Categories
мэдээ улс-төр

Ирэх 2020 он гэхэд хоёр талын худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан гэв

УИХ-ын дарга З.Энхболд чигдөр БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзалт хийв. УИХ-ын дарга З.Энхболд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзянд хандан хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж буй нь парламент хоорондын харилцаанд чухал үйл явдал. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч буйд талархаж байна. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд байдаг. 2014 оны хувьд, хоёр улсын төрийн тэргүүн нар олон улс, бүс нутгийн уулзалтын үеэр тогтмол уулзалт хийж буй нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болж байна. Монголын талаас дэвшүүлсэн хоёр улсын парламентын хооронд байнгын уулзалтын механизм байгуулах тухай саналыг хятадын тал хүлээн авч, энэ удаагийн айлчлалын үеэр “санамж бичиг”-т гарын үсэг зурах саналыг хүлээн авсан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хороонд талархал илэрхийлье гэлээ.

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Хятад, Монгол хоёр улсын харилцан айлчлал тогтмолжиж байна. Хятад, Монголын Эдийн засаг бол харилцан биенээ нөхдөг, хамтын ажиллагааны боломж ихтэй. Хятад, Монгол улсууд 2020 он гэхэд хоёр талын худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан байна. Хятад Монголын харилцаа бол Хятад улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг мөн. Энэ жилийн наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал, есдүгээр сард Хятад, Монгол, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтууд Хятад, Монголын харилцааг шинэ шатанд гаргах, дэвшил боллоо. Хятадын тал чин сэтгэлтэй, хүртээмжтэй байхын зэрэгцээ өөрийн хөгжлийн стратегийн давуу талыг уялдуулан, Монгол Улсын хөгжлийг дэмжин ажиллахад бэлэн байна. Хятадын талаас дэвшүүлсэн “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон Монголын талаас дэвшүүлсэн “Талын зам” санаачилгыг хэрхэн уялдуулан хөгжүүлэхийг нухацтай судлаж, Хятад, Монгол, Орос гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах ажлыг судлах хэрэгтэй байна. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Монгол Улсын Их Хурлын хоорондын хамтын ажиллагааг чухалчлан үзэж, бид түүхийн шинэ боломжийг ашиглан, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах ёстой хэмээн мэдэгдлээ. Энэхүү уулзалтын дараа УИХ-ын дарга З.Энхболд, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нар “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхав

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хорооны даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр үдээс хойш БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхав.

Уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсын Их Хурлын даргыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд хоёр улсын харилцааны өнөөгийн хүрсэн түвшинд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Си Зиньпинд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг уламжлав.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд одоо БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай албан ёсны хэлэлцээ хийж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхсан болон БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай хийсэн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээг удахгүй хүргэнэ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Л.Гансүхийг батлан даалтад гаргах эсэхийг шийднэ

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн баривчлаад багагүй хугацаа өнгөрч байна. Цагдан хорих 461-р ангид арав гаруй хоногийн өмнөөс өлсгөлөн зарлаад байгаа Л.Гансүхийн батлан даалтад гаргах эсэхийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд хэлэлцэнэ. Л.Гансүх болон түүнтэй хамт хоригдсон М.Тулга нарын цагдан хорих хугацааг сунгах эсэхийг өчигдөр хэлэлцээд М.Тулга нарыг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн бол Л.Гансүхийн өмгөөлөгч Улсын дээд шүүхэд хурал давхацсан учраас хойшлуулах хүсэлт гаргажээ. Энэ хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч Л.Гансүхийн цагдан хорих хугацааг сунгах эсэх шүүх хурлыг нэг өдрөөр хойшлуулсан байна. Тиймээс өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд Л.Гансүхийн асуудлыг тусад нь хэлэлцэхээр болжээ.

Categories
мэдээ улс-төр

Хоол тэжээлийн хамааралтай эмгэгийн талаар зөвлөлдлөө

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын сектор хамтран Хоол тэжээлийн хамааралтай эмгэгийн талаар зөвлөлдлөө. Зөвлөгөөнд аймаг, дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга нар, хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүд болон бусад салбарын холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Мөн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хоол тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Катерин Энгэлхардт энэхүү зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн бөгөөд ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Роберто Бенес нар оролцов.

Энэхүү зөвөлгөөнд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хоол тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Катерин Энгэлхардт “Хоол тэжээлээс хамааралт эмгэгийн давхар дарамт ба салбаруудын бодлогын зохицуулалт, үйлдвэрлэлийн оролцоо ба ашиг сонирхлын зөрчил” болон “Хоол тэжээлийн асуудал дахь өөрчлөлт, шилжилт ба давхар дарамт” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.

Түүнчлэн ЭМЯ-ны НЭМХ-ийн мэргэжилтэн Д.Ганзориг “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал дахь өөрчлөлт, цаашдын чиг хандлага”, НҮБХС-ийн хоол тэжээл хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхжаргал “Эх хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах үйл ажиллагаан дахь дэлхий нийтийн чиг хандлага”, Дэлхийн Зөн ОУБ-ын эрүүл мэндийн үндэсний зохицуулагч Ц.Наранцэцэг “Хоол тэжээлийн чиглэлд хийж буй үйл ажиллагааны танилцуулга” илтгэлүүдийг тавив.

Зөвлөгөөний хоёрдахь өдөр орон нутгийн оролцогсодтой хамтран хоол тэжээл, хүнсний аюулгүй байдалтай холбоотой бодлогын бичиг баримт, хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, хяналт үнэлгээний асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн шинээр болон шинэчлэн боловсруулж буй “Хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр”, “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги”-т санал авч, “Эх, нялхас, бага насны хүүхдийн хооллолт” стратеги, “Хоол хүнсээр дамжих өвчнөөс сэргийлэх, хянах” журам, “Гамшгийн үед хоол тэжээлээр авах арга хэмжээний удирдамж” зэргийг дэлгэрэнгүй танилцууллаа.

Categories
мэдээ улс-төр

“Бүтээн байгуулалтын цаг”-аар зам, барилгын салбарын ажлын явцыг мэдээллээ

2013 онд Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгууд болон Замын-Үүдийг нийслэлтэй автозамаар холбосон бол энэ онд Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудын замыг ашиглалтад оруулна. Сүхбаатар аймгийн замын хөдөлгөөнийг нээсэн, Хөвсгөлийн замын хатуу хучилтыг энэ долоо хоногт дуусгана. Харин Дорнодын чиглэлд 90 км автозамын өмнөх гүйцэтгэгч “Насны зам” компанитай хийсэн гэрээг цуцалж, өөр гүйцэтгэгч сонгох болсонтой холбоотойгоор барилгын ажлыг ирэх онд гүйцээхээр хойшлуулсан. Сүүлийн 2 жилийн дотор 2500 км автозам барьсны 1300 нь дээрх 6 аймаг, Замын-Үүдийг нийслэлтэй холбосон автозам, үлдсэн 1200 км нь ирэх жилүүдэд холбогдох бусад аймгийн болон баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам юм гэж “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд Х.Ержан хэллээ.

2012-2014 онд нийслэлд 80 км зам шинээр барьж, 145 км замыг өргөтгөн шинэчилсэн нь ойрын үед хийгдээгүй бүтээн байгуулалт боллоо. Үүний зэрэгцээ олон гудамж, талбай, гүүрийг шинэчилсэн. Өнөөдөр гэхэд Бээжингийн гудамжны зорчих хөдөлгөөнийг нээлээ гэж Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж танилцууллаа.

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 225 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажил 47 хувийн гүйцэтгэлтэй байна. Төмөр замын дагуух 5 өртөө зөрлөг, ажилчдын орон сууц, засварын төв, захиргааны барилга байгууламжууд, тэдгээрийн цахилгаан эрчим хүчний хангамжийн нарийвчилсан зураг төслийг энэ онд гаргаж дуусгана. Төмөр замын дохиолол холбооны системийн зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчтэй энэ ондоо багтаан гэрээ байгуулна. 2015 оны 5 дугаар сард газар шорооны ажлыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ гэж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Батсайхан хэллээ. Харин зүүн чиглэлийн буюу Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав-Бичигт чиглэлийн нийт 1506 км төмөр замын зураг төслийг гаргаад, одоо тендерийн бичиг баримт боловсруулж байгаа юм.

2013 оны 6 дугаар сард ажлыг нь эхлүүлсэн Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны шинэ буудлын бүтээн босголт 25 хувийн гүйцэтгэлтэй байна. Оффис, 1200 ажилчдын амьдрах байр, худаг, халаалтын зуух, цэвэрлэх байгууламж зэргийг байгуулж тохижуулсны зэрэгцээ бетон зуурмаг бэлтгэх 3 үйлдвэр, лабораторийн байр барьж, тоног төхөөрөмжийг угсраад байна. Гэрээ ёсоор онгоцны буудлыг 2016 оны 12 дугаар сард ашиглалтад оруулна гэж Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн зохицуулагч Н.Энхбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Эрчим хүчний салбарын зөвлөлдөх уулзалт боллоо

БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 23-ны өдөр БНХАУ-Монгол Улсын Эрчим хүчний салбарын Анхдугаар зөвлөлдөх уулзалт боллоо.

Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны тавдугаар сард БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр гарын үсэг зурсан Санамж бичгийн хүрээнд хоёр орны эрчим хүчний салбарын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Анхдугаар зөвлөлдөх уулзалтыг БНХАУ-ын талаас Эрчим хүчний удирдах газрын дэд дарга Жан Юүчин, Монгол Улсын талаас Уул, уурхай, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дэлгэрцогт нар даргалав.

Уулзалтаар БНХАУ, Монгол Улсын хооронд байгуулсан Урт болон Дунд хугацааны Стратегийн иж бүрэн түншлэлийн баримт бичиг, хуучнаар Эрчим хүчний яам, БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газар хооронд байгуулсан Санамж бичгийг удирдлага болгон эдгээр баримт бичгүүдэд тусгагдсан гол гол асуудлуудыг хэрэгжүүлж ажиллах хүрээнд тодорхой сэдвүүдээр санал солилцож нэгдсэн ойлголтод хүрэв.Тухайлбал, хоёр орны хоорондын эрчим хүчний худалдаа, сэргээгдэх эрчим хүч, нүүрсний уурхайг түшиглэсэн том чадлын цахилгаан станц барихад БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр экспертүүдийн баг байгуулж хамтран ажиллахаар тогтов.

БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 23-ны өдөр БНХАУ-Монгол Улсын Эрчим хүчний салбарын Анхдугаар зөвлөлдөх уулзалт боллоо.

Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны тавдугаар сард БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр гарын үсэг зурсан Санамж бичгийн хүрээнд хоёр орны эрчим хүчний салбарын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Анхдугаар зөвлөлдөх уулзалтыг БНХАУ-ын талаас Эрчим хүчний удирдах газрын дэд дарга Жан Юүчин, Монгол Улсын талаас Уул, уурхай, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дэлгэрцогт нар даргалав.

Уулзалтаар БНХАУ, Монгол Улсын хооронд байгуулсан Урт болон Дунд хугацааны Стратегийн иж бүрэн түншлэлийн баримт бичиг, хуучнаар Эрчим хүчний яам, БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газар хооронд байгуулсан Санамж бичгийг удирдлага болгон эдгээр баримт бичгүүдэд тусгагдсан гол гол асуудлуудыг хэрэгжүүлж ажиллах хүрээнд тодорхой сэдвүүдээр санал солилцож нэгдсэн ойлголтод хүрэв.Тухайлбал, хоёр орны хоорондын эрчим хүчний худалдаа, сэргээгдэх эрчим хүч, нүүрсний уурхайг түшиглэсэн том чадлын цахилгаан станц барихад БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр экспертүүдийн баг байгуулж хамтран ажиллахаар тогтов.

Categories
мэдээ улс-төр

Дилма Русеф дахин Бразилийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Өчигдөр Бразилд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болж өнгөрлөө. Урьдчилсан дүнгээр өдгөө төрийн тэргүүний албыг хашиж буй Дилма Русеф дахин ялалт байгуулж хоёр дахь удаагаа Бразилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тэрээр 51 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Эсио Невеё 49 хувийн дэмжлэг хүртжээ. Ийнхүү Хөдөлмөрчдийн намаас нэр дэвшсэн Дилма Русеф нь хоёр дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдлоо.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэндийн сайд ХӨСҮТ-д гэнэтийн шалгалт хийлээ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал дэлхий нийтийг түгшээж байгаа Эбола вирусийн халдварт өвчний эсрэг ХӨСҮТ бэлэн байдлаа хангаж ажиллаж байгаа эсэхийг шалгалаа. Тэрээр тус төвийн эмийн нөөц, эмч, ажилчдын тоног төхөөрөмжөө ажиллуулж байгаа байдал, энэхүү халдварын эсрэг хариу арга хэмжээг шуурхай авч, ямар зохион байгуулалтаар ажиллаж байгаа талаар сонирхлоо. Өвчтөн хүлээн авахаас өгсүүлээд эмчлэх, тусгаарлах бүхий л ажиллагаа хэрхэн явагдах талаар ч дэлгэрэнгүй мэдээлэл авч, танилцлаа. Мөн эмч, ажилчид хэрхэн бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа болон хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмж ажиллаж байгаа эсэх, эмийн нөөц, халат, малгай,ариутгалын уусмал хангалтай байгаа эсэхийг мөн газар дээр нь үзэж, танилцлаа

ХӨСҮТ өнөөдрийн байдлаар шуурхай хариу арга хэмжээний 4 багийг бэлэн байдалд ажиллуулж байна. Сайд тус вирусын халдвараас сэргийлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэлэн байдлыг хангах, цаашид улам эрчтэй, шуурхай ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг энэхүү гэнэтийн шалгалтын үеэр онцолсон. Эрүүл мэндийн байгууллагын хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисын нөөц дутмаг зэрэг тулгамдаж байгаа асуудлууд байна. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газрын тогтоолоор 477 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр болсоныг дуулгасан. ХӨСҮТ-өөс нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн талаар жагсаалт гаргаснаа сайдад танилцууллаа. Сайд цаашид гэнэтийн шалгалтыг хийж байхаар болсоноо дуулгалаа.

Categories
мэдээ улс-төр

Хуурамч мессеж авсан гишүүдийн тоо дөч гарчээ

УИХ-ын нэр бүхий гишүүдэд өөрийнх нь дугаараас өөрт нь мессэж ирсэн асуудал өнгөрсөн долоо хоногийг шуугианы нэг байлаа. Мобиком компани Румын, Мальта гэсэн хоёр улсын үүрэн холбооны оператороос Монголын хэрэглэгчдийн дугаарыг ашиглан мессэж явуулсан гэсэн мэдэгдэл хийгээд буй. Ийм мессэж явуулахдаа хориод хэрэглэгчийн дугаарыг ашигласан нь одоогоор тогтоогджээ. Мобикомын мэдээллийн дараахан Тагнуулыг ерөнхий газраас мэдээлэл хийж УИХ-ыг зарим гишүүдийн хүсэлтээр энэ мессежний хэргийг шалгаж эхэлсэн хэмээсэн. Тун удалгүй энэ хэрэгтэй холбогдуудан зарим нэг хүнийг шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл цацагдсан. УИХ-ын гишүүн М.Зоригт твиттер хуудсаараа дамжуулан өөрийнх нь туслахыг ТЕГ-аас дуудаж шалгасан талаар жиргэсэн юм. Ийнхүү хэд хэдэн хүнийг шалгасны эцэст ТЕГ-ыхан УИХ-ын гишүүд тойрсон өдөөн хатгалагийн мессежүүдийг Монголын эрх бүхий, нэр нөлөөтэй нэгэн явуулсан болохыг тогтоожээ. Гэхдээ тэр хүний нэрийг яаран мэдээлэхгүй гэж байгаа бололтой. Өөрийнхөө дугаараас мессеж авсан болон хэн нэгнээс дарамталсан өнгө аястай элдэв мессеж авсан УИХ-ын гишүүдийн тоо 44-д хүрсэний 30 нь МАН, 14 нь АН-ын гишүүд байжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатараас мордлоо.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпинд бараалхана.

Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай албан ёсны хэлэлцээ хийж, “Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах юм.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Хятадын Төв телевиз “ССТV-9” болон “Феоникс”телевизэд ярилцлага өгнө. Мөн Хятадын СNPC корпорацид зочилж, “Синопек” корпорацийн удирдлагатай уулзана.

Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, М.Батчимэг, Д.Сумьяабазар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид багтсан байна.

Монгол Улсын Их Хурлын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан ажиллана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.