргүүлжээ

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг Байнгын хороо дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 9 цаг 05 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг танилцуулсан юм.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам; Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам; Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж, нийт 13 яамтай ажиллахаар Засгийн газраас Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурал эдгээр хуулийн төслийг энэ сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам; Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Уул уурхай, эрчим хүчний яам; Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яамыг нэгтгэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яамыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам болгож өөрчлөн баталсан юм.

Иймээс холбогдох хуулиудад оруулсан дээрх өөрчлөлттэй уялдуулан Засгийн газрын бүрэлдэхүүнд Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Уул уурхай, эрчим хүчний сайд байх талаар өөрчлөлт оруулах саналыг Засгийн газраас өчигдөр өргөн мэдүүлсэн. Хуульд дээрх өөрчлөлтийг оруулснаар Монгол Улсын Засгийн газар нь Ерөнхий сайд, Шадар сайд болон 14 сайдын бүрэлдэхүүнтэй ажиллах юм. Үүнд:

1.Монгол Улсын Ерөнхий сайд;

2.Монгол Улсын Шадар сайд;

3.Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

4.Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд;

5.Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд;

6.Сангийн сайд;

7.Хууль зүйн сайд;

8.Батлан хамгаалахын сайд;

9.Боловсрол, шинжлэх ухааны сайд;

10.Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд;

11.Соёл, спорт, аялал жуулчлалын сайд;

12.Уул уурхай, эрчим хүчний сайд;

13.Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд;

14.Хөдөлмөрийн сайд;

15.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;

16.Эрүүл мэндийн сайд.

Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан боловсруулсан зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, зарим яамны нэр, эрхлэх асуудлын хүрээ өөрчлөгдсөнтэй нийцүүлэн холбогдох салбарын хуульд заасан яам, Засгийн газрын гишүүний эрхлэх асуудал, нэр томъёог жигдлэхээр тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нараас асуулт асууж тодруулан хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар саналаа хэллээ. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь буюу 92.3 хувь нь Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг өнөөдөр /2014.10.13/ өргөн барилаа.

Манай улс байгалийн баялгийн нөөц ихтэй газар зүйн бүсэд оршдог бөгөөд 1990 оноос өмнө байгалийн баялаг, түүнийг ашиглахтай холбоотой бүхий л эрх мэдэл төрд төвлөрч байсан бол 1990 оноос хойш зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнтэй холбоотой ашигт малтмалыг хайх, ашиглах үйл ажиллагааг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд чөлөөтэй эрхлэх боломж нээгдсэн билээ.

Уг салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олширч улс, орон нутгийн төсвийн тодорхой хувийг уг салбарын орлогоор бүрдүүлж байна гэдгийг хууль санаачлагч хэлээд энэхүү хуулийн төслөөр эрдэс баялгийн салбарын ил тод байдлын зорилт, хамрах хүрээ, зарчим, эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэгч байгууллага түүний бүтэц, бүрэн эрх, мөн эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага тэдгээрийн эрх үүрэг түүнчлэн эрдэс баялгийн ил тод байдлын тайлан түүнтэй холбоотой харилцаа, тайлан гаргах үүрэг бүхий хуулийн этгээд, байгууллагууд, тэдгээрийн эрх үүрэг, санхүүжилт, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэрэг харилцааг зохицуулсан гэдгийг тайлбарлав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.

Хуулийн төсөл өргөн барьсны дараа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг дагалдах бусад хуулийн төслүүдийн хамт УИХ-ын даргад өргөн барилаа. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталснаар уг хуулийн тогтолцоогоор Монгол Улсын одоо явж байгаа макро эдийн засгийн удирдлагын зарчим өөрчлөгдөж, эдийн засгийн удирдлагын шинэ зарчим бүрэлдэн тогтох болно. Үүнээс гадна Монгол Улс өөрийн гэсэн хуримтлалтай болж, уул уурхайн баялгаас орж ирэх баялгийг үе дамжуулан өвлүүлэн үлдээх боломжтой болох юм. Мөн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тогтвортой орчин бүрдэнэ.

Уг санд уул уурхайн баялгаас орж ирэх орлогын тодорхой хэсгийг хуримтлал болгон үлдээж ирээдүйдээ зориулсан өв сан үүсгэнэ. Мөн ирээдүйн өв санд хуримтлагдах баялаг, хөрөнгө, санд зөв менежмент хийх тогтолцоог бүрдүүлэх юм. Олон улсын жишгийн дагуу бие даасан корпарацийн маягаар баялгийн сангийн удирдлага ажиллана. Одоогийн өргөн барьсан хуулийн төслийн дагуу Ирээдүйн өв сангийн тогтолцоо нь Хүний хөгжлийн сангийн дараагийн үе шат юм. Бусад оронд Баялгийн сан бүр өөрт оноосон нэртэй байдаг. Түүний Монгол дахь оноосон нэр нь Ирээдүйн өв сан гэсэн нэр юм.

Хүний хөгжлийн санд орж байсан уул уурхайн баялгийн орлого 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Ирээдүйн өв санд орно. Хэрэв уул уурхайн салбарт нэмэгдэл татвар бий болбол түүний 50 хувийг уг санд оруулна. Мөн 2017 оныг суурь оноор тооцож, түүнээс хойш уул уурхайн салбараас төсөвт оруулж байгаа орлого нэмэгдсэн тохиолдолд нэмэгдсэн орлогын 20 хувийг Ирээдүйн өв санд эх үүсвэр болгон оруулах саналыг оруулж байгаа юм” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Батцогт гишүүн Ардчилсан намын батлахаа авчээ

“Монголоо шинэчилье” уриатай Ардчилсан хүчний холбооныхон саяхан чуулга уулзалтаа хийсэн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт тус холбоонд нэгдэж, гишүүний үнэмлэхээ гардаж аваад байсан. Тэрбээр холбооны дэргэдэх “Шонхор” клубийн гишүүн болсон. Тэгвэл Д.Батцогт гишүүн АН-ын гишүүн болжээ. Түүний үнэмлэхийг Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга НИТХ-ын дарга Д.Баттулга гардуулан өгчээ. Түүний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч, сул гишүүн болоод байсан. Тэрбээр бүлгээс гарах шалтгаанаа гишүүдтэйгээ олон асуудал дээр санал нэгдэхгүй, үзэл бодол зөрчилдөх болсон хэмээн тайлбарлаад байсан юм.

Э.БОЛД