Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алдарт уяач Д.Ууганбаяр унаач хүүг морин дээрээс нь үсдэж буулгаад зоджээ

-Сунгаанаас түрүүлж эргэлээ гэж уурсахдаа унаач хүүхдийг бэрттэл нь зодсон байна-

Хөхөө өвлийн хүйтэнд хуруун чинээ хүүхдээр хурдан морь унуулж зугаагаа гаргадаг уяачид одоо бяцхан үрсийг минь зодож, бахаа хангадаг болжээ. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр аймгийн алдарт уяач Д.Ууганбаяр гэгч унаач хүүг сунгааны гараанаас дутуу эргэлээ гэж морин дээрээс нь үсдэж буулгаад өшиглөн зоджээ. 

Дорнод аймгийн Матад сумын төвд зургадугаар сарын 1-ний өдөр аймгийн алдарт уяач Д.Ууганбаяр уяаныхаа морьдыг сунгаанд уралдуулахаар болж. Сунгаанд тэдний уяаны голдуу 18 морь уралдсан байна. Хохирогч С тухайн үед Д.Ууганбаярын морийг унаагүй, харин саахалтынх нь хурдыг унаж явсан аж. Ингээд сунгааны гараанаас уралдаад барианд ойртох үед Д.Ууганбаяр жийп машинтайгаа давхиж ирээд үгийн зөрүүгүй хүүг морин дээрээс нь үсдэж буулгаад, өшиглөж зоджээ. Д.Ууганбаярын уурсч, жаахан хүүхдийг зодож, тамласан шалтгаан нь сунгааны гараанаас дутуу эргэлээ гэдгээс үүдэлтэй. Хүү ч “Дутуу эргээгүй. Бүгд зэрэг эргэсэн шүү дээ” гэж тайлбарлаад дахиж зодуулсан байна.  Зургадугаар сарын 1-нд Матад суманд бүгчим халуун өдөр байсан. Халуунд хаа холоос уралдаж ирээд зодуулж, тамлуулсан хүү тухайн үед ухаан алдсан талаар хүмүүс ярьсан. 

Д.Ууганбаяр гэгч хэн бэ?

Сумын сунгаанд дутуу эргэлээ гэж өөрийнхөө охинтой чацуу хүүг нэвширтэл зодсон аймгийн алдарт уяач өдгөө “Сонин хэвлэлээр нэр хүнд гутаавал эргээд заргалдана шүү” гээд зарга хийгээд давхиж явах юм. Алдар хүндээ тэргүүнд тавьж байгаагаас өөрт нь зодуулсан хүүгийн биед санаа зовж байгаа шинж алга. 

Д.Ууганбаяр Дорнод аймгийн Алдарт уяач цолтой. Бас Матад сумын заан цолтой. Дунд эргэм насны эр. Том биетэй, нутгийнхны яриагаар бол сумын атаман аятай юм. Д.Ууганбаяр дөрвөн хүүхэдтэй. Том охин нь зодуулсан С хүүтэй чацуу. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тэдний хүүхдүүд аймгийн төв рүү баяраа тэмдэглэхээр явсан байж. Хохирогч хүү цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөлдөө “Надтай адилхан хүүхэдтэй байж ингэж зодсонд гомдолтой байна” гэсэн байна лээ. Үнэхээр ч хүний хүүхдийг жилийн дөрвөн улиралд шахам морь унуулж, талхилчихаад баяр наадмаар үгээр байсангүй гэж зоддог, гарынхаа чилээг гаргадаг алдарт уяачдын нэг нь Д.Ууганбаяр гэдгийг нутгийнхан нь ярьсан. 

Д.Ууганбаяр зуны улиралд ихэвчлэн баруун аймгуудын наадам хэсдэг. Түүний Гоё саарал нь 2011 онд Дорнод аймгийн 80 жилийн ойд шүдлэн насандаа гуравт давхиж байжээ. Үүний дараа аймгийн Алдарт уяач цол хүртсэн байна. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд болсон Хатагины хар сүлд цэнгүүлэх Их тахилгад түүний бор соёолон түрүүлж байсан юм. Дорнод аймгаар овоглодог Алдарт уяач Д.Ууганбаяр аймаг, сумынхаа уяачдын холбоонд бүртгэлгүй юм билээ. Уяачдын холбооны хуралд оролц гэсэн нутгийнхаа нэгнийг зодож тэр хавьдаа хэл ам болж байсныг нутгийнхан нь ярьсан. 

Хүүгийн ээж н.Ганчимэг: Ууганбаяр заанд гомдолтой байна

Хохирогч хүү аймгийн төвд гурав хоног эмчлүүлжээ. Түүний өвөө “Хүүхэд юм болохоороо тоглоод л гүйж явна. Хамар нь мурийчихсан байгаа. Дахиж морь унахгүй биз дээ. Томчууд чинь хүүхдээр зугаа цэнгэл хийхдээ гаршчихсан байдаг бололтой юм. Дутуу эргэлээ гээд бариад зодчихсон байна. Цагдаагийн байгууллага тэр нөхөрт хариуцлага тооцно биз дээ” гэлээ. 

Хүүгийн ээж н.Ганчимэгтэй утсаар холбогдож ярилцлаа.

-Хүүгийн тань бие гайгүй юу?

-Хамрынх нь яс цуурч, мурийсан байна лээ. Эмнэлгийн дүгнэлтийг цагдаагийн байгууллагад өгчихсөн байгаа. Гурав хоног хамрандаа чихээс хийлгээд эмнэлгээс гарсан. Одоо аймгийн төвд байгаа. 

-Олон жил хурдан морь унаж байгаа хүүхэд үү?

-Хүү минь долдугаар ангид орно. Долоон жил хурдан морь унаж байгаа юм. Жижиг биетэй болохоор энэ жил бас хурдан морь унана гэж байсан юм.

-Одоо бол хурдан морь унахгүй гэж байна уу?

-Тэгж ярихгүй байгаа. Хүүхэд юм болохоор гомдох нь гайгүй бололтой.

-Аймгийн алдарт уяач Д.Ууганбаярын морийг унадаг байсан юм уу?

-Тэдний морийг унаж үзээгүй. Өөрийнхөө морьдыг унадаг байсан юм. Тэр өдөр (Зургадугаар сарын 1-нд) саахалт айлын морийг унасан юм билээ. Тухайн үед бид дэргэд нь байгаагүй. Сунгаанаас дутуу эргэлээ гэж л зодсон гэсэн. 

-Унаач хүүхдийн эрх зөрчигдөж байгааг ярьдаг ч уяачид хүүхдээр зугаагаа гаргасаар байна. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ч уяачид сунгаа хийж, хүүг тань зодлоо.

-Томчууд хүүхдээр зугаагаа гаргаж байгаа нь үнэн байх. Үнэндээ тэр өдөр хүүгийнхээ дэргэд байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Д.Ууганбаяр заанд гомдолтой байгаа. Тийм ч учраас цагдаагийн байгууллагад хандсан. Хуулийн байгууллага асуудлыг нэг талд шийдэх байх. Хүүг минь хөнгөвтөр гэмтсэн гэдэг дүгнэлт гарсан.  Гэхдээ сэтгэл санааны хохирол гэж бас бий байх. Өөрийнхөө хүүхэдтэй адилхан хүний үрийг барьж зодоод, өшиглөж тамлана гэдэг байж болшгүй авир баймаар юм. Гэтэл хүмүүсийн яриагаар бол хүүг минь айхавтар зодсон байна лээ. Азаар л хөнгөн гэмтсэн. Том биетэй, уур нь оволзчихсон хүн аминд нь хүрчихсэн бол яах билээ. Хот айлын сунгаа гэдэг чинь тийм том баяр наадам  уу. Сунгаанд дутуу эргэлээ гээд нялх амьтныг барьж зодно гэдэг санаанд багтахгүй юм гэлээ.

Ц.ӨРНӨХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Батбаяр сайдын далд хүч нь ивээгээд байгаа юм болов уу?

Эдийн засгийн хөгжлийн  сайд Н.Батбаярыг огцруулах тухай яригдаад удлаа. УИХ-аар огцруулах асуудал хэлэлцэгдэх байсан ч  хоёр ч удаа хойшлогдов. УИХ энэ удаа шийдэхэд амаргүй асуудалтай тулгарав бололтой. 

Хэвлэлийнхэн мань сайдыг бөө гэдэг. Бөөгийн зан үйл хийдэг энэ тэр  гээд багагүй шүүмжлээд авсан. Өөрөөс нь асуугаагүй болохоор үнэхээр бөө эсэхийг нь батлаж чадахгүй. Үнэхээр бөө бол УИХ-ын гишүүд айхгүй ч аягүй гэдгийн үлгэр болов. Хэрэв мань бөөг огцруулчихвал ард нь байгаа Монголын арван мянган бөө хэц хэнгэрэгээ шүүрээд, өдөр шөнөгүй буугаад, манай муу гишүүдийг хэцүүдүүлэх юм биш байгаа. 

Гишүүний зам мөр, дараагийн сонгуулиар дахин нэр дэвших энэ тэрд нь баахан бөө нар саад болчих вий. Ийм их далд хүчний эсрэг хөөрхий гишүүд зогсох хэрэгтэй болох нь.

Бөө хүчтэй эсэхийг УИХ-ын гишүүд ийнхүү биеэрээ мэдрэх болоод байна. Тийм ч учраас эдийн засгийн хямралын гол буруутнаар тодруулаад, баалж, муулаад байгаа хүнээ барьж авахаас халгаад байгаа бололтой. 

Б.Эгшиглэн      

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баялаг бүтээгчдийнхээ эцсийн зоосыг шавхах социалист уралдаан

Татварын байцаагчдыг орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлбэл мөнгөн дүнгийнх нь 30 хувьтай тэнцэх төгрөгөөр шагнадаг гэнэ. Мөнгөнд дургүй хэн байхав. Бүгд л орлогын төлөвлөгөөгөө ахиулан биелүүлэх социалист уралдаанд улаан тугаа ман­дуулаад идэвхийлэн оролцдог байж таарна. Төр нь “Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн эцсийн ганц зоосыг ч үлдээлгүй сэгсэр” гэсэнтэй агаар нэг урамшуулал амлачихаар ёстой нэг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж гардаг гэ¬дэгт эргэлзэх юм алга. Чө¬лөөт зах зээлийн энэ цагийн өнгөнд бол ойлгохын аргагүй урамшуулал. Татварын бай­цаагч­дад хэдэн саяар нь өгч байгаа урамшууллыг эрхэм төр халааснаасаа мөнгө гаргаад өгнө гэж байхгүй. Тэгээд ч төрд мөнгө байхгүй. Мөнгө олдог, баялаг бүтээдэг газрыг төр гэдэггүй, компани гэдэг. Төр бол баялаг бүтээгч¬дийнхээ мөнгөөр амь зуудаг л нэг байгууллага. Сургууль, цэцэрлэг шиг. Тэгэхээр со¬циа­лист уралдаанд ялсан байцаагчдыг баялаг бүтээгч¬дийн, та бидний олсон хэдээ¬сээ өгсөн мөнгөөр шагнадаг  гэсэн үг. 

 Гэтэл улсын төсөвт олс­ны¬хоо овоо хэдийг өгч төрийг түмэнтэй  юутай хээтэй нь тэжээж байгаа татвар төлөгчдөд ямар урамшуулал байдаг билээ.  Үсрээд л тат­варын байгууллагаас шилдэг татвар төлөгч гэсэн жаазтай бичиг өгдөг. Өөр урамшуулал энэ тэр огт байдаггүй. Ха­рин ч урамшуулахын оронд шийтгэхээ нэгдүгээрт тавьдаг нь нууц биш. Сүүлийн жи¬шээ гэхэд л АТГ-ын хар дан­санд орсон бизнесмэний тоо гэрлийн хурдаар өсч байгаа. Иргэд нь “муусайн баячууд” гэсэн соц үеийн сэтгэлгээнээсээ одоо ч салаагүй. 

Зах зээл хөгжсөн, тэр жа¬маараа дажгүй урагшилж яваа улсуудад бол бизнесмэнүүдээ дэмжсэн бодлого явуулдаг. Татвар дээр гэхэд л айхавтар улсууд бизнесээ эхэлж яваа хэддээ өсч томрох боломж өгдөг. Нөгөөдүүл нь томорч чадвал улс нь ядах юмгүй сэхээд ирнэ гэдгийг мэддэг учраас тэр.  Гэтэл манайд эсрэгээрээ компани байгуулж бизнес эхэлсэн цагаасаа төрийн төмөр нүүртэй тулдаг. Уг нь манайх шиг зах зээлийг сонгосон улсад татварыг  бизнесээ дэмжсэн тэтгэсэн агуулгаар хөгжүүлдэг юм билээ. Хөгжингүй орнуудыг хараад байхад татвар дээр үр хүүхдээ хайрлаж өсгөснийхөө дараа хариуцлага нэхдэг  эцэг, эхийн хандлага, жишгийг барьдаг юм билээ. 

Тэгэхээр татвар дээр сэт­гэл­гээгээ өөрчлөх цаг болжээ. Эхлээд татвар төлөгчдөө дайсан мэт харахаа больё. Төр, түмний  хэн хэн нь. Адалж харж, байцааж шийт¬гэхийнхээ оронд улсын хөгж¬лийг нуруундаа авч яваа, төр, түмнийг тэжээж байгаа баялаг бүтээгч гэсэн өнцгөөс харж яагаад болохгүй гэж. Тэгж байж л улс хөгждөг. Ингэхгүйхээр урагшилсан түүх цэнхэр гаригийн хаана ч байдаггүй. Шагнадаггүй юмаа гэхэд хамгийг нь хамах социалист уралдаанаа ядаж болимоор байх юм. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд тусгай хуралдаанд үг хэллээ

Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо “Ажилтай хөгжил дэвшил-хөдөлмөр эрхлэлт-2014” нэрийн дорзохион байгуулагдаж байгаа Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дээд хэмжээний чуулга уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэллээ. Уг чуулганд дэлхийн 180 гаруй орны 5000 орчим төлөөлөгч оролцож, хөдөлмөр эрхлэлт болон тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцож байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг дэлхий нийтээр 2015 оноос хойш эдийн засаг, нийгэм, хөгжлийн бодлогыг тодорхойлох “Post 2015: The future we want” хэлэлцүүлэгт Монгол Улс идэвхтэй оролцож зохистой, бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд онцгой ач холбогдол өгч байгааг хэллээ. Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад тогтвортой, ил тод, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг үзүүлэх, татварын таатай орчин бүрдүүлэхэд Засгийн газраас олон арга хэмжээ авч байгаа. Үүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь Засгийн газрын “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөр юм.

“Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Хөдөлмөрийн яамыг шинээр үүсгэн байгуулж, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанаас гадна жижиг, дунд үйлдвэр, хоршоо, мэргэжлийн боловсрол, сургалт зэрэг иргэдээ ажилтай, орлоготой байхад дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлуудыг тус яаманд хариуцуулсан. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт-нийлүүлэлт тэр дундаа ЖДҮ-ийн хүний нөөцийн асуудал цогцоор шийдэгдэхэд чухал алхам боллоо. Мөн ажил олгогчийн захиалга, ажил хайж буй иргэдийн мэдээллийн бүртгэлийн нэгдсэн систем бий болгоход ихээхэн дэмжлэг болсон. Зах зээлд өрсөлдөх чадвар сул иргэдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хангах зорилгоор “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх” зэрэг хэд хэдэн дэд хөтөлбөр, төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Монгол оронд хөдөлмөр, нийгмийн олон асуудлыг гурван талт гэрээ хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэж, орон нутаг, салбар, аж ахуйн нэгж, байгууллагад нийгмийн түншлэл амжилттай хөгжиж байна” гэж хэллээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гэй Радар Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын хөдөлмөр, нийгмийн салбарт авч хэрэгжүүлж байгаа эдгээр туршлагуудын талаар илтгэл тавиулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг албан ёсоор урьжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэвлэл мэдээлэл уншигчдаас санал авч шалгаруулалт хийх эрхгүй боллоо

Хэвлэл мэдээллийн бай­гууллага уншигч, сонсогч, үзэгчдээсээ санал
авч, ний­гэмд хэн шилдэг гэдгийг шал­гаруулах эрхгүй боллоо. Саяхан хэвлэл мэдээллийн
хэдэн байгууллага санал асуулга явуулсан байна. Зас­гийн газрын харьяа агент­лагуудын
алиных нь үйл ажиллагаа сайн бэ хэмээн уншигч, үзэгч, сонсогчдоосоо асуужээ. Нийт
28 агентлагаас иргэд есийг нь шилдэг гэж нэрлэсэн байна. Үүнийг  санал асуулга явуулсан хэвлэл мэдээллийн байгууллагууд
тухайн агентлагуудад дам­жуулж, өргөмжлөл гардуулжээ.  Тухайн байгууллага салбартаа тэргүүний эсэх тухайд
хэлэх юм алга. Бодвол энэ талаараа санал авсан байгууллагууд нь мэдэх биз.

Тэгтэл шалгарсан энэ хэдэн агентлаг хийгээд санал асуулга явуулсан
хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нийгмээрээ барьж идэх нь ээ. Байж боломгүй гэмт
хэрэг хийсэн мэтээр үзэн ядаж, хорон үгээр идэж, тэр аяараа нулимж, шүлсээ үсчүүлж
байна. Нийгмийг муу муухай руу түлхэж, олон түмнийг хар тамхи, садар самуун, хүчирхийлэлд
уриалсан мэт жигшин зэвүүцэж байна, хэлэх байхаа олж ядаж бачуурах юм. Хэвлэл мэдээллийнхэн
шиг адгийн амьтад байхгүй юм шигээр хийрхэх нь юуны учир вэ. Дэлхий дахинаа нийгмийн
тэргүүлэгч лидер, шилдгүүдийг тэгвэл хэн тодруулдаг юм. Хэдэн дарга ширээ тойрон
суугаад гараа өргөөд бол­чих­­дог гэж бодож байна уу. Хэв­­лэл мэдээллийнхэн  нийг­­мийн түүчээлэгчдийг шал­гаруулдаг юм. Хаана
ч хэвлэл мэдээллийнхэн л уншигч, үзэгчдээсээ асууж сайн сайх­ныг тодруулдаг. Олны
саналаар энэ нийгэмд хэн нь мундаг вэ гэдгийг тодруулсан тэр шалгаруулалт л үнэ
цэнэ­тэй байдаг юм. Гэтэл манайд яагаад өөр байгаа юм бэ.

Шилдэг болсон агент­лагийн дарга нар санал асуулгад оролцож, иргэдээс
онц дүн авсныхаа төлөө ажлаасаа халагдах нь. Бүр цаашилбал шоронд орж ч мэдэх нь.
Ямар ч байсан тэднийг шилэн өргөмжлөлөө тэврээд энэ дэлхийгээс зайл гэх нь холгүй
элдвээр хараан зүхэж байна. Уншигч, үзэгчдээсээ саналыг нь асуу­гаад шалгаруулалт
явуул­чихсан хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэр хүнд бүр шалан дээр уналаа. Удахгүй
татан буугдахдаа тулах нь. Тэд энэ хорвоо дэлхий дээр байхын эцэсгүй нүгэл үйлдсэн
дайны юм болж байна.

Ер нь сүүлийн үед хэвлэл мэдээллийг нүд үзүүрлэж, илүү үзсэн бодлого
шийдвэр ар араасаа ундардаг боллоо. Өнгөрсөн 2012 онд УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд
сонин хэвлэлийг ашиглахгүй шүү гэдэг хууль гарсан. Санал асуулга явуулж, нийгмийн
шилдгийг тодруулах эрх та нарт байхгүй  гэдэг
заалт ч багтчихсан явж байлаа. Энэ дөрвөн жилийн парламент дахиад Сонгуулийн тухай
хуулиа шинэчилнэ. Мөн л сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийг хавь­туулахгүй
байх заалтуудыг хичээнгүйлэн боловсруулж суугаа дуулдсан. Саяхан төр засгийн мэдээллийг
хэвлэлд үнэтэй тавихгүй. Хэвлэл мэ­дээллийнхэн төрийн мэдээл­лийг үнэгүй сурталчлах
үүрэг­­тэй гэдэг фашист хууль гаргалаа. Одоо санал асуулга явуулж болохгүй гэж эрх
баригчид нийгмийг дөгөөж, хэвлэл мэдээлэл рүү дайрч байна. Ингэтлээ үзэн ядаад байгаа
юм бол эрх баригчдаа Монголын бүх хэвлэл мэдээллийн бай­гууллагыг хориглох хуулиа
гаргаад хаачих. Эргэж ирэх гарц хонгил бүхнийг нь таглачих. Тэгж байж санаа чинь
амрах гээд байгаа бол ядах юм байхгүй, та нарт бүх эрх мэдэл чинь байна.

Өнөөдөр  эрх баригчид  хувьдаа шал шал гэсэн сайттай болсон юм гэнэ лээ.
Үүнийгээ хэвлэл мэдээлэл гэж ойлгочихоод 
бусдыг нь юу ч биш, өт хорхой мэт үзэж байна. Хараалгаж, зүхүүлж, эрх чөлөөгөө
хумиулж, дарамтлуулаад байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд цөм хувийн өмчийнх.
Хувийн хэвшил дотроо төрөөс ямар ч дэмжлэггүй, бор зүрхээрээ яваа салбар. Олон түмнийг
мэдээллээр хангахын төлөө өдөр тутам гар хумхилгүй ажилладаг сонин хэвлэлийнхэнд
төр яаж дэмжлэг үзүүлсэн юм. Тэр гээд нэрлэчих олигтой ажил огт алга.  Шуудангийн захиалга дээр чинь бид дэмжлэг үзүүлдэг
гэж хэлэх вий.  Гэвч худалч хүнд сонин хэвлэлүүд
олсон орлогоо бараг 100 хувь шуудангийн төлбөрт төлөөд цэвэр өөрсдийнхөө хүчээр  ажиллаж байна.  

Энэ мэтчилэн асуудал их тул оршин байх хууль ёсны эрхийнхээ төлөө
хэвлэл мэдээллийнхэн тэмцэл өрнүүлээч гэдгийг манай сонин маш ихээр уриалдаг. Монголчууд
бид хэвлэл мэдээллийн бизнес эрхлэн явуулах эрхтэй. Эрхийнхээ төлөө тэмцэх, үгээ
хэлэх, жагсах, цуглах цаг иржээ.  Гэвч яагаад,  хэнээс айгаад, юунаас хулчийгаад юу ч дуугарахгүй
байна вэ. 

2000-2004 оны хооронд 1990 онд эхэлсэн ардчилал үндсэндээ устаж таг
зогс­сон. Монголд тэр үед бүхэл­дээ фашист дэглэм тогтчихсон байсан. Тийм хүнд цагт
“Өдрийн сонин” ардчиллын төлөө, шорон, гяндан, мөрдлөг, хавчлага, эдийн засгийн
боомилолт, эрх баригчдын дарангуйллын эсрэг шантаршгүй тэмцсээр ардчиллыг буцаан
тогтоосон юм. Тэр үеийн хавчлага, дарамт, уналт, нуралт өнөө цагийн эрх баригчдын
хэвлэлийг дарамтлах энэ муу шовнистуудын дэргэд юу ч биш байлаа.   Гэтэл хэвлэл мэдээлэл одоо санал асуулга явуулах
ч эрхгүй болжээ. Энэ дэлхийд санал асуулга явуулаад буруудсан хэвлэлийн байгууллага
Монголоос өөр хаана ч байхгүй биз ээ. 

Монголын эрх баригчдын энэ шахалт эцэстээ уран бүтээлчдийг урам зориггүй
болгож, хэвлэл мэдээллийг айж дальдчуулж байна. 
Үнэндээ хэвлэл мэдээллийг хяхан хавчиж, устгаж байсан түүх энэ дэлхийд байхгүй.  Харин хэвлэл мэдээлэл бүхнийг дийлдэг юм. Бэлээхэн
жишээ нь манай сонин байна. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөний тухай гэх хэвлэл мэдээллийг
боомилсон хуулийн эсрэг тэмцье. Санал асуулга явуулсныхаа төлөө нийгмээр шүүгддэг
гаж тогтолцооны эсрэг зогсъё. Хаалтын гэрээг хориглоно гэгч элий балай заалтыг халахын
төлөө хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн тэмцэхийг энэ цаг биднээс хүссэн хүсээгүй
шаардаад эхэллээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Батбаярыг огцруулах асуудлыг хойшлуулав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоол, Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төсөл, Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг тус тус хэлэлцлээ. Үүнээс Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Ашигт малтмалын тухай хууль батлагдсаны дараа хэлэлцэх горимын саналын дагуу хойшлуулав.

Үүний дараа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тухай хэлэлцэх байсан ч АН-ын бүлгээс энэ асуудлыг хойшлуулах горимын санал гаргалаа. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах шаардлага бол бүдүүлэг, хүний нэр төрд халдсан, асуудлыг хэт гуйвуулсан өнгө аястай байна. Жишээ нь, улсын өр, төсвийн алдагдал зэрэгт алдаатай тоог дурьджээ. Тиймээс бид шаардлагыг үндэслэлтэй эсэхийг тодруулахаар холбогдох газруудад албан бичиг явуулсан байгаа. Хариу нь ирээгүй байна. Уг асуудлыг нягталж, шалгах шаардлагатай байгаа тул хурлыг хойшлуулах горимын санал гаргаж байна” гэв.

Уг горимын саналаар санал хураахад 14 гишүүний 10 нь дэмжсэнээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэхийг хойшлууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сая үзэгчийн өмнө “Хэн эх оронч вэ” реалити шоунд оролцож байна

УИХ-ын чуулганыг телевизийн хоёр сувгаар шууд дамжуулж байна. Сая үзэгчийн өмнө хүн өөрийнхөөрөө байж чадах уу. Чаддаггүйг нь бид хангалттай харлаа. Жүжиг тавихаас өөр арга байхгүй юм байна. Уг нь УИХ-ын гишүүдтэй хоёулхнаа уулзахаар “Тэр нь болохгүй байна, тэрийг тэгмээр байна” гэхчлэн зөв юм ярьдаг. Гэтэл тэгж бодож байгаагаа яагаад чуулган дээр хэлж болдоггүй юм бэ. Яагаад гэвэл нэг сая үзэгч өөрсдийг нь харж байгааг мэдэж байгаа болохоор “эх оронч” зүйл ярихгүй бол болдоггүй. Болох гээд ч болдоггүй юм шиг байна. Энэ зовлонгоос нь Их хурлын гишүүдийг ангижруулж УИХ-ын чуулганыг хаалттай хийдэг болгоё. Тэгэх нь хэн хэндээ амар байна, эх оронд минь хэрэгтэй байна. Чуулганыг хаалттай болгох талаар өмнө нь бичиж байсан, одоо ч бичиж байна, цаашид ч бичих болно. Ингэж л хаалттай болгохгүй бол энэ төр засагт үнэн юм гэж алга болж, баахан жүжигчдээр дүүрсэн төрийн эрх барих дээд байгууллагатай болох нь. Жүжиг бол зохиол. Амьдрал бол бодит байдал. Жүжиг, бодит амьдрал хоёр засаглалын орчинд байж болохгүй. Байсаар, газар авсаар байх юм бол тэгээд л сүйрэл. 1700 төгрөг хол давчихсан байсан ам.долларыг 1300 төгрөгт барьж улсын төсвөө зохиосон нь жүжиг биш үү. 

Хэн ямар жүжгийг, ямар тавилттай тавьдаг нь өнөөдөр хэний ч өмнө ил болж. Энэ Их хуралд сайдыг огцруулах тухай асуудал бол жүжгийн хамгийн чухал хэсэг нь. Яагаад гэвэл үзэгч, уншигч олон түмэн их анзаарч хардаг учраас. Жүжгийн энэ хэсэг дээр л популист гишүүд жүжиглэлтийг өндөр түвшинд тавьж байна. Бараг урьдчилаад сургуулилт хийчихсэн, найруулагчтай, тавилттай, хүртээмжтэй  жүжиг дэглэдэг болж. Камер руу нүд буландсан, чухал царайлсан гишүүд эхлээд асуулт тавина. Сүр сүр асууна. Асуулт нь урт, удааныг яана. Тэгж тэгж үг хэлнэ. Хэлэлцэж буй асуудлаас хол хөндий, огт холбоогүй, хамаагүй үгийг хэлдэг. Хэлэлцэж байгаа хуультай холбоотойгоор судалгаа хийж, нухацтай суусан гишүүд байхгүй нь ярианаас нь шууд ойлгогдоно. Хамгийн чухал, хэрэгтэй хэсэг рүүгээ одоо л орох нь дээ гэж бодтол яг тэр хэсэг дээрээ хэдхэн секундын үг хэлсэн болоод дуусчихаж байгаа юм. Энэ нь эх оронч үгээ хэлж, эх оронч жүжгээ тавьж, эх оронч дүрдээ орж байгаа хэлбэр нь. 

Одоогоор “Хэн эх оронч вэ” реалити шоуны хамгийн сайн оролцогч бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Тэр хамгийн түрүүнд, бусдаас өрсөн үг хэлдэг. Ганцхан зүйлийн тухай л ярьдаг. Тэр нь Оюутолгойг болиулахаар цуг тэмцэж явсан нөхөд минь намайг хаялаа. Тэд одоо хаана байна хэмээн хэдэн гишүүдийн нэрийг дурддаг. Та нар бол урвагч, би л ганцаараа үлдлээ гэсэн утгатай үгийг бас хэлнэ. Цааш халбал уул уурхай улс орон, байгаль дэлхийг мөхөөлөө гэнэ. Ингээд л болоо. Энэ нь бөөн оноо авчирна. Хамгийн эмгэнэлтэй нь Б.Бат-Эрдэнэ аваргад очсон оноо Монгол Улсын эдийн засагт бөөн хор хохирол авчирдаг. Парламент дахь энэ мэт “эх оронч” гишүүдийн жүжиг улс орны эдийн засаг, гадны хөрөнгө оруулалтыг урьд онуудынхаас 50, 60 хувиар бууруулж байгаа юм. Телевизийн дэлгэцээр хүмүүст таалагдаж харагдах гэсэн жүжиглэлт нь үнэндээ санаанд багтамгүй том гамшиг дагуулж байгаад одоо цэг тавих цаг болчихоод байна. Дараа нь босоо Ганбаа гишүүн орно. Түүнийг телевизээр эх орноо аврах тухай бэлдсэн үгээ хэлж эхлэхтэй зэрэгцээд ОУ-ын хөрөнгийн биржүүд дээр манай хувьцааны ханш унаж, хөрөнгө оруулагчид Монголоос улам дайждаг. 

Эдний дэргэд бол Ц.Нямдорж гишүүний хэлж байгаа үг гайхамшигтай. Ингэж хэлэхээс өөр арга алга. Аль ч талаараа ард түмнийг ангайтал үг хэлж байгаа юм. Түүний сүүлд хэлсэн үг нь “Оюутолгойн хөрөнгө оруулалтын эсрэг та нар найман жил шүлсээ үсчүүллээ. Ард түмэн та нарын шүлсээр хооллох юм уу” гэсэн. Энэ бол улс төрд хат суусан, ухаажсан, ухаантай хүний үг юм. Яагаад гэвэл энэ цаг үед уул уурхайг л дэмжвэл ард түмэн намайг дэмжинэ гэдгийг тэр хэдүйн мэдэрчихсэн, олоод харчихсан байна. Жүжиг тавихдаа ядаж Ц.Нямдоржийн хэмжээнд, түүний хэрийн нийгмийн сэтгэл зүйг мэдэрч сур л даа. Хэзээ нэгэн цагт ард түмэнд уул уурхай таалагдахаа байвал Ц.Нямдорж мөн л өрсөөд мэдэрчихсэн, өөр хүн болчихсон “Уул уурхай улс орныг минь аварна гээд шүлсээ үсчүүлээд байсан яасан. Улс орны минь онгон байгалийг сүйд хийж дууслаа шүү дээ” гээд ард түмэнд таалагдаад зогсож байна. Ямар цаг үед, яаж ард түмнээс оноо цуглуулах вэ гэдгийг улс төрч ухаантай юм бол Ц.Нямдоржийн хэрийн мэдэрч байж та бүхэн улс төрд өгсөж барилдана. 

Агуу жүжигчид Их хуралд өөр ч байгаа. Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Оюунбаатар, Д.Дэмбэрэл, Цог… эд бас агуу жүжиглэх юмаа. Өсч торниж буй залуу жүжигчид гэвэл  Батзандан, Баасанхүү, Уянга… гэхчлэн бас байна. Тэд олигархиуд, албан тушаалын хэнээтнүүд ард түмнийг шулаад гэж ангийнхаа тохой залган суугаа нөхөд рүүгээ дайрдаг. Өөрсдөө эрх баригчид биш юм шиг жүжиглэдэг. Тэднийг харахаар гудамжнаас орж ирээд Их хурлын индэр дээрээс үг хэлж байгаа мэт. Өөрсдөө та бүхэн эрх баригчид болчихсон шүү дээ гэдгийг энэ нэг хэдэн хүнд хичнээн удаа хэлэх юм бэ. Ерөөсөө эрх баригч болж төлөвшихгүй юмаа.

Ердөө ийм л жүжиг тавьдаг тайз нь УИХ-ын чуулган болчихоод байна. Энэ тайзан дээр тоглогчдын зорилго нь тодорхой. Тэдний сэтгэл зүрхэнд эх орон, ард түмэн ч байгаа юм биш. Дараагийн сонгуульд яаж ялах нь л чухал. Энэ зорилго нь тэднийг мундаг жүжигчид болгож, хүмүүст таалагдах л үг хэлж байвал улс орны ирээдүйн хувь заяанд энэ ямар үр нөлөөтэй тухай бодохыг ч  хүсэхгүйд байгаа юм. 

Ийм хөгийн байдлаас Их хурал өөрийгөө хэрхэн авч гарах ёстой вэ. Улс орны амин чухал шийдвэр УИХ дээр гардаг. Өнөөдрийн хагаралдаан яахав, хоёрхон өдрийн дараа эх оронд минь хэрэг болж, эерэг үр дагавар авчрах шийдвэр гаргадаг газар гэдгээ нэн түрүүнд ухамсарламаар байна. Тийм болохоор үнэн үгээ хэлдэг гишүүдтэй, үнэн шийдвэр гаргадаг парламент байхын тулд өнөөдөр шууд дамжуулалтыг хаая. Хоёр сувгаар шууд дамжуулдгаа зогсооё. Ийм л эрс тэс шийдвэр гаргахгүй бол Их хурал гэдэг байгууллага чинь үнэн бөгөөд хатуу үг хэлдэг, тас хийтэл алгадаад авдаг эцэггүй болсон айл шиг боллоо. УИХ-ын чуулган дээрээс л үнэн үг сонсож, үнэн нүүр царайг ард түмэн харж байхгүй бол өөр хаанаас харна гэж. Өөр юунд итгэж найдна гэж. Төрийн эрх барьж байгаа хүмүүс нь бүгд нүүрэндээ багтай жүжигчид болчихоор энэ улс орон чинь жүжгийн тайз болох нь байна шүү дээ. Бүх зүйл нь хуурамч болчихсон улс оронд мөхлөөс өөр хувь тавилан байдаг юм уу. Энэ бүхэнд одоо л цэг тавихгүй бол гадныхны олз болж хоёр хөршийнхөө нөлөөнд бүрэн автах нь. 

УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны хувьд зөвхөн ирцээ л албан ёсоор, үнэн бодитой мэдээлчихэж бай. Энэ л байхад болно. Сөрөг намууд нь тэртэй тэргүй гарч ирээд юу болсон талаар хангалттай ярьчихаж байна. Ганц сөрөг ч гэлтгүй аль ч Их хурлын гишүүнд ямар ч мэдээллийн суваг нээлттэй байгаа. Зүгээр л чуулганы үйл ажиллагаа, хэлэлцэх асуудлын порцессыг шууд дамжуулахаа больё. Улс төр дэх худал хуурмагаас сэргийлэх эхний дорвитой алхам энэ л байна. “Эх оронч” нэртэй реалити шоуг энэ мөчөөс эхлэн үзмээргүй байна.  

Б.НЯМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФИФА 2014: ДАШТ-ийг өнжих одод

2014 оны ДАШТ-ийг хөлбөмбөгийн ногоон талбайн чимэг болсон одод өнжихөөр болж байна. Эдгээр одод ДАШТ-ий эрхээ авч чадаагүйн улмаас, мөн гэмтэл бэртлийн улмаас өнжиж байгаа юм.  

Златан Ибрагимовыч


Шведийн шигшээ баг ДАШТ-ий сонгон шалгаруулалтаас хасагдсан. Ингэснээр Шведийн шигшээ болон Францын “Пари Сейн Жермен” багийн ахлагч Златан Ибрагимовыч ДАШТ-ийг үзэгчийг суудлаас үзэх болсон. 2014 оны ДАШТ Ибрагийн уран гоё техник, гоёмсог чамин гоолоор дутах болно. Златан Ибрагимовычийн хувьд 2014 оны ДАШТ шигшээ багаа ахлан оролцох сүүлийн жил нь байсан юм.

Радамель Фалкао


Колумбийн шигшээ багийн од Радамель Фалкао гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжинө. 2014 оны Францын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний үеэр дөрөвдүгээр лигийн “Шассле” багийн хамгаалагч Сонер Эртек Фалкаог гэмтээсэн билээ. Өдгөө Сонер Эртекийг занаж, амийг нь хорооно гэсэн сүрдүүлэг 7000 даваад байгаа гэнэ. Сонер Эртек ч цагдаагийн тусгай хамгаалалтад амьдарч байна.

Кака


Бразилийн дасгалжуулагч Луйс Филипе Сколари 2007 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Какаг шигшээ багтаа дуудсангүй. 2002 оны ДАШТ-ээс хойш Бразилийн төвийн хагас хамгаалалтын цөмийг бүрдүүлж байсан Какагийн оронд залуу тоглогчдыг дасгалжуулагчи нь илүүд үзсэн юм.

Самир Насри


Францын дасгалжуулагч Дидие Дешам шигшээ багтаа Самир Насрийг дуудаагүй нь ДАШТ-ий өмнөх хамгийн том дуулиан байлаа. Самир Насри энэ жил тун гайхамшигтай сайн тоглож “Манчестер Сити” багийнхаа хамт Английн “Премьер лиг”-т түрүүлсэн юм. Жигүүр, төвийн хагас хамгаалалтын довтолгоог удирдан тоглодог Самир Насрийн үзүүштэй тоглолт 2014 оны ДАШТ-д үгүйлэгдэх нь гарцаагүй.

Марко Ройс


Германы шигшээ багийн залуу хагас хамгаалагч Марко Ройс шагайндаа бэртэл авсны улмаас ДАШТ-ийг өнжих нь тодорхой боллоо. Марко Ройс ДАШТ-ий өмнө Арментай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр шагайгаа бэртээсэн юм. 2014 оны ДАШТ-д түрүүлэх магадлалтай багуудын тоонд Герман зүй ёсоор багтана.  Ройсын оронд Германы шигшээн дасгалжуулагч Иохим Лёв Италийн “Сампдори” багт хүчин зүтгэдэг Шкодран Мустафи дуудсан байна.

Франк Рибери


2013 оны Европийн шилдэг хөлбөмбөгч, Францын шигшээн түлхүүр тоглогч Франк Рибери нурууны гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжих нь тодорхой боллоо. 2006 оны ДАШТ-ий үеэр хэний ч танихгүй, сорвитой залуу Франк Рибери авьяас чадвараа дэлхий нийтэд харуулсан. 2006 оноос хойш Францын шигшээн гол тоглогч байсан Рибери ийнхүү гэмтлийн улмаас тун харамсалтайгаар ДАШТ-ийг өнжих нь. Түүний орон зайг нөхөн тоглох Самир Насри шигшээдээ дуудагдаагүй учир Франц хагас хамгаалалтдаа тун асуудалтай ДАШТ-д оролцох төлөвтэй.  

Роман Широков


ОХУ-ын шигшээн ахлагч Роман Широков гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжинө. 2012 оны Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнээр шигшээ багийнхаа гол тоглогч гэдгээ баталсан Широков өнгөрсөн дөрөвдүгээр сард өвдөгтөө бэртэл авсан. Түүнээс хойш удаа дараа хагалгаанд орсон ч ДАШТ-ийг нь өнжих нь тодорхой боллоо. Широковыг ОХУ-ын шигшээн дасгалжуулагч итали мэргэжилтэн Фабио Капелло ДАШТ-ий мэдүүлгээс хасчээ. Широковын оронд дасгалжуулагч Капелло “Рубин Казан” багийн хагас хамгаалагч Павель Могилевецийг дууджээ.

Рикардо Монтоливо


Италийн шигшээн хагас хамгаалагч Рикардо Монтоливо гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжинө. Рикардо Монтоливо ДАШТ-ий өмнө Ирландтай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр бэртэж, яаралтай хагалгаанд орсон. Гэсэн ч Монтоливогийн гэмтэл илааршаагүй учир ДАШТ-ийг өнжихөөр болсон юм.

Виктор Вальдес

Испанийн шигшээ багийн хоёрдугаар хаалгач Виктор Вальдес гуяны дотор шөрмөсийн гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжинө. Виктор Вальдес өнгөрөгч гуравдугаар сард Испанийн лигийн тэмцээний үеэр бэртсэн юм.

Тео Уолкотт


2006 оны ДАШТ-д 17 настайдаа Английн шигшээн бүрэлдэхүүнд багтаж байсан Тео Уолкотт мөн л гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжиж байна. Хурдтай, тэсрэлттэй Тео Уолкотыг Английн шигшээн дасгалжуулагч Рой Хожсон дуудах нь тодорхой байсан юм. Гэсэн ч Тео Уолкотт өнгөрөгч нэгдүгээр сард лигийн цомын тэмцээний үеэр хүнд бэртэл авч, ДАШТ-ийг өнжих хөлбөмбөгчийн жагсаалтад орсон юм.

Рафаель ван дер Ваарт

Нидерландын шигшээн хагас хамгаалагч Рафаель ван дер Ваарт өвдөгний зөөлөн эдийн гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжинө. Хэдийгээр энэ жил төдийлөн сайн тоглоогүй ч “Уран зураач” хочтой ван дер Ваартын тоглолт ДАШТ-ий үеэр үгүйлэгдэх нь тодорхой.

Эдгээр хөлбөмбөгчдөөс гадна Германы шигшээ багийн хамгаалалтын ноён нуруу Холгер Бадштубер, Испанийн залуу од Тиагу Алкантара, Японы шигшээ багийн ахлагч Макото Хасебе, Хорватын найруулагч Нико Кранчар нар ДАШТ-ийг гэмтлийн улмаас өнжинө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Швейцарьт ажиллаж байна

Швейцарь улсад болж буй Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний чуулганд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар өнөөдөр Женев хотод ажиллаж байна. Тэд өчигдөр Улаанбаатар хотоос мордсон юм.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн гурван талын хамтын түншлэлд үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага аж. Жил бүр дээд хэмжээний чуулган зохион байгуулж, хөдөлмөрийн салбарт үр дүнтэй ажиллаж байгаа гишүүн орны төрийн тэргүүн, ерөнхий сайдыг хүндэт зочноор урьж, илтгэл тавиулдаг уламжлалтай юм байна. Харин энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гэй Радар Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын хөдөлмөр, нийгмийн салбарт авч хэрэгжүүлсэн туршлагын талаар илтгэл тавиулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг албан ёсоор урьжээ. Энэ жилийн дээд хэмжээний уулзалт нь НҮБ-ын Женев дэх салбарт “Ажилтай хөгжил дэвшил-хөдөлмөр эрхлэлт 2014” нэрийн дор болж байгаа юм байна.

Засгийн газрын сайдууд ирэх пүрэв гаригт Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Солонгост байгаа иргэдийн нийгмийн даатгалын журмыг шинэчиллээ

Валютын ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын БНСУ дахь нийгмийн даатгал төлөгчдөд зориулсан шинэчилсэн тушаал гарчээ. 

БНСУ-д сар бүр 40.000 воны тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдэд 2014 оны зургаадугаар сарын нэгнээс эхлэн сар бүрийн эхний даваа гарагийн өдрийн Монголбанкны ханшаар тооцон даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийж баталгаажуулахаар болсон байна.  

Энэ сарын хувьд Монголбанкны 2014.06.02-ны өдрийн БНСУ-ын вонын ханш 1.78-тай байгаа бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл 71.200 төгрөг, цалин 1.017.143 төгрөгөөр бичигдэхээр болж байгаа аж.

Дашрамд дурдахад, БНСУ дахь Нийгмийн даатгалын алба 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа ба 2013 оны нэгдүгээр сараас БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв болон өргөжин тус улсад ажиллаж амьдарч буй иргэдийн тэтгэврийн даатгал, гэр бүл, хүүхэд, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудалд анхаарал тавин ажиллаж байна. Тус төв Сөүл хотын Жүнггү дүүрэгт байрладаг ба метроны Тундэмүн ёгса Мүнхва буудал буюу Dongdaemun History and Culture Station-ны дөрөвдүгээр гарц, замын эсрэг талд White Horse байрны есөн давхарт байрлаж байгаа ажээ.