Categories
мэдээ улс-төр

Налайхын Засаг даргыг огцруулжээ

Налайх дүүргийн ИТХ-ын XI хуралдаан өнөөдөр болж, дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулах санал оруулж хэлэлцэн, төлөөлөгчдийн олонх дэмжиж, түүнийг албанаас нь огцруулсан байна.

Огцруулах үндэслэлд 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 2.7 тэрбум төгрөгөөр хийсэн ажлууд нь хангалтгүй, тооцоо, судалгаа, зураг төсөл нь хийгдээгүйгээс 324 сая төгрөг эргэн татагдсан. Дүүргийн ИТХ-аас жил бүрийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэхийг Засаг даргад үүрэг болгодог. Гэтэл энэ үүргээ үл ухамсарлан ИТХ-аас батлаагүй газруудад дур мэдэн газар олгосоор ирсэн. Ингэхдээ хууль бус захирамж гарган өөрсдийн танил тал, найз нөхөд, намын гишүүддээ газар олгосон зэрэг үндэслэлийг дурджээ.

Categories
мэдээ улс-төр

Соёлын тухай хууль болон Номын сангийн тухай хуулийн төслүүдийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд О.Баасанхүү гишүүний өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн юм. Үүний дараа Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох зүйл заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл заалт зөрчсөн эсэх талаарх Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзэв.

Мөн Улсын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Дараа нь Соёлын тухай хууль болон Номын сангийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, мөн баталлаа.

Categories
мэдээ улс-төр

АН, МАН хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна

Ардчилсан нам, Монгол Ардын намтай Шийдлийн Засгийн газарт хамтран ажиллахаар болсон билээ. Тэд хамтран ажиллах зөвшилцөлд гарын үсэг зурсан бол өнөөдөр АН, МАН хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах юм байна. Ойрын хугацаанд эдийн засгийг хямралаас хурдан гаргахын тулд сөрөг хүчинтэй Засагт хамтарч байгаа бөгөөд сайдууд ажилдаа ороод байгаа юм. Өчигдөр Засгийн газрын дэд сайдуудыг томилж МАН 7, АН 5, МАХН 3, ИЗНН 1 дэд сайдын суудал авсан билээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган эхлээгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшилж, 14.00 цаг болгосон. Гэвч 15.00 цаг өнгөрсөн ч чуулганы хуралдаан эхлээгүй байна. Энэ нь парламент дахь улстөрийн намууд дунд үл ойлголцол үүссэнтэй холбоотой байж мэдэх аж.

Намууд Засгийн газрыг хамтран байгуулахдаа 15 яаманд 15 дэд сайд томилохоор квотоо хуваасан байсан ч Ардчилсан нам бусад нам, эвсэлтэйгээ зөвшилцөлгүй хоёр яамыг хоёр дэд сайдтай байхаар болгож, нэмсэн аж. Мөн Засгийн газрын хуралдаанаас өчигдөр зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилохдоо сайдтай нь зөвшилцөөгүй гэдэг маргаан үүссэн байна. Энэ мэт байдлаас болж, чуулганы хуралдаан хойшлоод байгаа тухай мэдээлэл байна.

Мөн үүссэн асуудалтай холбогдуулж, өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж магадгүй ажээ.

Categories
мэдээ улс-төр

Шилэн дансны хууль хэрэгжиж эхлэхэд 14 хоног үлдлээ

“Шилэн дансны хууль” шинэ оны эхний сарын эхний өдрөөс улс орон даяар хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил дуусахад 14 хоног үлдлээ.

Энэ хууль хэрэгжиж эхлэх хугацаа ойртсоныг хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад мэдээлэх, байгууллагуудын удирдлага, санхүүгийн ажилтны төлөөллүүдэд зөвлөгөө өгөх зорилготой “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” зөвлөгөөн Төрийн ордонд болж байна.

Төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны цэцэрлэг, сургууль зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллагаас гадна 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага Шилэн дансны тухай хууль, журамд заасан мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байх үүрэг хүлээнэ гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт зөвлөгөөний үеэр хэллээ.

Хууль хэрэгжүүлэгч байгууллага нь төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг нээлттэй ил тод мэдээлэх үүрэгтэй, мэдээллийг цахим хуудас, мэдээллийн самбараар дамжуулан ард иргэдэд хүргэх хуулийн заалттай гэж тэрээр анхаарууллаа.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах зэрэг бүх мэдээлэл ил тод болж, төрийн ажиллагааг ард иргэд хянах бололцоо бүрдэж, төрийн үйл ажиллагааг нээлттэй, тунгалаг болгох Ерөнхийлөгчийн санаачилга ажил хэрэг боллоо. Энэ тогтолцоо нь ухаалаг төрийн суурь үзүүлэлтийн нэг юм гэлээ.

Засгийн газар “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам” баталж, хууль, журмыг олон нийтэд сурталчлах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 21 аймаг, нийслэл, сум дүүргийн төсвийн эрх захирагч нарт өнгөрсөн сараас тусгайлан сургалт зохион байгуулж эхэлсэн, 2500 орчим хүн хамрагдсан бөгөөд ирэх долоо хоногт хийж дуусгахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган 14 цагаас хуралдана

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 9.00 цагаас хуралдах байсан ч 14 цаг хүртэл хойшлогдсон. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, .Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Номын сангийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар хэлэлцэх юм.

Categories
мэдээ улс-төр

Санхүүгийн зохицуулах хорооны удирлагуудыг огцруулна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, тус хорооны дэд дарга Г.Хэрлэн, мөн хорооны гишүүн н.Даажамц, Б.Батбаяр нарыг огцруулах нь зүйтэй хэмээн үзэж, энэ асуудлыг чуулганы хуралдаанд оруулахаар болов.

Санхүүгийн зохицуулах хороонд Аудитын газраас шалгалт хийхэд “Хангалтгүй” дүн үзүүлсэн байна. Мөн УИХ-ын даргын тодотгосноор Монголын Хөрөнгийн Биржийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон нь Санхүүгийн зохицуулах хорооны ажилтай давхар холбогдож байгаа аж. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагыг огцруулах асуудал тавигдаж, гишүүд нь мөн хариуцлага хүлээх ёстой хэмээн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар эл асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцсэн нь энэ юм.

Санхүүгийн зохицуулах хорооны даргыг огцруулснаар оронд нь З.Нарантуяаг нэр дэвшүүлснийг гишүүдийн олонхи дэмжлээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын дэд сайдууд тодорлоо

Тус хуралдаанаар дэд сайд нарыг ярилцаад, Сангийн дэд сайдад С.Пүрэв, Батлан хамгаалахын дэд сайдад А.Баттөр, Барилга хот байгуулалтын дэд сайдад н.Байгальмаа, Зам тээврийн сайдад Х.Ержаныг улираахаар болсон байна.

Мөн энэ хуралдаанаар бүлгийн даргын асуудлыг хэлэлцсэн ч байнгын хороодын хуваарилалттай цуг дахин ярихаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

Төсөв хэмнэх зарчмыг шат шатанд хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Тэрбээр хурлын эхэнд “Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давах, тогтворжуулахад чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулж байна. Үүний хүрээнд төрийн байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалтыг оновчтой болгох шат дараатай алхмууд хийнэ. Яам, агентлагууд дахь чиг үүргийн давхардлыг арилгаж, удирдлагын шат дамжлагыг цөөрүүлж эхлээд байгаа. Төрийн үйлчилгээний ажилтнуудыг төрийн албан хаагчийн ангиллаас гаргах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг төр-бизнесийн түншлэлийн зарчмаар явуулах бодлогын шинэтгэлийг ирэх онд хийнэ. Төрийн албанд хийх эдгээр шинэтгэлд төсөв зардал хэмнэх зарчмыг тууштай баримтална” гэж онцоллоо.

Орон нутгийн хөгжлийн сан болон Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн 2013 оны зарцуулалтад Үндэсний Аудитын газраас хийсэн аудитын тайланг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. Энэ дагуу дээрх сангуудын хөрөнгийг зарцуулахдаа алдаа дутагдал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, тендерт оролцохдоо гэрээт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн компаниудыг Худалдан авах ажиллагааны газрын “хар жагсаалт”-д оруулах, төсөв төлөвлөхөөс тайлагнах хүртэлх бүх үе шатанд олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлээр тодорхой ажлууд хийж хэрэгжүүлэхийг орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо. Түүнчлэн, 5 саяас дээш дүнтэй хийсэн зарлага, гүйлгээ бүрээ ил тод мэдээлэх үүргийг төрийн байгууллагуудад хүлээлгэсэн Шилэн дансны тухай хууль ирэх оны эхнээс мөрдөгдөхтэй холбогдуулан албан хаагчиддаа мэдээлэл өгч сургаж дадлагажуулахыг аймаг, сумдын удирдлагуудад анхааруулсан юм.

Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдон Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт орох боловч Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн, хийж эхлүүлсэн бүтээн байгуулалт, үйлдвэржилт, төрийн үйлчилгээг хөнгөвчлөх зэрэг олонажлыг үргэлжлүүлэн хийнэ гэж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэлээд, орон нутагт тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаарх аймгийн Засаг дарга нарын асуултад хариулт, мэдээлэл өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Дорлигжав зарим хуулиудыг эргүүлэн татжээ

Хууль зүйн сайдаар томилогдсон Д.Дорлигжав өмнөх сайдын үед өргөн баригдаад байсан хууль, шүүхийн шинэчлэлийн багцад багтсан хуулиудыг эргүүлэн татжээ. Үүнд, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслүүд багтаж буй аж.