Categories
мэдээ улс-төр

ҮЗХ-ны нөхөн сонгуулийг 26-ны дотор явуулна

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо өчигдөр 18.00 цагт хуралджээ. Дотоод сонгуулийн хорооны гишүүдэд Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Дундговь, Дархан-Уул аймгийн Үндэсний зөвлөлдөх хорооны нийт 7 хүн багтдаг байна. Энэ гишүүд хуралдаж, дунд шатны намын хорооны гишүүний нөхөн сонгуулийг энэ сарын 12-ны дотор зарлан явуулахаар болжээ. Мөн Нийслэлийн намын зөвлөлдөх хороо, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний нөхөн сонгуулийг энэ сарын 26-ны дотор зарлан явуулахыг сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодод даалгасан байна. Нөхөн сонгууль явуулахдаа Үндсэн дүрэм болон бусад журмыг баримтлан ажиллахыг Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодын дарга нарт үүрэг болгосон байна.

Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүдээс 43 нь төрийн албанд ажиллах болсон тул нөхөн сонгууль явуулахаар болсон юм.

Categories
мэдээ улс-төр

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан хойшлов

Өнөөдөр Төрийн ордонд 13 цагаас хуралдах байсан Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан тодорхойгүй шалтгааны улмаас хойшилжээ. Уг нь тус байнгын хороо Дэд хорооны даргыг сонгох байсан ч хуралдсангүй. Харин одоо Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд эхлэх гэж байна. Тус байнгын хороо Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

АН Ерөнхий нарийн бичгийн даргаа томилно

Өнөөдөр АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдана. Хуралдаанаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм байна. Тус намын дүрмээр Ерөнхий нарийн бичгийн даргын нэрийг АН-ын дарга санал болгож, ҮЗХ хэлэлцэн томилдог.

Харин энэ удаад Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар генсекийн үүрэг гүйцэтгэгчийг томилох бололтой.

Categories
мэдээ улс-төр

Дэд хорооны даргыг сонгох тухай хэлэлцэнэ

Төрийн ордноо өнөөдөр хоёр байнгын хорооны хурал товлогдсон байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ улс-төр

Хүний эрхийн дэд хорооны даргаар Ё.Отгонбаярыг сонгов

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан болон гишүүдээс гаргасан найруулгын чанартай саналуудыг нэгтгэн тусгаж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар нар асуулт асууж тодруулав. Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ хуулийн гол зорилго нь улсын хэмжээнд хуулийн этгээдийн бүртгэлийн нэгдсэн систем бүрдүүлэхэд чиглэж байгаа. Уг хууль батлагдсанаар хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл ил тод болохын зэрэгцээ шат дамжлага цөөрч чирэгдэл багасна. Өмнө нь хуулийн этгээдийн улсын бүртгэл хийлгэхэд 12 бичиг баримт бүрдүүлж 8 шат дамжлагаар орж тав хоног зарцуулдаг байсан бол шинэ хууль батлагдсанаар улсын бүртгэлд цахимаар бүртгүүлэх, иргэд цахимаар мэдээлэл авах, төрийн байгууллагууд хуулийн этгээдтэй холбоотой мэдээллийг цахимаар солилцох боломжтой болох юм гэдгийг хэллээ.

Харин төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийн оноосон нэрээр тоглодог, үйлчлүүлэгчийн аль нэг талд орж үгсдэг явдлыг цаашид таслан зогсоох, аливаа асуудалд хариуцлагатай, шударгаар хандах, улсын бүртгэлийн ажилтнууд нь мэргэшсэн байх шаардлагатайг онцолж байв.

Ингээд УИХ-ын гишүүн Д.Ганбат Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн баригдсан Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “мэдэгдэнэ” гэснийг “бүртгүүлнэ” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Мөн уг хуулийн төслийг дагалдан өргөн баригдсан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Дараа нь Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг нэр дэвшүүлж буйг тус бүлгийн дарга Н.Батцэрэг танилцуулав. Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нар үг хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувийн санал авч Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгогдлоо.

Categories
мэдээ улс-төр

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжив

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны шинэ оны анхны хуралдаан өнөөдөр /2015.01.06/ 10 цаг 05 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Дэд хорооны бүрэлдхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр болов.

Харин УИХ-ын гишүүн Су.Батболд байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэхдээ, өнгөрсөн амралтын өдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж ерөнхий захирлыг нь өөрчилсөн бол өчигдөр дахин хуралдаж улс төрийн намын өндөр албан тушаал хашиж байсан хүнийг ерөнхий захирлаар томилсон байна.

Олон нийтийн радио, телевиз нь аливаа улс төрийн нам, улстөрчдөөс хараат бусаар ажиллах ёстой, бие даасан хуультай байгууллага. Гэтэл улс төрийн намд өндөр албан тушаал хашиж байсан хүнийг ажлаас нь татгалзуулан хараат бусаар ажиллах ёстой энэ байгууллагын даргаар томилж байгаад хуулийг нь гардан боловсруулж батлуулсан хүний хувьд би харамсаж байна. Байнгын хороо ч энэ асуудалд анхаарах ёстой гээд энэ тухай асуудлыг Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх санал гаргав.

Байнгын хорооны дарга А.Бакей уг саналтай холбогдуулан хэлэхдээ, 2013 онд тус Байнгын хорооноос ажлын хэсэг гарч Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаад зөвлөмж хүргүүлсэн. Гэвч Байнгын хорооноос өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь саяхан Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг нөхөн томилох үеэр харагдлаа. Харин өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэх бэлтгэлгүй байгаа учраас Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж хуулийн болон зөвлөмжийн хэрэгжилтийг шалган танилцаж, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах саналаа оруулж ирэх хэрэгтэй гэлээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар ч Байнгын хорооны даргын саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Ингээд Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон 2013 онд тус Байнгын хорооноос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг МҮОНРТ-д шалгаж танилцан хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны дараагийн хуралдаанаас байгуулахаар болов.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Тус Байнгын хороонд харьяалагддаг дөрвөн дэд хорооноос гурвынх нь бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар УИХ дахь намын бүлгүүд саналаа ирүүлжээ. Дэд хорооны гишүүдийн тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байх хуулийн заалттай. Харин Ёс зүйн болон УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос бусад дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох эрхтэй байдаг.

Иймээс тус Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан тул УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа, Б.Наранхүү нарыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх, УИХ дахь АН, МАН-ын бүлгийн санал болгосноор УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Баярцогт, Су.Батболд, О.Содбилэг, Н.Энхболд нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Батцогт, Д.Бат-Эрдэнэ нарыг Нутгийн улирдлагын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Су.Батболд, О.Содбилэг, Н.Энхболд нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар болов. Түүнчлэн УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Д.Эрдэнэбат нарыг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Су.Батболд, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээгэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

МАН өрийг 70 хувьд хүргэхийг дэмжихгүй гэв

МАН-ын бүлэг өчигдөр ямар асуудлаар хуралдсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус бүлэг Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол, түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд зарим асуудал дээр байр сууриа нэгтгэжээ. Тухайлбал, Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд өрийн хэмжээг ДНБ-ний 70 хувьд хүргэхээр оруулж ирснийг дэмжих боломжгүй, харин өнөөгийн төвшинд нь буюу 55.2 хувьд нь хадгалах ёстой хэмээн үзжээ.

Мөн Алдарт эхийн одонгийн мөнгийг 200 мянган ээжид тэгш олгох ёстой гэсэн байр сууринд нэгдсэн байна. Энэ тухай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Одонгийн мөнгө нь хүүхдийг урамшуулж байгаа урамшуулал биш, Монгол Улсын хүн амыг өсгөх, ээжүүдийн гавьяаг үнэлсэн урамшуулал учраас үргэлжлүүлж олгох ёстой” гэлээ. Хэрвээ Засгийн газрын оруулсан саналаар хүүхэд нь 18 нас хүрсэн гэдэг зааг гаргаж, ялгаварлавал одонтой ээжүүдийн 90 хувь нь мөнгө авах боломжгүй болох аж.

Түүнчлэн хүүхдийн мөнгийг боломжийн амьдралтай айлын хүүхдэд олгохгүй гэж алаг үзэх нь зөв үү, буруу юу гэдэг дээр нухацтай ярилцах ёстой гэж бүлгийн гишүүд үзжээ. Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг мэдүүлэхдээ хүүхдийн мөнгийг 95 тэрбум төгрөгөөр бууруулж оруулж ирсэн аж. Хүүхдийн мөнгөнд жилд 246 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа гэсэн.

Урамшуулал хэлбэрээр олгож ирсэн дээрх мөнгөн тэтгэлэгт УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын саналыг дэмжихгүй байх шийдэл гаргасан бол зарим төрлийн татварыг нэмэх, шинээр бий болгох саналыг ч хүлээн авах боломжгүй тухайгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хэллээ. Тухайлбал, бууны татвар 4000-6000 төгрөг байсныг 50.000-60.000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татвар 2 хувь байсныг гурван хувь болгон нэмсэн юм байна. Шинээр нийслэлийн татварыг бий болгосноор бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын шат бүрт нэг хувийн татвар тавигдсаар дөрвөн хувьд хүрч байгаа гэнэ.

Мөн малын хөлийн татварыг хонин толгойд шилжүүлснээр 1000 хүртэл төгрөгийн татвар ногдуулж болох эрхийг орон нутаг дахь ИТХ-д олгох нь хямралыг давах гарц биш гэж МАН-ын бүлэг үзжээ.

Төсвийн тодотголыг хэлэлцэх хүрээнд тус бүлэг хямралаас гарах богино хугацааны хөтөлбөрийг Засгийн газар боловсруулж, УИХ-д оруулж ирэх ёстой гэж энэ саналаа хүргүүлэхээр болжээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр барих байгууламж, автозамын зураг төслийг баталлаа

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/1073 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2015 онд он дамжин хэрэгжих шинээр баригдах барилга байгууламж, авто замын зураг төсөв, ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хөрөнгөнөөс хэрэгжүүлэх Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд тавигдах 3,0 км авто замын зураг төсөл, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд барих 2,8 км авто замын зураг төсөл, тус дүүргийн 9 дүгээр хороонд барих 2,5 км авто замын зураг төсөл, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт UB town, Wizard town орчмын бохир усны гол шугамын зураг төслийг баталлаа.
Энэхүү хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт, авто замын зураг төсөлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШИНЭЭР БАРИГДАХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, АВТО ЗАМЫН
ЗУРАГ ТӨСӨВ,ТЭЗҮ, ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХӨРӨНГӨНӨӨС ХЭРЭГЖҮҮЛЭХ
ЗУРАГ ТӨСЛИЙН ЖАГСААЛТ

Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал Хугацаа Төсөвт өртөг /сая төг/
1 Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил 2013-2015 180,0
2 Автозамын зураг төсөл 3,0 км /БЗД, 19 дүгээр хороо/ 2013-2015 60,0
3 Авто замын зураг төсөл 2,8 км /БЗД, 24 дүгээр хороо/ 2013-2015 56,0
4 Авто замын зураг төсөл 2,5 км /БЗД, 9 дүгээр хороо/ 2013-2015 50,0
5 Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт UB town, Wizard town орчмын бохир усны гол шугамын зураг төсөл 2013-2015 40,0
ДҮН 386,0
Categories
мэдээ улс-төр

Чингисийн одон гардуулав

Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр /2015.01.05/ Орхон аймгийн Засаг дарга, тус аймгийн Ардчилсан намын дарга Г.Зоригтод Чингисийн одон гардууллаа.

Г.Зоригт нь 2007 оноос хойш Орхон аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байгаа бөгөөд тус намын ҮЗХ-ны гишүүн юм. Ардчиллын үнэт зүйлсийг түгээн, хамгаалан бэхжүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж ийнхүү Ардчилсан намын дээд шагналыг гардуулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

“Шилэн данс”-ны тухай хуулийг хэрэгжүүлээгүй бол ажлаас нь хална

2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн данс”-ны тухай хууль эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд санхүү, эдийн засгийн бүхий л мэдээллийг байгууллагынхаа цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Мэдээллийн дагуу иргэд тухайн байгууллагаас санхүүгийн мэдээлэл авч, хяналт тавих эрхтэй болсон юм. Хуулийг анх санаачилж, боловсруулах шатанд нийслэлээс дэмжиж өнгөрсөн онд нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсанд “Шилэн данс” гэсэн цэсийг шинээр байршуулж, ажиллуулж эхэлсэн. Мөн нийслэлийн Засаг даргын 2012 оны “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” А/606 дугаар захирамжийн дагуу нийслэлийн удирдлагуудын гадаад, дотоод томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа юм.

Өнөөдөр болсон 2015 оны Нийслэлийн удирдах ажилтнуудын анхны шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хуулийн хэрэгжилтийг яаралтай хангаж, нийслэлийн нутгийн захиргааны харъяа байгууллагууд өөрсдийн цахим хуудсанд санхүүгийн мэдээллээ байршуулах, уулзалт бүрийг нээлттэй ид тод явуулах системд шилжих ажлыг 2015 оны 02 дугаар сарын 01 гэхэд дуусгасан байхыг үүрэгдлээ. Хэрэв заасан хугацаанд хуулийн хэрэгжилттийн хангаагүй бол тус байгууллагын даргыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдлээ.