Categories
мэдээ улс-төр

Буцалтгүй тусламж олгох журам хэрэгжиж эхэллээ

Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Уг журмаар төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан жилийн тоог нь хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын гурван жилийн үндсэн цалингийн дунджаар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын гурван жилийн үндсэн цалингийн дунджийг 36 дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тогтсон байна. Мөн тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн жинхэнэ албанд сүүлийн таваас доошгүй жил ажилласан бол нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсэх юм.

Түүнчлэн тэтгэмж бодох сарын үндсэн цалинг 1.4 дахин өсгөн тооцож байсныг өөрчилж сарын цалингаар тооцож байх, мөн төрийн захиргааны жинхэнэ албанд ажилласан жилд төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байсан хугацааг оруулан тооцож байсныг хасч тооцохоор тогтжээ. Тиймээс төрийн албанд ажиллагсад ажилласан жилтэйгээ дүйцсэн сарын тэтгэмж авах нөхцөл бүрдсэн нь төрийн албан хаагчдад шударга хандах боломж бүрдсэн гэж үзэж байна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан уг өөрчлөлт төрийн тусгай албан хаагчдад хамаарахгүй юм байна.

Харин эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарч буй хүмүүст олгодог тэтгэмжийг холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулан шинэчлэх бөгөөд ингэхдээ төрийн жинхэнэ алба хаагчдад олгохоор болсонтой адил зарчмаар шийдэх гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Шилэн дансны хууль хэрэгжиж эхэллээ

Шилэн дансны хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны сургууль, цэцэрлэг зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллагаас гадна 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага Шилэн дансны тухай хууль, журамд заасан мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байхаар болж байна. Дээр дурдсан байгууллагууд шилэн дансны мэдээллийг өөрийн цахим хуудсаараа хүргэх юм. Цахим хуудас нь шилэн дансны бие даасан цэстэй байх, мэдээлэл татаж авах, хэв­лэх боломжтой байна. Мэдээлэлтэй холбоотой тодруулга өгөх албан тушаалтны нэр, утас, цахим хаягийг байршуулсан байх ёстой гэсэн заалт хуульд бий.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны сүүлчийн өдөр бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцжээ. Өнгөрч буй 2014 онд эдийн засаг хүнд байсан ч чармайн ажилласан бизнес эрхлэгчдэдээ Ерөнхий сайд талархал илэрхийлээд өнөөгийн хүндрэлээс гарах гарц нь бидний хамтын ажиллагаа гэдгийг хэллээ. Мөн тэрээр Засгийн газраас бизнесийн таатай орчныг бүрдүүлэх тал дээр бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Юуны түрүүнд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өмчийн тухай хууль, Татварын багц хуулиудыг УИХ-аар батлуулахад онцгой анхаарна гээд бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсчээ. Уулзалтыг зохион байгуулсан МҮХАҮТ-ын Ч.Лхагважав “Эдийн засгийн хүндрэлийг Засгийн газар, бизнес эрхлэгчид хамтдаа туулж гарна. Ойрын зургаан сарын дотор хүндрэлийг даван туулах эхний алхмуудаа хийнэ. Баялаг бүтээгчдээ санхүү, эдийн засгийн эрх чөлөө өгч бололцоо олговол бид эдийн засгийн хүндрэлээс гарах гол хүчин болж чадна” гэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Шилэн дансны хууль маргаашаас хэрэгжинэ

Шилэн дансны тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг ашиглалтад оруулахад бэлэн болгожээ. Нэгдсэн цахим хуудас нь www.shilendans.gov.mn хаягтайгаар Үндэсний дата төвд байрших юм. Нэгдсэн цахим хуудсанд дараахь боломжуудыг бүрдүүлсэн байна. Дээрх цахим хуудаст

• – Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, агентлагууд, орон нутгийн бүх шатны төсөвт байгууллагууд, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниуд зэрэг нийт 6088 байгууллагыг холбосон.

• – Дээрх байгууллагууд мэдээллээ төсөв гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер худалдан авалт, үнэт цаас, байгууллага гэсэн 5 бүлэг, 19 маягтаар оруулна.

• – Одоо ашиглаж буй Төрийн сангийн мэдээллийн системд хандах эрхийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд шууд ашиглахаар зохицуулсан тул төрийн байгууллагууд богино хугацаанд хэрэглэж дадна.

• – Монгол Улсын нийт хөрөнгө оруулалт, урсгал зардлыг харуулах боломжтой.

Ашиглалтад орж байгаа нэгдсэн цахим хуудсыг төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар өргөн хүрээтэй мэдээлэл агуулсан цахим засаглалын томоохон веб порталын эхний хувилбар гэж үзжээ. Цаашид нууцад хамаарахаас бусад гүйлгээний мэдээллийг хүний оролцоогүйгээр real-time горимд гаргах, шилэн дансны өгөгдөлд дүн шинжилгээ хийх, төрийн байгууллагаас бизнесийн салбарт хийж байгаа хяналт шалгалт, дарамтыг шилэн дансны зарчмаар бүртгэх модуль хөгжүүлэх чиглэлээр сайжруулахаар зорьж байгаа аж. Шилэн дансны хуульд зааснаар шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг Сангийн яам эрхлэн хөтөлнө.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн хуулиудад өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ

Дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлтийн улмаас манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурч байгаагийн зэрэгцээ Оюутолгой ордын үйлдвэрлэл багассан тул энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй байна. Энэ өөрчлөлт ирэх онд ч үргэлжилнэ. Учир нь Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах үед тооцсон эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээ, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурахаар байна. Дээрх нөхцөл байдалд үндэслэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан үзүүлэлтүүдийг өөрчлөхөөр Засгийн газар шийдвэрлэж, үүнтэй уялдуулж холбогдох хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийслэл хотын албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Бууны албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслүүд энд багтаж байна. Ийм өөрчлөлт хийснээр макро эдийн засгийн суурь үзүүлэлт, түүний дотор Монгол Улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбараас төвлөрүүлэх орлогыг зөв тооцож, улсын төсвийг үр нөлөөтэй зөв төлөвлөх, хуваарилах асуудал бодитой болно гэж Засгийн газар үзлээ.

Categories
мэдээ улс-төр

А.Тлейханд хүндэтгэл үзүүлэв

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр УИХ-ын гишүүн А.Тлейханыг Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнагдсантай холбогдуулан хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв.

А.Тлейхан 1971 онд Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 10 жилийн 1дүгээр дунд сургууль, 1976 онд МУИС-ийг Үйлдвэрийн дулаан хангамжийн инженер мэргэжлээр, 1989 онд Эдийн засгийн оройн их сургуулийг Үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Техникийн ухааны магистр, Монгол Улсын зөвлөх инженер, докторант.

1976-1977 онд ТЭХС-ийн 3 дугаар цахилгаан станцын зуухан цехэд ээлжийн мастераар ажлын гараагаа эхэлж, 1977-1981 онд цехийнхээ ашиглалтын мастер, ахлах инженер, 1981-1986 онд Зуухны 2 дугаар цехийн дарга, 1986-1989 онд станцынхаа үйлдвэр техникийн дарга, 1989-1990 онд Ерөнхий инженер, 1990-1995 онд Станцын дарга, 1995-1996 онд ТЭХС-ийн 3 дугаар цахилгаан станцын ХОТШ төвийн захирал, 1996-1997 онд тус станцын Эдийн засгийн хэлтэст борлуулалт хариуцсан мэргэжилтэн, 1997-1999 онд Эрчим хүчний удирдах газар /ЭХУГ/-ын АХН удирдлагын хэлтсийн дарга, 1999-2002 онд ЭХУГ-ын захиргаа, удирдлагын албаны дарга, 2002-2004 онд ТЭХ-ний ерөнхий газрын Захиргаа, удирдлагын албаны дарга, 2004-2008 онд ТЭХЯ-ны Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвийн орлогч дарга, 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна

Categories
мэдээ улс-төр

Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан яам бүрийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа. 14 яам тус бүрийн тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги, гол зорилтыг тодорхойлж, дотоод нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүрэг, эрхлэх ажил, үйл ажиллагаа, яам хоорондын болон нутгийн захиргааны байгууллагуудтай харилцах уялдааг хөтөлбөрт тусгажээ. Энэ баримт бичгийг баталснаар яамдын удирдлагын үйл ажиллагаа жигдэрч, ажилтан бүрийн үүрэг тодорхой болж, хариуцлага тооцох механизм бүрдэж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Үндэсний зөвлөл байгуулах тухай зарлиг гаргалаа

Монгол Улс 2016 онд болох АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтыг даргалан эх орондоо хийлгэхээр болсон билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч уг ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулах тухай зарлиг гаргалаа.

Ерөнхийлөгчийн зарлигт “Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатарт зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөл байгуулж бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

Үндэсний зөвлөлийн ажлын хэсгүүд болон ажлын албыг байгуулан ажиллуулах, Үндэсний зөвлөлийн ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг нь сар бүр танилцуулж ажиллахыг Үндэсний зөвлөлийн даргад даалгасугай” гэжээ.

Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, дэд даргаар Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний зөвлөлийн гишүүдээр Сангийн сайд, Зам, тээврийн сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх, УИХ-ын даргын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг тус тус ажиллуулахаар зарлигийн хавсралтад тусгасан байна.

Categories
мэдээ улс-төр

Хотын дарга 1000 хүүхэдтэй баяраа тэмдэглэв

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Засаг даргын Тамгын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 32 асрамж, халамжийн газрын 1000 хүүхдэд зориулан анх удаа “Харшийн сүлд модны наадам”-ыг Найрамдал олон улсын хүүхдийн төвд 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон спортын алдартнуудыг төлөөлөн МУ-ын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууган болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ” Бага байхад шинэ жилийн ийм гоё тоглолт үзэх боломж олдодгүй байсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулан хүүхдүүд та бүхнийгээ харшийн сүлд модны наадамд оролцуулж байгаадаа баяртай байна. Шинэ жилийн баярт хүрэлцэн ирсэн хүүхдүүддээ шинэ оны мэнд хүргэе. Энэхүү үйл ажиллагааг ирэх жилээс уламжлал болгон зохион байгуулна” гэлээ.

Хүүхдүүд баг болон хуваагдан 8 өртөөгөөр аялаж, нэг өдрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөлөө. Тэд оновчтой цохилт, олс таталт, хөгжилтэй бухиа, монгол тоолол, өнгөт бөмбөг, мийнтэй талбай, сантагийн гэр болон удирдлагатай бөмбөг өртөөнүүдээр баг багаараа ээлжлэн 15 минутын хугацаатайгаар аяласан. Мөн Бяцхан хүүхдүүдэд нийслэлийн Засаг дарга гарын бэлгээ гардуулж, Монголын Хүүхдийн ордон, Хөгжим бүжгийн коллеж болон найман аймгийн авъяаслаг уран бүтээлч хүүхдүүд буюу нийт шилдэг 100 гаруй хүүхдүүд оролцсон урлагийн тоглолтоо толилууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Алтан арслан”-г Ерөнхий сайд хүртжээ

Ховд нутгийнхан өнгөрсөн долоо хоногт шинэ жилээ тэмдэглэж, салбар, салбарын манлайлагчидаа, мөн “Алтан арслан-2014”-ын эзнийг тодруулжээ. Ховдчуудын бахархал болсон “Алтан арслан-2014”-ыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гардсан байна. Түүнийг энэ оны шилдэг төр, нийгмийн зүтгэлтэн гэх номинациар ийн өргөмжилсөн бол “Таван богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Оны шилдэг бизнесмэн”, Монгол Улсын харцага Б.Пүрэвсайхан “Оны онцлох алдартан”-аар, УПЕГ-ын Тамгын газрын дарга Б.Үнэнбат “Оны шилдэг менежер”-ээр, Буянт сумын нутгийн зөвлөлийнхөн “Оны шилдэг салбар нутгийн зөвлөл” өргөмжлөлийг тус бүр хүртжээ.

Ховд аймгаас улстөр, урлаг соёлын олон зүтгэлтэн төрсөн байдаг. Энэ жилийн “Алтан арслан-2014” наадамд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, С.Бямбацогт, Д.Батцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга, Я.Төмөрбаатар, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж нарын олон зочид оролцжээ.

Онцлоход, “Алтан арслан” наадмыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар томилогдсоноос хойш дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй нь энэ аж. Анхных нь 2007 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд хоёр жилд нэг удаа болдог байна.

Өмнөх жилүүдэд “Алтан арслан”-г Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин н.Гомбо-Очир, Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр нар гардаж байжээ.