Categories
мэдээ улс-төр

Гаднаас зээлж авсан ”Чингис” бондын 227 тэрбум төгрөгөөр цалин, тэтгэвэр тавьсан асуудал сөхөгдөж дуулиан дэгдээлээ

Одоогоос хэд хоногийн өмнө манай 24tsag.mn сайтын утсанд нэгэн иргэн холбогдож Хөгжлийн банкинд байгаа “Чингис”, “Самурай” бондын үлдэгдлээс 700 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газрын бүтцийг өөрчлөх тухай асуудал яригдахад гаргасан. Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөхөд гаргасан байж магадгүй. Энэ асуудлыг судалж мэдээлээч гэж хүссэн юм. Ийм мэдээлэл ирж байгаа тухай манайх өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр асуудал сөхөгдлөө.

Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат Хөгжлийн банкинд байгаа мөнгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авсанаа УИХ-ын гишүүдийн өмнө хүлээн зөвшөөрлөө. Хөгжлийн банкинд байгаа мөнгө бол “Чингис”, “Самурай” бондын мөнгө л дөө. Засгийн газрын үнэт цаас гэдэг бол төсвийн алдагдлаа нөхөхөөр гаргаж байгаа зүйл. Засгийн газар үнэт цаас худалдаж олсон мөнгөө дуртай зүйлдээ зарцуулдаг. Цалин, тэтгэвэрээ тавихдаа л голдуу зарцуулдаг аж.

Тэгэхээр “Чингис” бондын мөнгөөр цалин, тэтгэвэр тавьчихсан болж таарч байна. Ингээд өчигдрийн чуулганы хуралдаан дээр ямар яриа болж өнгөрснийг сонирхуулья.

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат: Өнөөдрийн байдлаар хөрөнгийн зохистой удирдлагыг хангах зорилгоор Хөгжлийн банк 277 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан байгаа.

УИХ-ын дарга З.Энхболд: Хөгжлийн банкинд тийм эрх байгаа бил үү?

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат: Хөгжлийн банкны тухай хуулиар хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн хөрөнгийг зүй зохистойгоор удирдах …. (Яриаг нь УИХ-ын дарга тасалдуулан асуулт асуув)

УИХ-ын дарга З.Энхболд: Зүй зохистойгоор гэдэг чинь бонд ав гэсэн үг биш ш тэй. Чи өөрийгөө банк гэж бодоод байгаа юм уу? Банк удирдаж байна гэж бодож байгаа юм уу чи? Банкны захирал шиг л юм ярихын.
Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат: Одоо байгаа хууль эрх зүйн орчинд… (Яриаг нь УИХ-ын дарга дахин тасалдуулав)

УИХ-ын дарга З.Энхболд: Танай байгууллага банк биш. Юугаа ч ойлгоогүй нөхөр тууж явж байна ш тэй. Банк биш учраас чамд тийм эрх байхгүй.

УИХ-ын чуулганы танхимд ийм зүйл болов. УИХ-ын гишүүд ийм мэдээлэл сонсоод орилолдов. “Чингис” бондын мөнгөөр Засгийн газрын үнэт цаас авчихаж. Засгийн газарт түүнийг дуртай зүйлдээ зарцуулна. Ингэж болохгүй хуультай гээд шаагилдав. Эндээс дүгнэж үзвэл “Чингис” бондын маань нэг хэсэг бүтээн байгуулалт биш, 888 төсөл ч биш цалин тэтгэвэр болоод иргэн таны гар дээр очсон болж таарч байна. Тийм учраас л УИХ-ын дарга З.Энхболд уурлаж бухимдахдаа халуухан асуулт асууж, хатуухан үг хэлжээ. Хөгжлийн банкинд тийм эрх байхгүй гэж сануулав. Гаднаас зээлж авсан мөнгөний 277 тэрбум төгрөгийг Засгийн газарт өгчихсөн нөхөрт ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг сонин байна. Бас бондын 277 тэрбум төгрөгийг аваад зарцуулчихсан хүмүүс ч хариуцлага хүлээж таарна. Хуульчид болоод улс төрчдийн тайлбарлаж байгаагаар бол бондын мөнгийг улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор зарцуулах хориотой гэнэ. Тэгэхээр буруутнууд, холбоотнууд гээд ирэх долоо хоногт үүнийг тойрсон маргаан өрнөх нь тодорхой боллоо.

Categories
мэдээ улс-төр

“Өвлийн универсиад-Улаанбаатар хот”санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Хотын захиргаа Монголын Оюутны спортын холбоотой хамтран “Өвлийн Универсиад наадам”-ыг 2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эрх авахын төлөө бэлтгэл ажил хангахаар харилцан төлөвлөгөө боловсруулан ажиллахаар болсон.
Үүний хүрээнд БНСУ- ын Гванжу хотноо болж буй дэлхийн оюутны спортын гүйцэтгэхийн зөвлөлийн хуралд нийслэлийн Засаг дарга оролцож байна. Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Олон Улсын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч К.Галльен нар БНСУ-ын Гванжоу хотноо 2033 оны “Өвлийн Универсиад-Улаанбаатар хот” гэсэн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод дэлхийн жишигт нийцсэн оюутны хотхоныг байгуулах, олон улсын стандартын спортын барилга байгууламжийг барих, оюутан залуучуудад зориулсан үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Мөн Улаанбаатар хот 2033 оны оюутны спортын их наадмыг зохион байгуулах эрх авахааар өрсөлдөх, бэлтгэл ажлыг хангах, техникийн туслалцаа, дэмжлэг авах, хот орчмын газруудад мэргэжлийн дүгнэлт хийлгэх зэрэг ажлыг хийнэ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Өвлийн Универсиад наадмыг 2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулна гэдэг бидний хувьд мөрөөдөл биш боллоо. Тооцоо, судалгаа, боломж, нөхцөлөө харвал энэ зорилтод бид хамтдаа хүрч чадна” гэдгийг онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Европын болоод Азийн хэмжээнд Монгол улсыг хүлээн зөвшөөрч, итгэж байгаагийн илрэл юм

Италийн Милан хотноо Ази Европын дээд түвшний уулзалт /АСЕМ/ болж өндөрлөлөө. Монгол Улс дараагийн уулзалтыг зохион байгуулах эрхийг авлаа. Эрх гардан авах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дагалдан яваа хэвлэл мэдээллийн бүрэлдэхүүнд яридцлага өглөө.

-Ази Европын 11 дүгээр уулзалтыг зохион байгуулагч орноор Монгол Улс сонгогдлоо. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцаач?

-Энэ бол их том, тун сайхан үйл явдал боллоо. Ази Европын уулзалтыг зохион байгуулах эрхийг авна гэдэг Монгол Улсын нэр хүнд ямар өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Ард иргэддээ баярлах хэрэгтэй. Монгол Улсын нэр хүндийг өндөрт авч явахын тулд иргэн бүр хувь нэмрээ оруулсан гэж боддог. Энэ амжилт нь Европын болоод Азийн хэмжээнд Монгол улсыг хүлээн зөвшөөрч, итгэж байгаагийн илрэл юм.

Европ Азийн дээд хэмжээний уулзалтад 53 орон нэгдэн ороод байна. Энэ удаагийн уулзалтад 53 орны 43 нь тухайн улсынхаа ерөнхийлөгч, эсвэл ерөнхий сайдыг оролцуулсан байна. АСЕМ буюу Европ Азийн уулзалтын хүрээг нь тодорхойлбол дэлхийн нийт худалдааны 60 гаруй хувийг эзэлж байна. 2016 онд энэ том хэмжээний уулзалтыг зохион байгуулна гэдэг чухал хариуцлага. Мөн дээрээс нь АСЕМ-ийн 20 жилийн ой давхцаж байгаагаараа илүү ач холбогдолтой болж байгаа.

-Хэдийд зохион байгуулах бол?

-Хугацаа, товын талаар Европын болоод Азийн орнуудын удирдлагуудтай ярилцсан. Намрын хугацаанд НҮБ-аас эхлээд олон улсын томоохон уулзалт болж, идэвхи сэргэдэг. Монголын хувьд ч хамгийн тохиромжтой сар нь долдугаар сарын сүүлээр таарч байна. Ингээд 2016 оны долдугаар сарын сүүлийн долоо хоногт энэ уулзалтыг зохион байгуулцгаая хэмээн товлоод байна.

-Зохион байгуулалтын асуудлыг хүмүүс илүүтэй сонирхох байх?

-Энэ уулзалт зөвхөн төр засгийн тэргүүнүүдийн хувьд болдоггүй. Мөн өмнө нь парламентын хүрээний уулзалт, бизнесийнхний уулзалт, иргэд олон нийтийн байгууллагын уулзалтууд тус тусдаа болж, тодорхой шийдвэр, бичиг баримтууд гардаг. Бэлтгэл ажлыг хангахын тулд маргаашнаас эхлээд яам, засгийн газар дээрээ ажлын хэсэг гаргаад ажиллана. Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд олон хүн монголоос утасдаж асууж байна. Олимпын эрх, хөлбөмбөгийн дэлхийн аварга зохион байгуулах эрх авсан мэт хүлээн авцгааж байна. Хамгийн сайхан нь 53 орны төр засгийн тэргүүнүүд бүгдээрээ ямар нэгэн татгалзах зүйлгүйгээр монголыг хүлээн зөвшөөрч, дэмжсэн явдал байлаа.

Хоёр тивийг холбосон энэ нэр хүндтэй уулзалтыг давахын тулд бүгдээрээ хамтдаа зүтгэхээс өөр арга байхгүй. Ер нь бид чинь энэ хоёр тивийг холбож явсан түүхтэй улс. Найман зуун жилийн өмнө Их Монгол гүрнээ байгуулж, хоёр тивд шинэ дэг журам тогтоож явсан шүү дээ. Одоо найман зуун жилийн дараа энэ боломж нь гарч байна. Ганц хоёр ерөнхийлөгч, ерөнхий сайдыг авчрах тухай биш тавин хэдээр нь авч ирээд дэлхийн асуудлыг ярих түүхэн боломж гарч ирлээ.

-Амар зүйл биш байх даа?

-Энэ уулзалтыг зохион байгуулах амаргүй. Ганц орны Ерөнхийлөгч ирэхэд л зохион байгуулалттай холбоотой олон зүйл болдгийг бид мэднэ. Ийм том хэмжээний уулзалтыг зохион байгуулах амаргүй учир Европын холбоотой хамтран ажиллах, бусад улс оронтой туршлага судлах, бүс нутгийн улсуудын бүлэгтэй хамтрах зүйлс бий. Бид чадна. Зоригтой хүсэлт гаргасан, ийм мундаг дэмжлэг хүлээн авна гэж бодоогүй. Олон улсын энэ их итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой. Засгийн газар, бизнесийнхэн, ард иргэдтэйгээ ярилцаад хийвэл болох ёстой.

-Яагаад Монголд зохион байгуулах эрхийг өгсөн гэж бодож байна, энэ том уулзалтыг эх орондоо хийх нь бидэнд тусаа өгөх үү?

-Эрх авах хүсэл Азийн бүсийн өөр улсуудад мэдээж байсан. Гол нь энэ тухай яриа, шийд гэнэтийн зүйл биш. Олон жилийн хугацаан дахь гадаад бодлогын ажлын үр дүн, ажлын хэсгийнхний зүтгэл. Мөн энэ нь бидэнд хэмжүүр тогтоож байгаа юм. Ази Европын хэмжээний ийм том хурлыг зохион байгуулах эрхийг авч чадаж байгаа юм чинь дараа дараагаар нь соёл спортын том арга хэмжээ, улс төр эдийн засгийн томоохон уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулах боломжууд улам нэмэгдэнэ гэсэн үг. Энэ бүхэн нь цааш нь тухайн улсын төр засгийн тэргүүнүүдийн хүрээнээс гадна, улсынх нь ард иргэд, бизнесийнхэнийх нь итгэл мөн л нэмэгдэнэ. Ингэхээр энэ бүхний ач холбогдол тун өндөр юм.

Categories
мэдээ улс-төр

Манай улс АСЕМ-ыг даргална

Италийн Милан хотноо өчигдөр хуралдсан АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар ирэх 2016 онд АСЕМ-ыг даргалж, уулзалтыг зохион байгуулах орноор Монгол Улсыг олонхийн саналаар сонгожээ.


Европын Холбооны гишүүн 27 улс, Европын хоёр орон, (Норвеги, Швейцарь), Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо (ASIAN)–ны гишүүн 10 орон, Зүүн Хойд Азийн 10 орон Австрали, БНХАУ, Монгол, Мьянмар, ОХУ, Пакистан, БНСУ, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон болон Европын Комисс АСЕАН-ны Нарийн бичгийн даргын газар, мөн энэ жилээс гишүүнчлэлд нь нэгдэж буй Хорват, Казакстаныг оруулан тооцвол 53 орны төлөөлөгчдийг эгнээндээ багтаасан энэхүү олон улсын байгууллага Монголын гадаад бодлогыг ийнхүү өндрөөр үнэлсэн байна.
АСЕМ-ийн уулзалтыг хүлээн авах нь улс орнуудын хувьд өндөр нэр хүндийн хэрэг бөгөөд дэлхийн 53 улс орнуудын төрийн тэргүүнүүд Улаанбаатар хотноо хоёр жилийн дараа хуран чуулах болно.

Categories
мэдээ улс-төр

Д.Ганхуяг Филиппины Гадаад хэргийн дэд сайдтай уулзав

Италийн Милан хотноо 2014 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд болж буй Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын Дээд түвшний 10 дугаар уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцож буй Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Филиппины Гадаад хэргийн дэд сайд Э.Гарсиятай уулзаж хоёр талын харилцааны асуудал, олон улс болон бус нутгийн асуудлаар санал солилцов.

Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт 2014 оны 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Милан хотноо болж өнгөрсөн бөгөөд ГХЯ-ны БТСГ-ын захирал Ц.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцсон болно.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Л.Болд ажлаа хүлээлгэн өглөө

– Л.Болд Гадаад харилцааны сайдаар ажилласан энэ богино хугацаандаа маш их ажил хийж, өндөр үр дүн үзүүлсэн гэж хэн ч дүгнэхээр, нэг хэсэгтээ энэ талаар яригдахаар сайн ажилласан гэв-

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбогдуулан Гадаад харилцааны сайдаас чөлөөлөгдөж буй Л.Болд өнөөдөр үүрэгт ажлаа ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт хүлээлгэн өглөө. Тамга, тэмдэг болон ажил хүлээлцэхэд Гадаад харилцааны яамны газрын дарга, холбогдох албаны хүмүүс байлцав.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хэлэхдээ “Л.Болд Гадаад харилцааны сайдаар ажилласан энэ богино хугацаандаа маш их ажил хийж, өндөр үр дүн үзүүлсэн гэж хэн ч дүгнэхээр, нэг хэсэгтээ энэ талаар яригдахаар сайн ажилласан. Батлан хамгаалахын сайдаар ажилласан хугацаандаа ч мөн гадаад харилцааг өндөр төвшинд хүргэснээ үргэлжлүүлж, Гадаад харилцааны сайдаар амжилттай ажилласныг бид мэднэ. Энэ удаад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх бодлогын хүрээнд ажлаа өгч буй болохоос ямар нэг хариуцлагын асуудал энд яригдаагүй гэдгийг онцлох ёстой. Түүнийг сайдаар ажиллах хугацаанд хоёр сарын дотор дөрвөн орны Ерөнхий сайдыг эх орондоо хүлээн авсан, тэрчлэн хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалыг сар дараалан хэрэгжүүлсэн. Ойрмогхны хугацаанд л гэхэд ASEM-ын дээд хэмжээний уулзалтыг Монголд зохион байгуулах эрх авч, үүгээр 57 орны төр, засгийн тэргүүнийг нэг дор хүлээн авах гэж байна гэдэг үнэхээр Монголын нэр хүндийг шинэ төвшинд хүргэх хэмжээний ажил юм” гээд түүний цаашдын ажилд амжилт хүслээ.

Л.Болд Гадаад харилцааны сайдаар ажилласан хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа товч дурдахын хамт ойрын хугацаанд төлөвлөсөн ажлуудад анхаарал, хүч чармайлт тавьж ажиллахыг санууллаа. Тэрээр энэ үеэр хэлэхдээ “Гадаад харилцаа гэдэг бага зардлаар маш том үр ашиг хүртэж болдог салбар. Миний бие УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувьд Батлан хамгаалах, Гадаад харилцааны яамтай ажил, төрлийн хувьд нягт холбоотой ажиллана. Сайдын ажлаа өгч байгаа хэдий ч гишүүний хувьд бүх талаас дэмжиж ажиллана” гэв.

Ажил хүлээлцэх үеэр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нар ойрын хугацаанд шийдвэрлэх ажил, асуудлаа ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт танилцууллаа.

Categories
мэдээ улс-төр

Галын аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.10.17/ үдээс өмнөх хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль нь 1999 онд Улсын Их Хурлаар батлагдсанаас хойш 14 жилийн хугацаанд гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах, гарсан гал түймрийг унтраах талаарх төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хүлээх эрх үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагаа, ажлын уялдаа холбоог зохицуулах үндсэн үүргээ хангалттай биелүүлж ирсэн байна. Шинэчлэн найруулсан хуулийн төслийн өмнөх хуулиас ялгарах гол онцлог, өөрчлөлт нь, галын аюулгүй байдлыг хангуулахад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас гадна энэ чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэн галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, хичээл сургалтыг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад явуулах ажлыг шилжүүлэх, ингэснээр төрийн зарим чиг үүргийг иргэд, төрийн бус байгууллагад шилжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх аж.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн зүгээс галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гал унтраах дуудлагын үед хурдан очих шаардлагатай тул энэ үеийн замын хөдөлгөөний зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгах, обьектуудыг галын даатгалд хамруулах, ялангуяа авран хамгаалах үйл ажиллагааг сайжруулах асуудлыг хөндөж байр сууриа илэрхийлсэн. Мөн галын аюултай тэмцэж амь дүйж явдаг ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарах хэрэгтэй хэлж байсан юм.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 88,2 хувь нь дэмжлээ. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар танилцуулав. Улсын бүртгэлийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, хуулийн этгээдийн талаарх өөрчлөлтийг бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэж, мэдээллийн цахим санг бий болгох, хуулийн этгээдийг 2-3 хоногт бүртгэж, гэрчилгээг өргөдөл гаргагчдад цахим хэлбэрээр илгээж, хэвлэх боломжийг бүрдүүлэх, хуулийн этгээдийн нэр хайх, баталгаажуулах, өргөдөл гаргах, шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг цахим хэлбэрээр авах, хуулийн этгээдийн хувийн хэрэг болон улсын бүртгэл хөтлөх, лавлагаа олгохтой холбогдсон харилцааг нэгдмэл байдлаар зохицуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл мэдээллийн санд хэн дуртай нь нэвтрээд байх уу. Мэдээллийн санд нэвтрэх байдлыг хэрхэн зохицуулах вэ гэдгийг тодруулсан юм. Мэдээллийн нээлттэй байдлыг тодорхой зааж өгсөн заалтууд хуулийн төсөлд орсон. Мэдээллийн нээлттэй байдлын хүрээнд тухайн шинээр бүртгэгдсэн этгээдийн тухай мэдээлэл нээлттэй байна. Тэр мэдээлэл нь зөвхөн тухайн компанийн нэр хаяг, гэрчилгээг үндэслэнэ. Хувь эзэмшигч юмуу, хувь хүний болон байгууллагын нууцын тухай хуулиар хамгаалагдсан мэдээлэлд чөлөөтэй нэвтрэх боломжгүй. Гэхдээ эрх бүхий байгууллагын хүссэн мэдээллийг гаргаж өгч байгаа гэсэн хариултыг ажлын хэсгээс өгөв. Хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Ё.Отгонбаяр нар үг хэлсэн бол хуулийн төсөл шаардлага хангахгүй байгаа тул дэмжихгүй гэдгээ илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар үг хэллээ. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх санал хураалтыг чуулганы үдээс хойших хуралдаанаар үргэлжүүлнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Олон улсын парламентийн холбооны Ассамблейд оролцов

УИХ-ын гишүүн Су.Батболд, Г.Уянга нар Швейцарийн Женев хотноо энэ оны 10 дугаар сарын 12-17-нд чуулсан Олон улсын парламентын холбооны 131 дүгээр Ассамблейд оролцлоо.

Энэ удаагийн Ассамблейгаар авч хэлэлцсэн хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох тухай сэдэв нь өнөөдөр дэлхийн олон нийтийн санааг зовоож буй нэг чухал асуудал болж байгааг улс орнуудын парламентчид анхаарч, улс төрийн шийдвэртэй алхам авч хэрэгжүүлэхийг Ассамблейгаас уриалав.

БНХАУ-ын Бээжин хотноо 1995 онд болсон Эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн 4 дүгээр бага хурлаас баталсан Тунхаглал, Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, тэдний эсрэг хүчирхийллийг зогсоох талаарх үзэл санаа, заалтуудыг тус бага хуралд оролцогсод дэмжиж буйгаа илэрхийлээд, хүйсийн тэгш байдал нь тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл, дэвшлийн жишиг болж байгааг онцолсон байна.

Өнөөдөр дэлхийн гурван эмэгтэй хүн тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байгаа бөгөөд ийм төрлийн хүчирхийлэл нь эмэгтэйчүүд, охидын нэр алдрыг гутааж, тэдний үндсэн эрхийг нь зөрчиж байна гэж хурлын илтгэлд тэмдэглэв. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүхий л хэлбэрийг зогсоох, хүйсийн тэгш байдлыг хангахад төрийн зөв бодлого амин чухал үүрэгтэйг төлөөлөгчид хэлсэн үгэндээ цохон дурдсан байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, тэднийг шийдвэр гаргахад өргөнөөр оролцуулах талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Ассамблейн үеэр ОУПХ-ны Удирдах зөвлөл, Ардчилал ба хүний эрхийн байнгын хороо, Энх тайван ба аюулгүй байдлын байнгын хороо, Парламентчдын хүний эрхийн хороо, НҮБ-ын асуудлаарх байнгын хороо, Тогтвортой хөгжил, санхүү болон худалдааны асуудлаарх байнгын хорооны салбар хуралдаанууд болж, ОУПХ-ын Ерөнхийлөгчөөр Бангладешийн парламентын гишүүн Сабер Чоудхури сонгогдов.

Манай улсын төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейд оролцох үеэрээ Австрали, Исланд, Мексикийн парламентын төлөөлөгчидтэй уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн хуулийг энэ сарын 21-нд хэлэлцэхээр болжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийх байсан ч хугацааг нь хойшлуулж, энэ сарын 21-нд хэлэлцэхээр боллоо. Засгийн газар 2015 оны төсвийн хуулийн төслийг аравдугаар сарын 1-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг төдийгүй хотын удирдлагуудын зүгээс хуулийн төслийг татах шаардлагатай гэж үзжээ. Энэ дагуу Засгийн газар хуралдаж, төсвийн хуулийн төслөө татан авч, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтэй уялдуулан хуулийн төслөө дахин өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг анхны хэлэлцүүлгийг хойшлуулах шаардлагатай байна гэсэн санал гаргалаа. УИХ-ын дарга УИХ дахь гурван намын бүлгийн дарга нарт хоёр, гуравдугаар хэлэлцүүлгийг хийх хугацааг товлох үүрэг өгч хугацааг хойшлуулахаар болов. Одоо Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцэж байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Хятадын Ерөнхий сайд нар харилцан баярын цахилгаан илгээжээ

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян болон Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяаг Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баяраар харилцан баярын цахилгаан илгээв.
Ли Кэчян баярын цахилгаандаа, Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баяр тохиосон энэ сайхан боломжоор миний бие Хятадын засгийн газар ард түмэн, мөн өөрийн нэрийн өмнөөс эрхэм танд болон танаар дамжуулан Монгол улсын засгийн газар, ард түмэнд цогтой халуун баяр хүргэж байна. Хятад, Монгол харилцан чухал хөрш юм. Дипломат харилцаа тогтоосон 65 жилд хоёр орны харилцаа олон улсын байдлын өөрчлөлт хувиралтын шалгалтыг туулан, тогтвортой хөгжиж ирлээ. Өнөө хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хоёр талын харилцаа маань хөгжлийн шинэ үе шатандаа орсон юм. Хятадын засгийн газар Монгол улсын засгийн газартай хүч хамтран чармайж, хоёр орны харилцааны шинэ гараанаас хоёр талын дээд зиндааны харилцаа холбоогоо эрчимжүүлэн, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, эдийн засаг худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, нийгэм соёлын харилцаа холбоогоо өргөтгөж, хоёр орон болон хоёр ард түмэнд улам их ашиг тус хүртээхийг хүсэж байна гэжээ.
Н.Алтанхуяаг баярын цахилгаандаа, Хятад орон бол Монгол улсын өнө мөнхийн хөрш, Хятад оронтой сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэх, эрх тэгшээр хамтран ажиллах бол Монгол улсын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл хандлага мөн. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёр орны удирдагчид, парламент, улс төрийн нам хоорондын харилцан айлчлал олширч, улс төр, эдийн засаг, худалдаа, батлан хамгаалалт, нийгэм соёлын зэрэг салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр орон мөн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо. Үүнд Монголын тал маш баяртай байна. Хятадын тал хөрш орнуудын харилцаандаа дотно найрсаг, чин үнэнч, харилцан хөнгөлөлттэй, уужуу багтаамжтай бодлого баримталж буй нь Монгол, Хятадын харилцаанд төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагаанд сайхан боломж бүрдүүлсэн юм. Миний бие эрхэм ноён таны хамт Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх агуу үйлст хүчин зүтгэхэд таатай байна гэжээ.