Categories
мэдээ улс-төр

Баруун-Урт-Мөнххаан-Өндөрхаан чиглэлийн 177.9 км авто замын хөдөлгөөний нээлтэд оролцов

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.11.01/ Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тэрээр Сүхбаатар аймгийн төвд Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 177.9 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөний нээлтэд оролцов.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлж, нийтдээ 5400 гаруй км авто замын ажил хийхээр төлөвлөсөн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 2500 км авто замыг барьж, их бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байна. 85 жилийн түүхтэй Авто замын салбар 2012 он хүртэлх хугацаанд зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож байсан бол шинэчлэлийн Засгийн газрын үед хоёрхон жилийн дотор зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож байна. 2013 онд Дундговь, Баянхонгор аймгийг холбосон бол 2014 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Өмнөговь аймгийн төвийг нийслэл хоттой холбох 296 км авто замын хөдөлгөөнийг нээсэн. Удахгүй Хөвсгөл аймгийн төвийг нийслэл хоттой холбох 263 км авто замын хөдөлгөөнийг нээх гэж байгаа бол өнөөдөр миний бие Сүхбаатар аймгийн төвийг улсынхаа нийслэлтэй холбох 177.9 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг нээх ёслолд оролцож байна хэмээн онцлон тэмдэглэв. Түүнчлэн Улаанбаатар хот-Сүхбаатар аймгийг холбосон авто зам ашиглалтад орсноор Сүхбаатарчуудад цаг хугацааг хэмнэж, тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж нээгдэж буйг онцлоод зам барилгын ажлыг гүйцэтгэсэн болон зам барилгын ажилд өдөр тутмын хяналт тавьж ажилласан “Арж капитал”, “Түм арвижих”, “Эм Ай Эл”, “Ар Си Эс Си” компаниудын хамт олонд баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 177.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажил нь 87.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хоёр төсөл арга хэмжээнээс бүрдсэн бөгөөд “Чингис” бондоос 72.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Энэхүү 177.9 км хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэгч “Арж капитал” ХХК 132.6 км, “Түм арвижих” ХХК 45.3 км авто замыг барьсан бол “Эм Ай Эл” ХХК, “Ар Си Эс Си” ХХК-иуд хяналтын зөвлөхөөр ажиллажээ.

Сүхбаатар аймгийг нийслэл хоттой холбох авто замын томоохон бүтээн байгуулалтын ажилд 650 гаруй инженер техникийн ажилчид болон мэргэжилтэн, туслах ажилчид ажиллаж, 300 гаруй машин механизм, тоног төхөөрөмж ашиглагдсан байна.

Сүхбаатар аймгийн төвд болсон Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 177.9 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөний нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Улсын Их Хурлын М.Зоригт, Ж.Батзандан, Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга С.Ламбаа, Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Монгол Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны нийт 247104 хүүхэд бүртгэгдээд байна. Тэдний 10 хүүхэд тутмын гурав нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэсэн судалгаа гарчээ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийннөхцөл байдал, нөөц бололцооноос хамаарч 2-5 насны бүх хүүхдийг ийнхүү сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах боломжгүй байгаа юм.

Монголын нийгмийн өмнө тулгамдаад байгаа энэ асуудлыг төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор шийдвэрлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулсан юм.

Хуулийн төсөл өргөн барьсны дараа Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд сэтгүүлчдэд хандан товч мэдээлэл өгөв. Тэрээр хийсэн мэдээлэлдээ “Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхдийн 30 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын гурав нь гэртээ цоожлогдож, эрсдэлтэй нөхцөлд хоцорч байна гэсэн үг. Үүнээс болж хүүхэд бэртэж гэмтэх зэрэг сөрөг үр дагавар дагуулж байна. Хүүхдийг асарч хамгаалах асуудал өнөөдөр нийгмийн өмнө тулгамдсан асуудал болж байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Үүнийг шийдвэрлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл боловсруулсныг УИХ-ын даргад өргөн барилаа.

Хуулийн төслөөр бол Хүүхэд харах үйлчилгээний төв гэсэн албан ёсны нэгж энэ ажлыг гүйцэтгэнэ. Хүүхэд харах ажлыг 18-60 хүртлэх насны, эрүүл, халдварт өвчингүй, бүрэн дундаас дээш боловсролтой хүмүүс эрхэлнэ гэж хуулийн төсөлд заасан. Хүүхэд харах үйлчилгээний төвийн нэг бүлэгт байх хүүхдийн тоо 20-иос илүүгүй байна. Мөн хориглох зүйл, шаардлагыг хуулийн төсөлд тусгаж өгсөн.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсанаар 52900 хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах юм” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Элэгний өвчнийг эмчлэх талаар зөрүүтэй ойлголтоо нэгтгэх хэрэгтэй гэж үзэв

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн цахим хурал өнөөдөр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд боллоо. Уг хуралд Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, мэргэжилтэн Н.Болормаа, ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын албаны дарга Ж.Нямсүрэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Н.Гэрэлмаа нар оролцлоо. Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал хурлыг нээж “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт хийгдсэн ажлууд, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг сүүлийн долоо хоногийн байдлаар танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 1582 хүүхэд мэндэлжээ. Зарим онцлох үйл явдлаас товч дурдвал:

• Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдаж хоёр асуудлыг хэлэлцсэн.

– Монгол улсын Төрийн шагналд нэр дэвшүүлэх бүтээл: Анагаах ухааны хүрээлэнгийн захирал, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав ахлагчтай мэс засалчдын багийн “Зүрхний титэм судас ба судсан дотуурх мэс заслын эмчилгээний арга, технологийг Монголд нэвтрүүлсэн нь” бүтээлийг хэлэлцэн Монгол улсын төрийн шагналд дэвшүүлэхээр шийдвэрлэв.

– Элэгний өвчлөл, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцсан бөгөөд Сайдын зөвлөлийн гишүүд элэгний өвчлөлийн эсрэг хариу арга хэмжээ авах талаар зөрүүтэй ойлголтоо нэгтгэж, зөвшилцөлд хүрэх нь чухал байгаад санал нэгдлээ. Мөн В, С вируст гепатитын эмчилгээний талаар олон нийтийн дунд бий болсон ташаа ойлголтыг залруулах, үнэн зөв бодит мэдээллийг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх ажлыг зохион байгуулахаар боллоо.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар, сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөгөөг ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын албаны дарга Ж.Нямсүрэн мэдээлэл танилцуулснаар энэ удаагийн цахим хурал өндөрлөлөө.

Categories
мэдээ улс-төр

Анкара хоттой хамтарч ажиллана

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотын орлогч дарга Али Гөкшин Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн юм. Нийлэлийн Засаг дарга ноён Али Гөкшин, Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагез болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга “Бид 2030 он гэхэд 5сая жуулчин хүлээн авах “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан. Үүнд танай улсаас ихээхэн дэмжлэг туслалцаа авахыг хүсч байна. Танай улсын жуулчдыг татахын тулд бид нийслэлдээ Турк соёлыг шингээсэн бүхий л зүйлийг бий болгох болно. Тийм ч учраас аялал жуулчлалын тал дээр дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм. Харин Анкара хотын орлогч дарга ноён Али Гөкшин “Бид Улаанбаатар хоттой бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Тэр тусмаа аялал жуулчлал бол их чухал салбар. Энэ салбарт хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ.
Мөн Нийслэлийн Засаг даргыг Анкара хотод зочлохыг урьж, ах дүү харилцаатай хотуудын хувьд эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, бүтээн байгуулалт гээд бүхий л талаар дэмжиж ажилахад бэлэн байгаагаа хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Гутлын үйлдвэрийн нээлтэд оролцлоо

Чингис бондоос хоёр тэрбум төгрөгийн зээл авч, Итали, Герман технологиор өдөрт 800 хос гутал үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээний 30% хангах хүчин чадалтай “Best Shoes” үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ. Үйлдвэрийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож хийж бүтээхээр хичээж зүтгэж байгаа хүмүүсээ Шинэчлэлийн Засгийн газар цаашид ч дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. Улмаар Засгийн газарт хуулийн төслийг буцаахаар болов. Ингэснээр төсөвтэй холбоотой нэлээд тооцооллын өөрчлөлт гарах бололтой.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаан болж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. ХуралдаанаарМонгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох тухай агуулга бүхий Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх зэрэг таван асуудлыг хэлэлцэнэ. Одоогоор АН-ын ихэнх гишүүд чуулганд орж ирээгүй байна.

Categories
мэдээ улс-төр

Шилэн дансны хуулийн бэлтгэлийн талаар хэлэлцэв

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах тухай уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар зохион байгуулж, яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох агентлаг, нийслэл, дүүргийн удирдлага, төрийн бус байгууллагууд, иргэд, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ “Шилэн дансны тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Ухаалаг төрийн бодлогын хууль, эрх зүйн чиглэлээр хийж буй нэг чухал арга хэмжээ болгож УИХ-аар батлуулсан. Энэ хууль нь улс, орон нутгийн төсөв, улс, орон нутгийн өмч, хөрөнгийг зөв зүйтэй зарцуулах, энэ чиглэлээр гаргаж байгаа шийдвэр, түүний хэрэгжилтийг ил тод болгох, олон нийтийн хяналт тогтоох зорилготой. Шилэн дансны тухай хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой дүрэм журам гаргах ёстой” гэлээ.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Шилэн дансны тухай хуулийг баталснаар олон эерэг үр дагаврыг нийгэмд авчирна гэдэгтэй олон хүн санал нэг байгаа. Энэ хууль хэрэгжсэнээр төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг үлэмж дээшилнэ. Татвар төлөгчдийн мөнгө, зээл тусламж юунд зарцуулагдаж байгаа нь олон түмний хараа хяналтад орно. Мөн олон түмний оролцоог бий болгож, зарим эрх мэдэлтэн, албан тушаалтан удаан хугацаагаар буруу замаар будаа тээх боломжгүй болно. Ингэснээр эдийн засаг, авлигатай холбоотой гэмт хэргийн гаралт буурна. Иймээс нийгэмд ч, хувь хүнд ч, албан тушаалтанд ч, улс орны эрх ашигт ч нийцсэн амин чухал хууль юм. Энэ хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангахад Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой ач холбогдол өгч байгаа. Хэрэгжилтээс Монгол Улсын цаашдын ирээдүйн хөгжил дэвшилд олон эерэг зүйл гарна гэсэн итгэлтэй байна. Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахад Сангийн яам гол үүрэгтэй юм. Шилэн дансны хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлснээр тухайн байгууллага дээр зарагдсан таван саяас дээш төгрөгийн бүх гүйлгээг интернэт, веб хуудас дээр тавина. Веб хуудасгүй бол олон нийтэд харагдах самбар дээр хадаж байрлуулна. Мөнгөний гүйлгээн дээр нэг, хоёрдугаар гарын үсэг зурсан ажилтан үүнийг нийтэд мэдээлэх үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болно гэсэн хатуу заалтыг хуульд оруулсан. Мөн төсвийн ирээдүйн дарамтыг багасгахтай холбоотой заалт орсон. Элдэв бонд, баталгаа, ирээдүйд төв, орон нутгийн төсөвт дарамт учруулахуйц шийдвэр гаргасан албан тушаалтан шийдвэрээ төрийн захиргааны төв байгууллага, Сангийн яаманд бүртгүүлж байж тэр шийдвэр нь хүчин төгөлдөр болох ёстой. Төрийн болон яам, байгууллагын нэрийн өмнөөс баталгаа гаргаж байгаа албан тушаалтны шийдвэр нь төвлөрсөн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэгдэж байж хүчин төгөлдөр болох учиртай.

Шилэн дансны хууль нь нэг талаасаа хөрөнгө мөнгөний захиран зарцуулалтыг сайжруулах, нөгөө талаасаа төсвийн үндэслэлгүй дарамтаас урьдчилан сэргийлэх, ингэхдээ олон түмний оролцоог бий болгох зэрэг талаас нь бодож хийсэн хууль юм. Үүнийг ард иргэд маш их хүлээж дэмжиж байгаа.

Сар хүрэхгүй хугацааны өмнө Авлигатай тэмцэх асуудлаар хийсэн олон улсын хурлын үеэр Шилэн дансны хууль амжилттай хэрэгжээд эхэлбэл сонгуулийн санхүүжилттэй холбоотой асуудлыг ч зохицуулж болно гэсэн санал гарч байсан. Шилэн дансны хууль амжилттай хэрэгжвэл цаашид энэ хуулиар зохицуулагдаагүй сонгуулийг санхүүжүүлэх, түүнийг тайлагнахтай холбоотой асуудлыг ч зохицуулж болно гэсэн санал нийгмээс гарч байгаа юм. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжилд онцгой чухал ач холбогдолтой, хариуцлагатай холбоотой энэ амин чухал хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байгаа байдлын талаарх өнөөдрийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо хуралдав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тус байнгын хороо өмнөх хуралдаанаараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн хэдий ч чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Харин бусад дөрвөн хууль, тогтоолийн төслийг гишүүд дэмжсэн билээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Төсвийн байнгын хорооны гишүүдээс хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гаргасан байна. Уг саналуудаар санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал Ч.Хүрэлбаатар гишүүн, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн саналын томьёолол, С.Баярцогт гишүүний Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгжиж эхлэх хугацааг 2015-01-01-нээс байхаар найруулгын шинжтэй санал болон Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталья гэсэн горимын саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Харин Ч.Хүрэлбаатар гишүүний Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн зарчмын зөрүүтэй санал гишүүдийн дэмжлэгийг хараахан авч чадаагүй юм.

Ийнхүү гишүүд санал бүрээр санал хураалгаж дууссаны дараа, зарчмын зөрүүтэй саналуудын талаарх байнгын хорооны санал, дүгнэлт болон хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Цэцийн дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй гэж үзэв

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн байдлын тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 4/, Арван есдүгээр зүйлийн 1, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох зүйл заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн юм.

Үндсэн хуулийн цэцээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “”хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, … тэгш байдал, … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, … эрхтэй. …”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “…Хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.