Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг “Миний сэтгэл хоёр жил шахуу эмзэглэж яваа” гэв

Н.АлтанхуягЕрөнхий сайдын хувиар УИХ-ын чуулган дээр сүүлийн удаа үг хэлэхдээ МАН-аас санаачилсан дөрвөн үндэслэлээр Засгийн газраа огцруулахгүй байхыг хүссэн юм. Тэрбээр өөрийг нь ёс зүйн хувьд Ерөнхий сайд байх боломжгүй гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрсөнгүй. Харин ч өөрийг нь гүтгэсэн, доромжилсон хэмээн үзэж байлаа. “Миний сэтгэл хоёр жил шахуу эмзэглэж яваа. Аавынх нь албан тушаалыг авахын тулдохиныг нь хэрэгтэн болгож байна. Хоёр жил хүлцлээ, тэвчлээ” гэж тэр хэлэв. Тэрбээр өөрийнх нь эсрэг кноп дарах нь тодорхой МАН-ын гишүүдийг ширвээд авахаа мартсангүй. “МАН улс төрийн тэмцэл нэрийдлээр улсаа хорлодог байж болохгүй” гэж байв. Мөн бүх юм сайхан байхад муухай болгочихсон мэтээр ярьж болохгүй гэв. Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд2 их наяд 600 тэрбум төгрөгийн өр төлсөн.Үүний багагүй хэсэг нь Монгол Улсын Засгийн газар Оюутолгойгоос 250 сая доллар зээлээд, ард түмэндээ 21 мянган төгрөг, нэг сая төгрөг тараасан болон Чалкод төлөх өр эзэлж байгааг санууллаа. “Шинэчлэлийн Засгийн газаршүүмжлэл, доромжлолыншуурган дундуур сүүлийн 25 жилд хийгээгүй их ажил хийсэн” гэдгээ онцлов.

Улс орны өрийн тухай нэгдсэн ойлголтод хүрэх тоонуудыгН.Алтанхуяг тайлбарлав. “ОУВС-гаасөрийн шалгуур үзүүлэлтийг тооцохдоо Монгол Улсын өрийн үлдэгдлийн ДНБ-дногдох хувийг дундаж гэсэн ангилалд багтаасан”-ыг Н.Алтанхуяг тэмдэглэв. “Улс орноо өрөнд оруулъя гэдэг ширхэгхүн байхгүй” гэж тэр хэлээд харин ч “Улс орноо овойлгочих юм сан, оцойлгочих юм сан, шовойлгочих юм сан” гэж хүсч явсан гэнэ.

Түүний үгийн дараа санал хураалт болж УИХ”Шинэчлэлийн” гэх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах шийдвэрийг гаргалаа. Чуулганд оролцогчдын 54 хувийн саналаар Н.Алтанхуяг огцорсон юм.

Шинэ Ерөнхий сайд томилогдтол Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайдыг орлох агаад Засгийн газрын гишүүд үүрэгт ажлаа хийж байхыг УИХ даалгав.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр дараахь байнгын хороод хуралдана

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал.

/Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нарын 28 гишүүн 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал.

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

1.11 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДӨР /ЛХАГВА ГАРАГ/-ИЙН 09.00 цагаас:

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал /Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нарын 28 гишүүн 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн/.

2.11 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДӨР /ЛХАГВА ГАРАГ/-ИЙН 15.00 цагаас:

Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдыг огцруулахыг байнгын хороо дэмжив

Төрийн байгуулалтын байнгын хороо 89.5 хувийн ирцтэйгээр УИХ-ын 28 гишүүнээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааны эхэнд гишүүд үг хэлсэн юм. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Үндсэн хууль зөрчсөн энэ үйлдлээр санал хураалт явуулах нь буруу. Гэхдээ заавал санал хураана гэж байгаа бол хураахаар яахав” гэсэн бол УИХ-ын гишүүн Р.Бурмаа “МАН-ын огцруулах саналаар би огцруулахгүй. Харин Ардчилсан намын удирдлагуудын нэг болох Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой” гэсэн уриалгыг хүндэтгэн Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дарна гэсэн юм. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засгийн газар хоёр жилийн хугацаанд ажиллалаа. МАН-аас огцруулах асуудлыг 6-7 удаа оруулж ирэхдээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хоёр удаа оруулж ирсэн. Эдийн засаг болон бусад асуудлаар огцруулах тухай ярьж болно. Гэтэл Ардын намынхан Засагт ороогүйн төлөө хонзогнож яваа нь буруу. Би Ардчиллын эхэнд гар бие оролцсон. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан хүний хувьд гүн эмгэнэл илэрхийлье. Бид хэлмэгдүүлэлтийн 1937 он руугаа явж байна. Аймаглан устгадаг тэр цаг үе рүү бид очиж болохгүй. Д.Хаянхярваа гишүүн нэр төрд халдсан. Тиймээс Иргэний хэргийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргасан. Хаянхярваа гишүүнээ тоглоом тогтой нь дээр шүү” гэсэн юм. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураахад Байнгын хорооны хуралд суусан 17 гишүүний 11 нь дэмжсэн юм. Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат Ерөнхий сайдыг хамгаалсан үг хэлж байсан ч санал хураах үед эсрэг санал өгч харагдав. Үүнийгээ тэрбээр “Андуураад буруу кноп дарчихлаа” хэмээн хэлсэн юм. Харин Р.Бурмаа гишүүн хэлсэн ёсоор эсрэг санал өгсөн бол Шударга ёс эвслийн бүлгээс Л.Цог, Г.Уянга нар Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэдэг саналыг дэмжсэн юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг эцэслэн хэлэлцэнэ. Чуулганы хуралдаан удахгүй эхлэх гэж байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Орон нутгийн хөгжлийг хэлэлцэв

Аймгийн төвүүдийг хот болгох Шинэчлэлийн Засгийн газрын зорилт хоёр жилийн хугацаанд ямар үр дүнд хүрч байгаа болон ямар бэрхшээл үүсч байгаа талаар орон нутгийн удирдлагууд мэдээлэл өглөө. Хэлэлцүүлэгт Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар, Ховд, Увс аймгуудын Засаг дарга нар оролцлоо. Монгол Улс зах зээлд шилжсэнээс хойш орон нутгийн хөгжлийн бодлого орхигдоод байсан бол сүүлийн хоёр жилийн дотор аймгийн төвүүд өнгө төрхөө өөрчилж, гудамж замууд шинэчлэгдэж, орон сууцны хорооллууд босч байна. Хөдөөд гол бэрхшээл болж ирсэн дулаан, цахилгааны хангамж эрс сайжирснаар үйлдвэрлэл, бизнес тэлэх таатай нөхцөл бүрдэж байна гэж дээрх аймгуудын удирдлагууд хэллээ. Зөвхөн аймгийн төвүүд биш сумд ч орчин үеийн хот суурингийн жишгээр хөгжиж эхэлсэн нь Монгол Улсын түүхэн дэх том дэвшил юм. Улсын хэмжээнд 19 сумыг жишиг болгон шинэчилж байгаа бол өөр олон сум өөрсдийн санаачилгаар орчноо өөрчилж байна. Орон нутагтаа иргэд тав тухтай, ажил орлоготой амьдрах боломж ийнхүү бүрдсэнээр хөдөөнөөс хотыг чиглэсэн их нүүдэл эргэж эхэлсэн гэж Засаг дарга нар онцоллоо. Алслагдсан аймгуудаас өнгөрсөн 20 жилд хамгийн олон иргэн нийслэлд шилжиж ирсэн бол энэ оны эхний 9 сарын байдлаар Увс аймагт 2000, Ховд аймагт 1000 гаруй хүн, Сүхбаатар аймагт 130 гэр бүл төрөлх нутагтаа буцан нүүж очжээ.

Жижиг засвар, тохижуулалтыг хүртэл “төвийн” зөвшөөрлөөр хийдэг байсан санхүүгийн механизмыг халж, 2012 оноос төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлсэн. Орон нутгийн түвшинд тулгамдсан асуудлуудыг иргэдийнхээ оролцоотой эрэмбэлж, шуурхай хэрэгжүүлж чаддаг болсны үр дүнд ард иргэдийн амьдрах орчин эрс сайжирч байгаа гэнэ.

Улс орныг хамарсан эдийн засгийн хямрал нүүрлэлээ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, бичиж байгаа ч орон нутагт эдийн засгийн нөхцөл эерэг үзүүлэлттэй байгаа. Орон сууцны борлуулалт, иргэдийн хадгаламж тогтмол өсч байгаа нь үүний илрэл юм гэж зарим аймгийн Засаг дарга тодотголоо. Увс аймагт энэ оны эхний 9 сарын байдлаар иргэдийн хадгаламж 6 тэрбумаар нэмэгдсэн. Ховд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн 2 жил дараалан 30 гаруй хувиар өссөн, бусад аймгийнх ч тогтмол өсч байгааг статистикийн мэдээнээс харж болно гэлээ.

Аймгийн төвүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрөл бий болж байгаатай уялдуулан зарим аймаг шинэ төлөвлөлт хийж байна. Энэ төлөвлөлтдөө гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татаж, хувийн хэвшлээ идэвхтэй оролцуулахыг эрмэлзсэнээр зарим аймаг хуваарилагдсан төсвөөсөө давсан бүтээн байгуулалт хийж чадсан. Эрчтэй урагшилж байгаа энэ мэт ажлууд тасалдалгүй үргэлжлэх нь чухал байна гэж аймгийн Засаг дарга нар хэлэлцүүлгийн үеэр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн байгууллагуудын төсвийг өмнөх жилийнхээс бууруулахгүй байх бодлого баримталжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор тус байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцсэн. Мөн гишүүдийн асуултад Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хариулж байлаа. Монгол Улсын 2015 оны төсөв хэмнэлтийн горимд шилжсэн ч хууль зүйн байгууллагуудын төсвийг өмнөх жилийнхээс бууруулахгүй байх бодлого баримталсан байна. Энэ нь хуулийн салбарын шинэчлэлийн бодлоготой холбоотой бөгөөд шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор зарим орон нутагт шинээр байшин барих гэх зэрэг зардлуудыг тусгажээ. Мөн хуралдааны үеэр шүүгчид өөрсдийнхөө цалинг тогтоодог буруу жишиг тогтлоо гэдгийг гишүүд эрс шүүмжилсэн. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрээр энэ онд шүүгчдийн цалин хамгийн багадаа 3.6 сая төгрөг болж нэмэгдсэн юм. Уг нь үүнийг УИХ баталгаажуулах байсан ч өнөөг хүртэл асуудлыг хэлэлцэж амжаагүй байгаагаас хуулийн салбарын бусад байгууллагууд шүүхийнхэнтэй барьцах дүр зураг үзэгдэх болсныг гишүүд шүүмжиллээ.

Categories
мэдээ улс-төр

Цалин тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх санал гаргажээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Энэ удаагийн хурлаар бүлгийн гишүүд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн саналаа нэгтгэжээ. УИХ дахь МАН-ын бүлэг ирэх оны төсвийн төслийг тооцоо судалгаа, үндэслэл муутай, цалин тэтгэврийг нэмэхэд зориулж 500 тэрбум төгрөг төсөвлөсөн ч хэдэн хувиар нэмэгдэх нь тодорхойгүй байна гэж дүгнэжээ.

Тус намын бүлгээс ирэх оны төсвөөс 150 тэрбум төгрөгийн зардал буурах санал оруулахаар болсон байна. Ингэхдээ хүүхэд бүрт сар бүр олгодог 20 мянган төгрөгийг 30 мянга болгон зорилтот бүлэгт олгох, цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэмжийг нэмэх санал тусгажээ. Харин Засгийн газрын тусгай сангийн зардлыг бууруулж, 135 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ. Засгийн газрын 15 тусгай санд нийтдээ 2,5 их наяд төвлөрдөг бөгөөд төсөвт зарцуулсан задаргаагаа тайлагнадаггүй байна. Дотоод томилолтын зардлыг 2012 оныхтой дүйцүүлэн барьсанаар найман тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэнэ.

Эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн байгууллагынхаас бусад төрийн албаны шатахууны зардлыг 20 хувиар бууруулах саналыг тус намын бүлэг гаргажээ. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийг дэмжих сангийн хөрөнгийг хэвээр тусгаад, харин зарцуулалтыг нь тодорхой болгож өгөх хэрэгтэй гэж үзжээ. Мөн төрийн захиргааны албаны орон тоог 10 хувиар бууруулвал 11 тэрбум төгрөг төсвөөс хэмнэх болно гэж тооцоолсон байна.

Categories
мэдээ улс-төр

Швейцарийн Хөгжлийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Швейцарийн Хөгжлийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтад Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Швейцарийн Хөгжлийн агентлаг/ШХА/-ийн орлогч дарга Дийпак Элмер, ШХА-ийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн менежер Жак Мера, Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн багийн ахлагч Франсуй Парве нарын зэрэг төлөөлөгчид байлцав.

Уулзалтын эхэнд ШХА-ийн орлогч дарга Дийпак Элмер хэлэхдээ тус агентлагаас Монгол Улсад олон төсөл хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлж байгааг дурдаад Монгол Улын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар хэрэгжүүлж буй Шууд ардчилал, Иргэдийн оролцоог хангах, төсвийг ил тод, тунгалаг нээлттэй болгох ажлууд эхнээсээ үр дүнгээ өгч байгаад нь сайшаалтай хандаж байгаагаа илэрхийлэв. Мөн энэ чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажлуудыг нь дэмжиж хамтран ажиллана гэв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ Ерөнхийлөгчийн санаачилгаар олон сайн санал санаачилга хэрэгжих шатандаа явж байгааг дурдлаа. Тэрээр Иргэдийн оролцоо, төсвийн ил тод байдал, тунгалаг тогтолцоог бий болгох хүрээнд Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль батлагдаж 2015 оны нэгдугаар сараас хэрэгжиж эхлэх гэж байгааг дуулгаад ШХА-аас Монгол Улсад хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн илүү нягт уялдаатай хамтран ажиллахыг хэлж, төлөөлөгчдийн ажилд амжилт хүсэн ерөөлөө гэж Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Тавантолгойн ТУЗ-ын гишүүд, дарга нар нь маш өндөр цалин авч байна гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо үдээс хойш хурладлаа. Энэ удаагийн хуралдаанаар Тус байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээс “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газартай хамтран хийсэн шалгалтын дүнг сонсох ёстой байсан ч хуралдаанд оруулах бэлтгэл ажил хангагдаагүй хэмээн хэлэлцээгүй юм.

Дөч гаруй хуудас уг дүгнэлтэнд хууль зөрчсөн ноцтой асуудлууд цөөнгүй байгаа хэмээсэн тул ажлын хэсгийн ахлагч А.Тлейханаас энэ талаар тодруулсан билээ. Тэрээр “Тавантолгой компанийг хувьчлах ёстой гэж ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Тус компани нь эдийн засгийн хувьд хүнд байдалтай хэрнээ санхүүгийн хувьд зөрчилтэй зүйл ихтэй байна. Аудит, төрийн өмчийн хорооныхон шалгасны дараагаар санхүүгийн зөрчилтэй гэдэг нь харагдсан. Нэгд, олон төрлийн хэрэггүй эд ангиуд худалдан авсан байна. Мөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, дарга нар нь маш өндөр цалин хангамж авч байна. 2012 оны сүүлээр гарсан тогтоолоор бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга байдаг юм билээ. Гэтэл тэр хүнд сарын 6 сая төгрөгийн цалин өгөх юм. Гишүүд нь сард 1,8 төгрөгийн цалин авч байна. Засгийн газрын тогтоосон журмаар бол төрийн өмчийн компанийн захирал, удирдах зөвлөлийн дарга, гишүүд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс дээш хэмжээний цалин, урамшуулал авч болохгүй гэх журам байдгийг зөрчсөн байна. 400 мянга орчим төгрөгийн цалин авах ёстой хүн зургаан саяыг авч байна шүү дээ. Компанийн үрэлгэн байдал, орон тоо ихээр нэмэгдсэн байна. Төв оффист нь 120 гаруй хүн ажиллаж байна. Төрийн өмчийн компани хэрнээ Төрийн өмчийн хорооны хяналтанд байдаггүй юм байна. Иймд цаашид үр ашигтай ажиллах уу гэдэг нь эргэлзээтэй байна” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо хуралдахгүй

Өнөөдөр 11 цагт товлогдоод байсан УИХ-ын төсвийн байнгын хорооны хуралдаан ирц хүрээгүй шалтгаанаар цуцлагдлаа. Уг хуралдаанаар борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох, 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 1 хувь болгох агуулга бүхий Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулах хоёр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ирц хүрээгүйн улмаас байнгын хороодын хуралдаан хойшлов

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороод өглөө хуралдахаар товтой байсан ч ирц хангалтгүйн улмаас тус тус хойшилсон байна. Төлөвлөгөө ёсоор эдгээр байнгын хороодоор Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байв. Өнөөдөр эдгээр хоёр байнгын хорооноос гадна Төрийн байгуулалт, Төсвийн, Хууль зүйн байнгын хороодын хуралдаан хуралдахаар төлөвлөөд байна.