Categories
мэдээ улс-төр

Хоёр байнгын хороо хуралдана

1.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Байнгын хорооны даргыг сонгох тухай;
  • Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай асуудал.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Б” танхимд:

  • Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг огцруулах, томилох асуудал.
Categories
мэдээ улс-төр

Сангийн сайд ОУСК-тай хамтарч ажиллах талаар ярилцав

Сангийн сайд Ж.Эрдэнэбат Дэлхийн банк группын Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Вивек Падак тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сангийн сайд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улсын тулгуур салбарууд болох уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдийг дэлхийн жишигт хүргэхэд дэмжлэг үзүүлж ажиллах, цаашилбал Монгол Улсад явуулж буй үйл ажиллагаагаа улам идэвхижүүлэн хамтын ажиллагаагаа өрөгжүүлэхийг хүслээ.

ОУСК-ийн төлөөлөгчид үүнтэй санал нийлж, цаашид Монгол Улсад ОУСК-ийн үйл ажиллагааг аль салбарууд руу чиглүүлэх, хэрхэн тэлж болох талаар хоёр тал хэлэлцэх нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглэв. Төлөөлөгчид ОУСК-ын үйл ажиллагааг хөдөө аж ахуй, банк, санхүү, үйлдвэрлэл, харилцаа холбооны салбаруудад үргэлжлүүлэн явуулахаа илэрхийллээ. Мөн ОУСК бусад хөрөнгө оруулагч нартай хамтран Оюу толгой төслийг дэмжиж, санхүүжилт олгох байр суурь хэвээр байгаа гэдгээ илэрхийлэн төслийн хоёр дахь шат ойрын хугацаанд эхлэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

МАХН-ын дэд сайдууд тодорчээ

Шийдлийн гэх тодотголтой шинэ Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ батлан ажилдаа орсон. Харин дэд сайдын сэнтийд намууд ямар хүнээ илгээх нь тодорхойгүй байна. Тэгвэл өчигдөр МАХН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж гурван дэд сайд нь хэн байхыг тогтжээ. МАХН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Хуульзүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг хэвээр нь үлдээхээр тохиролцсон бол намын дарга Н.Энхбаярын туслах байсан Б.Тулгыг Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайдаар томилохоор болсон гэнэ. Б.Тулга нь Шинэчлэлийн Засгийн газарт Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан юм. Харин Хөдөлмөрийн дэд сайдад З.Батбаярыг тодруулахаар болсон ч МҮАН-тай зөвшилцөж байж эцэслэн шийдвэрлэхээр болжээ.

Categories
мэдээ улс-төр

Ирэх онд нийслэлийн төсвөөр гурван дүүрэгт 100 хүүхдийн ортой эмнэлэг барина

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаанаар “Нийслэлийн 2015 оны төсөв”-ийг баталсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийслэлийн ирэх оны төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сэтгүүлчдэд өглөө. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар нар оролцсон юм.

Нийслэлийн 2015 оны төсөв нь нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх нийслэлийн төсвийн орлогын боломжит бүх эх үүсвэрийг дайчилж, эдийн засгийн хүндрэлтэй үед татварын орлогыг өмнөх оны түвшингээс бууруулахгүй байхаар тооцсон. Мөн Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлыг бууруулж, орон тооны давхардлыг арилгах үндсэн чиглэлийг баримталж боловсруулан баталсан байна. Нийслэлийн 2015 оны орон нутгийн төсөвт нийт 540,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 320,9 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлэн, 180,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд нийслэлд нийт 38,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл хотын шуудын төсөвт 424,0 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 78,4 хувийг бүрдүүлэхээр, дүүргүүдийн төсөвт 116,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн 21,6 хувийг бүрүүдүүлэхээр тооцжээ.

Ирэх оны нийслэлийн төсөвт өмнө нь Улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэдэг байсан хэд хэдэн асуудал шилжсэн байна. Тухайлбал оюутан, сурагч, цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих 53,1 тэрбум төгрөгийг нийслэл хариуцахаар болжээ.

Нийслэлийн 2015 оны төсөв боломжтой бүх эх үүсвэрийг танаж, бууруулж тооцон 57 орчим тэрбум төгрөгийн урсгал зардлыг хэмнэсэн байна. Үүнд шинээр тавилга, эд хогшил худалдан авах, бичиг хэргийн зардал, гадаад, дотоод томилолт, тээвэр шатахууны зардал зэргийг 2-5 дахин бууруулжээ. Мөн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн дагуу 186 удирдах албан тушаалтны цалин, холбогдох зардлыг төсвөөс хасч баталсан юм. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлаас нь чөлөөлж буй удирдах албан тушаалтнууд бүгдээрээ залуу, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжтой хүмүүс бий. Гэтэл Монгол Улсын Засгийн газраас 2 тэрбум төгрөгийг хэмнэх нэрийдлээр ажлаас чөлөөлөх чиглэл өгсөнд бид таатай хандахгүй байгаа. Гэвч УИХ-аар хууль батлагдсан тул дагахаас өөр аргагүй. Тиймээс дараагийн боломжтой ажлуудад санал болгох замаар ирэх онд ажлаас нь чөлөөлөхөөр төлөвлөсөн” гэлээ.
Хэдийгээр эдийн засгийн байдал сайнгүй байгаа ч нийслэл боломжтой хөрөнгө оруулалтын төсвөөрөө бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

Тухайлбал эмнэлэг байгуулах үндсэн чиг үүрэг нийслэл хүлээгээгүй ч одоогийн эмнэлгийн хүрэлцээ, нөхцөл байдал, иргэдээс авсан саналын дагуу нийслэлийн төсвөөр Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус бүр 100 хүүхдийн ортой эмнэлэг байгуулахаар тусгажээ. 2014 онд 88 сургууль цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлийн ажил эхэлсэн. Эдгээрээс нэг сургууль, хоёр бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 19 цэцэрлэг ирэх онд ашиглалтад орох юм. 2015 оны төсвөөс шинээр зургаан цэцэрлэг барьж, гурван цэцэрлэгт өргөтгөл хийх бол хоёр сургууль шинээр барьж, нэг сургуулийг өргөтгөн шинэчлэнэ. Харин Концессийн гэрээний дагуу 12 сургууль цэцэрлэг барихаар төлөвлөжээ. Мөн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлаас 20 байршилд тодорхой хэсгүүдэд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн Батлан даалтын сан, Нийслэлийн орон сууцны хөтөлбөр зэрэгт хөрөнгө оруулалт хийнэ.

Энэ үеэр сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өглөө.

Хогны уутанд 6,7 тэрбум төгрөг төсөвлөсөнд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ мөнгийг сургууль, цэцэрлэг барихад төсөвлөж болохгүй юмуу? гэсэн асуултад нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Энэ асуудал дээр бид нэг ойлголттой болъё гэж бодож байна. Иргэд дэмий мөнгө үрж байна гэж их шүүмжилж, бидэнд санал хүсэлт ч багагүй ирүүлж байгаа. Гэхдээ хогны уут хийж иргэдэд тараахад төсвөөс нэмэлтээр нэг ч төгрөг гаргахгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Учир нь иргэд сар бүр байрныхаа төлбөр дээр хогны хураамж гэж тодорхой мөнгө өгдөг. Энэ нь жилд 14 орчим тэрбум төгрөг төвлөрдөгөөс ирэх онд 6,7 тэрбум төгрөгийг хогны уутанд төсөвлөсөн. Эмнэлэг, сургууль барих асуудал дээр иргэдээс төвлөрүүлж байгаа хогны хураамжийн энэ мөнгийг хог багасгах, тээвэрлэх зэрэгт зарцуулахаас өөр зүйлд зарцуулахыг хориглосон хуулийн заалттай гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Бид эмнэлэг, сургууль барихад өөрийн төсвийн боломжоор хуваарилалт хийсэн. Цаашид ч хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Хогны уутыг хөгжингүй орны хотын иргэд бүгд л хэрэглэж байна шүү дээ. Иргэд зориулалтын хогны уутанд хогоо хийх нь их хотын нэг соёл. Бид удахгүй хотын дүрэмтэй болно. Энэ дүрэмд ч хог хаявал гээд тодорхой торгуультай заалт байхаар төлөвлөж байгаа тул иргэд хогны уутыг хэрэглэж хэвших нь зүйтэй. Дахин хэлэхэд төсвөөс нэг ч төгрөг нэмэж төсөвлөөгүй ” гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгч урамшууллыг хэрхэн төсөвлөсөн бэ. Жил бүр авдаг мөнгө хэвээрээ байгаа юу? гэхэд “Эдийн засаг хямралтай, улс орны төсөв санхүү хомсодсон үед энэхүү урамшууллыг хэмнэх зарчмыг баримталж, нийслэлийн 2015 оны төсөвт НИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллыг хасч оруулсан ч төлөөлөгчид зөвшөөрөөгүй. Тэдэнд зориулж буй мөнгө хувь хүнд нь бус сонгогдсон тойрогт нь зориулагддаг. Төлөөлөгчид тайлан тооцоогоо хуралдаа ирүүлж, аудит шалгалт хийдэг” гэсэн юм.
Иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор нийслэлийн 2015 оны төсвийн задаргааг нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын баруун дээд хэсэгт байрлах баннер хэсэгт байршуулсан байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Тогтвортой санхүүжилтийн форумд оролцлоо

Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум-2014 Туушин Зочид Буудалд боллоо. Форумыг нээж Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч, Тогтвортой санхүүжилтийн удирдах хорооны дарга М.Болд үг хэлэв. Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ :Юуны өмнө Монголын банкууд бусдын заавар, зөвлөлгөөгөөр биш, өөрсдөө улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө тогтвортой санхүүжилтийн санаачилга гаргаж, зарчмуудаа боловсруулан өнөөдрийн форумыг зохион байгуулж байгаад Эх дэлхийн манлайлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Миний ойлгож буйгаар 2015 онд Монголд олон чухал үйл явдал болохын хоёрыг энд онцлон дурдъя. Нэг нь Шилэн дансны тухай хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Тэр өдрөөс эхлэн төр засгийн, төсвийн бүх байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвөөс тендер авсан хувийн компаниуд бүгд таваас дээш сая төгрөгийн гүйлгээний талаарх бүрэн мэдээллийг долоо хоногийн дотор өөрийн веб хуудсанд, хэрэв веб хуудас байхгүй бол байгууллагын олон нийтийн самбарт нийтэлдэг болно.

Энэхүү хуулийг хэрэгжүүлснээр Монголд үүрлэж бугшсан олон асуудал, түүний дотор банк санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалттай холбоотой зөрчил дутагдал, залилан, авлигал гэх мэт маш олон асуудалд цэг тавьж, зарчмын шинжтэй өөрчлөлт гарах юм. Үүнийг бид туршлагаар нотолсон. Дансны гүйлгээг олон нийтийн хараа хяналтад ил тод байлгах нь л маш эерэг үр дүнтэй арга хэмжээ болно.

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн асуудлаар энэ сарын 18-нд томоохон зөвлөлгөөн зохион байгуулах гэж байна.

Хоёр дахь томоохон үйл явдал бол Монголын банкуудын санаачилж, боловсруулсан тогтвортой хөгжлийн санхүүжилтийн зарчмыг мөрдөж эхлэх. Энэ зарчмуудын дагуу хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ээлтэй төслүүдийг түлхүү санхүүжүүлдэг болно гэж би ойлгож байгаа. УИХ энэ жил ногоон хөгжлийн бодлогыг баталсан. Энэхүү бодлогыг боловсруулж батлахад гар бие оролцсон УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч, хатагтай С.Оюун энд хүрэлцэн ирсэн байна. С.Оюун дээрх бодлогын талаар та нарт дэлгэрэнгүй ярих байх гэж бодож байна.

Та бүхний санаачилга, УИХ-ын баталсан уг бодлогыг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй. Банкууд өөрсдөө санаачлаад тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг боловсруулж мөрдөх гэж байгаа нь туйлын сайшаалтай. Монголчууд эрт дээр үеэс байгаль орчинд ээлтэй амьдарч ирсэн. Байгаль орчноо хайрладаг монголчуудын хүмүүжил, соёлын өвийг сэргээх, сургалтын ажлуудыг хийх, хойч үедээ уламжлах талаар ч та бүхэн бодох нь зүйтэй.

Тогтвортой хөгжлийн санхүүжилтийн ач холбогдол хүлэмжийн хийг багасгах төдийгээр тогтохгүй. Монгол Улс байгаль, цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай, эрчим хүчний хэрэглээ ихтэй, бас алдагдал ихтэй орон. Миний бодлоор тогтвортой хөгжлийн зарчмуудыг мөрдөж эхлэвэл ядуурал багасах нийгмийн ч ач холбогдолтой.

ХБНГУ-ын GIZ байгууллагын судалгаагаар Улаанбаатар хотод амьдран сууж байгаа хүмүүс авсан дулааныхаа 50 хувийг хаалга, цонх, хана, шал, таазаараа алдчихдаг гэж дүгнэсэн. Энэ нь манай иргэд эрчим хүчинд төлбөл зохих хэмжээнээсээ хоёр дахин их мөнгө үрж байна гэсэн үг юм. Тэгэхээр банкууд төслийг санхүүжүүлэхдээ хамгийн түрүүнд эрчим хүчээ хэрхэн хэмнэх вэ гэдэг шалгуурыг тавих хэрэгтэй. Эрчим хүч гэдэг нь бензин, шатахуун, уур, ус, цахилгаан гэх мэт өргөн хүрээтэй ойлголт юм. Сүүлийн үед орон сууц, офиссийн барилга олноор баригдах боллоо. Та бүхнээс эрчим хүчний алдагдлын асуудлыг онцгой анхаараасай гэж хүсч байна. Эрчим хүч, дулааны алдагдлыг багасгана гэдэг ядуурлыг багасгахтай дүйнэ.

Мөн УИХ-аас хууль батлаад, барилгын компаниуд барьсан орон сууцных нь нэг шоо метр талбайг халаах зардлыг албан ёсоор зарладаг болчихвол дулааны алдагдалтай барилгын борлуулалт, үнэ, цаашилбал санхүүжилт зогсоно.

Тогтвортой санхүүжилтийн санаачилгыг гаргасан Монголын банкууд, Монголын банкны холбоо, энэ ажлыг дэмжсэн гадаад дотоодын банк, санхүүгийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс бүх талаар дэмжинэ. Нэг зүйлийг нэмж хэлэхэд сэргээгдэх эрчим хүч ашиглах асуудлыг харгалзаж үзэх нь зүйтэй. Уудам газар нутагт тархан суурьшсан монголчуудын хувьд сэргээгдэх эрчим хүч бол бурхны бэлэг юм. Хотын иргэдээс илүү хөдөө орон нутгийн иргэд сэргээгдэх эрчим хүчний үр шимийг хүртэж байна.

Бид 1999 оны намар 100 мянган нарны гэрэл хөтөлбөрийг санаачилсан. Энэ нь Монголд хамгийн амжилттай хэрэгжсэн цөөхөн төслийн нэг юм. Энэхүү төслийн ачаар саяхныг хүртэл лааны гэрэлд амьдарч ирсэн хөдөө орон нутгийн иргэд маань сэргээгдэх эрчим хүчээр ажиллах гэрэл чийдэн, телевизор, хөргөгч, холбоотой болсон. Магадгүй та бүхэн ирэх жилээс хот, суурин газарт хэрэгжүүлэх 100 мянган нарны дээвэр төслийг санаачлан, шинээр баригдаж буй барилгуудад сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлбэл улс орны хөгжилд сайнаар нөлөөлнө.

Монгол нар, салхины сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй орон. Зөвхөн Алтай, Хангайн нуруу хоорондын салхины хүчийг бүрэн ашиглаж чадвал 2.6 терраватт эрчим хүч үйлдвэрлэх боломжтойг Азийн хөгжлийн банкны судалгаа харуулсан.

Тэгэхээр та бүхэн нэг талаас эрчим хүчээ хэмнэх, нөгөө талаас сэргээгдэх эрчим хүчээ дэмжих үүднээс асуудалд хандвал Монголын ирээдүй улам их гэрэл гэгээтэй, тогтвортой болж, бусад улс орнуудад үлгэр жишээ үзүүлэх хэмжээнд хүрнэ гэдэгт итгэж байна. Өнөөдөр агаарын бохирдол, замын түгжрэл гэх мэт нийгмийн олон асуудал бидний өмнө тулгамдаад байна. Аливаа хүндрэл бэрхшээлийг хямралын үед л шийддэг гэж ярьдаг. Хямрал гэдэг үг эрсдэл, боломж гэсэн хос утгатай. Тэгэхээр бид өнөөдрийн хямралыг хөгжлийн боломж болгох талаар ажиллах ёстой гэж үзэж байна гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Батлан хамгаалахын сайд БНХАУ, АНУ-ын Элчин сайд нартай уулзлаа

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Сяолун, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны харилцаатай улсуудын Элчин сайд нартай уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, БНХАУ, АНУ-тай батлан хамгаалах салбарт хөгжүүлж буй хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, хамтын ажиллагааны цаашдын төлвийн талаар харилцан санал солилцож ярилцав. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Сяолун энэ жил Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баярын хүрээнд батлан хамгаалах салбарын хэмжээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүд амжилттай болсныг дурдсан.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд шинэ ажилд нь амжилт хүсээд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх байр суурь илэрхийлдэгийг дурьдаад, салбарын цаашдын хамтын ажиллагааг улам бүр шинэ хэлбэр агуулгаар хөгжүүлэхэд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулан ажиллана гэдгээ илэрхийлэв.
IMG_6295 - Copy - Copy - Copy

IMG_6295 - Copy - Copy - Copy

Categories
мэдээ улс-төр

Өргөдлийн байнгын хороо Цагаан дэлийн агуй, Чандмань хар уулын нөхцөл байдлыг хэлэлцэв

Өргөдлийн байнгын хороо 2014.11.28-ны өдөр нэр бүхий 50 гаруй иргэний /800-аад иргэний гарын үсэг хавсаргасан/ өргөдлийн дагуу Дорноговь аймгийн “Цагаан дэлийн агуй”, “Хутаг уул”, “Чандмань хар уул”, Баянхонгор аймгийн “Хүслэнтэйн аман гол”-ын нөхцөл байдал дээр үндэслэн ашигт малтмалын тухай болон байгаль орчны тухай зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, тэдгээрийг боловсронгуй болгох шаардлагын талаар хэлэлцлээ. Байнгын хороо ШУА-ын археологи, палеонтологи, түүхийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын байгууллага, холбогдох төрийн байгууллага, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулан Дорноговь аймгийн Хөвсгөл, Дэлгэрэх, Айраг, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумдад очиж танилцан 2 удаагийн ажлын хэсгийн уулзалт тус тус зохион байгуулж ажиллалаа.

Цагаан дэлийн агуй. Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших ба жонш олборлох үйл ажиллагаанаас сүйдэж буй. Монгол орны хамгийн том, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий агуй байсан. Жонш олборлогч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эжунмэн” ХХК-ийн ашиглалтын талбайд хамаарч байгаад тусгай зөвшөөрөл цуцлагдсан 116 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь агуйн зөвхөн амсар хэсэг ба агуй баруун тийш сунаж тогтсон нь “Эн Ти Ти Си” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч буй. Эжунмэн ХХК нэг удаа 11 сая төгрөгийн л татварыг улсад төлсөн ба нийгмийн даатгал огт төлж байгаагүй байна. Иргэн Зууннаст хууль бусаар жонш олборлох явцад тэсэлгээ хийж нураасан гэх ба өршөөлийн хуульд хамрагдсан. Тус орчинд одоогоор 5 компани жонш олборлож байна.
Ард иргэдээс агуйг улсын тусгай хамгаалалтад авч, нөхөн сэргээх, байгаль орчинд учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх, хариуцлага тооцох, уурхайн дуу чимээ, тоосжилт, бэлчээр усны хомсдлоос эрүүл мэндээр хохирч, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдсан тул зохих арга хэмжээ авч өгөхийг хүссэн.

Хутаг уул. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших ховор ан амьтан бүхий тахилгат уул. БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Галакси майнинг Монголия” ХХК-ийн зэсийн хайгуулын талбайд хамаарч байгаад 2014 онд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр уулын ар хэсэг буюу хойд хөндий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах болсон. Хутаг уул нь Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны үе дамжин шүтэж ирсэн тахилгат уул ба Дорноговь аймгийн хамгийн өндөр цэг. Эзэн Чингэс хааны их цагаан сүлднээс үлдсэн 2 дагавар цагаан сүлдний нэг нь энэ хайрханы хойд бэлд тахигдаж байсан ба Сүлдэнэ хөх толгойд залагдсан байна. Тус орчинд Сүлдэнэ хөх толгой, Гуа тээг, Эргэлийн зоо, Ац богд, Хоёр загал, Баруун зүүн хасар, Шивээ, Бурхант, Дарьт, Хатаны булаг зэрэг Чингэс хааны түүхтэй холбогдсон олон газар орон байх ба Говийн нэг, тавдугаар ноён хутагтуудын төрсөн болон нутаглаж, тахин шүтэж байсан дагшин газрууд оршино. Хутаг ууланд зэрлэг сонгино, агь, борхой, таань, хөмүүл, чулуун таваг, алтан харгана, алтан утас, чихэр өвс, тэмээн хөх, хар өвс, цулхир зэрэг 100 гаруй төрлийн ургамалтай. Мөн Аргаль хонь, хулан, хар сүүлтий зээр, цагаан зээр, чоно, шар үнэг, хярс үнэг, мануул, дорго, морин шилүүс зэрэг 10 гаруй төрлийн тууртан болон махан идэшт ам амьтан, хөх цахлай, ууль, ятуу, ногтруу, тас зэрэг жигүүртэн шувууд нутагшдаг бөгөөд ундаалдаг ус, рашаан, булаг шандууд нь тус компанийн ашиглалтын талбайд хамаарсан байна.

Нутгийн ард иргэд ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, онгон дагшинаар нь хадгалан үлдэх, улсын тусгай хамгаалалтад авч өгөхийг хүсч буй.

Чандмань хар уул. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт орших ба БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Засаг Чандмань Майнз” ХХК-ын ашигт малтмалын талбайд байрлана. Чандмань хар уул нь Дэлгэрэх сумын “Цагаан хад” багийн нутагт сумын төвөөс баруун урагш 16 км зайд орших бөгөөд уулынхаа урд энгэрээр бүлэг булшаар хүрээлэгдсэн, төмрийн хүдрийн агууламж өндөртэйгээс хар өнгөтэй харагдах уртрагийн дагуу 3 км орчим сунан тогтсон бэсрэг уулсаас бүрдэнэ. Тус бэсрэг толгодын ноён оргилыг “Чандмань хар” хэмээх агаад нутгийн иргэдийн жил бүр тахидаг “Тахилгат хайрхан” юм. “Ноён оргил”-оос хойш цувран тогтсон 3 толгодыг оролцуулан Ноён, Хатан, Хүү, Бэр толгой хэмээн домоглон нэрлэсэн.
Археологийн хүрээлэнгээс малтлага хийж хийхэд 300 орчим түүх, дурсгалын зүйлс илрүүлсэн. Судалгааны ажлын явцад 26 эртний булшийг авран хамгаалах малтлага хийж, эдгээр дурсгал нь Хүрэл зэвсгийн үеийн /МЭӨ II мянган жилээс МЭӨ VII зуун/ болон 12-13 дугаар зууны үед холбогдох түүх соёлын үл хөдлөх дурсгалууд байгааг тогтоосон. 2011 онд ШУТИС-ийн Түүх, соёл судлалын тэнхимийн судлаачид, 2012-2014 онд ШУА-ын хамгаалах секторын судлаачид 278 булш тахилын байгууламжийг малтан судалж, чөлөөлсөн байна. Монгол улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Чандмань хар уулын орчмын булш, чулуун зэвсгийн болон үйлдвэрлэлийн ул мөр бүхий дурсгалт газрыг аймаг нийслэлийн хамгаалалтанд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтанд хамааруулан, Соёлын өвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн байна. 2014 оны байдлаар, Чандмань хар уулын орчимд авран хамгаалах малтлага судалгаанд хамрагдаагүй 50 гаруй булш тахилын газар үлдээд байгаа.

2014 оны 09 сарын 24 өдөр Дэлгэрэх сумын ИТХ-аас 6/02 тоот тогтоолоор “Сумын нутаг дэвсгэр дээр бичил уурхайг зохицуулах, иргэд хувиараа ашигт малтмал олборлох, зөвшөөрөл олгох журмыг баталж, Чандмань уулын орчимд байх “Шар модны бууц” гэх газарт нийт 15.2 га газарт бичил уурхайн хэлбэрээр алт олборлож байна.

Бичил уурхай олборлох үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-аар зохицуулах бөгөөд Дэлгэрэх суманд явуулж буй бичил уурхайн үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хууль, холбогдох журмын дараах зүйл, заалтыг зөрчиж байна. Үүнд:

1. Ашигт малтмалын газраас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлтийг гаргуулалгүйгээр газрыг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан, улмаар олборлолт явуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 11 дүгээр зүйлийн 11.1.13, 11.1.23, Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолыг бүхэлд нь зөрчсөн;

2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг Иргэний хуулийн 35, 36.4, 481.1-д заасны дагуу зохион байгуулагдсан нөхөрлөл, хоршоотой байгуулаагүй, хувь иргэдэд хураамж хураан тасалбар олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.3, 3.4, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.8-д заасныг зөрчсөн;

Иргэдээс малчдын бэлчээр, усыг хамгаалж, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэмж олгохгүй байх, гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагааг зогсоож, байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээ авч өгөхийг хүссэн.

Хүслэнтэйн аман гол. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах Хүслэнтэйн аман гол нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эпитот” ХХК-ийн нүүрсний ашиглалтын талбайд хамаарагдаад байна. Аймгийн тусгай хэрэгцээний газарт хамаарах хэсгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 сарын 02-ны өдрийн хурлын 128 тоот тогтоолоор тусгай хэрэгцээнээс гарган “Эпитот” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгосон байна. Уг газрыг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр ашиглуулах эсэх асуудлаар тус сумын иргэдээс авсан санал асуулгад 637 хүн оролцсоноос 533 иргэн буюу 83.7 хувь нь эсрэг санал өгсөөр байхад дээрх шийдвэр гаргасанд иргэд гомдолтой байна.
Хүслэнтэйн аман гол нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 30 орчим айл байнга нутагладаг бөгөөд ган зудтай үед малчид олноор нөмөрлөн буудаг бэлчээр усны гол түшиц газар бөгөөд Буньдарийн овоо, Буурал хайрхан зэрэг шүтлэгт хайрхад оршдог нутаг юм. Мөн аргаль, янгир зэрэг ховор ан амьтадтай, хүн, малын өвчин анагаах рашаан, эмийн ургамалтай ажээ. “Эпитот” ХХК нь хүрэн нүүрс олборлон цахилгаан болон дулааны станц байгуулах төсөл хэрэгжүүлнэ гэж байгааг иргэд үндэслэлгүй бөгөөд рашаан ус ширгэх, байгалийн тэнцвэр алдагдаж, малчид нутаглах бэлчээргүй болох, шүтлэгт уул хайрхан сүйтгэгдэх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Иймд иргэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, үе дамжин нутаглаж, тахин шүтэж ирсэн нутгаа онгон төрхөөр нь хадгалан уламжлалт мал аж ахуйн зориулалтаар цаашид ашиглах хүсэлтэй байгаа болно.

Хэлэлцүүлгийн илтгэлүүд:

– Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нөхөн сэргээлт, түүнд тавих хяналт, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт /БОНХЯ/
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт ба орон нутгийн иргэдийн эрх ашиг, байгаль, түүх, соёлын өвийг хамгаалах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт /АМГ/
-Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнд тавих хяналт /МХЕГ/
-Хутаг уул, түүний Монголын түүхийн холбогдол /ШУА-ын Түүхийн хүрээлэн/
-Говийн /Хутаг уул/ биологийн төрөл зүйл /ШУА-ын Биологийн хүрээлэн/
-Уул хайрхадыг дархлан шүтэж ирсэн уламжлал, соёл түүний ач холбогдол /Монголын тахилгат газар нутгийн судалгаа, мэдээллийн төв/

Илтгэлүүдээр хөндөгдсөн асуудлууд:

БОНХЯ-наас ирүүлсэн тойм судалгаагаар уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаагаар 19870.4 га газар эвдрэлд орсон байна. Харин урт нэртэй хуулиар ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон газарт байрлах нийт 138 аж ахуйн нэгжийн 242 тусгай зөвшөөрлийн талбайд учруулсан байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлыг 54.7 тэрбум төгрөг шаардагдана гэж тооцсон байна. Дараах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж үзсэн:

Хамгаалах шаардлагатай чухал газар нутгийг экосистем, биологийн олон янз байдал, хөгжлийн хэтийн төлөвлөлттэй уялдуулан тодорхойлж уул уурхайгаас ангид байх газруудыг бий болгох, бүс нутгийн экосистемийн үнэлгээ хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
Уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө тооцох эрх зүйн орчныг шинэчлэх, тусгай санд урьдчилан байршуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх,
Ашигт малтмалыг олборлох, боловсруулахад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх Европын холбооны стандартыг нутагшуулж мөрдүүлэх,
Уул уурхайн үйл ажиллагааны эрсдлийн сан бий болгож, хариуцлагатай уул уурхайн зарчмыг бүх уул уурхайн үйлдвэрлэлд нэвтрүүлэх,
Ашигт малтмалын тухай хууль 66 зүйлтэй бөгөөд 49 заалт нь тусгай зөвшөөрөл олгох, сунгах, шилжүүлэх, цуцлах, барьцаалах болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийн талаарх харилцааг, 17 заалт нь хуулийн зорилго, нэр томьёо, төрийн байгууллагын эрх үүрэг зэргийг тодорхойлсон буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай хууль гэж үзэхээр болсон байна. Ашигт малтмалын экспорт жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ч энэ асуудлыг зохицуулсан эрх зүйн акт байхгүйгээс ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татварыг төлөхгүй улсыг их хэмжээгээр хохироож байна. Жишээлбэл: Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилд 1 сая тонн төмрийн хүдэр олборлож түүнийгээ тусгай зөвшөөлгүй аж ахуйн нэгжүүдэд 1 тонныг нь 30 000-60 000 төгрөгөөр борлуулж байгаа ба худалдаж авсан тусгай зөвшөөлгүй аж ахуйн нэгжүүд 1 тонныг нь 98-140 ам доллараар экспортод гаргаж байна. Экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл эзэмшигч биш учраас улсад нэгч төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхгүй байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр борлуулсан орлогоосоо 1 тэрбум гаруй төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг бөгөөд экспортын үнийн дүнгээс тооцон төлбөл 15 тэрбум төгрөг төлөхөөр байгаа ба үүнээс улсад учирч байгаа хохирол 14 тэрбум орчим төгрөг болж байна. Мөн өнгөт чулуу, жонш экспортод их хэмжээгээр гаргаж байгаа ч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр огт төлөхгүй байна. Мөн шороон замаар тээвэрлэн хөрсийг эвдрэлд оруулан байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх явдал ихсэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд тогтоосон хайгуулын зардлын доод хэмжээ хэтэрхий бага байгаагаас тусгай зөвшөөрөл дамлан наймаалах нөхцөлийг бүрдүүлж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч нь Монгол улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно гэж заасан. Гэтэл хуулийн 43.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-д зааснаас илүү тохиолдолд хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө гэж заан “туслан гүйцэтгэгч”-ийг хассанаас туслан гүйцэтгэгч дээрх үүргээс чөлөөлөгдөн улс зохих нөхөн төлбөрөө авч чадахгүй болж хуулийн хийдэл гарсан байна.

Иймд дараах чиглэлээр өөрчлөлтүүд яаралтай оруулах шаардлагатай:

ашигт малтмалыг олборлох, боловсруулах, тээвэрлэх, борлуулах зэрэг асуудлуудыг иж бүрнээр нь зохицуулах,
ашигт малтмал баяжуулах, борлуулах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй явуулдаг болгох,
улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооход хариуцах эзэн, хэрэгжих хугацааг тодорхой тусгах,
гадаадын иргэдийг хуульд зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд төлөх төлбөрийг туслан гүйцэтгэгч мөн адил төлдөг болох,
хайгуулын ажлын нэгжийн өртөг тооцох арга, зарчмыг тодорхой болгох, хайгуулын зардлын доод хэмжээг нэмэгдүүлэх, нэг талбайд хийсэн ажлын зардлыг буруу тооцсон буюу талбай хооронд шилжүүлэх, давхардуулах зөрчилд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл хариуцлага ногдуулдаг болох,
ашигт малтмалын болон бусад хуулийн хэрэгжихгүй байгаа заалтуудыг нэн даруй хэрэгжүүлж, уул уурхайн үйлдвэрлэлээс улсын төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх механизм бүрдүүлэх,
хууль зөрчсөн болон хууль хэрэгжүүлэхгүй этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог оновчтой бөгөөд тодорхой болгох,

Газрын тухай хуулийн Тусгай нэрэгцээний газар гэсэн 16 дугаар зүйлийн 16.1.11-д”бичил уурхайн зориулалтаар олгосон газар” гэсэн заалтыг 2010 оны 7 сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газар гэсэн 14 дүгээр зүйлийн заалтуудтай зөрчилдөж байгаагаас улсын тусгай хамгаалалттай газарт бичил уурхай нэрээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явагдах боллоо. /Хэнтий Норовлин Тосон хулстайн байгалийн нөөц газарт/
Хилийн зурваст байгаа ашигт малтмалыг эрж хайх ашиглах явдлыг хориглосноос хоёр хөрш улс Монгол улсын хилийн шугамд бараг тултал ашигт малтмал олборлож байгаа бол манай улс олборлох боломжгүй байна.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл дараах саналуудыг гаргалаа:

Түүх, соёлын өв, үнэт зүйлсийг нэн тэргүүнд тавьж үнэлгээг бодитой тооцдог болох, тандалт судалгааг төрөөс хийж, хамгаалалтад авах, зөвхөн эдийн засгийн үр ашигт анхаарсан өрөөсгөл бодлогыг залруулах, иргэдийн урт хугацааны тогтвортой амжиргааг дэмжих, уул уурхайн нөлөөллөөс малчдын ажиллаж амьдрах орон зай хумигдаж байгааг онцгой анхаарах уул уурхайн салбарын үр ашигт анхаарч, цөөн тооны томоохон төслүүд дээр төвлөрөх /хяналтгүйгээр олон төслийг зэрэг эхлүүлснээр хэдхэн жилийн дотор ашиг малтмалын нөөцөө барах, хууль тогтоомжийн хийдэл цоорхойгоос улсад ашиггүйгээр гадаадынхан ашиглаж дуусах эрсдэлтэй/ гадаадын ААН-үүд их хэмжээгээр тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрч байгааг цэгцлэх бодлого баримтлах, гар аргаар бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа нь иргэдийн амжиргааг дэмжихээс илүү хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэх, байгаль орчныг сүйтгэх нөхцлийг бүрдүүлж байгаа тул хязгаарлах, улмаар хориглох, хяналтыг чангатгах, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх компанит ажил зохион байгуулах, улсаас шүүхийн зардлыг олгож, иргэд, ТББ нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, улсад оруулсан нөхөн төлбөрийн орлогоос нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн этгээдэд урамшуулал олгох замаар төр хэрэгжүүлж чадахгүй байгаа үүргийг төлөөлөн гүйцэтгүүлэх ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн иргэдийн саналыг авдаг болгох уул уурхайд хэт нээлттэй бодлого баримталснаас бусад салбар хөгжихгүй байгааг анхаарах /цөөн хүн амтай манай улсын хувьд хэт задгайрсан уул уурхайнуудыг хянах чадавхи байхгүй, нөгөө талаар баялаг бүтээх бус бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж байна/ Уул хайрхадыг тахин шүтэж, байгаль орчныг дархлан хамгаалж ирсэн өв соёлыг уламжлуулан хадгалах, зөв сэргээх Газар нутгийг улс, орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа цогц байдлаар хандах /уулын зөвхөн оройн хэсгийг, булаг шандыг тойруулан хэт бага талбайгаар хамгаалж байгаа нь ёс төдий арга хэмжээ бөгөөд эко систем алдагдахад хүргэж байгааг анхаарах/ гэх мэт.

Categories
мэдээ улс-төр

Казиногийн хуулийг өргөн барина

Н.Алтанхуягийн Засгийн газар хямралаас гарах төлөвлөгөөндөө казиног оруулсан байдаг. Түүнийхээ дагуу казино тоглох тухай хуулийн төслийг хэд, хэдэнд удаа хэлэлцэн дэмжсэн юм.
Тэгвэл энэ хуулийг дахин хэлэлцүүлэх ажлыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хийж байгаа аж. Тодруулбал, Засгийн газар энэ хуулийг батлуулахаар УИХ-д өргөн барих гэж байна. Ингэхдээ аялал жуулчлалын салбарт хамааруулж Д.Оюунхорол сайд хуулийн төслөө Засгийн газраар хэлэлцүүлж УИХ-д оруулах юм байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар монголчууд тоглохгүй байх заалтыг казиногийн хуульд тусгаж байгаа гэнэ. Мөн мөрийтэй тоглоомын газрыг Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсэд байгуулах нь аюулгүй бөгөөд оновчтой хувилбар хэмээн үзэж байсан ч одоо Засгийн газрын өргөн барих хуулийн төсөлд нийслэлтэй ойр, дэд бүтэц хөгжсөн газарт байгуулах нь зүйтэй гэж үзсэн ажээ.
Ямартай ч энэ хаврын чуулганаас хэтрэхгүй тус хуулийг батлуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын зөвлөхүүд томилогдлоо

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын зөвлөхүүдийг томилжээ. Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр Б.Дэлгэрмааг, эдийн засгийн зөвлөхөөр О.Чулуунбатыг томилсон байна. Б.Дэлгэрмаа нь УИХ-ын гишүүн, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Одоо Монгол улсаас Сингапур улсад суугаа элчин сайдаар ажиллаж байгаа юм. Харин О.Чулуунбат нь Монголбанкны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай эдийн засагч юм.

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар хот Азийн сантай хамтын ажиллагаагаа өргөтгөх санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод ажлын айлчлал хийж байна. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Азийн сангийн Ерөнхийлөгч Д.Арнолдтой уулзлаа.
Уулзалтын үеэр тус сангийнхан нийслэлийн иргэд, оршин суугчдын аж амьдралыг дээшлүүлэх, тэдэнд хүргэж байгаа нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хот төлөвлөлт, түүний дотор гэр хорооллын төлөвлөлтийг боловсронгуй болгох чиглэлээр Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төслийн талаар товч танилцуулж, цаашид төслүүдийн цар хүрээг өргөтгөх, эрчимжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
Уулзалтын дараа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Азийн сангийн Ерөнхийлөгч Д.Арнолд нар Улаанбаатар хот болон Азийн сангийн хоорондын хамтын ажиллагааны талаарх Санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт гэр хорооллын төлөвлөлтийг боловсронгуй болох чиглэлээр Улаанбаатар хотын хороодын зураглалыг хийх төслийг тус сантай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, ингэснээр засаг захиргааны үндсэн нэгж болох хороодын түвшинд төлөвлөлт, төслийн асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийг боловсруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, авлигатай тэмцэх, ил тод байдлыг бэхжүүлэх зэрэг олон төслийг цаашид өргөжүүлэн ажиллахаар тохирлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.