Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган завсарлалаа

Улсын Их Хурлын чуулганы баасан гараг /2014-12-12/-ийн нэгдсэн хуралдаан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв.Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийг гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаах шийдвэр гаргалаа.

Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулав. Монгол Улсын Засгийн газар тодотголыг боловсруулахдаа, Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор холбогдох өөрчлөлтийг тусгах, 2013 оны төсвийн жилд батлагдсан боловч тухайн жилдээ санхүүжигдэж чадаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн векселийн төлбөрт шаардагдах хөрөнгийг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт нэмж тусгах, 2014 онд ашиглах боломжгүй хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, зураг төсөл, боловсруулах ажлын зардлыг бууруулан тооцох, төрийн албан хаагчдын цалинг 2014 онд салбарын онцлог, инфляцийн түвшинтэй уялдуулан ялгавартай, үе шаттай нэмэгдүүлж байгаатай холбогдон Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт зохих өөрчлөлтийг тусгах, орон нутгийн төсвийн орлогод зайлшгүй шаардлагатай зарим өөрчлөлтийг тусгах, төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцаас хэмнэх боломжтой зарим арга хэмжээний зардлыг бууруулан тооцох, Хүний хөгжил сангийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотойгоор шинээр үнэт цаас гаргах эрхийг нэмэгдүүлэх зарчмыг баримталсан ажээ.

Хуулийн төсөлд, нэгдсэн төсвийн 2014 оны урсгал зардал, төсвийн орлого, хөрөнгө оруулалт, орон нутгийн 2014 оны санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн төлөвлөгөөнд хийх тодотгол болон Нийгмийн даатгалын сан түүнчлэн Хүний хөгжил сангийн 2014 оны төсөвт хийх тодотголуудыг тусгасан байна

Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор тус санд төвлөрүүлэх ногдол ашгийг төвлөрүүлэх төсвийн ерөнхийлөн захирагчийг Монгол Улсын Ерөнхий сайд болгон өөрчлөх, сангийн зээлийн үйлчилгээний төлбөрийг ханшийн өсөлтөөс хамааруулан 7,433.8 сая төгрөгөөр нэмж батлуулах, сангийн төсөвт нэмж 320,000.0 сая төгрөгийн бонд гаргах зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.

Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, сангийн орлогыг 1,249.6 тэрбум төгрөгөөр, сангийн зарлагыг 21.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1,310.3 тэрбум төгрөг байхаар тодотгожээ. Дээрх хуулийн төслүүдэд тусгагдсан тодотголтой холбоотой асуулт, хариулт явагдаж байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

2014 оны төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид өнөөдөр / 2014.12.11 / өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд батлагдсан. Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт орох өөрчлөлт болон төсвийн хэрэгжилтийн явцад үүссэн шаардлагатай бусад зохицуулалтыг тусгах зорилгоор Төсвийн тухай хуулийн 34.1.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” тохиолдолд тодотголын төслийг боловсруулна гэж заасныг үндэслэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

Нийгмийн даатгалын сангийн эхний 10 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тэтгэвэр, тэтгэмжид хамрагдаж буй иргэдийн тооны өсөлттэй холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн зардлыг 21.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагааны зардлыг 0.1 тэрбум төгрөгөөр бууруулж, нийт цэвэр дүнгээр 21.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгааг танилцуулсан.

Мөн Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүд тусгагдсан байна. Үүнд: Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Хүний хөгжил санд төвлөрүүлэх ногдол ашгийг төвлөрүүлэх төсвийн ерөнхийлөн захирагчийг Монгол Улсын Ерөнхий сайд болгон өөрчлөх, Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдуулан авсан 250.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн хүүд 2014 онд бэлэн мөнгөөр 15.0 сая ам.доллар, татварын орлогоор 3.5 сая нийт 18.5 сая ам.долларын төлсөнтэй холбоотой ХХС-гийн зээлийн үйлчилгээний төлбөрийг ханшийн өсөлтөөс хамааруулан 7,433.8 сая төгрөгөөр нэмж батлуул, Сангийн 2012 оны төсөвт гаргасан бондын үндсэн төлбөрт төлөх хэмжээг 21,413.3 сая төгрөгөөр нэмж батлуулах, Хүний хөгжил сангаас хаах урьдчилгаа төлбөрийн цэвэр дүнг 81,537.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, Хүний хөгжил сангийн урьдчилгаа төлбөрт хаагдаж байгаа улсын төсвийн орлогын хэмжээг 119,145.8 сая төгрөгөөр бууруулах, Хүний хөгжил сангийн 2014 оны төсөвт нэмж 320,000.0 сая төгрөгийн бонд гаргахаар тус тус төсвийн тодотголд тусгажээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Номын сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.12.11.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 55 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 6 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр танилцуулав. Тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжжээ.

Манай улсад Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон, орон нутгийн, их, дээд сургуулийн, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн, ерөнхий боловсролын сургуулийн, албан байгууллагын дэргэдэх, эрдэм шинжилгээний зэрэг нийт 1509 номын сан байдаг. Эдгээр нь харьяалал, салбар дундын зохицуулалтаас хамаарч санхүүжилт, сан хөмрөгийн бүртгэл, тооцоо, уншигчдад үйлчлэх орчин нөхцөл, номын хадгалалтын орчин зэрэг асуудал нь жигд бус шийдвэрлэгддэг байна. Мөн Үндэсний номын санд хадгалагдаж буй түүх, соёлын дурсгалт зүйлийн хосгүй үнэт, үнэт зэрэглэлд хамаарах цөөн тооны судар, гар бичмэл нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бүртгэл тооллогод хамрагдан, хамгаалагдаж, хувийн номын сан, хувь хүнд хадгалагдаж буй гар бичмэл, судрын хадгалалт хамгаалалт, бүртгэл, тооцоо, үйлчилгээ нь хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалтгүй явж иржээ. Номын сангийн үйлчилгээг төрөөс дэмжих бодлого алдагдаж, төсөв хөрөнгө хүрэлцэхгүйгээс шинэ номын баяжилт хийх, материаллаг баазаа сайжруулах, уншигчдад тав тухтай орчин бүрдүүлэх, уншлага үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, хүний нөөцөө бэлтгэх зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа аж. Эдгээр шаардлагын үүднээс Номын сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд энэ нь анхдагч хуулийн төсөл юм.

Уг хуулийн төслөөр номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох бусад харилцааг зохицуулах юм байна. Хуулийн төсөл нь 7 бүлэг, 27 зүйлтэй юм. Хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй байнгын хорооны ажлын хэсэг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад 2 удаа, ажлын дэд хэсэг 1 удаа хуралдаж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 15, найруулгын чанартай 16 саналыг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж буйг Байнгын хорооны танилцуулгад дурдав.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Бямбацогт нар байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Тухайлахад, гишүүн Ц.Даваасүрэн сумдад соёлын төв, сургуулийн номын санг нэгтгэж нэгдсэн нэг номын сантай байх нь зөв биш үү гэдгийг тодруулахад байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Ё.Отгонбаяр энэ хууль нь номын сангийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэгдэж байгаа. Сумдад нийтийн номын сан, сургалтын номын сан гэж тусдаа байх юм. Энэ хоёрыг хольж хутгаж болохгүй, нийлүүлж нэгтгэх нь ч зохимжгүй. Сургуулийн сургалтын номын сангийн зорилго, түүнд авах номын сэдэв, агуулга нь ч нийтийнхээс өөр байх ёстой. Сургууль, цэцэрлэгийн номын санд авах номын жагсаалтыг боловсрол, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж байхаар төсөлд тусгасан гэсэн хариулт өгөв. Энэ талаар байнгын хорооноос дэмжсэн “бүх шатны сургалтын байгууллага нь сургалтын номын сантай байна” гэсэн саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь дэмжсэн юм.

Ингээд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулж хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын зөвлөх мэдээлэл хийнэ

Засгийн газар өчигдөр анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан.

Хуралдаанаар хэрэгжүүлэх бодлого зорилтоо хэлэлцэж, Засгийн газрын тэргүүн сайд нартаа үүрэг чиглэл өгсөн сурагтай.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар өнөөдөр 11.00 цагт Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ улс-төр

Номын сангийн тухай хуулийг хэлэлцэж байна

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган 09.00 цагаас эхлэхээр зарлагдсан байсан ч ирц хүрэхгүй байсны улмаас 11.10 цагт эхэллээ. Чуулганы хуралдаанаар өнөөдөр зургаан асуудлыг авч хэлэлцэх ба Номын сангийн тухай хуулийн төслийг одоо хэлэлцэж эхлээд байна.

Нийгмийн бодлогын байнгын хороогоор уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр зарчмын зөрүүтэй 15, найруулгын шинжтэй 16 санал гарч дэмжигдсэн аж.

Номын сангийн тухай хуулиар хамгийн эхэнд номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох харилцааг зохицуулах бөгөөд номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж тооцож.

Бүтцийн хувьд одоо өргөн баригдсан байдлаар хуулийн төсөл 7 бүлэг, 27 зүйлтэй бөгөөд номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээдийн эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, номын сангийн төрөл, эрх, үүрэг, ном бүрдүүлэлт, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, номын сангийн уншлага үйлчилгээ, зөөврийн номын сангийн болон цахим уншлагын үйлчилгээг ЮНЕСКО болон Олон улсын номын сангийн холбооноос гаргасан баримт бичгүүд, олон улсын стандарт, бусад улсын туршлагыг судалж, тэдгээрт нийцүүлэн боловсруулсан аж. Түүнчлэн номын сангийн уншигчийн эрх, үүрэг, тусгай бүлэг уншигчийн эрх, үүрэг, номын сангийн сан хөмрөг, түүнийг хэрхэн бүрдүүлэхийг зааж номын сангийн заавал авах хувийг тогтоож. Худалдан авах номын жагсаалт, номын сангийн сан хөмрөгийн бүртгэл, тооллого хийх, ганц хувь бүтээл, гар бичмэлийг ашиглуулах, сэргээн засварлах, сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар тусгажээ.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ сайд тамгаа гардан авав

Улсын Их Хурлын чуулганы 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнийг хуралдаанд оролцсон гишүүдийн 98,1 хувийн саналаар дэмжиж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар томиллоо. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд тамгыг нь гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

Categories
мэдээ улс-төр

Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосноор 23 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Уул уурхайн яамнаас асуудал үүсгээд буй 106 лицензийн асуудлаар мэдээлэл хийлээ.106 лицензийн асуудал төр болон компаниудын хооронд нэлээд маргаан үүсгээд байсан билээ. Шүүхээс эдгээр эрхийг цуцалсан гол шаптгаан нь лицензийг олгохдоо сонгон шалгаруулалтаар бус өргөдлөөр өгсөн нь холбогдох хуульд нийцэхгүй байна хэмээн үзсэн юм.

Тиймээс Ашигт малтмалын газрын дарга тусгай тогтоол гаргаж, сонгон шалгаруулалтын журмыг баталсан байна. Өөрөөр хэлбэл, уг журмын дагуу дээрх 106 лиценз эзэмших эрхийг сонгон шалгаруулалтыг дахин хийж эхлээд байгаа юм. Одоогийн байдлаар 23 лиценз эзэмших эрхийн төлөөх сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа бол өчигдрөөс эхлэн дараагийн 18 тусгай зөвшеөрлийг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулах гэж буйгаа Ашигт малтмалын газраас зарлалаа. Өмнө нь олгосон 23 тусгай зөвшөөрлөөс 15-ынх нь эзэмшигч тодроод байгаа юм байна.

Өчигдөр зарласан тусгай зөвшөөрлүүдийн хувьд Өмнөговь аймагт тав, Өвөрхангай аймагт хоёр, Дорнод аймагт хоёр, Дорноговь аймагт хоёр, Булган, Төв, Завхан, Хөвсгөл аймгуудад тус бүр нэг нэг байгаа аж.
Дээрх тусгай зөвшөөрлүүд нь бүгд хайгуулын лиценз бөгөөд одоогийн байдлаар зарлагдаад буй 43 лицензийн нийт хамрах талбай нь 20 мянга орчим га газар аж. Өмнө нь цуцлагдсан сонгон шалгаруулалтын улмаас төр болон компаниудын үйл ажиллагаанд 23 тэрбум орчим төгрөгийн хохирол үүсчээ.

Categories
мэдээ улс-төр

Оберн хотын хот төлөвлөлт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанаас туршлага солилцлоо

АНУ-ын Алабама мужийн Оберн хотын хот төлөвлөлт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаатай танилцах уулзалт боллоо. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газрын төлөөлөл болон дүүргүүдийн ЗДТГ-ын дарга нар оролцлоо.

Уулзалтын эхэнд АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Тирза Теннисен хамтын ажиллагааны талаархи танилцуулгыг хийж, Алабама мужийн Оберн хотын менежер ноён Чарльз Дагген, Эдийн засгийн хөгжлийн газрын орлогч дарга Меган Мак Говен нар “Хотын төлөвлөлт ба бүсчлэл”, “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьсан юм.
Илтгэлд Оберн хотын удирдлагын бүтэц, байгууллага хоорондын уялдаа холбоог хэрхэн хангаж ажиллах, төрийн үйлчилгээний байгууллага болгохын төлөө ямар ажлууд хийж хэрэгжүүлж байгаагаа танилцуулсан. Мөн төр хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг хангаж ажиллахад анхаарах зүйлсийн талаар ч дурьдсан. Үүнд, хувийн хэвшлээс төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр санал тавьж буй төсөл, хөтөлбөрүүдтэй хариуцсан байгууллагууд цаг алдалгүй танилцаж, үр дүнг нь газар дээр нь очиж үзэж, эрсдэлийг тооцох ёстой. Гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд цаг алдалгүй шийдвэр гаргадаг, эдийн засгийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг онцоллоо. Оберн хотын хувьд ямар ч төрлийн тусгай зөвшөөрлийг 2-3 долоо хоногт багтаан гаргадаг байна. Мөн хот төлөвлөлтөө 20 жилээр хийдэг бөгөөд 5 жилд нэг удаа хамтарсан зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцэн тодотгол хийдэг аж. Энэ үеэр Оберн хотын хөгжлийн чиг хандлага, бүтэц бүрэлдэхүүний талаар санал солилцлоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох харилцааг зохицуулахаар тусгасан байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж үзэж байгаа юм.

Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан “Иргэд аль ч номын санд үйлчлүүлж болно” гэсэн саналын томьёолол шинээр гаргасныг хуулийн төсөлд нэмж тусгуулахаар санал хураалт явуулсан ч гишүүдийн олонх уг саналыг дэмжих боломжгүй гэж үзлээ.

Мөн хуралдаанаар Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудлыг дэмжиж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаярыг томилсон бол Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярвааг томилов.

Түүнчлэн тус Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан ч Ажлын хэсгээс тогтоолын төслийг энэ удаад хэлэлцэхийг хойшлуулах санал гаргасныг хүлээн авч уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргав

Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо.

Тус хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо 2-3 аймгийн нутаг дэвсгэрийг харъяалуулан дунд нь давж заалдах шатны нэг шүүх байхаар; Нийслэлийн шүүхийн оронд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх гэж нэрлэн Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв, Хэнтий аймгийн зарим сумын нутаг дэвсгэрийг харъяалуулсан; мөн хуулийн 2 дугаар зүйлд анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харъяаллыг тогтоохдоо хэд хэдэн дүүргийг нэг шүүхэд; мөн нийслэлийн зарим дүүрэг болон Төв, Хэнтий аймгийн зарим сумыг нэг шүүхэд харъяалуулан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4, эрүүгийн хэргийн анхан шатны 4 шүүх байгуулж Улаанбаатар хотод зүүн, баруун бүс, Багануур, Налайх дүүрэгт байршуулсан; 3ахиргааны хэргийн анхан шатны 6, 11 дүгээр шүүхийг байгуулахдаа тус бүр 2 аймгийн нутаг дэвсгэрийг нэг шүүхэд харъяалуулсан нь шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчим, шүүхийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо … аймаг, нийслэлийн шүүх, … дүүргийн шүүхээс бүрдэх …” гэснийг зөрчсөн гэж үзэн дүгнэлт гаргалаа.

Үндсэн хуулийн цэц Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг, Хоёрыг бүхэлд нь; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг, Хоёр, түүнчлэн Гурвын 6, 11 дэх заалтыг 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.