Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг, Ц.Оюундарь нар хурал даргалах сонгуульд ялагдав

Өчигдөр 18:00 цагт эхэлсэн АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны (ҮЗХ) хурал 170 гаруй гишүүний ирцтэй, ширүүхэн болсны эцэст хурлын дараглагч болоод тооллогын комиссын гишүүдээ баталж аваад шөнийн 00:40 цагт завсарласан юм.

Хурал ийнхүү ширүүхэн уур амьсгалтай долоон цаг үргэлжилсний учир нь зөвхөн нэг асуудалтай холбоотой байжээ. Энэ нь Н.Алтанхуяг, Ц.Оюундарь нарыг ҮЗХ-ны хурлын даргалагч Э.Бат-Үүл “Н.Алтанхуягийн АН-ын дарга байх бүрэн эрх хоёр жилийн өмнө дууссан учир, хурлын индэрээс буухыг шаардсан шаардлага”-аас үүдэлтэй байж. Учир нь Н.Алтанхуяг, Ц.Оюундарь нар хурлын индэрээс буухаас татгалзаж, тэр битгий хэл Н.Алтанхуяг “тэр намын дүрэм, журам яахав ээ. Би хурлаа даргалъя” хэмээн хэлээд авсан сурагтай.

ҮЗХ-ны гишүүд Н.Алтанхуяг, Ц.Оюундарь нарыг хурлын индэрээс буулгахын тулд эцэстээ “Хурал даргалагч”-ийг гишүүдээс санал хурааж шийдэхээр болсон байна. Тус санал хураалтад Н.Алтанхуяг, Ц.Оюундарь, Э.Бат-Үүл, Д.Баттулга, Д.Бадарсан гэсэн зургаан хүн нэр дэвшиж өрсөлджээ.

Ингээд санал хураалтын дүн гарахад хамгийн олон санал буюу нийт 100 гаруй гишүүдийн саналаар Д.Баттулга (Нийслэлийн иргэдийн хурлын дарга), 70-80 гишүүдийн саналаар Э.Бат-Үүл, Д.Бадарсан (СБД-н засаг дарга) нар ҮЗХ-ны ээлжит бус 43 дугаар хурлын даргалагчаар сонгогдсон байна. Харин Н.Алтанхуяг, Ц.Оюундарь нар 50-60 гаруй гишүүдийн санал авч ҮЗХ-ны хурал даргалагчийн сонгуульд (санал хураалтад) ялагдсан байна.

Ийнхүү удтал хэлэлцсэн асуудал нийт гишүүдийн санал хураалтаар нэг тийшээ шийдэгдэж, өнөөдөр 14:00 цагт ҮЗХ –ны хурал үргэлжлэн хуралдахаар түр завсарласан юм. Хурал даргалагчийн санал хураалтад ялагдсан Н.Алтанхуягийг АН-ын даргын сонгуульд ялагдал хүлээх эхлэлээ тавилаа гэж үзэх гишүүд энэ үеэр олон байсан юм.

Categories
мэдээ улс-төр

АН-ын ҮЗХ хуралдаж эхэлээ

Өнөөдөр 15.00 цагаас болохоор товлогдож байсан Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан хойшилж, 18.00 цагт хуралдахаар болсон билээ. Гэтэл уг үйл явдлыг сурвалжлахаар очсон хэвлэл, мэдээллийн ажилтнуудыг Төрийн ордон руу оруулахгүй байна.

Төрийн ордонд фракцийн удирдлагууд хоорондоо уулзалдаж байгаа бөгөөд уур амьсгал нэлээд ширүүхэн байна. Фракциуд тохиролцооны хүрч чадаагүй бололтой.

Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцах юм.

Нэгдүгээрт, намаасаа томилогдсон Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан найман гишүүнийг АН-аас хөөхөөр Хяналтын зөвлөлөөс нь шийдвэрлэсэн бөгөөд үүнийг ҮЗХ-ны хуралдаанаар эцэслэн батална. Мөн намын даргын асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн Шинэ Засгийн газрын тэргүүнээр хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ ҮЗХ-ны хуралдаанаар шийдвэрлэх юм.

Categories
мэдээ улс-төр

АН-ын ҮЗХ 18 цагт хуралдахаар боллоо

Өнөөдөр 15 цагаас хуралдахаар товлосон байсан АН-ын ҮЗХ оройн 18 цагт хуралдахаар болж хойшиллоо.

Тус намын УИХ-ын дахь бүлгийн гишүүдийн зүгээс ҮЗХ-ны хуралдах цагийг хойшлуулахыг санал болгосон байна. Чуулганы хуралдаан болон байнгын хорооны хуралдаан өнөөдөр болохоор товлогдсон учраас намын дотоод асуудлаас болж төрийн ажил цалгардах ёсгүй хэмээн АН-ын удирдлагууд үзжээ.

Categories
мэдээ улс-төр

АН найман гишүүнээ “хөөх” шийдвэрээ цуцалсан бололтой

Өчигдөр хуралдсан АН-ын Хяналтын зөвлөлөөс Р.Амаржаргал, Х.Баттулга, Р.Бурмаа, Б.Наранхүү, М.Зоригт, Л.Эрдэнэчимэг, Ж.Батзандан нарыг намынхаа эсрэг буюу Ерөнхий сайдыг огцруулахад нөлөөлсөн хэмээн намаас хөөх шийдвэрийг гаргасан билээ.

Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлснээр АН уг хүчингүй болгосон сурагтай.

Дашрамд дурьдахад, яг одоо МоАХ одоо хуралдаж байгаа бөгөөд нийслэлийн АН 13.00 цагт хуралдахаар зар тараагаад байгаа аж.

Түүнээс гадна ҮЗХ-нд чамгүй суудалтай АЗХ-ныхон өчигдөр хуралдсан. АН-ынхан хөдөлгөөнд орж, үймж байгаа нь өнөөдөр 15.00 цагт эхлэх ҮЗХ-ны хуралдаанаас өмнө бүлэг, фракцуудын намын даргын эсрэг санал нэгтгэх ажиллагаа явуулж байгаа нь энэ юм.

Categories
мэдээ улс-төр

Хотын захиргаа Каваи хөгжмийн компанитай хамтарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Япон Улсын “Каваи” хөгжмийн компанийн Ерөнхийлөгч Хиротака Каваиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын соёл, урлаг болон бусад салбарт хамтран ажиллах, томоохон арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах асуудлаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга “2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авах Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд танай компанитай хамтран Улаанбаатар хотноо бүс нутгуудыг хамарсан төгөлдөр хуурын нэгдсэн фестиваль зохион багуулах хүсэлтэй байна” гэлээ. Мөн цаашдаа соёл урлагийн салбарт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Харин Япон Улсын “Кавай” хөгжмийн компанийн Ерөнхийлөгч Хиротака Каваи “Биднийг хүлээн авч уулзсан танд талархал илэрхийлье. Манай компани нь 50 жилийн арвин түүхтэй, дэлхий даяар 5700 салбар хөгжмийн сургуультай. Бидэнд хамтран ажиллах санал тавьж байгаад маш их таатай байна. Төгөлдөр хуурын нэгдсэн фестивалийг хамтран зохион байгуулахад бид бэлэн байна” гэлээ. Энэ асуудлаар хөтөлбөр, төлөвлөгөө гарган дахин уулзахаар талууд тохиролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Categories
мэдээ улс-төр

Хөөгдөх “шийдвэр уншуулсан” гишүүд юу ярив?

Ерөнхий сайдыг огцруулах саналыг АН-ын нэр бүхий гишүүд дэмжсэн, мөн тус намын долоон гишүүн учир шалтгаангүй чуулганы хуралдаандаа хүрэлцэн ирээгүйгээс Засгийн газар огцроход хүрсэн. АН-ын дүрмээр намын гишүүн Засгийн газрынхаа эсрэг санал дарж, тэр нь засгаа огцруулахад хүргэсэн бол намаас хөөнө гэж заасан. Тэгвэл тус намын Хяналтын ерөнхий хороо хоёр өдрийн өмнө хуралдаж, МАН-аас өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг дэмжиж, санал өгсөн найман гишүүнийг намаасаа хасах тогтоол гаргаад байгаа. Тэдий дотор эсрэг санал өгсөн Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д,Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарын найман гишүүн багтаж байгаа юм. Харин намаас хөөгдөх дээрээ тулсан гишүүдийн өөрсдийнх нь байр суурийг хүргэж байна.

Р.Бурмаа: Хяналтын хороо хулгайгаар хуралдаж, дүрмийн бус тогтоол гаргасан

-Ерөнхий сайдыг огцруулсны дараа намын хяналтын хорооноос зарим гишүүдийг хөөх шийдвэр гаргасан байна. Өнөөдөр хуралдах ҮЗХ энэ асуудлыг эцэслэх ч гэлээ та ямар байр суурьтай байна вэ?

-Би сая сайтаас энэ талаар уншлаа. Намын дүрмээр намын гишүүнийг өөрийг нь байлцуулж байж хяналтын хороо дүрэм зөрчсөн эсэх асуудлыг авч үзэх ёстой. Дүрмээрээ явбал дунд шатны хяналтын хороо дүрэм зөрчсөн эсэхээр дүгнэлт гаргаад, тэр дүгнэлтийг нь Хяналтын Ерөнхий зөвлөл гишүүнийг өөрийг нь байлцуулж шийднэ. Гэтэл дунд шатны хяналтын хороо шийдвэрээ гаргаагүй байхад хулгайгаар нэг хүний захиалгаар шөнө дөлөөр хуралдаад тэр тогтоол гэгчийг гаргасан байна. Энэ утгаараа дүрмийн бус шийдвэр. Нөгөө талаар УИХ-ын гишүүн бол хэнээс ч хараат бус, бие даасан, ард түмний төлөөлөл шүү дээ. Ард түмэн, улсын эрх ашгийг дээдлэнэ гэж тангараг өргөдөг. Улс орны эрх ашгийг бодож саналаа өгснийх нь төлөө УИХ-ын гишүүнийг дарамт үзүүлэх гэсэн оролдлого нь буруу. Намын нэрээр хэдэн хүн юу дуртайгаа хийдэг байж болохгүй. Энэ дээр бидний гишүүд байр сууриа баттай хамгаална.

-Та бол АН-аас жагсаалтаар УИХ-д сонгогдсон. Тойрог, жагсаалт хоёрт ямар нэг зааг ялгаа бий юу?

-Тойргоос сонгогдсон байна уу, намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон байна уу, ямар ч хамаагүй. Тангараг өргөхөөс өмнө, соннгуулийн дүн гарахаас өмнө улстөрийн нам нэр дэвшигчээ татах эрхтэй. УИХ-ын гишүүний тангараг өргөснөөс хойш намын биш, бүх ард түмний төлөөлөгч болдог. Энэ нөхцөлд гишүүнээс татаж чадахгүй.

-Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг гишүүний нэр яригдаж байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Намын удирдлага хэдэн хүн ямарваа нэгэн асуудлыг хоорондоо ярьчихаад бидэнд танилцуулдаг болоод удаж байна. Одоогоор хэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх гэж байгаа талаар мэдсэн юм алга. Бидэнтэй лав ярилцаагүй. Эхлээд төрийн ажлаа, төсөв батлах ажлаа анхаарах ёстой байтал Сангийн сайдаа халчихаад сууж байна.

М.Зоригт: Гишүүдээ хөөх үү, Н.Алтанхуягийг хөөх үү гэдгээ шийднэ

-Таны нэр намаас хөөгдөх гишүүдийн жагсаалтад орсон байна.

-Бид олон жил АН-д угжирсан зүйлийг өөрчлөх гээд яваад байгаа юм. Жилд хоёроос доошгүй удаа хуралдах ёстой, жил болгон дүрмээ шинэчлэх, гишүүдийг хоёр жилд шинэчлэх ажил ҮЗХ-д хийгдээгүй. Н.Алтанхуягаас өөрөөр боддог бүх хүмүүст хаалгаа хааж, агааргүй болгосон. Өнөөдөр ҮЗХ-ийн гишүүд Н.Алтанхуягийн авдартаа дарсан хүмүүсээр дүүрсэн нь үнэн. ҮЗХ-ны хурлаар намынхаа шинэчлэл өөрчлөлтийн төлөө тэмцэж байгаа хүмүүсээ хөөх үү, идээ бээр болсон Н.Алтанхуягийг хөөх үү гэдгээ шийднэ.

-Хөөгдөх дээрээ тулвал тойргоос сонгогдсон гишүүний хувьд та хэлэх үгтэй байх?

-Тойрогт бол бид нарыг яаж ч хүчлээд гишүүнээс буулгаж чадахгүй. Жагсаалтаар гарсан хүмүүсийг болно гэж бодоод байх шиг байна. Үгүй юмаа. Хэдийгээр жагсаалтаар гарсан ч Н.Алтанхуягийн төлөө тангараг өргөөгүй.

ҮЗХ-ны гишүүдийн олонхийг Алтангадас фракцийнхан эзэлж байгаа гэдэг. Даргаа хамгаалаад үлдэх байх?

-Н.Алтанхуяг сүүлийн дөрвөн жилд Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-г өөрийн болгох бүх зүйлээ хийсэн. Өндөр албан тушаал өгсөн үү, бизнесийг нь дэмжсэн үү, тендер өгсөн үү. Ямар ч байсан ҮЗХ-ны гишүүдийн олонхыг өөрийнхөө хүмүүсээр бүрдүүлсэн нь үнэн.

Ж.Батзандан: Намын дүрэмд гишүүнийг хөөх заалт байх ёсгүй

-АН-ын Хяналтын хорооноос найман гишүүнийг хөөх тогтоол гаргаад байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгдөг байгууллага нь УИХ, гишүүд. Үндсэн хуулиар энэ эрх нь олгогдсон. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө ял зэмд унадаг, яллуулдаг, шийтгүүлдэг тогтолцоо ардчилсан нийгэмд байдаггүй. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө намаас хөөх тухай яриа гарч, намын зарим удирдлагууд ийм шийдвэр гаргаж байгаа нь өөрөө ардчилсан нийгэмд байх ёсгүй үйлдэл. Хэрэв Монгол Улс коммунизм руугаа явах гэж байгаа бол, АН коммунист нам болох гэж байгаа бол хөөж болно. Гэхдээ би АН-ын мянга мянган эрүүл ухаантай гишүүд, ард иргэдэд итгэж байгаа. Монголын ардчилал хэдэн даргын гаргасан шийдвэрээр нурчихгүй байх.

-Дарга гэхээсээ илүү намын дүрмээ зөрчсөн гэдэг үндэслэл байгаа юм бишүү?

-Намын дүрэмд тийм заалт байх ёсгүй. Намын дүрэмд Үндсэн хууль зөрчсөн заалт байвал Улсын Дээд шүүх хянаад авч хаяж байх ёстой.

-Хэрэв ҮЗХ-оор тогтоол дэмжигдвэл та намаасаа хөөгдөхөд бэлэн үү?

-Ардчилсан нийгэмд намын гишүүнийг хөөх тухай ойлголт байх ёсгүй. Олон намын тогтолцоотой улсад ийм шийдвэр байх боломжгүй. Нам дотор коммунист угшилтай хүмүүсийн коммунист сэтгэлгээ байгаа. Үүний эсрэг тэмцэж байна. Амжилтанд хүрнэ гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна. Битгий санаа зөв.

-Гэхдээ та АН-ын нэрээр УИХ-д нэр дэвшиж гишүүн болсон хүн шүү дээ. Таныг увайгүй үйлдэл гаргалаа гэж орон нутгийнхан хүртэл эсэргүүцэж байна?

-Нэг зүйл хэлье. АН-д хэдэн онд элсч, хэдэн онд гарсан нь хэдэн настай нь , нийгмийн гарал үүслээр нь ялгаварлахыг хориглодог. Ялангуяа залуу гишүүд нь АН-ыг шинэчлэхийн төлөө, ардчилалыг аврахын төлөө явж байна. Хэдэн даргын шийдвэрээр явахгүй.

-Намаа аврах гэж байна гэж хэлж байгаа ч нөгөө талаар өөр хандлага байгаа юм биш үү?

-Урт хугацаандаа харагдана. Зарим хүмүүс өөрөөр ойлгож байгаа байх. Гэхдээ цаг хугацаа харуулна гэдэгт итгэлтэй байна.

Д.Батцогт: Улс орны эрх ашгийг бодож кноп дарсан

-Та яагаад намын даргынхаа эсрэг кноп дарсан юм бэ?

-УИХ-ын гишүүн гэдэг бол өөрийн итгэл үнэмшлээр кноп дардаг. Энэ Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзсэн учраас л өөрийнхөө саналыг өгсөн байж таараа. Түүнээс биш хэн нэгний төлөө, хэн нэгний эсрэг байдлаар асуудалд хандаж болохгүй л дээ. Тиймээс нэгдүгээрт, улс эх орныхоо эрх ашгийг бодох ёстой. Улс эх орныхоо эрх ашиг, эдийн засгийг сайжруулахад энэ Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж үзсэн.

Өчигдөр гүйцэтгэх зөвлөл хуралдахад та байсан уу?

-Тэрийг би сайн мэдэхгүй.

Танай нам дотор шинэ Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа эрхмүүдийн талаар мэдээлэл байгаа юу?

-Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр хуралдана. Тэрүүгээрээ шийдэх байх.

-Шонхор фракцийнхан урд шөнөжин хуралдсан гэх мэдээлэл байна. ҮЗХ-д ямар байр суурьтай оролцох бол.

-Мэдэхгүй ээ. Тийм хурал болсныг мэдэхгүй байна.

-Таныг дөнгөж АН-д орчихоод иймэрхүү эсэргүү байдлаар хандаж байна гэсэн шүүмжлэл байна. Та энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Ардчилсан намд хэзээ орох нь чухал биш. Би анхнаасаа энэ асуудал яригдаж эхлэхэд хэлж л байсан. Би намын эрх ашгийг дээдлэхгүй ээ. Улс эх орны эрх ашгийг л дээдэлж кноп дарна гэсэн байр суурьтай байсан. Тэр байр сууриараа л асуудалд хандсан.

Харин Р.Амаржаргал, М.Батчимэг нар тайлбар өгөхөөс татгалзлаа.

Categories
мэдээ улс-төр

Л.Гансүхээс мэдүүлэг авч байна

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хууль зөрчин багагүй мөнгө завшсан хэрэгт сэжигтнээр шалгагдаж байгаа Л.Гансүхээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс тайлбар мэдүүлэг авч байна. Гэхдээ энэ удаад түүнийг сэжиглэж байгаа хэрэгтэй холбоотой бус түүнд өлсгөлөн зарлаж, батлан даалтад гаргахыг хэн нэгэн даалгасан эсэхийг тодруулж байгаа аж. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Миний гар бичмэлтэй холбоотойгоор АТГ-аас намайг шалгуулах гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн юм билээ. Би өчигдөр очиж мэдүүлэг өгсөн. АТГ-ынхан цаасан дээр бичсэн миний бичгийг тэгтлээ сонирхож шалгуулах гомдол илгээж байгаа нь тун өрөөсгөл ойлголт юм. Би ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр, тус газрын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат нарыг шалгуулах хүсэлтээ Иргэний хэргийн шүүхэд гаргасан. Тэднийг өмгөөлөгчийн нэр хүндэд халдсан, захидал харилцааны нууц задруулсан гэж үзэж байгаа юм” гэлээ.

АТГ-ын мэдээлсэн Ц.Баасандоржийн гэх гар бичмэлд “Е.Сайд өлсгөлөн зарла. Тэгээд батлан даалтад гаргаж эмнэлэгт хэвтүүлэхээр ярилцсан” гэж дурдсан байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Мөнгөний бодлогын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар төрөөс мөнгөний талаар 2015 онд баримтлах бодлогын үндсэн чиглэлийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Байнгын хорооны санал, дүгнэлт дээр “Монгол Улсын Засгийн газар /Д.Тэрбишдагва-д/ даалгасугай” гэсэн байна.

Д.Тэрбишдагвыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгүүлэх УИХ-ын шийдвэр гараагүй, албажуулаагүй байхад ингэж болж байгаа юм уу” хэмээн асуулаа. Ингэснээр байнгын хорооны санал дүгнэлтээс Д.Тэрбишдагва гэснийг авч, Засгийн газарт хэмээн үлдээхээр болсон юм. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Мөнгөний бодлого дээр тусгасан долоон хувийн зорилтыг хэрэгжүүлнэ гэдэг мөнгөний хатуу бодлого баримтална гэсэн үг үү. Өнгөрсөн хоёр жилд Монголбанк мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлсэн. Харин одоо хатуу бодлого руу шилжих юм уу. Долоон хувийн зорилтыг хэрэгжүүлэх боломжтой л доо. Гэхдээ ингэж хэрэгжүүлэх нь бизнес эрхлэгчдэд хэрхэн тусах вэ” хэмээн тодруулсан юм.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал:

-Инфляцийг долоон хувьд барина гэдэг маань яг ч маш хатуу мөнгөний бодлого руу шилжинэ гэсэн үг биш. Гадаад цэвэр актив дээр хэрвээ эерэг нөлөө гарвал бид хатуу мөнгөний бодлого руу шилжих шаардлагагүй. Хэрвэээ цэвэр актив дээр эерэг үр дүн харагдахгүй бол үнэхээр хатуу бодлого руу шилжихээс өөр аргагүй болох байх. Түүнчлэн төсвийн бодлого хэрхэн хэрэгжихээс ч бас хамаарна. Хэрэв төсөв их тэлчихвэл долоон хувийн зорилтыг хэрэгжүүлэх бодлого хувийн хэвшлийнхэнд хүнд тусах байх. Тэгэхээр өнөөгийн нөхцөлд долоон хувьд барина гэдэг маань шууд хатуу бодлого руу шилжинэ гэсэн үг биш. Төсвийн бодлого мөнгөний бодлоготой хэрхэн уялдах, цаашлаад гадаад валютын орох урсгалаас л хамаарна.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

-Төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог хангах зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулаад, энэ амралтын өдрүүдэд ч хамаагүй ажиллая л даа. Тэгэхгүй бол Монголбанкныхан долоон хувь гээд зорилт тавьчихдаг. Төсөв чинь тэлчихлээ шүү дээ гээд сууж байх нь байна. Ингэж бодлого батлах хэрэг байгаа юм уу. Хэлэлцүүлгийг хойшлуулаад, хамтарсан ажлын хэсэг байгуулаад, яг одоо хуралдъя.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангахад ажлын хэсэг нэлээд анхаарч ажилласан. Энэ хүрээнд хэд хэдэн санал боловсруулж, саналаа УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо уг саналуудыг хэлэлцээд, шийдвэрлэх байх. Саналуудыг чухам ямар төвшинд хүлээн авч, анхаарал хандуулахыг мэдэхгүй байна. Миний сонссоноор Төсвийн байнгын хороо төсөвтэй холбоотойгоор бусад байнгын хороодоос ирүүлсэн саналуудыг нэг их ойшоодоггүй гэсэн.

Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтүүдээр тус бүр санал хураалгалаа. Нийтдээ зарчмын зөрүүтэй ес, найруулгын шинжтэй хоёр саналаар санал хураалгаж, гишүүд дэмжлээ. Ингэснээр мөнгөний бодлогын төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэг рүү шилжүүллээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайдуудыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Европын Холбоо, Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг өнөөдөр / 2014.11.07 / хүлээн авч уулзлаа. Тэрээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Европын Холбоо болон Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд та бүхэнтэй уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаадаа баяртай байна. Юуны өмнө Итгэмжлэх Жуух Бичгээ барьсан Европын Холбооны Элчин сайд, Бүгд Найрамдах Унгар Улсын Элчин сайд, Бүгд Найрамдах Кипр Улсын Элчин сайднарт баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нарын энэхүү уулзалт 2009 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж бидний хамтын ажиллагааны байнгын механизм болсон байна. Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа боломжтой бүхий л салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдаг. Саяхан Милан хотноо болсон АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтын үеэр дараагийн Дээд хэмжээний уулзалтыг 2016 онд зохион байгуулах орноор Монгол Улс сонгогдсон. Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай хамтран ажиллах, дэмжлэг, зөвлөлгөө авах хүсэлтэй байна.Монгол Улс, Европын Холбооны хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2013 оны 4 дүгээр сарын 30-нд байгуулсан. Энэхүү хэлэлцээр нь хоёр талын олон салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох учиртай.

Хэлэлцээрийг Монголын тал баталсан. Өнөөдрийн байдлаар 12 гишүүн орон хэлэлцээрийг батлаад байгаа мэдээлэл байна. Батлаагүй байгаа орнуудын Элчин сайд нараас хэлэлцээрийг батлах процедурыг өөрийн оронд түргэтгэхэд дэмжлэг хүсэж байна. Хэдийгээр манай оронд улс төр, эдийн засгийн түр зуурын хүндрэл тулгарч буй ч эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулж, улс төр, нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой хөгжлөө хадгалж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Монгол Улс Европын Холбооны гишүүн 28 улсын 17 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах гэрээ байгуулсан.Бид Европын Холбооны норм, стандартыг өөрийн орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нутагшуулах зорилтыг дэвшүүлж ирсэн. Бидний зорилтыг ЕХ дэмжиж ирсэнд талархал илэрхийлье. Энэхүү зорилтын хүрээнд ЕХ-ны санхүүжилт бүхий “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” тухай төсөл энэ оны 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байгаад баяртай байна.

Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоёр 2 жил тутам зөвлөлдөх уулзалт зохион байгуулдаг. 2015 онд ээлжит 10 дугаар уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдана.2012 онд Монгол Улс, НАТО-гийн хооронд Түншлэл, хамтын ажиллагааны тусгай хөтөлбөр батлагдсанаар Монгол Улс НАТО-гийн түнш орон болсон. МУИХ-д НАТО-гийн Парламентын Ассамблейтай харилцах бүлэг байгуулагдан ажиллаж байна. 2012 онд Монгол Улс Европ, Америк, Азийн 57 улс орныг нэгтгэсэн бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон. МУИХ ЕАБХАБ-ын гишүүн орнуудын парламент хоорондын харилцаанымеханизм болох ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн гишүүн болсон. МонголУлсын Их Хурал ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хувь нэмэр оруулах үүднээс ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны Намрын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. 2015 оны ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурал, 2016 оны АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад Элчин сайд та бүхний дэмжлэг бидэнд хэрэгтэй. Бид амжилттай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Элчин сайдууд Улсын Их Хурлын даргаас Монгол Улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал болон парламентын хамтын ажиллагааны талаар сонирхсон зүйлээ асууж тодруулсанд Улсын Их Хурлын дарга хариулт өгсөн. Уулзалтад Герман, Их Британи, Франц, Чех, Австри, Бельги зэрэг 27 орны Элчин сайдууд оролцсон юм.

Мөн уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд, Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

МоАХ болон Нийслэлийн АН хуралдана

МоАХ болон Нийслэлийн Ардчилсан нам яг одоо буюу 13 цагаас хуралдахаар зар тараажээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг хурлаар шинээр томилогдох Ерөнхий сайдын асуудал болон Ардчилсан намын хорооноос гаргасан нэр бүхий найман гишүүнийг Ардчилсан намаас хасах мэдэгдлийн талаар ярилцах аж.