Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Японд айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 21- 24-ний өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Ш.Абэтай хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Парламент дахь Найрамдлын бүлэг, Монголтой харилцдаг олон нийтийн байгууллагуудын удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /KEIDANREN/, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/, Япон, Монголын эдийн засгийн хорооны ерөнхийлөгч нартай уулзалт хийнэ.  КEIDANREN-тай хамтран зохион байгуулах Монгол, Японы Бизнес форумд оролцож илтгэл тавих юм байна. 

Монгол, Японы бизнес форумд оролцох үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалтын боломж, Монголын талаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын төслийг Японы хувийн хэвшилд танилцуулах юм. Түүнчлэн Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/-тай хамтран “Бизнес нетворкинг” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмаар 19 хүүхэд мориноосоо унажээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Үндэсний баяр наадмаар тус газар Үндэсний баяр наадмын Бөх, Сур, Хурдан морины салбар хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Даатгагчдын холбоо, Монголын Морин спорт уяачдын холбоо, Цагдаагийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажилласан байна.

Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн ажилтнууд нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өсвөрийн бөх, Өсвөрийн сурын харваа, Хурдан морины уралдааны үеэр таван өдөр ажиллажээ.

Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Өсвөрийн хүчит 128 бөх барилдсанаас бөхийн барилдаан элдэв маргаан, бэртэл, зөрчилгүй болж, Батжаргалын Лхагвадорж нь сүүлийн гурван жил дараалан түрүүлж үндэсний бөхийн түүхэнд шинээр бичигдэх амжилт үзүүлсэн байна.

Үндэсний баяр наадмаар 120 хүүхэд Өсвөрийн сурын харваанд оролцсон нь өмнөх оноос 40 хувиар нэмэгджээ. Үндэсний сурын спортоор хичээллэж буй хүүхэд тусгай зай талбайд биеийн өндөртөө харьцуулсан нум сумаар хичээллэдэг бөгөөд хүүхдэд тохирсон нум сумыг хийх хүн ховор байдаг нь гол хүндрэл болдог байна.

Үндэсний их баяр наадамд /Хүй долоо худаг/ 7-18 насны 511 унаач хүүхэд бүртгүүлсэн ба есөн насны 1751 морь унаж уралджээ. Хурдан морины үндсэн зургаан нас болон эрлийз морины гурван насны уралдаанд нэг уралдаанч хүүхдийн унаж уралдаж буй байдлыг авч үзвэл нэг удаагийн наадамд дунджаар гурван насны морь унажээ.

Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих ММ5:6264:2011 тоот стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэлийг уралдаанч хүүхдүүдэд өмсүүлэх шаардлагыг тавьж ажилласаны үр дүнд унаач хүүхдүүд 100 хувь хамгаалалтын малгай, цээживчтэй уралдаанд оролцож 80 гаруй хувь нь өвдгөвч, тохойвчтой уралдаанд оролцсон байна. 19 хүүхэд мориноос унаж гурван унаач хүүхэд хүндэвтэр, найман хүүхэд хөнгөн гэмтэл авч, найман хүүхэд гэмтэлгүй гарчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Цариг өргөн нарийн байх нь гуравдугаар асуудал

 “De facto” нэвтрүүлгийн зочноор оролцсон УИХ-ын дарга З.Энхболд оролцсон юм. Түүний ярилцлагыг тоймлон хүргэж байна.

УИХ бол манай нийгмийн багасгасан хувилбар. Гудамжинд хэрэлдэж суухаар наанаа тусгай дэгийн дагуу саналаа гаргаад, биднийг төлөөлөөд бидний асуудлыг шийд гээд явуулдаг.

“Давхар дээл”-ийн асуудлыг буруу гэж үзээд, Ерөнхийлөгч хууль санаачлаад, хууль яг гардаг дээрээ батлагдаагүй. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёр хоорондоо холилдчихоод байгаа учраас болохгүй байгаа юм. Үндсэн хуульд заасны дагуу ойлгомжтой болгох ёстой.

Ашигт малтмалын хувьд бид алдаж л явна. Манайд ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа байж болох хамгийн либерал дэглэмээр явж ирлээ. Гэтэл сонгогчид шүүмжилсэн. Тэгэхэд нь сандраад 2008-2010 онд гэнэт бүх хөрөнгө оруулалтаа хаачихсан. Шинээр лиценз олгохоо байж, үндсэндээ уул уурхайн салбарыг зогсоочихсон. Эдийн засаг хямраад болохоо байгаад ирэнгүүт, “Энэ чинь болохгүй юм байна, үүнийгээ нээе ээ” гээд хуучин шиг бүх юм нээлттэй биш, зөвшөөрөгдсөн газар хайгуул хийдэг байх ийм Ашигт малтмалын хууль баталлаа л даа. Үүгээрээ хөрөнгө оруулалтыг татъя, хөрөнгө оруулалт орж ирэхэд валютын ханш буурна гэж тооцож байгаа. Эдийн засгаа сэргээе гэдэг утгаар. Ер нь бол бүгд нээлттэй байсан нэг хязгаараас бүгдийг хаасан нэг хязгаар болсон байсан. Одоо дунджийг нь олж явах гээд байна. Монголын ард түмэн уул уурхайгаа явуулъя аа, гэхдээ хэмжээ хязгаартай, зааж өгсөн газарт үйл ажиллагаа явуулдаг байя гэж байгаа. Энэ дагуу дуртай газраа очоод ухаад байдгаа больё гэдэг ийм шийдэл гаргалаа. Энэ утгаар Ашигт малтмалын хуульд орсон өөрчлөлтийг түүхэн гэж хэлж болно. Уул уурхайгаа яаж ашиглах арга замаа одооноос л олж авч байна. Алдан онон байж.

Гадаадын хөрөнгө оруулалтыг хааж үзсэн. 2012 оны сонгуулийн өмнө тавдугаар сард. Түүнийг буруу юм гэдгийг 2013 оны сүүлээр ойлгоод буцааж нээж өгсөн.

“Урт нэртэй хууль”-ийг аваад үзье. Асуудал нэлээд олон жилийн турш хуримтлагдсан болохоор тийм хууль гаргахаас аргагүй байдалд орсон. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд ч гэсэн. Монголчууд өөрийнхөө газар нутаг дээр ингэж амьдраад байхдаа яадаг юм.

Төрийн өмчийн хороо 1996 оны наймдугаар сарын 1-нд байгуулагдаж, анхны даргаар нь очсон. Цаанадаж 10 жил ажиллаад, хэрэгтэй хэрэггүй өмчөөсөө салаад, төрд хувийн өмч давамгайлаад, баяртай гээд татан буугдах байгууллага гэж тооцож байсан. Өнөөдөр 2014 он, энэ байгууллага байсаар байгаа. Удах тусмаа эдийн засагт саад учруулж эхэлж байгаа. Төрийн оролцох ёстой юм, оролцох ёсгүй юм гэж байна. Энэ мөнхийн сэдэв л дээ.

“Оюутолгой”-д зээл авч орсноосоо болоод, ороогүй байсан нь дээр юм гэдэг үзэл бодол руу өнөөдөр шилжиж байна.

Нүүрс бол дэлхийн бүх улсад байна, тэгэхээр энэ нь стратегийн биш юм байна гэж үзэх болж байна. Стратегийн ойлголтыг орд гэдгээр нь биш, бүтээгдэхүүн гэдэг ойлголтоор шинэчилье гэдэг концепц Их хурал дээр яригдаж байгаа. Ер нь алт, газрын ховор элемент гэх мэтийн батлан хамгаалахын чиглэлтэй онцгой бараанууд байна.

Төрд татвараас цугласан мөнгөөр ямар нэгэн бизнес хийх нь буруу юм байна гэдэг шийдэлд сая “Цагаан суварга”-ыг шийдсэн байдлаас харахад УИХ-ын гишүүдийн олонх нь хүрч байгаа нь өөрөө их том дэвшил болж байгаа юм.

Бидний зан араншин хэтэрхий туйлшрал руу яваад байна.

Хөгжлийн банкаа татан буулга, “Чингис”, “Самурай” бондоо төсөвтэйгөө нийлүүлэх шийдвэрийг 76 гишүүнээ хуралдуулахад олонх нь сая л гаргалаа шүү дээ. Хөгжлийн банкны одоо өгсөн зээлийн байдлыг харах юм бол зээлээ төлөх чадваргүй. Чадваргүй учраас хэн төлөх вэ, УИХ-аас өөр төлөх газар байхгүй.

Улсын төсвийг компаниудаас авсан татвараар бүрдүүлж байгаа юм. Эцсийн эцэст энэ зээлийг төлөх газар нь УИХ учраас УИХ жагсаалтыг батална гэдэг хуультай. Гэтэл УИХ-аар батлуулалгүй хоёр жил явчихсан хариуцлагагүй Засгийн газар байгааг би шүүмжилсэн. Одоо энэ зээлийнхээ учрыг олох ажил хүлээгдэж байна.

Ханшийг интервенц хийх мөнгөтэй бол багасгаж болдог. Ханш яагаад өсөөд байдаг юм, Монголбанкны ерөнхийлөгч, Эдийн засгийн хөгжлийн сайд яагаад буулгаж болдоггүй юм, ханшийн өсөлт гай болж байна гэсэн яриа, ойлголт яваад байдаг. Энэ талаар тайлбарлах гэж Эрдэнэтэд байдаг “Бэрэн” компанийн дөрвөн бүтээгдэхүүн авчирсан. Эхнийх нь хүн болгоны мэддэг арматур. Хоёр дахь нь Архангайн Төвшрүүлэхэд газар дороос гаргадаг, тонныг нь 40 доллараар зардаг төмрийн хүдэр. Үүний 50 хувьд нь ч юм уу төмөр байна, үлдсэн нь чулуу. Бутлаад одоо бариад байгаа зууханд нь хийхэд ийм ширэм (гурав дахь бүтээгдэхүүн нь) болж байгаа юм, 400 долларын. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэглэдэг ган бөмбөлөг 900 долларын үнэтэй. Жилдээ нэлээд олон арван сая доллараар худалдаж авдаг эд. Өнөөх 6670 доллараар зардаг зэс дотор энэ тодорхой хувь эзэлж байгаа. Гэтэл энэ бөмбөлөг доторхийг хэд ч байдаг юм, тухайлбал 600 долларын  орцыг бид биш, оросууд хийж байна шүү дээ. 

Валютын ханш хэзээ буурч, хүмүүсийн хүсч буй түвшинд хүрэх вэ гэхээр Архангайн Төвшрүүлэхийн төмрийн хүдэр явсаар байгаад ган бөмбөлөг болсон үед. Тэр цагт ханш тогтворжино. Уул уурхайн экспортод Монголынхоо оролцоог нэмэх юм бол ханш гэдэг юм баригдана.

Цариг өргөн нарийн байх нь гуравдугаар асуудал Монгол Улсад үйлдвэрлэсэн 10 сая тонн ширэм дэлхийн зах зээлийн үнээр зарагдах нь царигаас илүү хэрэгтэй. НҮБ-ын далайд гарцгүй орнуудын хэлэлцээрт “Далайд гарцгүй улс далай руу явахад замд нь байгаа улсууд өөрийнхөө компанитай адилхан тарифаар нэвтрүүлэх үүрэгтэй”. Бид тийм эрхтэй, тэр эрхээ гэрээгээр зохицох ёстой юм. Тэгэхээр бид хоёр улстайгаа тэдний нутгаар дамжин далайн эрэгт хүрдэг гэрээнүүдээ байгуулж авах нь чухал. Тэгэхгүй бол бид бус нутгийн худалдаагаар хятадад өгөөд дэлхийн үнийг авч чадахгүй байгаа юм.  Манай бүтээгдэхүүн далайд хүрч байж л дэлхийн зах зээлийн үнээ барьж авна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малайзийн зорчигч тээврийн онгоц Украинд осолджээ

Малайзийн агаарын тээврийн “Боинг-777” онгоц пүрэв гаригийн орой Украины нутаг дэвсгэрт осолджээ. Онгоцонд нисэх багийн 15 гишүүнээс гадна 283 зорчигч байсны гурав нь нялх хүүхэд аж. Тодруулбал, осол гарах үед онгоцонд Нидерландын 154, Австралийн 27, Малайзын 23, Индонезийн 11, Их Британийн зургаа, Герман, Бельги улсаас тус бүр дөрөв, Филиппиний гурав, Канадын нэг иргэн байжээ. Мөн өөр 41 зорчигч аль улсын иргэн болох нь одоогоор тодорхой бус байна. Зарим хэвлэлд мэдээлснээр тэдний дунд 23 америк байсан гэж үзэж байгаа аж. Онгоцны багийн 15 гишүүн бүгд Малайзын иргэд юм байна. Малайзын агаарын тээврийн МН17 нислэг Голландын нийслэл Амстердамаас Куала-Лумпурыг чиглэн явахдаа Украины Донецк мужийн нутагт орон нутгийн цагаар 19.00 цагт осолджээ. Урьдчилсан байдлаар байлдааны байдалтай байгаа бүсэд тус онгоц пуужингийн харвалтад өртсөн байж болзошгүй гэнэ. Онгоцонд байсан бүх хүн амиа алдсан байна. 

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хямралын “нүхэн гарц”

-ФЕЛЬЕТОН-

Эндүүрч үл дуусах хорвоо юм аа. Энэ Эрүүлийг хамгаалах яамыг чинь манийгаа эрүүл байвал л баярладаг юм санасан чинь, бишээ. Далаад оны нэгэн дуунд “харах нүд минь эндүүрчээ” хэмээн гардаг нь ирээдүйн олон юмыг зөгнөсөн байж. Өмнөх нэг сайд нь шинээр ДОХ гарах тоолонд л хүлээн авалт хийдэг байж билээ. Сая гахайн томуу гарснаас хойш энэ яамныхан ёстой цог заль бадрав гээч боллоо. Гахайн томуу ч гахайн томуу, гахай мундсан биш хүнд хүртэл тусаж явдаг нь юу ч билээ.

Яам хавийн нэг дарга нь “үнээрийн талархжээнаа” гэсэн ярилцлага хүртэл өгсөн байх юм. Учир нь гадаад найз нар нь “одоо болтол ганц ч гахайн томуу олдоггүй ээ, хи хи” гэж шоолоод байсан юм байх аа. Гадаадын эмч нар ч манай хэдийн өрөөсөн дугуй байдаг болтой юм. Өөрийн оронд өвчин гарахад баярлахын сацуу, өрөөл бусад оронд өвчин гарахгүй бол сэтгэл санаагаар явчихдаг, мэргэжил нэгтнүүдээ “нэг юм сэтгээч” гэхчилэнгээр шорддог улс болж таарлаа. 

Зөвхөн эмч ч биш, өөр салбарт ч ийм бодолтой улс бишгүй байдаг аж. Саяхан хөдөө нутгийн нэгэн “аравт” малчинд доорхи явдал тохиолджээ. Ойлгож байгаа биз дээ? Мянган малтай хүнийг “мянгат малчин” гэж нэрлэн мөнгөн хувин, мөнгөлсөн гэрэгэгээр шагнадаг даа. Улс нь ардчилсан, хүн мал адилхан тэгш эрхтэй болсныг хэлэх үү? Үлдсэнийг орхихгүй байхаар шийджээ, ачит гэгээн төр минь. Ингээд зуун малтайг нь “зуут малчин”, арван малтайг “аравт малчин” гэж цоллон, тохирох хувин саваар мялаах болж. Харин ганц морьтой, юмуу үнээтэй хүнийг “Монгол Улсын нэгт малчин” хэмээн нэрийдэж, цагаан сараар сияан аяга, мэрзээвтэр гэрэгэгээр мялаах болсон юм гэсэн.

Тэгсэн чинь тэр “улсын аравт малчин” яасан гээ. Хотонд нь боохой ороод мань хүний цол зэргийг “Улсын гуравт малчин” болтол бууруулаатахжээ. Харамсаж халаглахын оронд тэрээр “Би маш их баяртай байна. Дэлхийн хонь мэндийн байгууллагын нөхдүүд намайг “Өдий болтол ганц ч малаа чононд идүүлэхгүй ичмээр юм. Чи ер нь чоныг танихгүй байх шиг байна” гэж шоолоод байсан. Одоо тэд намайг “чоно мэдэхгүй дурак” гэж хэлээд үзэг л дээ” гэсэн байна. 

Эргээд яамны асуудал руугаа оръе. Нэг сайд нь өчигдрийн сонинд “Ер нь гахайн томуу тусах нь их ашигтай байгаа. Учир нь дархлаа тогтоод, дахиж гахайтахаа больдог. Гахайтай амьдарсан ч айх юмгүй. Ээ мөн ч сайхан хэрэг шүү” гэж ярьсан байх юм. Сайдынхаа яриаг бататгаж ярьсан өөр нэг мэргэжилтэн “ Манайхан үхэхээс айж байгаа нь туйлын гэнэн хэрэг мөн. Манай яамны үзэж байгаагаар бол үхэх ихээхэн ашигтай. Учир нь хүн нэг л үхвэл дахиж хэзээ ч үхдэггүй гэдгийг манай эмч нарын хийсэн судалгаа нэгэнт бататгасан” гэсэн байгаа юм. Бурхан өршөөг. Ингэхэд, яаж ч бодсон биднийг бурхан өршөөгөөд л байна л даа…тийм үү?

Манай нийслэл шинэ нүхэн гарцтай боллоо гээд л бөөн баяр. Зарим сонинд “монголын ирээдүй-нүхэн гарц” гэсэн, логиктой нь аргагүй гарчиг хүртэл харагдана. Ер нь манайхан чинь хямралаас нүхэн гарцаар гарах юм биш үү? 

Хийсэн улс нь нүхэн гарцаа дэлхийд ганцхан гэж нотолж байна. Тэд “Дэлхийн хаа нэгтэйгээс өөр Улаанбаатар олоод, тэндээ яг ийм багтрам утаа бий болгоод, тэндээсээ мөн ийм “багшийн дээд” гаргаж ирээд, манай нүхэн гарцын ижлийг заагаад аль л даа” хэмээн ам асууж байна. 

Ёстой иж бүрэн эд гэнэ ээ, тэр гарц. Дотроо гэрэлтэй, гэрлийг нь яг л санал тоолох үед тасалдаг шиг унтраах боломжтой, дээрэмчдэд зориулсан булантай, юмаа булаалгачихаад гараад ирлээ гэхэд хажууханд цагдаагийн пост бэлэн. Хүсвэл нүхэн гарцыг тойрч гүйгээд машинд мөргүүлэх бүрэн боломжтой төдийгүй, урдхан талд нь бэлэн зэхээний эмнэлэгтэй. Нүхэн гарцаар орсон хүн зүв зүгээр гараад ирж ч болдог. Нэгэнт гараад ирсэн хойноо гэртээ харьсан ч болдог, бас дэмий тэнээд алга болсон ч өөрийн дур гэлцэнэ. Үнэхээр тасархай гарц ажгуу.

Хямралын ийм гарц байгааг төр, засаг нь хүртэл мэдээгүй явжээ. Гэтэл барилгын компанийхан аль хэдийнэ мэдээд хэрэглээд ирсэн байх аж. Дээхнэ ерөнхий сайд ба барилгын компанийн боссын хооронд ийм нэгэн яриа болсныг бид зурагтаар харав даа.

Ер.Сайд:Чи Их тэнгэрийн гүүрийг барина гээд ноднин хоёр тэрбум төгрөг авсан гэсэн

Бар.босс:Та зөв юм харсан байна.

Ер.сайд:Тэр гүүр хаана байна?

Бар.босс:Та буруу юм хараад байна…

Сая мэдэхнээ, Их тэнгэрт чинь гүүрний оронд “усны нүхэн гарц” барьчихсан юм байж. Хүн хичнээн сайхан нүхэн гарц барьчихаад байхад тэнэг юм шиг “гүүр хаа байна?” гээд байгаа хүнийг яана билээ, аан? Ер нь ийм амьтныг “та буруу юм хараад байна” гэх нь бүү хэл алгадаад авсан ч багадна биз дээ. 

Усан гарц бас л хямралын нэгэн гарц болсон сайхан эд гэнэ лээ. Төрийн ихэс дээдэс явах учраас яалаа гэж хотын төвийнхтэй ижил нүх хийх билээ. Архитектурийн шинэ шийдэл төдийгүй байгаль экологи талдаа хачин эд гэдэг. Гадаадынхан үүнийг “байгаль орчинд хэтэрхий ээлтэй технологи” гэж нэрлэх санал гаргасан гэж байгаа. Нэг ч чулуу, мод хөндөөгүй, нэг ч барилгын материал ороогүй хийгдсэн гээд л бодчих… Дарга нар машинаараа давхиад гүүр байсан ором дээр ирнэ. Байгальд хэтэрхий халгүй технологиор хийсэн болохоор эрэг дээр ямар ч ул мөр байхгүй. Харин манай тагнуулын гярхай ажилтнууд “усны нүхэн гарц”-ын амсар хаа байгааг андахгүй мэднэ. Ингээд манай төр засгийн тэргүүнүүд бэлэн зэхээний хүчилтөрөгчтэй баллон үүрээд усны нүхэн гарц руу орж явчихна. Доороо голын гүний цэнгэг устай, гэрэлтүүлэг сайтай, лусын ТҮЦ энэ тэртэй, үнэн тансаг “усан нүхэн гарц” гэсээн. Онгон байгалиа хамгаалах үүднээс дарга нарын машиныг усан нүхээр гаргаж, гол бохирдуулахгүй, харин Зайсангаар тойрч очоод даргыгаа хүлээнэ. Гараад ирлээ гэхэд цааш нь суулгаад явна гэдгийг хүртэл тооцоолжээ. Ийм юм бүтээчихээд байхад “Гүүр хаана байна, гүүр хаана байна” гэж мангартахаар ямар ч хүн “та буруу юм хараад байна” л гэнэ биз дээ. 

Ер нь манайхны ажил хэрэг ч лут чамбай байна аа. Энэ хил хамгаалах газар цэргүүдээ хэрхэн “хамгаалахаас өөр юм мэддэггүй” болгон хүмүүжүүлж байгааг хар л даа. Сэлэнгэ дэх …дугаар ангийн удирдлага хоёр цэргийг тусгайлан хүмүүжүүлж мал хамгаалах эрдэмд сургасан юм байна. Тэд ангийнхаа малыг амжилттай хамгаалж байжээ. Гэтэл өнгөрөгч есөн сард тэдэнтэй нэг хэсэг хамгаалалтгүй мал тааралдахаар нь дагаж хамгаалаад бүр Заамар хүртэл явчихжээ. Малын эзэн нэг л найдваргүй санагдсан тул мөнөөх цэргүүд эх орны баялаг болсон малыг цаашид хамгаалаад л байж, хамгаалаад л байж. Үндсэн хуульд “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэж заасан юм чинь арга байж уу? Ингээд өчигдөр ангиас нь очиж автал огт танихгүй айлын хонийг хамгаалаад л байсан байгаа юм. Хэрвээ тэднийг чоно хамгаалах чиглэлээр сургасан бол хээрийн боохой дагаад арилах байж, хөөрхийс. Хилийн цэргийн сургалт ч бас өөр байна шүү. 

2009 оны 11 сарын 17

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын банк Японд төлөөлөгчийн газраа нээнэ

Японд Худалдаа хөгжлийн банк төлөөлөгчийн газраа нээхээр болжээ. Тус банк Японы “Bank of Tokyo”-той харилцаа тогтоосны үндсэн дээр энэ сарын 23-нд төлөөлөгчийн газраа нээхээр болсон байна. Төлөөлөгчийн газар нь арлын оронд Худалдаа хөгжлийн банкийг төлөөлөн зөвлөгөө мэдээлэл өгөх, маркетингийн үйл ажиллагаа явуулах үүрэгтэй ажиллах аж. 

ХААН, Капитал банкны Төлөөлөгчийн газар БНСУ-д ажилладаг юм. Харин Японд анхны төлөөлөгчийн газар нээгдэх гэж байгаа нь энэ аж. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 20-24-нд Япон улсад айлчлах үеэрээ Төлөөлөгчийн газрын нээлтэд оролцох бололтой. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын хуралдаанаар дараахь асуудлуудыг шийдлээ

Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 Нийслэлийн 4 чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэлээ

Улаанбаатар хотод 212 км авто зам шинээр барих, 350 км авто зам өргөтгөн шинэчлэхээр Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, шинэ суурьшлын бүс бий болгоход чиглэсэн энэ зорилтын дагуух бүтээн байгуулалтын зарим ажил энэ оны төсөвт “0.00” дүнтэй батлагдсан юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлд эрх шилжсэн, эх үүсвэр тодорхойгүй байсан нэр бүхий дөрвөн төсөлд шаардлагатай 28,6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Зам барилгын ажил нь эхэлсэн ч санхүүжилтгүйн улмаас саатаад байгаа дараах дөрвөн чиглэлийн бүтээн байгуулалтын ажил үүнд хамаарна.

– Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт

– Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам

– МТ-ийн шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт 

– Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл.

Олгосон зээлийн 20 тэрбум төгрөгийг нь хүүгийн төлбөрийн хамт 2015 оны улсын төсөвт, 8,6 тэрбум төгрөгийг нь хүүгийн төлбөрийн хамт мөн оны нийслэлийн төсөвт тусган Хөгжлийн банкинд буцааж олгохоор тогтлоо.

 ОХУ-тай байгуулах “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ

Монгол Улс, ОХУ-ын хооронд байгуулах “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцээд, Оросын талтай хэлэлцээ хийж санал солилцон, Засгийн газрын хуралдаанд дахин оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.

Энэ хөтөлбөрөөр Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ойрын таван жилийн тодорхой, ойлгомжтой, төлөвлөгөөг тодорхойлно. Үүнээс гадна улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, хууль сахиулах,  хүмүүнлэгийн болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлүүдийг иж бүрнээр тусгана.

Энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр Шанхай хотноо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тавдугаар сарын 23-ны өдөр Санкт-Петербург хотноо Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзах үеэрээ хөтөлбөр байгуулах санал тавьж, Оросын тал нааштай хүлээн авсан юм.

Монгол Улс, ОХУ хооронд 1993 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулж, 2009 онд Стратегийн түншлэл тогтоосон билээ.

 Австри улстай эрүүл мэндийн хамтарсан төслүүд хэрэгжүүлнэ

Монгол, Австрийн Засгийн газар хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрээр эрүүл мэндийн салбарт хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. Гэвч Санхүүгийн хэлэлцээрийн хүчинтэй хугацаа энэ сард дуусгавар болж байгаа тул дээрх төслүүдийн гүйцэтгэгчийг сонгоход хугацаа шахагдаж, бэрхшээл үүсчээ. Иймд нийт 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн ажлыг түргэтгэхийн тулд Засгийн газар болон төслийн гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах талаар чиглэл авахаар Эрүүл мэндийн яам Засгийн газрын хуралдаанд асуудал оруулжээ.

Энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд “Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”, “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх нь” зэрэг таван төслийн гүйцэтгэгчээр Бүгд Найрамдах Австри улсын “Вамед инженеринг” компанийг сонгон ажиллуулж, Санхүүжилтийн хэлэлцээр байгуулахыг Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт даалгалаа.

2010, 2013 онуудад хуралдсан Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны протокол, протоколыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд дээрх төслүүдийг Австрийн “Вамед инжинеринг” компаниар гүйцэтгүүлэх саналыг судлахыг ЭМЯ-нд даалгасан байдаг. Түүнчлэн БНАУ-ын Юникредит банкнаас тус улсын “Вамед инжинеринг” компанид экспортын зээл олгохоор шийдвэрлэсэн албан мэдэгдэл ирүүлээд байгаа юм.

Товчхон:

– 2014 оны 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо. Энэ айлчлал нь Канад улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монголд хийх анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд өндөр ач холбогдолтой. Айлчлалын хүрээнд Жон Бэйрд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга, Монгол-Канадын парламентын найрамдлын бүлгийн дарга Р.Гончигдорж нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийж, Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзана.

– Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Баттөр, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн, Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Б.Найдалаа болон урт хугацаанд үүргээ биелүүлэх боломжгүй болсон Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламж бодлогын газрын дарга Д.Болдбаатар нарыг чөлөөлж, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбат, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Баасанжав нарыг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томиллоо. Засгийн газрын шийдвэрээр 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Хөгжлийн банк Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд ТУЗ-ийн дарга, гишүүдийг нь Засгийн газар томилж, чөлөөлдөг юм.

– Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн анхдугаар хуралдааны дүнгийн тухай Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хуралдааны дүнг сайшааж, БНХАУ-ын тэргүүн Си Зиньпинийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл хангахаар холбогдох яам, байгууллагуудад үүрэг өгч ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд, Монголын хэсгийн дарга Н.Батбаярт хариуцуулах нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, явц, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг даалгалаа.

– Дуудлага худалдаагаар худалдах төрийн өмчийн зарим үл хөдлөх хөрөнгийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Худалдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг харгалзан холбогдох хууль тогтоомж, журмын дагуу төрийн өмчийн зарим үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарт даалгалаа.

– 2014 оныг Гаалийн ерөнхий газрынхан “Мэдээлэл солилцоог идэвхжүүлж, хамтын хариуцлагыг дээшлүүлэх жил” болгосонтой холбогдуулан эхний хагас жилийн ажлын үр дүнгээ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Нэг гаалийн газар, хороонд 2-оос дээш жил ажилласан улсын байцаагч ажиллагсдын 75 хувийг бүрдүүлж байсан тул сэлгэн ажиллуулах тогтолцоонд шилжжээ. Ийм зохион байгуулалтын үр дүнд импорт өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар буурсан байхад гаалийн орлого 70.8 тэрбум төгрөг буюу 10.2 хувиар өсчээ. Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны шат дараалал цөөрсөн, мэдээлэл ил тод болсон, гаальчид хариуцлагатай болсон гэж ГЕГ-ынхан дүгнэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван хүний амь аварсан Б.Маргадыг “Шударга журам” медалиар шагнав

Галаас гурван хүний амь аварсан Б.Маргад “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байсан билээ. Тэрбээр “Анхны цалингаараа гэрийнхэндээ бэлэг авсан юм. Аавдаа авсан цамцаа солиулах гээд дэлгүүр явж байгаад хажуу байранд гал гарч байгааг харж очсон. Гал гарсан айлд хэвтэрт байдаг хүн хоёр хөгшинтэй байгааг хараад цонхыг нь эвдэж орсон” гэж ярьсан. Б.Маргад сайн үйлсийнхээ талаар “Цэрэг хүний үүрэг шүү дээ. Ярихад ичмээр юм” гэж байсан. Б.Маргадын ачаар галаас эсэн мэнд гарсан Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны оршин суугч Ц.Эрдэнэцогт талархлаа илэрхийлж, хороонд бичиг хийж өгч байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч наадмын өмнө зарлиг гарган иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн Б.Маргадыг “Шударга журам” медиалаар шагналаа.  “Шударга журам” медалиар байгалийн гэнэтийн аюул, ус, гал түймрээс хүний амь бие, улс, олон нийт, хоршоолол, иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалах, нийгмийн хэв журам сахиулахад амь бие хайрлалгүй зүтгэж гавьяа байгуулсан хүмүүсийг болон хүн ардын эрүүл мэндийг хамгаалахын төлөө гавьяа байгуулсан доноруудыг шагнадаг билээ.

Дэд ахлагч Б.Маргад Зэвсэгт хүчний 150 дугаар ангид ажилладаг юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Төгсцогт хүрэл медаль хүртлээ

Казахстан улсад зохион байгуулдаг “Ерөнхийлөгчийн цом” олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр энэ тэмцээний эхний хоёр тойрогт өрсөлдөгчдөө ялж мөнгөн медалийн төлөөх тулаанд Казахстаны Тилегенуль Жанболат тоглож 1:2-оор ялагдсан байна. Казахстаны боксчин сүүлийн үед илүү тоглосныхоо ачаар өрсөлдөгчөө яллаа гэж тус улсын боксын холбооны сайтад бичжээ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Сарангэрэлийг өнөөдөр шүүнэ

Хар тамхи хэрэглэж, хадгалсан, борлуулсан гэх хэрэгт шүүгдэгчээр татагдсан Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох шүүх хурал энэ сарын 07-нд болсон билээ. Тухайн үед шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүгчдээс татгалзсаны улмаас шүүх хурлыг хойшлуулж, шүүгдэгчдийг цагдан хорьсон. Тэгвэл тэднийг шүүх хурал өнөөдөр 13.00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болох гэж байна. Шүүгдэгчдийн хоёр нь насанд хүрээгүй учраас шүүх хурлыг хаалттай үргэлжүүлэх юм.

Өнөөдрийн хуралдаанд өмгөөлөгч нар мөн шүүгч Б.Мөнх-Эрдэнээс татгалзах хүсэлт тавина гэж эх сурвалж мэдээллээ.