Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Г.Ганчимэг, Г.Шийлэгдамба хоёрын хэрэг хоорондоо хамааралгүй ч, тэднийг авлига авсан хэмээн шалгаж байна

Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба бусдаас онц их хэмжээний хахууль авсан гэх хэргээр саатуулагдсан. Тэгвэл түүний араас тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-аас уржигдар баривчилжээ. Түүнийг Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан шалгаагүй бөгөөд тусдаа хэрэг боловч мөн л бусдаас хээл хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм байна. Г.Шийлэгдамбад эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй адил зүйл ангиар хэрэг үүсгэжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Түүнийг одоогоор 72 цаг саатуулсан гэх боловч цаашид үргэлжлүүлэн хорих бололтой. Г.Шийлэгдамбыг “Цахим эрүүл мэнд ” төслийг 19.5 сая ам.долларын өртөгтэйгөөр хэрэгжүүлэхээр УИХ-д танилцуулсан гэдэг. УИХ-аас энэ төслийг Дэлхийн банк, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр өнгөрсөн долдугаар сард баталсан аж. Энэхүү том төслийн эхний шат буюу цахим эрүүл мэндийн суурь баазыг бүрдүүлэхэд “HUAWEY” компани хамтран ажиллахаар болсон аж. Монголын талаас гүйцэтгэгч компанийг шалгаруулахаар тендер зарлажээ. Энэхүү төслийн эхний шатных нь 2.85 сая ам.долларын өртөгтэй буюу БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болсон. Гэтэл материалаа ирүүлсэн дөрвөн компанийн дотор байгаагүй “Метро нетворк” компанийг шалгаруулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагджээ. Үүнийг нарийвчлан шалгаж, гүйцэтгэх ажиллагаа явуулахад дээрх хэрэг илэрсэн бололтой. Харин Г.Ганчимэгийн хувьд мөн л бусдаас их хэмжээний хээл хахууль авсан гэж шалгаж байгаа ч энэ асуудал нь баримтаар тогтоогдсон гэнэ. Энэ хэрэгтэй холбоотой лавшруулан шалгах зүйл байгаа тул мөрдөн байцаалтын нууц задруулахгүй гэдэг үндэслэлээр мэдээлэл өгөхгүй байгаа юм байна.

Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нарын хэрэгт Эрүүл мэнд, спортын яамны зарим газрын дарга нарыг ч сэжигтнээр байцааж эхэлжээ

Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нарын хэрэгт Эрүүл мэнд, спортын яамны зарим газрын дарга нарыг ч гадуур сэжигтнээр байцаагаад эхэлсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар сонгууль дөхсөнтэй холбоотойгоор намдаа хандив цуглуулах нэрээр бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэл байгаа гэнэ. Энд зөвхөн Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг ч төдийгүй түүний өмнө энэ салбарын сайд асан С.Удвалтай ч холбогдож буй зарим хууль бус явдал байгаа бололтой. Тэгэхээр энэ салбарынхныг лавшруулан шалгах уу эсвэл нэг намын нөхөд сайд байсан тул ингэсгээд хэргийг дуусгах уу гэдэг нь цаг хугацааны асуудал бололтой. Мөн С.Удвалын үед Төрийн нарийн бичгийн дарга явсан эмэгтэйн асуудал ч сөхөгджээ. АТГ-ынханд олдсон хэргийн баримт болон мэдээлэгч нарын тайлбар, гомдол Г.Шийлэгдамба дээр гүйцэтгэх ажиллагаа явуулах тохиромж бүрдсэнтэй холбоотой гэдгийг эх сурвалж хэлж байна.”Өгье гэсэн мөнгийг үгүй гэлгүй” олдсон дээр нь аваад байсан байж болохыг үгүйсгэх хүн байхгүй байгаа юм. Учир нь Г.Ганчимэг Г.Шийлэгдамба хоёр нэг намынх. Г.Шийлэгдамбыг баривчлагдсан орой МАХН-ынхан бужигнаж, хоорондоо цуглахдаа ч энэ тухай ярьсан гэдэг. Зарим нэг нь “Н.Энхбаярыг залуусыг намдаа мөнгө ол гэж дарамталснаас Г.Шийлэгдамба явлаа” гэж зэмлэх явдал ч гарчээ. Дараа нь Г.Ганчимэг бас л хээл хахууль авсан хэргээр хоригдлоо. Үүнээс үзвэл Г.Шийлэгдамба тэргүүтэн намынхаа золиос болжээ гэж харагдахаар байгаа юм. Энэ явдлыг батлах нэг зүйл нь Г.Шийлэгдамба дээр гүйцэтгэх ажиллагаа явуулахад амархан “өгөөш” болсон бололтой. Тэр “өгөөш”-ийг Г.Шийлэгдамбын ойрын, намынх нь урвагч нэгэн хуулийнханд өгсөн сураг ч гарч байна. Мэдээж Г.Шийлэгдамбыг хаана юу хийж, явааг гадны хэн нэгэн иргэн мэдэх боломжгүй. Түүнд гомдсон хүсэлтийг нь биелүүлээгүй, тендерт ялах боломж байсаар байхад тэр эрхийг өөр хүнд өгсөнд хамаг будлиан оршиж энэ хэрэг илэрсэн бололтой. Тийм ч учраас тус яамнаас зарласан сонгон шалгаруулалт, эмнэлгийн тусгай зөвшөөрөл олгох ажил хахууль, шангаар явагдсантай холбоотой гэж зарим эх сурвалж хэлж байна. Нөгөө талаас манай улс төрийн намуудын дунд тогтсон нэг муухай зүйл нь энэ. Намынхаа төлөө хандив мөнгө цуглуулж яваад золиос болсон хүн цөөнгүй байдаг. Анхных нь ГЕГ-ын дарга асан Х.Баатар байсныг хэн хүнгүй л мэднэ. Энэ хүн дараа нь анхны авлигын хэрэгтэн болоод үлдсэн. Намын буруу тогтолцоо,бусармаг арга барил хэн нэгнээ золиос болгодог түүх байсаар байхад Г.Шийлэгдамба ямарч хамгаалалтгүйгээр яваад орчихлоо гэх хүн хуулийнхан дунд цөөнгүй байна.

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн бичгийн дарга Г.Ганчимэг гэж хэн бэ

Г.Шийлэгдамбын сайд болсныхоо дараа хууль зөрчин томилсон хүн нь Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг. Тэрбээр эрүүл мэндийн салбарт анхан шатнаас нь буюу сувилагчаар ажлын гараагаа эхлэн улмаар хэлтэс, албаны даргаар ажиллаж байсан нэгэн. Г.Ганчимэг 2002 оноос Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн мэргэжилтэн, албаны дарга, ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан. С.Удвалын үед тус яамны мэргэжилтэн хийж байжээ. 2014 оноос тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн байдаг юм байна. МАХН-ын генсек байсан Г.Шийлэгдамбатай нэг нам. Мөн зарим хэвлэл Г.Ганчимэгийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын сайн найз Г.Ганзоригийн эгч гэж мэдээлж байна. Энэ нь ч ортой юм байна. Г.Шийлэгдамбаар дамжуулж С.Баярцогт өөрийн танилын хүрээний хүмүүсээ албан тушаалд томилсон байдаг аж. Тэдний нэг нь Г.Ганчимэгийн томилгоо гэнэ.

Г. Шийлэгдамба түүнийг ажилд авахдаа хууль бус тушаал гаргаж, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр мэргэжилтэн байсан Г. Ганчимэгийг томилсон аж. Тухайн үед түүнийг “өөрийн” дуулгавартай хүмүүсийг яаманд шургалуулах, үүний тулд саад болж байгаа төрийн албан хаагчдыг замаасаа зайлуулах ажлыг Г.Ганчимэгээр хийлгэж байна гэж үзэх хүн олон байсан юм. Мэргэжилтэн Г.Ганчимэгийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Эрүүл мэнд, спортын сайдын 2014 оны 03 дугаар тушаал бий.

Хууль зөрчин Төрийн нарийн бичгийн албан тушаалд томилжээ

Энэ тушаал нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг үндэслэсэн боловч энэхүү журмын 4.3.2, 4.7 дахь заалтыг тус тус зөрчсөн хэмээдэг. Тухайлбал дээрх хэргийн “4.3.2-т дэд дарга, орлогчгүй байгууллагын даргын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ”, “4.7 албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчийг үндсэн албан тушаалаас нь чөлөөлөхгүйгээр албан үүргийнх нь зэрэгцээ түр орлох албан тушаалыг гүйцэтгүүлнэ” гэжээ. Гэтэл Төрийн нарийн бичгийн дарга нь чөлөөлөгдсөн бусад яамдын энэ албан тушаалын албан үүргийг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга нар нь түр орлон гүйцэтгэж байхад, Эрүүл мэнд, спортын яамны сайд гаргаж, мэргэжилтэн Г. Ганчимэгээр орлуулсан нь дээрх журмын 4.3.2-ыг зөрчсөн хэмээж байв. Ингээд хуучин ЭМЯ-ны төрийн албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ЭМСЯ-ны ТНБД-ын 2014 оны 389 дүгээр тушаалаар мэргэжилтэн Г. Ганчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ ЭМСЯ-ны төрийн албан хаагчдыг байршуулсан 390 дүгээр тушаалаар мэргэжилтэн Г. Ганчимэгийг эргүүлэн томилоогүй нь дээрх журмын 4.7-г зөрчсөн гэж үзэх шалтгаан болсон байдаг.

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу томилох эрх бүхий албан тушаалтан биш гэж үзсэн байна

Ийнхүү Г. Ганчимэгийг хууль, журам зөрчиж томилогдсон болохыг ЭМС-ын сайд Г. Шийлэгдамбад АТГ-аас ирүүлсэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан тоот явуулж байсан байна. Энэхүү албан бичигт “ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Г. Ганчимэг, ТЗУГ-т ахлах мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Б. Эрдэнэчимэг нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу томилох эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас ирүүлээгүй байх тул материалыг буцаав” гэжээ.

Гэвч сайд Г. Шийлэгдамба, энэхүү албан тоотыг үл тоосон бөгөөд өөрийн хүссэнээр шийдсэн байна. Төрийн нарийн бичгийн дарга болсон Г.Ганчимэг харин 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М. Уранчимэгээс бусад бүх газар, хэлтсийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ингэхдээ Г. Шийлэгдамба ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүстэй уулзаж “Би өөрийн удирдлагын багийг авчирч байгаа тул та нарыг халж байна” гэж хэлжээ. Мөн ЭМЯ нь Эрүүл мэнд, спортын яам болж спортын чиг үүрэг нэмэгдэж ирснээс биш дөрвөн газар (Төрийн захиргааны удирдлагын газар, Стратегийн бодлого төлөвлөлтийн газар, Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар), гурван хэлтэс (Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, Санхүү, эдийн засгийн хэлтэс)-ийн даргын албан тушаал (ажлын байр)-ын чиг үүрэг өөрчлөгдөөгүй хэвээрээ байхад бүгдийг ажлаас нь чөлөөлж, оронд нь төрийн захиргааны албаны мэргэжлийн шалгалт өгөөгүй, АТГ-аас дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хүмүүсийг нэгжийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод, эрх зүйн чадамжгүй Төрийн нарийн бичгийн даргаар албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг тохоон томилсон. Гэвч “Удирдлагуудыг нь сольж чадсан ч тэдний хууль бус үйлдэлд дургүйцэн алхам бүрийг нь хянах халагдсан хүмүүсийн удирдлага доорх ажилтнуудыг нь халж чадаагүй. Энэ нь хожим гай болохыг мэдээгүй л байх. Яамны бүх ажилтанг халж чадаагүй учраас сайдын үйлдэл нэг яаман дотор үйлдэл бүрээрээ хэн нэгний хараанд байж л байсан” гэх яриа яаманд гаргаад байна. Яамны бүхий л тушаал шийдвэрүүд харин Төрийн нарийн бичгийн даргын гарын үсгээр явагддаг. Гэвч Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нар авилгын хэрэгт унасан нь намаа санхүүжүүлэхээр зүтгэснийх бололтой.

Д.Маргад

Categories
их-уншсан туслах-ангилал

Авлигатай тэмцэх ариун ажил улс төрийн шоу болж Монголын нийгмийг хагаралдуулах ёсгүй

Сүүлийн хэд хоног нийгмийг донсолгосон дуулиан шуугиантай баривчилгаа ойр ойрхон боллоо. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг шөнө гэрээс нь баривчилсан. Батзаяа болон түүний хань хамсаатан гэгдэх нөхдийг Эрүүгийн хуулийн 148.4 буюу зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, улсад их хэмжээний хохирол учруулсан, зохион байгуулалттайгаар мөнгө угаасан гэх үндэслэлээр цагдан хориод байгаа. Тэрхүү дуулиан ид мандаж байтал Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын яамны сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэмээн албан өрөөнөөс нь баривчилсан.

Авлигатай тэмцэх бол зөв зүйтэй, нийгэм эрүүл байхад гол нөлөө үзүүлдэг сайн ажил. Тухайн улс орон үүнийг хийж хэрэгжүүлж байх хэрэгтэй. Одоогоос арван жилийн өмнө буюу 2005 онд манай улс НҮБ-ын авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон. Уг конвенцийг соёрхон баталснаар Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. “Авлигатай тэмцэж шударга ёсыг тогтоон хөгжил дэвшилд хүрнэ” хэмээн тус газрынхан бодлого чиглэлээ тодорхойлсон байдаг. Үнэндээ ч авлигаас үүдэн төр засаг эдийн засгийн хувьд ард түмэндээ ижил тэгш үйлчлэх зарчим алдагддаг. “Авлига, хээл хахууль нь нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд аюул занал учруулах, улмаар ардчиллын тогтолцоо, ёс зүйн үнэт зүйлс, шударга

баривчилсан.

Эл бүгд ихээхэн дуулиан үүсгэж, өнөөдөр манайд болж буй үйл явц шиг нийгмийн анхаарлын төвд байсан учир жишээ болгож байна л даа. Авлигатай тэмцэх газар юм уу, Эрүүгийн цагдаагийн газраас хэн нэгэн албан тушаалтныг шөнө дүлээр гэрээс нь, халуун хэвтрээс нь, мөн албан үүргээ гүйцэтгэж буй өрөөнөөс нь бөөнөөрөө очиж, сүрийг үзүүлэн баривчилдаг. Араас нь залгуулж хэвлэлийн хурал зарлан хүн бүхний сонорт хүргэнэ. Бүр нэг нийгмийг цочроож, айдас хүйдэст автуулан шаагиан, шуугиан болгох нь тэр. Баривчлагдан шорон руу ачигдсан нөхдийн хамтран зүтгэгчид, нам эвслийнхэн “Энэ бол цэвэр улс төрийн гүтгэлэг. Бид тэмцэнэ” гэж мэдэгдэнэ. Ийнхүү шил шилээ даран болж буй хэрүүл тэмцэл, өгөө аваа, өшөө хонзонд жижигхэн Монгол тэр чигтээ донслоод, байр сууцаа олохоо байх шиг санагдах боллоо.

Сүүлд өрнөсөн Батзаяа, Шийлэгдамбын

хагаралдуулж, нам эвсэл улс төрийн бүлэглэлүүдийг улам эв түнжин муутай болгон ан цав үүсгэж, улс төрийн хийрхэлд автсан нөхдийг улам турхирах боллоо. Авлигатай тэмцэх шударга ёсны төлөөх ариун ажил улс төрийн шоу болоод үндсэн зорилгоосоо хазайгаад ирэхээрээ ямар ч үр дүнгүй, үнэ цэнгүй санагдах нь мэдээж. 2013 оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнөхөн Улсын мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Ц.Батсүх өөрийн биеэр мэдээлэл хийж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг цагдан хорьсныг зарласан. Түүний “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”-н дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар буюу 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх их хэмжээний мөнгө байршсан нь тогтоогдсон гэв. Дараа нь Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд мөн Отгонбаярын эхнэрийн

байгаа нь сэжигтэй. Тэд тийм өө сэвгүй цэвэр хүмүүс үү. Ард түмний дунд хотын газрын мафи-аас аваад өөр юу юуны ч билээ дээ, баахан бүлэглэлүүдийн талаар ил далд яригддаг. Авлигын баривчилгаа газар авч байгаа энэ үед Ардын намын нөхдийн гэм буруутайг шалгаж, ард түмний хардлага сэрдлэгийг нэг тийш болгох нь зүйтэй байх. Ардын намын нөхдийг баривчлахгүй байгаад зогсохгүй харин ч эсрэгээрээ Ё.Отгонбаярын хэрэг хэрэгсэхгүй боллоо, Ерөнхий сайд асан С.Баярыг шалгасан. Г.Уянга гишүүний гаргасан гомдолд эрүү үүсгэх шаардлагагүй гэж зарлан өмгөөлсөн, хамгаалсан байдал бий болжээ. Хууль шүүхийнхний хувьд салхи эргэсэн бололтой. Тэд ирэх сонгуулиар Ардын нам ялалт байгуулж, засгийн эрхийг авах нь тодорхой гээд тал засан долигонож, хуучны зангаараа нялуун өнгөндөө орчихжээ.

Баривчилгаа хийх эрх бүхий байгууллагууд нь хоорондоо тэмцэлдэж буй мэт харагдана. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар нь Засгийн газрын гишүүдийг баривчилж байх юм. Засгийн газрын харьяа Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Их хурлын харьяаны хүмүүсийг баривчилж буй мэт харагдаад байгаа. Гансүх, Шийлэгдамбын хэрэг, саяын Батзаяагийн хэрэгт их тод анзаарагдлаа. Ухаандаа, Тавантолгойн ордыг ашиглах Их хурлын дүгнэлт гарч, тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэх явцад Эрүүгийн цагдаагийн газраас Батзаяаг баривчилсан нь санаандгүй биш гэж улстөрчид үзэж байгаа.

Өнөөдөр Монголын нийгэм төрийн албан хаагч-энгийн иргэд, авлигач-энгийн иргэд, олигархиуд-энгийн иргэд гээд хуваагдчихаж. Төр засаг нь тогтворгүй жижиг улс оронд энэ нь маш аюулт үзэгдэл. Хууль, хүчнийхний баривчилгаа улам дэврээж, өөгшүүлж байна. Нэг л мэдэхэд гэр хорооллын гудманд шуудайтай элсээр бэхлэлт баригдаж, иргэний дайн дэгдэх вий дээ.

Хүмүүс буруу зүйлд маш хурдан суралцдаг. Буруу зүйл нийгмийг яах ийхийн зуургүй өдөөж, босгоод ирдэг. Дээрээс нь шударга ёсны төлөө уриалан тэмцэж байгаа эх орончид дүүрэн байна. Тэд юм л бол төр засгийн эсрэг тэмцье, монголчууд аа босъё гэж турхирч байгаа. Эрх барьж буй намын нөхдийг ээлж дараалан баривчилж, Засгийн газрын гишүүдийг хорьж буй нөхцөл байдал төр засгийг муухай харагдуулж, ард түмэн ийм төрөөр яах юм гэлцэх боллоо. Эцэстээ төр засаг, ард түмэн хоёрын дунд хаос буюу хоосон зай бий болох нь.

Оросын удирдагч Путин “Авлигатай тэмцэж байгаагаа хэвлэл мэдээллээр битгий зарла. Улс төрийн шоу болгож болохгүй” гэх утга бүхий шийдвэр гаргасныг эргэн харахад маш зөв байжээ. Тэгэхээр авлигын хэргээр баривчлагдаж буй баривчилгааг нийгэмд шуугиан болгож дэврээлгүйгээр чимээ аниргүй хийвэл яасан юм бэ. Улс төрийн шоу хийхийн тулд авлигатай тэмцэж, үр дүнд нь нийгэм хагарч, талцаад байгаа юм биш үү. Энэ нь начир дээрээ авлигатай тэмцэхгүй байгаа мэт харагдаад байна. Ер нь тэгээд ард түмнээ талцуулж, улс төрийн шоу хийж байгаа мэт дүр зураг үзүүлэн авлигатай тэмцэх хэрэг байна уу.

Б.Батболд

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьдрал яах вэ, Анжела Дэвис юу болж байна

УИХ-ын баасан гаригийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Тэр мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сэтгүүл зүйн амин чухал сэдвийг хөндсөн. Д.Оюунхорол гишүүн “Засгийн газар хийсэн ажлаа ард түмэнд сурталчилж, тайлагнаж байх хэрэгтэй. Ингэхгүй бол ард түмэн Засгийн газар хоёр хоорондоо хөндийрнө. Засгийн газар юу хийж байгааг ард түмэн мэдэхгүй байна. Тиймээс хийсэн ажил, баталсан хууль тогтоомжоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахад мөнгө төсөвлөж байх хэрэгтэй. Тэр хаалтын гэрээ гээд яриад байдаг юм чинь огт байдаггүй юм билээ. Хийсэн ажлаа сурталчилж гэрээ хийхийг л тэгж хэлдэг юм байна. Ихэнх хэвлэл мэдээлэл хувийнх байдаг учраас ингэхээс ч өөр аргагүй” гэж хэлсэн.

Ингэж ажлаа сурталчлахгүй бол төр засаг ч юу хийж байгааг мэдэхгүй олон нийт буруу ойлголттой өнгөрдөг. Эрхэм гишүүний хэлсэн үгийг сэтгүүлчид сонссон ч сонсоогүй мэт огт анзаараагүй. Угтаа зогсоо зайгүй түүний үгийг өлгөж аваад нэвтрүүлж, нийтэлж байх байлаа. Хэвлэлийнхний оршин тогтнох, эрхийнх нь төлөө ойрд хэн нэгэн улстөрч ингэж дорвитой дуугарсангүй.

Өмч нь хувийнх учраас сэтгүүлчид өөрсдийн ажилд хөндий хайхрамжгүй ханддаг. Дээр нь одоогийн эрх баригчид Монголын сэтгүүл зүйд халтай хууль журам, дүрэм гаргаж, байсхийгээд хэвлэлийн эрх чөлөөнд халдсан заалт сэм шургуулж, эсвэл гэнэт орж ирдэг. Эхнийх нь Засгийн газар мөнгө гаргаж хийсэн ажлаа сурталчилж болохгүй, Ерөнхийлөгчийн сонгуулиар сонинд сурталчилгаа тавьж болохгүй, мөн хувийн хэвлэл мэдээллийн байгууллагыг устгах хуулийн төсөл парламентын босго давж орж ирээд ногоон гэрлээр батлагдахын өмнө больсон. Хэрэв хэлэлцсэн бол зуун хувийн саналаар батлагдах байв. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиуддаа чөлөөт хэвлэл, сэтгүүлчдийн эрхэд маш ноцтой халдсан заалтууд оруулсан байв. Үүнд “Мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байршуулсан, түгээсний төлөө төлбөр авсан бол хувь хүнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл онооно” гэж заасан байв. Мөн “Сэрэмжлүүлэг зар сурталчилгааг тухайн хэвлэл мэдээллийн нэвтрүүлгийн хөтөлбөрийг харгалзалгүйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар үнэ төлбөргүй түгээгээгүй бол хувь хүнийг 250, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэсэн заалт ч байсан. Ардчилсан засаг чөлөөт хэвлэлийн эрх чөлөөнд тэр тусмаа хувийн хэвлэл мэдээлийн байгууллагад төрөөс дарамт үзүүлэх, боомилох, ийм заалт оруулсан нь үнэхээр ичгэвтэр, зэвүүцэм байлаа. Энэ мэтээр тоочвол тоймгүй их юм болно. Төр нь буу шийдэм бариад, хэвлэл мэдээллийн байгууллагыг шууд хаагаагүй ч хуулийн хачирхалтай заалтуудаараа амийг нь авч, амыг нь боохыг санаархсан хэрэг.

Энэ бүгдийг сэтгүүлч нар тоогоогүйн гор одоо гарч ирж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын хэвийн ажиллагааны гол үндэс суурь болсон реклам, зар сурталчилгаа байхгүй болсон. Өнөөдрийн Монголын хэвлэл мэдээллийг хар. Нэг муу, улс төрийн сулхан нийтлэлтэй, 12 нүүр цулгай сонин гарч байна. Телевизүүд ганц олдсон рекламаа бүтэн өдөржин давтдаг. Үзэж байсан нэвтрүүлэг, киногоо энэ хооронд бараг мартчихдаг юм. Сэтгүүлчдийн үзэж чаддаггүй, байнга шүүмжилдэг гадаадын хөрөнгө оруулагчид аль хэдийнэ явчихлаа. Баячууд гэж элдвээр зүхдэг дотоодын үйлдвэрлэгчид, бизнесмэнүүд реклам тавих чадваргүй болж. Ингээд нөгөө ардчиллаар олж авсан хэвлэн нийтлэх эрх чөлөө маань хэвлэл мэдээллийн байгууллагатайгаа устах өнгөндөө орж, сэтгүүлчид гудамжинд гарч эхэллээ. Өчнөөн олон хэвлэл мэдээллийн байгууллага үүдээ хааж, зарим нэг нь сонгууль дөхөж байгаа болохоор тэр хүртэл амь зогоох төдий бүр тасарчихалгүй явж байна. Монголын сэтгүүл зүйг ганц зогоож байсан нь Засгийн газар, хувийн хэвшлийнхний сурталчилгаа, сонгууль. Энэ бүгдийг хийрхүү, эх оронч дүр эсгэсэн сэтгүүлчдийн хийрхэл дээр тоглон улстөрчид нь элдэв хууль журмаар үгүй хийх болсон. Ингээд ажлаа хаячихаад, эрх баригчдын дохиогоор явсан, үнэн хэрэгтээ аягаа ч зөв угааж чадахгүй цагаан гартнууд болсон сэтгүүлчид өөрсдөө буруутай. Үүний жишээ нь баасан гаригт өөрсдийнх нь эрх ашгийг хөндөж дуугарсан Д.Оюунхорол гишүүний үгийг хэн ч тоосонгүй. Социализмын үед хөдөө орон нутагт Төв хорооныхны томилсон төлөөлөгчийг очиход зуд турхан болоод хот нь харлачихсан, өөрөө ядарч туйлдаад жигтэйхэн, өнгө зүс муутайхан байж “Амьдрал ямар байна” гэж асуухад өөдөөс нь “Амьдрал яах вэ, Анжела Дэвис яаж байна” гэж асуусан өвгөн шиг өөрсдийнх нь хувь заяатай холбоотой асуудал яригдаж байхад мэдсэн ч шинжгүй, хаалтын гэрээ муухай, аж ахуйн нэгж, баячууд муухай, гадаадын хөрөнгө оруулагчид муухай гэсээр Монголын хэвлэлүүд гудамжинд гарлаа. Малчдад Анжела Дэвис ямар хамаа байхав. Өөрийнх нь амьдрал, нүдэн дээр нь зуд турханд үгүй болж байгаа хэдэн мал нь хэрэгтэй баймаар. Хэвлэлийнхэн бид ч өөрсдийнхөө хувь заяатай холбоотой зүйлийг хойш тавьчихаад “Анжела Дэвисийг” асуугаад сууж байна. Анжела Дэвис гэж АНУ-ын коммунист хөдөлгөөний үүсгэн байгуулагч нарын нэг, арьсны үзлийн эсрэг тэмцэгч өнгөт арьст эмэгтэй. Коммунизмыг дэмжигч хүн болохоор л ЗХУ-ын нөлөөгөөр манайхан мэддэг болсон. Тиймдээ ч өөрийнх нь аж байдлыг асууж байхад үзэл сурталжсан өвгөн өнөөх арзгар үстэй, өөрт нь огтоос падгүй Анжела Дэвисийг асууж байгаа нь тэр. Тэрнээс хойш бүхэл бүтэн өөр нийгэмд орчихоод байхад өнөөх л малчин өвгөн шиг юм яриад байж байгаа нь халаглам.

Хэвлэлийнхнийг хаалтын гэрээ хийдэг гэж зүхэж байхад хэн ч дуугардаггүй. Угтаа цагаан дээр хараар “Хамаг мууг нь халхална, хаана” гэсэн хаалтын гэрээ гээч юм байдаггүй. Хамтын ажиллагааны гэрээ буюу хийсэн ажлаа, бараа бүтээгдэхүүнээ сурталчлуулахад байгууллага хоорондын гэрээ байгуулдаг. Ийм гэрээг шууд л хаалтын гэрээ гэж хэлэх нь дэндүү том эндүүрэл. Дэлхийн бүх л хэвлэл мэдээллийн байгууллагад хамтын ажиллагааны гэрээ буюу зар сурталчилгаа, хийсэн ажлаа хувийн хэвлэл мэдээллийн байгууллагад мөнгөө төлж гаргадаг. Байдаг л зүйл, байх ч ёстой. Чөлөөт хэвлэл бол төрийн байгууллага биш учраас эдийн засгийн ойлголтоороо реклам зар сурталчилгаанаас л санхүүжилтээ олдог. Үүнийг ойлгоход тийм хэцүү байна гэж үү.

Гэтэл хэвлэлүүд, сэтгүүлчид дал наяад оны намын үзэл сурталжсан үе шиг эрх баригчдыг уухайлан долдойдож, юу хэлснээр магтаад суудаг болж. Мөнгөнд дургүйдээ биш амьдралаас тасарсан, үндсэн үүргээ умартсан долдойнууд болж. Эцэст нь хэлэхэд Анжела Дэвис яах вэ, амьдралаа бодох цаг боллоо, хэвлэлийнхээн. Ганц ч гэсэн улстөрч ч гэлээ бидний төлөө дуугараад эхэлж.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын гадаад сурталчилгаа монголчуудыг гутаахад чиглэж байна

Ази, Европын орнуудын дээд хэмжээний уулзалт ирэх онд Монгол Улсад болно. Үүний бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсыг гадаадад хэрхэн сурталчлах тухай хөтөлбөр боловсруулахаар болжээ. Ер нь Монголын тухай ямар сурталчилгаа өмнө нь байсан, гадныхан бидний юуг нь илүү сонирхдог тухай ч авч үзэж. Судалгаагаар Монгол орон, монголчуудын талаарх дараахь мэдээллүүдийг гадныхан хамгийн их сонирхон үздэг байна.

Цаатнууд. Монголын тайгад амьдардаг цаатнуудын тухай гадныхан хамгийн их сонирхдог байна. Цаа буга бол тэдний гол хэрэглээ. Унана, ачина, сүүг нь ууна, махыг нь хэрэглэнэ. Хөхөө өвлийн тачигнасан хүйтэнд урцанд амьдарч, хүүхдүүд нь хөл нүцгэн цасан дээр гүйлдэх тэдний ер бусын амьдрал. Амьтны арьсаар хийсэн гутал, малгай сэлт нь тайгын хүйтнийг давахад тусалдаг бол гадныханд тэд цармын өндөрт амьдардаг зэрлэг хүмүүс шиг харагддаг. Тэгж л ойлгогддог.

Ардын урлаг: Мон­голын ардын урлаг тэр дундаа хөөмийг гадныхан их сонирхдог. Манай хөөмийчдийн өмссөн зүүсэн нь ч этгээд сонин болохоор анхаарал татдаг биз. Эртний баатруудын өмсгөл зүүлт мэт дээл хувцас өмсөж, сүртэй том үслэг малгайнууд тавьдаг нь яг хэдэн зууны өмнөөс ирсэн хүмүүс мэт харагддаг байлгүй. Дэлхийд гайхагддаг гэдэг манай уран нугаралт ч бусдыг нүдийг бүлтийлгэдэг. Үегүй мэт үелзэн хөдлөх нугараачдыг тэд жирийн хүн гэдэгт эргэлздэг. Ямартаа л гадны нэг жуулчин бидний тухай “голио мэт исгэрч, могой мэт мурилздаг” гэж ярьсан байхав.

Кино: Монгол киночдодоо үнэндээ гомдмоор санагдах үе бий. Яагаад гэхээр гадны том тэмцээнд оролцохдоо киночид маань Монгол орныг амьдын там гэж харуулахыг хичээдэг мэт. Траншейныхан, том том шуудай хог үүрээд явж байгаа халтар царайтууд, гуйлга гуйгаад сууж буй сэгсгэр үстэй хүүхдүүд, уранхай ноорхой хувцастай настнууд, авлига авч байгаа дарга нар гээд хамгийн муу муухай гэж юу болохыг яруу тодоор кинондоо харуулдаг. Хонь гаргаж байгаа үйлдлийг нэг бүрчлэн үзүүлж ч байх шиг. Нэг, хоёрдугаар сарын Улаанбаатарын харанхуй хөшгөн утаа ч кино хийх нэг сэдэв нь. Энэ мэт яавал Монголыг дэлхийд муухай харагдуулчих вэ хэмээн уралдаж байгаа мэт хамгийн хэцүү, болохгүй бүтэхгүйгээр нь кино хийнэ. Мэдээж, дэлхийд байхгүй тэр хатуу хэцүү, гаж амьдралыг харуулсан тэдэнд шагнал өгнө. Өөрсдийгөө дэлхийн хэмжээнд явна хэмээн сагсуурцгаана.

Уул уурхай: Сүүлийн жилүүдэд уул уурхайтай холбоотой мэдээлэл их цацагдах болжээ. Харамсалтай нь дандаа сөрөг мэдээлэл. Монголд очиж уул уурхайд нь хөрөнгө оруулалт хийвэл мөнгийг нь дээрэмддэг, эзнийг нь барьж шоронд хорьдог. Монголын төр дээрэм хийдэг гэх мэтээр урсана. Үүнийг уншсан хүмүүс биднийг тал нутагт амьдардаг зэрлэгүүд мэтээр төсөөлдөг.

Хувцаслалт: Манай тамир­чид олимпод оролцохдоо нээлтийн үеэр ер бусын сонин хувцас өмсөн гарч ирдэг байсан нь сүүлийн үед арай гайгүй болоод байгаа. Амьтны арьсан том том малгай өмсөөд ч гарч ирж байх шиг. Монгол бөхийн өмсгөлтэй тугаа мандуулаад ч алхаж байх шиг. Энгийн үедээ түвшин сайхан хувцасладаг хэрнээ дэлхийн улсуудын тэр том наадмын үеэр хачин гайхам хувцас өмсдөг нь ч юув. Испанид болсон загварын шоунд манайхан оролцохдоо бас л бусдын нүдийг орой дээр нь гаргасан тухай яриа бий. Зуны улиралд болсон загварын шоунд бусад улсууд хөнгөн нимгэн хувцас сурталчилж байхад манайхан нэхий дээлээ өмсөөд гараад ирсэн гэдэг.

Бидний тухай ийм л гаж буруу мэдээлэл дэлхий нийтэд хамгийн их цацагддаг. Заримыг нь бүр бид өөрсдөө түгээхийг яана. Үүний үр дүнд Монгол Улсыг, монголчууд биднийг гадныхан юу гэж боддог вэ? Захын хүн л “Чи намайг Монголд очвол морьтой тосох уу. Та нар хичээлдээ мориор явдаг уу. Танайд машин байдаг уу. Монголчууд интернэт гэж мэдэх үү. Халуун усанд орж болох уу” гэж асуудаг. Тэд биднийг морь унаж, малын арьсаа нөмөрсөн бүдүүлгүүд гэж боддог учраас ингэж асуудаг юм. Халуун орны ширэнгэнд амьдардаг хүн иддэг зэрлэг омгийнхон мэтээр төсөөлдөг учраас ингэж ханддаг юм.

Бид энэ бүх гадаад суртал­чил­гааг байнга л шүүмжилж, Монголоо монголоор нь дэлхийн хүмүүст таниулах ёстой хэмээн бичиж ирсэн билээ. Хариуд ардын урлагаа мууллаа, уран бүтээлчдээ шүүмжиллээ гэх мэтээр баахан ад үзэнгүй хандлагууд ирдэг юм. Харин аз болж Ази, Европын улсуудын дээд хэмжээний уулзалт манайд болохоор төлөвлөгдсөнөөр Монголын гадаад сурталчилгаа ямар байгааг үнэнээр нь харах боломж олдов. Хараад бодит байдалтай нүүр тулгарч байгаа нь энэ.

Одооноос эхлээд бид дээрх шиг хар бараан мэдээлэл, сөрөг сурталчилгааг хааж, гэрэл гэгээтэй бүхнээ дэлхийд сурталчилъя. Монгол бол хөгжиж буй орон, монголчууд бол дэлхийн соёлт хүн төрөлхтний нэг юм гэдгийг ойлгуулж залруулах хэрэгтэй. Газар нутаг, цаг агаарын нөхцөл нь л өөр болохоос Монгол Улс бол Зүүн Европын орнуудтай бараг ижилхэн шүү дээ. Бид НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон улс. Дэлхийн олон оронтой дипломат харилцаатай. Нийслэлд нь дэлхийн брэндийн дэлгүүрүүд албан ёсоор ажилладаг. “KFC”, “Burger King” гээд дэлхийд алдартай түргэн хоолны сүлжээ ресторануудтай. Интернэт, гар утастай. Алдарт Форд, Бенз, Тоёота, Аудигаас эхлээд бүхий л загварын машинууд гудамжаар нь давхилдаж байдаг улс шүү.

Монголчууд бол орчин үеийн хүмүүс шиг костюм өмсөж, цаг зүүдэг, франц сүрчиг хэрэглэдэг, гаж буруу царайгүй, өндөр ч биш, нам ч биш ард түмэн. Өөрөөр хэлбэл, бид бусад шиг л орчин үеийн хүмүүс.

Монголчуудыг төлөөлүүлэн гадаадад сурталчилдаг цаатнуудыг бидний үр хүүхэд төдийгүй өөрсдөө ч бид төдийлөн сайн мэддэггүй. Хөөмийлж, уран нугардаг хүмүүс монголчуудын дунд тийм ч олон байдаггүй. Бид амьтны арьс нөмөрч, энд тэндээсээ үс ноос унжуулан гудамжаар алхдаггүй. Хүн амын тун цөөн хувь нь гуйлга гуйж, хог түүдэг. Энэ бол дэлхийн ямар ч улсад байдаг л зүйл. Харин бидний алдаа бол тун цөөхөн байдаг зүйлээ монголчууд бүгдээрээ ийм мэтээр дэлхийд сурталчилдагт байгаа юм. Тэр хэрээр гадныхан монголчуудыг бусдаас гаж, стандарт бус ард түмэн гэсэн ойлголттой болжээ.

Дэлхийн улсууд өөр өөрийн нэрийн хуудас болсон алдартай сайхан кинотой байдаг. Манай уран бүтээлчид ч тийм киног бие биенээсээ өрсөн хийх уралдаанд мордох цаг нь болжээ. Монголыг дэлхийд муухай харагдуулах, бүдүүлэг, хүн төрөлхтнөөс гаж харагдахуйц, үндэстнийг гутаасан кино хийсэн хүмүүст өндөр татвар тавьж шийтгэж баймаар санагдана. Уран бүтээлчид, киночид, гэрэл зурагчид ч цаашид бүтээл туурвилдаа энэ бүхнийг тусгаж анхааралдаа аваасай.

Адель шиг, Селена Гомес шиг, Жастин Бибер шиг авьяастай дуучид Монголд бий. Тэднийгээ олж, дэмжиж, дэлхийд гаргах, Монголын нэрийн хуудас болгох, сурталчилгаа хийх боломж дүүрэн бий. Монголыг монголоор нь дэлхийд таниулах тийм л мэдээлэл, сурталчилгааг одооноос хийх, түгээх хэрэгтэй байна.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Орост том дарга нар гадаадад эмчлүүлэх бол албан тушаалаасаа татгалзахаар боллоо, манайд ч ингэх цаг болсон

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин өнгөрсөн есдүгээр сард нэгэн мэдэгдэл хийхдээ “Төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад явж эмчлүүлэх нь гадаадад данстай байгаатай адил хэрэг” гэж мэдэгдсэн юм. Үүгээрээ тэрбээр Дум дахь коммунист намынхны санаачилсан хуулийн төс­лийг дэмжсэн хэрэг. Комму­нист намын зүгээс 2004 оны тав­дугаар сарын 25-нд Төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барихдаа “Төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүс гадаадад эмчлүүлэх шаардлага гар­вал төрийн албанаасаа татгал­зана” гэсэн заалт оруулжээ. Үүнийг Төрийн Дум нь эсэр­гүүц­сэн ч Ерөнхийлөгч В.Путин дэм­жиж “Хүнийг гадаадад эмчлүүлэхийг хорих нь ёс зүйгүй, хүний эрхэд халдсан байж болох ч ийм цаг үед Орос орондоо итгэх хэрэгтэй” гэж үзсэн билээ. Путин зүгээр ч нэг мэдэгдэл хийгээд зогсоо­гүй, Ерөнхий сайдын орлогч, мөн Сангийн сайд нараа дуудаж “Манай төрийн албан хаагчдын данс хаана байна, дансан дахь хөрөнгийг нь гадаадад эмчлүүлсэн зардалтай нь харьцуулж болох уу” гэсэн хүсэлт ч юм уу, шахалт ч юм уу зүйлийг тэдэнд тулгасан байдаг.

Орост яагаад энэ асуудал хурцаар тавигдах болов. Учир нь ОХУ-аас гадаадад очиж эмчлүүлдэг төрийн албан хаагчдын зардал тэрбум, тэрбум ам.доллараар яригдах болжээ. Нэгэн сайд эмэгтэйн гэр бүлээрээ гадаадад эмчлүүлсэн зардал 500 сая ам.долларт хүрч шуугиан тарьсан байна. Гэвч тэр эмэгтэй сайд нь Оростоо зуун хувь оношоо тогтоолгож, бүрэн эдгэрэх хэмжээнд эмчлэгдэх боломжтойг Оросын эмч нар баталсан байна. Эмэгтэй АНУ-д эмчлүүлэх болтол виз олгоогүйгээс маргаан үүсгэж энэ бүх асуудал сэдэрч, дуулиан дэгдээжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ асуудалд онцгой анхаарч, цогцоор нь, ул суурь­тай хандаж байгааг улс төр шинжээчид бичиж байгаа юм. Тэрбээр эхлээд Сангийн сайдаасаа эхлээд хөрөнгө санхүүтэй холбоотой бүх албан тушаалтнуудтай уулзаж, судалгаа тооцоотой нь танилцсаны дараа Эрүүл мэндийн салбарынхаа бүх сайд дарга нар, бодлого боловс­­руу­лагчид, нарийн мэргэжлийн хүмүүс, эмч докторууд… бүгдтэй нь уулз­жээ. Тэгсний дараа “Оросууд эрүүл мэндийн салбарт бүг­дийг чадах юм байна, ганц­хан төрөөс бүрэн дэмжих хэрэгтэй. Үүний эхний алхам нь гадагшаа эмчилгээнд урсч буй их хэмжээний мөнгийг эх орондоо үлдээж, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулъя. Орос орондоо итгэ” хэмээн мэдэгджээ. Тус улсын төрийн өндөр албаны хүмүүс, тэдгээрийн гэр бүлийнхний гадаадад эмчлүүлэхэд гаргасан зардлаар Орост орчин үеийн техник, технологи бүхий хичнээн лаборатори, оношлогооний төв, эмнэлэг барьж байгуулж, хэдэн мянган эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулж болох төсөв тооцоог гаргасныг Оросын сайтуудаас та одоо ч олж уншиж болно.

Тэгвэл Монгол Улсад Оростой адил арга хэмжээ авах цаг аль хэдүйн болжээ. Үүнийг наад зах нь ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгаас харж болно. Гүйцэтгэл нь 75 хувьтай байгаа энэ барилгыг гүйцээхэд ердөө 2 тэрбум 642.3 сая төгрөг л хэрэгтэй байгаа юм. Доллар биш монгол мөнгөөр шүү. Гэтэл энэ хөрөнгийг Их хурал шийдэлгүй дөрвөн жилийн нүүрийг үзлээ. Үүний оронд иргэд нь их хэмжээгээр хот руу шилжиж буй Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд 5.5 тэрбум төгрөгөөр 500 хүний суудалтай соёлын төв барьж байх жишээтэй. Жилийн 365 хоногийн 20 өдөрт нь алдаг оног арга хэмжээтэй байдаг, 200 хүн ч ордоггүй, гэрэл цахилгаан, урсгал зардалдаа шатаад дуусдаг ийм барилгуудыг хэдэн арваар нь суманд барихад хэдэн тэрбумаар нь зарж байна, тэд. Гэтэл ХСҮТ-ийн барилгын хөрөнгийг дөрвөн жилийн дотор шийдчихсэн бол нэг жилд 3536 хүний амь насыг аварч болох байжээ. Учир нь 2014 онд Монгол Улсын хэмжээнд 5483 хүн хавдар туссан гэж оношлогдсоноос 3536 хүн нас барсан байна. Хэрэв 2011 оноос хувийн хэвшлийн өөрсдийн хөрөнгөөр эхлүүлсэн “Хавдрын эмчилгээ оношлогооны цогцолбор төв”-ийн барилгыг тогтоосон хугацаанд нь ашиглалтад оруулсан бол олон мянган айл өрх хайртай дотны хүмүүсээ хавдар хэмээх аймшигт өвчнөөс ангижруулж, халуун ам бүлээрээ жаргалтай байх байлаа. Гэтэл УИХ-ын гишүүд, төр засгийн удирдлагууд тэгсэнгүй. Өөрсдөө бие нь жаахан л хямарвал гадны улс оронд очоод өндөр үнээр биеэ эмчлүүлчихдэг тэд монголчуудынхаа зовлонг даанч нэг мэдэхгүй байна. Мон­голынхоо эмч нарт итгэх­гүй байна. Сүүлийн зургаан жилийн тооцоогоор Монгол Улсаас жилд 100-500 сая ам.доллар гадаадад эмчлүүлэх зардалд урсан гарлаа гэсэн тооцоо байгаа юм. Ийм хэмжээний мөнгө энгийн иргэн Бат, Доржоос гарахгүй нь тодорхой шүү дээ. Энэ мөнгөний дийлэнх нь төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийнхний халааснаас гарсан. Монголын эмч нарын ур чадвар олон улсад өрсөлдөхүйц түвшинд хүрснийг Японы эмч нар удаа дараа нотолсон. Япон, Солонгос, Хятадын эмч нарын яриагаар бол хөөрхий дөө, манай улсын эмчилгээний тоног төхөөрөмжүүд бусад орныхоос даруй 50-80 хувь хоцрогдолтой байгаа юм билээ.

Шууд тооцоогоор бол гадаадад эмчилгээнд зарцуулж буй төрийн том дарга нарын мөнгөний урсгал Монголын эрүүл мэндийн салбарын нэг жилийн төсвийн мөнгөтэй тэнцчихээд байна. Нэг жилд 500 сая ам.доллараар гадаадад эмчлүүлдэг гэвэл эмнэлгийн салбарт нэг жил зарцуулах хөрөнгө нь 900 тэрбум төгрөг байгаа юм. Энэ хөрөнгөөр гадаадад эмчлүүлж байхаар эмнэлгүүдэд дэлхийн жишигт хүрсэн тоног төхөөрөмж нийлүүлчихдэг бол… Хамгийн багаар тооцоход жилд 140 тэрбум төгрөгийг манай иргэд гадаадын эмнэлгүүдэд төлдөг гэвэл энэ нь хоёр том эмнэлэг шинээр байгуулах зардалтай тэнцэнэ. Зүгээр нэг эмнэлэг бус, орчин үеийн оношлогоонд шаардлагатай бүх тоног төхөөрөмжтэй, дунджаар 100 ортой, дэлхийн түвшний эрүүл мэндийн төв хоёрыг байгуулна. Энэ их мөнгөний урсгал гэнэт манай улсаас гараад явчихаагүй. Сүүлийн хорь орчим жилд эрүүл мэндийн салбартаа манай улс хөрөнгө оруулалт хийгээгүй, зөвхөн гадаадын тусламжийн хөтөлбөрөөр аргацааж ирсэн. Монгол улсын төсвийн үзүүлэлт өнгөрсөн гурван жилд гайгүй сайжирсан нь нэг талаас “гай” болж өгдөг байсан олон улсын гол хөтөлбөрүүд зогсчихоод байна. Муу дээр муу нэмэр, муухай дээр улцан нэмэр гэдэг энэ боллоо.

Жишээ нь Сөүлийн онгоцонд суухад олны танил хүмүүс заавал тааралддаг. Дийлэнх нь улстөрчид. Хамаатан саднаа дагуулаад VIP хаалгаар гардаг. Эрүүл мэндийн салбарын төсвийг баталдаг, хөрөнгө оруулалтын зардлыг нь хасдаг эрхмүүд ингээд VIP хэлбэрээр эрүүл мэндийн үйлчилгээгээ гадаадын орнуу­дад хэдэн мянган ам.доллараар авчихдаг. Жирийн иргэн бол Сөүл байтугай Сонгдо эмнэлгийн багцын шинжилгээний төлбөрийг дийлэхгүй учир төрийн мэдлийн хэдэн эмнэ­лэгт үзүүлэн, эрт галавын ээж аавын үед бичиж өгдөг байсан хэдэн эмийг үргэлжлүүлэн цохуулж уусаар өнөөдөртэй золгож байгаа нь эмгэнэл. Нөхцөл байдал ийм гунигтай байдалд хүрч, монголчууд хавдрын тахалд нийтээрээ нэрвэгдэх аюулд хүрсэн ийм цаг үед эрүүл мэндийн салбарын төсөв баталдаг, танадаг УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийнхний гадаадын улс оронд явж оношлуулдаг, эмчлүүлдэг байдалд онцгой нөхцөл тулгая. Эхний удаад тэднийг албан тушаалаасаа татгалзаж явахаас өөр аргагүй байдалд хүргэдэг ОХУ-ын туршлагыг нэвтрүүлье. Тийм дэг журамд оруулъя. Энд хүний эрх ямар ч хамаагүй, цаана нь илүү олон хүний эрүүл явах эрх яригдаж байгаа учраас том эрх ашгаа нэгдүгээрт тавилаа гэсэн үг. Тэгж байж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хангалттай хөрөнгө оруулалт орно. Ямартай ч УИХ-ын гишүүд эх орондоо гайгүй оношлогооны төвд орохын тулд соёлын төв, угтах хаалга, сүм дуганы мөн­гө­нөөс урьд эмнэлэгт мөн­гө төсөвлөдөг болно. Үнэхээр төр түмнээ боддог төрийн түшээ юм бол зургаан насны морь уралдуулаад бай шагналд нь тэрбум төгрөг хувиасаа зарцуулахаасаа урьд тойргийнхоо эмнэлэгт орчин үеийн оношлогооны аппарат авахыг урьтал болгоно. Ингэснээр эрүүл мэндийн сал­барын тоног төхөө­рөмж, технологи сайжирч, оношлогооны төвүүд орчин үетэй хөл нийлнэ. Эмч нарынх нь практик дадлага туршлага дэлхийтэй эн зэрэгцэнэ. Ямар ч аюулт өвчнөөс иргэдээ аварч чадах тийм нөхцөл бүрдэнэ. Давтан хэлэхэд эх орноосоо гарч эмчлүүлбэл албан тушаалаа өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн төрийн өндөр дээд, хариуцлагатай албан тушаалтнууд амьд явахын тулд энэ бүгдийг хийнэ биз дээ. Ингэж л эх орондоо үхвэл үх, сэхвэл сэх, гадагшаа явж эмчлүүлнэ гэсэн ойлголт байхгүй шүү гэсэн тулгалтаар, хууль, дүрэм журмын тулгалтаар Монголын эрүүл мэндийн салбарыг босгож авъя аа. Үүнээс өөр арга алга. Дэлхийн том гүрэн Орос ийм арга хэрэглэхэд хүрч байхад бид яагаад болохгүй гэж.

Өнгөрсөн хавар хоёрын хоёр ч түшээгийн бэргэн, охин хоёр Сөүлд амаржих гэж байгаа гээд Монголоос хөөрөхөд нь нэгнийх нь нөхөртэй онгоцонд суудал зэрэгцсэн юм. Замд юу эсийг хөөрөлдөхөв “Эхнэр чинь хүндрэлтэй төрөх юм уу” гэж асуухад “Үгүй ээ, анхны төрөлт найдвартай нь дээр гэж бодоод л…” хэмээн хариулж билээ. Охиноо хүртэл эх орондоо төрүүлэхэд эргэлзэж байгаа Их хурлын гишүүнд Монгол Улсад нэг эмнэлгийн өргөтгөлд мөнгө тавьсан ч яалаа, байсан ч яалаа, тэгсэнд орвол дахин сонгогдоход нэмэртэй юм тойргийнхоо нэг суманд клуб бариулъя гээд тэрбум төгрөгийн лобби хийж суудаг нь үнэн билээ. Зөрүүлээд нөгөө гишүүн нь бас сумандаа нэг дуган бариулах төсөвт гар өргүүлэх наймаа ярьдаг. Төсөв баталдаг парламентад ийм л өчүүхэн эрх ашиг үйлчилдэг учраас төрийн түшээдэд зовлонг биеэр нь мэдрүүлэх цаг болжээ. Ийм асуудалтай нүүр тулсан Монголын улстөрчид үхэхгүйн тулд улс орныхоо эрүүл мэндийн салбарыг өөд нь татаж, дэлхийн жишигт хүргэх нь тодорхой юм.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Архи, авгай, ан эргүүлээд явагсдыг аврах ангийнхан хайсаар байх уу?

“Энэ сарын 10-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Бурхан Халдун, Ононгийн халуун рашааны чиглэлд таван иргэн Ланд-80, Ланд-200 загварын хоёр машинтай гараад арав хоног сураггүй байна. Энэ сарын 15-нд эргэж ирнэ гээд сураггүй болсон иргэдийн талаарх дуудлагыг 18-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Олон хоног сураггүй байгаа хүмүүсийн араас онгоцтой биш машинтай аврагчид явуулсанд ар гэрийнхэн нь сэтгэл дундуур байна” гэсэн утгатай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсныг манайхан санаж байгаа байх. Удалгүй энэ мэдээлэл маань Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг алга болоход нисдэг тэргээр хайж байсан мөртлөө энгийн таван залууг явган нүцгэн онцгойгийнхон хайж эхэллээ гээд улстөржөөд явчихсан л даа. Ерөнхий сайдыг эрж хайсан асуудлын хувьд хуульчлаад өгчихсөн асуудал. Гэхдээ энэ бол хөндөх гэсэн сэдэв маань биш.

Өөр асуудлыг та бүгдийн анхааралд хандуулах гэж байна. Залуус алга болсон мэдээллийг сонссон хүмүүс өөр хоорондоо “Өдий цагт хоёр жип машинтай гарсан гэхээр тэд ан хийхээр л гараа биз дээ. Тэгж гарсан улсууд бэлтгэл гайгүй байж таарна. Удахгүй олдсон дуулдана даа” хэмээн ярьж байлаа. Нээрээ ч уг мэдээллээс нэн удалгүй ар гэрийнхэн нь нисдэг тэргээр очоод авчээ хэмээн сонстсон. Үнэндээ энэ хүмүүс ямар учир шалтгаантай эндээс гарсан, тэдэнтэй юу тохиолдсоныг хэн ч сөхсөнгүй. Бодвол албаны хүмүүсээс урьтан очих шалтгаан байгаад ар гэрийнхэн нь өндөр үнээр нисдэг тэрэг хөлсөлсөн биз гэсэн хар таамаг, таавар хөврөөд үлдсэн. Гэхдээ болж өнгөрсөн энэ явдал бидэнд ярилцах, хэлэлцэх шалтаг болж өглөө. Үнэндээ манайхан тун хариуцлагагүй, хэнэггүй анхаарал муутай хүмүүс. Тэгээд л асуудал болбол нөгөө онцгойгийнхон хаана байна, төр засаг анхаарахгүй байна болоод явчихдаг. Тийм атлаа өөрсдөөсөө хамаарах зүйлсээ, хүлээх үүргээ биелүүлдэггүй. Хөдөө орон нутагт гэрээсээ гараад хэдэн хоногоор архи дарс эргүүлээд явчихсан нөхрийг алга боллоо гэж, айлын бүсгүйнд очоод хэвтчихсэн залуу хархүүг хэл авалцахгүй болчихсонд сандарна. Эсвэл найз залуугаа дагаж хонуутаар явчихаад айсандаа дахиад хэд хоног нэмээд чимээ алдарсан охиноо олохоор хөл хөдөлгөөн болж, шинэ цаснаар ганзага мялаачих санаатай гарсан нөхдийг хэл сураггүй хэсэг болбол ар гэрийнхэн нь эрэл сурал болно. Үүнийг дагаад онцгойгийнхон ч үүрэг биелүүлэхээр гарч одно. Ийм нэг хэв маяг манайд тогтоод удлаа. Сүсэг бишрэлээ дагаж, байгалийн өвөрмөц тогтоцтой газруудыг манайхан их зорьдог. Нэг удаа ийм зорилгоор явчихаад төөрч, бензин тосгүй таг суусан хүмүүсийг онцгойгийнхон хайсаар яваад очтол, “Ганцхан шатахуун авчирлаа. Хоол хүнс авчирсангүй” гээд барьж авч зодчих гээд байсан эмгэнэлт түүх ч бий. Татварын мөнгөөр цалинждаг байж хоол хүнс авчирсангүй гээд омогдоод байдаг гэдэг. Бас цасанд боогдчихоороо айлд очоод даалуудаад суучихсан харин энд ар гэрийнхэн нь сандраад Онцгойг хөдөлгөж байсан удаатай. Ер нь юм, юм бий дээ.

Гэрээсээ халамцуу согтуугаар өвлийн хүйтэнд гараад мориндоо мордоод явчихдаг гарууд хөдөө талаар маань дүүрэн. Тэгээд араас нь ах дүүс нь дуудлага өгч, эрэл сурал болж байсан олон тохиолдол бий. Үнэндээ нөгөөх маань эхний айлдаа орж, шимийн юм нэхэж уугаад тас уначихсан л хэрэг шүү дээ.

Бас дээрээс нь цас бороо орж, байгалийн гамшиг болох үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байгаад замуудаа хаадаг. Гэтэл мэдсээр байж хотоос гараад давхичихдаг нөхөд их. Нэгийгээ цаснаас татаж гаргана гээд нэмж өөрсдөө суучихаад түвэг болж байгаа юм л даа. Бас зам хаачихаар хулгайн замаар гарч давхиад бүр том асуудал үүсгэдэг. Цаашлаад буухыг хориглосон газар сонсож мэдсэн атлаа гэрээ барьчихаад үер бууж, цахилгаан хүчдэлийн асуудал босохоор өнөөх л онцгой хаана байна гэсээр суудаг. Бид ийм л маягаар дэндүү хэнэггүй, хариуцлагагүй болохоор нэг нэгэндээ ихээхэн түвэг удаж, төсвийн мөнгийг үрэлгэн зарахад хүргэж байна. Алга болсон гээд бөөн дуулиан болоод байсан нөхөр зэргэлдээх сумын айлд хэвтэж байгаад ирсэн нь мэдэгдмэгц ар гэрийнхэн нь ичсэндээ олдсон гэдгийг нь ч хэлдэггүй. Гэтэл нөгөө талд эрлийн нөхөд яваад л байдаг, баахан хүмүүс дайчлаад үзээд л байдаг. Цаг зав, бензин тос, төсөв хөрөнгө гарын салаагаар урсана. Зарим тохиолдолд эрэлд гарсан хүмүүст мэдэгдэж зогсоочихсон хэрнээ тойргийнхоо УИХ-ын гишүүнд гомдол мэдүүлж матсан явдал ч байдаг гэдэг. Энэ бүхэн хэн ч гайхдаггүй бидний араншин л даа. Баримт сөхье л дөө. Зүгээр нэг аймагт богинохон хугацаанд гарсан үйл явдлууд гэхэд л ийм байгаа юм.

…Сүхбаатар аймгийн Онгон сум II багийн Олон худаг гэдэг (сумаас хойш 40км-т) газар М хонио хотлуулаад гэр лүүгээ орох хооронд алга болсон. Хоттой хонь гэр хоёрын хооронд 500 м, уг иргэн нүд муутай гэсэн мэдээллийг хоёрдугаар сарын 21-ний өдрийн 21:15 цагт хүлээн авчээ. Тус сумын Тамгын газрын даргаар ахлуулсан зургаан хүн, нэг автомашинтай эрэн хайж байх явцад өөрөө 22:10 цагт гэртээ ирсэн тул эрлийг зогсоосон байна…

…Сүхбаатар аймгийн Наран сумын II багийн нутаг “Гэзгий Гуу” гэдэг (сумын төвөөс урагшаа 20 км-т) газар Г (27 настай, эрэгтэй) энэ сарын 21-ний өдрийн 11:00 цагийн үед хониндоо гараад одоо болтол алга гэсэн мэдээг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авсан аж. Тус сумын орлогч И-ээр ахлуулсан дөрвөн хүн, нэг автомашинтай эрэн хайх явцад өөрөө уржигдар шөнийн 01:40 цагт гэртээ ирсэн тул эрлийг зогсоожээ…

…Сүхбаатар аймгийн Асгат сумын II баг, сумын төвөөс урагшаа 60 км газар М (41 настай эрэгтэй) дан цамцтай, халамцуугаар 2015 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагийн орчим алга болсон. Эл мэдээг энэ сарын 21-ний өдрийн 12:40 цагт хүлээн авч, тус сумын хэсгийн төлөөлөгч ахмад Д-ээр ахлуулсан зургаан хүн, нэг автомашинтай эрэн хайж байгаа аж…

…Улаанбаатар хотоос Шарын гол сум руу шинийн 2-ны орой явсан машинтай хүмүүс замаасаа төөрч, Шийрийн бригад орчим уулын аманд цасан хунгарт суужээ. Энэ сарын 21-ний өдөр 13:50 цагт мэдээ хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 22 дугаар ангиас зургаан албан хаагч, нэг автомашинтай очсон аж. УНЦ 82-07 улсын дугаартай портер загварын автомашинтай жолооч Л, эхнэр хүүхдийн хамт цасан хунгарт суусан байсныг татаж гаргажээ…

…Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон IV баг Цулхар хорооны гудамжны хашаа гэр лүү Цулхарын голоос усны халиа урсаж ороод байна гэсэн дуудлага 2015.02.21-ний өдрийн 10:55 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 50 дугаар ангийн 15 алба хаагч, нэг автомашинтай очиж, ус хальж гарсан газрын мөсийг нь хөрөөдөж далан босгож шуудуу татаж урсгасан байна…

…Булган аймгийн Бугат сум руу явж байгаад замын хажуугийн цасан хунгарт суучихлаа гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 21-ний өдрийн 19:30 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах 105-ын бүлгийн зургаан алба хаагч, нэг автомашинтай очиж цасан хунгараас татаж гаргасан…

…Сүхбаатар аймгаас урагш 60 км-т “Жарийн овоо” гэдэг газар арваад машин суусан, 60-70-аад хүн байна гэж иргэн У мэдэгджээ. Энэ мэдээг 21-ний өдрийн 23:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс зургаан албан хаагч, нэг автомашинтай очиж эхний ээлжинд гурван машин, есөн хүнийг цаснаас гаргаж, аврах ажиллагаа үргэлжилж байгаа гэх мэт иймэрхүү мэдээлэл хэдэн арваараа хөвөрнө.

Мэдээж, төр засаг нь иргэнийхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалахаар ажиллаж, иргэд ч аварч, хамгаалж, хайж араас нь явах хүчин байгааг мэдрэх нь сайхан л байх. Гэхдээ хүмүүсийн хариуцлагагүй байдал, дор дороо өөрийнхөө төлөө, гэр бүл үр хүүхдийнхээ төлөө тавих анхаарал халамж нь суларснаас үүдэн гарч буй энэ хэргийн төлөө жинхэнэ татвар төлөгчдийн мөнгийг сул зармааргүй байгаа юм. Харин энэ мэт утга учиргүй дуулиан тарьж, бөөн мөнгө төгрөгийн зардал гаргасных нь төлөө хариуцлага хүлээлгэж, торгууль оногдуулдаг байхад ч болохгүй зүйл үгүй. Эрэн хайх ажиллагаанд явж байгаа нэг хүнд хоолны мөнгө гэж 18 мянган төгрөг, өдрийн гурав гэж бодохоор 54 мянган төгрөг гарна. Тэгээд ганц нэгээрээ хайх биш дээ. Арван хүн гээд бодохоор өдрийн 540 мянган төгрөг дээрээс нь нэмээд унаа тэрэг, тос бензин гээд явж өгнө. Дунджаар нэг удаагийн энгийн үйл ажиллагаанд таван сая гарах жишээтэй. Олны олонд энэ бага гэлтгүй явж өгнө. Гэтэл төсөв ямархан байгаа билээ. Хэзээнээс мөчиг тачигхан Онцгой албанд төсөвлөгдөж ирсэн цөөхөн бор юм нь архи, авгай хүүхэн, ан гөрөө эргүүлээд явчихсан нөхдөд зарцуулагдана гэхээс гомдмоор байгаа биз дээ. Уг нь Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны чиглэл нь гамшгаас хамгаалах эрх зүй, бодлогын баримт бичгийг боловсронгүй болгох, гамшгаас хамгаалах сургалт сурталчилгааг дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах замаар гамшгаас урьдчилан сэргийлэх, улсын нөөцийн асуудлыг хариуцаж, хүмүүнлэгийн тусламжид анхаарах, бүс нутаг, дэлхийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах явдал юм. Гэтэл манайд байдал ямар байна даа. Худаг руу уначихсан ишиг аваад өг, бараг л гэрээсээ өрөөсөн гутлаа олохгүй байна, хаана байна гэх юм байна шүү дээ. Тиймээс ийм хэнэггүй, хайхрамжгүй тэнэг монголчуудад арай өөрөөр ойлгуулахгүй бол болохгүй нь ээ.

Үүний тулд ерөөсөө хариуцлагын асуудал яригдаж таарна. Эдийн засгийн торгууль шийтгэл бүр ч ойр тусах болов уу. АНУ-д байтугай дэлхийд 911 гэсэн дуудлагын утсыг мэднэ. 911 дуудахад эмнэлэг, цагдаа гээд мэргэжлийн байгууллагууд нь бүгд ирнэ. Гэхдээ 911 дуудлаа гэхэд чамгүй төлбөр төлдөг учраас хүмүүс хэзээ юун дээр дуудлага өгөхөө байнга бодож байдаг. Манайд 103, 105, 102 гэсэн дуудлагын нэлээд хувь нь хуурамч дуудлага байдаг зовлон бий. Харин АНУ-д хуурамч дуудлага өгсөн тохиолдолд маш өндөр торгууль төлөх учраас эцэг, эхчүүд ч хүүхдүүддээ анхааруулж хариуцлага хүлээхээс урьдчилан сэргийлдэг гэдэг билээ.

Манай аврах ангийнхныг багагүй чилээдэг нэг асуудал бол хуурамч дуудлага байдаг гэдгийг бүгд хэлдэг. Тэгвэл хуурамч дуудлага өгсөн болон дээр дурдсан хувь хүний хариуцлагагүйгээс эрэн хайх ажиллагааг эхлүүлж, зардал мөнгө гаргахад хүрсэн бол хариуцлага хүлээлгэж, торгууль тогтоодог болмоор байна. Үнэхээр нөгөө хэн нэгнийх рүү гараад туучихсаныг нь алга болсон гэж боддог жишээг даатгалын хөшүүргээр зохицуулж болох биз. Тэд даатгалаа төлж, ийм тохиолдол гарвал даатгалын ажилтнууд явдаг байхаар яаж ч зохицуулж болно. Аврах ангийнхныг явуулж, асуудал үүсгээд байж болохгүй. Ингэж эдийн засгийн хөшүүргээр энэ хүмүүсийг хариуцлагажуулахгүй бол өмнөх шигээ хэнэггүй нөхдийн эрэлд хатсаар хаа хаанаа хэцүүдсээр байх болно шүү.