Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Мэргэжлийн Засгийн газрын тухай нэмж өгүүлэх нь

“Мэргэжлийн Засгийн газар байгуулъя” гэсэн өгүүлэл минь олон хүнд буруу ойлголт өгсөн бололтой тул энэ талаар тодруулж тайлбарлах гэсэн юм. АН-ын бүлгийн дарга “Хэзээ тийм юм байлаа, би л лав ийм юм хэзээ ч огт сонсож байгаагүй” хэмээн мэдэгджээ. Дарга хэзээ ч сонсоогүй болохоор л ийм юм огт байдаггүй гэсэн үг биш л дээ. Хөөрхий, сонсох эрхтний бэрхшээлтэй байж болно шүү дээ.

Мэдээжийн хэрэг, Засгийн газар гэдэг бол улс төрийн инстүүц. Бие бүрэлдэхүүн нь ардчилсан оронд сонгуулиар шийдэгддэг. Сонгууль хийсэн мөртөө гудамжнаас мэргэжилтэн авчраад л төрөө бариулчихдаг юм гэж хаа байхав. Мэргэжлийн Засгийн газар гэдэг бол хямралаас гарах гэсэн арга барагдсан түр зуурын арга хэмжээ юм. Улс төрийн эерэг сөрөг хүчнүүд хүч тэнцэхээрээ биенийгээ юм хийлгэдэггүй хориг тавиад төрийн инстүүцийг шийдвэр гаргуулахгүй сульдуулах нь элбэг тохиолддог үзэгдэл. Хаана ч тэр. Өнгөрсөн жил АНУ-ын Конгресст хүчнүүд тэнцчихээд төсөв батлагдахгүй удсанаас болоод төрийн инстүүцүүд ажиллагаагүй болон цалингаа тавьж чадахаа больж байлаа. Бельгид бүр Засгийн газраа байгуулж чадахгүй жил гаруй хугацаанд засаггүй явлаа. Иймэрхүү жишээ дэндүү олон. Улс төрийн хүчнүүдийн тэнцвэр сайн юм өгдөггүй. Улс төрийн хямрал нь шууд эдийн засгийн хямрал руу түлхдэг. Далаад оны төгсгөлөөр Англид засгийн эрхэнд байсан Хөдөлмөрийн намын дотор хагарал гарч Гадаад хэргийн сайд Дэвид Оуэнээр толгойлуулсан “гурвын дээрэмчид” гэгдсэн фракц тусгай нам байгуулан өөрсөдтэйгөө үзэлцсэнээс болж сөрөг хүчин эрх баригчидтай тэнцэн улс төрийн хямрал гүнзгийрч эдийн засгийн уналт нүүрлэсэн. Аз болоход сонгууль ойртсон байсан тул төрийн эрхэнд Тэтчэр гарч ирснээр Английн эдийн засгийг эргэж босгосон билээ.

Ардчилсан дэглэм дэх аль ч улс төрийн хүчин их бага хэмжээгээр популист байдаг. Нийгмийн ухамсар дорой, шинэ тутам ардчилж байгаа орны ард түмэн улстөрчдийн популизмаар хөөсрөх аятай хөрс болж өгдөг. Ийм газар улс төрийн хүчнүүдийн хэт тэнцвэр буй болохоор популизмын уралдаан болно. Энэ нь төрийн инстүүцийн шийдвэр гарах бүхий л арга замыг аль болохоор боож хаадаг. Эрүүл ухаан хойш тавигддаг. Хөндлөнгөөс нь ажиглахад амиа хорлох гэж байгаа сүрэг лугаа адил. Гаргах шийдвэр болгон нь зориудаар улс орноо хорлох гээд ч байгаа юм шиг. Дэлхийн дайны дараахан магадгүй хамгийн хөгжингүй орон болох бэлээхэн ирээдүйтэй байсан Аргентинд яг ийм нөхцөл бүрдсэн учир хэдхэн жилийн дотор улс орноо бүх ард түмэндээ тэгшхэн “хуваагаад” тараачихсан. Түүнээс хойш жар гаруй жил өнгөрлөө, тэд эргэж хэзээ ч сэхээгүй, ойрмогхон Аргентин эдийн засгийн дампуурсан улс болсноо зарлах шив дээ. Улс нь дампуурлаа зарлачихлаа шүү дээ.

Улс төрийн хүчнүүд нь тэнцсэнээр улс төрийн, даамжраад эдийн засгийн хямралд хүргэхийн цагт мэргэжлийн түр Засгийн газар байгуулж хүнд нөхцөлөөс гарсан жишээ байна. Магадгүй “мэргэжлийн” гэж буруу нэрлэсэн байж болох. Энэ нь жинхэнэдээ “мэнэжмэнтийн” түр Засгийн газар юм.

Мэргэжлийн Засгийн газар гэхээр мөнөөх дарга Батлан хамгаалахын сайдаар нэг дэслэгчийг, Эрүүл мэндийн сайдаар нэг мундаг шүдний эмчийг, Боловсролын сайдаар нэг сүрхий хичээлийн эрхлэгчийг тавих тухай ойлгоод буруушаасан байж болох. Тийм бол үнэхээр түүний зөв. Гэхдээ би “мэргэжилтний” гэдгээс өөр утгаар хэлсэн юм.

Бид үнэхээр олон жил ийм маягийн “мэргэжилтний” Засгийн газартай явж ирсэн. Лав л аль тавиад оноос хойш. Хөдөө аж ахуйн сайд агрономич болбол анхаарал нь Сэлэнгэ рүү яваад өгнө. Малын эмч болбол шүлхийг, мал зүйч болбол хээлтүүлгийг гоцлон анхаарч сайд өөрөө мэгэжилтэн царайлаад явчихдаг. Үүндээ хэт дассанаас болоод 1990 онд Боловсролын шинэ сайдыг “ганц удаа самбар дээр шохойгоор юм бичиж үзээгүй” хэмээн өөлж огцруулахыг шаардсан багш нарын хүчит эсэргүүцэл оволзож байлаа. Ой модны яам байгуулж ойн инженер, Усны яам байгуулчихаад усчин эрээд давхичихна, тэр нь амар олдохгүй ээ. Бодлого тодорхойлж мэнэжмэнт хийх ёстой болохоос уг нь мод тариулах гээд байгаа хэрэг биш шүү дээ. Хуульч Дорлигжавыг хамгийн сайн сайд байсан гэж Батлан хамгаалахынхан ярьдаг. Хуульч Цагаан Сангийн сайд, багш Ламбаа, Сэтгүүлч Ганди эрүүл мэндийн сайд байх нь хамгийн оновчтой тохиолдол байжээ.

1998-99 онд нэг удаа “мэргэжилтний” Засгийн газар байгуулж үзсэн. Сайхан дампуурсан даа. Ямар ч улс төрийн туршлага мэдрэмж байхгүй конторын голдуу мэргэжилтэнг сайд болгосон. Мэргэжилтнүүд нэр дэвшүүтээ улс төрийн намд шинээр элсэж, популизмыг улс төрийн “мэргэжилтнүүдээс” гарамгай хийж эхэлсэн. Дорхноо улс төрийн амтанд орж удахгүй болох сонгуульд биеэ бэлдэж эхэлж билээ.

Өнөөгийн хямралаас яаралтай гарахын тулд бидэнд “мэргэжилтний” биш мэргэжлийн, бүр тодруулбал мэнэжмэнтийн түр Засгийн газар хэрэгтэй байна. Эрх барьж буй хэсэг нь дундуураа хагараад биенээ түлхэж унагаах гэж улайрах ба сөрөг хүчин нь муу тусмаа сайн гэсэн философитой улдан чангаасаар улс орныг хэдэн тийш нь тасчин таталцах хооронд эдийн засаг сүйрч гүйцлээ. Иймээс л хэнээс ч үл хамаарах хөндлөнгийн “аврах баг” зайлшгүй хэрэг болоод буй мэт.

Мэргэжлийн буюу мэнэжмэнтийн гээд байгаа нь сайн гэж тодорсон мэнэжэрийг хэлээд байна л даа. Өнөөгийн УИХ-д ч, ер нь Монголын улс төрд нийтийн бүжигт нэр нь тодорсон мэнэжэр бишгүй л нэг бий л дээ. Гэхдээ тэдний хувийн бизнес нь гайгүй яваад байгаа мөртөө бүжиг жүжиг нь хэтрээд популизмд автан улсын бизнесийг толгойгоор нь уруу харуулан тангодоод байх юм. Тэд улс төрийн тайзан дахь дараагийн амжилтаа харан дүрдээ хэтэрхий итгэсэн. Улстөрчийн хувийн бизнес бүтэлгүйтвэл авгай хүүхэд нь өлсөнө. Харин хариуцсан төрийн бизнес нь алдагдал хүлээвэл улам алдаршиж ард түмнээсээ “шударга” гэсэн цол хүртэнэ. Тогтолцооны л хар гай л даа. Хэрэв тэдэнд бүжиглэхийг нь хориод, тайз эзэмших хугацааг нь богиноор тогтоогоод, цаашдаа улс төрийн тоглоомд оролцох эрхийг нь хасаад, улсын аж ахуйн тодорхой салбарыг хувийнхаа бизнес хийдэг зарчмаар хөтлөн өөд нь татаадах гэвэл юу боллоо гэж өнөөгийнх шиг мулгуу шийдвэр гарган улс орноо хорлож явах билээ дээ.

Гэмтлийн эмнэлгийн хэдэн сайн мэс засалчид хувиараа тоног төхөөрөмж, багаж техник олж ирээд өвчтөнд хиймэл тойг, түнх суулгаж өгдөг юм байна. Үнэ нь гурван мянган доллар. Ийм мэс засал гадаадад 15 мянган доллар, нэмэх нь замын зардал, эм, буудлын үнэ. Гэтэл Мэргэжлийн хяналтынхан шалгалт явуулаад тэднийг алангаа алдав. Ер нь Мэргэжлийн хяналтын гэх байгууллагынхан бол жаргах замын садаа болсон жартгай улаан чавганц гэгчээр рэкетээр занимаалдсан, улс орны эдийн засгийг хорлодог заазуур гэдгийг нь хэн хүнгүй гадарлах байх. Улсын байранд, улсын тогоор хувийн бизнес хийлээ гэж тэр шүү дээ. Энэ шалгалтынхаа тухай сонин хэвлэлд томоохон туульс хайлж дөвчигнөсөн. Мэдээж Эрүүл мэндийн яам дутагдлыг шүүрэн авсан. Эрүүл мэндийн үйлчилгээ бол ард түмний сайн сайханд л зориулагдах ёстой. Тойг, түнхэндээ тэд л сайн юм байна. Хэрэв үндсэн зорилгоо зөв ойлгоод энд зөв мэнэжмэнт хийх юм бол ална хядна гэж байхаар аятайхан зохицуулалт бодож олон эмчид ч, өвчтөнд ашигтайгаар шийдэж болно. Үүнийг сайн мэнэжэр хийх болохоос тайзнаасаа буухгүй гэж чаргуулдах улс төрийн бүжигчин яагаад ч хийхгүй. Ойлгож байгаа мөртөө тэгэхгүй гээч. Саяхан орчуулагдан хэвлэгдсэн “Улс үндэстний уналт доройтлын шалтгаан” хэмээх ном: “Улстөрчид энэ бүхнийг ойлгодоггүйдээ байдаг юм биш. Ойлголгүй эндсэн бол алдаагаа засах ёстой атал үүнийг мэдсээр байж улам гүнзгийрүүлдэг. Ганийн Ерөнхийлөгч Нкрума хажуудаа Нобелийн шагналт эдийн засагч зөвлөхтэй байсан атлаа хэлээд байхад зориуд зөрж улс орноо дампууруулсан” гэжээ.

Саяхан хүүхдийн тархины даралтад тустай барбитол эмийг аптек андуураад том хүний тунгаар хүүхдэд өгчихжээ. Сайхан сэнсаац болсон. Тархины судас өргөсгөж хүчилтөрөгчийн оролтыг нэмэгдүүлэн тайвшруулдаг бодис болохоос хор биш л дээ. Тэгсэн Шударга өрсөлдөөнийхөн (Мэргэжлийн хяналтынхны гол өрсөлдөгч) аптекуудаас бүх барбитолыг нь хураагаад авчихсан. Өөрснөө уух гэж байгаа юм болов уу? Уг нь тэгвэл зүгээр л дээ, тархи руу хүчилтөрөгч сайн оруулдаг юм. Тархины даралттай хүүхэд энэ том хотод олон бий. Тэд эм хайгаад л, гадаад руу захиад л аргаа барж явна. Хутга шөвөгний хэрэг дийлдэхээ болилоо гээд бүх айлын хоолны хутгыг хурааж байгаа шиг л юмаа даа. Ийм тохиолдолд зөв мэнэжмэнт л тус болно.

Төсвийн хамгийн жижиг хөдөлгөөнд ч Сангийн яамны зөвшөөрөл хэрэгтэй. Бүртгэлийн тогтолцоог зөвшөөрлийнх гээд ойлгочихсон хэрэг. Энд хялбар механизм үгүйлэгдэж байна. Тавдугаар цахилгаан станцыг хаана байрлуулах талаар яг 20 жил маргасан шүү дээ. Ямар цариг тавих талаар 10 жил. Нисэхийн буудал хаана байрлах нь хамаагүй харин энэ талаар зурагтаар ухаалаг үг хэлэх нь гоё. МИАТ-ыг хувьчлах талаар 25 жил ярьж буй ч дахиад дор хаяхад 25 жил ярилцаж таараа. Таван толгойн тухай таванзуун толгой тавин жил маргасны эцэст нүүрс үнс болов. Энэ бүхнийг тэгээд улс төр гэх үү, хорлон сүйтгэл гэх үү? Хүчилтөрөгчийн дутагдалтай мөртөө барбитол ч уухгүй ухаантай маргаан өрнүүлээд л. “Дуусдаггүй яриа”-гаа дуусгамаар юм. Яам цөөлөх, орон тоо цомхотгох нь хямралаас гарах гол хаалга биш. Цомхотголын дараахь хэмнэлтийн мөнгө нь нийт төсөвтөө хичнээхэн л хувь эзлэв гэж дээ! 70-90 онд Засгийн газар 42-46 гишүүнтэй байсан мөртөө социализмаа “амжилттай” байгуулаад л явж байсан. Үргүй зардал, ухаангүй мэнэжмэнт, хавтгайрсан халамж, бодлогогүй хууль л хямралын жинхэнэ эх сурвалж шүү дээ. Нийлэхээрээ популизм! Авлига, хулгай, шамшигдууллын нэмэлт зардал дор хаяхад 50 хувь. Магадгүй Батлан хамгаалах, Гадаад харилцаа хоёрт бизнесмэн гэхээсээ улс төрийн бодлоготон хэрэгтэй байж болох л доо.

Төрд гараад ирэхээрээ л идэж уугаад салахгүй гэж үү? Ийм тогтолцоонд хэн ч гарч ирсэн иднэ. Бүгд хариуцах эзэнгүй төрийнх юм чинь. Өрөөсөн оймстой, өвдөг цоорхой бол бүр их иднэ. Өлсөөд хэнхэг болчихсон байгаа шүү дээ, чааваас. Төрд гараад ирсэн өчигдрийн гудамжны рэкетчингүүдээ хар л даа. Мэнэжмэнтийн Засгийн газарт идэж уугаад л эхлэх юм бол дор нь солих сэлгэх бололцоотой. Яагаад гэвэл тэдэнд УИХ-аар халхалсан “халдашгүй дархан эрх” гээч юм байхгүй. Үйл ажиллагаа нь ил тод, парламентаас дэмжлэгтэй мөртөө хяналттай түр Засгийн газар. Уг нь арга барагдсан л чарга л даа. Гэхдээ өнөөдөр шиг ингээд бөглөрөөд нааш ч үгүй цааш ч үгүй болсон тохиолдолд өөр илүү сайн арга байна уу, бодооч, хэлээч, хэрэгжүүлээч. Хотод элбэг тохиолддог замын таг бөглөө үүсээд удахаар хэн хэнгүй л “цагдаа ирүүлээч” хэмээн уралдан утасддаг биз дээ, айн?

Жич: Миний бие зүгээр л саналаа хэлж, өөрийн хувилбарыг дэвшүүлсэн юм шүү. Дарга нар аа, үүний төлөө намайг дахиж битгий загнаарай, битгий зодоорой.

2014.9.15

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн наадмын түрүү бөхчүүд сумын наадмын дэвжээг арчиж нэрээ хугалахын хэрэг байна уу?

“Хуучин цагт алдар цолтой бөхчүүд наадмыг минь зориод, наадамчин олныг хүндэтгээд ирэхэд баярладаг байлаа. Одоо харин ард түмнийг хэрхэн доромжилж, өөрсдийгөө гутаах гэж байгаа бол гэхээс дургүй хүрдэг юм” гэх яриа учир мэдэх олон хүний амнаас гарах болжээ. Монгол төрийн наадмын чимэг, монгол соёлын дархлаа болсон бөхчүүд маань ингэж нэрээ хугалж, суу алдраа захын нэг наадмын тоосонд булж орхисон нь харамсмаар. Одоогоос хэдэн жилийн өмнө санагдана. Бүсийн наадам гэж хангай, говийн аймгуудад зохиогдсон. Бөхчүүд хуваагдаж очин барилдаад хавтгайрсан найраа хийж, тухайн нутгийн ард түмнийг ёстой нэг доромжлох шиг болсон.

Наадмын дэвжээгээ нулимуулсан түмэн голомтоо самруулсан юм шиг үнэндээ хорсолтой хоцордог юм билээ. Манай редакци руу утасдаад “бидний хайрлаж хүндэтгэдэг бөхчүүд гэдэг чинь ийм хүмүүс байна” гэж цөхөрсөн янзтай дуулгаж байв. Тухайн үед “Бүсийн наадам ба монгол бөхийн мөхөл” хэмээх нийтлэл “Өдрийн сонин”-д гарч байлаа. Харин түүнээс хойш аймгуудын наадам залуу хүчтэнүүдийн тулаан болсон уу, яасан бүү мэд. Ямар чиг л байсан чимээ аниргүй болчихсон. Шижигнэсэн залуучууд түрүүлж, үзүүрлэн цол аваад, улсын цолны төлөө барилддаг, тэр жамаараа явсан байх. Өнөө жил АСЕМ-тай холбоотойгоор аймгуудын наадам хойшилсон нь улсын цолтой бөхчүүдэд таван төгрөгийн ашиг олох боломжийг нь нээгээд өгчихөв үү гэлтэй.

Улсын наадмын дараахан Сэлэнгэ аймгийн наадам болсон. Уг наадамд Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс, Говьсүмбэр аймгийн харьяат, улсын арслан Д.Азжаргал тэргүүтэй хүчит бөхчүүд зодоглосон. Сэлэнгийнхэн төрийн наадмын түрүү үзүүрт шалгарсан хүчит бөхчүүд ирлээ. Наадам ч үзүүштэй сайхан болох нь ээ гэж өнөө л итгэдгээрээ итгэн хүлээж байв. Тэгтэл юу болсон гэж санана. Улсын наадамд төвөггүйхэн долоо давж, наймын даваанд Архангайн Пүрэвдагвад тахимаа өгсөн Бүрэнтөгс арслан дөрөв даваад л Цогбаяр гэж залуу бөхөд унаад өгдөг байгаа. Бүрэнтөгсийг наадмаар уйлахад нь сэтгэлдээ харуусалтай байсан хүмүүс, сумын цолтой бандид элэг бүсээ тайлахад нь бүр чиг байдалд орчихов. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойгоор Б.Бат-Эрдэнэ аваргыг дотуур этэх уран гоё мэхээр бөгсөөр нь суулгаж ес давсан Азжаргал мөн л Тулга гэж залууд тахимаа өгчихлөө. Хоёр арслангаас гадна залуу харцага, начингууд бас л дуу дуугаа аваад сумын цолтнуудад үсрээд өглөө. Ингээд Сэлэнгийн наадамд зодоглосон улс, аймгийн алдар цолтой 256 бөхөөс хоёр залуу бөх шалгарч үлдэж байгаа юм.

Хэдхэн хоногийн өмнө Багануурын наадам боллоо. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, улсын заан Б.Батмөнх, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын заан Б.Соронзонболд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул улсын харцага Ц.Содномдорж, Төв аймгийн Баянцогт сумын харьяат, улсын харцага Ө.Даваабаатар нарын хүчтэнүүд зүүн баруун жигүүрийг магнайлан барилдав. Гончигдамба уу, Содномдорж уу эсвэл Даваабаатар уу гэж таавар уралдуулж суусан наадамчдын хөөр баяр ердөө дөрвийн даваанаас нам дарагдаж, хавтгайрсан найраатай наадмаа харахаас ч дургүй нь хүрч эхэлжээ. Ялангуяа шөвгийн дөрөвт Гончигдамба, Содномдорж хоёрыг нэг нэг залууд элэг бүсээ тайлахыг нь харсан наадамчид элэг рүүгээ өшиглүүлсэн юм шиг, гол нь зурагдаад наадмын дэвжээнээс арилж өгсөн байна.

Энэ жилийн аймгуудын наадмын өнгө нэг иймэрхүү. Хоёр жилийн өмнө байна уу даа, Монголын ихэнх сум ерэн жилийн ойгоо тэмдэглэж, сумын наадмын бөх гэдэг зүгээр л жүжиг болоод өнгөрч байсан. Хот хүрээ, холын Америкаас хүртэл сумынхаа ойд, ижий аав, эцэг өвгөдийнхөө нутагт халуун сэтгэл өвөрлөж ирсэн наадамчдыг хэдэн “тэнэг” бөх доромжилдгоороо доромжилсон. Олон жижиг алдаа явж явж нэг том алдаа болон тэсэрч дуусдаг юм гэдэг. Бөхчүүд минь жаахан учиртай, ултай суурьтай, бодолтой байхгүй бол монгол соёлын дархлаа алдагдах аюулд хүрэх вий. Өнөөдрийн хэдэн халтар цаас зуу зуун жилийн түүхтэй Монголын өв соёлын дэргэд чухам юу юм бэ. Мөн хүний амьдралын урсах он жилүүдтэй харьцуулахад бас юу билээ. Ёстой юман чинээнд хүрэхгүй зүйл шүү дээ.

Бөх хүнд өөрийн гэх нэр төр, ард түмний итгэл хайр, дээрээс нь монгол төрийн хүндэтгэл гэж том зүйл бий. Манайхны хэлдгээр найраагаар ч байна уу, өөрийн хүчээр ч байна уу, улсын наадамд тав давсан залууд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монголын төр цол чимгийг нь өгдөг. Төрдөө үнсүүлсэн хэн бүхэнд төрийн их хүндэтгэл, түмний ивээл хайрыг дааж явах их хариуцлага ирдэг. Гэвч энэ их хүндэтгэл, хариуцлага, ёс горимыг бөхчүүд нэг л үл ойшоосон, харин ч бүр эсрэгээр нь авлига, хээл хахууль, ашиг хонжооны талбар мэтээр бодож, ашиглах болжээ.

Улсын цолтой бөх залуу бөхөд тахимаа өгч болно. Тэр бүгдэд найраа хийлээ, наадамчин олноо доромжиллоо гэж шууд хүлээж авч болохгүй нь мэдээж. Мөн ахмад бөхчүүд цаашид өндөр цолонд хүрэх магадлалтай залуучуудыг дэмждэг, буулт хийдэг ёс монгол бөхийн дэвжээнд эртнээс хадгалагдаж ирсэн. Харин улсын наадмын түрүү үзүүрт яригдаж, бөхийнхөө хувьд жинхэнэ ирэн дээрээ яваа залуу хүчтэнүүд илт буулт хийж, худлаа барилдахыг наадамчин олон хүлээн зөвшөөрдөггүй. Хүлээн зөвшөөрөх ч ёсгүй. Монгол наадам гэдэг хоёрхон хүний хоорондын тохиролцоо, өгөө авааны асуудал биш юм. Ер нь тэгээд улсын алдар цолтой бөх өөрийгөө, эсвэл өрсөлдөгч бөхөө бодох бус ард түмнээ хүндэтгэж, бөхийнхөө дэвжээг цэвэр ариун байлгахыг сахин хамгаалж, үнэнч шударга барилдах учиртай.

Тийм атал аймаг, сумын наадамд аварга арслан нь ч мэдэгдэхгүй, тоосон дунд нь хутгалдаад явж байдаг бол үнэндээ гутамшиг шүү дээ. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг. Унахгүй хэн байхав. Гэхдээ таван халтар цаасанд “унах” л ичгэвтэртэй санагдаад байгаа юм. Аварга, арслан, гарьд гэдэг монгол бөхийн эрхэм сайхан цол. Энэхүү алдар цолыг хүртсэн идэр залуу хүчтэнүүд ид хавыг гайхуулан барилдах хэрэгтэй. Ямар ч наадамд зодоглосон бөхийн ариун дэвжээгээ хүндэтгэж, түмэн олноо баясгах нь зүйн хэрэг. Улсын наадамд үнэн хүчийг үзүүлээд аймаг, суманд очихоор “бяр” нь дуусчихдаг өрөвдмөөр ч юм шиг, ичмээр юм шиг, инээдтэй юм шиг тийм сонин байж болохгүй биз дээ. Энэ бүхэн эцэстээ өөрсдийгөө доромжилж, монгол бөхийн голомтоо үгүй хийх алхам юм. Өнөө цагийн бөхчүүд эл бүгдийг ойлгож, бөхийн эрхэм дээд цол, өв уламжлал, жудаг ёсыг элдэв бусын бохир мөнгө, хэрүүл жатганд бузартуулалгүй авч явахыг бөхөө дээдэлдэг ард түмэн шаардаж байна.

Б.Батболд

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын нам үнэхээр зуун мянган төрийн албан хаагчийг халах дээр тулсан уу?

Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын 11 сайдыг томилоод байна. Нэр бүхий дөрвөн яамны сайдад нэр дэвшигчийг “Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй” гэж үзсэн учир Ерөнхий сайд эргүүлэн татсан. Эрх баригч нам Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсны дараа сайд нарын нэрсийг Удирдах зөвлөлийнхөө хурлаар тодруулсан. Энэ нь багагүй шүүмжлэл дагуулан, “Мэргэжлийн Засгийн газар гэж энэ үү?”, “Ард түмнээ хэтэрхий басамжилж, Монголын төрийг дорд үзлээ” гэх мэдээллүүд гарч, нийгэм даяараа л шуугисан. Төрийн тэргүүн ч сайдад нэр дэвшигчдийг дэмжих боломжгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Мөн Ардын намын гишүүд ч Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд сэтгэл дундуур байгаагаа хэлж байв.

Тухайлбал, Их хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалтаасаа ухарсанд харамсч байна. Ард олны итгэл найдвар руу нулимлаа. Намыг дэмжигч, итгэл үзүүлсэн мянга мянган хүний урмыг хугаллаа. Ард түмнээ дэндүү басаж байна. Ингэж байж Ардчилсан нам шангаа хүртсэн. Дараа дараагийн сонгуулийг мөнгөөр шийднэ гэж бодож байгаа бол Ардчилсан намын хувь заяаг давтана” гэж мэдэгдсэн бол парламентын шинэхэн гишүүн үндэсний бөхийн дархан аварга “Төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй хүнийг сайдад нэр дэвшүүлснээрээ Ардын нам анхны ялагдлаа хүлээлээ” гэж хатуухан хэлээд авсан.

Эл бүх тайлбар болоод сандал ширээний төлөөх улайрал нэг их гайхаад байхаар зүйл үнэндээ биш л дээ.

Улс төрийн сонгуульд ялсан нам засаг төрөө эмхлэн байгуулж, улс орноо удирдан авч явдаг. Ямар ч цаг үед шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүн ард иргэдэд болоод бусдад 100 хувь таалагддаггүй. Заавал алдаа оноотой байх нь бий. Мэдээж тэрхүү алдаа оноо нь намдаа зүтгэсэн, сонгуульд ханатал нь хандив мөнгө өгсөн, нэг үгээр хэлбэл, намын санхүүжүүлэгч нөхөд сайдын зөөлөн суудалд очих гэж, эрх ашгийн хуваарилалтыг авах гэж зүтгэцгээдэг. Энэ бол бичигдээгүй хууль. Шинээр сайдын суудалд тухалсан хийгээд АТГ-аас “виз” авч чадаагүй горилогчид дунд намын санхүүжүүлэгчид байж л байна лээ. Улс төрийн энэхүү бичигдээгүй хууль дүрмийг мэдсээр байж Ардын намынхан өмнөх Засгийн газраа яг ийм асуудлаар баалж, “давхар дээл”-гүй байхыг эсэргүүцэн жагсаж, улс төрийн жүжиг тавьж байсан нь одоо эргээд харахад илүү байсан. Намын бүлэглэлүүдийн эрх ашиг, улс төрийн дайралт шахалтан дунд шинэ засаг байгуулагддагийг тэд мэдэхийн дээдээр мэдэх хэрнээ ардчилсан засаг руу арай хэтэрхий дайрч байсныхаа горыг эргээд амсах вий.

Монголын улс төрийн өнөөгийн нөхцөлд “Мэргэжлийн Засгийн газар” гэж байх боломжгүйг Ардын намынхан маш сайн мэдэж байгаа. Сонгуулиар ийм пиар хийхдээ ч ах намынхан мэдэж л байсан. Гэвч ард иргэдийн саналыг авах хамгийн мэргэн арга байсан нь тодорхой. Ийм илэрхий зүйлийн тухай (мэргэжлийн Засгийн газар байгуулах) ярьж, эрх баригч нам руу дайрч, эх захгүй маргаан үүсгэж, хийрхэж байхын хэрэг байна уу. Харин өнгөрөгч долоо хоногийн дундуур улс төрийн сөрөг хүчин Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийсэн. Тэрхүү мэдээллийн дунд нэг айхтар зүйл хэлэгдсэн нь “100 мянган төрийн албан хаагчийг халах” тухай мэдэгдэл юм.

Их хурлын гишүүн Ж.Батзандан “Монгол ардын нам хуучин тогтолцоо руугаа эргээд явж байна. Олон яам, агентлагуудын нэрийг өөрчлөх замаар 100 гаруй мянган төрийн албан хаагчийг ажилгүй болгох гэж байна. Зуун мянган төрийн албан хаагчийн амьдрал эрсдэлд орж байна. Монгол төрийг ингэж битгий самар” гэж төрийн ордны танхимаас хатуухан дуулгаад авсан. Түүний хийсэн мэдэгдэл хэрвээ үнэн бол “Мэргэжлийн” гээд байгаа шинэ засгийн хамгийн ноцтой асуудал энэ байх болно. Төрийн мэргэшсэн албан хаагч гэдэг тухайн улс орны дархлаа нь байдаг. Тэгэхээр мэргэшсэн төрийн албан хаагчдыг намын харьяаллаар, улс төрийн ашиг сонирхлын үүднээс хоморголон хална гэдэг монгол төрийн дархлааг үгүй хийж байгаа явдал.

Улс төрийн сонгуульд ялалт байгуулсан эрх баригч намын шийдвэрээр сайдын зөөлөн суудалд очиж байгаа нөхөд монгол төрийн дархлааг хадгалагч биш. Тэд мэдээж намдаа зүтгэснийхээ шагналыг, хандив нэрээр өгсөн мөнгөнийхөө төлөөсөнд сайдын суудалд очиж байгаа цаг зуурын төдийхөн албан тушаалтан, улс төрийн бялуу хүртэгч, түүнийгээ бусдадаа хуваан хуваарилагч юм. Мэргэжсэн төрийн албан хаагч гэдэг өөр ухагдахуун. Мэргэжлийн сургуулийг нь дүүргэснээс аваад бүхий л амьдралаа Монголынхоо төрд зориулсан, олон жилийн дадлага туршлага хуримтлуулсан, тухайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, жинхэнэ төрийн хат суусан эрхмүүд байдаг. Тэдний нуруун дээр улс орны хувь заяа явдаг. Хөгжил дэвшил, мандан бадрал, сайн сайхан ирээдүй тэднээс, төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа их зүтгэлээс шалтгаална. Ямар ч нам эвсэл улс төрийн эрхэнд гарсан монгол төрийн залгамж халаа алдагдах учиргүй гэж улс төр судлаач, шинжээчдийн үздэг нь ийм учиртай.

Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулаад байгаа Монгол ардын нам монгол төрийн дархлаагаа сахин хамгаалах учиртай. Гэтэл 100 мянган төрийн мэргэшсэн албан хаагчаа хоморголон хална гэдэг Монголын төрийг ямар ч дархлаагүй үхмэл болгон, цаашид устаж үгүй болох замыг тавьж байна гэсэн үг.

Монголын ард түмний итгэлийг хүлээсэн нам мэргэжлийн Засгийн газраа байгуулдаггүй юмаа гэхэд мэргэшсэн төрийн албан хаагчдаа намын нэрээр хоморголон халж болохгүй. Үүнийг л ард түмэн эсэргүүцэж, шахаж шаардах хэрэгтэй байна.

“Ард түмний эрх зөрчигдөнө, ардчилал хумигдана гэж битгий айцгаа. Бид хэнд ч аль ч намд барьцаа байхгүй. Бид эрх нь зөрчигдсөн ард түмнийхээ дуу хоолой болох гэж эрхийг нь сэргээх, хамгаалах үүрэгтэй сонин. Бид энэ үүргээ чин үнэнчээр хангалттай биелүүлж ирсэн. “Монголын ард түмэн ядрах цагтаа “Өдрийн сонин”-ы өлзийт үүдийг зорьдог. Яагаад гэвэл тэнд ард түмнээ өмөөрөх сэтгэл зүрхтэй хүмүүс байдаг” гэх алдарт үг нийтийн сүлжээнд явдаг. Энэ үнэн юм аа. “Өдрийн сонин” ард түмнийхээ төлөө, ардчиллын төлөө дуугарч ирсэн” гэж “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, Монголын нэртэй нийтлэлчдийн нэг Дашбалбарын Мөнгөндалай бичиж байсан. Үнэхээр эрх нь зөрчигдсөн, намын харьяалал, улс төрийн шалтгаанаар ажлаасаа халагдсан монгол төрийн мэргэшсэн албан хаагчид, энгийн иргэдийн төлөө бид дуугарах болно. “Сандуйн цахилгаан төлөвлөгөө” гэж нийгэм даяар шуугиж байгаа. “Төрийн албан хаагчдыг бүгдийг нь солих юм гэнэ” хэмээх яриа гарч байгаа. Энэ бүгдийн эсрэг “Өдрийн сонин” сөрж зогсон, зөвхөн үнэний талд байх болно. Халагдсан албан хаагчид “Өдрийн сонин”-д хандахыг уриалж байна. Бид ард иргэдийнхээ үнэний дуу хоолой байх алтан зарчмаа хэдийд ч баримтлан ажилладаг. Тиймдээ ч Монголын мянга мянган иргэд, уншигч олныхоо итгэлийг хүлээдэг юм.

Өнөөдөр Монголын төрөөр хэн дуртай нь тоглож, дур зоргоороо авирлан ард түмний сэтгэл зүйг хүссэнээрээ өөрчлөх гэдэг болсон. Ерэн оноос хойших он жилүүдэд зөвхөн хоёр нам л ээлжлэн төр барьж, улс төрийн тоглолт хийлээ. Энэ хугацаанд Монгол Улсаас үндэсний томоохон хөрөнгөтөн төрсөн үү. Хувийн хэвшил рүү зогсоо зайгүй дайрч, ард иргэдийнхээ хөрөнгийг булааж авч, төр засаг нь дээрэмчин тонуулчны үүрэг гүйцэтгэж, эцэстээ иргэдээ ядуу хоосон гуйлгачин болголоо. Энэ бүгдэд улс төрийн хоёр том хүчин хариуцлага хүлээх цаг нь иржээ. Ийм атал улс төрийн хамгийн тулхтай нам гэгддэг Ардын нам төрийн мэргэшсэн албан хаагчдыг хоморголон халж, гудманд хөөж гарган монгол төрийг үгүй хийх ноцтой зүйл яригдаж эхэлсэн нь харамсалтай.

Ард түмэндээ “амар сайхан жаргах”-ын үлгэр ярьж гарч ирсэн нам Монголын төрөөр тоглож, дур зоргоороо авирладаг энэ механизмыг одоо зогсоох хэрэгтэй. Төрийн албан хаагчийг аль болохоор тогтвортой ажиллуулж, монгол төрийн залгамж халааг хадгалах нь чухал. Үүнийг бүр хуулиар баталгаажуулмаар байна. Ямар ч засгийн үед зөвхөн улс төрийн албан тушаалтан сайдууд солигдоод бусад нь ном журмынхаа дагуу ажил үүргээ хэвийн явуулдаг хууль эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Түүнээс биш засаг өөрчлөгдөх сургаар л бүх яамдыг цэвэрлэгчээс нь аваад сайдыг нь хүртэл сольж, нэг хэсгийг нь гудманд гаргаж, нэг хэсгийнх нь өлсгөлөн ходоодыг цатгах гэж улайрахаар монгол төрийн дархлаа, аюулгүй байдал яаж бүрэн бүтэн байх билээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол төгрөгийг америк долларт дарлуулахгүй байлгах үүрэг МАН-д ирлээ

МАН шөнө дөлөөр яаран сандран Монголбанкны ерөнхийлөгчийг солилоо. Н.Золжаргалыг ажлын бус цагаар, тээр орой болсон хойно өрөөнд нь дуудаж ирүүлээд тамга тэмдгийг нь хүлээгээд авчихав. Ёс бэлгээ бодсон ч тэр, яамд шиг мөнгө хулгайлаад суух аятай орчингүй, УИХ-ын шууд хяналтанд ажилладаг Монголбанкны онцлогийг харсан ч тэр харанхуй шөнөөр тэвдэн давчдан тамгыг нь аваад байх шаардлага уг нь бол байхгүй. Золоогоос тамгыг нь авсан Н.Баяртсайханы хувьд улс төрд шинэ хүн биш. УИХ-ын гишүүнээр ажиллаж, Сангийн яамыг толгойлж явсан эрхэм. Харин төв банкинд бол тэр шинэ хүн. Гэхдээ томилгоо нэгэнт хийгдчихсэн. Элдэв эсийн шүүмжлэл өрнүүлээд дэмий ярианаас хэтрэхгүй учраас ингээд зогсъё. Золжаргал ба түүний нөхдийн амжуулсан, ирэх жилүүдэд үргэлжлүүлэх учиртай бодлого ажлынх нь тухай албаа аваад удаагүй төв банкны ерөнхийлөгчид дайх үг байгаа учраас энэ томилгоог онцолсон юм.

Өнгөрсөн дөрвөн жилд МАН-ын гишүүдийн хамгийн их шүүмжилсэн сэдэв бол ам.долларын ханш. 1300 төгрөг байсан доллар 2000 давлаа, монгол төгрөг үнэгүйдлээ гэж ирээд дуу нийлүүлцгээж байсан тэд ноён ногооныг галзууруулахгүй байх үүргийг ирэх жилүүдэд өөрсдөө хүлээхээр болж байна. Золжаргалыг ажлаа авахаас өмнө Монголын эдийн засаг, монгол төгрөг хоёр хайр сэтгэлгүй гэрлэсэн хос шиг биенээсээ хамааралгүй, төгрөг нь энд, эдийн засаг нь тэнд тэнэж явдаг байсан бол өнөөдөр эдийн засаг, төгрөг хоёр биенээ жигтэйхэн мэдэрдэг болчихсон. Төгрөг хөрсөндөө буусан. Бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид ингэж ярьдаг, олзуурхдаг. Яг нарийндаа дэлхийн эдийн засаг тэр чигтээ хямарсан өнгөрсөн жилүүдэд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёр эрийн сайндаа энэ улсыг тартагт нь тулгачихалгүй мэнд аваад гарсан юм биш л дээ. Эдийн засгийг мэдэрдэг, мөнгөний зөв бодлогыг хэдэн арван жилээр нь харчихсан, төв банкинд ажилласан арвин туршлагатай нөхөр Монголбанкийг толгойлж байсан учраас хэцүү цагт гал алдчихалгүй өнөөг хүрсэн хэрэг. Мэдээж мэдлэг, туршлагаараа засагт нөлөөлөх хэмжээний лидер чанар байсан учраас түүнийг УИХ, Засгийн газар сонссон байж таарна.

Европоос эхэлсэн хямрал дэлхийг хэрж, баргийн зүйлд тэвддэггүй Хятадыг ч сандаргасан жилүүдэд Монголын эдийн засгийг юу аварсан гээч. МАН-ын ад үзэх дуртай өнөө бонд. Дэлхийн улсууд ташраараа мөнгөгүйдэхээс өмнө хөрөнгийн зах зээлээс овоо хэдэн ногоон чирээд ирчихсэн учраас л бид энэ зэрэгтэй байгаа юм. Доллар олж ирсэн, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн гол нөхдийн нэг нь сая ажлаа өгсөн Золжаргал. Англиар ярьдаг, англиар сэтгэдэг, магадгүй англиар мэдэрдэг, санхүүгийн зах зээлийн өргөн мэдлэгтэй, хөрөнгө оруулагчдын хэзээний танил хүн төв банкийг толгойлж байсан учраас Монгол Улс хямд хүүтэй дажгүй бонд босгож чадсан юм. Хүссэн хүсээгүй гадаад ертөнцөд Монголын санхүүгийн нүүр царай болсон цөөхөн хүний нэг нь тэр. Хөрөнгө оруулагчид англиар ярихдаа маруухан, санхүү эдийн засгийн өнгөц мэдлэгтэй улстөрчдөд биш тэднийг л сонсч, тэдэнд л итгэж мөнгөө өгдөг юм. МАН ялсан учраас төв банкны толгойг солих нь тодорхой л доо. Харин өмнөх ерөнхийлөгчийн бүрдүүлсэн, Монголын эдийн засгийг мэдэрдэг, ажлаа, бодлогоо мэддэг чадалтай боловсролтой залуусыг соливол байдал хэцүүднэ.

Долларын ханш яагаад өсдөг вэ гэсэн асуултын хариу нь тун энгийн. Байгаа цөөхөн доллараа үрэн байж гаднаас авдаг юмаа багасгах. Гадагшаа зарж доллар олдог бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Ядаж л өөрсдийнхөө хийж чадах сүү, тараг, ундаахнаа гаднаас авахгүйгээр үйлдвэрлээд сурчихвал доллар тэгтлээ “галзуурахгүй”. Төв банкны хийж чадсан зүйл энэ. Дөрвөн жилийн өмнө бид сардаа 560 сая ам.доллараар гаднаас бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг байсан бол одоо 180 сая ам.доллар болоод огцом буурчихсан. Дотоодын үйлдвэрийг хөгжүүлэх бодлого барьсан учраас хамаг доллараа ариун цэврийн цаасанд зардгаа больсон хэрэг. Дотоодын үйлдвэрлэл нь гайхалтай хөгжсөн Герман, Япон, Азийн бар улсууд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болох хүртлээ мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг чангалаагүй байдаг. Үнэхээр ч төгрөг үнэ цэнтэй, доллар юу ч биш байвал хэн ч юу ч үйлдвэрлэхийг хүсэхгүй. Хямдхан үнээр импортын бараа хэрэглэсэн шигээ аж төрнө. Монголбанк төгрөгийн ханшид яг ингэж хандсан. Төгрөгийн ханшийг зах зээлд нь, эдийн засагт нь даатгаад зөнд нь орхисон. Мэдээж долларын ханш өсөөд байхаар гадны гоё савлагаатай үнэтэй иогурт авахыг хэн ч хүсэхгүй, “Мон сүү”-гийн таргийг сонгож таарна. Мэдээж “Мон сүү” дотоодын хэрэглээг бүрэн хангах боломжгүй. Монголд үйлдвэрлэсэн тарагны борлуулалт өсөөд ирэхээр Дулмаа, Дорж хоёр хамтраад сүү, тарагны үйлдвэр байгуулахыг сонирхож таарна. Үйлдвэрлэгчдэд ийм сонирхол төрөнгүүт тэднийг дэмжсэн хямд хүүтэй зээл өгчихсөн. Долларын ханшийг барьсан төв банкны аргыг энгийнээр тайлбарлавал нэг иймэрхүү.

Нүүрсний үнэ хаданд гарч, эдийн засаг цойлсон 2011 онд монголчууд нэг тэрбум ам.доллараар суудлын машин худалдаж авч байсан статистик бий. Энэ хэтэрсэн хэрэглээг хумьж, гадны зээл, уул уурхайгаас олсон мөнгөө халамжид тарааж, хэрэглээг огцом тэлсэн өмнөх жилүүдийн алдааг зассан газар нь Монголбанк. Банкууд өнгөрсөн дөрвөн жилд гар утас, компьютер, тоос сорогч авч тансаглах гэсэн нөхдөд биш хийж чадах зүйлээ үйлдвэрлэе гэсэн бизнесүүдэд зээл өгсөн. Үр дүнд нь цементээ өөрсдөө хийчихдэг боллоо. Цемент хийхэд ордог бүх түүхий эд нь байгаа учраас урдаас бараа татаж, Эрээнийг хөгжүүлэх шаардлагагүй. МАН-ыг засаг барьсан жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж байсан. Тэр үед өчнөөн доллар орж ирсэн юм чинь гээд төгрөгийн ханшаа 30 хувиар чангаруулж байсан алдаа МАН-д бий. Үр дүнд нь дотоодын бараа бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг 30 хувиар унагаж байлаа. Хамгийн тод жишээ гэхэд л өнөө бидний өөрсдөө хийдэг болчихсон цемент. Төгрөгөө 30 хувь чангаруулчихсан чинь Хятадын цементийн өрсөлдөх чадвар 30 хувиар өсч байв. Тэр үед Замын-Үүд дээр цемент ачсан вагонууд яаж түгжирч байлаа…? Монголбанк барилгын салбар, хүнсний үйлдвэр зэрэг ажлын байр ихээр шингээдэг, импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүү зээлийг чиглүүлсэн нь төгрөгийн ханшийг хөрсөн дээр нь авчирсан юм. Хүнсний импорт гурван жилийн дотор 100 сая ам.доллараар буурна гэдэг сайн хэрэг. Албаа аваад хоёр хонож байгаа ерөнхийлөгчийн зайлшгүй үргэлжлүүлэх ёстой бодлого, хөтөлбөр гэвэл үйлдвэрлэлийг дэмжсэн бага хүүтэй зээл.

Бас Золжаргалын хэлэх дуртай хүчтэй дундаж давхарга гэсэн гурван үгийг төв банкны үе үеийн ерөнхийлөгч нар байнга хэлдэг тарниа болгочихвол өндөр хөгжил гэдэг халгаж ядан харах хүршгүй оргил биш. Америк, Герман зэрэг их гүрнүүдийн хүчирхэг байгаагийн нууц нь ердөө л хүчтэй дундаж давхарга. Ихэнх иргэн нь байртай, машинтай, дажгүй орлоготой байвал эдийн засаг тэлж, үйлдвэрлэл хөгждөг гэсэн гаргалгааг хэн ч хийчихнэ. Дундаж давхаргынхны мөнгөө хуримтлуулах хамгийн том хэрэгсэл нь орон сууц. Ипотекийн хэмжээ өсч байвал дундаж давхаргын хуримтлал нэмэгдэж байна гэсэн үг. Батынх гэхэд л олсон мөнгөнийхөө 45 хувийг хуримтлалд төлж байна. Тодруулж хэлбэл байрныхаа зээлэнд. Байрны зээлэнд төлсөн мөнгийг нь дэмий зүйлд заралгүйгээр орон сууц хэрэгтэй өөр нэг айлд ипотекийн зээл болгоод өгчихөж байна. Дажгүй хувилбар. МАН-ын засаг барьсан жилүүдэд эдийн засагт эргэлдэх мөнгөний 90 хувийг цөөхөн гэр бүл атгадаг байсан бол өнөөдөр энэ хэмжээ өөрчлөгдсөн. Монголын дундаж давхаргын хуримтлуулсан мөнгө аль хэдийнэ 3.4 их наяд давчихаад байгаа. Тэгэхээр төв банкны хэрэгжүүлсэн нэг том ажил бол яах аргагүй орон сууцны найман хувийн зээл. Орон сууцны бага хүүтэй зээлээс эхлээд дундаж давхаргыг дэмжсэн хөтөлбөрүүд цаашид ч үргэлжлэх учиртай.

Золжаргал Төв банкны ерөнхийлөгчөөр томилогдоод л инфляцийг онилох бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Инфляцийг онилсон зэвсэг нь үнэ тогтворжуулах хөтөлбөр. Жил жилийн хавар хаданд гардаг мах, хойд хөршийн нэг бизнесмэний ам, аягаар байсхийгээд л үнэ нь нэмэгддэг шатахууныг онилсон нь цагаа олсон хэрэг болсон. МАН-ыг засаг барих үед буюу 2010-2012 онд инфляци жил бүр дунджаар 12.4 хувиар өсдөг байсныг түүний баг өөрчилж чадсан гавьяатай. Инфляци одоо хоёрхон хувиар хэмжигдэж байна. Н.Золжаргал “Даршилсан өргөст хэмхийн бүх орц Монголд бий. Түүнийг Польшоос авах хэрэг байна уу? Дотооддоо үйлдвэрлэх загвараа сонгох нь зөв. Өмнө нь өргөст хэмхийн дарш хийхэд дутагдаж байсан зүйл бий. Өвөл өргөст хэмхээ ургуулж чаддаггүй байлаа. Яагаад гэвэл хүлэмжгүй, хүнсний агуулахгүй байсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд жилийн дөрвөн улирлын ажиллагаатай хүлэмжтэй, хүнсний зориулалтын олон агуулахтай боллоо. Улаанбаатар хотын хүнсний агуулахын хүчин чадал дөрвөн жилийн өмнөхөөсөө эрс нэмэгдсэн” гэж ярьсан удаатай. Халамжаас татгалзаж, баялаг бүтээдэг салбартаа зээл өгч, хэцүү хатуу жилүүдэд хэдэн мянган хүнийг ажилгүй суулгаагүйд нь Золжаргалын багт талархах учиртай. Ажлын байрыг хадгалж үлдэх бодлого бариагүй бол эдийн засаг 30 хувиар агшиж, 200 мянган хүн ажилгүй болох байсан гэсэн түгшмээр статистик дуулддаг. МАН засаг барьсан 2011-2012 онд 1.9 их наяд төгрөгийг зүгээр л халамжид зарцуулчихсан том алдаа бий. Төв банкны шинэ ерөнхийлөгчийн хувьд анхаарч бодохоор л сургамж. Ирэх жилээс бондын эргэн төлөлт энэ тэр гээд яривал асуудал, зовлон их бий.

Гадаадын хөрөнгө оруулалт тасарч, доллар ховордсон үед Монголбанкны долларын ханшийг тогтворжуулсан нэг арга нь своп хэлцэл. Тодруулж хэлбэл, Хятадын Ардын банктай хийсэн төгрөг-юанийн своп хэлцэл. Удахгүй дэлхийд чөлөөтэй хөрвөх валют болох юань ноён ногооныг тэнгэрт тултал нь галзууруулаагүй том шалтгаан. Хятадын хувьд дэлхийн 30 гаруй улстай манайх шиг своп хэлцэл хийчихсэн гүрэн. 3.2 их наяд юань гэсэн аварга тоо дуулддаг. Гадаад худалдааны тогтворгүй байдал бүс нутагт асуудал үүсгэдэг, бүс нутгийн асуудлыг хүндрүүлэхгүйн тулд гадаад худалдааг тогтвортой байлгах ёстой, гадаад худалдааг тогтвортой байлгадаг механизм нь своп хэлцэл. Тэгэхээр энэ хэлцэл ирэх жилүүдэд ч үргэлжлэх учиртай.

Монголбанкны ерөнхийлөгчийн асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр Ц.Даваасүрэн гишүүн “Энэ нөхөр экспортыг дэмжсэн учраас долларын ханш өссөн” гэсэн гэнэн мэдэгдэл хийж харагдсан. Доллар олж ирдэг экспорт долларын ханшийг өсгөхгүй, харин ч буулгана гэсэн гаргалгааг эдийн засаг мэдэхгүй хүн ч төвөггүй хийчихнэ. Эрх баригч нам ирэх жилүүдэд ийм гэнэн, өнгөц, хайнга хандлагаар долларын ханшид хандахгүйгээр засаг бариасай гэж найдах л үлдэж байна. Төв банкны шинэ удирдлага нам гэсэн малгайн дор иймэрхүү хандлагад битгий автаасай, өнгөрсөн жилүүдийн зөв бодлогыг үргэлжлүүлээсэй гэсэн хүлээлт нийгэмд байгааг Н.Баяртсайхан ерөнхийлөгчид уламжилъя.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ монголын “ШИНЭ МОНГОЛ”

Нэг талаасаа Монгол шиг боловсролоор цалгисан улс үгүй. Учир нь 1000 хүнд ногдох оюутны тоогоор АНУ-ын урд гарсан. Нөгөө талаасаа Монголын боловсрол шиг үнэгүйдсэн боловсрол үгүй. Бакалаврын диплом нь гадаадад хүчингүй талдаа төдийгүй дотооддоо ханш муутай, уналт нь төгрөгтэйгөө ана мана.

Дэлгүүрийн шилэн лангуун дээр “энэ жил дээд боловсрол эзэмшсэн хүнийг худалдагчаар авна” гэсэн зар байх нь энүүхэнд. Тэгэхээр Монголын дээд боловсролын диплом нь ахлах сургуулийн гэрчилгээний хавьд л үнэлэгдэж яваа юм болов уу. ХХ зуун дундуур бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсанаараа гайхуулж явсан.

Харин XXI зуунд “Бүх нийтээр дээд боловсролд тайлагдсан” үндэстэн болж, үйлчилгээний салбарт ажиллагсад 100 хувь бакалавр болов. Тэр ч байтугаа “бакалаврын диплом нь хуурамч, харин докторын диплом нь жинхэнэ” сэхээтнүүд ч гарч ирлээ. Удахгүй “Худалдагч авна. Докторын зэрэг хамгаалсан байх шаардлагатай” гэсэн зар тавигдах ч байх.

Гэвч боловсролд чанар гэж бий.

Харин энэ бүхний дундуур боловсролын шинэ стандарт нэвтрүүлж байгаа нэг газар бий. Шинэчлэл хийх чадамжтай байгаа нь хувийн салбар гэдгийг хэлээд өгнө. Тэр бол “Шинэ Монгол” хэмээх бүлэг сургууль. Эхлээд бага, дунд сургууль байснаа одоо коллеж, дээд сургууль болоод байгаа газар. Гол хүн нь Галбадрах гэж байгаа. Тэр хүнийг хаана харсан гэхээр ийм юм. Хэдэн жилийн өмнө манай Баабарыг хүн төрөлхтний сайн сайхны төлөө, ардчиллын үнэт зүйлсийг эх орондоо бүрдүүлэхэд хувь оруулсан гэсэн утгаар Японы Засгийн газраас шагнасан билээ. Шагналыг Баабараас гадна тэр Галбадрах гуай хамт хүртсэн. Баабартай гавьяагаараа дүйцсэн яасан айхавтар амьтан бэ, юу хийдэг нөхөр вэ гэж ирээд л сонирхсон чинь “Шинэ Монгол” сургуулийн Галбадрах гэдэг хүн байх ба надаас бусад нь мэддэг болж таарав.

Ж.Галбадрах япон шалгууртай боловсролын тогтцыг эх орондоо амжилттай өөриймшүүлж, Шинэ Монгол сургуулийг байгуулж, шавь нарынх нь боловсролын түвшин Токиод үнэлэгдэж эхэлсэн юм байна. Ийм учраас улс үндэстнийхээ боловсролын үйлсэд сайн хувь нэмэр оруулж байгааг нь дэлхийн боловсролын жишиг болсон япончууд бахдан үнэлсэн нь тэр байж.

Түүнээс хойш Галбадрах гуайг таньдаг болсон юм. Улс амьтны ярих нь “Шинэ Монгол”-д элсэхэд амаргүй. Төлбөр харьцангуй бага, элсэхэд зөвхөн шалгалтаар дамжина. Элсэлтэд унасан хүүхдийн аав, ээж төлбөрийн чадвар ба төрийн алба өндөр байх нь хамаарлаар тун ч бага гэдэг. Дээхнэ үед цэрэг татлагын үеэр аймгийн цэргийн хэлтсийн дарга хэнд ч олдохоо байчихдаг шиг элсэлтийн үеэр энэ сургуулийн удирдлага ямар ч танилдаа олдохоо больдог гэж дуулсан. Чухам сургуулийн нэр хүнд үнэ цэн нь тэндээ байдаг гэж ярих юм билээ. Өөрөөс нь асуусан л даа. Тэгсэн чинь үгүй гээгүй боловч “Олон сайхан найз нөхдөө хаврын хаварт гомдоодог хүн дээ, би” гээд инээж байсан.

Харин саяхан таараад манай сургуулиудын элсэлт эхэлсэн гээд түүний дотор “Шинэ Монгол” технологийн дээд сургуулиа ихэд магтан ярьсан. Захирал нь Токиогийн технологийн их сургуулийн бүтээгдэхүүн, тэндхийн доктор, арваад жил тэндээ нанотехнологи судалсан Ч.Ганзориг гэж хүн байдаг аж. Ч.Ганзориг МУИС-ийн проректор байгаад наашаа ирж энэ сургуулийг байгуулалцан удирдаж байгаа юм байна.

Бас “математикийн Адъяасүрэн” (В.Адъяасүрэн) “физикийн Нямсүрэн” (О.Нямсүрэн) гээд МУИС-даа “домог” байсан хүмүүс манайд багшилдаг гэж тэр хэлсэн.

Би ч нийгмийн ухаанаар төгссөн “манай Гончигдоржоос цаашаа тоочин байхгүй” гэж итгэж явсан үеийн төлөөлөл болохоор тэднийг нь сайн мэдэхгүй юм аа, үнэнээ хэлэхэд.

Харин “Хөвсгөл бол Монголын нэгэн “Швейцарь” гэлээ гэдэг шиг “Шинэ Монгол” бол Монголын нэгэн япон сургууль” гэдэг нь үнэн. Хүүхдэдээ болон өөртөө итгэлтэй байгаа бол ийшээ шалгуулаад үзээрэй.

Сурлага номоор сайн хүүхдүүдэд үзүүлэх өчнөөн тэтгэлэг байдаг юм билээ. Надаар хэлүүлэхийн оронд өөрснөө сайт болон фэйс хуудсаас нь харчихна биз. (http://nmit.edu.mn/)

Шинэ Монголын шинэ нүүр царай болж байгаа “Шинэ Монгол” технологийн дээд сургууль ирээдүйтэй хүнийг ирээдүй рүү хөтөлнө өө.

Нээрээ, технологи гэхээр “пиар технологи” энэ тэртэй андуураад алга болчихов, шинжлэх ухаан ярьж байхад.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Нартай наадмын бараан сүүдэр

Наадам сайхан боллоо. Нээлтээсээ эхлээд л цаг агаар хүртэл дэндүү сайхан. Хүмүүс баяр жаргалтай, гоё ганган. Тэнгэр хангай монгол наадмыг ивээж байх шиг тогтуун, айхтар халуунгүй, бас хүйтэнгүй. Үндэсний их баяр наадам нартай хуртай, найрагтай, айрагтай, дуутай хууртай. Жил жилийн наадам өөрийн гэсэн өнгө төрх, сэтгэлд мартагдахгүй дурсамжаа үлдээдэг нь жам юм. Монгол хүн дурсамж ярихаа хүрэхээр тэр жилийн наадмаар гэж ярих нь их. Бас тэр бөх түрүүлдэг жил гэлцдэг. Энэ жилийн наадмыг Санжаадамба түрүүлдэг жил гээд л ярих биз.

Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой тохиож төв цэнгэлдэхэд 1024 бөх барилдав. Эрийн гурван наадмын хамгийн олон үзэгчтэй, хамгийн ярих юм ихтэй бөхийн барилдааны тухай энд өгүүлье. Бөх сонирхогчид наадмын талбайд зайгүй сууж дэмжиж явдаг бөхөө уухайлан дэмжих аж. Монгол наадам сайхан. Яагаад ч юм өдөр тоолон хүлээдэг, Монголыг монголоор нь харуулдаг, монгол хүн гэдгээ бас илүү их мэдэрдэг баяр. Бүгд л үндэсний дээл хувцсаараа гоёж, хэдэн сар хоногоор бэлддэг, хүлээдэг. Энэ жилийн наадам сайхан болсон. Олон жил үзэгч түмэн наадмын түрүү аваасай гэж хүсч хүлээж байсан Ч.Санжаадамба түрүүлэв. Үнэн хүчээрээ цолонд хүрч олныг баясгасан бөхчүүд цөөнгүй байлаа.

Наадмын сайхныг хэвлэлийнхэн та бүхэнд хангалттай дуулгаж, бас түмэн олон өөрсдөө оролцон, үзэх нь үзэж, дуулах нь дуулчихсан. Тиймээс сайн сайхныг нь дахин дахин давтан өгүүлэхээ түр азная. Сайны хажуугаар саар гэгчээр нартай хуртай сайхан наадмын бараан сүүдэртэй тал бас байна. Жилээс жилд энэ сүүдэр нэмэгдэх нь. Учир нь монгол бөхийн найраа гэдэг юм бүүр ил цагаандаа гарч, газар авчээ.

Наадмын талбайд барилдаж байгаа бөхөд утсан дээр бичсэн юм харуулаад засуул нь зогсч байх жишээтэй. Сонсох нь ээ, нөгөө найрааны нэг хэсэг бололтой. Бөхчүүд нутаг нутгаараа, гал галаараа талцаад хэдэн талд суучих юм. Тэнд нь нэг толгойлогч байх юм. Тэр толгойлогч нь одоо барилдахаа больсон нэг аварга байх жишээтэй. Өнөөх хөгшин аварга маань хэн унах, хэн давах, хэнийг давуулах, хэнийг амлаж авахыг ярьж тохироод сууж байх юм. Бөх сүрхий мэддэггүй хүн ч ойлгохоор юм. Наадмын талбайгаар цүнхтэй мөнгө барьсан нөхөд ам аваад унаж өгөх хүнд харагдахаар эргэлддэг л гэлцэх. Нөгөө хийморь лундаа, хүч бяр, уран мэх энэ тэр нь хэрэг байдаг ч юм уу гэж бодогдохоор. Өндөр цолтой бөхчүүд нь тавын даваанд нэг бөх амлаад авах юм. Тэр том цолтой бөх нь яавч өвдөг шороодохооргүй залууд юу юугүй өнхрөөд унах юм. Худлаа барилдсаныг нь хэнбугай ч мэдэхээр. Цолны ханш гэж айхтар юм байдаг бололтой. Начин цол 150 саяас 300 сая хүрсэн гэв үү. Ямар их мөнгө, яасан үнэтэй цол вэ. Өөрийн нутгийн бөхийг амлаж аваад унаад өгөхийг нь харах хичнээн муухай. Энэ бүх хор найруулгад нутгийн зөвлөл, нөлөө бүхий мөнгөтэй улстөрч, бизнесийнхэн, бөхийн галын ахлагч, том цолтой бөхчүүд л оролцдог юм байна. Тэрийг тийм цолонд хүргэх гэж тэр аймгийнхан тэгсэн гэнэ гэсэн яриа аль эртнээс сонсоод эхэлсэн. Яг л ёсоор болоод нөгөө айхтар аварга арслангууд нь ам авсан бөхдөө тахимаа өгчихнө. Яасан муухай юм. Миний мэдэхээр аль багад л энэ тухай яриа чих дэлсдэг байсан санагдана. Эргэн тойронд минь бөхийн хорхойтон ховор л доо. Тэгсэн атлаа л бөхөд найраа гэдэг юм ил цагаандаа гарсныг би сонсдог байснаа одоо өөрөө шууд мэддэг болчихсон байна шүү дээ. Нэг ёсондоо зодог шуудагтай хоёр хүн золгож, арай том цолтой нь унаж өгдөг жүжгийг бөх барилдана гэж хэлдэг болсон юм уу гэлтэй. Нэг, хоёрын зэрэг бол анзаарахгүй байх биз. Бүр олноороо найрааны начингууд төрлөө. Догдлон үзэж байсан хүмүүс тэсгэл алдан энэ тухай яриад эхэлсэн. Бөх мэддэг, байнга үздэг нь байтугай мэддэггүй хүн ч ойлгохоор байгаа юм чинь.

Манай аймгаас тэдэн начин тэдэн харцага, заан төрнө, энэ жилийн түрүүг манай нутгийн тэр авна гээд бүгдийг маш нарийн тооцож зохион байгуулдаг болж. Хор найруулга, мөнгө сайтай нь тэр жилийн наадмаар олон цолтон түрүүлж түрүү үзүүр, шөвөгт өөрийн нутгийнхнаа үлдээснээр ялагч болдог юм уу даа. Тэгээд л бөх нь түрүүлсэн аймгийнхан “Энэ жилийн наадам манайх боллоо” гэлцэн баахан найр хурим болцгоодог болж. Сар жилээр л ууж иддэг юм байх.

Өрсөлдөөнгүй, худалдаа наймаагаар шийддэг ийм спорт энэ дэлхий дээр Монголд л байдаг байх. Бусад улс оронд спортыг бизнес болгохдоо өөр байдаг. Манайд ялагдвал төдийг өгье гэдэг бол бусад улсад манайх ялах учраас тэдээр бооцоо тавья гэдэг.

Сүүлийн хоёр жил энэ олон жилийн жалгын талцал ил цагаандаа гарч наадмын талбайд увс болон бусад гэх нь холгүй юм боллоо. Увс хүн монгол хүн биш юм уу. Бусад нь бүгд чичилж, Увсын бөх л биш бол хэнийх ч яахав гэх хүн олон болж. Энэ Увс нутгийнхныг ад үзэх үзэгдэл юунаас эхтэйв гэхээр бас эдэнд өөрсдөд нь учир байна. Наадмын талбайд баяр тэмдэглэж, дуу дуулахаараа Увс нуураа дуулцгааж жалгын үзэл гаргах юм. Ингэхээр нь бусад аймгийнхан ундууцаж дараа жил “Халуун элгэн нутаг”-аа дуулцгаадаг. Увсынхан үнэхээр хүчит бөх олонтой, тиймээс хор найруулга нь төдий чинээ их байдаг биз. Үүнд нь бусад аймгийнхан дургүйцдэг. Ингээд л талцдаг.

Увс улс, Архангай улс, Сэлэнгэ улс, Дорнод улс гэж энэ дэлхийн бөмбөрцөг дээр байхгүй. Монгол Улс гэж байдаг юм. Түүн шиг Архангайн бөх, Увсын бөх гэж байхгүй, Монгол Улсын бөх л гэж бий. Аймгаар нь хамаатуулан цоллож дууддагаа өөрчлөх хэрэгтэй. Ингэж бөх үзэж байгаа нэртэй жил бүр хэдэн хор найруулагчийн тавьсан жүжгийг үзэж, талцаж хэрэлдэхээ байцгаая. Яс юман дээрээ энэ найрааны ач тус нь улстөрч, унаж унагаж байгаа хэдэн бөхөд л байдаг биз. Худлаа барилдсаныг нь мэдэж байгаа ч нутгийнхан нь хөөрцөглөж сэтгэлээ хуурдаг биз. Энэ олон аймаг сумдаа больё. Халх дөрвөд гэлцэн, монгол наадмын дэвжээг талцлын талбар болголоо. Үзэгчид нь хүртэл нутаг хошуугаараа хуваагдаад суучих юм. Хуучин шигээ Түшээт хан, Цэцэн хан, Засагт хан, Сайн ноён хан аймаг гээд хэдхэн аймагтай болъё. Тэр олон сумдаа ч байя. Наадмын байдлыг харвал маргаж байгаа хоёр тал сүүлдээ үзэгчтэй нийлж байлдах нь байна гэж айж суулаа. Энэ талцлын ашиг нь цөөн хүнд, харин хал нь олон жирийн иргэнд тусна. Энэ байдлаараа бөх гэлтгүй энгийн ажил амьдрал дээр ч гаарч мэдэх нь. Монгол бөхийн жудаг энээ тэрээ гэхээр одоо инээд хүрдэг боллоо. Тэдэнд ямар юмны жудаг байхав. Малгай бүсээ дээш нь залж, эмэгтэй хүнийг хийморь лундаа муутгана гэж хачин ёс ярихыг эс тооцвол хамгийн жудаггүй улс бөхчүүд болж. Тийм л жудагтай юм бол үнэнээрээ барилдахгүй яасан юм. Жудагтай юм бол үнэнээр барилдаж байж цолонд хүрнэ хэмээн хичээж өдийг хүрсэн Мөнгөнбаатарыг тавын даваанд амлаж аваад тахимаа өгчихгүй яасан юм. Мөнгө өгөөгүй, өөрийнх нь нутгийнх биш болохоор л хэн ч тоогоогүй. Үзэгч түмэн түүнийг уухайлан дэмжиж байсан ч унасан. Яагаад түүнийг дэмжсэн гэвэл найраа хийгээгүй болохоор л тэгж их хайрлаж, дэмжсэн юм. Одоо яая гэхэв. Түүнийг давсан Анар ч үнэнээр барилдаж цолонд хүрсэн цөөхөн бөхийн нэг учраас дуугүй л баяр хүргэе. Учир нь энэ хоёр бөх тавын даваанд тунаж үлдсэн бөгөөд хэн хэн нь амлаж аваад унаж өгөх нутгийн ахгүй учраас л тэр. Гэхдээ найрааны цол авчихаад найрлаж сууснаас үнэнээр яваад ард олондоо хайрлагдах нь илүү сайхан.

Монгол наадмын дэвжээн дээр аль хүчтэй, уран мэхтэй, хурдтай нь давж, цолонд хүрч, түрүү магнай болж баймаар. Даанч тийм биш юм. Бөхийн хөлийн цэц гэж том дээлтэй хэдэн хүн байдаг юм билээ. Хэрэлдэж зодолдож байхад нь юу ч хэлэхгүй, зөвхөн нутгийн бөхөө л дэмжиж суудаг болов уу. Уг нь тэд чинь бөхийн шүүгчид биз дээ. Шүүж чаддаггүй шүүгчид нь ажлаа хийхгүй болохоор хотын дарга наадмын комисст багтдагийн эрхэнд элдэв талцаан, үймээнээс сэргийлж тэсгэл алдан очиж зохицуулж байгаа харагдана лээ. Юу ч гэхэв. Очихгүй ч байхын аргагүй байсан биз. Тэгж байж л дахин барилдахгүй маргаад байсан, хэн нь унасан, давсныг шийдэж чадахгүй байсныг нэгмөр болгоно билээ.

Тиймээс бөхийн холбоо дүрмээ өөрчилж, Баяр наадмын тухай хуульд ч тодорхой заалтууд нэмж оруулмаар санагдсан. Бөхийн цолыг аймаг, сумаар нь дуудахаа болье. Харьяа байгууллага, компаниар нь дуудаж байя. Эсвэл эцэг, эхийнх нь нэрээр дуудахад л болоо шүү дээ. Овог нэрээрээ дуудуулахаас л ичдэггүй юм бол үүнд дургүйцэх юу байх билээ.

Мөн бөхийн дүрэмдээ амаар барилдахыг хоримоор юм. Амаараа барилдаж хэрүүл хийгээд нүд ам руу нь гар хуруугаараа чичээд элдвээр доромжлоод байгаа бололтой харагдах юм. Спорт гэдэг чинь ярьдаг юм биш. Биеийн хүч чадал, авхаалж самбаа, хурд хүчээрээ өрсөлддөг. Гэтэл байнга нэг юм үглээд доромжлоод байгаа юм уу, тохироод байгаа юм уу ам хуурайгүй чалчих юм. Нартай сайхан наадамд бараан сүүдэр бас байсан шүү. Энэ бүхнийг дурдахын ялдамд үнэн хүчээр уран сайхан барилдсан бөхчүүдээр баярлаж бахдаж суулаа. Дараа жилийн наадмаар найгаа алдсан найраа гэдгийг халчихсан байвал мөн ч сайхан аа.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёр загасчин “Завь аваад ирээч дээ. Амь авраач, гуйя” гэж цөхрөнгөө бартал хашгирчээ

-БУЙР НУУРАНД ОСОЛДСОН ЗАГАСЧДЫН ЭМГЭНЭЛТ ХЭРГИЙН МӨРӨӨР…-

Түрүүч нь №143 (5408) дугаарт

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд Буйр нууранд осолдож амиа алдсан дөрвөн загасчны хэргийн мөрөөр бэлтгэсэн цуврал сурвалжлагаа уншигчдадаа хүргэж байгаа билээ. Буйрынхан өвөл арванхоёрдугаар сар, нэгдүгээр сарын үед загасчлаад дахин загасчлах үе ирэхийг хүлээж байжээ.Нуурын мөс хайлахыг хүлээж байсан гэсэн үг. Хил дамнан орших Буйр нуурын мөс гол мөрөн шиг ганц, хоёрхон өдрийн ээх наранд гэсчихгүй. Эрэг хавь захаасаа уяран ханзарч хэдэн өдөр хагарсан мөсөө соронз мэт нааш, цааш түлхэж байгаад нэг л өдөр хар цайнд хийсэн ёотон шиг л уусчихдаг байна. Харин ослын өмнөх өдрийн орой нуурын мөс эргээсээ нэлээд ханзарч, цаг агаарын байдал ч их тогтуун, нар ээгээд нутгийн зон олонд урин цагийн аяс цаанаа л сайхан санагдаж байж. Осол болохын урьд өдрийн орой нар шингэхээс өмнө талийгаачид хамт явж нууранд загас барихаар тор тавьжээ. Нэг торонд дунджаар 5-10 загас ордог юм байна. Аз таарвал таван загаснаас дээш ордог хэмээн нутгийнхан ярьж байсан. Тэд хэд хэдэн удаа гар нийлж загасчилж байсан учраас хэн хэнийхээ ааш араншинг андахгүй. Тус тосгонд хүргэн болж ирээд таван жил амьдарч буй гэх Мөнхжаргал портер машинтай. Түүний машинаар нуур гэр хоёрын хооронд хөл дүүжилж, ангийн олзоо ч мөн зөөдөг байв.Талийгаачид хаврын анхны ан хийнэ гэж хөөрцөглөн тор тавьж ирэхдээ ихэд сэтгэл хангалуун байцгаажээ. Ингээд шөнөдөө гэр гэртээ амраад өглөө 06:00 цагийн үед тохирсон ёсоор талийгаач Мөнхжаргал “Портер” машинаа унаад бусдыгаа гэр гэрээс нь очиж авчээ. Тэрээр гэрээсээ гарахдаа “Анхны ан ёндоорох байх аа” гэж эхнэртээ хэлээд инээмсэглээд гарч. Гурван хүүгийн эцэг Т.Ганболд эхнэртээ “Би тороо татчихаад, ханийнхаа өмнөөс нууранд ажиглалт хийчихээд ирье. Чи минь унтаж бай” гээд бага хүүгээ үнсэн, бурхан тахилдаа мөргөөд гарчээ. Түүний эхнэр нуурын ажиглагч харуулын ажилтай. Өдөр бүр 09:00 цагт нуурын эрэг дээр очиж ажиглалт хийж тэмдэглэл хөтөлдөг байна. Харин Ш.Баттулгыг явах үед аав, ээж нь аль хэдийнэ босчихсон байв. Түүнийг “Жагаа ах ирчихлээ. Би тороо эргээд ирье” гээд гарахад ээж нь араас нь гарч “Тэнгэр муухайрч магадгүй шинжтэй байна шүү хүү минь. Хурдан ирээрэй” гэж захисан байна.Эхийн зөн зовин татаад байсан уу, яагаад ч юм хүүгээ явахад нэг л дурамжхан байсан гэсэн. Талийгаач Н.Болдбуйрын гэр нуураас 20 орчим км зайтай Халхгол сумын Ялалт багт байдаг учраас аавындаа мотоцикльтой ирж хоносон байж таарав. Н.Болдбуйр “Ээж загас авчрахаар сайхан шараад өгөөрэй. Бас өчигдрийнх шигээ мантуу хийхээ мартав аа. Дахиж загасанд явах шаардлагагүй болно. Хүү нь сумандаа ажил хийгээд сайхан амьдарна аа” гээд их л хөөрч, догдолсон байдалтай ээждээ хэлээд явжээ.

ЗАГАСЧДЫН ЗАВЬ ХҮЧТЭЙ САЛХИНД ШИДЭГДЭЖ МӨС МӨРГӨЖЭЭ

Талийгаачид эрэг дээр машинаа үлдээгээд жижиг завьтай нууранд гарчээ. Тухайн үед цаг 07:00 болсон байж. Талийгаачдаас гадна тэр өглөө дөрөв, таван завь мөн тороо эргэхээр нууранд гарсан юм байна. Тэднийг тороо эргэж байх зуур тогтуун байсан салхины эрч төд удалгүй нэмэгдэж нуурын давалгаа ихэсчээ. Салхины чиг ч өөрчлөгдсөн байна.Энэ нутагт салхи байнга баруунаас зүүн рүү сэвэлздэг. Харин тухайн үед гэнэт зүүнээс баруун зүг рүү чиглэн хүчтэй салхилсан гэнэ. Загасчид ч сандарцгааж эрэг рүү гарахын тулд завиа яаран сэлүүрдэж унаж тусан завиа чирсээр ирцгээж. Нуурын мөс эргээсээ 200 метр зайд л хайлсан бөгөөд цаашлах тусам мөсөн бүрхүүлтэй байсан үе. Гэтэл нэг завь салхинд эрчилсэн давалгаанд хөөгдөн эрэг рүү биш нуурын гүн рүү дотогш мөс рүү шидэгджээ. Яг энэ үед нуурын эрэг дээр байсан бусад загасчид одоо яах бол гэж амьсгаа даран харж зогсоцгоосон байна. Энэ бүх явдал хэдхэн секундын дотор яах ийхийн зуургүй болж өнгөрч. Завь салхинд шидэгдэх үед мөстэй мөргөлдөж нуур руу живж. Харин завин дээр явсан дөрвөн хүний хоёр нь мөснөөс зуурч амжсан байна. Тэд хоёр гэрийн буйртай тэнцэх дайны мөсөн дээр гарсан юмсанж. Харин хоёр нь завинаасаа бууж харагдсан боловч усанд толгой нь цухуйх төдий нэг өндөлзөөд живж бараа сураггүй алга болчихож. Мөсөн дээр үлдсэн хоёр хүн өмсч явсан комбинзоноо тайлж, хамаг хувцсаа тарааж шидэлсэн бололтой. Бээрч, осгохгүйн тулд мөсөн дээр нааш, нааш гүйлдэж эхэлжээ. Тэднийг харсан загасчид очиж аврахын тулд завьтай нууранд орохыг хэд хэдэн удаа оролджээ. Гэвч хүчтэй салхитай байсан учраас өндөрт хүчээ авах нуурын давалгаанд завьтайгаа шидэгдэх гээд хэн ч зориглож орж чадсангүй. Өмдний түрий норгох төдий давалгаалдаг нуурын ус салхины хүчээр давалгаагаа эрчилж, улам өндөрт усаа түрэх нь загасчдын зүрхэнд орж. Орсон ч эргээс 50 метр хүрэхгүй газар яваад “Явж чадахгүй юм байна” гээд ирцгээж байсан байна. Харин нөгөө хэсэг нь “Тэсч байгаарай. Хоорондоо тэврэлдээд суу. Одоохон очиж та хоёрыг аварна” гэж хашгиралдаж. Харамсалтай нь тэдний хэлэхийг мөсөн дээр нааш, цааш гүйлдэх хоёр хүн тогтож сонсоогүй бололтой.

ТАЛИЙГААЧИД “ЗАВЬ АВААД ИР. АМЬ АВРААРАЙ” ХЭМЭЭН АВРАЛ ЭРЭН ХАШГИРЧЭЭ

Эрэг дээр байсан зарим хүмүүст мөсөн дээр амь гарсан хоёр хүний хашгирч, орилох нь сонсогдсон байна. Тэд “Завь аваад ир, завь аваад ир” гэж нэлээд удаан хашгирчээ. Загасчид нууранд орохдоо брезентэн материалаар хийсэн комбинзон өмсдөг байна. Комбинзоны оймс хэсэг нь хатуулгатай болохоор гутал багтдаггүй, хөл нүцгэн өмсдөг байна. Тэгэхээр мөсөн дээр гарсан хоёр загасчин норсон комбинзоноо барьцалдаж хөлдөхөөс сэргийлж тайлсан учраас хөл нүцгэн байсан гэсэн үг. Тэгээд ч хэний ч санаанд оромгүй аймшигт осол нүд ирмэхийн зуур болсон учраас цочролд орсон бололтой. Нэг нэгнийгээ байгааг ч харах сөхөөгүй ганц ганцаараа нааш, цааш гүйлдэж байхыг нутгийнхан харсан байна. Энэ хооронд эрэг дээрх загасчид тосгон нуур хоёрын хооронд яах учраа олохгүй дэмий л гүйлдэж. Тосгоны загасчид бүгд л гараар хийсэн модон, эсвэл том төмөр завьтай байдаг. Модон завь нь хийсчих гээд, эсвэл төмөр завь нь шууд живэх тул илүү дэвшилттэй, хүчин чадалтай завь хэрэгтэй болох нь хэнд ч ойлгомжтой байв. “Завь аваад ир” гэхийг сонссон учраас ямар ч байсан завь хэрэгтэй гээд завины эрэлд гарчээ. Харин энэ хооронд загасчдын “Завь аваад ир, завь аваад ирээч дээ. Амь авраач, гуйя” гэж цөхрөнгөө баран хашгирах сонсогдож байсан байна. Ингэхдээ хоолой нь сөөж, хамаг тамир нь барагдсан бололтой сонсогдох төдий орилж байжээ.

ДЭЭР НЬ ГАРЧ АМЬ АВРАГДСА МӨС ЦАМАРЧ НЭГ НЬ УСАНД ЖИВЖ, ӨНӨӨХ НЬ АРАЙ ХИЙН МӨЛХӨЖ БАЙВ

08:30 цагийн үед тосгоныхон бараг бүгд нуурын эрэг дээр ирсэн байжээ. Нэг хэсэг нь нуураас км хүрэхгүй зайд байрлах Буйрын заставаас завь гуйхаар явсан байв. Харин үлдсэн хүмүүс дэмий л уйлалдаж, мөсөн дээрх хоёр загасчинг нүд салгалгүй харж, дэмий л ингэ, тэг гэж хашгирна. Гэтэл гэнэт нэг нь харагдахаа больчихов. Цаг гаруй аврал эрэн мөсөн дээр нүцгэн шахуу гүйж амьд үлдэхийн төлөө тэмцсэн загасчны тэмцэл даан ч хайран, халаглаад ч барамгүй. Тэр мөс цөмрөхтэй хамт усанд унасан бул хар чулуу шиг л бараа сураггүй живж алга болчихжээ. Харин амьд үлдсэн өнөөх загасчин мөсөн дээр дөрвөн хөллөн арай хийн мөлхөж байгаа нь эрэг дээрх хүмүүст тод харагджээ. Гэвч өөрсдөөс нь аврал эрэн эцсийн хүчээ шавхан мөлхөж буй түүнийг хэн болохыг тосгоныхон таньж амжаагүй л байлаа…

Үргэлжлэл бий

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Газар дээрх ганц ах минь нисээд өнгөрөлгүй буугаад явсан нь яамай даа

Монголын үе үеийн эх орончдын хүсэл бол хоёр хөршөө давж харьцах байсан юм. Хоёр хөршийн цаазын тавцан дээр зөвхөн энэ үзлээсээ болж толгойгоо авахуулж байсан. Тиймээс одоо цагийн гурав дахь хөршийн тэргүүнд АНУ-ыг бид нэрлэж байгаа. Мэдээж АНУ-ыг дагаад Япон, Өмнөд Солонгос, мөн Европын холбооны улс ч гурав дахь хөршүүд. Эдгээр улс бол бидний үнэ цэн юм. Гурав дахь хөршийн тэргүүн эгнээнд нэрлэгдэх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нисээд өнгөрөлгүй буугаад явлаа. Сонгуулийн өмнө ингэж ирсэн нь та нарыгаа мартаагүй шүү гэсэн санаа юм уу даа. Монгол сайхан орныг минь “Ардчиллын баянбүрд” гэж хэлсэн нь хичнээн өөриймсөг дотно санагдав. Түүний үг бүрт, өгүүлбэр бүрт утга агуулга дүүрэн байв. Жон Керриг манай улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзлаа. Жон Керри манай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийлээ. АНУ Монголтой ил тод байдлын гэрээг ирэх долдугаар сараас хэрэгжүүлж эхлэх талаар Гадаад хэргийн сайдтай ярилцсан гэлээ. Энэ нь нүүрээ буруулаад байгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад чухал алхам болохыг ч бас хэлчихсэн. Нэг ёсондоо АНУ итгэл үзүүлж байгаа нь хүндхэн байгаа эдийн засгийн сэргэлтэд нөлөөлөх нь гэж харж болох юм. Монголын тэргүүний сэхээтэн залуустай уулзав. Мянганы сорилын сангийн хоёр дахь ээлжийн 700 мянган долларын санхүүжилтийг хөндөж ярилаа. Гадаад бодлогын талаар анхаарал татсан, ноцтой үг хэлэв. Ардчиллын талаар байр сууриа хэллээ. Өнгөрсөн арван жилд ардчилсан улс орнуудын тоо 33-аар нэмэгдсэн гээд дэлхийд ардчилал улам бэхжиж байна гэлээ. Гэхдээ ардчилалд сорилтууд тулгарч байгааг, тэр сорилтыг даван туулахыг, хүний эрх, эрх чөлөөний тухай, ардчилал гэдэг Монголын ард түмэн бүгдээрээ юм гэв. Тэд биднээс нүүр буруулахгүй, гурав дахь хөршийн тэргүүн эгнээнд, ардчиллыг бэхжүүлэхэд тусалж дэмжихээ ийнхүү илэрхийлчихлээ.

Төвийг сахина гээд итгэхгүй байвал дэмий дээ гэсэн санаа хэллээ. Юун дээр төвийг сахих нь чухал гэдгийг онцолсон. Энэ нь Монгол Улсыг олон улсад хүчтэй үйл ажиллагаа явуулахыг хүчилсэн, ардчиллаа илүү төгс болгохыг сануулсан хэрэг байлаа. Зөрчил, тэмцэлтэй хоёр улстайгаа төвийг сахисан байх шаардлагатай, өөрөөр хэлбэл ёс суртахууны асуудалд тодорхой байр суурьтай байх ёстой. Тэр ёс суртахууны луужингаа алдвал улс орон, эрх чөлөөгөө алдана гэлээ. Төвийг сахих гэдэгт болгоомжтой хандах хэрэгтэйг анхааруулсан. Тэрнээс биш хоёр хөршийнхөө үгээр санаа амар хэвтээд байхыг хэлээгүй байх. Манай хоёр хөршийг өөрчлөгдөж сайжраасай гэж хардаг. Хоёр улсын дарамт их ирж байгаа ч та бүхэн өөрийн ардчиллын баянбүрдэд өөрийн замаар хөгжихийн төлөө тэмцэж байна гэлээ. Хоёр хөрштэйгөө эвтэй байхаас аргагүй. Гэвч хоёр хөрш маань бидэнд тийм ч найртай биш байх юм. Хойд хөршийн тэргүүн Путин ирээд тусалж дэмжье, хамтрах юман дээр хамтарна гээд явсан. Ярьсан хэлснээс нь чих дэлдийлгэж, сэтгэл баясгах сайн үр дүн өнөөдрийн хувьд дуулдаагүй л байна. Урд хөршийн дарга Си Жиньпин ирээд “Хамтдаа хөгжье” гэсэн ч хэлсэндээ төдийлөн хүрэхгүй байгаа. Ирээд хэлсэн ярьсан нь үнэхээр сэтгэл уярам, ядарсан дүүгээ өөд нь татаад аваад явчихна гэж байгаа мэт боловч бодит байдал дээр тийм биш байна. Монголчууд ч ах минь гэж саймшран дуулгавартай байхаасаа илүүтэй хөрш орон гэдэг утгаар нь л хүлээн авах болсон. Тэд бидэнд өнөөдрийг хүртэл олон зүйл дээр хатуурхаж ирсэн. Эгийн голын усан цахилгаан станцыг 20 жил хоёр хөрш маань гацаалаа. Цасны усаар ч нөхөгдөх юмыг Байгал нуурт нөлөөлнө гэж үзэж байгаа. Гэтэл Байгал нуурт цутгаж байгаа усны 18 хувь нь Сэлэнгээс орж байгаа. Энэ нь Байгал нуурт 0.023 хувийн л нөлөө үзүүлнэ гэж Эгийн голын усан цахилгаан станц барих төслийн захирал Д.Одхүү ярьсан байна лээ. Бараг цасны усаар л нөхөгдчих хэмжээний нөлөөллийн асуудлыг л дуулиан болгож сүр бадраасан байгаа юм. Гэтэл санхүүжилт хийх Хятадын тал Оросын Байгал нуурт нөлөөлөх бол мөнгө өгөхгүй гэдэг. Энэ жишээнээс харахад л хоёр хөршийн хандлага ямар хүйтэн байгааг аргагүй мэднэ. Мөн төмөр замын дуусашгүй дуулиан байна. Хэдэн жил л ярилаа. 270 км төмөр зам барихаас болж манай улс ч хоёр талцаад байна. Хоёр хөрш мөн л төмөр замын асуудалд хуруу хошуугаа нэмэрлээд ажил явуулахад саад болсоор өдийг хүргэлээ. Нэг нь нарийн царигаар тавибал хятадууд танкаар орж ирээд сүйдэлнэ гэж айлгаад нөгөө нь “Бид танкаа аваад ороход буцах юм алга” гэсэн шиг дүр байдал үзүүлдэг. Манайд бол хувийн компани, улстөрчдийн хэрүүлээс болоод зогсчихсон. Одоо ердөө л нэг овоолгоостой шороо байна. Нэг нь эх оронч, нөгөө нь эх оронч биш гээд иргэний дайн гарахаа дөхөх юм. Байдал ийм л байна. Ийм ч байсаар ирсэн. Энэ бүхний эцсийн дүнд монголчууд бид ядуу хоосон л үлддэг.

Ийм учраас гуравдагч хөрш гэж дуугарсан нь амиа алдахаа мэдсээр байж өвөг дээдэс маань түүний төлөө тэмцээд байсан юм шүү дээ. Тиймээс ч гурав дахь хөршийн тэргүүн эгнээнд дуудагддаг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга буугаад мордсон нь туйлын ач холбогдолтой юм гэж бид баярлаж байгаа юм.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэвийн болдог хэвлэлийн хурал гэж байхаа болилоо

Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа. Өдөр бүр биднийг тойрон мянга мянгаар тоологдох мэдээллийн урсгал хуйлран өнгөрч байна. Тэр дундаас сэтгүүлчид ард түмэнд хэрэгтэй гэснийг шүүрдэн авч түгээдэг. Сүүлийн үед хэвлэлийн хурал хүртэл сэтгүүлчдэд халтай төдийгүй аюултай хэмжээнд хүрчихлээ. С.Эрдэнэ гэж нөхөр хэвлэлийн хурал хийж байхдаа өөрийгөө галдан шатаасан бол Монголын эдийн засгийн форумын үеэр Л.Наранбаатар УИХ-ын дарга руу оймсоо шидэн үймээн дэгдээх дөхсөн. Гэтэл өнгөрөгч даваа гаригт хэсэг хүмүүс МАХН-аас гарч буйгаа мэдэгдэн хэвлэлийн хурал зарласан. Энэ үеэр МАХН-ын ахмадууд хэвлэлийн хурал хийж байсан хүмүүс рүү живх шидэн үймээн дэгдээлээ. Үйл явдлуудын процессыг хараад байхад цаашид ер нь юу ч шидэхэд бэлэн болжээ гэдэг нь үүнээс тодорхой харагдаж байна. Одоо хэвлэлийн хурал зарлаж байгаа хүмүүс болон хурал зохион байгуулж буй албан байгууллага нь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангасны дараа хурлаа хиймээр болчихож. Хэвлэлийн хурлын үеэр гэнэтийн ийм зүйлс гарлаа гэхэд сэтгүүлчдийг хамгаалах наад захын хамгаалалт юу байна вэ гээд асуухад л хариулт өгчих хүн олдохгүй байна. Тэдэнд хамгаалалт хэрэгтэй. Хэвлэлийн хурлын үеэр ямар нэгэн асуудал гарч сэтгүүлч гэмтлээ гэхэд “Энэ муусайнууд өөрсдөө л гүйж очиж байж гэмтээ биз” гэсэн яриа гарна.

Зарим хүмүүс ач холбогдолгүй хэвлэлийн хурал хийж элийрч, балайрч байдгаа болимоор юм. Хэвлэлээр л гарч байвал яасан ч яахав гээд дэмий донгосдог хүмүүс нь ч олширчихож. Хэвлэлийн хурал зарлаж байгаа нөхөд нь урьд шөнийнхөө хар дарсан зүүдийг ч хамаагүй ярих гэдэг болж. Өөрийгөө нийгэмд таниулах гэж эсэн бусын тэнэг зүйл ярьсныг нь ч гэсэн хэвлэлийнхэн шүүрээд авчих юм. Хамгийн сүүлийн жишээн дээр гэхэд л хэдэн хүн нэг намаас нөгөө намд орж байгаагаа зарлах нь тийм чухал байв уу. Үүнийгээ гайхуулж хэвлэлийн хурал зарладаг нь илүү зан л даа. Нам сонгоно гэдэг чинь таны, чиний, миний өөрийн эрхийн асуудал. Иймэрхүү тогоон доторх хэрүүл, дов тойрсон асуудлаар хэвлэлийн хурал хийх гэж байгаа бол төлбөрийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэвлэлийн хурлын үеэр живх шидэж, сэтгүүлчид рүү орилж, хашгичаад байгаа харагдсан. Үнэндээ сэтгүүлчид хэлмэгдэхээр нөхцөл байдалд тулж очсон нь ч үнэн. Түмэн олонд мэдээллээ хүргэе гэж байгаа бол хэвлэлийн хурлаа хэвийн зохион байгуулахад нь анхаарах хэрэгтэй. Ялангуяа сонгууль дөхсөн энэ үед живх байтугайг “нүүлгэхээр” шийдсэн нөхөд хэвлэлийн хурал руу дайрч орж ирэхэд бэлэн байгаа.

НҮБ-аас гаргасан сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн орчинд тухайн улс орны Засгийн газар анхаарал тавих хэрэгтэй талаар өмнө нь яригдаж байсан. Хэрэв ингэж чадвал Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд заасан Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэсэн заалтаа баталгаажуулж байгаа нэг хэлбэр мөн. Монгол Улсын хувьд байг гэхэд сэтгүүлчдийг тусгайлан хамгаалсан дүрэмтэй болчихмоор байна.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Солонгос, Япон, Америкийн эрх ашгийг том ордууддаа оруулж, иргэдээ визгүй зорчуулъя

Турк-Европын орнуудын хооронд цагаачлалын гэрээ шинэ түвшинд яригдлаа. Турк улсын иргэдийг Европт визгүй зорчуулах, оронд нь Европ руу чиглэсэн дүрвэгсдийн аварга урсгалыг Турк буцаан авах хэлэлцээр юм. Өнгөрсөн онд Эгийн тэнгисээр зорчсон 850 мянган дүрвэгч буцаж Туркийг зорино гэсэн үг. Турк улс гурван сая дүрвэгч дээрээ нэмж ийм олныг хүлээн авах нь ямар ашигтай юм бэ гэсэн гайхширал олон улсын анхаарлыг татав. Тэр нь ердөө өөрийн орны иргэдээ ирэх зургадугаар сараас эхлэн Европын орнуудад визгүй зорчуулах гэсэн хэлэлцээр юм. Гэвч одоохондоо Европын холбооны удирдлага Туркийн энэ саналыг биелүүлж чадахгүй гэдгээ түр мэдэгдээд байна. Түр мэдэгдээд байна гэсэн юм шүү. Туркчууд энэхүү олон улсын хэмжээний “наймаа”-гаа хэрхэн тайлбарлаж байна гэхээр “Манайхаас бол жилд сайндаа 70 мянган иргэн л визгүй зорчино. Хариуд нь бид нэг сая орчим дүрвэгч хүлээж авна шүү дээ” гэсэн явдал юм.

Эндээс юу харагдаж байна гэхээр дэлхийн улс орнууд иргэдээ визгүй зорчуулахын тулд юугаа ч зориулахад бэлэн байгааг харуулж байгаа юм. Турк бол хөгжилтэй орон. Гэсэн ч бусад хөгжилтэй орнууд руу иргэдээ нэвтрүүлэхийн тулд бүх эрсдэлийг үүрээд визний төлөө үхэлдэж байна. Тэр олон дүрвэгчийн нийгмийн асуудлаас эхлээд өөрийн орны аюулгүй байдлыг хүртэл хоёрдугаарт тавьжээ. Энэ нь дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага, улс төрийн шийдвэрүүд шинэ түвшинд гарсныг баталлаа. Туркийн ард түмэнд энэ нь хэрэгтэй, өнөөдрийнхөөс илүү хэрэгтэй бүхнийг Европоос авна, тийм үүд хаалга нээгдэнэ гэж Туркийн удирдагчид үзэж байгаа бололтой.

Тэгвэл Монгол Улс яг үүн шиг гадны өндөр хөгжилтэй орнууд руу иргэдээ хэрхэн визгүй зорчуулах вэ гэдэг дээр анхаарч ажилламаар байна. Бүр давын өмнө монголчууд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх боломжтой болсон Солонгос, Япон руу визгүй зорчмоор байна. Цаашлаад Америк руу хүртэл. Ингэхийн тулд эдгээр улс орнуудад ямар эрх ашиг төрүүлэх вэ. Монголчууд хоосон ард түмэн биш. Дэлхийг дэлдийлгэсэн эрдэс баялгийн аварга ордууд байна. Үүн дээрээ л Турк шиг гэрээ хэлэлцээр хийе. Оюу толгой, Таван толгой бол үнэндээ мөсөн уулын орой. Энэ хоёрын цаана хэмжээлшгүй их орд, газрын ховор элементүүд гадныхны арааны шүлсийг гоожуулаад, ашиглагдахгүй байж байна. Эдгээр орд дээрээ өндөр хөгжилтэй улс орнуудын эрх ашгийг дүүрэн оруулъя. Хар үгээр бол тэдэнтэй нэг түрийвчтэй болмоор байна. Хөрөнгө оруулсан айлынхаа хувь заяа, хөгжил цэцэглэлтэд тэд анхаардаг нь дэлхийн жишиг юм. Тэр хөрөнгө оруулалт дотор нь л визнийхээ асуудлыг онцгой үүрэг рольтой оруулъя. Мэдээж бидэнд ашиггүй улстай виз яриад яахав. Харин Япон, Солонгос, Америкийн эрх ашгийг том ордууд руугаа хангалттай оруулаад, оронд нь иргэдээ эдгээр улсуудад визгүй зорчуулдаг болгочихвол мөн ч том асуудлыг шийдлээ гэсэн үг дээ. Энэ цаг үе дэх хамгийн боломжит хувилбар, ашигтай наймаа энэ болно. Гурван сая монгол бүгдээрээ эдгээр улсуудад очлоо гэхэд томхон хотын, нэг дүүргийнх нь хүн амын тоонд ч хүрэхгүй. Бид террористууд биш. Бид бол буддын шашинтай зөөлөн дөлгөөн ард түмэн. Биднээс болгоомжлох зүйл аль ч улсад байдаггүй юм. Үүнийгээ ч улс орнууд мэддэг. Тийм болохоор гарын арван хуруунд багтах ийм цөөхөн монголчуудыг визтэй, визгүй зорчуулах нь хөгжилтэй орнуудад асуудал биш. Харин харилцан ашигтай байх том эрх ашгийг л хоёр орны хооронд бий болгож, ажил хэрэг болгочих улстөрч Монголд дутаж байна. Тийм эрх ашгийг бий болгож чадах хөшүүрэг нь манай улсын газрын хэвлийд буй том ордууд байж чадна.

Визгүй болчихвол монголчууд бүгдээрээ гадагшаа нүүж алга болоод, улс орон эзгүйрнэ, баялаг маань гадных болно гэж ярьдаг хүмүүс бий. Бүх ард түмэн нь нүүж алга болоод, улс орон нь эзгүйрээд, нутаг дэвсгэрээ, хамаг байдгаа бусдад найр тавиад өгчихсөн улс орон гэж дэлхий ертөнцөд сонссон уу. Гадагшаа явсан ямар ч монгол хүн хоолтой, хэдэн төгрөгтэй болонгуутаа буцаад л ирдэг юм. Цаашаа алга болсон монгол хүн байдаггүй юм. Америк, Англи, Япон, Солонгос… аль ч улсад очсон найз нөхөд, хамаатан садангууд маань байна. Тэдний амнаас “Монгол муухай, хэзээ ч очихгүй” гэхийг сонссон уу. Би л лав сонсоогүй. Үргэлж л эх орноо, элгэн саднаа, уул усаа, улсын наадмаа ярьсан хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд ч өнөөдөр Монгол Улсад төрийн албаныхан, төсвийн цалинтай хүмүүс л ажилтай орлоготой байна. Бусад нь ажилгүй, орлогогүй болчихоод байна. Тэгэхээр визгүй улс орнууд руу яваг л дээ.

Ингэж бичлээ гээд эх орноо худалдах гэсэн хүмүүсийн тоонд оруулах байх, нөгөө “эх орончид”. Тэдний үгээр явсаар монголчууд өнөөдөр ямар байдалтай сууж байна вэ. Тартагтаа тулах нь. Дэлхийгээс таслагдаж, хэдэн малынхаа бөгсийг харсаар үлдэх нь. Монголын улстөрчид Черчиллийн үгийг жишээ авч ярих их дуртай юм билээ. Түүний хэлсэн нэг үг байдаг юм, “Мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж байдаггүй, харин мөнхөд эх орны эрх ашиг бий” гэж. Төгс орчуулгаараа бол яг ингэж бууна. Үүнийг манай шинэ монголчууд орчуулахдаа “Мөнхийн дайсан гэж байхгүй, мөнхийн эрх ашиг л бий” гэж хувь хүн дээр нааж орчуулсан. Эх орны эрх ашиг гэдгийг хувийн эрх ашиг мэтээр ойлгуулсан. Өнөөдрийн улс орны удирдагчид яг л ийм хувийн эрх ашгийг илүүд үзсэн хандлагаар явж ирлээ. Марксийн хэлсэн “Шашин бол оюун санааны сэргээш мөн” гэж хэлснийг “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэж гуйвуулаад, өмнөх нийгэмд үзэл сурталжуулсан шиг.

Энэ бүхэн өнөөдөр түүх болох ёстой. Монголчууд алхам тутамдаа дэлхийтэй харьцаж байна. Өнөөдөр дэлхийн улс орнууд хөгжлийн шинэ хандлага, шинэ үзэл санаатай болсныг Туркээс бид харж байна. Өнөөдөр эх орны эрх ашгийг соц нийгмийн хэв загварт барихаа больё. Монгол Улсыг хөгжүүлье хэмээн оюун санаа, мэдлэг боловсролоо шавхаж байгаа хүн байгаа бол том ордуудаа цоо шинэ хандлагаар хөгжүүлье. Монголчуудын баялаг бол дэлхийн баялаг мөн гэсэн философиор хандъя. Ингэж дэлхийн эдийн засгийн эргэлтэд том ордуудаа оруулж, хамтарч, харилцан ашигтай ажиллаж гэмээнэ Монгол Улс хөгжинө, монголчууд жаргана. Гадныхнаас болгоомжилно гэдэг бол монголчууд хүн төрөлхтнөөс айж байгаатай адил. Гэтэл Монголын үе үеийн бүх эх орончдын тэмцэл, мөнхийн ганц хүсэл зорилго бол хоёр хөршөөсөө давж, гуравдагч орнуудтай харьцах, өнөөдрийн бидэн шиг америк, солонгос, япончуудтай нөхөрлөж, ирж очиж, идэж ууж, хамтарч хийж бүтээх хүсэл мөрөөдөл байсан юм шүү дээ.