Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Морьт эргүүл” есдүгээр сарын 1-нийг хүртэл үүрэг гүйцэтгэнэ

Цагдаагийн Ерөнхий Газрын дэд даргын өгсөн үүргийн дагуу “Хан-Уул” дүүрэг болон “Сонгинохайрхан” дүүргийн нутаг дэвсгэр болох “Био”-ийн гүүрнээс “Сонсоголон”-ийн гүүр хүртэлх чиглэлд гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор морьт эргүүл ажиллаж байна.

Морьт эргүүл долдугаар сарын 23-ны өдрөөс есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, өдрийн 12 цагаас оройн 18 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэх аж.

М.Эрдэнэ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Зоригт гишүүн “Скайтел”-ийг сурталчилсан нь хөрөнгө оруулагчдыг ялгаварласан хэрэг болох уу?

Зарим УИХ-ын гишүүд, төрийн өндөр дээд албан тушаалтнууд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудыг ялгаварласан сурталчилгааг үе үе хийх юм. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд айлчилсан эхний өдрөө “Монгол Улсын хэмжээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт яг ижил түвшинд очлоо. Та нар Монголд хөрөнгө оруулалт хийвэл дотоодын компанитай адил нэг эрх, нэг үүргийн хүрээнд ажиллах боломж нь бүрдсэн” гэж мэдэгдэж байв.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийг ийн хэлж дуусаагүй шахам байхад гадна, дотны хөрөнгө оруулалтыг ялгаварласан сурталчилгааг УИХ-ын гишүүн хүн хийлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн твиттер хуудастаа Б.Бат-Эрдэнэ аваргатай хамт утсаараа оролдож буй зургаа нийтэлж “Би Скайтелийн 3G-тэй учир интернетийн сүлжээтэй. Ккккк. Аварга юутай гэлээ дээ. Сүлжээгүй” хэмээн бичжээ. Энэ нь “Скайтел” компанийг илтэд сурталчилж байгаа хэрэг. Хүн хэдийбээр үгээ хэлэх эрхтэй ч төрийн чухал албанд оччихоод, төрийн нэрээр аль нэг байгууллагыг сурталчлах нь хэр зохимжтой байдаг юм бол. 

“Скайтел” нь дотоодын буюу УИХ-ын гишүүн Сү.Батболд, Г.Батхүү нарын хөрөнгө оруулалттай компани. М.Зоригт гишүүнээс өмнө төрийн бас л нэг чухал албан тушаалтан  “Скайтел бол Мобикомоос илүү” гэсэн утгатай үгийг твиттертээ жиргэж байсан санагдана. Энэ мэтээр төрийн өндөр албан тушаалтан тэр дундаа УИХ-ын гишүүд найз нарынхаа, УИХ-ын гишүүдийнхээ хөрөнгө оруулалттай компанийг илтэд сайшаан магтдаг  нь нууц биш. Энэ бол эмзэглэх асуудал. Төрийн түшээд нь гадаадын хөрөнгө оруулалтыг энэ мэтээр ад үзээд байвал Монгол Улсад хэн итгэж мөнгөө оруулах юм бэ. Эдийн засаг яаж сэргэх юм. Шударга өрсөлдөөний зарчим яаж хэрэгжих юм гэх мэтээр араасаа олон асуултыг дагуулна.  

УИХ-ын гишүүд нэг компанийн нүүр царай болж байгаа нь Шударга өрсөлдөөний зарчим, энэ тухай хуулийг зөрчсөн хэрэг болох болов уу. Үүнийг О.Магнай дарга анхааралдаа авч шалгах хэрэгтэй юм. Мөн Үндсэн хуульд энэ асуудал харшлах эсэхийг Цэцээр шалгуулбал зохилтой. Хэрэв УИХ-ын гишүүн хүн ийм хэлбэрээр хууль зөрчиж дотоодын эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлдэг бол гишүүнээс нь эргүүлэн татах хүртэл арга хэмжээг авдаг болъё. 

Л.МӨÍÕÒӨÐ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэвэрлэх байгууламжийн лагийг замын түүхий эд болгох гэнэ

Эмээлтэд  “Хөнгөн үйлдвэр,  технологийн паркийн цогцолбор” барих, уг паркийг эзэнжүүлэх асуудал Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны гол сэдэв болов. Хөнгөн үйлдвэр, технологийн паркийн асуудал 2010 оноос хойш яригдсан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй. Энэ зуур төрөөгүй паркийг Дархан, бас Баганнуур руу “нүүлгэж” зөндөө эргэж буцсан шийдвэр гарсаар эргээд Эмээлтэд төвхнүүлэхээр яригдаж байгаа аж. Уг нь 2017 гэхэд арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах шийдвэр гарчихсан. Одоо харин Эмээлтэд  бат бэх байрлуулах тухай ярьж байна. 214 га газарт цогцолбор босгох ТЭЗҮ хийсэн гэнэ. Тогтмол ажиллаж байгаа 20 гаруй арьс ширний үйлдвэр нийслэлд  байгаа аж. ТЭЗҮ-д нэмэлт өөрчлөлт оруулах, байгаль орчны үнэлгээ хийх, тусгай зөвшөөрлөө авах ажлууд хүлээгдэж байна.   Энэ намартаа Эмээлтэд усны нөөц тогтоох судалгаа хийнэ.  Э.Бат-Үүл дарга парк байгуулах ТЭЗҮ боловсруулах ажилд хэрэглэгчдийг оролцуулахыг зөвлөв. “Захиргааны аргаар байгуулсан үйлдвэрлэл технологийн паркууд үндсэндээ  дампуурдаг. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтгүй бол өнгөрнө”  гэж хотын мэр сануулсан. “Бид хаширлаад Хонхорын ложистик дээр удаан ч гэсэн хувийнхныг оролцуулаад,  хэлэлцээд явж байгаа” гэж  тэр ярилаа. Хотын дарга бас усны хайгуулын судлагаагаар бүтэлгүй дүн гарах вий хэмээн эмээв. “Бид тавдугаар цахилгаан станц дээр ингэж алдсан. Пижигнээд очтол хайгуулын судалгаагаар  өөр дүн гарсан” гэж сэрэмжлүүлэв. Усны хайгуул хараахан хийгээгүй ч тагнуулын байгууллагын  болон бусад мэдээгээр ойролцоох усны судлаас ус олборлох боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт  гаргасныг  орлогч  нь дуулгана лээ. Гарал үүслийн бичиг, элдэв зөвшөөрөл, хяналтаас авахуулаад төрийн бүх үйлчилгээг  Эмээлтэд  нэг цонхноос авах боломж олгох нь бизнес эрхлэгчдийг  болон хэрэглэгчдийг татах боломж  гэж хотын дарга зөвлөв. 

 Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, экологи хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ уг хуралдаанд хоёр паркийн асуудал танилцуусан. Нөгөө нэг парк нь Налайхад  байгуулах Барилгын материалын  үйлдвэрлэл, технологийн парк юм. Гэсэн ч хуралдаанд оролцогчид эхний паркад илүү анхаарал хандуулсан.  Хөнгөн үйлдвэр технологийн парк гэдэгт  ноос ноолуур, арьс шир ер нь л  хөдөө аж ахуйн гаралтай бүх бүтээгдэхүүн хамрагдана.  Муу нэртэй луу данстай арьс боловсруулах үйлдвэрүүдийн хаягдлаас  болоод Туул гол мөн ч их бохирдсон доо.  Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнийн яриагаар бол асуудлыг их л хялбархан шийдчих юм байх. “Цэвэрлэх байгууламжийн асуудлаар Европийн сэргээн босголтын банктай эхний ойлголцолд хүрсэн. Орчин үеийн дэвшилтэт цэвэрлэх байгууламжийг барих 30 сая еврог боломжийн хүүтэй, 12 жилийн хугацаатай зээлж болно. Японы цэвэрлэх байгууламжийн технологитой ч бид танилцсан. Цэвэрлэх байгууламжаас ялгарах лагийг засмал зам тавих суурь түүхий эд болгох технологи гараад жил гаруй болж байна. Зам хагарахгүй, бат бөх болдог юм байна. Япончууд бид санхүүжилтээ гаргаад хийсэн ч болно гэсэн. Наймдугаар сарын аравдаар  энэ хүмүүс ирж яриа хэлэлцээр хийнэ” гэж тэр танилцууллаа. Харин  бизнесийн үр ашигтай  гэгдээд буй уг паркийг Дарханыхан бас Багануурынхан нутаг орондоо байгуулахыг хүсээгүй юм билээ. Арьс ширний үйлдвэрийнхэн ч бид нүүж болно. Гэхдээ Дархан руу биш, Багануур руу биш гэснийг Т.Бат-Эрдэнэ уламжлав.  Арьс шир боловсруулагчид  Эмээлтийг хамгийн боломжийн хувилбар гэж үзэж байгаа гэнэ. Хот төлөвлөлтийн дагуу Эмээлт 80 мянган хүнтэй хот болох учиртайг  Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Н.Батаа сануулав. Парк ирээдүйн үйлдвэрлэлийн хотын зөвхөн жижиг хэсэг. Харин хот байгуулах асуудлыг хэн хариуцахыг тэр лавлав.  Одоохондоо хотыг хэн босгох талаар сонсогдсонгүй. Харин Хөнгөн үйлдвэр, технологийн парк байгуулах төслийн нэгж байгуулах талаар их ярилаа.  Нэгэнт УИХ-ын тогтоол гарсан, хотын ерөнхий төлөвлөгөөнд суусан асуудал учраас эргэлзэх хэрэггүй гэж хотын мэр хэлж байна лээ.  

“Хурдал, хичнээн жил ярив” гэж Э.Бат-Үүл дарга шавдуулж байна лээ.

Б.ЯНЖМАА       

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ралли Монголиа” наймдугаар сарын 10-17 өдрүүдэд болно

“Ралли Монголиа 2014”, автомашин, мотоциклын холын зайн олон улсын уралдаан наймдугаар сарын 10-17-нд болох гэж байна. Уралдааныг энэ жил Говьсүмбэр, Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар болжээ. Уралдааны үеэр мотоциклийн ангилалд Монголын таван бүсгүй оролцохоор бүртгүүлсэн аж.

Японы SSER байгууллагаас Монголын автомашин, мотоциклийн спортын холбоотой хамтран Монгол Улсад 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уралдаан найм хоногийн хугацаанд 4000 орчим километр замд үргэлжилдэг юм. Монголын эрэгтэй тамирчид уг тэмцээнд идэвхитэй оролцож, мото ангилалд 10 удаа, авто ангилалд 8 удаа аваргын цом хүртэж байсан юм. Харин эмэгтэйчүүдийн төрөлд ихэвчлэн гадны тамирчид өрсөлддөг байсан бол өнгөрсөн жилээс Монголын бүсгүйчүүд анх удаа өрсөлдөх болж, “Ралли Монголиа-2013” тэмцээний авто ангилалд Н.Янжмаа, мото ангилалд Х.Оюунтуяа, Ч.Батцэцэг нар оролцсон юм.

Тэгвэл энэ жилийн хувьд уг уралдааны мотоциклын ангилалд Монголын таван бүсгүй бүртгүүлээд байгаа ба “Монголын эмэгтэй мотоциклчдын бүлгэм”-ийн тамирчин Х.Оюунтуяа, Ч.Батцэцэг, Г.Батцэцэг нар болон “Эко мотоспорт” аялалын клубын тамирчин Ундрал нарын зоригт бүсгүйчүүд “Ралли Монголиа” уралдаанд өрсөлдөхөөр бэлтгэл, сургуулилтаа базааж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Канад улсын гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн айлчлал эхэллээ

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ.

Айлчлалын хүрээнд сайд Л.Болд Ж.Бэйрдтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Канадын харилцаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Уулзалт, хэлэлцээний үеэр Сайд Л.Болд Канад Улс нь Монгол Улсын гадаад бодлогод чухал байр эзэлдгийг тэмдэглэж, өнгөрсөн 40 жилийн хугацаанд хөгжиж ирсэн хоёр улсын харилцааны түвшинг ахиулах, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, чингэхдээ уул уурхай төдийгүй хуулийн шинэчлэл, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарын хэлхээ холбоог бэхжүүлж, хамтран ажиллах санал тавив.

Сайд Ж.Бэйрд Канадын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглээд Канад Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийг 2014-2018 онд үзүүлэх онцгой 25 орны нэгээр Монгол Улсыг сонгосон нь үүний илрэл болохыг мэдэгдэв. Төрийн алба, эрх зүйн шинэчлэл, хөдөөгийн хөгжлийн хүрээнд манай улстай идэвхтэй хамтран ажиллах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх канадын талын сонирхлыг Сайд Ж.Бэйрд дахин нотлов. Түүнчлэн Монгол Улс АПЕК-т элсэх асуудлыг канадын тал дэмжиж ажиллахаа мэдэгдэв.

Хэлэлцээний дүнд Гадаад харилцааны сайд нарын Хамтарсан мэдэгдэл гаргасан.

Айлчлалын хүрээнд Сайд Бэйрд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга М.Энхболд нарт бараалхаж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзана. Мөн Монгол, Канадын ажил хэрэгч хүмүүсийн уулзалтад оролцоно.

Ж.Бэйрдийн энэхүү айлчлал нь Канад Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ургах наран” хорооллын бохирын асуудлыг есдүгээр сарын 15-нд багтаан шийдвэрлэх үүрэг өглөө

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Урган наран” хорооллын бохир хальж тус хороололд амьдарч байгаа 432 өрхийн 1700 гаруй иргэн тун хэцүүхэн орчинд нөхцөлд амьдарсаар ирсэн. Тус хорооллын бохир хальснаас өвөл мөсөн бүрхүүл тогтож,  зун нь хөрсний бохирдолтой болж халдварт өвчин гарах эрсдэлтэй байдалд хүрсэн. Тухай бүр нийслэлээс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж бохирыг соруулах, хөрсийг халдваргүйжүүлэх ажлыг хийдэг ч бохирын систем төвийн шугамд холбогдоогүйгээс эргээд л нөхцөл байдал хүндэрдэг. Тиймээс цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцахаар нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа  Ургах наран хороололд ажиллалаа. 

Тус хорооллын хөрснөөс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дээж авч шалгалт хийхэд хороолол орчмын есөн га талбайн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гэсэн дүгнэлт гарчээ. Мөн Улаанбаатар хотын цэвэр усны эх үүсвэрийн худаг, шугам хоолойн ойролцоох газрын хөрс, агаар, орчинг бохирдуулж байгаа нь маш ноцтой асуудал гэж үзсэн байна. Тус хорооллын 400 орчим өрхийн бохирын асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй “Блью Скай Партнерс” үүргээ биелүүлээгүйгээс ийм нөхцөлд байдалд хүрчээ. Түүнчлэн тус компанийн охин компани болох  “УНК” компани 2011 оноос “Ургах наран” хорооллын дэд бүтэц, засварын ажлыг тусгай зөвшөөрөлгүйгээр хүлээн авч, бохироо ч соруулалгүй өдийг хүрсэн юм. Тиймээс Мэргэжлийн хяналтын газраас хариуцах аж ахуйн нэгжид хэд хэдэн удаа албан шаардлага хүргээлсэн ч хариу аваагүй учраас цахилгаан, цэвэр усаар хязгаарлах саналыг хотын удирдлагуудад хүргүүлжээ. 

Хариуцсан компанийн удирдлагуудын хэлж байгаагаар Налайхын 500 мм-ийн голчтой бохирын шугам өнгөрсөн жил дууссан ч  Монгол шилтгээнээс Улиастайн гүүр хүрэх 8,9 км шугам, Улиастайн гүүрнээс Дүнжингарав худалдааны төв хүртэлх 7,1 км, Өмнөдийн 1000-ын коллектроос Гурвалжингийн гүүр хүртэлх 6,8 км шугамын тавих ажил дуусаагүй байгаагаас ийнхүү холбож чадахгүй байна гэж тайлбарлаа. Тэд бохирын асуудлыг ирэх есдүгээр сарын 15-ны дотор бүрэн  шийдвэрлэхээ мэдэгдлээ.  

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн хариуцсан орлогч С.Батаа,  есдүгээр сарын 15 гэхэд байдал энэ хэвээр байвал тус хорооллын ус, цахилгааныг хязгаарлах хүртэл арга хэмжээ авч, тухайн орчны хөрс, агаарын бохирдлыг бууруулах талаар цогц ажил хэрэгжүүлнэ гэлээ. 

М.Эрдэнэ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шашныг өмөөрөхүй

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

ЯАГААД БИД ШАШИН ШҮТДЭГ ВЭ?

“Шашин гэж юу вэ?” гэхээр бүхнээр хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн тодорхойлолт үгүй юм билээ. Олон хүний хувьд шашин нь итгэл үнэмшлийн зохион байгуулалттай систем, зан үйл. Өөр олон хүний хувьд шашин бол бурханлаг дээд ойлголт. Гэтэл зарим нь шашин гэдэгт тодорхой бурхан тодорхой үнэмшлийг оруулж тооцдоггүй. Цаанаасаа зохион байгуулагдсан системийг биш, зөвхөн өөрийнхөө хувийн итгэл үнэмшил, амьдрах арга, ертөнцийг үзэх үзлээ шашин гэж ч олон хүн ойлгодог. Гэхдээ нэг нийтлэг юм байна: Шашинд итгэж байгаа бараг бүх хүн үүнийгээ өөрт нь нөлөөлдөг ямар нэг хүч цаана нь байна гэж үздэг.

Үндэсний болон гэр бүлийн уламжлал, соёл, ёс заншил гэсэн энгийн утгаар олон хүн шашин шүтдэг. Далдын дээд хүчин өөрийг нь харж байдаг учраас амар амгаланг олох гэж шүтэгсэд их бий. Ийм төрлийнхөн дээд хүчнээс ав­рал эрэх нь их. Аврал өг­нө, аз жаргал авчирна, үхлийн дараах амьдрал бэлэглэнэ гэсэн амлалтад автаж шашин шүтэгсэд ч олон бий. Маш олон хүн хувийн тайвшрал, амьдралд хандах хандлагаа тодорхойлоход шашин тусална гэж шүтнэ. Тэд “Амьдрал гэж юув?”, “Хүний хувь зохиолын төгсгөл юув?”, “Нүгэл буяны ялгаа юув?” гэсэн асуултад хариу олно. Эцэст нь маш олон хүн сэтгэлийн зовлон, түүнээс ангижрах аргыг шашнаас хайж шүтдэг. 

Ангилж үзэх юм бол хүний түүхэнд мянгаар тоологдох янзын шашин оршсоор ир­жээ. Антропологичид болон шашны түүх судлаачдын тог­тоосноор 60 мянган жилийн өмнөөс анхны шашны хэл­бэр үүссэн бололтой. Төсөө­лөн бодох чадваргүй хомо эротикус (уг нь анх гал ол­сон), хомо нэндэрталь (уг нь анх хувцаслаж эхэлсэн) зэрэг орчин үеийн хүний өвөгт шашны тухай ойлголт байсангүй. Хомо сапенс гэгдэх орчин үеийн хүн төсөөлөх чадвараараа тэднийг давсан. Ингэхээр шашин бол хүний төсөөлөх чадвараас үүсэлтэй ажгуу.

ӨНӨӨГИЙН ШАШИНУУД

Орчин үеийн ертөнцөд найман гол шашин оршиж байгаа нь: Буддизм, Христос (Загалмайн), Лал, Күнз, Хинду, Иудай, Шинто, Дао буюу монголоор Бумба. Эндээс Бумба, Шинто, Хиндуизм гурав нь үргэлжлэн хөгжсөөр сургаалаа буй болгосон бол бусад тав нь нэр бүхий үүсгэгчтэй, түүнийхээ сургаалд тулгуурладаг: Буддизм нь Шагжиймунын Будда, Христос нь аврагч Есүс, Лал нь зөнч Мохамэд, Күнз нь Күнз багш, Иудай нь Мойсэс.

Дээд хүчний талаар философийн гурван гол үзэл бий. Дээд хүч гэж огтоос байхгүй гэж үздэгийг атейзм, байгаа гэж үздэгийг нь тейзм, байгаа байхгүйг нь тодорхойлох аргагүй гэж үздэгийг нь агностик гэнэ. Ихэнх шашин дээд хүчинд итгэдэг, гэхдээ жишээ нь Күнзийн сургаал үүнийг үгүйсгэдэг учир атейст шашин болж таарч байна. Олон шинжээрээ шашны агуулгатай болсон ортодокс марксизм ч гэсэн атейст шашин гэж нэрлэгдэж болмоор.

Ихэнх шашин сургаалаа даган өөрийн иргэншил үүсгэсэн. Өрнийн иргэншлийн суурь нь загалмайн шашин бол Энэтхэгийн иргэшлийнх хинду, Лалын иргэншлийх лалын шашин, Хятадын иргэншлийнх Күнз, Лаоцы нарын сургаал. Зарим шашин зөвхөн тухайн үндэстэнд зориулагдсан. Жишээ нь хинду нь энэтхэг хүмүүст, иудай нь зөвхөн жүүд үндэстэнд хамаатай. Шинто ч ердөө л япончуудынх. Харин лал, христос зэрэг нь нийт хүн төрөлхтөнд хамаатай гэж сургадаг. Гагцхүү буддизм бол соёл болохоос иргэншил биш гэж судлаачид үздэг. Буддизм бүх соёл болон иргэншилд нэвтрэн нөлөөлж холилдох чадвартай ч өөрөө бие даасан иргэншил үүсгэж чадаагүй, ерөөс сургаалийнхаа мөн чанараар тусгай иргэншил болох бололцоогүй юм.

Шашинууд хоорондоо бүлэг бүлгээрээ гарал үүслийн хувьд ах дүүгийн холбоотой. Иудай, Христос, Лал гурав нь нэг эхээс үүдэлтэй, үндсэн нэг эх зарчимтай ах дүү шашин. Бүтээгч нэг л бурхан байдаг, тэр нь дэлхий рүү үе үе элчээ илгээдэг гэж тэд үздэг. Үүнийг монотейзм буюу ганц бурхант зарчим гэнэ. Нэг л Бурхан байдгийг Библид бичсэнээр эртний жүүд нар Яахва гэж нэрлэдэг байж, араб хэлэнд энэ нь Аллах гэсэн нэршилтэй. Христос шүтлэгт орнуудад үүнийг өөр өөрийн хэлээр Гот, Гад, Бог гэх мэтээр нэрлэжээ. Олон бурхад байдаг гэсэн үзлийг политейзм гэнэ. Эртний Герег, Ромд худалдаа, дайн, хайр гээд өөр өөрийн хариуцсан салбартай мэргэшсэн бурхдын тухай домог их бий. Эдний дарга нь Зевс. Энэтхэгчүүдийн итгэл үнэмшлээр Брахман даргатай бас л олон бурхан байдаг аж. Бөөгийн болон Африк, Далайн орнуудад оршсоор байгаа бөө маягийн шүтлэгүүд ч олон бурхныг хүлээн зөвшөөрдөг.

Хиндуизм, Буддизм хоёр нь мөн л ах дүү шашин. Хэрэв Христос, Лал, Иудайн сургаалаар бүтээгч Бурхан энэ хорвоог зөвхөн хүнд зориулж хийсэн гэж үздэг бол Буддын болон Хинду сургаалаар орчлонгийн бүхий л амьд юмс тэгш эрхтэй, хүнд онцгойлох давуу юм байхгүй, тэр байтугай эдгээр амьд биес үхлийн дараа нэг нэгэндээ шилжин явдаг аж. Хятадын гол хоёр сургаал нь найрлын онол юм. Күнз төрийн тухай, түүний найрал зохицлын тухай сургасан бол Бумбын шашин хувь хүн нийгэм болон ялангуяа байгальтай хэрхэн зохицож найрах тухай сургажээ. Сонирхолтой нь нэг эх сурвалжтай ах дүү шашинууд түүхийн явцад хоорондоо илүүтэй дайсагналцаж байв.

Дэндүү хатуу чанга дэг­лэмтэй арабын зарим орныг эс тооцвол өнөөгийн ертөнц шашин болгоныг өөртөө баг­тааж, шашин болгонд хүл­цэлтэй ханддаг болжээ. Лондон, Улаанбаатар, Дели, Исламабад, Ерусалэм, Ром алинд нь ч лалын хиндусын, христосын, буддын, иудайн сүм хийд биендээ дайсагналцалгүй зэрэгцэн оршиж байна. Шашны үл тэв­чил өөрийн түүхэн бүдүүлэг үеэ хэдийнээ өнгөрөөжээ. Чингэсийн монголчууд ма­гадгүй анхны шашны хүлцэл­тэй гүрэн байсан байх. Тэнд айлчлаад ирсэн Марко Поло олонд дуулдаагүй элдэв со­нин ярьсанд европчууд итгэж эхэлсэн боловч Хархоринд лалын болон христосын сүмүүд биедээ огт муу юм санахгүй зэрэгцэн оршдог тухай яриадахсан чинь “мянган худалч” хоч зүүсэн байдаг. Түүнээс өмнө Монголд ирсэн Рүбрүк буддын, лалын, христосын шашинтнууд зэрэгцэж суугаад хорвоогийн мөн чанарын тухай ном хаялцан маргаж байсан тухай бичиж үлдээжээ. Тэр байтугай Мөнх хаан лалынхнаас христосыг өмөөрч байсныг тэмдэглэсэн байна.

АНИМИЗМ

Эртний хүмүүс шашинд онцгой ач холбогдол өгдөг байжээ. Шашны ямар нэг зан үйл, тахилга үйлдэх нь цаашид оршин тогтнох, ялангуяа хоол унд олдох үндсэн шалгуур гэж ойлгодог байв. Британы антропологч Тайлорын онолоор ертөнцийг үхсэн хүмүүсийн сүнс захирч байдаг гэж эртний хүмүүс ойлгодог байжээ. Иймээс тэднийг аргадах тайвшруулахын тулд элдэв тахилга үйлдэх болж. Германы хэл шинжээч Мюллэрийнхээр эртний хүмүүс аяндаа өөрт нь нөлөөлж буй далдын хүчнийг муу тэнгэр, сайн тэнгэр гэх мэтээр хувааж эхэлсэн аж. Ингээд сайныг нь хөхиүлэх, мууг нь зайлуулах есөн шидийн ритуал ёслол бодож олсон гэнэ. Энэ нь бурхны тухай анхдагч ойлголт байжээ. Мөн Германы шашин судлаач Оттогийн тайлбарласнаар хүмүүс аяндаа далдын хүчийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй ариун гэгээн гэсэн юмаа шүтэж дээдэлж биширдэг болжээ. Хүн байх утга учир гэсэн ойлголт ингэж буй болсон гэнэ. Орчин үеийн шашинд автаагүй, соёлын доод төвшинд яваа бүдүүлэг овог омгуудад энэ байдал өнөө болтол байсаар байгаа. Туйлын, Сибирийн, Канад, Аляскийн, эсвэл Бразилийн шугуйн, Африкийн ширэнгэ дахь, Далайн орнууд болон Шинэ Зеланд, Папуа Гвиней, Австралийн бөглүү гээд олон газарт буй овог отгуудад энэ ойлголт болон хэмжээ агуулагдсаар байгааг харж болно. 

Анимизм буюу сүнс шүтэх үзэл гэсэн санаатай нэршил бий. Дээрх бөөгийн мухар сүсгийг ингэж нэрлэдэг. Шаманизм нь үүний нэг хэлбэр. Шаман гэдэг нь зайран, удган гэсэн эвенк-тунгус үг бололтой. Ингэхээр шаманизм гэдэг нэршил Сибирь болон түүний ойр орчим дахь хүйтэн газрын бөө мөргөлийг нэрлэдэг. Австрали, Бразил, Африкийн бөөгөөс их ялгаатай нь мэдээж. Үгүй дээ л цаг агаарын онцлог, гарал үүслийн хол, зан заншлын ялгаа гээд байлгүй яахав. Гэхдээ цаад үндсэн агуулга нь бараг л яг ижил. Ер нь дэлхийн эртний бүх үндэстний уугуул шашин нь бөө мөргөл мөн. Ингэхээр хэзээ нэгэн цагт энэтхэгчүүд ч, хятадууд ч, европчууд ч бөө мөргөлтэй л байсан байж таарна.

МОНГОЛ БӨӨ

Монголчууд бүр эхнээсээ л бөө мөргөлтэй байсан. Түрэг угсаатны эзэмшил өнөөгийн Монгол нутагт монгол угсаатан Сибирийн тайгаас орж ирсэн байж магадгүй байдаг. Тал гэдэг бол хөвчтэй харьцуулахад соёлын илүү дэвшилд хүрэх бололцоо юм. Өнөөгийн Монгол нутагт үе үеийн турш төр улсаа төвхнүүлж байсан түрэг, монгол, хамниган овгийн улсын тал хээрт олон шашны урсгал орж ирж байжээ. Буддизм анх VII зуунд хачирхалтай нь өнөөгийн Афганистанаас орж иржээ. Мөн үед Персээс гаралтай манахэйн шашин орж ирж нэлээд хүчтэй нөлөө үзүүлж байв. IX зууны үед христосын шашин орж ирлээ. Тодорхой системтэй, сургаалтай, тайлбартай, моралтай, шалгууртай, үндэстэн дамнасан шинжтэй эдгээр шашнууд нь далдын хүчинд итгэн дулдуйдсан, ердийн мухар сүжиг болсон бүдүүлэг бөө мөргөлд амархан цохилт өгч байв. Гэвч ямар ч сургаалт шашин бүдүүлэг овог отог руу нэвтрэхэд удаан хугацаа шаарддагаас гадна нутгийн уламжлалт аминист шашинтай зөрчилддөг мөртөө бас холилддог. Христосын шашин орж ирэхээс өмнө герман, слав үндэстний шүтдэг байсан бөө мөргөлийн олон элемент өнөө хүртэл европчуудын дунд цөөнгүй бий.

Монгол болон бусад түрэг, хамниган овогтнууд ч сургаалт шашныг авахын зэрэгцээ өөрийн бөө мөргөлтэй ихээхэн “эрлийзжүүлж” байв. Христ санваартан Рүбрүк Монголд ирчихээд загалмайн шашныг хэрхэн дампууруулж танигдахгүй болгож байгааг хараад гасалж байв. Бөө маягийн загалмайтан, бөө маягийн лал мөргөлтөн, бөө маягийн буддист Монголын талаар нэг байв. Чингэсийн өмнөхөн Монголын хамгийн том хоёр аймаг Хэрэйд, Найман христос мөргөлтөн байжээ. Энд тэндгүй үргэлж дайн хийдгийн хувьд Төв Ази нь тухайн үедээ дэлхийн геополитикийн том төв байсан, тэр утгаар нь янз бүрийн шашин нааш их зочломтгой байж. Харин хээр талаас хойгуур уул мод руугаа ойр Хамаг Монголд бөө ноёрхож байлаа. Гэвч дэлхийг эзлэн олон соёл иргэншилтэй танилцахын хэрээр өөр шашинд орох буюу талтай болон автаж байлаа. Чингэс хаан насны бөгсөнд Бумбын шашинд их автсан байдаг. Түүний бүх бэр христосын шашинтай байсан нь сонин. Ач хүү Гүег христос шүтэгч байсан бололтой. Дөрвөн их хааны эх Соргагтани христ шүтдэг байсан тул бараг ХХ зуун хүртэл олон сүмд Мари дарь эхийн орыг эзэлж байв. Зүч болон Цагаадайн удмынхан лалын шашинтан болсон бол Хубилайн удмынхан күнз, бумба, буддын шашин тийш хэлбийжээ. Хубилай Хятадын Юань династийн хаан болоод хятадын гол гурван шашин күнз, бумба, буддын төдийгүй мөн христос, иудай, лалын шашны баярыг албан ёсоор тэмдэглэдэг байсан байна.   

Бөө мөргөлтэй хатуу тэмцсэн шашин бол ХVII зууны үесд Монголд нэвтэрсэн төвдийн буддизм юм. Монголд төвд буддизм, тэр дундаа шарын шашныг анх залсан гэдэг Алтан хан юун түрүүн уул овоо тахих бөөгийн ёсыг цаазлан хорьж өндөр торгууль ноогдуулж байв. Хөгширсөн өвгөнийг ач хүү нь ам руу нь өөх чихэн араас нь ясаар гудруулж алах, уул ус тахихдаа онгон залуу охидыг усанд үйж алдаг зэрэг зэрлэг бүдүүлэг заншил ёслолтой буддизм ширүүн тэмцсэн юм. Ялангуяа шарын шашин төрийн зэрэглэлтэй болсноос хойш эдгээр үйлдлийг чангаар яллах болжээ. Ойрдод бөөгийн эсрэг хүч хэрэглэж бараг ор мөргүй болгож орхисон. “Тийм их шидтэй юм бол өөрийгөө авар” гээд бөө нарыг орон гэртэй нь шатааж байсан тохиол тун элбэг байжээ. Үүний зэрэгцээ ухуулга сэнхрүүлэг хүмүүжлийн ажил ч их явуулж байсан юм. 

Шарын шашин тал газраар илүүтэй хурдан тархаж байсан ч уул хөвчид тун удаашралтай байв. Ялангуяа Хөвсгөлийн болон Тагнын нуруу, Алтайн чанад руу хүний хөл хүрэхэд хэцүү газар бөө мөргөл амь бөхтэй оршсоор байлаа. Энгийн үгээр хэлбэл дэд бүтэц байхгүй учраас л тэнд лам нар очиж чаддаггүй байж. Хөвсгөлийн урианхай, дархад нарыг бөөгөөс нь салгахын тулд Богдоос тэднийг шавь болгон зарлаж өөрийн ивээлд хүртэл авсан байдаг. Хөвсгөлийн болон Тагнын нурууны аглаг бөглүү газар ХХ зуун хүртэл бөө үлдсэн нь ийм учиртай. Орос Алтайн (Горный Алтай ч гэдэг) ойрдуудын дунд ч өнөө хэр бөө мөргөл байсаар байна. Сияаны нуруунд тува нар ч бөөгөө авч үлдсэн. Харин Байгал нуур, Хэнтийн нуруу тал руугаа бол бөөг ор мөргүй болтол нь шахаж чаджээ. 

Хачирхалтай буцах процесс бас болсон байх юм. Хилийн наана цаана орших халх, буриад монголчуудыг хооронд нь зааглахын тулд оросууд XIX зууны сүүлчээс эвенк, тунгус хүмүүсийг авчирч хилийн харуул козак болгон суурьшуулжээ. Тэднийг халхчууд хамниган буриад гэдэг, харин тэд нэгэнт буриадтай огт хамаагүй болохоор буриадууд зүгээр л хамниган гэдэг. Бүдүүлэг омгийн тэд хоёр монголын дунд суугаад тун амархан монголжжээ. Ногоон нүдээр нь л ялгаж болно гэж ярилцдаг. Тэд Хэнтийн нуруу хавийн буриад, халх монголчуудын дунд мартагдсан бөөгийн мөргөлийг нь авчирсан байна. Үр дүн нь одоо л гарч байгаа юм байлгүй, Хэнтийн хойд сумдаар нэг салбаганасан бөө нар гараад ирж, саяхнаас.

2009.1.25

Үргэлжлэл бий


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Япон улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

Хэлэлцээний эхэнд Ерөнхий сайд Ш.Абэ “Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо КEIDANREN-тай хамтран зохион байгуулж буй Монгол, Японы Бизнес форумд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг ирж оролцож байгаад баяртай байгаагаа илэрхийлье. Таны манлайлал дор эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрсэнд таатай байна. Япон, Монгол хоёр улсын харилцаа өндөр түвшинд хөгжиж байгаа бөгөөд цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ”Манай хоёр орны харилцаа Шинзо Абэ таны Монгол улсад хийсэн айлчлалаас хойш улам эрчимжиж өндөр түвшинд хүрч байгаа. Таны дэвшүүлсэн ажил хэрэгч санаачлагууд улам эрчээ авч ажил хэрэг болж байгаад баяртай байна . Хоёр улсын засгийн газар тууштай хамтран ажилласны үр дүнд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зарчмын тохиролцоонд хүрсэнд таатай байна. Энэхүү хэлэлцээрийг хийснээр хоёр улсын бизнес хөрөнгө оруулалтын таатай орчин,тогтвортой эрх зүйн харилцаа үүснэ гэдэгт итгэлтэй байгаа. Ирэх оны эхний улиралд хоёр тал гарын үсэг зурж, соёрхон батлах бололцоотой гэж үзэж байна” гэж хэллээ.

Хэлэлцээний дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ  нар Монгол Японы хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрсэн болон Япон улс Монгол улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ.

 Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ ”Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Япон улсад хийж байгаа ажлын айлчлалыг чин сэтгэлээс халуун дотноор хүлээж авч байна. Мөн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхийн тулд эдийн засгийн харилцааг улам нягт  болгох асуудал дээр Ерөнхийлөгчтэй санал нийлж байгаа. Дараах гурван агуулгыг хамарсан хамтарсан мэдэгдэлд сая гарын үсэг зурлаа.

Нэгдүгээрт Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах хэлэлцээ үр дүнтэй болж зарчмын тохиролцоонд хүрснийг сайшааж байна. Тус хэлэлцээр нь манай улсын хувьд  саяхан байгуулсан Австралийн хэлэлцээрийн дараах 15 дахь хэлэлцээр болох юм. Мөн Монгол улсын хувьд анхны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бөгөөд бие биенээ харилцан нөхсөн эдийн засгийн харилцааг цоо шинэ шатанд гаргах өндөр ач холбогдолтой юм. Цаашид тус хэлэлцээрийг гарын үсэг зурж хүчин төгөлдөр болгох ажлыг түргэвчлэхийг зорьж хамтран ажиллана.  

Хоёрдугаарт  Монгол улсын үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, экспортыг дэмжих зорилготой “эрч нэмэх” санаачлагыг миний зүгээс дэвшүүлж дэмжлэг хүлээсэн. Энэ нь өнгөрсөн жилийн гуравдугаар сард миний бие Монгол улсад хийсэн айлчлалынхаа үеэр дэвшүүлсэн хамтын ажиллагааны  санаачлага юм. Ингэснээр олон улсын өрсөлдөх чадвар бүхий нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх болно.  

Гуравдугаарт Эдийн засгийн бүтцийг шинэчлэх мөн ил тод, тогтвортой эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авч, манай улсаас эдийн засгийн зөвлөх томилуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Ийм дэмжлэгээр дамжуулан Монгол улсын дунд болон урт хугацааны эдийн засгийн хөгжлийн бодлогыг боловсруулахад хувь нэмэр оруулах болно. 

Монгол улстай харилцан ашигтай бие биенээ харилцан нөхсөн харилцааг улам бэхжүүлж, стратегийн  түншлэлийг улам хөгжүүлэх бодолтой байна” гэж хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Япон Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Ш.Абэтэй чин сэтгэлийн найрсаг байдалд хэлэлцээр хийсэнд таатай байна. Манай хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа, эдийн засгийн түншлэлийн харилцаагаар баяжин бэхжих болж байгаад туйлын баяртай байна. Хоёр талаас үндсэндээ тохиролцсон эдийн засгийн түншлэлийн харилцаа бол хоёр талын эдийн засаг хөрөнгө оруулалтын харилцааг улам идэвхжүүлэхэд тогтвортой эрх зүйн орчин болж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Бидний эдийн засгийн харилцаан дээр гаргаж ирж буй санал бол хамтарч судлая,хамтарч хийж бүтээе, хамтарч зах зээлд гаръя гэсэн саналыг дэвшүүлж байгаа.

Энэ саналын хүрээнд өнөөдөр Япон улсад хамгийн өргөн хүрээтэй эдийн засаг, хувийн хэвшлийнхний чуулга уулзалт боллоо.  Энэ чуулга уулзалт дээр Монголын эдийн засгийн байдал хөрөнгө оруулалтын орчны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн байгаа. Хоёр талаас энэ чуулга уулзалтад оролцсон компани, төлөөлөгчдийн тоо 500-д хүрснийг энд тэмдэглэж хэлье.

Япон улстай харилцах харилцаа бол  Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Энэ тэргүүлэх чиглэлийн харилцаа нь Монголын хөгжлийн эрх ашиг, манай үндэсний эрх ашигт нийцэж байдгийг энд цохон тэмдэглэхийг хүсч байна” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баталсан хийгээд буцаасан хуулиудын тухай

Хаврын чуулган завсарлачихсан байна. УИХ-ын гишүүд налгар зуныг найр наадам хэссэн шигээ өнгөрөөж явна.  Чухам хаврын чуулганы хугацаанд тэд ямар ажил амжуулж, хэдэн хууль гараас гаргаж, хэдийг нь буцаасныг энэ цагт эргээд нэг саная.  Хаврын чуулганаар нийт 106 хууль, тогтоол, шийдвэр гаргасан тухай УИХ-ын дарга хэлсэн байна.

Ямар хуулиуд батлав 

Нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг гараас гаргажээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан байна.  “Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталжээ.  Шилэн дансны тухай төсөл ч хууль болон хэрэгжихээр болсон юм. Энэ хуулийн тухай яривал их түүхтэй. Ерөнхийлөгчийн зүгээс санаачилсан уг төслийг УИХ эхэндээ хүлээж аваагүй, унагасан тохиолдол бий. Гэвч  төслийг хоёр дахиа өргөн барьж,  дэмжлэг авсан гэж байгаа. Ахин дахин өргөн барихаас ч өөр аргагүй. Энэ хууль заавал батлагдах нь нийгэмд хэрэгтэй байжээ. 

Хууль батлагдсанаар Монголын ард түмний татварын мөнгийг төвлөрүүлсэн төсөв хэмээгчийг захиран зарцуулж буй албан тушаалтнууд тайлангаа ард түмэнд тавина. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн данс ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс  шилэн хэлбэрт шилжих нь.  Төрийн компаниуд, төсөв захирагчид түмний мөнгийг яаж зарцуулж байгаа нь энэ цагаас бүхэнд ил тод болно гэсэн үг. Ингээд бодохоор сандал, суудлын төлөөх хаваржингаа оволзсон тэр их хэрүүлийн хажуугаар УИХ ганц ч болов хэрэгтэй хууль баталсан нь энэ болж таарлаа.

Дараа нь Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хууль болгон шийдвэрлэсэн явдал. Гэхдээ үүнийг нэг тохироотойгоор баталсан.  “Шударга ёс” эвсэл төслийн зарим заалттай санал нийлэхгүй байгаа. Үүнийгээ хэлж,  чуулган завсарлах тэр өдрийг гацааж, сунжруулж магадгүй болчихоод байсан юм. Учир нь тэд стратегийн ордуудад төр хувь эзэмших ёстой гэдэг жанжин шугам барьдаг. Үүнийгээ төсөлд тусгуулах байр суурь баримталж байлаа. Тиймээс чуулганаа хугацаа алдалгүй завсарлуулахын тулд тэдний саналыг намрын чуулганаар хэлэлцье.  Ашигт малтмалын тухай хуульдаа үүнийг нь оруулах эсэхээ ярья хэмээн  амлаад хуулиа “түр” баталсан гэхэд болно. Мэдээж хаврын чуулганаар хангалттай хэлэлцэж, баталсан асуудал нь “Эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх  тогтоолын төсөл байлаа. Талцаад байдаг намууд ч энэ төслийг батлахад харьцангуй тэгш оролцоотой байж, өөр өөрсдийн саналыг тусгасан юм. Тогтоолын дагуу хэд хэдэн хуулийн төсөл, арга хэмжээнүүдийг УИХ баталж өгсөн байгаа. Үүний хүрээнд өнөөдөр Засгийн газар эдийн засгаа сайжруулахаар амралтгүй ажиллаж яваа дуулдана. Мөн “Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Цагаан суваргын ордод төр хувь эзэмших эсэхийг шийдсэн.  Шилэн дансны тухай хуультай адил “хувь заяагаар” эргэж буцсаны эцэст батлагдсан Хяналтын тухай хуулийг ч хаврын чуулганы нэгэн үр дүнгээр нэрлэж болно. Энд дурдагдсан ихэнх хуулиудыг эрхэм гишүүд маань “өрөөндөө” хуушуур захиалж, суудлаасаа өндийлгүй хуралдаж, нэг л өдрийн дотор баталчихсаныг ард түмэн цөм харсан. Тэдний баталсан хууль, тогтоол, шийдвэрүүдээс онцлон хэлэхэд ийм байна. 

Буцаасан хуулиуд 

Үнэндээ хаврын чуулганы хугацаанд  буцаасан, унагаасан төсөл, хэрэлдсэн, завсарлага авсан асуудал,  огцруулахаар зүтгэсэн сайд олонтой байлаа.  Тэдний тод жишээ нь Газрын тухай хуулийн төсөл.  Гадаадын иргэдэд газар эзэмшүүлье, газар тариалангийн бүс нутгийг хувьчилъя гэдэг үзэл санаа туссан тухай  сөрөг хүчин шүүмжилж байлаа. Үнэхээр тийм бол энэ  хууль амьдралд нийцээгүй байж.   Зөвхөн парламентад төдийгүй, нийгэм даяар иргэдийг талцуулах хандлагатай болсон Газрын тухай хуулийг өргөн барьсан хүмүүс нь явцын дунд буцаагаад татчихсан. Чухам энэ хуулийн төсөл хэзээ олны таашаалд нийцсэн байдлаар орж ирж, хууль болон батлагдах нь дахиад л тодорхойгүй хэвээр үлдлээ.  Хаваржингаа улстөржин хэлэлцчихээд эцсийн шатандаа батлалгүй унагасан  нэг төсөл бол яах аргагүй олны яриагаар давхар дээлийн асуудал. 2016 оны долдугаар сарын 1-нээс сайд нарыг дан дээлтэй болгочих гэсэн Ерөнхийлөгчийн санааг Ардын намынхан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах дөгөө болгон хувиргахаар зүтгэсэн. Нэг ёсондоо  шал дэмий цаг үрсэн улс төр болон хувирсан билээ. Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудал ч  үүнтэй адил “сценараар” явсан. О.Баасанхүү гишүүн парламентыг бүтэн хоёр сар ажил хийлгэлгүй, хамаг анхаарлыг нь хэрүүл шуугиан руу татчихаад эцсийн мөчид өргөдлөө буцаагаад авчих жишээтэй. Гэх мэтчилэнгээр үр дүнгүй ажлууд хаврын чуулганд олон байлаа. 

Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах төсөл ч мөн ялгаагүй гацчихсан. Анх санаачилсан хуульдаа гар хүргүүлэхгүй хэмээн бамбай бариад зогсч байгаа Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад таг зогссон.  Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл ч хаврын чуулганаар эцэслэгдэж чадсангүй.  Хань ижил нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч тэтгэврийг нь үргэлжлүүлэн авах боломж  олгох асуудал байлаа. Гэвч Ардын намынхан үүнийг сөргүүлж, малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай төсөл өргөн барьж, барьцсанаар чөдөр тушаа болсон.  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах, Галт зэвсгийн тухай, Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого, Худалдааны тухай,  Өршөөл үзүүлэх тухай хууль, тогтоолын төслүүдийг  ор тас орхилоо.  Х.Тэмүүжин сайдаар овоглогддог Гэмт хэрэг, Зөрчлийн тухай хуулийг ч батлах нь бүү хэл олигтой хэлэлцсэнгүй.  Төмөр замын царигийн асуудлаа ч нэг тийш нь болгосонгүй, хаалттай хуралдсаны эцэст “дараа болъё” гэж хойшлуулаад амарцгаав.  

Хаврын чуулганы үеэр  Засгийн газраас өргөн барьсан нэг дорвитой зүйл нь Эдийн засгийн өршөөл буюу ил тод байдлын тухай хуулийн төсөл юм. Үүнийг УИХ эцэслэн шийдэж чадалгүй завсарлалаа. Гэхдээ намрын чуулганаар ч энэ төсөл батлагдана гэсэн баталгаа алга.  Учир нь Ардын намынхан уг хуулийн төслийг улдан эсэргүүцэж буйгаа хаврын чуулганы үеэр илэрхийлээд эхэлсэн. Бүлгийн дарга нь  “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих нэрийн дор хөрөнгө орлогын мэдүүлгээ худал бөглөсөн, хөрөнгөө нуусан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн авлигачдыг өршөөхөд чиглэгдсэн. Хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан нөхдийг өршөөнө гэсэн хуулийн төсөл оруулж ирсэн нь шударга ёсны зарчимд харшилж байна” гэх мэтээр ярьж байгаа. Энэ байдлаас нь харвал Эдийн засгийн өршөөлийн тухай хууль сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой. Уг нь бол Эдийн засгийн өршөөлийн тухай хууль батлагдвал Ардын намынханд юу юунаас хэрэгтэй баймаар. Төр барьж явсан  он жилүүдэд хийсэн гэм байдаг юм бол үүгээр л далимдуулж цайруулах гэхсэн.  Үүнийгээ мэдсээр байж худлаа жүжиглэж маяглахын хэрэг байхгүй мэт санагдана.  Гэвч энэ төслийг намрын чуулганаар хэрхэн хэлэлцэхийг хүлээх л үлдлээ. Энэ мэт хаврын чуулганаас гээгдсэн олон чухал хууль намрыг хүлээсээр, харин гишүүд наадамласаар л явна.  

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Гудамж” төслөөр Гандангийн дэнж өнгө заслаа

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн дэнжийн гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх бүтээн байгуулалтын ажлыг “Гудамж” төслөөс эхлүүлээд байгаа билээ. Гандангийн дэнжийн Орхоны зургадугаар гудамжийг авто болон явган зам, бетон суурь бүхий нэг загварын хашаатай болгон тохижуулж дууссан байна. Уг гудамжны нээлт өнөөдөр болно. 

Цаашид 30 гудамжийг яг энэ загвараар тохижуулах бөгөөд цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, инженерийн бусад дэд бүтэцтэй болгох талаар “Гудамж” төслийн холбогдох хүмүүс мэдээллээ. 

Эдгээр ажлын зураг төслийг “Нью Урбанизм” ХХК боловсруулж байгаа бол эхний гудамжны зам барилгын ажлыг “Их зам Бүтээн байгуулалт” ХХК гүйцэтгэсэн байна.

Гандангийн дэнжийн гэр хороолол нь нийт 55 га талбайг хамардаг бөгөөд нийт 31 гудамжны 857 хашаанд 1875 өрх оршин суухаас гадна 65 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг аж.  

Сарын өмнө


Одоо Гандангийн дэнж