Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монгол Улсын хэмжээнд 0-17 насны 1.2 сая хүүхэд байна DNN.mn

Монгол Улсын хэмжээнд 2021 оны байдлаар 0-17 насны 1.2 сая хүүхэд байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

2006 оноос хойш төрөлт нэмэгдсэнтэй холбоотойгоор нийт хүн амд хүүхдийн эзлэх хувь сүүлийн таван жилд тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд 2021 онд 36.7 хувь болжээ.

Хүүхдийн тоог хүйсээр авч үзвэл,

  • 629,375 (51.2%) эрэгтэй хүүхэд
  • 600,576 (48.8%) нь эмэгтэй хүүхэд байна.

Мөн улсын хэмжээнд 2021 оны байдлаар бүтэн өнчин 2,990, хагас өнчин 36,133 хүүхэд байна.

зураг

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Б.Пүрэвдорж: Хөгжлийн банкнаас зээл авсан зарим ААН барьцаагаа суллаж авчээ

Б.Пүрэвдорж: Хөгжлийн банкнаас зээл авсан зарим ААН барьцаагаа суллаж авчээ

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах үүрэг бүхий ажлын баг хэвлэлийн хурал хийж байна.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Пүрэвдорж дараах мэдээллийг өглөө:

-Хөгжлийн банкнаас олгосон зээлийг хоёр хувааж авч үзнэ.

  • 2011-2017 он хүртэл
  • 2017-2021 он хүртэл

2011-2017 онуудад УИХ хэлэлцэн, ямар зээл дэмжихийг баталдаг байв. Гэвч 2017 онд Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ УИХ, Засгийн газар биш Хөгжлийн банкны ТУЗ-д зээл олгох эрх мэдлийг шилжүүлсэн. 2017 он хүртэл нийт 1625 ААН-д арилжааны банкуудаар дамжуулаад, 348 ААН-д Хөгжлийн банк шууд өөрөө зээл олгожээ.

2017 оноос хойш Хөгжлийн банк ААН-үүдийн биш дарга нарын банк болж хувирсан. Учир нь ердөө 40 ААН-д зээл олгожээ. Үүнээс өмнөх зээлүүдийг Засгийн газрын тогтоолоор олгож байсан ч 2017 оноос хойш ТУЗ шийдэх эрхтэй болсон.

Манай ажлын хэсэг араа шүдгүй ажиллаж байна. Учир нь банкны баримт бичгүүдийг хуулийн байгууллагууд хураан авсан тул бид танилцах боломжгүй байна. Мөн бидэнд чанаргүй зээлүүдэд хэн нэг улс төрч нөлөөлсөн, эсэхийг шалган мөрдөх эрх байхгүй, хэн нэгнээс тайлбар мэдүүлэг авах боломжгүй. Иймд энэ ажлын хэсгийг Хянан шалгах түр хороо болгон өргөтгөх шаардлагатай. Түр хороо мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, гэрч дуудах, шинжээч томилох эрхтэй болно.

Хуулийн зарим ажилтан Хөгжлийн банкны хэргийг санаатайгаар удаашруулсан, нуун дарагдуулсан байна. Зарим ААН барьцаагаа суллаад аваад явжээ, зарим нь барьцаагаа сольжээ. Эдгээр шийдвэрийг гаргасан шүүгч нараас бид тайлбар авна. Тэднийг хэн гэдэг прокурор хянав гэдгийг тодруулна. Энэ бүхэн хуулийн байгууллагуудын ялзралтай холбоотой тул УИХ түр хороо байгуулах нь зөв.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Шатахууны ердийн хэрэглээний 34 хоногийн нөөцтэй байна

2022 оны 2 дугаар сарын 23-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар 34 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээтэй газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 64, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 37, ТС-1 онгоцны түлш 3 хоногийн үлдэгдэлтэй байна.

2022 оны 2 дугаар сарын 15-наас 2 дугаар сарын 20-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор Аи-92 автобензин 7,824 тн, дизелийн түлш 18,867 тн, шингэрүүлсэн хий 607 тн, бусад бүтээгдэхүүн 154 тн, нийт 27,453 тн, Эрээнцав боомтоор А-80 автобензин 178 тн, Аи-92 автобензин 118 тн, нийт 296 тн, Цагааннуур Аи-92 автобензин 514 тн, дизелийн түлш 341 тн, нийт 296 тн, Боршоо боомтоор Аи-92 автобензин 222 тн, дизелийн түлш 699 тн, нийт 922 тн, Замын-Үүд боомтоор Аи-92 автобензин 1241 бусад бүтээгдэхүүн 216 тн, нийт 1457 тн буюу Монгол Улсад нийт 30,983 тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирээд байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Соронзон: 30 жилийн хөдөлмөр, зүтгэлийг нэг шуугиан үгүй хийж чадахгүй

Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал, Монгол Улсын болон ОХ-ны Буриад улсын гавьяат багш, доктор Ж.Соронзонтой ярилцлаа.


-Сүүлийн үед Олон нийтийн сүлжээгээр тантай холбоотой олон сенсаци шуугиан дэгдэх боллоо. Энэ талаар ярилцахаар таныг зорин ирлээ. Шуугианы үндсэн шалтгаан юу вэ?

-Манай сургуульд 29 жил тасралтгүй ажилласан Максим Суянз ажлаас халагдсантай холбоотой ийм асуудал үүсэх шиг боллоо. Максим бол Сэлэнгэ аймгийн Зүүнхараад төрж өссөн, манай дотоодын Орос хүн. Монголын эсрэг байр суурьтай байх үндэслэлгүй гэж боддог. Газарзүйн багш мэргэжилтэй, сайн гүйцэтгэгч байсан. Манай сургуулийн 30 жилийн амжилт энэ хүнтэй бас холбоотой. Үүнийг үгүйсгэж болохгүй. Бид хөтлөлцөөд шахуу энэ сургуульдаа ирсэн улс. Ийм асуудал үүссэнд харамсаж байна.

-Яагаад ингэх болов?

-Максим маань сүүлийн гурван жил зан харьцаа их өөрчлөгдсөн. ОХУ-аас ирж ажиллаж байгаа менежерүүдтэй шөргөөцөлдөх, хэл ам их хийх болсон. Миний зүгээс зарим үед анхааруулж, зарим үед оролцдоггүй байлаа. Энэ 29 жилд сургуулийн байрны өргөтгөлийн хажуу өрөөнд 11 жил амьдарч, эхнэр, хүү, охин, хүргэн гээд бараг арваад хүн манай сургуульд ажиллаж, амьдарсан. Угтаа бол энэ сургуулийн үр шимээс хамгийн их хүртсэн хүн гэж болно. Түүнд асар их эрх мэдэл ч олгосон. Үүнийг Максим ч хүлээн зөвшөөрөх биз.

Эхний асуудал бол цар тахлын үед ОХУ руу амрахаар явах багш нарыг хилээр буцааж оруулахгүй байх магадлал өндөр байсан. Тиймээс хавар нь багш нартайгаа хуралдаж энэ зун Монголд үлдээд зургадугаар сард сурагчдад давтлага өгч ажиллуулаад цалинг нь бүтэн тавих, долдугаар сард амралтын мөнгөө авч амрах, амрах хугацаандаа дотоодын аялал зохион байгуулах, наймдугаар сарын 1-нээс ажилд нь оруулъя, цалинг бүтэн олгоно гэдэг арга хэмжээ авсан. Гэтэл Максим өөрийн удирддаг дунд, ахлах ангийн багш нарыг “Энэ сургууль удахгүй дампуурна, та нар буц” гэж хөөж байсан гэдэг.

Гэнэт багш нарыг хагаралдуулах үйлдлийг санаатайгаар удаа дараа гаргаж, багш нараа хэл амаар доромжилж, сургуулийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, багш нарын нөөцийг бусниулж эхэлсэн. Түүнээс болж бид хоёрын дунд нэлээд ширүүн яриа болсон юм. Удалгүй Максим нэргүй болон өөр хүний нэрээр Москва руу мэдээлэл бичиж, ОХУ-д шат шатандаа мэдэгдсэн. Захидалдаа багш нар болон сургуулийг муучилж, “ОХУ-ын өмчийг Монгол Улсын нийслэлийн өмч болгож бүртгүүлсэн. Эргээд ОХУ-ынх болгоход хамгийн их саад болж байгаа, Монголын эрх баригчидтай нийлсэн гол буруутан Ж.Соронзон. Энэ хүнийг зайлуулахаас нааш ОХУ өөрийнхөө өмчийн эзэн болж чадахгүй” гэж бичсэн байсан. Би үнэхээр харамсаж, бас уур хүрч Максимыг дуудаж хэлтэл уурлаад гарч явсан. Халагдах өргөдлөө нарийн бичгийн ширээн дээр үлдээгээд явсан. Тэрнээс хойш Суянз.М.М надтай уулзаагүй.

-Өмч гэж та яг юуг хэлж байна. Энэ талаар тодруулаач.

– Энэ их хэцүү асуудал юм. Сургуулийн үндсэн байшин барилга 60 айлын орон сууц, хэдийгээр Монголын өмчид бүртгэсэн ч, олон улсын гэрээн дээрээ сургуулийн өмч гээд цагаан цаасан дээр хараар биччихсэн. Энд нэг том зөрчил харагдаж байгаа биз. Өмчийн маргаан олон жил үргэлжилсээр байна. Энэ шуугианы дараа шийдэгдэх нь бараг тодорхой болчих шиг боллоо. Сургуулийн өмчийг хэнийх гэдгийг нотолдог гол баримт бичиг үл хөдлөх хөрөнгийн эрхийн бичиг байдаггүй нь үүнийг бас нотолно. Одоо байгаа эрх зүйн үндэс буюу олон улсын гэрээгээрээ “сургуулийн өмч” гэж үзэхээс өөр аргагүй. Гэрээн дээр яг тэгж бичсэн байна. Тиймээс энэ сургууль бол Монголын төрийн өмчит сургууль биш. Харин нийт төсвийн 17 хувийг Монгол Улсаас өгдөг.

-Максимыг хэзээ ажлаас халсан юм бэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард өргөдлийг нь үндэслэн халсан. Би уг нь түүнд тэтгэвэртээ гарсан ч үргэлжлүүлээд ажиллая гэвэл удирдлагуудын багт сайн туслахууд томилж өгч болно гэж хэлж байсан юм. Ичсэн хүн хүн ална гэгчээр бичсэн захидал нь баригдаад арга буюу ийм шийдэлд хүрсэн биз ээ. Тэгээд л С.Будрагчаатай учирсан бололтой.

-Танаас С.Будрагчаа сэтгүүлчийн гаргаж тавьсан баримтын талаар асуух зүйл нь дүүгийн тань нэртэй түрээсийн байр байна. Үүнд тайлбар өгөөч?

-Манай сургууль 95 бүлэг, 2700 сурагчтай. 2009 оноос арай гэж нэг ээлжинд шилжсэн. Нэг ээлжинд шилжүүлэх нь төрийн бодлого. Чухал арга хэмжээ. Бэлтгэл бүлэг буюу 5 настай хүүхдийг 15 хүүхдээр анги бүрдүүлэн, хичээллэх, унтах, амрах, тоглох орчинд бүтэн жил бэлтгэсний үндсэн дээр нэгдүгээр ангиас ОХУ -ын программаар хичээллэх бэлтгэх хангах шат юм. Үнэн чанартаа хагас сургууль, хагас цэцэрлэг. Энэ нь хүүхдийн эрх ашиг, эцэг эхийн хүсэл шаардлага байсан юм аа. Ийм бэлтгэл бүлгийг эхлээд багш нарын байранд хичээллүүлж байлаа. Багш нарын тоо олшроод арга буюу шилжүүлэхээс өөр аргагүй болсон. Гэтэл сургуулийн дэргэд шинээр байр баригдаж тэндээс түрээсэлж эхэлсэн. 2015 оноос өмнө асуудалгүй байсан. 2015 оноос түрээслэгч солигдсонтой холбоотойгоор ийм асуудал үүссэн. Яагаад ийм асуудал үүссэн, ямар үндэс шалтгаантай, Монгол Улсын хууль зөрчсөн үү, олон улсын гэрээгээр захиралд тийм эрх олгосон уу гээд хуулийн олон асуудал бий. Тэр бүгдийг би хуулийн байгууллагад тайлбарлана даа. Би юу болох, юу болохгүйг мэдэхээ байчихсан, цайчихсан тэнэг амьтан бас биш шүү. Бүх юм учир шалтгаантай. Юманд учир суманд занги бий гэдэг байх аа.

-Таныг гэр бүлийн хүн Хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндоржийг сургуульдаа өндөр цалингаар багшлуулсан гэж байна.?

-Тийм ээ. Нөхөртөө мөнгө өгөх гэсэн зорилго байгаагүй. Харин төгсөх ангийнханд өндөр түвшний мэдлэг өгөх гэсэн сайхан санаа байлаа. Манай гэр бүлийн хүн бол нийгэм судлалын багш мэргэжилтэй, философийн доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор хүн. Монголын нэртэй эрдэмтэн хүн. Нийгмийн ухаануудын суурь ойлголтыг орос, монгол хэл дээр тайлбарлан заадаг байлаа. Үндсэн багш биш. Гэрээгээр ажиллуулсан. Төсвийн мөнгөнөөс цалин олгоогүй. Сургууль өөрийн орлогоос цалинжуулсан. Энд бас хуулийн нарийн ширийн асуудал бий. Түүнийг хуулийн байгууллагад тайлбарлана. Үндэслэл, нотолгоогоо гаргана. Ер нь манай сургууль 12 гэрээт багштай. Тэдний цалин дээд тал нь 10 сая төгрөг. Манай хүний сарын хөлс 4.1 сая төгрөг. Татвар төлөөд 3.3 сая төгрөг авдаг байсан.

-Гэрээт багш нарын цалинг яаж тогтоодог вэ?

-Ур чадвараар нь өөр, өөр тогтооно. Олон жил ажилласан үр өгөөжтэй багш нарын цалинг өндөр тогтооно. Чадвартай хүн сайн цалин авдаг гэсэн зах зээлийн зарчмыг л барьдаг.

-Багш нараа торгосоор байгаад багшид цалин очдоггүй гэсэн шүүмж байна. Энэ тухай тодруулахгүй юу?

-Бүх багш нартай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа цалин тогтоох, цалин олгох журам зэргийг танилцуулаад харилцан зөвшилцөн гэрээ байгуулдаг. Цалин тогтоох журамд үндсэн цалин дээр анги удирдсан, дэвтэр зассан, ангийн ажил гээд л сургуульд байдаг бүх л нэмэгдлийг хэлж байгаа юм. Харин цалин олгох журам бол багш таны үр дүн, хариуцлагатай шууд хамаатай. Сурагчийн мэдлэгийг хөндлөнгөөс үнэлээд хүүхэд сургасан чанараар цалинг нэмэх, хасах тогтолцоотой. Энэ бол 20 жил хэрэгжиж байгаа арга. Үүний үр дүнд Орос-3 имиж, эрэлт, чанар, хүлээн зөвшөөрөлт бий болсон. Эцэг эхчүүдийн төлсөн төлбөрөөр, зарим багш нарт шагнал нэмэгдлээр 10 гаруй сая төгрөгийн цалин болгож өгчихөөд тэдний хүүхдийн сурсан эсэхийг шалгахгүй байж болохгүй. Багш хүүхдэд зарцуулах 40 минутын хичээлийн гурван минутыг ч хоцорч хороож болохгүй л гэсэн алтан дүрэмтэй. Багш яагаад тэр байгаагүй цагийн цалинг бүтэн авах ёстой билээ. Ангиа муу удирдсан бол яагаад анги удирдсан цалин авах ёстой билээ. Энэ бол цэвэр хариуцлагын тогтолцоо. Багш хүн шавь нартаа эрдэм ном заахын зэрэгцээ сайн хүн байх, хариуцлагатай, шударга, эх орондоо хайртай хүн болгохын тулд өөрөө үлгэрлэх ёстой. Еврейн боловсролын нэг нууц бол зөв үлгэр дуурайл шүү. Тийм учраас багш ажлаа муу хийсэн, цагийн хийдэл гаргасан бол мөн л шударга ёсны зарчмаар цалингаа хасуулах ёстой. Нэр нь торгуул гэнэ үү, хасалт гэнэ үү тэр нь чухал биш. Хүнээр ажил хийлгэх амаргүй шүү. Шуудхан хэлбэл, гадаад багш нар бидний үр хүүхдийг сургах гэж ирээгүй шүү. Тэд цалин авахаар ирсэн, хянахгүй бол эцэг эхийн мөнгө үр дүнгүй болно.

-Танай сургууль улсын өмчит сургууль уу?

-Үгүй. Монгол, ОХУ хоёрын засгийн газрын хоорондын гэрээгээр байгуулсан өөрийн өмчит сургууль. Гэрээнд тэгж заасан байна. Энэ бас өмчийн маргаан гарах нэг шалтгаан байж мэднэ. Энэ бол хуулийн нарийн асуудал. Мэргэжлийн хуульчид бол ойлгох байх. Жирийн хүмүүс ойлгоход төвөгтэй асуудал.

-Төлбөр авах эрхтэй юү?

-Манай сургуулийн үйл ажиллагааг зохицуулсан олон улсын гэрээнд ямар ямар үйл ажиллагаа явуулж орлого олохыг маш нарийн заасан. Тэр мөнгөө өөрийн дансанд байршуул гэдгийг ч заасан. Одоо арилжааны банкинд данстай ганц сургууль. Тэр мөнгийг сургуулийн зорилгод нийцүүлэн зарцуулах эрхийг сургуулийн удирдлагад олгосон байдаг юм.

-Багш нарын байранд амьдардаг багш нар түрээс төлдөг үү?

-Төлөхгүй, гурван яамны гэрээгээр багш нар байранд үнэ төлбөргүй амьдардаг. Цахилгааны төлбөрөөс өөр хэрэглээний төлбөр төлдөггүй, ор дэр, сандал, ширээ, цагаан хэрэгсэл, компьютер, хөргөгч, плитка гээд хэрэгцээт бүх зүйлийг сургуулиас бэлтгэдэг. Энэ бүх зардлыг сургууль өөрийн хөрөнгөөр хангадаг.

-Гэр бүлээрээ ирж амьдарч болох уу. Ямар зөвшөөрлөөр байх вэ?

-Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын хууль гэж байдаг. Түүнд гэр бүлээрээ ирсэн хүмүүс Монгол Улсад түр оршин суугчаар бүртгүүлээд ГИХГазраас зөвшөөрөл аваад багш нарын байранд хамт амьдардаг. Манай сургуульд багшлах гэж байгаа бол БШУЯ-наас зөвшөөрөл авна.

-Таныг дарамт шахалт их үзүүлдэг гэж шүүмжилдэгт ямар тайлбар өгөх вэ?

-Дэг журам бол амжилтын үндэс. Би дэг журмыг барьдаг. Замбараагүй, хариуцлагагүй байдалтай эвлэрдэггүй. Энэ нь зарим хүнд хатуу мэт санагддаг буй за. Бид чинь бие биедээ шаардлага тавьж чадахгүй, янз бүрийн барьцаанд хаа саагүй орчихсон юм шиг л байх юм. Ийм байхад ажил яаж явах билээ. Эцэг эхчүүд төлбөрөө төлсөн л бол сургуулиас хариуцлага нэхэх хэрэгтэй. Муу сургавал шүүхэд ч өгч болно шүү дээ. АНУ -д тэгдэг юм гэнэлээ. Миний шаардлага, хариуцлага нэхдэг ажлын арга барил цөөнгүй хүнд таалагддаггүй байж мэднэ. Эцэстээ хүүхэд хождог гэдэгт би итгэдэг.

-Одоо таныг АТГ-т өгчихлөө, мэдээж шалгагдаж эхэлнэ. Нийтэд шуугьж байгаа мэдээлэл бүр дээр та бараг няцаалт хариу хэлж байна. Та үүнийгээ батлахад бэлэн үү?

-Олон жил шалгууллаа. Хийсэн бүхэн нийтэд ил байна. АТГ-т өгсөн, нууц гэх материалууд нууц биш ээ. Манай шилэн данснаас гарсан ил материал. Мөнгө идэж уудаг бол шилэн дансан дээрээ тавьчихаад байх уу. Бодоод үз дээ. Гэм зэм бол дандаа нууц далд аргаар гэмт санаагаар хийгддэг биз дээ. Харин ч элдэв яриа нэг талдаа шийдэгдэнэ шүү дээ. Харин энэ бүх хар мэдээ мэдээлэл дунд хүүхэд болон гаднаас ирж ажиллаж буй багш нарын сэтгэл зүй гэмтэх вий гэсэн л болгоомжлол байна.

-Гучин жилийн ойн баяраа удахгүй хийх гэж байгаа гэсэн. Сургуулийн гэрэл гэгээтэй мэдээллээр ярилцлагаа төгсгөмөөр байна.

Энэ сургуульд суралцаж зорилгодоо хүрсэн, одоо суралцаж байгаа, үр хүүхдээ итгэж элсүүлсэн эцэг эхчүүд та нарын итгэлийг даахын төлөө зүтгэсэн миний 30 жилийн хөдөлмөр зүтгэлийг нэг шуугиан үгүй хийж чадахгүй байх аа. Та нартаа баяртай гэж хэлэх цаг улам бүр ойртсоныг энэ шуугиан надад маш сайн ойлгууллаа. Олон жил ажиллахаар олон хүн бас дургүйцдэг юм шиг байна. Олон хүн бас үр хүүхдээ бодон зүтгүүлэхийг хүсч байгааг би бас мэднэ. Гэвч зарим хүмүүсийг алдаршуулан баярлуулаад амрах цаг дөхжээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 18.664 ААН-ийн бие засах газрыг үнэ төлбөргүй болгоно


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 74 нэр төрлийн худалдаа, үйлчилгээг нийслэлийн хэмжээнд зөвшөөрөл, батламжаас чөлөөлөх шийдвэр гарсантай холбогдуулан Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчиллээ. Нийтлэг үйлчилгээний журамд нэмэлтээр хэд хэдэн өөрчлөлт орсон байна. Онцлоход, үйлчилгээний байгууллагуудын бие засах газрыг үнэ төлбөргүй болгож түгээмэл хэрэгждэггүй энэ үйлчилгээг нэвтрүүлэхээр боллоо. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 18.664 ААН үйл ажиллагаа явуулж байгаа дээрх журмыг мөрдсөнөөр хэрэглэгчдэд ая тухтай орчин бүрдүүлж, сэтгэл ханамжтай үйлчилгээ өгч улмаар тухайн байгууллагын бизнес өргөжиж үйлчлүүлэгчийн хүрээ тэлнэ гэж үзжээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын төсөл боловсруулахад мэргэжлийн байгууллагууд болон иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагуудаас саналаа өгөх боломжтой юм.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Нямбаатар: Оюу толгойн 2.3 тэрбум ам.долларыг тэглэснээр манайд ирэх ашиг хугацааны хувьд наашлах боломж бүрдсэн

Цаг үргэлж өөр дээрээ гал дуудаж байдаг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай ярилцсанаа хүргэж байна.


– Хөгжлийн банкны захирлуудыг томилсон, томилуулсан хүмүүсийг ч шалгах ёстой –


-Өнөөдрийн шуугиан Хөгжлийн банк байна. Өмнө нь ч яригддаг байсан энэ сэдэв яасан хүчтэй гарч ирж байна вэ. Гэнэт илэрсэн хэрэг шиг?

-Хөгжлийн банкийг улс орны хөгжлийн том хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зориулалтаар байгуулсан. Гэвч гажууджээ. Арилжааны банкны хэлбэрт орсон байна. Өмчийн эзэн нь тодорхой бус, 36 сая төгрөгийн зээл хүртэл олгодог, ломбардны түвшинд очсон сүүлийн 10 гаруй жилийн хор уршиг гарч байна.

-Хөгжлийн банкнаас зээл авсан бүгдийг буруутгаж, нийгмийн зүгээс хоморголон зүхэж байна. Үүн дээр цаг алдалгүй зохицуулалт хийхгүй бол эрүүл зээлдэгчид хохирох нь тодорхой боллоо шүү дээ?

-Зээлдэгчдийг ялгаж зааглах ажил хийгдэж байна. Яг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, үйлдвэр барьж, баялаг бүтээхээр хөрөнгө оруулалт хийсэн, гэвч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хүндэрсэн, ханшийн эрсдэлд орсон зээлдэгчдийг ялгаж салгах ёстой. Нөгөө талдаа зориулалтын бусаар зээлээ зарцуулсан, анхнаасаа бүр эргэн төлөх бодолгүйгээр зээл авсан, залилан мэхлэх үйлдэлтэй, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй зээлдэгчдэд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх ёстой.

-Хууль, шүүхийн байгууллагад албан ёсоор хандсанаар зээлийн эргэн төлөлт зогсдог, ингэснээр хугацаа алдаж Хөгжлийн банкны хохирол улам их болно. Зарим луйварчид хуулийн энэ практикаас маш их хождог шүү дээ?

-Зээлдэгчдийн зарим хэргийг цагдаагийн байгууллага, зарим зээл нь АТГ-т шалгалт хийгдэж байна. Мөрдөн шалгах ажлыг хуваарилж, харьяаллынхаа дагуу цаг алдалгүй хийж байгаа. Мөн УИХ-аас ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгүүдийн ажил үүргийн хуваарь өөр өөр. Тэр хүмүүс хуулийн хариуцлагаа хүлээх л болно, энэ бол тодорхой. Хууль хяналтын байгууллага зээлийг эргэн төлүүлэх асуудал руу илүү их төвлөрч ажиллаж байгаа.

-Хөгжлийн банкны энэ хэрэг шинэ сэдэв биш, ард түмэн сая мэдэж байгаа хэрэг биш гэдгийг эхэнд хэлсэн. Тус банкийг бүр эхнээс нь шалгаж байгаа бололтой. Улс төрийн тавцангаас холдсон, өнгөрсөн үеийн хэдэн улстөрчдөөр эцсийн бүлэгтээ туг тахих гэж оролдоод замхарчихгүй байгаа. Тийм практик Монголд байдаг шүү дээ?

-АН, МАН-гүй нийлж Хөгжлийн банкийг тоножээ гэж ойлгож байгаа.

-Та “Ойлгож байгаа” гэж хөндлөнгийн байр сууринаас ярих юм. Та дотор нь байгаа Засгийн газрын гишүүн шүү дээ. Сүүлийн зургаан жил тус банкны захирлууд бүгд МАН-ын Засгийн газраас томилогдсон. Банкны удирдлага Засгийн газарт эхэлж мэдэгдсэн, тэгээд зээлдэгчдийг хүний өөрийнгүй зарла гэж зөвшөөрөл өгсөн нь тодорхой биз дээ?

-Та асууж, би танд хариулж байгаа учраас өөртөө байгаа мэдээлэл, ойлголтоо ярих учиртай шүү дээ. Өмнөх захирлууд Засгийн газрыг мэдээллээр хангаж ажиллаагүй байна гэж ойлгож байгаа. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан бүх хүн одоо шалгагдаж байна. Дээр нь эдгээр хүнийг томилуулсан, томилсон хүмүүсийг бас шалгах ёстой. Ингээд юу болох нь уу, харцгаая…

-Би танаас нийгэмд юу яригдаж, юуг хардаж байгааг л асууна. Давхар дээлийн асуудал байна. УИХ-ын гишүүн Засгийн гишүүн байх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэзээ хийх вэ. Магадгүй сайд болох санаатай гишүүдээ, намд санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй бизнесүүдийг Хөгжлийн банкаар дарж байна гэсэн яриа ч байна?

-Энэ талын мэдээлэл надад алга. 2010 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Журмын тухай хууль гэж батлагдсан. Энэ хуулиар бол Үндсэн хуульд орох олон өөрчлөлтийг цоожилсон. УИХ, Засгийн Газар, Ерөнхийлөгч тус бүрдээ өөрийн эрх хэмжээнд хамааралтай асуудлаар Үндсэн хуульд нэмэлт оруулах асуудлаар санаачилж болохгүй гэсэн цоожтой. Нэмэлт, өөрчлөлт оруулах дээрээ хүрвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Журмын тухай хуулийг л эхлээд ярина.

-Танаас асуух дараагийн сэдэв бол Оюу толгойн хэлэлцээр байна. Та Оюу толгойн хэлэлцээрийн Ажлын хэсгийн ахлагч. Хэлэлцээр өнөөдөр ямар шатандаа явна, ямар асуудлуудыг ид хэлэлцэж байна вэ?

-Оюу толгойн хэлэлцээр цаашаа олон жил үргэлжилнэ. Яг өнөөдрийн түвшинд наймдугаар сарын 12 хүртэл Арбитрын маргаанаа түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Тэр хүртэлх зургаан сарын хугацаанд хоёр асуудлыг бид ярилцаж шийднэ. Нэгдүгээрт, Арбитрын маргаанаа эцэслэх, хоёрдугаарт татварын актаа бүрэн төлүүлэх. Өнгөрсөн жилийн цар тахлын хорионы хүнд үед гадна, дотно байгаа нийт монголчууддаа 300 мянган төгрөг өгсөн. Энэ эх үүсвэр нь Оюу толгойд татварын актаар тавигдсан 1.24 их наяд төгрөг байсан. Энэ мөнгөө бид тэднийхээр бүрэн хүлээн зөвшөөрүүлэх актын хэлэлцээр үргэлжилнэ. Лондонгийн Арбитрын шүүх дээр Монгол Улсын Засгийн газрыг нэхэмжлэгчээр татсан маргааныг эцэслэхээр ажиллаж байна. Энэ долоо хоногийн мягмар гаригт (өнөөдөр) бид хэлэлцээрээ графикийн дагуу үргэлжлүүлнэ.

-Оюу толгойн хэлэлцээр цаашаа олон жил үргэлжилнэ гэдгийг юу гэж ойлгох ёстой билээ?

-Оюу толгойг ашиглаж байгаа цаг хугацаа бүрд хөрөнгө оруулагч, хувь нийлүүлсэн талууд шинээр үүссэн нөхцөл байдал бүрийг хэлэлцэж явна. Биднээс хамаарахгүй ямар ч нөхцөл байдал үүсч болохыг хэн маань ч мэдэхгүй. Тэр бүрд хоёр тал хэлэлцээд, хоёр талын эрх ашгаа хангаад явна гэсэн үг л дээ. Үүнийг үргэлжлэл гээд байгаа юм. Тухайлбал, 2028 он гэхэд гүний уурхайн олборлолтын явцад “Онтри голд” компанийн талбай руу олборлолтын ажил үргэлжилнэ. Энэ тохиолдолд Засгийн газар-Оюу толгой-Онтри голд гэсэн гуравласан хэлэлцээр хийж таарна. Татварыг ямар түвшинд авчирч тогтворжуулах юм, хөрөнгө оруулалтыг аль тал нь хариуцах, ашигт малтмалын нөөц ашигласны татварыг ямар хувь хэмжээгээр төлөх юм… гэхчлэн өөр олон зүйл яригдаж таарна. Цаашлаад 2030 он гарахад анхны хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа дуусна. Тэр үед Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн давуу эрхийн хувьцааг худалдаж авах эрх үүснэ. Тухайн үед хэлэлцээр шинэ шатанд үргэлжлэх ёстой. Оюу толгойн энэ бүлэг ордыг цаашлаад 100 жил олборлож ашиглах явц бүрд хувь, хувьцаа нийлүүлсэн талууд хэлэлцээрийг тасралтгүй үргэлжлүүлээд явна шүү дээ.

-2028 он хүртэл лай ч байна, зай ч байна. Түүний наана ард түмний хүсээд байгаа зэсийн нэмүү өртгөөс эхлээд эрчим хүчний асуудал гэхчлэн Монголд ашигтайгаар шийдэх ёстой, шийдэх боломжтой олон асуудлууд бий?

-Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан нэг асуудал Ерөнхий сайдын анхааралд үргэлж байгаа. Цаашид бид уул уурхайн бүтээгдэхүүндээ нэмүү өртөг яаж шингээх юм бэ гэсэн. Зэс хайлуулах үйлдвэр барих үүрэг хөрөнгө оруулагч талд бий. Бид хэдхэн хоногийн өмнө цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурсан. Эрчим хүчний яамнаас Таван толгойд барих станцын тендерээ зарласан. Гүйцэтгэгч компанийг гуравдугаар сард багтааж зарлана. Улмаар энэ хавартаа барилга угсралтын ажлыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй. Төлөвлөгөө ёсоор 2024 онд цахилгаан станцын эхний трубенуудыг ашиглалтад оруулж, 2026 онд бүрэн дуусгах юм. Өмнийн говьд босох энэхүү 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц нь 1980 оноос хойш манай улсад ашиглалтад оруулж байгаа хамгийн том нь байх болов уу. Одоо Оюу толгой төсөл Өмнөд Монголын эрчим хүчний системээс жилд 120 сая ам.долларын эрчим хүч импортолж байгаа. Гүний уурхайг бүрэн хүчин чадлаар нь ашиглаад эхлэхээр энэ хэрэглээ нэг дахин өснө. Тэгэхээр 200 сая ам.доллар урсана гэсэн үг. Үүнийг зогсоож, дотооддоо барихын тулд Таван толгойн цахилгаан станцыг эхлүүлж, яаравчилж байгаа хэрэг. Энэ станц ашиглалтад орсноор ганц Оюу толгойг хангаад зогсохгүй Таван толгой, түүнийг дагасан кокс химийн үйлдвэрүүд, бусад өмнийн говийн уул уурхайн төслүүдэд эрчим хүч нийлүүлэх юм.

-Нэмүү өртгийн талаарх яриан дээр тогтож яривал…

-Ерөнхий сайдын зүгээс гэрээнд заасан ажлуудаа хэрэгжүүлэх талаар шахсан. Айлын талын оролцоотой дагалдах ажлын хэсгүүд нэмж байгуулна, ТЭЗҮ-үүдээ хийх нэмэлт яриа хэлцлүүд хийнэ. Үүний үр дүнд зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж чадах юм бол нэмүү өртөг шингэнэ. Дээр нь дагалдах нэмэлт элементүүдээ ялгаж авна. Алт, молбедин, мөнгө… бусад ховор элементүүдээ ялгадаг технологид шилжинэ гэсэн үг. Энэ мэтчилэн ирэх наймдугаар сар гэхэд хэлэлцээрийн эхний шат амжилттай дуусна гэсэн итгэлтэй байгаа. Цаашид Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн ТУЗ, дээр нь “Эрдэнэс Оюу толгой” компанийн төлөөллийг оролцуулаад, ажилласан шиг ажиллах ёстой. Бид үндсэндээ гол хэлэлцээрүүдээ сая нугалчихлаа. 2.3 тэрбум доллараа тэглэчихлээ. 34 хувиа үнэ төлбөргүй болгочихлоо. Олон жил гацсан эрчим хүчнийхээ хэлэлцээрийг урагш ахиулчихлаа. Гүний уурхайгаа эхлүүлчихлээ… Гүний уурхай манай улсын эдийн засагт маш том түлхэц үзүүлнэ гэсэн хүлээлттэй байна. 2025 он гэхэд Оюу толгойн гүний уурхай жигдрэхэд борлуулалтын хэмжээ гурав дахин өснө. Өнгөрсөн жил Оюу толгой хоёр тэрбум ам.долларын зэсийн баяжмал үйлдвэрлэсэн. 2025 он гэхэд өнөөдрийн ханшаар дор хаяж 6.5 тэрбум долларын зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. 2028 онд далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллахад дөрөв дахин их буюу өнөөдрийн ханшаар 8.4 тэрбум ам.долларын зэсийн баяжмал үйлдвэрлэж, экспортоороо дэлхийд эхний дөрөвт орно гэсэн үг.

-Оюу толгойн эдийн засгийн үр өгөөжийг ард түмэнд илүү дэлгэрэнгүй, тодорхой тайлбарлаж байх ёстой юм билээ.

-Яг үнэн, бид зөвхөн татварын орлогоо л яриад байгаа юм. Оюу толгойд жилд нэг тэрбумаас доошгүй хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Валютын ханшийг 200 төгрөгөөр тогтмолжуулан барьж байгаа гэж Монголбанкнаас хэлж байгаа. Оюу толгойд 10 мянга гаруй аж ахуй нэгж туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчээр ажиллаж, олон мянган ажлын байрыг бий болгосон. Энэ мэтээр Оюу толгой төслийн эдийн засгийн шууд болон дам үр өгөөжийг яривал их олон сайн үзүүлэлт гарна.

-Сая Оюу толгойн 2.3 тэрбум долларыг тэглэхэд Монгол Улсад ирж байгаа үр дүн нь шууд утгаараа яаж мэдрэгдэв?

-Би баримжаагаар хэлье, нарийн тооцоог мэргэжлийн яам хэлнэ байх. 2.3 тэрбум ам.долларыг тэглэснээр наад зах нь манайд ирэх ашиг нь цаг хугацааны хувьд наашлах боломж бүрдлээ. 2029 он гэхэд Монгол Улс шууд ашиг хүртэж магадгүй. Бид Оюу толгойгоос авах жинхэнэ ашгаа ингэж хугацааны хувьд наашлуулах өөдрөг баримжаа, тооцоо, эерэг хүлээлттэй болсон. Гадны санхүүгийн шинжээчид 56/34 хувь гэсэн харьцаа жинхэнэ утгаараа одоо хангагдлаа гэсэн дүгнэлтийг өгч байгаа. Бидний 57 дугаар тогтоолын агуулга бол 56/34-дөө хүрэх ёстой зорилт. Бизнес гэдэг бол харилцан ашигтай, харилцан хожилтой байх зарчимд суурилах ёстой. Түүнээс бид дангаараа ашигтай байж болохгүй нь хэнд ч тодорхой асуудал.

-Өөдрөг мэдээлэл байна. Ер нь бол ингээд үр дүн нь гарч болох цөөнгүй төсөл байсан даа. Гэвч гацсан, нэг л явж өгөөгүй, эцэст нь Монгол Улс хохирч байгаа. ХЗДХ-ийн сайд, Оюу толгой ажлын хэсгийн ахлагчийн хувьд өнгөрсөн цаг хугацааны энэ алдаанд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Миний хувьд цэвэр эдийн засгийн хүн биш ч гэсэн Оюу толгойн ажлын хэсгийг ахалж, жил гаруйн хугацаанд ажиллахдаа энэ талын мэдээлэл арвинтай боллоо. Наад асуудлыг чинь яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Манай улсад хайгуул хийчихсэн төрийн болон хувийн хэвшлийн маш олон орд байна. Энэ бүгдийг бид яаралтай ашиглалтад оруулах ёстой. Тэр бүгдэд нэмүү өртөг шингээж, татвараа авч, баялгийн сангаа бүрдүүлж байж ирээдүйд сайн сайхан амьдарна. Үүнийг бүгдээрээ ойлгож байгаа, одоо ганцхан эхлүүлэх, ажил болгох хамгийн чухал.

-Энэ сэдвийг түр орхиё. Таны удирдаж байгаа яамны ажлын заримыг тодруулъя. Удахгүй УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Танай яамны зүгээс гол ямар хуулийн төслүүд өргөн барих вэ?

-Хэлэлцүүлгийн шатанд 10 гаруй хуулийн төсөл бий. Холбоо болон сангийн эрх зүйн байдлын тухай хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль… гэх мэт. Эдгээр хуулиуд дөрөв, тавдугаар сардаа явчих болов уу гэж харж байгаа. Дээр нь Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль байна. Энэ хуульд эдийн засгийг эрчимжүүлэх гол заалтуудыг багтаасан. Эдийн засгийг яаж эрсдэлд оруулахгүй байх вэ, бизнес эрхлэгчдийг эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ гэсэн агуулгатай чухал хууль. Энэ мэтчилэн олон хуулийг манай яамнаас өргөн барина. Нэг онцлог нь энэ жил ХЗДХ-ийн яамнаас Хувийн эрх зүйн салбарыг дэмжинэ гэсэн чиглэлд хуулиудаа өргөн барьж байгаа. Арилжааны тухай хууль, Хэрэглэгчийн гэрээний тухай хууль, Шүүхийн бус замаар хэрэг маргаан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль гээд энэ чиглэлийн хуулиуд хаврын чуулганаар орно.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ерөнхий сайд төрийн бүтээмжийг өндөр болго гэсэн үүрэг өгсөн. Энэ хүрээнд төрийн хяналт, шалгалтыг хялбаршуулах хуулийн төслийг өргөн барьсан, Их хурал хэлэлцэж шийднэ. Араас нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг өргөн барина. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх зүйн байдлын тухай хууль, Сангийн яамнаас боловсруулсан худалдан авах ажиллагааны тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль… гэхчлэн олон хууль энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ. Хоёр гол агуулга, үзэл баримтлалтай хуулиуд байгаа биз. Нэгдүгээрт, хувийн эрх зүйн салбарыг дэмжсэн хуулиуд. Нөгөөх нь төрийн бүтээмжийг сайжруулах тухай хуулиуд гэж багцалж ойлгож болно.

-Төрийн бүтээмжийг сайжруулах тухай хуулиуд гэж яг ямар үзэл баримтлалтай хуулийн төслийг ярьж байна вэ?

-Саяхан Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайдын зүгээс Ц.Нямдорж дарга, Л.Энх-Амгалан сайд бид нарт үүрэг өгсөн. Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд төрийн албаны бүтээмж, үр нөлөөллийг гадны менежмэнтийн том компаниудаар ажлын байрны зураг авалт хийлгэе гэж. Энэхүү чиглэлээр бид энэ долоо хоногоос хуралдана. Жишээлбэл, Дорж гэж мэргэжилтний ажил үүргийн хуваарь ямар байгаа, ажлын ачаалал бага байна уу, эсвэл их байна уу, яг хэвийн хэмжээнд байна уу гэдгийг тодорхойлно. Нөгөө талд Дулмаа ТЗ-ийн 10-аар цалинжиж байгаа гэж бодоход, түүний ажлын чиг үүрэг Доржийнхтой давхцаж байна уу, ачаалал нь их үү, бага уу. Энэ хоёрын ажлыг нийлүүлээд нэг хүн хийхээр байна уу, цомхотгох уу, нэмэх үү гээд ажлын байрны том зураг авалтыг эхлүүлнэ гэсэн үг л дээ. Ингэж байж төрийн бүтээмж бодитой гарч ирнэ. Энэ чиглэлийн ажлууд олныг хийнэ.

-Ингэхэд Казиногийн хууль хаана явна вэ, энэ хаврын чуулганаар орох уу?

-Эдийн засгийг эрчимжүүлэх тухай хууль дотор яваа. Казиногийн хууль, Төлбөрт тааварт, бооцоот тоглоомын тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хуулийн төслүүдийг давхар өргөн барьж байгаа.

-Томоохон зочид буудлуудын лифт зогсдоггүй давхар бүрд мөрийтэй тоглоомчид суудаг гэдэг. Тэр хяналтгүй их мөнгийг хэрхэн эдийн засагт оруулах талаар ярихаас цаашгүй байгааг хуулиар зохицуулах нь зөв байх?

-Агуулгын хувьд Казиногийн тухай хууль мөрийтэй тоглоомоос огт өөр. Монголд ирж байгаа жуулчдад зориулсан цэнгээнт аялал жуулчлалын хүрээнд Морин бооцоот уралдаан болон Казиногийн хууль хэрэгжинэ. Жуулчид Монголд цагийг тав тухтай өнгөрөөдөг, манайд орлого оруулдаг ийм хэлбэрийг бий болгох зорилготой. Таны хэлж байгаа зүйл бол Эрүүгийн хуулиар хориотой. Цагдаагийн байгууллага байнга ажиллаж, илрүүлж, эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээлгэж байгаа. Энэ хаврын чуулганаар Эрүүгийн хуулийн томоохон өөрчлөлтийг оруулах юм. Мөрийтэй тоглоомын ял шийтгэлийн бодлогыг чангатгана. Үүнээс дутуугүй асуудал дагуулж буй зүйл нь цахим бооцоот тоглоом байна. Үндсэндээ цахим казиногийн асуудал.

-Наад асуудал чинь хууль эрх зүйн ямар ч зохицуулалтгүй явж байна, тийм үү?

-ХЗДХ-ийн яамнаас зөвшөөрөл өгөх эрх зүйн зохицуулалттай. Гэхдээ яам 2006 оноос хойш нэг ч зөвшөөрөл өгөөгүй. Сүүлийн үед залуучууд аливаа тэмцээн, уралдаанд цахимаар бооцоо тавих нь ихэссэн. Bit гэж яриад байгаа шүү дээ. Тухайлбал, ОХУ-ын энэ чиглэлийн платформуудад жилд 20-30 тэрбум төгрөг үрэгдэж байна гэсэн судалгаа гарсан байсан. Эрүүгийн цагдаа, Кибер цагдаагийн газраас хяналт тавьж, хандалтыг нь зогсоож байгаа. Мөн Төв банкнаас тухайн сайтууд руу гүйлгээ хийхийг хориглосон. Гэтэл тусдаа зуучлагч хүмүүс гарч ирэх жишээтэй. Тэр зуучлагчдын хойноос хөөцөлдөөд дансыг нь олохоор тодорхой гэрийн хаяггүй хүмүүсийн нэр дээр данс нээлгэсэн байх гээд бэрхшээлүүд гарч байгаа. Нэгэнт л интернэт орчныг нэг далайлтаар эмхлэх боломжгүй учраас өөрчлөхийн тулд Монголд зөвшөөрөлтэй үйлчилгээг нь бий болгоё гэсэн хуулийг оруулна. Технологийн дэвшлийг нь дагуулаад эрх зүйн орчныг нь бүрдүүлье гэсэн үг. Монгол залуучууд өөрсдөө ийм платформууд үүсгээд явж болно, тэрнээс хуулийн гадна цахим казино ажиллуулж болохгүй.

-Зөрчлийн хуулиар хүлээлгэж байгаа хариуцлагын 96 хувь нь зөвхөн замын хөдөлгөөний дүрмийн зөрчил байна гэдэг үнэн үү?

-Үнэн. Монгол Улсад жилдээ 1.2 сая орчим зөрчил бүртгэгдэж байгаа юм. Түүний 96 орчим хувь нь хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж байна. Үлдсэн дөрвөн хувь нь бусад 2000 төрлийн зөрчил рүү орж байгаа.

-Замын цагдаагийн албыг улсын төсөвт жилд 20 тэрбумыг оруул гэсэн төлөвлөгөөтэй байдаг гэх яриа ортой байх нь ээ?

-Төсөв бүрдүүлэх гэж торгууль тавьдаг гэсэн асуудал огт байж болохгүй. Одоо гуравдугаар сард Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийх гэж байна. Олон заалт өөрчилнө. Жишээ нь, төр шууд торгохгүй, шалган тусалдаг болно.

-Та хамгийн олон ажлын хэсгийг ахалж байна уу?

-За, бараг тийм байгаа байх.

-Энэ олон ажлын хэсгүүдээс хамгийн их ачаалалтай нь юу байна?

-Ер нь бүгд ачаалалтай. Мэдээж Оюу толгойн Ажлын хэсэг одоохондоо ажил их байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийн ачаалал бас их байгаа.

-Сонирхолтой ажлын хэсэг байна. Дээр орхисон сэдэв сөхөгдөх нь. Х.Нямбаатар гадны байгууллагын талд ажилладаг гэсэн мэдээлэл “сэвэгдээд” байдаг нь үүнтэй холбоотой юу?

-Хэлж мэдэхгүй юм… Уг нь бол өөр зорилготой ажлын хэсэг.

-Гадны хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хууль бусаар булаан авах нь өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албаныхан, хууль хүчнийхний оролцоотойгоор их хийгдсэнийг хүмүүс мэднэ. Үүнийг эмхэлж цэгцлэхэд хугацаа их орохоор байна уу?

-Шулуухан хэлэхэд, сүүлийн 10, 20 жилд гадны хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэх үйл явц хэрээс хэтэрсэн учраас гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос дайжсан. Үүнийг залруулах ёстой. Удахгүй Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны бүх Элчин сайдын яамдын тэргүүнүүд, дипломат төлөөлөгчийн газрын удирдлагыг урьж, уулзаж, ярилцана. Тухайн улс орнуудаас Монголд хөрөнгө оруулалтаа дээрэмдүүлсэн, луйвардуулсан бүх судалгааг танилцуулж, стратегийн өмгөөлөл хийгдэж байгаа талаар танилцуулна. Гадныханд өнөөдрийн төрийн удирдлагад ажиллаж байгаа бид өмнөх хүмүүсээс, ах нараасаа огт өөр хүмүүс, өөрөөр ажиллана гэдгийг ойлгуулах ёстой. Манай ах нар дээрэм тонуул хийж байсан уу, байсан. Бид өөр үзэл бодолтой хүмүүс шүү.

-Луйвар ч ил цагаандаа гарсан даа. Налайхын наад тал, Хонхор орчим, Яармаг орчмын царцсан барилгын энэ олон сууриуд, хотын төвд ч эзэн нь тодорхойгүй царцчихсан барилгуудын ихэнх нь гадны хөрөнгө оруулалттай эхэлсэн. Манай хууль хүчний байгууллагууд, улс төрийн хүрээнийхэн, Прокурор, Шүүх, Тагнуул, танай яамны харьяанд байдаг Гадаадын иргэн харьяатын газрынхан хүртэл оролцож хөрөнгө оруулагчдыг албадан гаргадаг, Монгол руу эргэж ирэх замыг хаадаг, буцаж ирвэл барьж хорино гэж айлгадаг. Иймэрхүү аргаар монголчуудын гарт хэдийнэ орчихсон олон барилга байгууламж, газар, үйл ажиллагаатай аж ахуйн нэгжүүд, эмнэлэг сувиллууд… гэхчлэн олон салбар бий. Бүгдийг гадныхнаас булааж дээрэмдэж авсан. Харамсалтай нь луйвар дээрэм өнөөдөр ч үргэлжилж байна шүү дээ?

-Тантай санал нэг байна. Өнөөдрийн Ерөнхий сайд, Т.Аюурсайхан гишүүн, Лу.Болд, Ж.Батзандан бид тавуул үүний эсрэг л тэмцсэн. Өнөөдөр биднийг янз бүрээр хэлж ярих нь бий. Гэхдээ бидний тэмцлийн үр дүн гарч эхэлсэн шүү дээ. Эрдэнэтийг дурдаж болно. Мөн Оюу толгой төсөл байна. Шүүхийн шинэчлэлийн ажлууд хийгдэж, эхнээсээ шүүгч нарт хариуцлага тооцдог боллоо. Ингэж тэмцэхээс өөр арга тэр үед үнэндээ байгаагүй шүү дээ. Жишээ нь, энэ урд байгаа Жапан тауны газрыг манай улстөрчид, хууль хяналтын байгууллагынхан нийлж дээрэмдсэн хэрэг одоо шалгагдаж байна. Хохирогчийг нь ирүүлэхээр манайхан хөөцөлдөж байна. Токиод байдаг томоохон барилгын компанийн эзнийг Монголд авчирч томоохон хөрөнгө оруулалт хийлгүүлээд, буудлынх нь өрөөнд манайхан мансууруулах ургамал нууцаар тавиад, дараа нь сүрдүүлж байгаад Монголоос гаргаж, газрыг нь авсан тохиолдол ч бий. Манай прокурорын байгууллагад ажиллаж байсан, Тагнуулын албыг удирдаж байсан, Ерөнхийлөгчийн тамгын газрын институцид ажиллаж байсан, Их хурлын институцид ажиллаж байсан хүмүүс бүгд хамтран оролцож энэ дээрмийг хийсэн шүү дээ. Тэдний гар хөл болж, тэдний тушаалаар мансууруулах бодис өрөөнд нь хулгайгаар тавьсан, энэ ажлыг гардан гүйцэтгэсэн залуу нь гэнэт хувьдаа томоохон авто угаалгын газартай болчихсон байх жишээтэй. Үнэн нүүр царай нь ийм, луйварчин болох нь тогтоогдоод явж байгаа хүмүүс өнөөдөр ард түмний нүдэн дээр шударга дүр эсгээд явж байна. Ийм юмнууд л энэ улс орныг туйлдуулж байна. Та мэдэж байгаа, Английн ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсоныг авчирч 20 гаруй сая ам.долларыг нь луйвардаад, дараа нь хөөгөөд гаргачихсан, үүнээс болж хоёр орны дипломат харилцаанд хүндрэл учраад явж байна. Яг гардан гүйцэтгэсэн хүнээ Америк руу зугтаалгачихсан. Эх орноо ингэж хорлож болохгүй биз дээ. Заримдаа хэлэх үг олдохгүй үе гарах юм байна шүү дээ. Энэ бүгдийг таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, улсыг хохиролгүй, гадны хөрөнгө оруулагчдыг хохиролгүй болгох, буцаан авчрахын төлөө ажиллаж байна. Төртэй, хуультай, олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй улсын хувьд эдгээр гадны хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулах, дээрэмчдэд хариуцлага тооцох ажлын эцсийг үзнэ. Яривал их юм бий. Монголд буцаж орж ирэхээргүй хар тамга даруулаад гарсан гадаадын иргэн бүрийн ард ийм луйврын золиос байхыг үгүйсгэхгүй. Энэ өдрөөс хойш, энэ цаг мөчөөс эхлэн гадны хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэх асуудал байж болохгүй.

-Гэхдээ л гадныхныг дарамтлах, айлган сүрдүүлэх янз бүрийн технологиуд үргэлжилсээр байгааг тодорхой эх сурвалжууд ярих юм байна шүү дээ?

-Нэг үе цагаандаа гарсан байсныг бодвол одоо эмх цэгцэндээ орж байна. Гэхдээ нэг мөр цэгцэндээ ороход хугацаа хэрэгтэй байна. Оны өмнө гадны хөрөнгө оруулагчийг хээр аваачин биед нь халдаж, хүчээр гарын үсэг зуруулсан хэрэг гарсан. Концессын гэрээнээсээ татгалз гэж шүү дээ. Тэр гарын үсэгтэй бичиг нь төрийн ордон руу, УИХ руу орж ирснийг одоо юу гэж ойлгох вэ. Даварсан үйлдэл биш үү. Энэ хэргийг шалгаж байгаа. Тэдний нэрийг цаг нь болохоор зарлаж л таарна. Тэр болтол битгий жүжиглэ гэж хэлмээр олон хүн цаана чинь шударга ёс яриад явцгааж байна. Заримынх нь үгэнд ард түмэн итгээд ч байх шиг харагдах юм.

-Тодорхой байгууллагын талаар танаас асуумаар байна. Одоо АТГ-т чинь шинэчлэл хэрэгтэй болчихсон юм биш үү. Өнөөдөр улс төрийн томоохон хүрээнийхэн, томоохон бизнесийн бүлэглэлүүд өөр өөрсдийн хүнээ тэнд нэгэнт байршуулчихлаа. Нэгэн үе Цагдаа, Тагнуул тэгж л дампуурсны зах зухаас сая та бид хоёр ярилцлаа шүү дээ?

-АТГ өнгөрсөн хугацаанд чамлахааргүй үр дүнтэй ажилласан. Өдөр тутамд авлигыг мөрдөн шалгаж, тогтоож, хэргийг хүлээлгэсэн ажлын статистик сайн байгаа. Өнгөрсөн жил авлигын улмаас улсад учруулсан хохирол болох 90 тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Одоо танд ямар байр сууринаас юу хэлэх гэж байна гэвэл Монгол Улс “Үндэсний мөрдөх алба”-тай болох цаг болсон. Өнөөдөр гурван газар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа. Тагнуул, Цагдаа, АТГ. Энэ гурван газарт хэргийн харьяалал давхацдаг.

-АТГ байхгүй болно гэсэн үг үү?

-АТГ зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлэг шалгадаг, хянадаг байх. Бид судалгаа хийж эхэлсэн. Эхний ээлжинд олон нийтэд мэдээллийг зөв өгөх хэрэгтэй. Зүгээр нэг төсөөлөл ярьж болохгүй, ийм судалгааны ажлууд хийгдээд явж байгаа гэдгийг эхний удаад хэлж байна. Мэдээж олон босго давах асуудал. Энэ асуудлаар Монголын Мөрдөн байцаах албыг үеийн үед удирдаж байсан удирдлагатай бүгдтэй уулзаж санал бодлоо солилцоод явж байна.

-Тантай уулзсаных нийгэмд огт ойлгомжгүй байдаг нэг асуудлыг танаас асууя. “Зоригийн хэрэг”-ийн захиалагчийг нь зарлахгүй хэрнээ гүйцэтгэгчийг нь зарлаж, ял уншсан нь ямар учиртай юм бэ?

-Харин тийм…

-Юун харин тийм гэж, би ХЗДХ-ийн сайдаас ямар учиртайг нь асууж байна шүү дээ…

-Тэгээд яагаа вэ, би ч гэсэн яагаад тэгсэн юм бол гэж гайхдагаа илэрхийлж байна.

-Та ийм хариулттай сууж байгаа бол иргэд ер нь юугаа мэдэх юм бэ?

-Тийм учраас л бид “Энэ хэрэг дээр буруу хүмүүсийг шалгачихлаа” гэдэг асуудлыг тавьсан шүү дээ.

-Захиалагч тал нь эрх баригч намд хамаатай байсан юм уу?

-Энэ бүгдийг мэдэж байсан бол дуугүй сууж байх хүн би мөн үү. Одоо бол ийм гурван хэрэг шалгагдаж байгаа. Захиалагчтай холбоотой хэрэг. Үүнийг хурдан дуусгах нь шалгаж байгаа ТЕГ-ын асуудал. Хоёрдугаарт, үндсэн хэргийг шалгаж байгаа. Гуравдугаарт, хэрэг буцсан учраас өнөө гурван нөхрийг гэм буруутай юу, буруугүй юу гэдгийг дахин шалгаж байгаа гэж ойлгож байна. Миний зүгээс холбогдох байгууллагын удирдлагуудад “Энэ олон хэргүүдийг нэгтгээд шалгавал ямар вэ” гэсэн санал тавьдаг.

-Та хуульчийнхаа хувьд Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг цагаатгасныг юу гэж дүгнэдэг вэ. Гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэрэг шүү дээ?

-Гурван шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх эргээд хүчингүй болгосон шүү дээ.

-Ийм тохиолдолд Шүүхэд итгэх иргэдийн итгэл хөсөр хаягдана биз дээ. Гурвын гурван шатны Шүүхийг даван хүн хэлмэгдүүлсэн байна гэхээр чинь Монголд Шүүх засаглал байсан юм уу, байгаа юм уу?

-Шинээр нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор гурван шатны Шүүхийн шийдвэр хүчингүй болсон. Одоо Мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байгууллагууд өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй байх ёстой. Шинэ нотлох баримтууд дээр шинэ ажлын хэсэг цоо шинэ нүдээр харж, мэдэрч ажиллана гэж итгэж найдаж байгаа.

-Улсын Ерөнхий прокурорын орлогч байсан Г.Эрдэнэбат ял авсан. Түүнийг сайн хуульч гэж салбарынхан нь үнэлдэг. Гэхдээ та “Эрдэнэбат прокурор бол гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлаад гарын үсэг зурчихсан юм шиг байна лээ” гэж хэлж байсан.

-Тэгсэн, тэгж хэлсэн.

-Эмэгтэй хүнийг мансууруулж байгаад гарын үсэг зуруулна гэсэн гүйцэтгэх ажиллагааны төлөвлөгөөг Улсын ерөнхий прокурорын орлогч батлан гарын үсэг зурна гэдэг… ийм юм байж болох уу. 1937 оны үеийнх шиг явдал биш үү?

-Тэр гүйцэтгэх ажиллагаа нь буруу байсан учраас л хуулийн хариуцлага хүлээсэн. Монголчууд бүгдээрээ зурагтаар харсан, эмэгтэй хүнийг согтууруулж, мансууруулж байгаад хуруу гарынх нь хээг авдаг гүйцэтгэх ажиллагаа өчигдөрхөн манайд байсныг. Энэ бүхэн баримт, ийм ил цагаан баримтыг одоо тэгээд хэн үгүйсгэх юм. Монголын ард түмэн бүгдээрээ харсан. Ийм гүйцэтгэх ажиллагаа ардчилсан Монгол Улсад байж болохгүй. Миний хувьд лав хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

-Танд яагаад ч ойлголцохгүй улстөрчид, хуульчид байдаг уу?

-Ойлголц, ойлголц бас дахин ойлголц гэсэн зарчим надад үйлчилдэг дээ /инээв/. Ойлголцохгүйгээр төрийн ажил явахгүй. Хэнтэй ч байсан уулзаад, ярилцаад суухад ойлголцож болдог. Өөрийн байр суурь дээрээ хатуу байх зарчим хүмүүст байна, надад ч бий. Гэхдээ ойлголцоод явж болдог юм аа.

-Та гишүүн асан О.Баасанхүүгийн өмгөөлөгчийн эрхийг сэргээхээр хөөцөлдөөд явж байна гэж дуулдсан. Сэргээж өгч чадав уу. Та хоёр ч чуулганы танхимд ширүүн үзэлцдэг, дээр дороо ордог байж билээ?

-О.Баасанхүүгийн өмгөөлөгчийн эрхийг сэргээх хүсэлтийг би Өмгөөлөгчдийн холбоонд тавьсан. Бид хоёрын парламентын танхимд маргаж мэтгэх бол тусдаа ажил. Эр хүмүүсийн хоорондын харилцаанаас ангид асуудал. Амьдрал дээр, хүнийхээ хувьд аяга кофе хувааж уугаад зэрэгцэн орших нь бас нэг өөр асуудал. Ер нь эр хүмүүс бие биедээ хар муу санах асуудал байж болохгүй дээ. Мартах, өнгөрөөх юмнуудыг өнгөрөөх л хэрэгтэй. Бидний хэн маань ч алдаа, оноон дундуур л явж байна.

-Та чуулганы танхимд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар айхавтар үг хэлж нийгмийг цочоосон. Монголын хууль шүүхийн байгууллага ордны зүүн талын тэдэн давхраас үүрэг даалгавар авч ажилладаг болсон гэж. Ерөнхийлөгч асантай та сүүлд хэзээ уулзав?

-Ер нь уулзаагүй, таарахгүй л яваа. Намайг томилогдоход өрөөндөө нэг загнасан. Тэрнээс хойш уулзаагүй юм байна.

-Таныг Ерөнхий сайдтай хамаатан садан гэж ярьдаг?

-Ерөнхий сайдтай ямар нэг ах дүү, цусан төрөл, садан төрлийн холбоо байхгүй. Бид хоёр бол Хэнтийн Бэрх тосгоны хүүхдүүд. Нэгнээ багаас нь мэднэ.

-Бээжингийн олимпоос хойш Монголын боксын холбоог та нийгэмд жаахан сэрээж, чихийг нь дэлдийлгэж өгөв үү?

-/инээв/ Тэгсэн байх. Гурван шалтгаан байсан. Нэгдүгээрт, би багаасаа боксын спортын үнэнч дэмжигч байсан. Хоёрдугаарт, миний багын найзууд тэр чигээрээ нэгэн цаг үед Монголын боксын шигшээ багийг бүрдүүлж байсан юм. Одоо бүгдээрээ ахмад мастерууд болцгоож дээ. Гуравдугаарт, олон улсад Дотоод хэргийн сайдууд нь Боксынхоо холбоог тэргүүлдэг жишиг байдаг юм билээ. Учир нь боксын, тулааны спортын шилдгүүдийн ихэнх нь тухайн улсынхаа хууль хүчний байгууллагууддаа харьяалагддаг, ажилладаг, спорт хороонд нь байдаг юм билээ. Монгол Улс ч ялгаагүй өнөөдөр боксын спортын өнгө болж байгаа шилдэг тамирчдын ихэнх нь ХЗДХ-ийн яамны харьяа “Хүч”, “Сүлд”, “Хилчин” спорт хороодод харьяалагддаг. Хүссэн хүсээгүй тэд сайдын удирдлагад байдаг гэсэн үг. Ийм учир шалтгаанууд уг нь байгаа юм л даа.

Боксын холбооны ерөнхийлөгч болоод их шүүмжлүүлсэн. Над шиг нэг спорт холбооны дарга болоод хэдэн сар үргэлжлүүлэн шүүмжлүүлсэн хүн байдаг ч үгүй байх. Гэхдээ нэгэнт ажил авсан хүний хувьд хариуцлагатай, сэтгэлтэй ажиллах ёстой. Боксын хамт олноо нэгтгэн зангидаж, нэг санаа зорилготойгоор ажиллах, 2024 оны Парисын олимпийн цикльд боксчидоо сайн бэлдэх, амжилт гаргахын төлөө энэ их ажлынхаа хажуугаар хичээж байгаа. Олон сайн бизнесмэнүүд Боксын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуультай юм билээ. Тэд бол сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс. Сая Ташкентад болсон Азийн аваргаас манай боксчид түүхэнд байгаагүй амжилт үзүүлж 12 медаль авсан. Хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль авсан. Үүнийгээ нэг их сурталчлаагүй байгаа. Энэ хүүхдүүд бүгдээрээ 19-22 насныхан. Бүгдээрээ олимпийн шигшээг бүрдүүлэх залуус. Хил гаалийн асуудал гайгүй болвол гадагшаа явах ёстой бүх тэмцээнд оролцуулна, хамтарсан бэлтгэл хийлгэнэ.

-Спорт ярьсных Үндэсний баяр наадмын тухай хууль энэ чуулганаар орж байгаа юу?

-Саяхан миний бие Монголын морин спорт уяачдын холбооны төлөөллийг хүлээн авч уулзсан. Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг танилцуулж, саналыг нь авч санал нэгдсэн. Ирэх долоо хоногт МҮБХ-ны удирдлагыг хүлээн авч уулзана. Өнөөх л допингийн маргаан, цол чимгийг хэн олгож байх юм, бүртгэл яаж хийх гэхчлэн ярилцаж санал бодлоо нэгтгэнэ. Түүний дараа сурынхан, шагайн харвааны холбоодтойгоо уулзана. Ингээд үндэсний дөрвөн том холбоодтойгоо ойлголцож, саналаа нэгтгээд хуулиа өргөн барина. Ер нь ямар ч хуулийг өргөн барихын өмнө нийгмээсээ асууж, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, хийг нь гаргаж байж чуулганаар хэлэлцүүлэн батлуулж байх бодлоготой байгаа. Жишээ нь, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлнэ. Зөрчлийн тухай хууль том хууль шүү дээ. Нийгэмд байхгүй бол болохгүй хууль. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль хоёр нь нийгмийн харилцааг зөв зохицуулах хүч, улс орны аюулгүй байдлын баталгаа юм.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

Өмнөх онд 1115 хүнийг хугацаанаас нь өмнө суллаж, 2354 хүнд цагдан хорих арга хэмжээ авчээ

Монгол Улсын шүүхийн 2021 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг танилцууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа “Шүүх өмнөх онд 89,089 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Үүнээс анхан шатны эрүүгийн хэргийн 12,068, иргэний 45,444, захиргааны 1,764 хэргийг хянан шийдвэрлэжээ. 1,115 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллаж, 2,354 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 10.4 хувиар, иргэний хэрэг 15.3 хувиар тус тус буурсан. Захиргааны хэрэг 15.7, зөрчлийн хэрэг 4.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 53 хувиар, захиргааны хэрэг 66.8 хувиар буурсан дүнтэй гарчээ.

2021 онд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэг шүүгчид дунджаар 97.3 хэрэг, аймаг дахь дундын нэг шүүгчид дунджаар 77.4 хэрэг шийдвэрлэсэн байна. Өмнөх оноос дүүргийн нэг шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг 24.2 хувиар, аймаг дахь сум дундын нэг шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг 8.9 хувиар тус тус буурсан байна” гэлээ.

Тус мэдээллийг eagle.mn сайтын шууд дамжуулалтаас бэлтгэв.

Categories
булангууд их-уншсан мэдээ туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

 Нийт өрхийн 80 хувь нь интернэттэй, 97.6 хувь нь гар утастай байна

Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм дулаан

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтран “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-г олон нийтэд танилцуулж байна.

Энэхүү судалгаа нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зөвлөмжийн дагуу хийгдсэн Үндэсний хэмжээний анхны түүвэр судалгаа бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг бодитой тооцоход Монгол Улсын тоо баримтыг тусгах, цаашид салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах суурь судалгаа, статистик мэдээ мэдээллээр хангах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн өнөөгийн байдлыг үнэлэх ач холбогдолтой.

Монгол Улсын 335 сум, суурин газарт өндөр хурдны интернэт сүлжээ орсноор нийт өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байна.

Мөн үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж, 2021 оны байдлаар нийт иргэдийн 97.6 хувь нь гар утас хэрэглэж, үүнээс ухаалаг гар утасны хэрэглээ 84.7 хувьд хүрсэн. Энэ нь төрийн үйлчилгээг цахимаар хурдан шуурхай, нээлттэй, хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тус судалгаанаас харж болох юм.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 98 хувь нь гар утастай бөгөөд үүнээс 54.8 хувь нь боловсролгүй иргэд байжээ. Түүнчлэн 15 ба түүнээс дээш насны хүмүүсийн 31.5 хувь нь суурин компьютер ашигладаг бол цахим худалдаанд иргэдийн 29.9 хувь нь тодорхой хэмжээгээр оролцсон байна. Сүүлийн гурван сарын хугацаанд судалгаанд оролцсон иргэдийн 84.3 хувь нь интернэт ашигласан бөгөөд тэдний 95 хувь нь мэдээлэл авах зорилгоор интернэтийг ашигласан ажээ.

Түүнчлэн Монгол Улсын нийт өрхийн:

  • 97.9 хувь нь гар утастай
  • 97.3 хувь нь телевизтэй
  • 80.0 хувь нь интернэттэй
  • 8.1 хувь нь радиотой
  • 9.0 хувь нь суурин утастай
  • 33.3 хувь нь компьютертой гэсэн судалгаа гарав.

Мөн сүүлийн гурван сарын хугацаанд монголчууд харилцаа холбоо, мэдээллийн технологийн зардалд 246.1 мянган төгрөгийг зарцуулсан байна. Үүний

  • 29 хувь нь тоног төхөөрөмж
  • 69.9 хувь нь үйлчилгээ
  • 0.5 хувь нь программ хангамж
  • 0.5 хувь контент
  • 0.1 хувь нь видео тоглоомд зарцуулжээ.
Categories
арын-нүүр булангууд их-уншсан мэдээ туслах-ангилал

Ковидын үеийн төгсөгч ажилд авахгүй гэв үү

Өнгөрсөн гурван жил үргэлжилсэн цар тахлын үеэр хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндээ хамгаалуулах, боловсрох гээд монгол хүнд Үндсэн хуулиар олгосон суурь эрхүүд ноцтой зөрчигдөж ирсэн. Хүний эрхийн зөрчил цаашид ч үргэлжлэх бололтой. Энэ удаа төр засаг бус ажил олгогчид хүний эрхийн зөрчил гаргаж эхэллээ.

Хувийн хэвшлийн нэгэн компани шинэ ажилтан авах шалгууртаа “Ковидын бус төгсөгч авна” гэжээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үеэр их, дээд сургууль төгссөн төгсөгчийг ажилд авахгүй гэсэн байна. Тодорхой ингэж бичиж байгаа нэг хэсэг байхад ил цагаан бичихгүй ч бодлогоор ялгаварлаж байгаа ажил олгогчид ч нэмэгдсээр байгаа аж.

Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил юм. Уг нь ажил олгогчид хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой юм. Угаас онолын мэдлэг, практик хоёр зөрдөг нь амьдрал. Цаг үеийн хүнд нөхцөлд боловсрол эзэмшсэн залуусаа хөгжүүлээд, боловсруулаад авах нь зүй ёсны л хэрэг баймаар.

Тэр бүү хэл ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах үүргийг Хөдөлмөрийн хуулиар хүлээдэг. Хүний эрхийн наад захын зөрчил гаргаж байгаа ийм нөхөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах тухай бүр ч саналтгүй байх даа.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр

​ТАНИЛЦ: Шинэ Элчин сайд нарын намтар, хөрөнгө орлогын мэдүүлэг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар гурван Элчин сайдыг шинээр томилов. Тэдний товч намтар, хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

БНСУ-Д ЭЛЧИН САЙДААР АЖИЛЛАХ Э.САРАНТОГОС

БНСУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Э.Сарантогос 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын даргаар ажилласан. Япон, орос, англи хэлний мэдлэгтэй.

Тэрбээр 1997 онд Гадаад харилцааны яаманд ажилласнаас хойш ихэвчлэн Монгол, Японы харилцааны асуудлыг хариуцжээ. Токио дахь Элчин сайдын яаманд долоон жил ажиллаж, соёл, боловсрол, хүмүүнлэгийн асуудал хариуцсан III нарийн бичгийн даргаар ажилласан.

Япон, Орос, Англи хэлтэй.

Манай улсаас жилд 100 мянга орчим иргэн БНСУ-д боловсол эзэмших, аялах,эрүүл мэндийн үйлчилгаа авах, ажил хийх зорилгоор очдог байна. Иймд тус улсад ажиллах Элчин сайдад өндөр хариуцлага ногдоно. Солонгос хэлтэй Элчин сайд томилох шаардлагатайг УИХ-ын зарим гишүн онцлов.

Элчин сайд Э.Сарантогосын товч намтар

1975 онд Улаанбаатар хотод төрсөн

1992-1997 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль (олон улсын харилцааны бакалавр),

2000-2002 онд Японы Васедагийн Их сургууль (олон улсын харилцааны магистр),

2009-2010 онд Австралийн Аделайдын Их сургууль (олон улсын эдийн засгийн харилцааны магистр),

1997-2000 онд ГХЯ-ны Азийн газарт мэргэжилтэн

2002-2004 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл-шинжилгээний газарт гуравдугаар нарийн бичгийн дарга

2004-2007 онд Токио дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга

2007- 2009 онд ГХЯ-ны Азийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга

2010-2012 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга

2012-2014 онд Токио дахь ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх

2014-2016 онд Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх

2016 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал

2016-2017 онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал

Э.Сарантогос Элчин сайд 300 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн нэг орон сууцтай, амины сууцгүй, зуслангийн байшингүй, хашаа байшингүй, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эзэмшдэггүй гэж мэдүүлжээ. 16 сая төгрөгийн хадгаламжтай.

Мэдүүлэг гаргагчийн орлого, мянган төгрөгөөр

2017 онд 113.454

2018 онд 110.555

2019 онд 23011

2020 онд 33811

Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн орлого, мянган төгрөгөөр

2017 онд 18740

2018 онд 31598

2019 онд 34970

2020 онд 59020

КУВЕЙТ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДААР АЖИЛЛАХ П.СЭРГЭЛЭН


Кувейт Улсад Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн П.Сэргэлэннь 2016 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдож байсан. Сайд болсноос хойш хэвлэлээр багагүй шүүмжлүүлж, “Уяач сайд” хэмээн шүүмжлүүлж байв. Тэрбээр багш, санхүүч мэргэжилтэй бөгөөд орос, англи хэлтэй.

П.Сэргэлэн Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ монгол морийг Гиннест бүртгүүлэх, “Морьтон монгол” ба морины уралдааныг Азийн болон дэлхийн морины холбоонд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж байжээ.

Түүнд УИХ-ын гишүүд нэр шигээ сэргэлэн байж, Кувейтээс хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг хүслээ. Мөн ХХААҮ-ийн сайд байсан туршлагадаа үндэслэн энэ салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх даалгавар өгсөн юм. Харин УИХ-ын гишүүн П.Анужин мэргэжлийн бус хүнийг Элчин сайдад нэр дэвшүүлснийг шүүмжлэв.

Элчин сайд П.Сэргэлэнгийн товч намтар

1971 онд Улаанбаатар хотноо төрсөн.

Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,

“Ноён сүлд” группийн зөвлөх.

“Олон улсын ярианы үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн,

Залуучуудын “Алтан соёмбо” нийгэмлэгийн тэргүүн,

Өндөр гэгээн Занабазарын “Соёмбо Дарь Эхийнсан”-гийн тэргүүнээр ажиллаж байсан.

МУБИС-ийг багш, СЭЗДС-ийг бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Сингапурын үндэсний их сургууль, АНУ, Сингапур, Гонгконг улсуудад англи хэл, мэдэээлэл технологийн чиглэлээр,

Японы Токио хотод “Адууны бүртгэл, үржүүлгийн” чиглэлээр суралцсан.

2017 оноос ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байна.

Тэрээр 2016 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн жилийн орлогыг 59 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 108 сая төгрөг гэж мэдүүлжээ. Хоёр нийтийн орон сууцтай, үйлчилгээний зориулалт бүхий хоёр обьекттой. Эдгээрийн нийт үнийн дүн 790 сая төгрөг гэжээ. 380 сая төгрөгийн нэг машинтай, адуу хонио 495 сая төгрөгөөр үнэлсэн байна. 172 сая төгрөгийн үнэт эдлэл эзэмшдэг, 123 сая төгрөгийн хадгаламжтай. “Монголком” компанийн 30 хувийг эзэмшдэг.

ШВЕЙЦАРИЙН ХОЛБООНЫ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДААР АЖИЛЛАХ Д.ГЭРЭЛМАА

Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа одоогоор Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлын албан тушаалтай. Тэрбээр олон жил Гадаад харилцааны яаманд ажиллаж буй, франц, англи, орос хэлтэй.

Элчин сайд Д.Гэрэлмаагийн товч намтар

1976 онд Улаанбаатар хотод төрсөн.

1994 онд Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Лицей дунд сургууль

1998 онд Монгол Улсын Их сургууль, олон улсын харилцааны мэргэжилтэн, франц судлал

2000 онд Франц Улсын Засаг захиргааны дээд сургууль

2001 онд Шинэ Зеланд Улсын Веллингтоны их сургууль,

2009 онд Туркийн дипломатын академид мэргэжил дээшлүүлсэн,

1998 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн,

2000-2002 онд Гадаад харилцааны яамны Европын газрын атташе,

2003-2007 онд Парис дахь ЭСЯ, Женев дэх Байнгын төлөөлөгчийн газарт гуравдугаар нарийн бичгийн дарга,

2007-2011 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга,

2011-2014 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга,

2014-2018 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал,

2018 оны 11 дүгээр сараас Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал

Тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 570 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн нийтийн орон сууцтай, өөр үл хөдлөх эд хөрөнгөгүй гэж мэдүүлжээ. 220 сая төгрөгийн үнэ бүхий авто машин, 917 сая төгрөгийн хадгаламж, 2144 ширхэг хувьцаа эзэмшдэг байна.

Мэдүүлэг гаргагчийн өөрийн орлого

2017 онд 18 сая төгрөг

2018 онд 25 сая төгрөг

2019 онд 14 сая төгрөг

2020 онд 31 сая төгрөг

Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн орлого

2017 онд 97.00 мянган төгрөг

2018 онд 123 сая

2019 онд 102 сая

2020онд 227 сая төгрөг

https://livetv.mn/storage/posts/January2022/wLpjBIKmUYQ4G2fWSzFb-medium.jpg

Б.Бат-Эрдэнийн намтар:

-1995-1999 онд Улаанбаатарын их сургууль, бакалавр

-2005-2010 онд Улаанбаатарын их сургууль, магистр

-Монгол Улсын их сургууль, Улс төр судлал, докторантаар тус тус суралцан төгссөн. Түүхч, улс төр судлаач мэргэжилтэй.

-2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал,

-2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо шуудангийн газрын зөвлөх,

-2012-2015 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,

-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,

-2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга,

-2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх,

-2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга,

-2018 оноос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,

-2020 оноос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тус тус ажиллаж байсан.

Тэрбээр өөрөө жилд 12 сая, гэр бүл нь 10 сая төгрөгийн орлоготой гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн.

-450 сая төгрөгийн нэг байр,

-50 сая төгрөгийн нэг машин,

-100 сая төгрөгийн үнэ бүхий 400м2 газар эзэмшдэг.

-“Монгол тулгат финанс” /Гадаад худалдаа/, “Монмарт трэйд” компаниудыг 100 хувь эзэмшдэг.