Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.12.26/ нэгдсэн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хороо 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм. Байнгын хороо Ажлын хэсгээс гарсан саналыг хэлэлцэн, зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Нэгдсэн хуралдааны үеэр гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа. Төслийн 17 дугаар зүйлийн 17.2.4 дэх заалтыг “гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн байгууллагын мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг.” хэмээн өөрчлөх санал дэмжигдсэн. Түүнчлэн “Улсын бүртгэлийн байгууллага нь өргөдөл гаргагчийн хүсэлтээр улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгож болно. Төрийн болон бусад байгууллага үйл ажиллагаандаа зөвхөн хуулийн этгээдийн цахим гэрчилгээг ашиглана.” гэсэн заалт дэмжлэг авсан.

Хуулийн төсөлд “Хуулийн этгээд энэ хуулийн 11.3-т заасан хугацаанд өөрийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол шүүгч, эсхүл эрх бүхий улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн заалт нэмэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Эцэст нь хуулийг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх заалт мөн дэмжлэг авсан юм. Гишүүд ийнхүү хэлэлцээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа.

Уг тогтоолоор УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Ц.Цолмон, Ж.Эрдэнэбат нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Б.Чойжилсүрэн нарыг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Р.Бурмаа, Д.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Д.Хаянхярваа нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Оюунхорол нарыг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөв.

УИХ-ын гишүүн О.Содбилэгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар, С.Оюун нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Арвин, Ж.Батсуурь, Д.Хаянхярваа нарыг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Х.Тэмүүжин, О.Содбилэг нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Б.Чойжилсүрэн нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Отгонбаяр нарыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

С.Дэмбэрэлийг дэд хорооны даргаар сонгохыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ оны 5 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Дараа нь тус байнгын хороонд харьяалагддаг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг нэр дэвшүүлэх саналыг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд МҮОНРТ-ээр мэдэгдсэн шаардлагын хариуг өгөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.12.26/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталсны дараа УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, “Хурал эхлэхийн өмнө би залруулга хэлье. Өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр дөнгөж томилогдсон гишүүдэд хандаж хэлсэн үг зарим хүмүүст буруу ойлгогджээ. Миний үгийг сайн харвал 100 хүнтэй телевизийн хийдэг ажлыг 700 хүнтэй МҮОНТ хийдэг гэж харьцуулсан. Түүнээс 700 хүнийг архи уудаг тухай яриагүй юм. Тэр архидалт, аймшигтай байдал, замбараагүй байдал гэдэг бол МҮОНРТ-ийн М.Наранбаатар тэргүүтэй дарга нар, түүнийг тойрон хүрээлэгчийн тухай ярьсан хэрэг. Олон жилийн түүхтэй, хүчирхэг уран бүтээлчидтэй энэ байгууллагад сүүлийн хэдэн жил ахиц гарах нь бүү хэл уруудсан. Тэр нь өчигдөр долоогийн долоон хүн нь солигдож байгаа Үндэсний зөвлөл, энэ байгууллагыг удирдаж байгаа М.Наранбаатар болон түүнийг тойрон хүрээлж байгаа дарга нарт холбоотой юм. Тийм учраас энэ байдалдаа анхаарч ажиллахыг сануулж, Үндэсний зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүдэд хандаж ийм үг хэлсэн. Энэ үг уран бүтээлч та бүхэнд буруу ойлгогдсон бол та бүхнээс уучлал гуйж байна. Харин миний хэлсэн үгийг ашиглаж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө та бүхнийг бослого тэмцэлд уриалж байгаа удирдлагуудынхаа санаархалд бүү автаарай гэдгийг сануулж байна. Би хэлсэн үгийнхээ төлөө МҮОНРТ-ийн удирдлага, түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүсээс уучлал гуйхгүй. Үүгээр өчигдөр орой МҮОНТ-ээр мэдэгдсэн шаардлагын хариуг өгч байна” гэж хэллээ.


Үүний дараа “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн хэлэлцэх асуудлаар санал хураалт явууллаа. Энэ асуудлыг өчигдөр /2014.12.25/ болсон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд, Зүүнхараа дахь алтны үндсэн ордыг ашиглах тухай тогтоол юм. Энэ ордыг ашигласнаар 3 их наяд төгрөгийн алтыг Монголбанкинд тушаахаар гэрээ хийгдсэн байгаа. Мөн 1000 хүн ажилтай болно гэж тодруулсан. Тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Үдээс хойших хуралдаанд гар утасгүй ирэхийг гишүүдэд анхааруулав

УИХ-ын дарга үдээс өмнөх чуулган завсарлах үеэр “14 цагийн хуралдаа ирэхдээ гишүүд гар утас, электрон төхөөрөмжөө орхиж ирэхийг хүсье. Тэмдэглэл хийх бол тийм дэвтрийг нууцын эрхлэгчээсээ аваад хуралдааны дараа буцааж өгнө шүү” гэж гишүүдэд анхааруулсан байна. Учир нь УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч улсын нууцын зэрэглэлд хамаарах асуудлаар мэдээлэл хийх юм.

Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэнд, спортын сайд гавъяатууддаа баяр хүргэлээ

Эрүүл мэнд, спортын салбарын шинэхэн гавъяатууддаа салбарын сайд баяр хүргэлээ.

Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч эрүүл мэнд, спортын салбарын зарим хүмүүсийг 2014 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 152 дугаар зарлигаар Гавъяат цолоор шагнасан билээ.

“Хүний гавьяат эмч” цолоор

1. Дансүрэнгийн Ичинхорлоо – Хатагтай эмнэлгийн ерөнхий захирал,

2. Бундангийн Болдсайхан – Сонгдо эмнэлгийн эмч,

3. Өлзий-Очирын Мангалбазар – Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентген оношилгооны их эмч,

4. Даваадоржын Адилбиш – “Сүйжин” эмнэлгийн эмч,

5. Ядамжавын Минжүүр – Говь-Сүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эрчимт эмчилгээний эмч,

6. Дамбын Лхагва – Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч,

“Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор

1. Шаравжамцын Батбаяр – Эрүүл мэндийн сайд асан, Таны зүтгэлийн төлөө ТББ-ын тэргүүн

2. Банзрагчийн Оюунгэрэл – Улсын клиникийн Нэгдүгээр төрөх эмнэлгийн эх баригч эмч

“Гавъяат багш” цолоор

1. Хамарын Дамдинжав – АШУҮИС-ийн тэнхмийн эрхлэгч, зөвлөх багш

“Гавъяат дасгалжуулагч” цол хүртсэн

1. Цэрэнбаатарын Хосбаяр – Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дасгалжуулагч,

2. Шархүүгийн Цэвэлмаа – Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Жудо бөхийн олон улсын хэмжээний мастер,

3. Бямбаренчингийн Баяраа – Үндэсний Шигшээ багийн чөлөөт бөхийн дасгалжуулагч

4. Цэвэгсүрэн Нандигжав – Боксын холбооны олон улсын шүүгч,

“Гавъяат тамирчин” цол хүртсэн

1. Ганбатын Болдбаатар – Үндэсний шигшээ багийн тамирчин Жудо бөхийн олон улсын хэмжээний мастер,

2. Батхуягийн Мөнгөнтуул – Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын шатрын их мастер,

3. Энхсайханы Ням-Очир – Үндэсний шигшээ багийн тамирчин, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер,

4. Сүхээгийн Цэрэнчимэд – Үндэсний шигшээ багийн тамирчин, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер

Ийнхүү Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр/2014.12.26/ хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж, салбартаа манлайлан ажиллаж буй гавъяатуудыг Эрүүл мэнд, спортын яамнаа хүлээн авч уулзлаа. Салбарынхаа хөгжил дэвшил, улс эх орныхоо төлөө хийсэн гавьяа зүтгэл, хувь нэмрийг нь өндрөөр үнэлж салбарын түүхэнд тэмдэглэн Эрүүл мэнд, спортын яамны “Хүндэт дэвтэр“-т бичиж, гэрчилгээ олгон хүндэтгэл үзүүлэв.

Categories
мэдээ улс-төр

Төрийн нарийн бичгийн дарга нарыг энэ сарын 30-нд томилно

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дэд сайд нарыг томилох үеэрээ зарим төрийн нарийн бичгийн дарга нарыг /Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Б.Болдбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад Ш.Булга-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад Д.Дэлгэрцогт/ улираан томилсон юм.

Энэхүү томилгоог МАН-ынхан эсэргүүцэж, ТНБД-ыг томилсон тогтоолд гарын үсгээ зурахгүй гэдгээ мэдэгдээд байсан. Тэгвэл дээрх томилгоог баталсан чигээр нь үлдээж, үлдсэн яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг энэ сарын 30-нд томилох болно гэсэн мэдээллийг бидэнд албаны эх сурвалж өгсөн юм.

Зарим яамдын ТНБД-д дараахь хүмүүс томилогдох бололтой. Үүнд:

-Хууль зүйн яамны ТНБД-д Д.Мөрөн /МАН/

-Д.Мөрөн, Зам тээврийн яамны ТНБД-д Ж.Бат-Эрдэнэ /АН, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах/

-Сангийн яамны ТНБД-д С.Магнайсүрэн /МАН/ нарыг томилно гэсэн мэдээлэл байна.

Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилсонтой холбогдуулан ШӨХТГ-ын дарга О.Магнай өөрийн хүсэлтээр энэ долоо хоногт ажлаа өгсөн. Учир нь Шадар сайдын харъяанд ШӨХТГ байдаг. Иймд тус газрын даргаар МАН-аас Б.Цогтгэрэлийг томилохоор болсон байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганаар тамхины цэг байгуулахыг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах эсэх асуудлаар УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, санал солилцлоо.

С.Баярцогт: -Аж ахуй нэгж, албан байгууллагад тамхины цэг байгуулах талаар ойлгомжгүй зүйл байна. Хуулиндаа аж ахуй нэгж, албан байгууллага дотор тамхины цэг байгуулна гэсэн байх юм. Баар, цэнгээний газар бол болно. Гэтэл албан байгууллага дотор тамхины цэг байгуулж боломгүй санагдаад байна. Мөн төрийн байгууллага тамхины цэг байгуулахдаа төсвөө төрөөс гаргах юм уу?

О.Баасанхүү: -Үйлчилгээний байгууллага гэдгээ тодруулж, нарийвчлах хэрэгтэй байна. Гадаад болон, дотоод орчин гэдгээ ялгаж гаргах хэрэгтэй. Тиймээс найруулгын засвар оруул. Гадаад гэдэг нь гадаадад юм уу? Чингисийн монголчууд гадаадад тамхины цэг байгуулж болох л юм.

Л.Цог: -Тамхины хяналт гэж юу гэсэн үг вэ? Төрийн хяналт, шүүхийн хяналт гэж байхаас биш Тамхины хяналт гэдэг үгээ нэг тайлбарлаач.

З.Энхболд: -Тамхины тухай хуулийн нэрийг өөрчлөх эсэх тал дээр байнгын хороо анхаарах хэрэгтэй шүү.

Г.Уянга: –Энэ хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? Төсвөөс хичнээн төгрөг гаргахаар тооцоолж байгааг хэлж өгнө үү. Эрүүл мэнд, спортын яам олон улсын конвенц урдаа бариад байх юм. Гадаа хогийн сав тойрч зогсож байгаагаа тамхины цэг гээд байдаг. Ийм байж болохгүй ээ.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба: -Тамхины цэгийн байршлын төсвийг сум, дүүргийн засаг дарга шийдвэрлэнэ.

Д.Батцогт: -Дотоод орчны цэгийг тухайн байгууллага өөрсдөө хариуцна. Олон нийтийн зам талбай буюу гадаад орчинд тамхины цэг байгуулахад төсвөөс тодорхой мөнгө гаргана. Албан байгууллага, аж ахуй нэгж дотор тамхины цэг байгуулах боломжтой л гэсэн болохоос биш “байгуулах ёстой” гэж заагаагүй.

УИХ-ын гишүүдийн олонхи утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай асуудлыг дэмжиж, хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Францын дипломат харилцааны 50 жилийн ой тохионо

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны анхдугаар хуралдааныг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн удирдан явуулав.

Монгол Улсын төр засгийн зүгээс “гуравдагч хөрш” Франц Улстай хөгжүүлж буй харилцаанд анхаардаг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна.

Хуралдаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Францын найрамдлын бүлгийн дарга, ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны дэд дарга Н.Батцэрэг, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Аж үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Сангийн яам, ШУА, Монгол, Францын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс тус тус оролцов.

Categories
мэдээ улс-төр

СЗХ-ны дарга, гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.12.25/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулсан юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, тус хорооны орон тооны гишүүн Г.Хэрлэн, Б.Даажамба, орон тооны бус гишүүн Б.Лхагвасүрэн, Б.Батбаяр нар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд дээрх хүсэлтийг хэлэлцээд Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн юм.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд Санхүүгийн зохицуулах хорооны даргад УИХ-ын дарга нэр дэвшүүлнэ хэмээн заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны даргад З.Нарантуяаг нэр дэвшүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн билээ.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2-т “Хорооны гишүүдэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас томилно” хэмээн заасан байдаг. Хууль зүйн байнгын хорооноос орон тооны гишүүнд нэр дэвшүүлсэн Х.Бум-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооноос орон тооны гишүүнд нэр дэвшүүлсэн Э.Батболд болон Сангийн сайд, Монголбанкнаас орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлсэн Ж.Цэдэнрагчаа, Д.Ганбат нарыг томилох асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд санал нэгтэйгээр дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, тус хорооны орон тооны гишүүн Г.Хэрлэн, Б.Даажамба, орон тооны бус гишүүн Б.Лхагвасүрэн, Б.Батбаяр нар чөлөөлөхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Үүний дараа Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдэд нэр дэвшигчдийн талаар танилцуулан, томилох санал хураалт явуулахаас өмнө гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг томилох санал хураалтыг чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулна.

Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигч З.Нарантуяа нь 1984-1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг хуульч, эрхзүйч мэргэжлээр, 1997-1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр тус тус суралцан төгссөн байна. 1995 онд Эрхүү хотын Улсын их сургуульд эрх зүйн магистр, 2004-2005 онд АНУ-ын Нью Иорк хотод Колумбын их сургуулийн Олон улсын сургуульд олон улсын эдийн засгийн ухааны магистр цолыг тус тус хамгаалжээ.

З.Нарантуяа нь 1992-2006 онд Төв банк /Монголбанк/-нд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирлаар, 2006-2010 онд “Монгол шуудан” банкны дэд захирал, “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор, 2011-2012 онд “Парита энд Партнерс” хууль, хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд 2012 оноос УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж иржээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга нар томилогдоно

УИХ-ын чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар дараах 12 асуудлыг хэлэлцэх юм байна.

1.“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2014.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэжлжилнэ/;

2.Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудал;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.

3.Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудал;

-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Су.БАТБОЛД танилцуулна.

4.Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна;

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Г.БАЯРСАЙХАН танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна;

-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Су.БАТБОЛД танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.БАТБАЯР танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.

5.“Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Гацууртын ордын тухай, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Уул, уурхайн сайд Р.ЖИГЖИД танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.

6.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

7.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай, анхны хэлэлцүүлэг/;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

8.Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

9.Хүүхэд харах үйлчилгээний тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

10.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЗОРИГТ танилцуулна.

11.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нарын 23 гишүүн 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна;

12.Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга 2014.11.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.УЯНГА танилцуулна.