Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн Орост” үзэсгэлэн нээгдэв

1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд хаант Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болгосноос хойш жил бүр эх түүхээ эргэн санах, түүхэн хүмүүсээ алдаршуулах ажлууд зохион байгуулж байгаа юм.

Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой, Монголын төр засгийн анхны гадаад айлчлалын 100 жилийн ойд зориулан “Монгол Улсын анхны Ерөнхий сайд Намнансүрэн Оросын эзэнт улсад” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээгдлээ.

Ард олноо “Ягаан ноён” хэмээн хүндлэгдэж ирсэн Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн умард хөршид 1913-1914 онд хийсэн төрийн айлчлал манай орны гадаад харилцааны түүхэнд тод мөр үлдээжээ.

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уг үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид Монголын түүхийн нэгэн чухал үйл явдлын баримтуудтай танилцаж байна. XX зууны эхэнд Монголчууд Их Орос улстай улс төр-эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, тэднээр дамжуулан өрнө, дорнын улс орнуудтай харилцахыг чухалчилж байв. Энэ зорилгын улмаас Монгол Улсын анхны Ерөнхий сайдын умард хөршид хийсэн айлчлал хүнд бэрх нөхцөлд үргэлжилсэн ч улс Монголоо дэлхийн их гүрнүүд Франц, АНУ, Япон, Германд таниулахыг хичээж, Богд хааны албан захидлыг гардуулж, Оросын хаант улсын төрийн 10 яамны 7 яамны сайд, дэд сайд, худалдаа, эдийн засаг, цэргийн 10 гаруй дарга, эрхтнүүдтэй ажил хэргийн уулзалт хийж чадсан юм. Мөн Оросын сүүлчийн Николай II хаантай хоёронтоо уулзаж, Төрийн Думын хуралд хүндэт зочноор оролцож, Ерөнхий сайд, Гадаад, Дотоод, Сан, Шүүх, Цэргийн яаманд биечлэн айлчилж Монголын тусгаар тогтнолоо баталгаажуулах, цэрэг зэр зэвсгийн тусламж хүртэх, эдийн засгийн дэмжлэг, зээл авах ажпуудыг хөөцөлдсөн юм” гэж тодотголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Айлчлалын үеэр их гүрнүүдийн харилцааны асуудлаас яриа хэлэлцээр саатаж байсан ч тухайн үед 35 настай байсан Ерөнхий сайд Т.Намнансүрэн огтхон ч халширч шантралгүй, бодлогоосоо ухралгүй ажилласан байдгийг түүхчид олон судалгаандаа тэмдэглэжээ.

Энэ үзэсгэлэнд Монгол төрийн анхны Ерөнхий сайдын айлчлалтай холбоотой ховор гэрэл зураг, дүрс бичлэг, баримт эх хэрэглэгдэхүүнийг Оросын Түүхийн архив, Эрхүүгийн Улсын архив, Санкт-Петербургийн Гэрэл зураг, дуу дүрсний архив зэргээс шинээр илрүүлж, судалгааны эргэлтэд оруулан дэлгэсэн байна. Үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэн хамтран олон нийтэд хүргэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Туркийн бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Евро Азийн орон нутгийн удирдлагын нийгэмлэгийн ерөнхийлөгч Хасан Жэнгис тэргүүтэй Бүгд найрамдах Турк улсын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд төлөөлөгчдийг Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлсэн юм.

Евро Азийн орон нутгийн удирдлагын нийгэмлэгийн ерөнхийлөгч Хасан Жэнгис, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол болон Турк улс олон жилийн харилцаа, хамтын ажиллагаатай. БНТУ-ын зүгээс хоёр орны харилцааг олон талаар хөгжүүлж, бэхжүүлэх тал дээр чухалчлан ханддаг. Энэ хүрээнд цаашдаа хоёр орны харилцааг хөгжүүлэх олон гэрээ, протокол байгуулагдах бөгөөд Улсын Их Хурлын зүгээс дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна гэв.

Уулзалтанд оролцогчид эдийн засаг, нийгэм, соёлын салбарт хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. Энэхүү уулзалтанд Истанбул дахь Ерөнхий Консул Э.Мөнх-Очир болон албаны бусад хүмүүс байлцжээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Батцогт улирч, Су. Батболд байнгын хорооны дарга болов

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Су.Батболдын нэрийг дэвшүүлснийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцууллаа. Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд Су.Батболдыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг мөнтус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг Ардчилсан намын бүлгийн хурлаар хэлэлцэж Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтыг улируулан сонгохыг дэмжсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд гараагүй тул Д.Батцогтыг Байнгын хорооны даргаар улируулан сонгохыг дэмжсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувиар дэмжлээ.

Энэ өдрийн хуралдаанаар Мах экспортлох асуудлаар, Цагаан зээрийг хамгаалах асуудлаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар салбарын сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байсан ч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, дэд сайд М.Хүрэлсүх нарын хүсэлтээр хойшлууллаа.

Categories
мэдээ улс-төр

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийв

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн / Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж байгуулах/ анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжив.

Мөн тус Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн А.Бакей асуултдаа, хуулийн төсөлд даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь, хэмжээг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 5 хувиас хэтрүүлэхгүйгээр гэж заасныг 4-өөс доошгүй хувиар гэж яагаад өөрчлөх болсныг тодруулсан. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, дээд хязгаарыг хуулинд хатуу зааж өгөхийг больё гэж үзсэн. Бусад орны хуулийн жишгийг авч үзэхэд эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ нэлээд хэлбэлзэж байдаг. Тиймээс 4, 5, 6 гээд нэмэгдэх тохиолдолд дээд хязгаарыг зааж өгөхөө больё. Харин доод хэмжээгий нь зааж өгөе гэсэн санал Ажлын хэсэг дээр дэмжигдсэн гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, тухайн үед эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаад уян хатан шийдвэр гаргах гэхээр болдоггүй. Хуулинд заавал өөрчлөлт оруулдаг. Өнөөдөр даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг тогтооход Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс оруулсан саналыг үндэслээд Засгийн газар хэлэлцэн шийдвэрлээд явах боломжтой байгаа. Иймээс хуульд уян хатан байдлаар оруулж өгөх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр энэ заалтыг оруулсан. Мэдээж хяналтгүйгээр оруулж ирнэ гэж байхгүй гэсэн хариулт өглөө.

Ингээд Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Мөн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжив.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, хүүхэд харах, асрах үйлчилгээний ялгаа болон хүүхэд харах үйлчилгээ эрхлэхэд төрөөс хувьсах зардал олгохоос гадна өөр ямар дэмжлэг үзүүлэх талаар асуусан.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Ганбаатар хариултдаа, хүүхэд харах, асрах гэсэн нэр, томьёон дээр нэлээдгүй ярьсан, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан. Асрах гэдэг нь асаргаа сувилгаа шаардсан, өвчин зовлон, бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг ярих болдог. Монгол хэл зүй, монгол ахуйгаас авч үзэхэд хүүхэд харах гэдэг нь асаргаа хамгаалалт, хоол, хүнс тэжээлээр хангах, хөгжүүлэх тухай асуудлуудыг оруулсан байна. Иймд хуулийн төсөлд нэр томьёог тайлбарласан зүйл заалтууд дээр нэлээд тодорхой тусгасан. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхэд төрөөс олгож байгаа зардлаас өөр дэмжлэг байхгүй. Хүүхдүүдийн хоолны зардал, хувьсах зардал, багш нарын цалинг өгөхөөр байгаа гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, хуулийн төсөлд хүүхэд асрах үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийн хариуцлагын асуудал бүрхэг байгааг хэлж, хэрвээ хүүхэд харж байгаа асрагч зөрчил гаргасан тохиолдолд ямар хариуцлага тооцох асуудлыг хөндсөн. С.Ганбаатар гишүүн , хуулийн төслийн 8 дугаар зүйлд хүүхэд харахад хориглох заалтуудыг тусгасан байгаа. Тухайлбал, хүүхэд харах төвийн ажилтнууд хүүхдэд бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл, дарамт, шахалт үзүүлэх, хүүхдэд шийтгэлийн арга хэрэглэх, хүүхэд болон эцэг эх, асран хамгаалагчтай бүдүүлэг үг хэллэгээр харилцах болон хүүхдийн дэргэд зүй бус авир, үйлдэл гаргах, бусадтай хэрэлдэх, бүдүүлэг үг хэллэг хэрэглэн харилцахыг хориглосон. Харин хүүхэд асрагч хариуцлага алдсан тохиолдолд хууль, шүүхийн байгууллагаар асуудлыг шийдүүлж хариуцлагын асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ажил эхлэх, дуусах цагийн Нийслэлийн Засаг дарга зохицуулна

Яам агентлагууд, Улаанбаатарт байршин ажилладаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, ажил дуусах цагийг 17.00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08.00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 байхаар Засгийн газар 2012 онд тогтоосон. Төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглах, тарахaд замын хөдөлгөөний түгжрэл удаан хугацаагаар үүсч байгаа тул нийслэл дэх төр захиргааны болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, тарах цагт уян хатан зохицуулалт хийх эрх олгох хүсэлтийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ерөнхий сайдад ирүүлсэн юм. Энэ талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд, нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүллээ. Ингэхдээ замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, ажиллагсад болон суралцагчдын тоо зэргийг судлан үзэж байхыг даалгалаа.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн мөнгөөр ил захидал, мэндчилгээ хэвлүүлэхгүй

Баяр ёслолын үеэр төсвийн хөрөнгө хэмнэх талаар төрийн болон төсвийн байгууллагуудад Засгийн газраас тодорхой чиглэл өгсний дүнд сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчид хувийнхаа зардлаар шинэ жилийн баяраа тэмдэглэдэг болсон. Энэ онд ч мөн шинэ жилийн баяраар төсвийн мөнгөөр ил захидал хэвлүүлэх, бэлэг солилцох, урлагийн тоглолт зохион байгуулах, өндөр үнэтэй эд зүйлсээр сугалаат тоглоом явуулах, согтууруулах ундаа худалдан авахаас татгалзахыг төсвийн ерөнхийлөн захирагчдад үүрэг болголоо.

Categories
мэдээ улс-төр

Япон улстай “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар 2014 оны долдугаар сарын 22-ны өдөр хэлэлцээ хийж, Монгол, Японы хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах зарчмын тохиролцоонд хүрэн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.

Үүнээс хойш хоёр улсын Засгийн газар хэлэлцээрийн төсөл дээр ажиллаж, эрх зүйн зохицуулалтыг уялдуулж байна. Хэлэлцээний ахлагчаар хуучнаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд томилогдон ажиллаж байсан бөгөөд тухайн яам татан буугдсанаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх шаардлагатай болжээ.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр” байгуулах хэлэлцээний явцын тухай дэлгэрэнгүй мэдээлэл сонсоод, хэлэлцээ хийх ажлын хэсгийг шинэчлэхээр тогтлоо. Талууд хэлэлцээрийг 2015 оны эхний хагаст багтаан байгуулахаар төлөвлөж байгаа тул дотооддоо авч хэрэгжүүлэх ажлуудыг ажлын хэсэг хариуцаж ажиллана.

Хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн, савхин эдлэл, зарим төрлийн гутал, хүнсний зарим бүтээгдэхүүн зэрэг манай экспортын бараа Японы зах зээлд хөнгөлөлттэй тарифаар чөлөөтэй нэвтрэх, дэвшилтэт техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, улмаар хоёр орны эдийн засгийг интегралчлах чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ улс-төр

Д.Дорлигжав АТГ-т өөрийгөө шалгуулах хүсэлт гаргажээ

Улсын Ерөнхий Прокурор асан, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр дөрвөн сая ам.доллартай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтээ гаргажээ.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудаснаа “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэсэн баримт бүхий мэдээлэл цацсан. Тухайн үед тус гүйлгээг Алтан дорнод Монгол компаниас хийсэн гэдэг мэдээллийг эх сурвалжууд өгсөн. Харин хаашаа, хэнд хийсэн гүйлгээ гэдгийг тодруулалгүй орхисон билээ. Х.Тэмүүжин гишүүн ч оньсого таалгачихаад таг дуугүй болчихсон. Тэгвэл тэнд үзүүлсэн гүйлгээ нь Д.Дорлигжавтай ямар ч холбоогүй тул тэрээр нэр төрөө сэргээлгэхийг хүсч байгаагаа илэрхийллээ.Тиймээс дөрвөн сая ам.долларын асуудлыг шалган, эцэслэж өгөхийг хүссэн өргөдлөө АТГ-т өгчээ.

Categories
мэдээ улс-төр

ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.12.23/ Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Зургаанжингийн Энхболд, Баастын Золбаяр нарыг нэр дэвшүүлснийг өргөн мэдүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Б.Гарамгайбаатарыг бүлгийн даргад нэр дэвшүүлэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Тус хурлаар бүлгийн даргын асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр болжээ.

Одоо нэрийг нь Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд оруулж эцэслэн батлуулах юм байна.