Categories
мэдээ улс-төр

Нэр барьж санал асуулга явуулжээ

УИХ-ын Тамгын газрын дарга Д.Болдбаатар, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Монгол Улсын Их Хурал түүний Тамгын газраас эрхлэн Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудас www.parliament.mn болон мэдээлэл, сурталчилгааны http://open.parliament.mn цахим хуудсуудаар хууль тогтоох үйл ажиллагаатай холбогдолтой албан ёсны бүхий л мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэдэг. Сүүлийн жилүүдэд иргэд, олон нийтийн зүгээс сошиал медиа буюу мэдээллийг интернэтээр олон нийтэд түгээх хэрэгсэлийг идэвхитэй ашиглах болсонтой холбоотойгоор хуурамч нэр ашиглан иргэдэд андуу, ташаа мэдээлэл хүргэх сөрөг үйлдлүүд ихээр гарах болсон.

Саяхан “Монгол Улсын Их Хурал, political organization” нэрийн дор фэйсбүүк хуудас ашиглан “Та Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Сайханбилэгийг дэмжиж байна уу?” гэсэн санал асуулга явуулж 300 гаруй хэрэглэгчийг хамруулсан тохиолдол гарлаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын зүгээс 28 дахь Ерөнхий сайдтай холбоотой ямар нэгэн санал асуулга явуулаагүй бөгөөд хуурамч нэр ашиглан санал асуулга явуулж буй энэхүү үйлдэл нь ёс зүйгүй үйлдэл болохыг онцлон дурьдав. Иймд иргэд, олон нийт дээрх байдлыг анхаарч хуурамч мэдээлэлд хөтлөгдөлгүй, Улсын Их Хурлын албан ёсны мэдээ, мэдээллийг доорх хаягуудаас авч байхыг мэдэгдэж байна гэв. Үүнд:

Facebook олон нийтийн сүлжээний хувьд ParliamentMN нэршлээр, Twitter, Google plus, YouTube, Flikr болон Instagram-ийн хувьд “Монгол Улсын Их Хурал” нэршлээр тус тус нэвтэрч албан ёсны мэдээ, мэдээллийг авах боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг З.Энхболд, Ч.Сайханбилэг нарыг зургаан цаг “байцаав”

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр 11.45 цагийн орчимд эхэлж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар оролцсон. Тэд дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болсон танхимаас гарлаа. Бүтэн зургаан цаг үргэлжлээд байгаа тус бүлгийн хуралдаан одоо ч үргэлжилж байна. Бүлгийн гишүүд Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг гишүүнийг томилуулах эсэхээ санал хураалтаар шийднэ. Үүний дараа мөн Удирдах зөвлөл нь хуралдах бололтой.

Мөн яг одоо МАХН-ын гүйцэтгэх хороо хуралдаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдана

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан гурван цаг гаруй үргэлжилж байна. Тус намын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар оролцож, гишүүдийн асуултад хариулж байгаа юм.

Мөн “Шударга ёс” эвслийн бүлэг дэх МАХН, МҮАН-ынхан МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг харзнаж байгаа бололтой. Учир нь МАН-ын хурлын дараагаар МАХН-ын Гүйцэтгэх товчоогоо хуралдуулах сурагтай.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган цуцлагдлаа

Өнөөдөр ээлжит бус чуулган хуралдаж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр товлож байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан сунжирснаас үүдэн өнөөдрийн хуралдааныг цуцлах шийдвэр гарчээ.

Дашрамд хэлэхэд, өнөөдөр өглөө хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийнхөн 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох эсэх асуудлыг бүлгийн хурлаараа шийд хэмээн өгсөн билээ. Тиймээс уг асуудлаар нэгдсэн байр суурьт хүрэхээр МАН-ын бүлэг хуралдсаар байна.

Categories
мэдээ улс-төр

Хуурамч санал асуулга явуулжээ

УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэл хийлээ.

Сүүлийн жилүүдэд твиттер, фейсбүүкийн хэрэглээ олон нийтийг массыг өргөн хамрахын хэрээр хуурамч хаяг нээх “үзэгдэл” гарах болсон байна. Үүний нэг нь Монгол Улсын Их хурлын нэр барин “Монгол Улсын Их хурал political organization” гэсэн нэрээр Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг гишүүнийг нэр дэвшүүлснийг дэмжиж байна уу гэх санал асуулга явуулсан нь УИХ-тай огт хамааралгүй аж. Өөрөөр хэлбэл, нэрийг нь ашиглаж хуурамч фейсбүүк хаяг нээгдсэн байгаа тул түүнд хөтлөгдөхгүй, болгоомжтой хандахыг анхаарууллаа.

Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хуурамч хаяг нээж бусдыг төөрөгдүүлсэн этгээдэд ногдуулах хуулийн хариуцлага байдаггүй юм байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна

Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр зарлаж болзошгүй тухай мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар холбогдох газраас лавлахад “Тодорхойгүй байгаа” гэсэн хариулт өглөө.

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн бямба гаригт Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Ерөнхий сайдын асуудлыг даваа гаригт намын бүлгүүдээр ярьж, мягмар гаригт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулна” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Гэвч өнөөдрийн байдлаар МАН-ын Удирдах зөвлөл саналаа нэгтгэж, түүний дараа бүлгээ хуралдуулахаар болоод байгаа бол МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл Ерөнхий сайдад нэр дэвшигчийн тухай хэлэлцэнэ гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү илэрхийлээд буй. Үүгээр бол өнөөдөртөө багтаж УИХ-ын чуулган хуралдана гэж хэлэхэд амаргүй байна. Харин намын бүлгүүд нэгдсэн саналд хүрсэн нөхцөлд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах боломжтой. Гэвч УИХ-ын даргын зөвлөлөөс гаргасан хуваариар өнөөдөр аль ч байнгын хороо хуралдах тов гаргаагүй байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэгийг зөвшөөрөх эсэх эрхийг бүлэгтээ өгчээ

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хаалттайгаар хуралдаж эхэллээ. Үүний өмнө Удирдах зөвлөл нь хуралдаж, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг гишүүнийг томилуулах хүсэлтийг хэлэлцсэн ч УИХ дахь намын бүлэгтээ асуудлыг шийдэх эрхийг өгсөн байна. Ардчилсан намын зүгээс Ч.Сайханбилэг гишүүнийг Ерөнхий сайдаар томилуулах асуудлыг зөвшилцөх хүсэлтийг МАН-ын бүлэгт өчигдөр ирүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ тухай фэйсбүүк хуудсандаа “Хоёр жилийн өмнө Ардчилсан нам Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийг томилуулахдаа МАН-тай зөвшилцөх шаардлагагүй хэмээн үзэж байсан санагдана” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Зөвшилцөл үргэлжилж байгаа гэв

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаанаар ҮЗХ-ны шийдвэрийг хэлэлцээд 65,5 хувь нь Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн гэжАН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллээ. Тэрбээрсэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулахдаа:

-Нэр дэвшигчийг батламжих эрх нь зөвхөн ҮЗХ-д хадгалагддаг. Шинэ гарсан намын дарга хоёр дахь нэр дэвшигчийг Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцээд оруулж ирсэн. АН-ын бүлгийн хуралдаанд оролцсон 29 гишүүний 10 нь дэмжээгүй. Санал хураалт нээлттэй явагдсан. Ажлын хэсэг дөрвөн удаа хуралдсан. Дөрвөн удаагийн хуралдаанаар урьдчилан санал солилцох үүднээс ИЗН, “Шударга ёс” эвслийн бүлэгт санал тавьсан. Яагаад гэвэл энэ намуудтай өнөөдөр бид Засгийн газарт хамтарч ажиллаж байна. Шинээр сонгогдсон намын дарга өнөөдөр бүх намуудтай албан ёсны зөвшилцлийн саналыг хүргүүлж байгаа. Зөвшилцөл үргэлжилж байна гэв.

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг “Шударга ёс” эвслийн бүлгийнхэнтэй санал солилцож байна

АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралд оролцож, санал солилцож байна. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан түр завсарлаад байна. МАН-ын бүлэг үдээс өмнөх хуралдаанаараа цаг үеийн асуудлаар бүлгийн байр суурийг нэгтгэсэн бол үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн асуудлыг хэлэлцэх аж. Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжээд буй.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг хамгаалалттай явж байна

АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг хамгаалалттай явж байна. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар Төрийн гурван өндөрлөгөөс гадна шаардлагатай тохиолдолд нэр дэвшигчдийг хамгаалалтад авдагаж. Ч.Сайханбилэгийг баасан гаригт Ерөнхий сайдад нэр дэвшүүлсний дараагаар Төрийн тусгай хамгаалалтад авчээ.