Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн их баяр наадам нээлтээ хийлээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн төрийн их баях наадам есөн хөлт цагаан тугыг залах ажиллагаагаар ёслол төгөлдөр эхэллээ. Баяр наадмын нээлтийн ажиллагааг үзэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төрийн өндөрлөгүүд, УИХ, Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирлээ. Төв цэнгэлдэхэд ирсэн иргэдийн уухайн түрлэг хадаж, үндэсний хувцасаараа гоёсон хүмүүс сэтгэл тэнэгэр алхаж байна. Чингэс хааны үеэс улбаатай есөн шарга морьд цэнгэлдэх тойроход иргэдийн уухай тэнгэрт хадав. Баяр наадмын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол ёсолгоо хийгээд “Өнгөрснөөс өвлөж, өнөөдрөөр цэцэглэх монгол нааддмын дэвжжээнээс баяр наадмын мэнд хүргэе. Морьтон монголчууддаа морио унацгаая. Морио уная, морио эмээллье. Хурай, хурай, хурхай ” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Түүний дараа төрийн дуулал эгшиглэхэд энхийн цагаан тагтааг мөнх хөх тэнгэртээ нисгэлээ. Төрийн баяр наадамд оролцох сур, шагай болон хүчит бөхчүүд баяр наадмын нээлтэд оролцсон юм. Айрганд нь ардын дуу иссэн монгол төрийн наадам ийнхүү эхэллээ. 

Өнөө жил Монголын баг тамирчид олимпийн наадамд оролцож эхэлсний 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд баяр наадмын нээлтийн ажиллагаанд олимпийн наадмын аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Ойдов, Төгсцогт тэргүүтэй тамирчид ард т үмэндээ хүндэтгэл үзүүллээ. Баяр наадмын нээлтийн ажиллагаанд гадны жуулчид ихээр оролцож байгаа бөгөөд “Дэлхийд ганцхан гэж ярьдаг Монголын наадам үнэхээр сэтгэл хөдөлгөм юм аа” гэсэн юм. Үлээвэр найрал хөгжимчид “Эртний сайхан” дууг аялгуулан хөгжөөж тал нутгийн монгол наадам эхэлж буйг зарлалаа. Ардын бий биелээчид наадмын нээлтэд оролцсон бөгөөд Орос , Тувагаас бий биелээчид оролцсон наадмын нээлтийн нэгэн онцлог байлаа. Наадмын нээлтийн ажимллагаанд “Хонхны дуу”-нд төв цэнгэлдэх даяарын амгаланд автаж, ардчиллын үнэ ямархан замаар бидэнд ирсэнийг дахин нэг сануулав.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Дуу цахилгаантай бороотой үед зурагтын антеннаараа оролдохгүй байхыг зөвлөв

Ус, цаг уур орчны шинжил¬гээний газрын мэдээлснээр энэ сард дуу цахилгаантай бороо ихээр орох төлөвтэй байна. Ялангуяа сарын эхний болон сүүлийн арав хоногт дуу цахилгаантай, ширүүн бороо ихээр орох аж. Бороо хур ихтэй байгаагаас ихэнх гол үерлэж байгаа мэдээ ч байна. Уржигдрын байдлаар Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинд хүрчээ. Мөн Буянт, Ховд хот, Хөвсгөлийн уулсын Дэлгэрмөрөн, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг, Хэнтийн нурууны баруун хажуугаас усжих Туул гол Улаанбаатар хот, Хэнтийн нурууны арын Хурх гол Өмнөдэлгэр сум, Барх гол Батширээт сум, Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Хангайн нурууны өврийн Байдраг гол Баянбүрд сум, Увс нуурын сав Хархираа зэрэг голууд үеэрлэж байгаа аж. Тиймээс үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

Сүүлийн өдрүүдэд дуу, цахилгаантай бороо ихээр орсноос цөөнгүй газар аянга буужээ. Тодруулбал, Энэ сарын 2-нд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо хуучнаар Дэнжийн 1000-ын  авто баазын хойд хэсэгт байдаг байшингийн дээвэр дээр аянга бууж, гэрлийн залгуур нь бууджээ. Үүний маргааш нь Хан-Уул дүүрэгт нэг айлд аянга бууж гэрийнх нь бүрээс, цахилгаан хэрэгсэл нь шатсан байна. Дуу цахилгаантай бороо орсон үед гар утас, цахилгаан хэрэгслээ унтраахыг зөвлөдөг. Гэтэл хүмүүс хөлбөмбөг үзэхээр бороон дунд антеннаа оролдож, цахилгааны хэлбэлзэл үүсгэх болжээ. Тиймээс дуу цахилгаантай бороо орох үеэр цахилгаан хэрэгслээ түр зуур салгаж, гар утсаа унтраахыг онцгойгийнхон зөвлөсөн юм. 

Мөн аялал, зугаалганд явахдаа гүүр, гармаар гол гаталж байхыг санууллаа. Өнгөрсөн долоо хоногт Туул голд машинаа урсгасан дуудлагын дагуу онцгойгийнхон очиж арав гаруй залуусыг аварчээ. Гүүр, гармаар гарахаас гадна голын ойролцоо амарч, зугаалахдаа болгоомжтой байж бага насны хүүхэд,  согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг усанд ойртуулахгүй байхыг зөвлөлөө. 

Б.САРАНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэрэнбалтавын хул үрээ түрүүлж, түмэн олноо баясгалаа

Их Монгол улс байгуулагдасны 808, АХ-ын 93 жилийн ойн баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдаан хэдхэн мөчийн өмнө барианд орлоо. Газар газрын 307 хурдан ажнай тоосоо өргөж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Бат-Очирын Цэрэнбалтавын хул үрээ түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа. Аман хүзүүнд Улаанбаатар хотын “Хөх чоно” группийн ерөнхийлөгч Пүрэвбаатарын бор үрээ хурдлав. Харин айргийн гуравт ҮХАА яамны дэд сайд Цэвэгдоржийн Тувааны хул, айргийн дөрвөөр Дундговь аймгийн Адаацаг сумын аймгийн алдарт уяач Дашдэлгэрийн Сүхбаатарын хонгор халзан, айргийн таваар Төв аймгийн Сэргэлэн сумын МУ-ын том манлай уяач Д.Ононгийн бор тус тус хурдалж хурсан олон наадамчин түмнээ баясгаад байна.

Д.САР

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Дархан аварга А.Сүхбат наадамд барилдахаар бүртгүүллээ

Дархан аварга А.Сүхбат энэ жилийн наадамд зодоглох нь ээ. Аварга Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу наадмаас өмнө дархан аварга цолоо хүртвэл шинэ цол, ард түмнээ хүндэтгэн наадамд зодоглоно гэдгээ хэлсэн удаатай. Гэхдээ бөх сонирхогчдын дунд түүнийг энэ жилийн наадамд барилдах эсэх тухай таавар, тодорхойгүй таамаглалууд явсаар байсан юм.

Тэгвэл өнөөдөр дархан аварга А.Сүхбат энэ жилийн баяр наадамд барилдах нь тодорхой болжээ. Тэрбээр наадмын барилдаанд бүртгүүлээд явж байхдаа телевизийнхны дуранд өртсөн байна.

Хэдийгээр Дархан аварга А.Сүхбатыг наадамд барилдаад өндөр амжилт үзүүлэхгүй гэсэн таамаг байгаа ч наадамчдын хүлээлт түүний давааг бус барилдааныг харахад оршиж байгаа юм.

Д.САР


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бат-Эрдэнэ аваргыг ид байхад “Чиний тухай кино хийе” гэхэд зөвшөөрөөгүй


Кино зураглаач З.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр “Монгол кино үйлдвэр”-т  1960 онд дагалдан оператороор орсон түүхтэй. Монголын түүхийг кино хальсанд буулгах түүний их ажлын  жилүүд эндээс эхэлсэн. Тэрбээр улсын наадмыг 15-20 жилийн турш кино хальсанд буулгасан хүн. 150 баримтат кино, 300 гаруй кино мэдээ, сюжет бэлтгэсэн гэнэ шүү.  Наадмын үеийн кино зураглаачийн хөдөлмөрийн талаар түүнээс эхлээд сонирхсон юм. 

-Кино хальс нарийн. Мэдрэмж шаарддаг. Наадмын үеэр гэртээ байна гэж үгүй.  Наадмаар ажиллах их гоё. Лагерьт байлаа гэхэд өглөө тусгай машин очиж авна. Орой ажил тарахад хүргэж өгнө. Сайхан байсан.  Одоо хүүхдүүд маань “Наадам үзэх үү” гэхээр нь “Юу ярьж байгаа юм. Насаараа наадам үзлээ, юуг нь үзэх юм” гэдэг. Кино бас нэг их үзэх сонирхолгүй. Киноны сургуульд сурч байхад өглөө зургаан цагаас орой найман цаг хүртэл кино үзнэ. Лаборатори 24 цагаар ажилладаг. Өлсөж цангахаа ч анзаарахгүй ноцолддог байж. Одоо бол  наадмаар телевиз хараад сууна. Бөхчүүдийг  андахгүй. Б.Бат-Эрдэнэ аваргыг ид мундаг байхад “Чиний тухай кино хийе” гэхэд хийлгээгүй. Б.Бат-Эрдэнэ их шүтлэгтэй. Цэцэглэж байхад нь кино хийсэн бол сайхан залуу нас нь үлдэхгүй юу. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргын тухай “Аваргын дэвжээнд” кино хийж байлаа. Наадмын үеэр 3000-аад метр цэвэр плёнк өгнө. Харагдсанаа аваад байж болохгүй. Секундэд 24 кадр явна. Плёнк аваад нарийн тооцоотой зарна шүү. Хэтрүүлж хэрэглэвэл өрөнд орно. Нэг кино мэдээнд 2000-аад метр хальсны зөвшөөрөлтэй. Угаахад тусгай ажилчинтай, Монгол кино үйлдвэр 500 ажилчинтай, мундаг ажиллаж байсан. Жилд таваас зургаан кино хийнэ. Баримтат кино тоймгүй олон хийнэ.  Кино камер  үүрчихээд, фото аппараттай явахад хэцүү. 27-28 орноор явсан.  Зураг үлдээгүй хэмээн хуучиллаа.     

-Та олон наадмаас бичлэг хийжээ. Социализмын үеийн наадам, одоогийн наадам  өөр үү?

-Ер нь үйл явдал нь адилхан шүү дээ. Их насны морь, наадмын нээлт хаалт  бүгд л адилхан. Хамгийн гол нь морины гарааг нисдэг тэргээр авдаг байлаа. Тэгэхэд хурдан морийг нисдэг тэргээр дагах зардал өгдөг байсан даа. Монгол кино үйлдвэрээс  нэг оператор, телевизээс нэг оператор, гэрэл зурагчин нэг гээд тоотой хэдэн хүнд үнэмлэх өгдөг. Моринд явдаг байсан. Жил жилийн наадмаар кино зурганд явчихаагүй бол наадмын зурганд ерөнхий оператороор ажиллаж байсан л даа. 

-Агшин хором алдвал хэцүү байх даа. Яаж бүхнийг амжуулах вэ тусгай арга техник байв уу?

-Арга техник байхгүй. Тэр үед одоогийнхтой адилгүй, аппарат  гацна. Аппаратаа үүрээд, плёнкоо халаасандаа хийчихнэ. Гацсаныгаа дор нь  сольж хийнэ шүү дээ. Бүх юм бэлэн явна.  Аппарат  7-8 кг. Түүнийгээ бариад гүйчихнэ шүү дээ. Хөлс мөлс урсах хамаагүй ээ. Цуг явсан хамаатны фоточин “Хамар нь сарталзаад дайраад ордог” гээд намайг шоолоод байсан.  Үйл явдлаас хоцорч болохгүй учраас дайрч орохоос өөр арга байдаггүй. Бүх юм механик,  намдаад байвал гараа өргөж байгаад л таамгаараа авна. 1984 онд Кубад чуулганд Ж.Батмөнх дарга явсан. Ямар ч улсад  эхлээд сэтгүүлч, сурвалжлагчид онгоцноос  буудаг. Онгоцноос буусан чинь хүнгүй байсан. Нэг харсан Фидель Кастро байж байна. Тэгэнгүүт НАХЯ-ныхан намайг шууд өргөж аваачаад, өөр газар тавьчихаж байгаа юм. Германд сүйдэлнэ. Өшиглөнө. Гуя руу  “аваад” хаяна. Өвдөхөд ялархах юм байхгүй, улангассан юм шиг дайрна шүү дээ. Арав хорь, гуч дөчин хүн буцалж байна. Айлчлалын зурагт гар барьж байгаа  зураг, эсвэл цэцэг нь байхгүй байж болохгүй. Ю.Цэдэнбал даргатай явахад  Хотын намын хороо, Соёлын яаманд зургаа үзүүлнэ.  Тийм зураг алга байна. Сайхан болж гэх мэт дүгнэлтийг Филатово гуай л хэлнэ. Дарга юм хэлэхгүй. 

-Шагнал урамшуулал авч байсан уу?

-Д.Бямбасүрэнгийн үед Засгийн газрын жуух авсан юм. Соёлын тэргүүний ажилтанг залуудаа авсан. Кино үйлдвэрийн 60 жилийн ойгоор Алтангадас авсан юм.  

-Улаанбаатарт болсон үерийн үеэр та бас зураг авсан уу?

-1966 оны үерийн дараахан төгсч ирсэн. 100 айлд зуун гэр бариад, үерт нэрвэгдэж, гэр оронгүй болсон хүмүүст өгч байсан. Тэр үеийн зургийг бол авч байсан.  

-Ингэхэд аав, ээж тань малчин хүмүүс байв уу?

-1939 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Зүүн бүслүүр гэдэг газарт малчны гэрт төрсөн хүн. Аав маань Зандан гэдэг хүн байсан. 

-Багадаа юу сонирхдог хүүхэд байв?

-Багадаа малд явдаг. Сургуульд бүжгийн дугуйланд явна. Фото зураг сонирхдог. Ес, аравдугаар ангид байхдаа “Зорький” аппараттай болсон. Фотогийн дугуйланд явдаг. Байшин сав, найзуудынхаа зургийг аваад шөнөжин угаагаад зарим нь  ч өөдтэй зарим нь өөдгүй юм гарна. 

-Яаж  яваад кино зураглаач болчихов?

-Эцэг, эх өөд болооч эгчтэйгээ амьдардаг байлаа. 1959 онд их сургуулийн бэлтгэл ангид орсон. Оюутнууд хөдөө ажилд дайчлагддаг. Эгч маань бие нь муудаад ажил хийх аргагүй болсон. Тэжээх хүн байхгүй. Их сургуулийнхандаа үнэнээ хэлээд сургуулиас гарсан даа. Кино үйлдвэрт гоё зураг авдаг хүн ажилладаг гэж хүнээс дуулсан. Нутгийн хүнээ сураглаж байгаад очсон. “Би фото зураг авах дуртай. Дагалдан оператороор ажилд ороход эхлээд фотогоор шалгалт өгдөг юм байна. Ажилд оруулж өгөөч” гэж гуйлаа. Тэгээд шалгалт өгч намайг дагалдан оператороор авсан юм. Дүйнхэр гэдэг хүний шавь болов. Операторууд зурганд явахаар дагалдан оператор хөлийг нь бариад, аппаратыг нь бариад, плёнкыг нь цэнэглээд, гүйнэ. Овоо юм сурч байгаа юм л даа. Төрийн соёрхолт кино найруулагч Д.Жигжидтэй зурганд явна. Зураг авахыг нь л хараад байдаг. Өөрөө авах эрх байхгүй. Аппаратыг нь цэнэглэнэ, плёнкыг нь бэлтгэнэ, хамаг юмыг нь хийнэ. Тэгээд л зураг авч дуусахаар бүх юмаа хамж аваад явдаг байлаа. Д.Жигжид гуай “Улаанбаатарт байгаа миний аавд” уран сайхны киноны зураг авахад дагалдан туслах оператороор намайг томилсон юм. 1961 оны хавраас эхлээд тэр кинонд явж байхад манай уран сайхны удирдагч Э.Оюун гуай байлаа. Долоо, найман туслах байсан юм. “Та  нар операторуудын хөл гарыг нь үүрээд л явах юм. Эд нар та нарт ном заадаг уу. Яаж зураг авахыг зааж өгдөг үү” гэсэн. “Өгдөг” гэсэн. “Та нарыг шалгана” гэнэ. Тэгээд кино, мэдээ сурвалжлага хоёр гурван газар авахуулсан юм. Зургуудаа бүгд Э.Оюун гуайд үзүүлсэн. Би киноны зураг авалтаар Хужиртын Улаан цутгаланд явж байсан юм.  Намайг Д.Жигжид гуай дуудлаа. “Чамайг Москва хотын киноны дээд сургуульд явуулах болсон байна. Маргааш Хужиртаас онгоцоор Улаанбаатар явуулна” гээд 40 литр айраг, хонь аваад намайг гаргаж өгсөн. Шалтгалтад гайгүй дүн авсан шиг байгаа юм. Тэгээд л Э.Оюун гуайн хүчинд  Москвад Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд явсан. Тэгээд 1966 онд төгсч ирсэн. Намайг хоёрдугаар курст сурч байх жил  Ю. Цэдэнбал дарга Москвад албан ёсны айлчлалаар очсон юм. Найруулагч маань  Ю.Цэдэнбал даргын Москвад айлчилсан сэдвээр кино мэдээ хийх болсон. Оператороор би явлаа.  Горькийн институтаас задгай тэрэг өгөөд, зургийн дарга гаргаад, курсын ажилдаа гарсан. Тэр үеэс л  баримтат кинонд сонирхолтой болсон юм. Эндээс Ю.Цэдэнбал даргыг кино оператор Цэнджав гэж хүн дагаж явсан.  Би тэндээс курсын ажил гээд Киноны сургуулиас ирэхгүй юу. Даргатай явж байгаа юм гэхээр намайг оруулчихдаг.  Тэр үйл явдлын зургийг бүгдийг авсан. Их зоригтой, хамаагүй дайрч довтлоод л, ном дүрмийг нь мэдэхгүй. Үйл явдлыг л алдахгүй авах сонирхолтой. Онгоцны буудлаас буугаад гар барихад нь алдчихвал яаж кино болох вэ. 

-Тэр үед Ю.Цэдэнбал дарга та нарт хандаж юм хэлсэн үү?

-Тийм юм байгаагүй. Найруулагч хажууд дагаж явна. Энийг нь авна шүү. Тэрийг л авахгүй бол кино байхгүй болно шүү гээд үглээд явуулна. Найруулагчийг дотогш нь оруулахгүй. Зургаа аваад курсийн ажлаа хийсэн. Курсийн ажил ч сайн болсон. Дэлхийн оюутан залуучуудын наадам Берлинд 1973 онд болсон. Төгсч ирээд түүнд явсан. Түүнээс хойш Ю.Цэдэнбал даргын итгэмжлэгдсэн кино оператор болсон юм. Даргыг хаана явна, дагаж явна. Герман, Румын, Болгарт айлчлалаар явахад нь дагаж яваад гурван бүлэг 30 минутын кино хийдэг байсан.  

-Сансарт монгол хүн нисэхэд дагаж зураг авсан гэв үү?

-1978 онд намайг дууддаг юм байна. Төв хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч биднийг дуудаад, “За Сүхбаатар аа. Монгол хүн сансарт нисэх талаар ярилцаад байгаа юм.  Хүнээ сонгох юм байна.  Энэ бүх үйл явдлын зургийг авахуулахаар чамайг томилж байна.  Маш нууц. Хүн амьтанд хэлж болохгүй. Гэр бүлийнхээ хүнд ч хэлж болохгүй. Энэ зурганд л ажиллана шүү” гэсэн.   Сансарт нисэхээр анх хориод хүн сонгосон байлаа. Зургийг  нь аваад эхнээс нь эцсийг нь хүртэл дагасан даа. 1978-1981 он хүртэл ажилласан.  Найруулагч нь Монголд байна. Гомбо гээд Золжаргалын аав, найруулагч, би оператор нь байсан. Тэгээд л ер нь 1979 он гэхэд Москвад амьдардаг, Оддын хотхонд очсон. Би тэр үед баримтат кинонд нэлээд явдаг. Москвагийн баримтат киноны студид танил ихтэй. Манайхан “Олон хүн явахаар зардал их орох гээд байна. Чи тэндээсээ дууны оператор, гэрэлтүүлэгч, зургийн дарга бэлтгэ” гэсэн. Эндээс цалинжуулаад, тийм хүмүүс тэндээсээ авсан. Өглөө зургийн дарга  орос авгай ирээд, биднийг аваад, Оддын хотхонд очно. Оддын хотхонд НАХЯ-ны хөгшин хурандаа хүлээж авна. Бүх зураг дуусахаар хоол идүүлээд, дэлгүүр оруулаад буцаана. Маргааш нь тэдийд ирнэ гээд зургийн дарга ярьчихна. Ингэж бүх киног нь хийсэн.  1980 он гэхэд А вариант, Б вариант гээд Гүррагчаагийн тухай гурван бүлэг, Ганзоригийн тухай гурван бүлэг кино хийсэн байсан.  Яг нислэгийн үеэр гаргана гэж бэлтгэсэн. Хэн нь ч нисч болно шүү дээ. Байконуурт очлоо. Сансараас  эх дэлхийдээ буухад нь нэмэлт оператор явуулсан. Мандухайг хийсэн  Балжиннямыг Байконуурт явуулсан. 

-Охин тань бас таны мэргэжлийг өвлөсөн юм уу?      

-Охин маань гэрэл зурагчин. Хүргэн маань яг манай сургуулийг 1984 онд төгссөн шүү дээ. 

-Улаанбаатарын тухай кино хийгээд байраар шагнуулсан гэсэн?

-“Олондоо алдартай” гэж Улаанбаатарын тухай кино хийлээ. Захиалгат кино болохоор Хотын дарга киногоо үзээд “Үнэхээр сайн авсан байна. Операторын ажил ярих юм байхгүй. Чамайг байраар шагнана” гэсэн. Хамаатныхаа нэг өрөө байранд амьдардаг байлаа.  Би хөдөө гадаа их явна. Манай гэр бүлийн хүн Найрамдлын районы намын хороонд Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байсан. Эхнэр рүү маань  утасдаж гэнэ. “Сүхбаатарын гэр бүлийн хүн мөн үү.  Байр нь хуваарилагдаад сар болж байна. Байраа авахгүй юм байх даа” гэж. Тэгсэн надад дөрвөн өрөө байр өгсөн байхгүй юу. Нэг бол гадаад, нэг бол хөдөө явчихдаг байсан даа. 

-Хамгийн зовж авсан зураг юу байна?

-Майн нэгнээр зураг авч байгаад таван метрийн өндөртэй кранаас шидүүлсэн юм.

-Яаж байгаад тэр вэ?

-Кино кран гэж байсан.  Намайг туслахтай цуг сэгсэрчихсэн. 5 метрээс. Ухаан алдаад, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Гурав хоногийн дараа “Одоо дажгүй” гэсэн. Хорь, гучин жилийн дараа хөл муудаж,  гэмтэл мэдэгддэг юм билээ. 

Б.ЯНЖМАА

М.УНДРАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ямар дугаарт хандаж түргэн тусламж авах вэ?


НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ, ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВАХ УТАС

Байгууллага

Үйлчлэх хүрээ

Дуудлага хүлээн авах утасны дугаар

1

Нийслэлийн Яаралтай тусламжийн
төв:
Төв салбар
Баянзүрх салбар
Сонгинохайрхан салбар

Насанд хүрэгчид, осол гэмтэл,
төрөхийн дуудлаганд дүүрэг харгалзахгүй,
БЗД, СХД-ийн хүүхдийн дуудлаганд

Мэдээлэл Шуурхай удирдлагын төвийн
103 утсаар

2

Баянгол Эрүүл мэндийн нэгдэл

Харьяа дүүргийн 16 хүртэлх насны
хүүхдийн дуудлаганд

362539

3

Сүхбаатар Эрүүл мэндийн нэгдэл

Харьяа дүүргийн 16 хүртэлх насны
хүүхдийн дуудлаганд

350793
88285051
88285050

4

Хан-Уул Эрүүл мэндийн нэгдэл

Харьяа дүүргийн 16 хүртэлх насны
хүүхдийн дуудлаганд

341003
93033300
97033300

5

Чингэлтэй Эрүүл мэндийн нэгдэл

Харьяа дүүргийн 16 хүртэлх насны
хүүхдийн дуудлаганд

70110716
91169555

6

Багануур Эрүүл мэндийн нэгдэл

Дүүргийн хэмжээний нийт дуудлаганд

Багануур дүүргээс 103 дугаар

7

Налайх Эрүүл мэндийн нэгдэл

Дүүргийн хэмжээний нийтдуудлаганд

Налайхдүүргээс103 дугаар

8

Багахангай Хүн эмнэлэг

Дүүргийн хэмжээний нийтдуудлаганд

022103

9

Жаргалант тосгоны Эрүүл мэндийн
төв

Тосгоны нутаг дэвсгэрээс ирүүлсэн
дуудлаганд

91854010

10

Хонхор тосгоны Эрүүл мэндийн төв

Тосгоны нутаг дэвсгэрээсирүүлсэн дуудлаганд

21248854
95021234

11

Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төв

Тосгоны нутаг дэвсгэрээсирүүлсэн дуудлаганд

70490003 98668541

12

Туул тосгоны Эрүүл мэндийн төв

Тосгоны нутаг дэвсгэрээсирүүлсэн дуудлаганд

497103

 Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шанхайн хамтын нийгэмлэг ба Монгол

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

ЗХУ, БНХАУ-ын хооронд олон жил үргэлжилсэн газар нутгийн маргааныг нэг тийш шийдвэрлэх тохиролцоо 1980-аад оны эцсээр эхэлсэн билээ. Асуудлыг шийдэж ам­жаагүй байтал ЗХУ задран мар­гаантай улс орнууд хү­рээгээ тэллээ. Үүнд юун тү­рүүн Киргизстан, Казахстан, Тажикстаныг нэрлэх хэрэгтэй. Чу­хам ийм үндсэн дээр хам­тарч асуудлаа шийдэхийн тулд 1996 онд “Шанхайн тав” хэ­мээх байгууллага буй болсон юм. Тэр үед уг байгууллагын гол зорилгыг цэргийн салбар дахь харилцан итгэлцэл, хил орчим дахь цэрэг зэвсгийн тоо хэмжээг харилцан бууруулах гэж томъёолж байв.

2001 онд Шанхайн та­выг зургаан орны ги­шүүнч­лэлтэйгээр Шанхайн хамтын нийгэмлэг (ШХН) болгон өргөжүүлсэн юм. 2004 оноос уг байгууллагыг өөрийн төсөв, ажиллагааны механизмтай болгон албажуулжээ. Бай­гууллагын зорилгыг: хамтын итгэлцэл, найрамдал, сайн хөршийн холбоо, энх тайван аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх хамтын ажиллагаа, терроризм, салан тусгаарлал, хэт давралын эсрэг хамтран тэмцэх, улс төр худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа гэх мэтээр тодорхойлжээ. 

ШХН 2004 оноос ажиглагчийн статус буй болгосонд хамгийн түрүүн Монгол Улс нэгдэв. Гишүүнээр элсүүлэх урилгыг юун түрүүн Монгол, Туркменистан хоёр оронд тавьсан боловч түркменчүүд татгалзсан ба одоо болтол ямар ч холбоо тогтоогоогүй явсаар. Харин Монгол Улс хоёр хөршийн байнгын урилга заллага, хатуу нэхлийн үр дүнд ажиглагчаар орсон юм. Дараа нь энэ нийгэмлэгт Энэтхэг, Афганистан, Пакистан, Иран улсууд ажиглагчийн статустай болсон ба Түрэг, Шри Ланка, Беларусь улсууд ажиглагчаар нэгдэх хүсэлтээ гаргачихаад байна.

Өнгөрсөн арав гаруй жилийн түүхийг эргэн харахад ШХН-ийн эдийн засгийн хамтын ажиллагаа төдийлөн тод харагдсангүй. Нийгэмлэгийн хүрээнд бүтээсэн томоохон ямар ч төсөл байхгүй байсаар. Бүхий л эдийн засгийн хамтын ажиллагаанууд хоёр талын, их сайндаа гурвалсан төслийн хэмжээнд явагдаж ирлээ. Мэдээж энэ тал дээр маш ам­жилттай хөгжиж байгаа. Орос-Хятадын худалдааны ба­ланс 2000 онд гурван тэрбум дол­лар байсан бол өдгөө 80 тэрбумд хүрчээ. Хятадын байгалийн хийн импортын 20 хувийг Тажикстан ганцаараа хангаж байна. 

ШХН-ийн анхаарлын төвд байдаг нэг хэрэг бол бүс нутгийн тогтвортой байдалд саад болж болохуйц газар нутгийн маргаантай асуудал юм. Эдгээр гишүүн орнуудын нийтлэг хилийн шугамын  алинд нь ч талууд бүрнээ хүлээн зөвшөөрсөн димаркаци байхгүй. Үүнээс болж өнөөдөртөө маргаан шүүмжлэл өрнөөгүй боловч хэдийд ч хэрүүл шуугиан үүсэх магадлалтай. 

Өөр нэг анхаарлаа хан­дуулж байгаа асуудал нь тер­роризм, сепаратизм, экс­термизм болой. Энэ асуудал бүх гишүүн орнуудын хам­гийн том зовлон болчихоод бай­гаа юм. Гэвч одоо болтол үр дүнтэй хамтын ажиллагааны механизм олоогүй байгаа тул хамтын ажиллагаа гэхээсээ тус бүрдээ өөр өөрийн замаар тэмцэл явуулж байгаа. Иймээс ШХН-ийг нэгдсэн ажиллагаатай байгууллага гэхээсээ байнгын уулзалт зохиож харилцан хөөрөлддөг клуб гэж тодорхойлдог судлаачид ч цөөнгүй бий. ШХН-ийн хүн амын 96 хувь, үндэсний нийт бүтээгдэхүүний 97 хувь нь Орос, Хятад хоёрт хамаарч буй тул зөвхөн энэ хоёр орны эрх ашгийг хамгаалах байгууллага ч гэж үзэх нь буй. 

ШХН нь хэд хэдэн ажиглагчтай болсноос гадна нэмж нэгдэх орнууд шинээр хүсэлт гаргах болсонтой холбоотойгоор ирээдүйн бүрэлдэхүүний талаар нэлээд бэрхшээлтэй тулгараад байна. Жинхэнэ гишүүнээр элсэхэд бэлнээ илэрхийлсэн Энэтхэг, Пакистан хоёрын эхнийхийг нь Хятад зөвшөөрөхгүй сүүлчийнхийг нь зөвшөөрч байгаа бол Орос аль алиныг нь дэмжиж байгаа. Хоорондын харилцаа нэн таагүй Энэтхэг, Пакистан хоёр хамтаар гишүүнээр элсвэл энэ байгууллагын гадаад бодлого зөрчилд орон үйл ажиллагааных нь эрчим буурах төдийгүй утга учраар бага болно. Хэрэв ШХН нь терроризмын эсрэг тэмцлээ гол зорилгынхоо тэргүүнд тавьдаг юм бол олон улсын хоригт орж, террорист гүрэн гэж зарлагдсан Иран энд байгаа нь дэндүү логикгүй гэсэн шүүмж их гардаг. Америкийн цэргийн хүчин гарсны дараа ямархуу улс орон болох нь тодорхойгүй Афганистан яах вэ? Өргөдлөө өгөөд байгаа Түрэг ямар санаа цаанаа агуулж байна вэ? Азийн орон биш гэдэг шалтгаанаар түр түдгэлзүүлээд байгаа Беларусь ШХН-д нэгдэх болов уу?

ШХН анх байгуулагдахад АНУ үүнийг төдийлөн ан­заа­раагүйн шалтгаан нь өөрийнх нь эрх ашигт нөлөөлөхгүй гэж үзэж байв. Харин 2004 оны Астанагийн уулзалтаар Киргизстан, Узбекстанд буй цэргийн баазаа татан буулгах хугацаагаа яаралтай тодорхойлохыг АНУ-аас шаардсан ба үүний дараахан Узбекстан нь Хятад, Оросын шахалтаар АНУ-ыг өөрийн нутагт буй баазаа зургаан сарын дотор татан буулгахыг тулгасан. Гэтэл Афганистанд талиб болон Алкайдагийн эсрэг явуулсан дайны үеэр ойр дөтөөр нь эдгээр оронд цэргийн баазаа байгуулахыг сайшаан урьсан газар нь Орос өөрөө билээ. Ийнхүү сүүлийн арав орчим жилд ШХН нь тун аажуухан явцтай боловч улам бүр АНУ ба НАТО-той сөргөлдсөн блок болох зам руу дөтөлсөөр буй. Крымын үйл явдлаас болж Орос улс Өрнөдийнхөнтэй муудалцан хоригт орсон бол саяхан Обама Японд айлчлахдаа тэдний Хятадтай хийж буй газар нутгийн маргаанд АНУ нь Японыг дэмжихээ илэрхийллээ. Энэ нь Өрнөдийг сөрсөн цэргийн эвсэл шинээр үүсэх буюу бэхжин томрох шалтаг болох боломжтой. Орос, Хятад, Энэтхэг, Пакистан, Иран гэсэн бүгдээрээ цөмийн зэвсэгтэй ба АНУ-тай харилцаа нь төдийлөн сайн бус орнуудын бөөгнөрөл болж ч болох бололцоотой харагдана.

ШХН байгуулагдсан цагаасаа цэргийн хамтарсан сургууль хийх боллоо. 2003 онд Казахстанд болсон анхны сургуулилтад ШХН нь цэргийн эвсэл мэт харагдуулахаас болгоомжилсон Хятад оролцоогүй бол ердөө хойтон жил нь дараагийн сургуулилтыг өөрийн нутагт зохион байгуулжээ. 2005 оноос ШХН-ийн далбаан дор Орос-Хятадын томоохон цэргийн хээрийн сургууль “Энхийн элч” нэртэйгээр явагдан тогтмолжлоо. ШХН нь цэргийн холбоо биш, зөвхөн терроризмын эсрэг сургуулилт хийдэг хэмээн байнга мэдэгддэг боловч, том хэмжээний хээрийн сургууль, тэр дундаа далайн цэргийн сургуулилт нь зорилгоосоо асар хальсан мэт. 

Монгол Улс бол бүс нутагтаа алив оронтой хилийн ямар ч маргаангүй, хил хязгаар нь хөршүүдээрээ бүрнээ хүлээн зөвшөөрөгдсөн, бүтэн димаркаци хилтэй цорын ганц орон юм. Цөмийн зэвсэггүй бүс хэмээн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван гүрнээр хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн цорын ганц орон. Бүс нутагт байнга аюул учруулж буй лалын хэт даврагсдын халдлага болон хүйтэн дайны үлдэгдэл явуулгаас хол хөндий байдаг. НҮБ болон Хамтын нийгэмлэгийн хүрээнд энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцон дипломат арга замаар аюулгүй байдлаа сахих Батлан хамгаалах бодлоготой улс. Хоёр хөрштэйгээ эв найрамдалтай зэрэгцэн оршихын зэрэгцээ дэлхийн бүхий л улс оронтой хамтран ажиллах “гурав дахь хөршийн бодлого” тунхагласан төвийг сахисан бодлого бүхий Гадаад харилцааны зарчмаа тунхагласан орон билээ.

2014.7.3

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д олимп, дэлхийн хошой медальт Д.Мөнхбаярын ярилцлага нийтлэгдлээ

Нэн тэргүүнд улсын Улсын баяр наадмын өмнөх “Өдрийн сонин”-ны дугаар уншигчдын гарт хүрлээ. Танд энэ өдрийн хийгээд Тулгар төрийн 2223, Их Монгол улс 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын баярын мэндийг өргөн дэвшүүлте. 

Энэ өдрийн дугаарын тэргүүн нүүрээс олимп, дэлхийн хошой аварга, буудлагын спортын олон улсын мастер Д.Мөнхбаярын ярилцлага нийтлэгдлээ. Тэрээр Герман улсад ажиллаж, амьдарч буй бөгөөд эх орон, Монголынхоо иргэншлийг солих хүсэлтэй байгаа юм. Харамсалтай нь хуулийн хатуу заалтаас үүдэн түүний иргэншлийг одоогоор сэргээх боломжгүй. Түүнтэй хийсэн ярилцлагаас энэ талаар хийгээд өөр бусад асуудлыг сонирхоорой. Тэрчлэн тэргүүн нүүрээс баяр наадмыг тохиолдуулан өчигдөр Ерөнхийлөгч төрийн дээд одон гардуулсныг сурвалжилснаа хүргэж байна. Монгол улсын гавъяат зүтгэлтэн цолоор дасгалжуулагч Л.Сандагдорж, гавъяат нисгэгч цолоор Д.Баатар, соёлын гавъяат зүтгэлтэн цолоор МН-25 дугаар суваг телевизийн  ерөнхий редактор, хөгжмийн зохиолч  П.Энхбазар  тус тус энгэрээ мялаалаа. Мөн гавъяат дасгалжуулагч А.Басхүү Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх Ж.Нямсүрэн нар Монгол Улсын Ардын багш цолоор  Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдаач, гавъяат жүжигчин А.Дашпэлжээ, Ардын жүжигчин цолоор Хурд хамтлагийн  хөгжимчин Д.Отгонбат гавъяат жүжигчин болсон талаарх сурвалжлага нийтлэгдсэн. 

Харин улс төрийн мэдээллийн нүүрт УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Г.Баярсайханы ярилцлага нийлэгдсэн. Тэрээр өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэгдсэн асуудлын талаар болон чуулганы үр дүнг тайлбарлан ярьсан байна. Тэгвэл “Өдрийн сонин”-ны бодлогын өнгө аясыг илэрхийлдэг гутгаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо энэ удаа бичжээ. Тэрээр “Илгээлтийн эзэд” гэсэн сэдвээр өгүүлжээ.  “Илгээлтийн эзэд” нийтлэлээс цухас дурьдахад “Бид ч гэсэн тийм баатруудтай. Чингэс хаан, Богд хаан, Жалханз, Данзан, Бодоо, бас Сүхбаатарыг бид мэднэ. Бидний түүхийг эргүүлж, залж шинэ шинэ үеийг оройлон эргүүлэх тавилан эдэнд ноогдож байж. Харин тэднийг тойрон хүрээлж, дагаж ирсэн, мянган сайн гавьяа байгуулахаас эхлээд ганцхан зөв алхам хийгээд дууссан баатруудыг харин бид  нэрлэж мэдэхгүй. Ямар ч л байсан аль аль нь бидний хувь заяаг өөрчлөх илгээлтийг өвөрлөж төрсөн улс гэдгийг бол мэднэ.

Өдгөө 1990 оны ардчилсан хувьсгалын 24 жилийн ой тохиож байна. Энэ хувьсгалыг оройлсон, түүчээ нь болсон хүмүүсээр би бахархдаг. Өнгөрсөн хойно янз янзаар ярих хүн ч зөндөө л байдаг, угаасаа ч тэгдэг л жамтай хойно. 

Энгүүнээр бодоод үзье л дээ. Юу ч хийсэн өөрийгөө зөвтгөх дархан эрхээр хамгаалагдсан тогтоцын өмнөөс босох, ялангуяа  улаан хувьсгалд дургүй байсан гэх шалтгаанаар,  цаашдаа дургүй хүн гаргахгүй гэсэн бодлогоор Монголын насанд хүрсэн таван эр хүн тутмын нэгийг буудан хороосон туршлагатай байгууллагыг сөрөн зогсох  амархан юм гэж үү?” гэх мэтээр сэдвийн хүрээнд эргэцүүлжээ.  

Тэрчлэн энэ өдрийн дугаарт хэвлэл мэдээллийн байгууллагын судалгааны талаарх нийтлэл, хуванцар савыг зодоор нь таньж хэрэглэх талаар танд тустай ярилцлага ч хэвлэгдлээ. Хүүхдийн амь аварсан цагдаагийн албан хаагчийн ярилцлага ч багтлаа. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн далбаа стандарттай болов

Стандартчилал,
хэмжил зүйн газар нь Төрийн далбааны стандартыг батлан гаргалаа. Стандартыг та
бүхэнд бүрэн эхээр нь толилуулж байна. 


Ангилалтын код:03.160

Монгол
Улсын Төрийн далбаа. Ерөнхий шаардлага ( Mongolian State Flag. General
requirements )     MNS 6262: 2011 

Энэхүү стандарт нь 2012 оны 02 дугаар сарын 22 -ны өдрөөс
эхлэн хүчинтэй.

1       Зорилго

Энэ стандартаар төрийн далбааны үндсэн хэмжээ, өнгө,
соёмбоны хэмжээ, далбааны нэхмэл эдэд тавих шаардлагыг  тогтооно. 

2       Хамрах ба хэрэглэх
хүрээ

2.1 Энэхүү стандарт нь төрийн далбааг “Монгол Улсын Үндсэн
хууль”, “Төрийн бэлгэ тэмдгийн тухай” хуульд заасны дагуу бүх ард түмний баяр
наадам, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болон бусад үед мандуулах, байрлуулах,
төрийн ёслол хүндэтгэлийн бүхий л арга хэмжээний үед  дээдлэн хэрэглэх,
энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, шошго бусад зүйл дээр дүрслэх,
бэлэг, дурсгалын зориулалтаар үйлдэхэд (оёх, зурах, сийлэх,
хэвлэх, хатгах, наах,  цоолборлох, барлах)хамаарна.

2.2  Стандартын 2.1-д заасан зориулалтаар төрийн далбааг
үйлдэх, дүрслэх  (оёх, зурах, сийлэх, хэвлэх,хатгах, наах, цоолборлох,
барлах)-д иргэд, аж ахуйн нэгж, байгууллага энэхүү  стандартыг заавал
дагаж мөрдөнө.

3     
Норматив ишлэл

Энэ
стандартад ишлэл хийсэн дараах стандарт, баримт бичиг, тэдгээрт өөрчлөлт орсон
тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны хэвлэлээс иш татаж хэрэглэнэ.

  • Монгол Улсын Үндсэн хууль
  • Төрийн бэлгэ тэмдгийн тухай
    хууль
  • MNS 1-1   Монгол Улсын
    стандартчиллын тогтолцоо. 1-р хэсэг:  Техникийн ажлын журам
  • MNS 1-2 
        Монгол Улсын стандартчиллын тогтолцоо. 2-р хэсэг:
     Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм   
  • ГОСТ Р 51130  ОХУ-ын
    далбаа.  Ерөнхий техникийн нөхцөл
  • ГОСТ Р 30470  Тусгаар
    Улсуудын Хамтын ажиллагааны далбаа. Техникийн нөхцөл
  • MNS 1835-2   
    Нэхмэл бүтээгдэхүүн. 1м2-ын жин тодорхойлох арга
  • MNS 1835-3   
    Нэхмэл бүтээгдэхүүн. Зузаан тодорхойлох арга
  • MNS 4010  
        Нэхмэл. Ширхэгтийн бүрэлдэхүүн тодорхойлох арга
  • MNS 1835-5
       Нэхмэл бүтээгдэхүүн. Тасрах үеийн даац, суналт тодорхойлох
    арга
  • MNS 1835-8   
    Нэхмэл бүтээгдэхүүн. Норгосны дараах хэмжээний өөрчлөлт тодорхойлох
    арга
  • MNS 4072   
       Нэхмэл материал. Будгийн тогтворыг
    угаалтанд тодорхойлох арга
  • MNS 4070   
       Нэхмэл материал. Будгийн тогтворыг хуурай,
    нойтон байдал үрэлтэнд тодорхойлох арга
  • MNS 4073 
         Нэхмэл материал. Будгийн тогтворыг хими
    цэвэрлэгээнд тодорхойлох арга
  • ASTM D
    6613-08     Нэхмэл бүтээгдэхүүн. Ерөнхий шаардлага
  • Олон Улсын Өнгөний нийгэмлэгээс
    гаргасан өнгөний ангилал

The
international Association of Colour (IAC)

4     
Нэр томьёо тодорхойлолт

4.1   Өнгөний загвар (CMYK)– Үндсэн өнгөний
нийлбэрийн бүдүүвч       

       
C–  cyan       (aqua)  –  усан
өнгө

       
M– magenta(pink)    – ягаан өнгө  

       
Y  –
yellow             
  –  шар өнгө

       
K  –
black               
  –  хар өнгө

5
        Төрийн
далбаанд тавих ерөнхий шаардлага 

5.1   
  Далбааны өнгөнд тавих
шаардлага

5.1.1   Төрийн далбааны харагдах байдал нь 1 дүгээр
зурагтай нийцсэн байна.

5.1.2   Төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон
өнгөтэй байна.

5.1.3  Далбааны гурав хуваасны нэгийн  хэмжээтэй дундах
хэсэг нь (C 100%, M 60%, Y 000%, K 000%) -ийн хөх өнгөтэй байна.
5.1.4   Далбааны  гурав  хуваасны 
нэгийн хэмжээтэй   хоёр  талын  хэсэг  нь  (C 010
%, M 100%, Y 090%, K 000%) -ийн улаан өнгөтэй байна.

5.1.5
 
Далбааны ишин талын улаан дэвсгэрийн
төв хэсэгт байрлах соёмбо нь (C 000%, M 015%, Y 000%, K 000%) -ийн алтан шар
өнгөтэй байна. 

1-р
зураг. Төрийн далбааны харагдах байдал

 5.2   
    Далбааны хэмжээнд тавих шаардлага

5.2.1  Төрийн далбааг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс
үл хамааран Үндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан тэг, өргөн, уртын 1:
2-ын харьцааг чанд баримтална.

5.2.1  Төрийн далбааг батлагдсан тэгийн дагуу 1:2-ын
харьцааг баримтлан хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн,  дурын
хэмжээгээр үйлдвэрлэнэ.

5.2.2  Төрийн далбааг үйлдэхдээ 2дугаар зурагт заасан
хэмжээсийг баримтална.

2-р
зураг  Төрийн далбааны үндсэн хэмжээ

Тайлбар: Зурагт үзүүлсэн А нь уртын хэмжээний дурын тоо.

А
– г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ
нь: А-г 1 см-ээр авсан тохиолдолд 3А нь 3 см, 1,5А нь 1,5 см-тэй тэнцүү гэх
мэт.

Тайлбар:
Далбааны бүч, ишинд бэхлэх хэмжээг далбааны үндсэн хэмжээнд тооцохгүй.

5.3  Соёмбонд тавих шаардлага

5.3.1
  
Далбаан дээр соёмбыг байрлуулахдаа
3-р зурагт заасан хэмжээсийг баримтална.

3-р
зураг. Далбаан дээр байрлах соёмбоны байгуулалт

Тайлбар:
Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а – г дурын тоогоор авч дүрсийн
хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ
нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд 3 а нь 3 см, 1,5 а нь 1,5 см-тэй тэнцүү г.м.

5.3.2  Соёмбоны дөлийг 4 дүгээр зурагт заасны дагуу
байрлуулна. 

4-р
зураг. Соёмбоны дөлний байгуулалт  

 Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а –
г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд  0,5 а нь 0,5
см, 2,5 а нь 2,5 см, 5 а нь 5 см-тэй тэнцүү гэх мэт.

5.3.3    Соёмбоны нар, сарыг 5 дугаар зурагт
заасны дагуу байрлуулна. 

5-р
зураг Соёмбоны нар, сарны байгуулалт  

 Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын
хэмжээний дурын тоо. а – г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж,
жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1 см-ээр 
авсан  тохиолдолд  1,5 а  нь 1,5 см,  4 а нь  4 см, 6
а нь 6 см-тэй тэнцүү гэх мэт.

5.3.4   Соёмбоны  гурвалжин, тэгш өнцөгтийг 6
дугаар зурагт заасны дагуу байрлуулна. 

 6-р
зураг. Соёмбоны гурвалжин болон  тэгш өнцөгтийнбайгуулалт

 Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а –
г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1см-ээр авсан тохиолдолд 2 а нь 2 см, 3 а нь 3
см-тэй тэнцүү гэх мэт.

5.3.5    Соёмбоны зөрсөн 2 загасыг 7 дугаар зурагт
заасны дагуу байрлуулна. 

7-р
зураг. Соёмбоны зөрсөн 2 загасны байгуулалт

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а –
г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1см-ээр авсан тохиолдолд 0,6 а нь 0,6 см, 2,35
а нь 2,35 см-тэй тэнцүү гэх мэт.

5.3.5   
Соёмбоны баганыг 8 дугаар зурагт заасны дагуу байрлуулна. 

8-р
зураг. Соёмбоны баганын байгуулалт

5.4      Далбааны эд, түүнд
тавих шаардлага

5.4.1  Төрийн далбааг ASTM D 6613-08стандартын
шаардлага хангасан  хөвөн цаасан, нийлэг, холимог, торгон, полиэстр болон
бусад эдээр хийнэ.  

5.4.2  Төрийн далбааг үйлдэхдээ оёх, зурах, сийлэх,
хэвлэх, хатгах, наах, цоолборлох, барлах зэрэг төрөл бүрийн хувилбараар
технологийн янз бүрийн аргыг хэрэглэнэ.

5.4.3 ASTM D 6613-08стандартын шаардлага хангасан 
нэхмэл эдээр хийсэнтөрийн далбааны  гадна орчинд  байх эдэлгээний
хугацаа 90 хоног байна.

6       
Нэхмэл эдийг шалгах арга

6.1     Төрийн далбааны нэхмэл эдийг 
дараах стандартын дагуу шалгана. Үүнд:

  • MNS 1835-2   
    Нэхмэл бүтээгдэхүүн. 1м2-ын жин тодорхойлох арга
  • MNS 1835-3   
    Нэхмэл бүтээгдэхүүн. Зузаан тодорхойлох арга
  • MNS 4010  
        Нэхмэл. Ширхэгтийн бүрэлдэхүүн тодорхойлох арга
  • MNS 1835-5
       Нэхмэл бүтээгдэхүүн. Тасрах үеийн даац,
    суналт тодорхойлох арга
  • MNS 1835-8   
    Нэхмэл бүтээгдэхүүн. Норгосны дараах хэмжээний өөрчлөлт тодорхойлох
    арга
  • MNS 4072   
       Нэхмэл материал. Будгийн тогтворыг
    угаалтанд тодорхойлох арга
  • MNS 4070  
        Нэхмэл материал. Будгийн тогтворыг хуурай,
    нойтон байдал үрэлтэнд тодорхойлох арга
  • MNS 4073  
        Нэхмэл материал. Будгийн тогтворыг хими
    цэвэрлэгээнд тодорхойлох арга
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын гишүүд байнгын хороонд харъяалагдана

МАН-ынхан өнгөрсөн хоёр жилийн турш байнгын хороонд харъяалагддаггүй, гишүүний эрх зөрчиж байна хэмээн гомдоллож ирсэн билээ. Тэгвэл УИХ-ын дарга МАН-ын гишүүдийн байнгын хороонд харъяалуулах шийдвэрийг Үндэсний их баяр наадмын өмнө гаргасан байна. Тодруулбал, УИХ-ын байнгын хороодын бүрэлдэхүүнд орох эрхийг хязгаарласан байсныг өөрчилж, долоон байнгын хороонд МАН-ын гишүүдийг оруулах шийдвэрийг хаврын чуулганаар гаргажээ. Бүтэн хоёр жилийн турш гомдоллосон МАН-ын гишүүдийн байнгын хороонд харьяалагдах хүсэл биелж, ийнхүү ирэх намрын чуулганаас эхлэн байнгын хорооны гишүүдийн тоонд МАН-ын гишүүд багтахаар болж байна.

Эргэн сануулахад,   2012 оны УИХ-ын сонгуулийн дараа  Ардын намын гишүүд УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар хуульд заасан хугацаанд бүлгээ байгуулаагүй учраас байнгын хорооны бүрэлдэхүүнд орж чадаагүй юм.  Хоёр жил үргэлжилсэн энэ гомдол УИХ-ын 2014 оны хаврын чуулганаар шийдэгдэж, байнгын хороод намрын чуулганаас эхлэн намын хувьд тэнцвэртэй ажиллахаар боллоо хэмээн МАН-ын баяртай байгаа бололтой.