Categories
мэдээ улс-төр

2015 онд аль яамны сайд хамгийн их ТӨСӨВ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ВЭ

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар 2015 оны төсвөө баталсан билээ. Ингээд төсвийн захиран зарцуулагчид ирэх онд зарцуулах хөрөнгийн багцыг танилцуулж байна.

1. Сангийн сайд 2.9 их наяд

2. Боловсрол, шинжлэх ухааны сайд 1.9 их наяд

3. Эрүүл мэндийн сайд 606.1 тэрбум

4. Хууль зүйн сайд 425.307 тэрбум

5. Хөдөлмөрийн сайд 410.859 тэрбум

6. Хүн амын хөгжил, нийгмийн сайд 409.50 тэрбум

7. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд 324.3 тэрбум

8. Соёл спорт аялал жуулчлалын сайд 224 тэрбум

9. Батлан хамгаалахын сайд 201.345 тэрбум

10. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд 167.8 тэрбум

11. Шадар сайд 113.7 тэрбум

12. Уул уурхай, эрчим хүчний сайд 98.334 тэрбум

13. Монгол Улсын Ерөнхий сайд 86.5 тэрбум

14. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 80.467 тэрбум

15. Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд 56.522 тэрбум

16. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 54.8 тэрбум

17. УИХ-ын дарга 27 тэрбум

18. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 22.847 тэрбум

18. Улсын ерөнхий прокурор 20.3 тэрбум

19. Авлигатай тэмцэх газрын дарга 9.9 тэрбум

20. Үндэсний статистикийн хорооны дарга 8.6 тэрбум

21. Ерөнхий аудитор 8.5 тэрбум

22. Улсын дээд шүүхийн дарга 3.9 тэрбум

23. Санхүүгийн зохицуулах хорооны дарга 3.6 тэрбум

24. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 2.2 тэрбум

25. Сонгуулийн ерөнхий хороо 905.2 сая

26. Хүний эрхийн үндэсний комиссын дарга 849.5 сая

27. Үндсэн хуулийн цэцийн дарга 722.4 сая

28. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга 683.4 сая

29. Төрийн албаны зөвлөлийн дарга 630.7 сая төгрөг байхаар тус бүр баталсан байна.

Categories
мэдээ улс-төр

АН-аас мэдээлэл хийнэ

АН-ын удирдлагууд өнөөдөр 14:00 цагаас намын байрандаа мэдээлэл хийхээр боллоо. Хэвлэлийн хуралд өчигдөр Ардчилсан намын даргаар сонгогдсон З.Энхболд, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар болон бусад гишүүд оролцож, өчигдөр болсон ҮЗХ-ны хурлаас гаргасан шийдвэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг намын даргын ажлаа хүлээлгэн өглөө

Өчигдөр орой 19 цагт эхэлсэн ҮЗХ-ны хуралдаан эхэлмэгц Н.Алтанхуяг намын даргын ажлаа өгөх болсоноо мэдэгдэж, өргөдлөө ҮЗХ-нд өгсөн юм. Уг өргөдөлд “Миний бие Норовын Алтанхуяг нь 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа наймдугаар сард, Ардчилсан намынхаа гишүүдийн итгэлийг хүлээн Ардчилсан намын даргаар сонгогдон зургаан жил ажиллалаа. Энэ хугацаанд Ардчилсан нам хамтарсан засгийн газарт дөрвөн жил ажиллаж, Ардчилсан намын удирдсан Шинэчлэлийн Засгийн газар хоёр жил гаруйн хугацаанд ажиллалаа. Өнгөрсөн зургаан жилд Ардчилсан намаас нэр дэвшигч хоёр удаа Монгол Улсын Ардчилсан ерөнхийлөгчөөр сонгогдож, Нийслэлийн сонгуульд Ардчилалын 22 жилийн түүхэнд анх удаа ялалт байгуулж, УИХ-д олуулаа болж, 21 аймгаас 16-д нь олонхи болон засаглаж байна. Энэ бүх амжилт бидний хамтдаа зорьж, хамтдаа зүтгэсэн 20 гаруй жилийн маань үр дүн юм. Өнгөрсөн сонгуулийн ялалтын дараа МАНАН байгуулаад ажиллах нь хамгийн амаршийдэл байсан. Гэвч Монгол төр нэг намаас хэт удаан хараат байж, хүнд суртал, туйлшрал, авилга, шударга бус байдалд идэгдсэн ялзарсан системд зоримог шинэчлэл хийж, ардчилалын салхийг оруулахын тулд эрсдэлээс үл шантран амаргүй замыг сонгон хоёр жил ажиллалаа.

Бид ялагдал, урвалт, уй гашуу, бутрал, хуваагдал гээд маш их саад бэрхшээлийг үзсэн, туулсан, давсан хатуужсан. Эв нэгдэл, ялалт, бахархлаа ч хуваалцсан. Ардчилсан намын түүх бол Ардчилсан Монгол Улсын түүх. Ардчилсан намын гишүүд хэцүү бэрхийг сөрж, хөр цас, аагим халууныг тэвчиж, хавчлага дарамт, занал сүрдүүлгийн доор өөрсдийн бахдам түүхээ бичсэн, цаашид ч бичнэ. Түүхэн цаг хугацааны мөчлөг доор Ардчилалын төлөө 25 жил зүтгэж, улс төрийн томоохон хүчин, Ардчилсан намын хамт олноо удирдан ухамсарт амьдралынхаа 6 жилийг зориулсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

25 жил гэдэг богинохон хугацаа юм. Талийгаач Зориг, Самбараа, Тэнгэр Цолмон, өнөөдөр мөр зэрэгцэн хамтран зүтгэж байгаа Элбэгээ, Үүл, Гончигоо, Баабар, Дорлигоо, Да.Ганболд гээд олон мянган журмын нөхдийн маань зорилгоо нэгтгэн нөхөрлөж, тунирхаж, эвлэж, инээлдэж, шатаж тэмцэж явсан өдрүүд өчигдөрхөн мэт тодхон санагдаж байна. Та бидэнд, Монголын Ардчилалд том зорилго, алсын хараа бий. Түүнийхээ төлөө хамтдаа зүтгэнэ ээ.

Мөн хүнд цаг үед хийж бүтээх үйлсийн төлөө зорилгоо нэгтгэн зүтгэсэн бүхий л хамтран зүтгэгчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хөгжил дэвшлийн төлөө хамтдаа ах дүү болж сэтгэл нэгтэй ажилласан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хамт олон, зөвлөхүүд болон намын ар талыг хатан ухаанаар гал цогтой хариуцсан генсек Ц.Оюундариар ахлуулсан намынхаа бүх хамт олонд онцгойлон талархаснаа илэрхийлж байна. Эх орныхоо хувь заяаг нуруундаа үүрсэн журмын андуудын маань хараа хурц, ухаан саруул, зорилго зөв, үйлс ариун, эв эе нь улам батжих болтугай. Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд АН-ын дарга болов

Өчигдөр орой хуралдсан АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар намынхаа шинэ даргыгтомиллоо. Н.Алтанхуяг үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, шинэ даргыг томилсон юм. Ингэхдээ тус намын гишүүн З.Энхболдыг АН-ын даргаар томиллоо.

Санал хураалтад ҮЗХ-ны 168 гишүүн оролцсоноос 147 дэмжиж, 87 хувийн саналаар тэрээр АН-ыг удирдах болсон юм.

АН-ын дүрэм ёсоор ирэх сарын 8-нд АН их хурлаа хийнэ. Тэр үед намын даргыг батламжилна.

Categories
мэдээ улс-төр

“Уламжлалт эм, эмийн ургамал компани” НӨҮГ-ыг татан буулгалаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Уламжлалт эм, эмийн ургамал компани НӨҮГ-ыг татан буулгах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулж, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, орлогч дарга Т.Батдорж нар оролцлоо.
“Уламжлалт эм эмийн ургамал компани” НӨҮГ нь анх 1974 онд байгуулагдаж байсан бөгөөд 2014 оны байдлаар 2 үндсэн, 12 гэрээт ажилтантайгаар монгол эмийн ургамлын үйлдвэрлэл явуулж байна. 2014 оны 2 дугаар улирлын балансаар 32 659,1 мянган төгрөгийн орлого олж, 45,681,6 мянган төгрөгийн зардал гарган 13 023,5 мянган төгрөгийн алдагдалтай ажилласан. 42 712,6 мянган төгрөгийн өрийн төлбөртэй, 80-аад хувь нь татварын байгууллагад төлөх шаардлагатай. Тус байгууллагын удирдлага нь Нийслэлийн Засаг даргатай Үр дүнгийн гэрээ байгуулдаггүй 2013, 2014 оны жилийн тайлан балансаа Төрийн сан болон Өмчийн харилцааны газраар баталгаажуулаагшй, 2014 оны бизнес төлөвлөгөө болон зорилтот түвшний талаар санал ирүүлж батлуулаагүй байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/94 дүгээр захирамжаар нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиралуудтай байгуулсан 2013 оны контрактын биелэлтийг дүгнэхээр байгуулагдсан ажлын хэсгээс “Уламжлалт эм, эмийн ургамал компани” НӨҮГ-ыг татн буулгах санал гаргажээ. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байгаа гэж Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэллээ.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах үндэслэл дутуу байна. Шууд татан буулгахгүйгээр менежментийн багийг өөрчлөх, шинэчлэл хийсний дараа татан буулгах ёстой” гэсэн саналыг гаргасан. Харин Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж “Одоогоор үйл ажиллагаа нь бүрэн зогссон, зуны улиралд хэдэн хүмүүстэй нийлж ургамал түүдгээс өөр ажил байдаггүй. Зорилго, чиглэлгүй ажиллаж байгаа” гэлээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга заавал татан буулгах шаардлагатай эсэх, нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтад оруулах талаар тодруулахад Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 оны Нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтад оруулахаар төлөвлөсөн гэсэн юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд татан буулгах ажлыг хуулийн дагуу зохион байгуулж, 2015 оны Нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтад оруулахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ирэх оны төсөв батлагдлаа

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хэлэлцэх асуудлын талаар Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулав.

Монгол Улсын 2015 оны төсөв өнгөрсөн хавар батлагдсан 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд батлагдахаар байгаа бөгөөд 2015 оны төсвийн зарлага 100 тэрбум төгрөгөөр буурч чадаж байгаа аж.

Танилцуулгын дараа Монгол Улсын 2015 төсвийн тухай хуулийн төслөөр зүйл, заалт тус бүрээр санал хураав.

Монгол Улсын төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,693,487.3сая төгрөгөөр батлах саналыг дэмжигдэв.

Монгол Улсын төсвөөс 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 5,603,277.6 сая төгрөгөөр батлахыг гишүүдийн олонхи дэмжигдэв.

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд хөрөнгө оруулалт зардлын хэмжээг 655,615.3 сая төгрөгөөр батлахыг гишүүдийн олонхи дэмжлээ.

2015 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 34,315.8 сая төгрөгөөр батлахыг гишүүдийн олонхи дэмжигдэв.

Ийнхүү Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 57 гишүүнээс 52 нь зөвшөөрснөөр төсөв батлагдав.

Categories
мэдээ улс-төр

Санамж бичигт гарын үсэг зурлаа

Өмнөговь аймагт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран ажиллахаар өнөөдөр Санамж бичиг байгуулав. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенц болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийх, Өмнөговь аймагт уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангахын тулд шаардлагатай тохиолдолд нийтийн эрх ашгийг хамгаалан төлөөлөн нэхэмжлэл гаргах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм.

Хоёр жилийн хугацаанд хэрэгжих тус санамж бичигт уул уурхайн бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийг чадавхжуулах, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг шат дараалан хэрэгжүүлэхээр тусгажээ.

Categories
мэдээ улс-төр

Акталсан зарим барилгыг буулгаж эмнэлэг, авто зогсоол барина

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 13-р хорооны Мэнд-Арвижих өрхийн эмнэлгийн барилга, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 15-р хорооны барилга, Налайх дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 4-р хорооны улаан булангийн барилга, Баянгол дүүргийн балансад бүртгэлтэй бүртгэлтэй 4-р хороонд байрлах Авто гражийн барилгыг хөрөнгө бүртгэлээс хасах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулж, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, орлогч дарга Т.Батдорж нар оролцлоо.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хөрөнгө бүртгэлээс хасахаар хэлэлцүүлж буй дээрх барилгуудад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн актлах дүгнэлт гарсан бөгөөд олон жилийн насжилттай хуучин барилгыг буулгаж эмнэлэг, автомашины зогсоол зэрэг шинэ төслийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 13-р хорооны Мэнд-Арвижих өрхийн эмнэлгийн 22,8 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга байгууламжийг буулгаж Чингэлтэй дүүргийн “Хүүхэд гэр бүл хөгжил”-ийн төвийн барилга, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 15-р хорооны конторын нийт 49,6 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг буулгаж шинээр Хүүхдийн амбулаторийн эмнэлгийн барилга, Налайх дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 4-р хорооны улаан булангийн 10,6 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг буулгаж гэрэлтүүлэг, автомашины зогсоол, ногоон байгууламж , Баянгол дүүргийн балансад бүртгэлтэй бүртгэлтэй 4-р хороонд байрлах Авто гражийн 8,8 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг буулгаж Нутгийн удирдлагын ордны барилгыг барих юм.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид олон жилийн насжилттай дахин ашиглах боломжгүй болсон барилгуудыг буулгаж, шаардлагатай шинэ барилга барих нь зүйтэй гэж үзэн дэмжлээ. Ингэснээр дээрх барилгуудыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй храилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Билэгтийг эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гарчээ

ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын албан тушаалд нь эргүүлэн томилох шүүхийн тогтоол гарчээ.

Б.Билэгт нь 2014 оны наймдугаар сарын 15-ны өдөр гаргасан Засгийн газрын 258, 269-р тогтоолуудыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг Засгийн газарт даалгах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд гаргаад байсан юм.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хянан шалгаж арваннэгдүгээр сарын 11-ний өдөр шүүх хуралдааныг хийжээ. Шүүх хуралдаанаар Засгийн газрын дээрх тогтоолын заалтууд нь Хөдөлмөрийн болон төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.Билэгтийг Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэгт ажилд эргүүлэн томилохыг Засгийн газарт даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин болох 3 сая 817 мянган төгрөгийг Засгийн газраас гаргуулж, Б.Билэгтэд өгөхөөр шийдвэр гарчээ.

Мөн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд талууд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа гэнэ.

Categories
мэдээ улс-төр

2015 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ дахь МАН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа уншиж сонсгосон юм.

УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэлтдээ эдийн засгийн хямрал ирэх жил даамжирч болзошгүй байгаа тул 2015 оны төсөв, мөнгөний бодлогыг нягт уялдуулан, төсвийг хэмнэлттэй, үр ашигтай, бодитой байх талаар онцгой анхаарах шаардлагатай хэмээн дурдсан бол УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг бүлэг төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх боломжгүй, зардал хэмнэх, зарим нэг орлого бүрдүүлэх боломж байгааг анхаарч ажиллах шаардлагатай гэж үзжээ.

УИХ дахь АН-ын бүлэг нийслэлд зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэхээр шилжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2015 оны төсвийн төсөлд тусгасан авто зам, гүүр, эрчим хүч зэрэг дэд бүтцийн зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр шилжүүлэх саналуудыг санал, дүгнэлтдээ тусгасан байна.

Төсвийн байнгын хороо төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхдээ төсөвт байгууллагуудын бараа үйлчилгээний зарим урсгал зардлыг 5-30 хувиар, Засгийн газрын зарим тусгай сангуудын төсвөөс санхүүжих зардлыг 50 хүртэл хувиар, Үндэсний аудитын газрын зөвлөмжийг үндэслэн эрүүл мэнд, боловсролын салбарын тоног төхөөрөмж, их засварын зардлыг 30 хувиар тус тус бууруулах, бусад салбарын тоног төхөөрөмж, их засварын зардлыг “0”-лэх зарчмуудыг баримталсан хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулсан. Үүний дараа Төсвийн байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан төсвийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.