Categories
мэдээ улс-төр

Гишүүдийн утас руу мессеж явуулсан хүнийг ТЕГ-ыхан тогтоожээ

Өнгөрсөн долоо хоногт улс төрийн амьдрал нэлээд бужигнаантай байв. Асуудлын гол нь Ерөнхий сайдыг огцруулах гэсэнтэй холбогдуулан үнэн худал нь үл мэдэгдэх элдэв мэдээлэлүүд хэвлэлээр гарч, УИХ-ын нэр бүхий гишүүдэд өөрийнх нь дугаараас өөрт нь хачирхалтай мессэж ирж, он удаан маргаантай байсан өргөн нарийн царигтай төмөр зам тавих асуудлыг хүртэл шийдээд амжив. Энэ мэтчилэн сонин содон үйл явдлууд ар араасаа зэрэгцэн болоод байна.Зарим нэг ажиглагчид төмөр замын царигийг өргөн нарийн аль алинаар нь тавихаар шийдэлд хүрсэн энэ явдлыг олны анхааралд төдийлөн оруулахгүйгээр тэгсхийгээд намжаахын тулд мессеж энэ тэр гэсэн зохиомол зүйлс сэдэж, олны анхаарлыг сарниулсан байж болзошгүй ч гэж хардаж буй юм.

-М.ЗОРИГТ ГИШҮҮНИЙ ТУСЛАХЫГ ТЕГ-ААС ДУУДАН, ШАЛГАЖЭЭ-

Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүдийн утсанд өөрийнх нь дугаараас улс төртэй холбоотой, өдөөн хатгасан, турхирсан мессеж ирсэн энэ асуудалд мобиком компани хариу мэдэгдэл хийхдээ “Румын, Мальта гэсэн хоёр улсын үүрэн холбооны оператороос Монголын хэрэглэгчдийн дугаарыг ашиглан мессэж явуулсан байна. Ингэхдээ нийт 20 иод хэрэглэгчийн дугаарыг ашигласан нь одоогоор тогтоогдоод байна. Тэр 20 хэрэглэгчээс хэчнээн хүнд мессэж явуулсан нь хараахан тодроогүй. Хүмүүсийн ойлгож байгаа шиг энэ тохиолдол нь “Мобиком” хакердуулсан, мэдээлэл алдагдсан зүйл болоогүй. Маш энгийнээр хэлэхэд, хулгай, залилан хийж байгаатай адил үйл явдал гэж ойлгож болно.” хэмээх хариулт өгсөн билээ. Мобикомын энэ мэдээллийн дараахан Тагнуулыг ерөнхий газраас мэдээлэл хийж УИХ-ыг зарим гишүүдийн хүсэлтээр энэ мессежний хэргийг шалгаж эхэлсэн талаар сэтгүүлчдэд мэдэгдэв. Гэтэл тун удалгүй л энэ хэрэгтэй холбогдуудан зарим нэг хүнийг шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл сошиал сувгаар цацагдсан. Учир нь УИХ-ын гишүүн М.Зоригт твиттер хуудсаараа дамжуулан өөрийнх нь туслахыг ТЕГ-аас дуудаж шалгасан талаар жиргэсэн юм. Ийнхүү хэд хэдэн хүнийг шалгасаны эцэст ТЕГ-ыхан УИХ-ын гишүүд тойрсон өдөөн хатгалагийн мессежүүдийг Монголын эрх бүхий, нэр нөлөөтэй нэгэн явуулсан болохыг тогтоосон бөгөөд энэ хүний нэрийг яаран мэдээлэхгүй гэдгээ ч мэдэгджээ. Учир нь мессеж болон хуурамч нууц гэрээтэй холбоотой хоёр асуудлыг тагнуулынхан шуурхай ажиллан, хэрэгтэн нь Монголын улс төрчдийн дотор байгаа, өөрсдийгөө хагаралдуулах гэсэн үйлдэл гэдгийг тогтоосон нь улс төрийн хурцадмал байдлыг улам даамжруулсан явдал боллоо.

-44 ГИШҮҮНИЙ ГАР УТСАНД МЕССЕЖ ИРЖЭЭ-

Өөрийнхөө дугаараас хачирхалтай мессеж авсан болон хэн нэгнээс дарамталсан өнгө аястай элдэв мессеж авсан УИХ-ын гишүүдийн тоо 44-д хүрсэний 30 нь МАН, 14 нь АН-ын гишүүд байсан талаар эх сурвалж мэдээлж буй юм. Мөн мэргэжлийн хүний хэлж буйгаар улам эрчтэй хөгжиж байгаа техник технологийн энэ эрин зуунд интернетээр хэн нэгний гар утас руу мессеж явуулах боломжтой байдаг аж. Тодруулбал гадаадад байгаа сайт руу мөнгө шилжүүлээд дурын гар утас руу мессеж явуулах боломжтой юм байна. Ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг гадны сайт 30-аад тооны байдаг талаар мэдээлэл ч байгаа юм. Түүнчлэн самсунг маркын гар утсанд тохиргоо хийгээд, өөр лүүгээ болон бусад энэ төрлийн гар утас барьж буй хүмүүс рүү дугаар харгалзахгүйгээр мессеж илгээж болдогийн Тагнуулынхан тогтоосон талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо

Засгийн газраас мал аж ахуйн гаралтай түүхий эдийг дотооддоо нэмүү өртөг шингээн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн паркууд байгуулж, ноос, ноолуур болон арьс ширний үйлдвэрлэгчдэд техник, технологио шинэчилж эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд зориулан зээл олгож, үйлдвэрлэгчдийг түүхий эдээр хангахын тулд үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос, арьс ширэнд урамшуулал олгож байгаа юм.

Энэ бодлогын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны санал болгосноор Завхан аймагт хөнгөн үйлдвэрийн цогцолбор байгуулах хүсэлт гаргасан “Шинэ Азиа групп” ХХК-д үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 4 жилийн хугацаатай олголоо.

Тус төсөл мал аж ахуйн гаралтай түүхий эдийг стандартын дагуу чанартай боловсруулах, түүхий эдийн арилжааны урсгалыг зөв зохицуулах, нэмүү өртөг шингэсэн экспортын зориулалттай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх экологийн буюу иж бүрэн цэвэрлэх байгууламжтай үйлдвэрлэл, технологийн паркийг Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт баригдах 100 мВт-ын цахилгаан станцыг түшиглэн байгуулна.

Завхан аймаг бол баруун бүсийн 5 аймгаас түүхий эдээ бэлтгэх боломжит байршилтай, түүний эргэн тойрны бүс нутагт 2013 оны байдлаар 22,4 сая толгой мал байгаа нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц хангалттай гэж үзэж байна.

Үйлдвэрлэл, технологийн паркийн бүсэд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, өндөр технологийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дараах чиглэлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

1. Арьс шир боловсруулах үйлдвэр

2. Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр

3. Ноос боловсруулах үйлдвэр

4. Мах боловсруулах үйлдвэр

5. Сүү боловсруулах үйлдвэр

6. Жимс боловсруулах үйлдвэр

Categories
мэдээ улс-төр

Онцгой байдлын албан хаагчид ОХУ-д суралцана

Онцгой байдлын ерөнхий газар үйлдвэрийн осол, байгалийн гамшгийн хор хохирлыг арилгахар чиглэлээр ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтарч ажиллахаар хамтарсан хуралдааныг зохион байгуулж энэ өдрүүдэд хэлэлцээр хийж байна. Энэхүү хуралдаанд оролцож буй ОХУ–ын Онцгой байдлын яамны Цэргийн хэргийн ерөнхий шинжээч, Комиссын оросын хэсгийн дарга, дэслэгч-генерал Э.Н.Чижиков тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва хүлээн авч уулзлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Ойг түймрээс хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг үзэглэсэн. Хоёр улсын хил дамнан гарч байгаа галын аюул жилээс жилд буурч байгаа ч цаашид энэ асуудал дээр онцгойлон анхаарч хилийн боомтуудыг нэмж байгуулах хэрэгтэй. Учир нь хоёр улсын иргэд хоорондоо визгүй зорчих болсонтой холбоотой. Мөн ОХУ-ын Онцгой байдлын яамны гал эсэргүүцэх албаны академид Монгол Улсын Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчдыг сургаж бэлтгэх, байгалийн гамшгаас гадна үйлдвэрлэлийн ослын чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр Шадар сайд илэрхийлсэн. Ноён Э.Н.Чижиков хүлээн авч уулзаж буйд талархалаа илэрхийлээд, Монгол Улсын талаас тавьсан саналын дагуу дээрх академид ОХУ-ын зардлаар таван жилийн хугацаатай зургаан албан хаагчыг сургахаар болсныг энэ үеэр дуулгалаа. Дашрамд сонирхуулахад 2012-2014 онд Монгол Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдаас ОХУ-ын ОБЯ-ны Гал эсэргүүцэх албаны академид зохион байгуулдаг “Гал унтраах ангийн захирагч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт”-д 20, “Галын улсын хяналтын байцаагч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт”-д 10,ОХУ-ын Онцгой байдлын яамнаас Москва хотноо зохион байгуулдаг “Нэгдсэн аюулгүй байдлын үзэсгэлэн (ISSE)”-д 2, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядын Аврагч бэлтгэх сургалтын төвд зохион байгуулагддаг “Усанд аврах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт”, “Усанд аврах ажиллагааны аврагч бэлтгэх сургалт”-д нийт 38 албан хаагч тус тус хамрагдсан бол Иргэний хамгаалалт, галын аюулгүй байдлын мэргэжлээр магистрын зэрэг олгох хөтөлбөрт 2012-2014 онд нийт 30 албан хаагч элсэн суралцаж байна.

Categories
мэдээ улс-төр

Гишүүдийн өмнөөс мессэж бичсэн асуудлыг байнгын хороо хэлэлцэнэ

Өмнө нь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын өмнөөс мессеж бичсэн гэх хэрэг гарсан. Гэтэл өчигдөр УИХ-ын гишүүдийн өмнөөс төмөр замын асуудлаар худал мэдээллийг иргэдэд тараасан хэрэг гарчээ. Мобикомийн дугаартай гишүүдийн өмнөөс мессеж бичиж байгаа энэ асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хараандаа авч шийдвэрлэхээр болжээ. УИХ-ын дарга энэ талаар “Хүний өмнөөс хүмүүс рүү мессеж илгээж болдог болсон бол болохгүй болж байгаа гэсэн үг. Энэ талаар шалгуулна” гэж бүлгийнхээ твиттер хуудсаар жиргэлээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Гансүхэд Хятадын эмч мэдэгдэх хуудас ирүүлжээ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх хуурай өлсгөлөн зарлаад арав гаруй хонож байна. Сүүлийн үзлэгээр түүний цус нь өтгөрсөн, хоёр бөөр үрэвссэн, зүрхний хэм алдагдсан гэсэн дүгнэлт гарчээ. Хорих ангийн эмч нар яаралтай эмнэлгийн тусламж авах ёстой гэсэн ч АТГ-ын байцаагч нар ямар нэг хариу өгөөгүй байгаа юм байна.Л.Гансүхийн нэр дээр Бээжингийн Яамэй эмнэлгээс энэ сарын 20-ны өдөр мэдэгдэх хуудас иржээ. Уг мэдэгдэлд “Манай эмнэлэг танд туссан зүрхний цус багадалт, зүрхний шигдээс өвчнийг гурван жил эмчилж илэрхий үр дүн гаргасан. Гэсэн ч өвчний байдал харьцангуй хүнд учраас шаардлагын дагуу 2-3 сар тутамд нэг удаа хавсарсан эмчилгээ хийлгэх шаардлагатай. Таны түрүүчийн удаагийн эмчилгээ зургадугаар сарын 28-ны өдөр хийгдсэн байна. Одоо эмчилгээний завсарлах хугацаа дууссан тул ойрын өдрүүдэд цагаа зохицуулан манай эмнэлэгт ирж эмчилгээгээ хийлгэнэ үү. Бээжингийн Яамэй эмнэлгийн Хятад анагаах ухааны II тасгийн эмч, профессор Ма Зижоу” гэж онцолжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар 2014 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпинд бараалхана.

Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай албан ёсны хэлэлцээ хийж, “Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах юм.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Хятадын Төв телевиз “ССТV-9” болон “Феоникс”телевизэд ярилцлага өгнө. Мөн Хятадын СNPC корпорацид зочилж, “СИНОПЕК” корпорацийн удирдлагатай уулзана.

Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Батцэрэг, С.Одонтуяа, М.Батчимэг, Д.Сумьяабазар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид багтсан байна.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр тал 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээсэн.

1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он), Эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ, хэлэлцээр байгуулагдсан.

1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он), Эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ, хэлэлцээр байгуулагдсан.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан хоёр тал 2014 оныг “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан билээ.

Монгол Улсын Их Хурлын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалыг хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан ажиллана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ц.Батбаярыг жирийн дэглэмтэй хориход шилжүүлэхээр боллоо

Өнөөдөр нийслэлийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болов. Тус шүүх өнгөрсөн долдугаар сарын 22-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс 2.1 жилийн хорих ял сонссон Ц.Батбаярт оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээлээ. Харин түүний чанга дэглэмтэй хорих ангидбус жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна.

Өнгөрөгч долдугаар сард болсон шүүх хурлаас Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг гэм буруутай хэмээн үзэж, ял оноосон ч Өршөөлийн тухай хуульд хамруулах шийдвэр гаргасан. Мөн тэдэнтэй хамт шүүгдсэн нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга асан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарыг цагаатгасан билээ.

Categories
мэдээ улс-төр

11 аймагт оношлогоо, эмчилгээний төв байгуулснаар хот руу зорих урсгал буурчээ

Пүрэв гариг бүрт болдог “Сайдын 30 минут” уулзалт өнөөдөр 12.30 цагаас Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд боллоо. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож эбола вирус болон энэ өвчнөөс сэргийлэх талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Уулзалтын эхэнд эбола вирусийн халдварын тархалт, халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцууллаа. Энэ сарын 19-ний байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, БНАКУ зэрэг 8 улсад эбола вирусын нийт 10002 тохиолдол бүртгэгдэж, 4926 хүн нас барсан. Эдгээрийн 443 нь эрүүл мэндийн ажилтнууд байна. Сүүлийн 7 хоногт 717 хүн шинээр өвчилж, 322 хүн нас баржээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг өнгөрсөн 8 дугаар сард гаргуулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар тандалт, хариу арга хэмжээний заавар гаргасан.

Засгийн газрын энэ сарын 346 тоот тогтоолоор 477 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулж байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан салбар хоорондын ажлын хэсгийг 10 дугаар сард байгуулсан. ДЭМБ-аас 160 гаруй сая төгрөгийн оношлуур, хамгаалах хувцас хэрэгсэл, мэдээлэл сурталчилгаанд зарцуулж байна. ХӨСҮТ-д мэргэжлийн дөрвөн багийг сургаж, нөөцийн 50 ор бэлтгэлээ. Сургалт, сэрэмжлүүлэг, гарын авлага, зурагт хуудас, зорчигчдод зориулсан зөвлөмж гарган иргэдийг мэдээллээр хангаж байна гэж Эрүүл мэндийн сайд хэллээ. Мөн тус салбарт 2014 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар, Ерөнхий сайдын төсвийн багцаас 23,9 тэрбум төгрөг зарцуулж, 11 аймагт оношилгооны төв байгуулсан нь оношилгоо, шинжилгээ хийлгэхээр нийслэлийг зорьдог иргэдийн урсгалыг 30-40 хувь бууруулсан. 21 аймаг телемедициний сүлжээнд холбогдлоо. Цусны даралтын аппаратыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олголоо.

Сүрьеэ өвчнийг оношилж илрүүлэхэд 76 хоног зарцуулдаг байсан бол GeneXpert тоног төхөөрөмж нэвтрүүлснээр 2 цагт оношилдог боллоо. Ерөнхий сайдын төсвийн багцын 2 тэрбум төгрөгөөр хүүхдийн зүрхний ангиографийн лабораторийг байгуулж, зүрхний гажигтай хүүхдүүдэд тусламж үзүүлж чаддаг боллоо зэрэг мэдээллийг Эрүүл мэндийн сайд хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Categories
мэдээ улс-төр

Малын хулгайтай тэмцэх хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, Ё.Отгонбаяр, М.Зоригт нар болон Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газрын албан хаагчид, малчдын төлөөлөл оролцож малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар харилцан санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа хэлэлцүүлгийг нээж үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн малчдын өргөдөл гомдолтой холбогдуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа талаар онцлоод төрөөс мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа ч хулгайн гэмт хэрэг буурахгүй байгааг хэллээ.

Дараа нь Хууль зүйн яамны ахлах мэргэжилтэн Ч.Раднаабазар илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг дурдаад малын хулгайн гэмт хэргийн талаарх сүүлийн гурван жилийн судалгааг танилцуулав.

Мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн 2011 онд 1169, 2012 онд 1376, 2013 онд 1435 бүртгэгдэж сүүлийн гурван жил дарааллан өссөн ба гэмт хэргийн илрүүлэлт 10,2 хувиар буурчээ. Малын хулгайн гэмт хэрэг үйлдэж буй хүмүүсийн 52,1 хувь нь ажилгүй иргэд байгаа бөгөөд гарсан хулгайн 80 гаруй нь малаа бэлчээрт эзэнгүй орхисонтой холбоотой аж. Хөдөө орон нутагт ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж, орлогын тогтвортой эх үүсвэргүй иргэд малын хулгайн гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэж байгааг илтгэлдээ онцлов.

Хэнтий аймгийн Дархан сумын малчдын төлөөлөл энэхүү хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд тус сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Содном малын хулгайн гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор олон арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар хэлэв. Хэнтий аймагт малчин өрхүүд нэгдэж малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хоршоо байгуулжээ. Малын хулгайн гэмт хэргийг таслан зогсооход хамгийн их саад болж буй зүйл нь илэрсэн гэмт этгээдүүдтэй малчид тохиролцож цагдаагийн байгууллагад хандалгүй орхих явдал гэдгийг малчид хэлж байсан юм.

Цагдаагийн Ерөнхий газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Г.Бөхчулуун, хөдөө орон нутагт шуурхай ажиллах хангамж муу байгаагаас гадна махны ченж нарын үйл ажиллагаанд тавих хяналт дутмаг талаар онцлоод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид анхаарах хэд хэдэн санал гаргалаа. Тэрээр малчдын малын хариулга маллагааг сайжруулах, малын бүртгэлийн системийг боловсронгуй болгох, мах бэлтгэх тогтолцоонд өөрчлөлт хийх /тууварлах, тээвэрлэлт, нядалгаа, түгээлт, үйлдвэрлэл, бэлтгэн нийлүүлэгчдэд албан ёсны зөвшөөрөл олгох/, хулгайн гэмт хэрэгт холбогдогч этгээдүүдэд тавих хариуцлагыг чангатгах зэрэг олон чухал санал хэлэв.

Хууль зүйн яам болон Цагдаагийн Ерөнхий газрын албан хаагчдын илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, Ё.Отгонбаяр нар асуулт асууж хариулт авлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа

Үдээс өмнөх хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Дараа нь Төрөөс мөнгөний талаар 2015 онд баримтлах бодлогын баримт бичгийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал чуулганы танхимд танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариулаад чуулган түр завсарлаад байна. Чуулганы хуралдаан 14:00 цагт үргэлжилж, Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.