Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатарын эхнэр Ерөнхий прокурорт ханджээ

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг АТГ-аас хоёр дахь удаагаа цагдан хориод байгаа билээ. Олон хоног шоронд хоригдсоны улмаас Д.Цогтбаатарын бие нь муудсан бөгөөд яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа гэнэ. Тиймээс түүний эхнэр Ч.Мандах Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавд хандаж хүсэлт гаргажээ. Тэрбээр хүсэлтээ “Миний нөхөр Д.Цогтбаатар гурван сарын турш Төв аймагт хоригдохдоо шулуун гэдэснээс нь цус алдсан, хаван болон даралт нь ихэсдэг болсон. Мөн бөөрний архаг үрэвсэлтэй гэсэн оноштойгоор 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хүргэгдсэн. Эмчийн дүгнэлтээр яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн онош тавьсан. Иймд миний нөхөрт холбогдуулаад байгаа хэргийг онцгойлон анхаарч заавал цагдан хорихгүйгээр батлан даалтад гаргаж, хууль хяналтын байгууллагад харьяаллын дагуу хурдан шуурхай шалгуулж өгөхийг танаас хичээнгүйлэн хүсч байна” хэмээжээ. 

Д.Цогтбаатар шоронд байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хандаж захидал бичихдээ өөрийг нь үндэслэлгүйгээр хорьж байгаа тухай дуулгаж, шалгаж байгаа газрынхаа харьяаллыг сольж өгөхийг хүссэн байдаг. Түүний эхнэр нь ч Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисст хандаж, хэргийг хүний эрхийг хохироолгүй, үнэн зөв, шуурхай шийдэж өгөхийг хүсч байсан байна. Мөн Нийслэлийн прокурорын газарт хандаж нөхрөө батлан даалтад гаргаж авах тухай хүсэлтийг хэд, хэдэн удаа тавьж байжээ. Үүний хариуд “Гэмт хэрэг дахин үйлдэх, оргон зайлахаас сэргийлж хорьж байгаа нь үндэслэлтэй байна” гэсэн хариуг өгдөг ажээ. “Манай нөхрийн гадаад паспортыг нь хурааж аваад, хилийн хориг тавьсан. Тэгээд ч тодорхой оршин суух хаягтай хүн учраас оргож зайлах ямар ч боломж байхгүй. Миний нөхөр тагнуулын байгууллагад 20-иод жил нэр төртэй ажиллаж байсан, хуулийн өндөр мэдлэгтэй хүн. Хуулийн байгууллага дуудсан цагт нь очиж байцаалт өгөх, шалгуулах бүрэн боломжтой. Ийм байхад заавал цагдан хорьж, эрүүл мэндийг нь хохироож байгаа нь хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлж байгаагийн тодорхой жишээ болж байна” хэмээн Ч.Мандах сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ. 

Д.ГЭГЭЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шашныг өмөөрөхүй (II)

Баабар ингэж өгүүлэв

БУДДАГИЙН СУРГААЛ

Сиддарта Гаутама буюу Шагжиймунын Буддагийн мэндэлсний 2550 жилийн ойг хүн төрөлхтөн саяхан тэмдэглэсэн. Ер нь байгаль хүн төрөлхтөнд нэг хэсэг бөөн бөөнөөр нь аугаа ухаан илгээх мөртөө нэг хэсэг хэдэн мянганаар таг чиг болчихдог. Одоогоос 25 зууны тэртээ аугаа сартваахиуд нэг хэсэгтээ бөөнөөрөө төрж байсан нь Будда, Күнз, Лаоцы, Аристотель, Платон, Сократ, Зараостэр гэх мэт. Мянганаар тооцох түүхийн утгаар эд нэг үеийнхэн. 

Буддизм нь өөрөөсөө хавьгүй ахмад шашин хиндуизмын хөрсөн дээр соёолжээ. Эртний энэтхэгчүүдийн түүхээр боловсорч хөгжсөн шашнаас зан үйл, домог, бэлгэдлээс авахуулаад сэтгэлгээ, гаргалгаа, философи гээд маш олон зүйлийг өвлөн авсан байдаг. Будда үхэх төрөхийн циклийг тайлбарлажээ. Хийсэн үйл болгон дараа нь үр дүнгээ үздэг гэсэн нь түүний философийн гол гаргалгаа юм. Өнөөдөр яг одоо амьдарч байгаа биет нь урьд насны үйлийн үр дүн. Амьдрал бол үхлийн шууд үргэлжлэл. Энэ цикл тасрахгүй. Амьтан болгон зовдог, энэхүү зовлон нь урьд нь хийсэн үйлийн үр дүн юм. Иймээс зовохгүйн тулд зовлонтой нь биш тэрнийг үүсгэсэн шалтгаантай тэмцэх ёстой. Тэр шалтгаан нь нэгэнт урьд өмнө болоод өнгөрсөн учраас цаг хугацааг урагшлуулан очиж засах бололцоогүй. Иймээс гагцхүү хожим зовохгүйн тулд хожмын зовлонгийн шалтгааныг одоо үүсгэж болохгүй. Чухам эндээс Буддын зөв амьдрах сургаал мөрдлөг болон гарч ирж байгаа юм. Энэ бүхнийг монголчууд нэн эртнээс үйлийн үр гэж орчуулах болсон. Гэхдээ одооны хэлээр үйлдэл ба түүний хариу, эсвэл үйлдэл, тэрнээс үүссэн хариуцлага гэж болох юм. Орчин цагийн монгол хэлэнд “үйлээ үзэх” гэвэл ядрах, махрах, махаа идэх гэсэн утгатай; “үйлийн үр” гэхээр гарах гарцгүй, цаанаасаа ингэж заяагдсан гэсэн өөр утга агуулах болжээ. Достоевский үүнийг “Гэмт хэрэг ба ял шийтгэл” гэх маягтай хэлснийг “Гэм, зэм” гэсэн хэлц үгээр ч орчуулна. Гээд энэ нь Буддын сургаалын өрөөсөн тал нь. Гэм хийвэл зэмтэйгээс гадна буян хийвэл шагналтай гэж байж бүтэн болно. Ямар л үйлдэл хийнэ тэрэндээ тохирсон хариу сүүлд нь гарна гэж товч илэрхийлж болох нь. Ингэхээр хүний сайн муу явах зөвхөн өөрөөс хамаарах ажгуу. 

Энэ сургаал нийтэд их ойлгомжтой зүйл. Гэтэл Буддын сургаалыг нийтэд ойгомжгүй болгодог зүйл нь дараагийнх нь. Хэрэв хүн үхэх төрөхийн цикл дотроо л байгаад байвал зовлонгоос нэг мөсөн ангижрахгүй. Харин хүн энэ хорвоогийн эгэл зүйлсээс ангижирч чадвал мөнөөх цикл эргэлтээс гарч дөнгөнө, тэгсэн цагт мөнхийн аз жаргал, амгаланг олох аж. Мөнхийн амгалан олох тэр статусыг Будда нирваан гэж нэрлэжээ. Ийм амгаланг ологч мянгаар тоологддогийн нэг нь Будда өөрөө аж. Бусдаас нь ялгахын тулд түүнийг Шагжийнмунын Будда гэнэ. Түүнийхээр бүтээгч Бурхан гэж үгүй аж, харин нирваан болсноор хэн ч Бурхан болдог ажгуу. Чухам үүгээрээ буддизм нь нэг Бурхант шашин болох лал, христосоос эрс өөр тайлбартай.

Буддаг нас барснаас хойш үе үеийн шавь нар нь сургаалыг нь нэгтгэн Трипитика хэмээх судар гаргажээ. Үүний нэг нь Дармапад. Тэд Нама будаяа, нама дармаяа, нама сангаяа гэсэн товч цогц илэрхийлэл зохиосон нь “гурван эрдэнэ” ч гэгддэг. Энэ нь Буддаг шүтье, Буддагийн сургаалыг шүтье, сургаалыг цааш дэлгэрүүлэгчийг бас шүтье гэсэн санаа. Буддагаас хойш сургаал нь гурван гол урсгалд хуваагдсан нь их хөлгөн, бага хөлгөн, тарнийн хөлгөн юм. Бага хөлгөн буюу хинаяанагийнхан өөрснийгөө ингэж нэрлүүлэх дургүй, “тэрэвада” гэцгээдэг. Тэд Буддаг өөрийг нь илүү эрхэмлэн шүтдэг бол Их хөлгөн буюу махаяанагийнхан олон будда байдаг гэсэн чиглэлээ барьж ирээдүйн будда ирэх (төрөх?) цагт хүн төрөлхтнийг аварна гэж үзнэ. Тарнийн буюу төвдийн буддизмынхан өөрснийгөө Их хөлгөнд хамааруулдаг авч судлаачид үүнийг үгүйсгэдэг, шал өөр чиглэл болохыг нь төрөл бүрээр баталдаг. Төвдийн буддизм ловон Бадамжунайгаас үүсэн цааш явсан. Хэн ч гэгээрч болно гэсэн Их хөлгөний үзлээс төвд шашин угшилтай боловч цаашдаа салаад явжээ. Их хөлгөн Боддармагаас эхлэн хуушаан буюу чань болон хөгжиж улмаар Япон руу зэн гэсэн нэрээр төгөлдөршлийг олсон байна. Эд нирваан болох технологийг практик болгон хөгжүүлсэн учраас эндээс үшү, кунфү, каратэ, жижицү гэх мэтийн философи-урлаг-спорт ч үүсчээ.  

ТӨВДИЙН БУДДИЗМ

Буддагийн амьдарч байсан уулын архан талд төвдүүд суудаг. Хөрш орон руугаа сургаал нь III зуунд анхлан ирсэн гэх боловч үнэндээ Буддагаас хойш 1200 жилийн дараа л лавтай гүн шингэжээ. Гол учир нь хоёр ард түмний соёлын болон иргэншлийн хэт зөрөөнөөс болсон хэрэг. Уулын мухарт суудаг төвдүүд нь дэндүү хоцрогдонгуй, бүдүүлэг үндэстэн. Хэт өндөр газар ус ч буцалдаггүй учир махаа хүртэл түүхийгээр нь шахам иднэ. Бөөгийн мухар сүжигтэй, тэрийг нь бон гэнэ.  Ийм газар орж ирсэн соёлтой, өндөр мэдрэмжийн сургаал бөөгийн мухар сүсэг, бүдүүлэг зан үйлийнх нь гоёл, хавсрага төдий болох нь ойлгомжтой. Гурван эрдэнэ гэсэн ойлголт орж ирүүтээ дөрөв боллоо. Дөрөв дэх нь лам. Лам хүнийг мухраар шүтэж, хамгийгаа тэмтрэн өгч байх энгийн авлига. Бөөгийн шүтдэг олон шүтээн, тухайлбал сармагчин, шулмас зэрэг нь дорхноо бурхны зэрэгт өргөмжлөгдөв. Бөөгийн зан үйл домог Буддын гайхамшигт сургаалтай холилдон тэр гэхийн тэмдэггүй боллоо. Лам нэрээр хүмүүсийг хуурч авлигаар амьдардаг бүхэл бүтэн паразит давхарга үүслээ. Тэд гол нь тарнийг шүтэх ба элдэв уншлага, хараал, авралын тарни бодож олсон нь учир тоймгүй. 

Мянгаад оны үед Адиша хэмээх их эрдэмтэн Төвдөд ирснээр үндсэн эргэлт хийсэн. Адишагийн сургаалыг орчин үеийн хүмүүст ойлгомжтойгоор тайлбарласан Ошо багшийн тайлбар гэж бий. “Билгүүн ухааны шастир” нэртэй энэ ном П.Бадралын орчуулгаар саяхан хэвлэгдэн гарсан. Энд чухам Буддагийн яриад байсан үйлийн үр хэмээх бүхэнд ойлгомжтой сургаал, нирвааны тухай ойлгомжгүй сургаалыг ялгаж өгсөн юм. Үйл болгон ардаа хариутай, иймээс зөв амьдрах нь зовлонгоос хол байх үндсэн арга. Хүн шуналаасаа болж буруу үйл хийдэг, буруу үйлийн хариу зовлонг авчирна. Маш ойлгомжтой товчхон философи. Энд чухам хүний амьдралын этик, мораль, амьдралын ухаан оршмой. Тарни гэдэг бол мунхруулга, ерөөсөө ч буддизм ямар ч ид шидийн тухай сургаагүй гэдгийг Адиша төвдүүдэд хэлж өгсөн юм.

Хүн зовлонгоос мөнхөд ангижран нирваан болъё гэвэл энэ хорвоогийн явдлаас бүрэн салах ёстой. Сиддарта шиг эхлээд эхнэр, нялх хүүхэд, хөгшин эх эцгээсээ холдон бүрэн умартана. Хорвоогийн бүхий л үйл явдлыг өөрт огт хамаагүй мэтээр тэс хөндлөнгөөс харж үл оролцоно. Энэ сургаал ойлгоход хэцүүгээс гадна үнэмшихэд ч бэрх, цаанаа ямар нэг ид шид агуулж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Эгэл хүний хувьд мөнхийн амгаланд очно гээд хорвоог огоорч байх ямар ч шаардлага үгүй. Харин ингэхээр зорьж буй хүмүүсийг лам гэнэ. Эгэл хүнд энэ нь ид шид мэт харагдана. Ид шидтэнгээс хүмүүс тусламж гуйна. Хариуд нь өргөл барьц өгнө. Хөдөлмөр хийлгүйгээр тун амархан тэжээлгэчих арга ингээд гараад ирж байна. Өөр бусад нь ч энэ сайхан амар арга руу тэмүүлнэ. Ингээд лам нарын бүхэл бүтэн арми үүсэж таараа. Ингэхээр дотор нь өрсөлдөөн үүснэ. Мөн илүү ид шид бодож олно, эгэл иргэдийг улам илүүгээр мунхруулах арга санаачилна, өргөл барьцаа булаацалдан хоорондоо муудалцана. Адишаа төвдүүдийн буддист ойлголтыг цэгцэлсэн боловч түүнээс хойш мөн л дампуурч нийгмийн хамгийн бузар сав болж. Мэдээж Адишаагийн буянгаар Төвдөд мөнөөх зөвхөн дээд эгнээнийхэн ойлгох ертөнцийг огоорч байж мөнхийн амгаланг олох сургаал ихэд хөгжин маш том ололтод хүрснийг үгүйсгэх аргагүй.

1400 орчим онд Төвдөд Зонхов хэмээх нэгэн эр шашны энэ дампуурлын эсрэг тэмцжээ. Тэрээр өөрийн школыг төрүүлснийг шарын шашин гэнэ. Тэдний сургуулийнхан авлигач лам нараас ялгагдахын тулд тусгай формтой болж шар малгай духтуулах болсноос ийм нэр гарчээ. Нэгэнт л нирваан болж ертөнцийн хар бор амьдралаас тасрах гэж байгаа болохоор эхнэр авахыг хориглолоо. Сексийг бол хорьсон юм байхгүй. Харин ч сексээр дамжин нирвааны зарим хувилбарыг ойлгох технологи байдаг гэнэ. Зонхов нирваанд хүрэх гэж буй эдгээр лам нарыг сахилгажуулснаас гадна эгэл хүмүүсийн ойлгох ёстой зүйлийг бас тусгаарлаж өгчээ. Түүний бичсэн “Бодь мөрийн зэрэг” зохиол нь гурван ботиос бүрдэнэ. Эхнийх нь эхлэн гэгээрэгч буюу эгэл хүмүүст зориулж Буддын сургаалыг тайлбарлажээ. Энэ бол Буддын сургаалын дагуу хүмүүс зөв амьдрах тухай л номлол. Тэрээр Буддагаас гадна түүнээс хойш төрсөн архад – Нагаржуна, Адишаа, Шантив, Асанга зэрэг олон сартваахийн тайлбарыг харьцуулан өгүүлсэн юм. Улмаар гэгээрэгч, төгс гэгээрэгч нарт зориулсан дараагийн хоёр боть нь бурхны шавь гэгдэх мөнөөх нирваанд очихыг санаархагч хүсэгч тэмүүлэгч нарт зориулжээ. Энэ нь ерөнхийдөө мэргэжлийн сурах бичиг юм даа. Ингээд Буддагийн гэгээрэлд хүрэх арга зөвхөн лам нарт төдийгүй энгийн ардад ч бололцоотой болохыг Зонхов зааж, бичиг үсэггүй ардад лам нар тайлбарлаж ойлгуулах үүрэгтэй болохыг хэлсэн юм. Үүнийг хөтлөх гэнэ. Өөрөөр хэлбэл Бодь мөрийн зэрэг номын эхний ботийг лам хүн эгэл хүмүүст уншиж өгөн тайлбарлах, дараагийн хоёр ботийг өөрөө уншиж гэгээрэх ерөнхий журам эндээс гараад ирж байна.

МОНГОЛД БУДДИЗМ ИРСЭН НЬ

Төвдийн буддизм Монголд нэвтэрсэн нь улс төрийн шалтгаантай. Юань мөхөж нутагтаа хөөгдөж ирсэн монголчууд олон арван ханлигуудад хуваагдаж биендээ захирагдахаа болин хоорондоо тэмцэлдэх болжээ. Тэгэхээр тэднийг нэгтгэх үзэл суртал хэрэгтэй болсон. Нөгөө талаас Төвдөд шашны олон урсгал хоорондоо тэмцэлдэн хэн нь ч цоройж чадахгүй учир Монгол мэтийн хүчирхэг улсаас цэргийн тусламж авч ноёлох сонирхол бүгдэд нь байв. Хоёр тал ийм улс төрийн сонирхлын шалтгаанаар уулзалджээ. Монголчуудаас тусламж авах гэж Төвдөд улааны болон шарын шашин хоорондоо өрсөлдөж байсан бол Монголын ханлигууд биентэйгээ өрсөлдөн алиныг нь ч хамаагүй урин залж байв. Алтан хан анх шарын шашин залахдаа “Ойрдуудыг өшлөн дарахад хэрэг болно” гэж байсан бол ойрдын Хархул хариу цохиход хэрэг болж магадгүй хэмээн уралдан заллаа. Халхын Авдай сайн хан Төвдөөс сажапагийн урсгалынхныг урьсан бол цахарын Лигдэн улааны шашныг хамгаалагч болж байжээ. Олон хуваагдсан монголчууд Төвдийн олон хуваагдсан шашныг хэсэглэн өмөөрч хоорондоо байлдаж байв. “Цогт тайж” кинонд гардаг үйл явдал үнэн түүх. Хүний шашин өмөөрөх гэж Туулын усаа амсаад хэдэн мянган км хол явж хүний нутагт хоорондоо байлддаг, бас л шог байгаа биз?  Дараа нь яахав дээ, халх, ойрд, цахар, барга, буриадад бүгдэд нь шарын урсгал нэвтэрсэн, Төвддөө шарынхан төрийн эрх барьж, тэдний Далай лам хэмээх монгол цолтой лам толгойлогч нь болсон. Тухайн үед хүчирхэгжиж байсан манжууд төдийгүй хятадын Мин, дараа нь Чин улсын эзэд Монголд шарын шашин дэлгэрч байгаад ихэд баясан хөхиүлсэн байдаг. Энэ бол улс төрийн тал нь! 

МОНГОЛ МАЯГИЙН БУДДИЗМ

Буддын шашины хамгийн гоц дампуурсан хэлбэр Монголд тогтсон. Төвдийн бөөгийн “гарт хүмүүжиж” хэлбэрээ алдсан сургаал Монголын талд ирж дутахгүй бүдүүлэг бөөгийн “гараар орон” нүднээс гарав. Үхэл амьдрал дамнасан мөнхийн циклийн тухай сургаал тун ч хялбарчлагдаж үхэх мөрөөрөө үхэхгүй эргэж төрөөд буг болохтой шахдаг үзэгдэл хавтгайрав. Эхлээд Төвд Энэтхэгт томчуул нь эргэж төрдөг, тэрийг нь хайж олоод тодруулдаг байсан бол сүүлдээ нийтлэг үзэгдэл болж Монголын жалгын сүмийн хамба эргэж хувилаад салахаа болив. Хувилгаадын тоо замбараагаа алдаж, энэ нь нэг төрлийн аятайхан бизнес болсон тул төрөөс оролцон тоог нь хязгаарлажээ. Буддын сургаалыг бичиг номтой болсны хувьд бусдад тайлбарлаж өгч байх үүрэгтэй лам нар маань харь тангад хэлээр нь ном уншин түүндээ ид шид оруулж өвчин зовлонгоос салгадаг болжээ. Өөрөөр хэлбэл хувь хүн үнэнийг өөрөө хайх тухай сургаал гадаад хэлээр ид шид агуулсан тарни болон ойлгогдож буй нь энэ! Мэдээж өөрөө ч ойлгосон юм байхгүйгээр ном уншсан нэр зүүгээд шан харамж авна, тэр нь амьдралыг нь залгуулна. Ийм бэлэн хоол руу бүгд зүтгэх нь мэдээж. Ядуу айл хүүхдээ хоолтой залгуулах гэж лам болгодог бол, баян айл татвараас зугтаах гэж ийш тэмүүлнэ. Ингэсээр 700 мянган хүн амтай нийгмийн 100 мянга нь лам болжээ.

Буддагийн сургаал бол үнэний эрэл. Түүнийхээр хүн өөрийнхөө үнэнийг өөрөө олох ёстой. Хорвоогийн мөнхийн эргэлтээс сулран гарч чадсан цөөн нэг нь абсолют үнэнийг олох бололцоотой.  Өөрөөр хэлбэл буддизм нь хамгийн догма үгүй шашин. Монголын буддизм магадгүй дэлхийн хамгийн догма шашин болжээ. Үзмэрч, төлөгч, тарнич, зурхайч, номхруулагч, хараалч, мууг зайлуулагч, тольдогч гээд цаад утгаараа буддын сургаалтай харш, мөн чанараараа буддизмд байж болшгүй үзэгдэл монгол буддизмын амин сүнс, утга чанар нь болсон. Мухар сүсгийн хүрсэн зэрэглэл нь бөөтэй өрсөлдөхүйц болж авав.  Буддагийн сургасан болгон энд ид шид, далдын хүч, парапсихологи, экстрасеанс болон хувирсан. Лам нар болгон зөвхөн ном уншиж хүн айлгадаг төдийгүй, ирээдүйг нь тольддог, нүглийг цайруулдаг, од гаригийн хөдөлгөөнөөр хувь заяаг нь тодорхойлдог, өдөр тутамд хүний юу хийх болон эс хийхийг нь зааварладаг универсал шидтэнгүүд. Энэ нь хоцрогдсон нийгмийн сэтгэхүй болон моралийг бүр эвдсэн юм. Ямар ч нүгэл хийсэн тэрнийгээ эд мөнгө өгөн хахуульдах замаар цайруулж болно гэсэн нийгмийн ойлголт буй болгожээ. Ингэхээр сүм хийд гэдэг нь үнэн чанартаа Бурхантай наймаа хийдэг хар захархуу юм болон хувирч буй хэрэг.

Шашны энэхүү балайрал дампууралтай үе үеийн монгол сэхээтнүүд, ялангуяа томоохон лам нар их тэмцэж байсан юм. Тогтох ван, Агваанхайдав, Агваанбалдан, Ишданзанваанжил, цахар Лувсанчүлтэм, Данзанравжаа, Сандаг гээд олон бий. Энэ нь нийгмээ мухардалд оруулаад зогсохгүй сүйрэлд хүргэнэ гэж тэд анхааруулж байлаа. 1937-38 оны их аллага гол нь сүм хийдийг чиглэсэн. Коммунизм гэх шинэ атейст шашин, түүний фанат дагагч улаантнууд лам нарыг хэдэн арван мянгаар нь хөнөөж бүх сүм хийдийг галдан шатааж эвдэн сүйтгэж нураалаа. Ухаалаг том лам нар хэлж байв: Ингэх цаг нь болсон, хэтэрхий буруу явсан болохоор энэ чарлаб нарын гараар шийтгэл ирж байгаа нь энэ! Үйлийн үр! Орчин цагийн хэлээр хөрвүүлэх юм бол: ямар л үйлдэл хийсэн байна тийм л хариу гарна. Будда үнэн хэлжээ.

2009.2.1    

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Монголбанк бодлогын хүүгээ нэмжээ

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, өнөөдрөөс бодлогын хүүг 1.5 нэгжээр нэмэгдүүлж, 12 хувьд хүргэж байгаагаа зарлалаа. Инфляцийн өсөлт, ханшийн савалгааг тогтворжуулахын тулд төв банкнаас ийнхүү төсөв мөнгөний бодлогоо чангатгаж, ингэснээр эдийн засгийн хүндрэлийг саармагжуулна гэж үзэж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, банк хоорондын захын арилжааны жигнэсэн дундаж хүү нь Монголбанкны бодлогын хүүтэй ойролцоо түвшинд тогтохоор хүлээгддэг. Банкуудаас Төв банкин дээр байршуулж буй хөрөнгөнд Монголбанкнаас төлж буй хүү юм.

Бодлогын хүү өсөх нь инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой түвшинд хүргэх, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг билээ. Улаан буудай, гурил, бензин түлшний үнийн өсөлт, Засгийн газрын төсвөө тэлэх бодлого, сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсэн мөнгөний нийлүүлэлт инфляцид сөргөөр нөлөөлж байсан тул Монголбанк бодлогын хүүг 2007-2008 онд өсгөж байсан юм. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт, хэрэглээг хөхүүлэн дэмжиж эдийн засгийг сэргээдэг юм.

Categories
онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Гадаадад байгаа монголчууд Хойд солонгосчуудаас гэнэн биш гэж найдъя

Хойд Солонгосын эрх баригчид хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа
иргэдээ татахаар ухуулга, сурталчилгаа явуулж эхэлжээ. Тэд гадаадад дүрвэсэн иргэдээ
эргэж ирвэл орон сууц бэлэглэнэ гэж амласныг 
хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Эрх баригчид нь эх орондоо ирсэн
иргэдээ шийтгэхгүй гэнэ. Гэхдээ яаж тэсэхэв, хөдөлмөр хийлгэж жаахан хүмүүжүүлнэ
гэсэн байна лээ.  Хойд Солонгосын энэ ажил
манай төр засгийн бодлоготой адилхан мэт санагдах боллоо. Амлаж байгаа амлалт нь
ч, гаргаж байгаа зан ааш нь ч яг ижил мэт бодогдох юм.

Манайхан гадаадад ажиллаж, амьдарч байгаа нутаг нэгтнүүдээ “Монголдоо
ирж сайхан амьдар” гэж дуудаад л байдаг. Гадаадад дарамт шахалтгүйгээр нэр төртэй
ажил хийж, бизнес эрхлээд гэр бүлээрээ элбэг хангалуун сайхан амьдарч байгаа монголчуудыг
яагаад наашаа дуудаад байгааг ойлгодоггүй. Бидэнд захирагдахгүй зоргоороо сайхан
амьдраад байна гэж атаархдаг юм уу. Хэсэг монголчууд авлига өгөхгүй бизнес нь цэцэглээд
жаргаад байна гэж занадаг юм уу. Эсвэл нам, фракцийг нь санхүүжүүлэхгүй байж мөрөөрөө
сайхан амьдраад байна гэж хорсдог юм уу. 
Монголд хийгээгүй ажлаа хийгээд, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдарч байгаа
хүмүүсийг зөгий… юу юу ч билээ амьтны нэрээр нэрлэчихсэн. Юунд нь дургүйцэж, хорсоод,
атаархаад байдаг юм, байсхийгээд л “Монголдоо ир” гээд байдаг болсон. Яг Хойд Солонгосын
удирдагчид шиг Монголд л ирвэл ажлын байраар хангана, сайхан амьдруулна, жаргаана
гэж ятгах боллоо.

Дүрвэсэн иргэдээ буцаж ирэхийг ятгасан хүмүүст Хойд Солонгосын эрх
баригчид өндөр шан харамж өгнө гэсэн байна лээ. Үүнтэй ижил манайд ч гадаадад байгаа
монголчуудаа буцаж ирэхийг ухуулдаг, уриалдаг олон төрийн бус байгууллага засгаас
мөнгө авч байгаа. Тэд үүнийхээ хариуд улс орнуудаар явж тэнд байгаа монголчуудтай
уулзалт зохион байгуулан, эх оронд нь бизнес хийх боломж, өндөр цалинтай ажлын байр
байгаа мэтээр ухуулдаг. Хойд Солонгосын дүрвэгсэд нутагтаа буцаж очвол тариалангийн
талбай эсвэл уурхайд хүнд хүчир ажил хийнэ. Хүнд ажил, дарамтаас амьд үлдэж чадсан
нь байртай үлдэх л байх. Гэхдээ бараг тийм боломж байхгүй гэдгийг Хойд Солонгосын
Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн төрийн бус байгууллага эрх баригчдынхаа эсрэг мэдэгдэл
хийхдээ онцолсон байна лээ. Манайд ч гадаадаас ирж байгаа бизнес эрхлэгчид, боловсролтой
залуус амаараа шороо үмхдэгийг бид харж байна. БНСУ-д ажил хийж цуглуулсан мөнгөөрөө
Монголд тавилгын үйлдвэр нээхээр ирсэн залуу төрийн байгууллагын албан хаагчдын
гарыг цайлгасаар байгаад бизнес нь эхлэлгүй дампуурсан талаараа “Өдрийн сонин”-д
ярьсан. Бас АНУ-ын нэр хүндтэй их сургууль төгсөөд ирсэн Ю.Оргил гэдэг залуу дипломоороо
биш аавынхаа нутгийн танилыг гуйж байж ажилд орсон тухайгаа манай сонинд ярихдаа
“Эх орондоо ирдэггүй байж гэж бодох боллоо. АНУ-д би мэдлэгээрээ хоолоо олж иддэг
байсан. Харин энд яам, тамгын газарт танил тал хайж амьдарч байна” гэсэн байна лээ.
Тэдэн шиг Монголд ирсэндээ харамсч, төр засгийн сайхан амлалтад хууртсандаа гэмшиж
байгаа хүн олон бий.

Монголдоо буцаж ирж байгаа иргэдэд мэдлэг боловсрол, туршлага хэрэг
болдоггүй. Харин огт өөр сонголт өмнө нь ирдэг. Тухайн үед эрх барьж байгаа намд
элсэх хэрэгтэй болдог. Өөрийнхөө ажилд хамаарах яамны сайдын цүнхийг барьж, бэлэг
сэлт барин урд хойно нь гүйх шаардлага гардаг. Танил тал хайж, аль нэг фракцид элсэн
түүнийгээ санхүүжүүлэхээс аргагүйд хүрдэг. Харин баруунд боловсрол эзэмшсэн, төр
засгийн дарамтгүй ажиллаж сурсан залуус ингэж явахыг хүсдэггүй. Тэд өөрийнхөө толгойгоор,
өөрөө бизнес эрхлэхийг хүсдэг нь эрх баригчдад таалагддаггүй. Тэгээд л Хойд Солонгос
шиг шалгуулж, дарамталж эхэлдэг. Манайд тэгж шалгадаг, дарамталдаг байгууллага нь
АТГ. Өөрийнхөө хүчээр бизнес эрхэлснийхээ “шан”-д АТГ-т шалгуулж, хэн ч биш болсон
жишээ Монголд олон байна. Германд аялал жуулчлалын компанитай байсан Х.Анхбаяр гэдэг
залуу Монголдоо ирээд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татаж, чамлахааргүй ажил
хийсэн. Намд элсэлгүй бизнес хийж байгаа нь эрх баригчдад таалагдаагүй учраас АТГ-т
шалгуулж, эцэст нь ажилтандаа зарсан байрыг нь авлигынх  болгож ял оноолоо. Үүн шиг олон жишээ байгааг
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн. Тэрбээр “АТГ өндөр
боловсролтой, 100 бизнесмэнийг шоронд хорьсон. Тэдний нэг л нь зуу, цаашлаад мянган
хүнийг ч ажлын байртай болгох чадалтай гэдгийг бодооч. Тэр бизнесмэнүүд чинь валют
үйлдвэрлэдэг хүмүүс” гэсэн нь баримт болж үлдсэн. 

Монголд шүүхэд очуулалгүй хоёр жил шоронд хатааж болдог хуультай.
Эрүүгийн хуулийн хүнд гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр шалгаад эхэлбэл, хоёр
жил ч шоронд хорьж болдог. Тэр хооронд эхлүүлсэн бизнес нь дампуурч, эдийн засгийн
чадваргүй болдог. Эцэст нь хорт хавдартай, хөл гар нь өвддөг бизнес эрхлэх ямар
ч чадваргүй болсных нь дараа “Хэрэг чинь нотлогдсонгүй. Азтай хүн юм” ухааны юм
яриад гаргачихсан тохиолдол ч бий. Ингээд гадаадад тайван сайхан амьдарч байсан
гэр бүл хэцүү байдалд ордог. Эргээд гадаад руу явъя гэсэн ч тэнхэлгүй болгоод орхидог.

Ерөөсөө л Монголд өөрийнх нь нам, фракцид ороогүй л бол хэн ч биш,
нохойн гөлөг гэж үздэг. Тийм ч учраас өндөр боловсролтой нэгэн биш даргын жолооч
сайд болсон жишээ ч бий. Бие хамгаалагч нь дэд сайд болсон тохиолдол ч байгаа. Харин
гадаадад өндөр боловсрол эзэмшиж ирээд сайд, дарга болсон түүх, тохиолдол Монголд
байгаагүй. Монгол төрийн чадамж ийм сул, дорой байгааг боловсролтой залуус шоолдог.
Дэлхийд дээгүүрт ордог хоёр их сургууль төгссөн залуус гадаадад дүрвэх талаар ярьж
байна. Тэд ялагдсан намын гишүүн учраас, ажилгүй болсон учраас гадагшаа явах гэж
байгаа нь тэр. Монголд байдал ийм л байна. Ийм байхад гадаадаас ирээд хүссэн ажилдаа
орж чадах уу. Сонирхсон бизнесээ эхлүүлж амжих уу.

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа та бүхэн минь “Монголдоо ирээд сайхан
амьдар” гэсэн төр засгийн уриалганд хууртав аа. Сонголтоо зөв хийгээрэй гэж гадаадаас
ирсэн олон монгол хүн хэлж байна. Гадаадад байгаа монголчууд Хойд солонгосчуудаас
гэнэн биш гэж найдъя.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Горхийн амралтын газрыг өнөөдөр дуудлагаар худалдах нь

Төрийн өмчийн хорооноос өнөөдөр Горхи мэлхий хадны амралтын газрыг дуудлагаар худалдахаар төлөвлөжээ. Уг амралт нь Налайх дүүргийн нутаг Тэрэлжид байдаг. 2002 онд ашиглалтад орж байжээ. Горхи мэлхий хадны амралтын газрыг дуудах эхний үнэ нь 488 сая төгрөг байх гэнэ. Худалдах барилга, байгууламжийн талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн хорооны www.spc.gov.mn вэб хуудас болон Төрийн өмчийн хорооны 422, 417 тоот өрөөнөөс очиж авах боломжтой. Мөн  263911, 261692 дугаарын утаснаас тодруулж болох юм байна.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх болон аж ахуйн нэгжийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаас бүрдэх гэнэ. Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлөх нөхцөлтэйгээр дуудлага худалдаанд оролцох аж. 

Энэ мэтээр Төрийн өмчийн хорооноос найман амралтын газрыг дуудлагаар худалдаалахаар болсон. Тус амралтын газруудын мэдээллийг хүргэе. 

Багануур дүүрэг

2010                               313,864.5

“Багануур АЗЗА” ТӨХК 

3

Горхи мэлхий хад амралт 

Налайх дүүрэг

Тэрэлж

2002                                 488,342.7

Гаалийн ерөнхий газар 

4

Саам амралт     

Булган аймаг Хангал сум

2004                                  27,703.7

Гаалийн ерөнхий газар 

5

Жигүүр амралт 

Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум

2003                                   40,783.1

Гаалийн ерөнхий газар 

6

Доргонт амралт 

Төв аймаг Баянчандмань сум

2009                                     199,900.3

Мал хамгаалах сан 

7

Сэргээн засал сувиллын цогцолбор 

Улаанбаатар

Хан-Уул дүүрэг

10 дугаар хороо

2005                                     4,320,440.3

Иргэний нисэхийн ерөнхий газар 

8

Горхи амралтын газар 

Налайх дүүрэг Горхи Тэрэлж

1992                                      81,885,6

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Дүн 

5,801,801.1

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өглөөний сонин”-ы сэтгүүлчийг шүүх гэм буруугүй гэж үзлээ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Б.Даваадоржийг гүтгэсэн гэх хэргээр “Өглөөний сонин”-ы сэтгүүлч Р.Саруултөгсийг шүүлээ. Шүүх хуралдаан 14.00 цагт дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хаалттай эхэлсэн юм. Сэтгүүлч ХБНГУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Б.Даваадоржийн дансанд таван удаагийн үйлдлээр 201 мянган евро шилжин орсон гэх мэдээллийг бичиж  сониндоо цувралаар нийтэлсэн юм. Үүгээрээ бусдын нэр төр, алдар хүндэд халдаж, гүтгэсэн гэх үндэслэлээр шүүгдэж байгаа аж. Шүүхийн байрны өмнө сэтгүүлчид “Германы Элчин сайд асан Б.Даваадорж сэтгүүлчээс бохир савраа тат”, “Өглөөний сонин” сэтгүүлчээ өмөөрөх эрхтэй”, “Сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах эрхтэй” гэх мэт лоозон барин зогссон байв. Цагдаа нар тэднийг шүүхийн байрны өмнө эсэргүүцэл илэрхийлэхгүй байхыг шаардаж, хөөсөн юм. Б.Даваадорж нь сэтгүүлчийг баримт олж авахад тусалсан эх сурвалжаа хэл гэж удаа дараа тулгасан аж. Энэ талаар “Өглөөний сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга С.Туул “2013 оны тавдугаар сараас эхлэн манай сонин Монгол Улсаас Германд суух элчин сайд Б.Даваадоржийн данс руу Монгол Улсаас таван удаагийн үйлдлээр 201 мянган евро орсон гэсэн мэдээллийг нийтэлсэн. Зөвхөн энэ мэдээллийг дэлгээд зогсохгүй өмнө нь энэ хүний холбогдож байсан хэргийн хурлын протоколуудыг авч, олон нийтэд мэдээлсэн. Дараа нь Б.Даваадорж “Өдрийн сонин”-нд ярилцлага өгсөн. Тэгэхдээ “Өглөөний сонин дээр ийм мэдээлэл гарсан байна” гэсэн сэтгүүлчийн асуултад “Тийм ээ, таван удаагийн үйлдлээр миний данс руу мөнгө орсон нь үнэн” гэж яриад, өөрөө нотолсон байгаа. Тэгсэн атлаа Сэтгүүлчийг баримт олж авсан эх сурвалжаа хэл гэж тулгаж байна. Энэ нь сэтгүүлчийг мохоох гэсэн арга. Сэтгүүлч маань энэ мэдээллийг ганцхан эх сурвалжаас аваагүй. Маш олон эх сурвалжаас мэдээллээ авсан” гэсэн юм. Хаалттай эхэлсэн шүүх хуралдаан тус сэтгүүлчийг гэм буруугүй гэж үзлээ.

Ц.Өрнөх

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элчин сайд Б.Даваадоржид холбогдох хэргийн шүүх хурал болно

Их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт нэр нь холбогдсон ХБНГУ-д элчин сайдаар сууж буй Б.Даваадоржийн хэрэг олны анхаарлын төвд нэг хэсэг ороод байсан. Б.Даваадорж өөрийн дансанд 2001 мянган евро таван удаагийн үйлдлээр Монголоос шилжүүлсэн хэмээн ярьсан талаарх шум ч тарж байсан. Гэвч дараа нь өөрийгөө тийм зүйл яриагүй, эх сурвалжтай зүйл бичсэнгүй хэмээн сэтгүүлчийг шүүхэд өгсөн байгаа. Тэгвэл энэ хэргийн болоод Б.Даваадоржийн нэр төрд халдаж, гүтгэсэн гэх сэтгүүлчийн шүүх хурал өнөөдөр 14.00 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн нэгдүгээр шүүхэд болох юм байна. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Газар өмчлөгчдийн анхааралд!

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газруудад нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгох буюу газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж шаардлагатай бэлтгэл ажлуудыг хийж дууслаа. 

Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулснаар мэдээллийн нээлттэй, ил тод байдал бий болох, иргэдийн эрх тэгш байдал хангагдах, гадаад сурч, ажиллаж байгаа иргэд хамрагдах боломжтой зэрэг олон давуу талтай болж байна.

Ийнхүү эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд 2014 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн цахим системийг ашиглан газар өмчлөлийн ажлыг зохион байгуулж эхүүлэх бөгөөд үүнд нийт 1524 га газарт 14954 нийслэлд бүртгэлтэй иргэнд газар өмчлүүлэх юм.

Газар өмчлөлийн цахим систем нь өмчийн харилцааны газрын цахим хуудас болох www.umch.ub.gov.mn сайтад байрлах бөгөөд энэ хуудаст хандан газар өмчлөх хүсэлтээ гаргана.

Дараах шаардлагыг хангасан иргэн газар өмчлөх хүсэлтгээ цахимаар гаргана.

•         Нийслэлд 2013 оны 05 дугаар сарын 30-наас өмнө шилжин ирж, нийслэлийн харъяалалтай болсон

•         Урьд нь нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй байх,

•         Урьд нь аймаг, сумдын нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй байх,

•         Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт аваагүй байх

Хүсэлт гаргагч иргэнийг систем нь автоматаар дээрх шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, шаардлага хангаагүй нөхцөлд хүсэлтийн маягт бөглөн илгээхээс өмнө “хүсэлт хүлээн авах боломжгүй тухай” хариу өгнө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баттулгыг цагдан хорьсныг буруушааж байна

INFO.MN сайтын ерөнхий эрхлэгч С.Баттулгад Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцдаа 32 цаг цагдан хорьсон байна. 

С.Баттулга эрхээ хамгаалуулахаар МСЭ-д хандан гаргасан хүсэлтдээ “С.Билэгтийн өмгөөлөгч Л.Дашравдан намайг хориулах үндэслэл болгож хэлсэн зүйл нь “Ноёд” группээс сэрэмжлүүлэг гаргалаа” гэх материал байлаа. Тэрхүү сэрэмжлүүлгийг бид сайтдаа байршуулсан нь үнэн. Гэвч Б.Зориг тэргүүтэй шүүх бүрэлдэхүүн намайг тэрхүү сэрэмжлүүлгийг бичсэн эсэхийг нотолж тогтоогоогүй байж надад таслан сэргийлэх арга хэмжээ авч Ганцхудагт 32 цаг хорьсон нь шүүн таслах үйл ажиллагааг хуулийн дагуу явуулаагүйг гэрчлэх ноцтой үндэслэл юм” гэжээ. 

Тодорхой эзэнтэй мэдэгдлийг сайтдаа байршуулсных нь төлөө гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэтгүүлч, хэвлэн нийтлэгчийг буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэх, улмаар таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд халдсан ноцтой үйлдэл юм. 

Гэмт хэрэг үйлдсэн эсэх нь шүүхээр эцэслэн нотлогдоогүй байхад хэн нэгнийг гэмт хэрэгтэн гэж үзэх нь өөрөө гэмт үйлдэл гэдгийг дээрх шийдвэрийг гаргасан этгээдүүдэд МСЭ сануулж байна. Сэтгүүлчийн мэргэжил нь онцгой мэргэжил бөгөөд хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дээдлэгч газар бүхэнд сэтгүүлчийг цагдан хорих нь буруу гэж үздэг, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг өөрийн зохицуулалтаар шийддэг, Монгол улс ч бас энэ жишиг рүү тэмүүлж байгаа үед шудрага үнэнийг дээдлэх ёстой хуулийн байгууллагын зүгээс ийм алхам хийж байгааг МСЭ эрс буруушааж байна. 

МСЭ нь сэтгүүлчдийн мэргэжлийн эрх зөрчигдсөн тохиолдолд дангаараа болон хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэгч анд нөхөд, олон улсын нөлөө бүхий байгууллагуудтай хамтран  тэмцсээр ирсэн бөгөөд энэ удаад сэтгүүлч С.Баттулгаас гадна нэр бүхий хэд хэдэн сэтгүүлчийн эрх зөрчигдөж болзошгүй байгааг анхааралдаа аваад байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ

2014.07.28

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Солонгосын акул компани Монголд цахилгаан станц барина

БНСУ-ын  KEPCO манай улсад цахилгаан станц барих болсныг koreatimes.co.kr цахим хуудсанд мэдээлсэн байна.Тус компанийн болон Монгол Улсын Эрчим хүчний яамны төлөөлөл өнгөрсөн долоо хоногийн эцсээр санамж бичигт гарын үсэг зурсан аж. Талууд гурван сарын дараа хамтран ажиллах, эрчим хүч нийлүүлэх дэд бүтцийн талаар зөвшилцөх юм байна. KEPCO компанийн зүгээс энэ талаар  “Монголын эрчим хүчний салбарт нэвтрэх чухал ач холбогдолтой санамж бичиг байгууллаа. Мөн бусад төсөлд хамтран ажиллах боломж олгох юм” гэж онцолжээ. KEPCO компани  станцын ТЭЗҮ-ийг удахгүй хийж эхлэх бололтой. Гэрээ байгуулах хугацааг товлон хэлэх боломжгүй гэнэ.  Дээрх станц нь 200 мВт-ын хүчин чадалтай байх нь. Станцад чулуужсан түлш ашиглана гэсэн мэдээлэл байна. KEPCO нь станцын барилга үйлдвэрлэлээр дэлхийд зургадугаарт ордог аж.