Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг Л.Пүрэвсүрэнгийн асуудлаар завсарлага авлаа

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хурлаас АН-ын бүлэг Гадаад харилцаа эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэнгийн асуудлаар завсарлага авлаа. Л.Пүрэвсүрэн нь одоо Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажилладаг юм. Үүнээс харвал АН-ын бүлэг Л.Пүрэвсүрэнгийн асуудалд байр сууриа нэгтгээгүй байгаа бололтой.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан сая өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан нийтдээ 12 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас хууль тогтоомжийн төсөл санаачлан өргөн барьсан. Эдгээр хууль тогтоомжийн төслүүдэд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, зарим яамны нэр, эрхлэх асуудлын хүрээ өөрчлөгдсөнтэй нийцүүлэн холбогдох салбарын хуульд заасан яам, Засгийн газрын гишүүний эрхлэх асуудал, нэр томъёог жигдлэхээр тусгажээ. Иймээс хуулиудын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төсөлд үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй найруулгын засварууд хийсэн байна.
Эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн С.Баярцогт хууль тогтоолын төслүүдийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх санал гаргасан юм. Ингээд Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлж батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Categories
мэдээ улс-төр

Сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр хэлэлцэх зургаан асуудлыг танилцуулж, гишүүд дэмжсэнээр хэлэлцүүлэг эхлэв. Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг сайд нарыг томилох асуудлаар завсарлага авлаа

УИХ дахь МАН-ын бүлэг байнгын хороодоор хэлэлцэж буй сайд нарыг чөлөөлөх асуудлыг дэмжиж санал өгсөн. Харин гурван сайдыг шинээр томилох асуудлаас завсарлага аваад байна.Тэд завсарлага авсан шалтгаанаа дараахь байдлаар тайлбарлаж байгаа юм. Тодруулбал, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж байгаа нь хариуцлагаас тусдаа асуудал аж. Үүнийг өмнө нь олон удаа Ерөнхий сайдад сануулж байжээ. Тэр дундаа Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарыг сайдаар улируулан ажиллуулах бус хариуцлага тооцохыг сануулж байсан. Энэхүү бүрэлдэхүүний саналд сайд Ц.Оюунгэрэл, Н.Удвал нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар Ерөнхий сайд шийдэж нэрийг нь оруулж ирсэнгүй.

Нөгөө талаас Ерөнхийлөгчөөс санаачлан МАН-ын бүлгээс удаа дараа сануулж байгаа УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах асуудлыг халъя гэдэг асуудал томилуулахаар санал болгосон сайд нэр дээр бүрэн хэрэгжсэнгүй. Тухайлбал, Сангийн сайдад нэр дэвшигч Д.Зоригт юм.

Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнээ томилох асуудлыг Ерөнхий сайд багцаар нь иж бүрэн болгон өргөн мэдүүлэлгүй нэг нэгээр нь ээлж дараалан явуулж байна. Энэ асуудлыг УИХ-д цогцоор нь өргөн мэдүүлсний дараа хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, НҮБ-ын Вена дахь салбар төвийн удирдлагуудтай уулзав

Бүгд найрамдах Австри улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Вена дахь НҮБ-ын салбар төвийн Ерөнхий захирал бөгөөд Мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх албаны Гүйцэтгэх захирал Ю.Федотов болон Вена дахь НҮБ-ын салбарын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Хар тамхи мансууруулах бодисын хор уршиг, аюулыг дэлхий дахинд сурталчлан таниулах ажлыг гол зорилт болгохоос гадна мансууруулах бодисын үйлдвэрлэл, мансууруулах бодистой холбогдрх гэмт хэргийн эсрэг олон улсын үйл ажиллагааг дэмжих нь уг байгууллагын үндсэн чиглэл юм.

Энэ чиглэлээр хийж байгаа маш олон чухал санал санаачилгуудад Монгол Улс идэвхтэй оролцож байгаад ноён Ю.Федотов талархаж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хар тамхины хор хөнөөлтэй тэмцэж буй тус байгууллагаас хийж байгаа арга хэмжээг дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлээд Монгол улсын иргэн Хятад улсад хар тамхины гэмт хэрэг үйлдэн цаазын ял сонсож байсан талаар дурдаад иргэдэд хор хөнөөлийн талаарх мэдээлэл сурталчилгаа чүхал үүрэгтэйг онцолсон.

Дараа нь мансууруулах бодисыг танин мэдэх лабораторитой Ерөнхийлөгч биечлэн танилцлаа. Хилээр орж ирж байгаа маш олон төрлийн бодис байдаг. Өвс, синтетик бодис зэрэг нэрээр орж ирж байгаа хар тамхины төрлийн бодисыг таньж мэдэх, тэдгээр нь мансууруулах бодисын төрөлд хамаарч байна уу, үгүй юу гэдгийг таньдаг тийм том хэмжээний лабораторийг Монгол Улсад нэвтрүүлж, хилийн боомтуудад байрлуулах асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс маш онцгой чухал ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Тийм учраас энэ чиглэлээр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын албатай ойрын хугацаанд хамтран ажиллахаар тохирлоо.

Дээр нь олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шугамаар хил дамжсан малын өвчинг хэрхэн зогсоох, тухайлбал, шүлхий болон бусад өвчнийг бууруулах, холбогдох вакцинийг үйлдвэрлэх чиглэлээр тодорхой төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр Монгол Улсаас хоёр хөрш болон бусад зах зээлд мах, махан бүтээгдэхүүн экспортлоход маш чухал нөлөө үзүүлэх юм.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно

Өнөөдөр хэдийгээр ганцхан УИХ-ын чуулганы хуралдаан болох хуваарьтай байдаг ч Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх тул дараахь байнгын хороод ч хуралдахаар товлогдоод байна.

1.Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдыг үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай асуудал /Төсвийн байнгын хороо дангаараа/;
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдыг томилох тухай асуудал /хамтарна/


2.Аюулгүй байдал гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 10.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга хот байгуулалтын, Зам тээврийн, Уул уурхайн, Эдийн засгийн хөгжлийн, Эрчим хүчний сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал /ЭЗБХороо дангаараа/;
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал /АБГББХороо дангаараа/;
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдыг томилох тухай асуудал /хамтарна/.
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд /санал өргөн мэдүүлсэн тохиолдолд/; Уул уурхай, эрчим хүчний сайд нарыг томилох тухай асуудал /ЭЗБХороо дангаараа/.


3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/.
Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар дараахь асуудлууыг хэлэлцэнэ.

1. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал.

2. Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/.

3. Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.

4.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

5. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.

6. Номын сангийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Соёлын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.
Categories
мэдээ улс-төр

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад Н.Батцэрэгийг дэвшүүлэхээр тогтжээ

МАХН, МҮАН “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Уг бүлгээс Шадар сайдад Ц.Шаравдорж, Г.Шийлэгдамба хоёрын нэгийг санал болгох тухай ярилцсан байна. Харин Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг нэр дэвшүүлэхээр хэлэлцэж 100 хувь санал нэгдсэн бололтой. Өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Цолмонг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болгохоор ярьж байсан. Түүнчлэн үүний сацуу МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмон, түүний хүү Э.Батшугарын нэрийг дэвшүүлэх талаар ярилцаж. Тэд ч нэрээ дуртай шургуулсан гэх. Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг энэ удаад хэвээр нь үлдээх бололтой.

Categories
мэдээ улс-төр

“Цэвэр агаар сан”-ийн Н.Хүрэлсүх нарын хэргийг шийдвэрлэлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Хүрэлсүх нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд зарим өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Дээд шүүх Н.Хүрэлсүхийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болголоо. Мөн Н.Хүрэлсүхэд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялыг 7 жил болгон өөрчилж, биечлэн эдлэх ялыг 7 жилээр тогтоов.

Харин М.Хуланд 7 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэснийг хүчингүй болгож, М.Хуланд оногдуулсан 7 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн Дээд шүүхээс Б.Алтантуяа, Д.Гэрэл нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов. Түүнчлэн Д.Цэцгээд оногдуулсан 7 жилийн хорих ялыг 6 жил 6 сар болгон хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа Үндсэн хуулийн шүүгчдийн дэлхийн их хуралд оролцов

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Сөүл хотноо саяхан болсон “Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн асуудлаархи Дэлхийн Бага хурал”-ын 3 дугаар Их хуралд оролцов.

Дэлхийн 92 орны Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч, Дээд шүүхийн Тэргүүн шүүгч, шүүгчид болон олон улсын нэр хүндтэй байгууллагыннийт 300 гаруй төлөөлөгчид оролцсон энэхүү Их хурлыг Европын Зөвлөлийн Венецийн комисс, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх хамтран “Үндсэн хуулийн шүүх ба нийгмийн интеграцчлал” сэдвийн дор зохион байгууллаа.

Манай төлөөлөгчид Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагын Азийн нийгэмлэгийн салбар хурлын үйл ажиллагаанд оролцов. Их хурлын үеэр БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч ноён Парк, Хан–Чулын тавьсан Азийн хүний эрхийн комисс байгуулах тухай саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дэргэдэх Үндсэн хуулийн судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч ноён Ким Мүн-Хуньтай уулзаж, энэ оны 11 дүгээр сард тус хүрээлэнгээс зохион байгуулах сургалтад Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнуудыг оролцуулахаар тохиролцлоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа Солонгосын KBS телевиз болон “The Hankyoreh” сонинд тус тус уригдан Монгол Улсын шүүхийн тогтолцоо, Үндсэн хуулийн цэц, түүний үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлага өгөв.

“Үндсэн хуулийн шүүхүүдийн Дэлхийн Бага хурал”-ын 3 дугаар Их хурлын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа ОХУ, Словак, Тайланд, Норвег, Турк, Украйн, Армен, Киргиз, Молдав, Бангладеш зэрэг орны Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч, Дээд шүүхийн Тэргүүн шүүгчтэй тус тус уулзаж, зарим орны Үндсэн хуулийн шүүхтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцов.

Мөн тэрээр 3 дугаар их хуралд оролцогчдод зориулан БНСУ-ын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Чунг Хонгвоны барьсан хүлээн авалт дээр хуралд оролцогчдыг төлөөлөн үг хэлсэн байнагэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.