Categories
мэдээ улс-төр

М.Энхболд: Бидний өргөн барьсан бичиг бол ард түмний олонхийн хүсэлд нийцсэн

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 28 гишүүнээс өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон ч АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ирэх долоо хоногийн лхагва гаригийн байнгын хорооны хуралдаан хүртэл завсарлага авлаа. Тэрээр завсарлага авахдаа “Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар хугацаа алдагдаж байгаа. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр Ардын намын хэд маань ийм санал өргөн бариагүй бол асуудал ингэж хүндрэхгүй. АН-ын бүлэг үдээс хойш энэ асуудлаар үргэлжлүүлэн хуралдахаар төлөвлөсөн” гэв. Харин түүний үгэнд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд хатуухан хариу барилаа.

МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ “Бид овоо босгоё гэж зорьж яваад байсан юм огт байхгүй. Д.Эрдэнэбат дарга үгээ олж хэлж байх нь зүйтэй болов уу. Та МАН-ын бүлгийн 26 гишүүн, танай намын бүлгийн төлөөлөл, “Шударга ёс” эвслийн бүлгийн төлөөлөл бүхий 28 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу Ерөнхий сайдад хариуцлага тооцуулахаар өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд ингэж хариуцлагагүй хандаж болохгүй. Энэ бичиг өргөн баригдаад 14 хонож байгаа. Та нар 14 хоногийн хугацаанд иргэд, олон түмний дунд яригдаж байгаа зүйл, тэдний санаа бодлыг сайтар судалж үзэх хэрэгтэй.

Бидний өргөн барьсан бичиг бол Монголын ард түмний дийлэнх олонхийн хүсэл санаа зоригт нийцсэн зүйл. 28 хүн босгосон овоо биш шүү. Улс орны эдийн засгийн байдал ямар болчихоод байгаа билээ, үүнд дүгнэлт хиймээр байна. Би хэд хоногийн өмнө байнгын хорооны хуралдаанд Монголд засаглалын хямрал бий болчихлоо гэж сануулж байсан. Харин өнөөдөр засаглалын хямрал бодитой нүүрлэчихлээ. Засаглалын хямралыг дагаад хууль тогтоох дээд байгууллага үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болчихлоо. Бакей дарга аа, Та Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд үүнд анхаарах ёстой шүү. Өнгөрсөн долоо хоногт З.Баянсэлэнгэ гишүүн Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаас завсарлага авсан. Завсарлага дуусаад гурав хонож байна. Энэ гурван хоногт байнгын хороо асуудлаа хэлэлцэх талаар ямар ч санал санаачилга гаргаагүй. Лхагва гаригт УИХ юу ч хийгээгүй. Пүрэв гаригт УИХ төсөв дагаж орсон ганцхан асуудлыг хэлэлцсэн. Өнөөдөр дахиад завсарлага авчихлаа. Цаана нь цаг алдахгүй ярилцаж шийдэх ёстой төсвөөс эхлээд улс орны амьдралын олон асуудал бий.

Та бүхэн энэ байдалдаа дүгнэлт хийгээч ээ. Төр улсын ажил ийм хариуцлагагүй, замхарч байхад ард олонд хэлэх үггүй болж байна. Гадна талд эмх замбараагүй байдал үүсвэл эндээс Засгийн газар, УИХ юм хэлэх эрхгүй, нүүргүй, ичмээр байдалтай болж байна. Та бүхэн хийх ёстой ажлаа ажлаа хийж чадахгүй 3-4 хоногоор ордон дотор бие биеэ хүлээгээд сэлгүүцэж болохгүй шүү дээ. Тиймээс ойрын үед энэ асуудлаа яаралтай шийдэж хуулийн хүрээнд нь болгомоор байна” гэлээ.

Мөн Л.Цог гишүүн завсарлага авах нэрийдлээр асуудлыг сунжруулж болохгүйг сануулаад “Бид арай дэндэж байна. Тангараг өргөчихөөд ингээд сууж болохгүй” гэж байлаа. Тэрээр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаар хэлэх үгээ заалгахгүйгээ ч энэ үеэр хэлээд амжив.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Миний хувьд ч гэсэн та нартай адилхан байр суурьтай байгаа. Төсөв батлах хугацаа хаяанд ирсэн үед энэ асуудлыг нэг тийшээ болгох ёстой” гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд тус байнгын хороонд харьяалагддаг МАН-ын бүлгийн гишүүд бүгдээрээ ирсэн бол АН-ын бүлгээс А.Бакей, Д.Эрдэнэбат, Р.Бурмаа нар л оролцлоо.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг завсарлага авав

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр АН-ын бүлэг завсарлага авав. Ингэснээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр боллоо.

Н.Алтанхуяг сайдыг огцруулахаар УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн дээр Л.Цог, Ж.Батзандан нарын хоёр гишүүн нэмэгдэж нийт 28 гишүүн УИХ-д үндэслэлээ өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан боловч “Шударга ёс” эвслийн бүлгээс тав хоногийн завсарлага авч байсан юм.

Өнөөдрийн хуралдаанаар АН-ын бүлэг мөн завсарлага авснаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ирэх долоо хоногийн лхагва гариг хүртэл хойшлуулж байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг: Баахан татвар нэмэх гээд байгаа зүйл байхгүй

УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Энэ удаагийн чуулганаар 2015 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ удаагийн чуулганаар Засгийн газрын асуудал, ерөнхий сайдыг огцруулах зэрэг анхаарлын төвд буй асуудлыг хэлэлцэхгүй бөгөөд .Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, .Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэж байна.

Төсвийн хууль төсөлтэй холбоотой эхний асуудал нь орон нутагт эрх өгөх нь зүйтэй эсэх тухай байсан бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганы хуралдаанд оролцон тайлбар өгч “Төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлын ашиглалт үрэлгэн байна. Иймд аймагт нь эрхийг нь өгөөд, энэ жил аль сумандаа сургууль барих, хэдэн хүүхдийн цэцэрлэг барихаа шийддэг байх нь үрэлгэн төсвийн бодлогоос салах арга. Орон нутагт эрхийг нь өгөх цаг болсон. Хэрхэн яаж зарцуулж байгаад босоо хяналт тавина. Тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийнхээ санаа оноог авч байх тухай заалт ч оруулсан. Эдийн засгийн хямралт үед эзэнд нь зарцуулах эрхийг өгөх хэрэгтэй. Аймгийн засаг дарга нь ямар сургууль барьж буйгаа ч мэддэггүй тохиолдол байна. Завханд 9.9 тэрбумаар драмын театраа барина уу, эмнэлгээ барина уу өөрсдөө хэлэлцээд л шийдэг. Улсаас 300 хүүхдийн сургууль бариад өгчихдөг, гэтэл тэнд нь 200 хүрэхгүй хүүхэд сурч байна. Уг нь тэндээ шийдэж барьсан бол ингэж үргүй зардал гаргахгүй шүү дээ” гэсэн юм.

Татварын бодлого буруу тийш явж, иргэдэд дарамт учруулах гээд байгаа юм биш биз гэсэн асуултад “Н.Алтанхуяг энд сууна уу, үгүй юу хамаагүй. Намайг байхгүй ч төрийн бодлого энэ дагуу л явна” гээд “Олон нийтийн шуугиад байгаа шиг баахан татвар нэмэх гээд байгаа зүйл байхгүй. Нийслэлийнхний хүсэлт гаргасныг судлаад нийслэл татвартай байж болно гэж оруулж ирсэн. Гэтэл баахан худлаа шуугиж, шүүмжилсэн учраас эргэн татсан” гэсэн юм.

Ж.Энхбаяр гишүүн мөн шүүмж хэлж “Орон нутгийнхан мөнгө авна гэж тооцоолоод өр зээл тавьчихсан зүйл ч байна. Төрийн санд хэчнээн зуун сая төгрөгийн гүйцэтгэл гарчихаад төлбөрөө авч чадахгүй аж ахуй нэгжүүд байгааг мэдэж байна уу. Төсөв мөнгө хэмнэнэ гээд л байдаг, гэтэл төсвийн урсгал зардал хэрээс хэтэрлээ. Хэдэн тэрбумаар ой тэмдэглэн, салют буудуулах юм. Төсвийн хөрөнгөөр бөөний төв бариад л хувийн хэвшлийнхний хийх ёстой ажлыг гардаад явдаг нь яаж байгаа юм. Дутуу обьектуудаа дуусгах боломжтой байсан мөнгийг та үр ашиггүй зарцуулсан” гэв.

Н.Алтанхуяг хариуд нь “Босгох шаардлагатай 400 гаруй обьект бий. Нүүрсний мөнгө орж ирсэн үед нь эхлүүлчихсэн, одоо өгчих мөнгө байхгүй гэдгийг учирлаад л байна шүү дээ. Гэхдээ орон нутагт өгч буй мөнгөөр үнэхээр шаардлагатай гэвэл үргэлжлүүлээд гүйцээж болно шүү дээ. Аль обьектийг гүйцээхээ өөрсдөө шийдэг л дээ. Улсаас барина гэхээр явцын дунд өртөг нь өсөөд байгааг мэдэж байгаа биз дээ. Яармагт баригдаж буй 300 ортой эмнэлэг л гэхэд одоо 16 тэрбумийг зарцуулчихсан, дуусгах гэхээр дахин 16 тэрбум хэрэгтэй гэж байна. Үр ашгийн хувьд бид харин ч ашигтай зүйлд зарцуулж байгаа” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуултыг үргэлжлүүлж “Орон нутагт эрх мэдэл шилжүүлэх ажлыг арай л буруу хийх гээд байна. Би үхэхээр чи үх гэж байгаа юм шиг зөв зүйлийг буруу хийх гээд байна. Орон нутагт дагаад төсвийн эрх мэдэл нь очиж чадахгүй нь. Ямар нэг хуулийн төсөл орж ирэхэд цаанаа ямар нэг хүний өмчийн эрх рүү халдах юм. Хувийн боловсролын байгууллагын хувьсах зардлыг багасгахыг эсэргүүцэж байна” гэв. Хувийн сургуульд төсвөөс өгөх хувьсах зардлыг хасах нь буруу биш гэдгийг ерөнхий сайд дурдаад “Хэдэн зуун ам.долларын төлбөртэй хувийн сургууль, улсын сургууль чинь ялгаатай шүү дээ. Хувьсах зардлыг нь огт өгөхгүй гээгүй, ялгаатай байдлаар л тогтоохоор болсон” гэв.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Гурван улсыг дэд бүтцээр холбох асуудлыг хэлэлцэв

Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний анхдугаар зөвлөлдөх уулзалт 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болов.
Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Чөн Гуопин, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар гурван талыг тэргүүлэн оролцов.
Энэхүү Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний анхдугаар уулзалтыг 2014 оны 9 дүгээр сарын 11-нд Душанбе хотноо болсон Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын дээд түвшний гурван талт уулзалтаар тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх зорилгоор хийв.
Талууд Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалтыг эхлүүлсэн нь бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдал, хөгжил, цэцэглэлтэд бүтээлч үүрэг гүйцэтгэх болно гэж санал нэгтэй үзэв.

Гурван улсын хооронд улс төрийн аливаа асуудал байхгүйг талууд тэмдэглэж, цаашид гурван тал бие биенийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, язгуур эрх ашигтай холбоотой болон анхаарал хандуулдаг томоохон асуудлаар харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Цаашид гурван талын худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн болон хүмүүнлэгийн салбарт бодит хамтын ажиллагаа, солилцоог хөгжүүлж, гурван улс хоорондын стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хадгалахын төлөө ажиллахаа талууд онцлон тэмдэглэв.
Талууд гурван улсыг дэд бүтцээр холбох нь гурван талын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл хэмээн үзэж, уул уурхай, дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалт, аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өрнүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.
Монгол Улсыг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д гишүүнээр элсэхийг Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс дэмжихээ дахин нотлов.


Талууд цаашид Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийн төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Уг зөвлөлдөх уулзалтын үеэр Ази, номхон далайн бүс нутгийн өнөөгийн байдал, гурван талын болон хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны үйл явц, харилцан сонирхсон тодорхой асуудлуудаар санал солилцов.
Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын дараагийн уулзалтыг 2015 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан ОХУ-ын Уфа хотноо болох үеэр зохион байгуулахаар зарчмын хувьд тохиролцов. Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор гурван улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 2 дугаар сард БНХАУ-д зохион байгуулахаар талууд тохиролцов.
– See more at: http://politics.time.mn/content/50662.shtml#sthash…

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн хуралдаан түр завсарлав

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан дөнгөж сая завсарлалаа. Хаалттайгаар хуралдаж буй тус бүлгийн хуралдаан халуухан болж байна гэсэн мэдээлэл ордноор нэг тараад байна. Учир нь тус бүлгийнхэнд Ерөнхий сайд мэдэгдэл хийж байгаа юм. Ерөнхий сайдын нууц мэдээллийн тухайд Ардчилсан нам дүрмээ өөрчлөөд намын даргын суудлаа өгөх нь гэсэн таамаглал ч байгаа юм. Мөн Их тэнгэрт болсон төрийн гурван өндөрлөгийн нууц уулзалтаар гаргасан шийдвэрийг ч хэлэлцэж буй бололтой.

Яг одоо Ардчилсан намын бүлгийн хуралдаан түр завсарлаад байгаа ч гишүүд ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байна. АН-ын бүлгийн хуралдаан үдээс хойш дахин үргэлжлэх ажээ.

Categories
мэдээ улс-төр

Дэд сайд нарын уулзалт эхлэв

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний анхдугаар гурван талт зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чөн Гуопин нар төлөөлөгчдөө тэргүүлэн оролцож буй юм.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Орос, Хятадын Гадаад хэргийн дэд сайд нар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүргийг хариуцагч Ч.Сайханбилэгт бараалхана

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч гурван талт уулзалтын төлөөлөгчидтэй уулзлаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатарт болж буй Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтад оролцогчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулав, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чэн Гуопин, Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтыг Улаанбаатар хотноо тогтмол хийж байх санаачлагын дагуу анхны уулзалтыг энэ оны есдүгээр сарын 11-нд Тажик улсын нийслэл Душанбе хотод хийсэн билээ. Тус уулзалтаар гурван улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд уулзалт хийж байх талаар тохиролцсоны дагуу дэд сайд нарын гурван талт уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод эхэлж байна.

Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалтаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааны ойрын жилүүдийн чиглэл, салбаруудыг тодорхойлохоор ярилцах юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалтад оролцогчдод ажлын амжилт хүсэн ерөөв.

Categories
мэдээ улс-төр

Үдээс өмнө чуулган хуралдахгүй нь

Өнөөдөр хуваарь ёсоор хуралдах байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ямар ч байсан үдээс өмнө хуралдахгүй болох нь тодорхой боллоо. Учир нь АН-ын бүлгийн хуралдаан хаалттай үргэлжилж байгаа бөгөөд МАН-ын гишүүд чуулганы танхимд сууж байгаад сая таран одлоо. Тиймээс үдээс хойш чуулган хурао\лдах эсэхийг хүлээх үлдлээ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын ҮЗХ хуралдаж магадгүй

Яг одоо Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж байгаа. Уг хуралдаанаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн талаар ярьж байгаа талаар мэдээлэл бид хүргэсэн билээ. Харин энэхүү бүлгийн хурлын дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл хийх юм байна. Уг мэдэгдлээрээ тэрээр намын даргын албан тушаалаа өгөх эсэхээ эцэслэн хэлэх ажээ.

Дашрамд хэлэхэд, өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай уулзсан юм. Уулзалтаар Н.Алтанхуягийн намын даргын суудлыг хэрхэх тухай мөн ярилцсан гэх албан бус мэдээлэл ч байгаа юм.

Энэ бүх асуудлаас үүдэн маргааш АН-ын ҮЗХ хуралдаж магадгүй гэсэн мэдээлэл Төрийн ордонд тэнүүчилж байна. Гэхдээ уг асуудал нь өнөөдөр Н.Алтанхуягийн хийх мэдэглээс тодорхой болох билээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийж байна

УИХ дахь АН-ыг бүлэг яг одоо хуралдаж байна. Бүлгийн хуралдаанд АН-ын дарга Н.Алтанхуяг мэдэгдэл хийж байгаа гэдгээс өөр тодорхой мэдээлэл алга. Харин өчигдөр тодорхойгүй шалтгаанаар хуралдаагүй Байнгын хороодын хуралдаан өнөөдөр ч хэзээ хуралдах нь тодорхойгүй байна.