Categories
их-уншсан туслах-ангилал

Ерөнхий сайд өөр нам эрх барьж байх үед гаргасан шийдвэрийг өөрийн нам эрх барихад дагахгүй юм гэнэ

Цахилгаан станцыг хувьчлахгүй гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдээд байгаа. Өмнөх засгийн үед буюу 2015 онд УИХ-ын 70 дугаар тогтоол, Засгийн газрын 330 дугаар тогтоол гарч дулааны цахилгаан станцуудыг хувьчлахаар тусгасан байдаг. Гэтэл Ерөнхий сайд “Цахилгаан станцуудыг энэ засгийн үед хувьчлахгүй” гээд хэлчихлээ. УИХ, Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрээс Ерөнхий сайд нь ингэж эсрэг юм хэлээд сууж байна. Цахилгаан станцуудыг хувьчлах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр одоо ч хүчин төгөлдөр байгаа. Үүнийг өөрчиллөө гэхэд УИХ-аар хэлэлцэж байж л өөрчилнө. Түүнээс биш Ерөнхий сайд сайн дураараа эсрэг юм хэлээд суудаг юм биш. Ерөнхий сайдын энэ үг түүнийг огцруулахад ч хангалттай. Түүний энэ үйлдэл нь өөр нам эрх барьж байх үедээ гаргасан шийдвэрийг өөрийн нам эрх барих үед биелүүлэхгүй гэсэн санаа юм шиг байна.

Монгол Улс парламентын засаглалтай. Парламентаас баталсан хууль, тогтоол шийдвэрийг бүгдээрээ дагаж биелүүлэх ёстой. Ерөнхий сайд байна уу, УИХ-ын гишүүн, дарга, хэн гээч сэтэртэн байх нь хамаагүй. Ардын намын гишүүн байна уу, Ардчилсан намынх байна уу, нам бус байна уу гэдэг нь ч хамаарахгүй. Тогтоол, шийдвэр, хуулийг, үг дуугүй дагаж биелүүлэх ёстой. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд нь дагахгүй гэж байна. Өөр намын эрх барьж байх үед гаргасан шийдвэрийг өөрийн нам эрх барих үед дагахгүй байх тийм хуулийн заалт хаана ч байхгүй. Монгол Улсад төрийн залгамж халаа гэж байхгүй болж. Уг нь өөрийн намын парламент, өөр намын парламент гэж байдаггүй. Ардын намын эсвэл Ардчилсан намын төр гэж байхгүй. Монгол Улсын парламент гэж л бий. Монгол Улсын төр гэж бий. Өнөөдрийн Засгийн газрын тэргүүн харин өөр бодолтой юм шиг байна. Ерөнхий сайдын энэ үзлээр бол аль дээр баталсан Үндсэн хуулийг ч дагахаа байх уу. Тэр үед өөр намын гишүүд батлалцсан учраас Үндсэн хуулиа дагахгүй гэх нь байна л даа. Ингэж Засгийн газрын тэргүүн нь монгол төрийн шийдвэрийг үл ойшоогоод байхаар төр засгийн шийдвэр, төрийн залгамж халаа, тасралтгүй үргэлжлэх монгол төрийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг бууруулж байгаа юм. Өөрийнх нь нам ялаад олонхи болчихсон юм чинь юу ч гэж ярьж болдог юм бол бид хууль мөрдөх хэрэг байна уу. Ерөнхий сайд УИХ-аас дээгүүр давж өөрийн дураар ярих эрхгүй. Тиймээс төрийн ажлын практик талаасаа Ерөнхий сайд маш бүдүүлэг алдаа гаргалаа. Түүний хэлсэн үгийг хардах бас нэг шалтгаан байна. Улстөрчид өөрсдийн эрх ашиг орсон юмыг л хөдөлгөдөг. Хэрэв тэр ажил хөдлөхгүй, явахаа байчихвал эрх ашиг нь ороогүй байна гэж хардах үндэслэл бий.

1992-1996 онд Худалдаа хөгжлийн банк, Говь, Хаан банкны үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийг хувьчлах асуудал яригдаж эхэлсэн ч дэмжигдэхгүй байсаар Ардын нам эрх барих үед 72-уулаа болж байгаад хувьчилсан байдаг. Гэтэл өмнөх Засгийн газрын үед хувьчлах шийдвэр гарчихаад байхад энэ засгийн үед хувьчлахгүй гээд байгаа нь үнэгүйдүүлж байгаад өөрсдөө хувьчилж авах гээд байна уу гэж хардаж болохоор. Яагаад гэвэл гуравдугаар цахилгаан станц ашигтай ажилласан. Тиймээс үнэгүйдүүлэх хугацааг хүлээж байж болзошгүй юм.

Цахилгаан станцууд Ерөнхий сайдын мэдэлд буюу Засгийн газрын мэдэлд байдаг. Том цахилгаан станцууд дээр нь ТУЗ гэж бий. Тэр ТУЗ-д нь яамны газрын дарга нар очоод жигтэйхэн өндөр шан харамж аваад сууж байдаг. Өмч нь улсынх. Удирдаж байгаа хүмүүс нь улсаас томилогдсон. Мөнгө төгрөг хэмнэх, эрчим хүчний үнийг хямдруулж хүрээгээ тэлэх гэсэн сонирхол байхгүй. Байнга л үнэ нэмэх, төсөл хэрэгжүүлэх тухай л ярьж байдаг. Манай улс хамгийн их мөнгийг эрчим хүчний салбарт зарцуулсан хэрнээ эрчим хүчний үнэ байнга нэмэгдэж байдаг.

Яг өнөөдрийн байдлаар нүүрсний үнэ шалдаа буучихсан байж байхад хэрэв зах зээлээ дагадаг, зөв жамаараа явдаг бол эрчим хүчний үнэ ч бас л гурав дахин хямдрах ёстой. Сүүлийн гурав, дөрвөн жил ямар нэгэн хэлбэрээр цахилгааны хэрэглээ нэрийн дор иргэдээс авах мөнгө нь нэмэгдээд л байгаа. Жишээлбэл, сэргээгдэх эрчим хүчний татвар гээд бүх өрхөөс 3500 төгрөг сар бүр авдаг. Ингэлээ гээд үйлчилгээ нь сайжирч нэмэгддэггүй. Өнөөдөр дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сэргээгдэх эрчим хүчний гэгдэх хийсэн юм хаана ч алга. Наян жил болсон эрчим хүчний салбар нийслэлээ ч бүрэн хангаж чадахгүй. Шинээр ашиглалтад орж байгаа барилгуудын том саад нь цахилгааны зөвшөөрөл. Эрчим хүч улсынх учраас аль болох цахилгаанаар боож түрий барьж байдаг. Дөрөвдүгээр цахилгаан станцын 70 хувь нь нийслэлийн хэрэглэгчид. Гэтэл яаманд үйлчилдэг байгууллага болж хувирсан. Хэрэглэгчдийнхээ мэдэлд байсан бол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн шиг үнэ нэмэгдэхгүй. Баруунд цахилгаан станцууд хувьд байдаг. Үнээ нэмбэл хотын дарга ухаан алдах шахна. Сонгуулийн хөзөр цахилгаан станц. Цахилгааны үнэ нэмэгдвэл хотын дарга шууд огцорно. Тэр бүү хэл эрх баригч намынхан томоохон эсэргүүцэлтэй тулдаг. Тиймээс ч хувьд байдаг ч үнэ нэмнэ гэж бараг л байхгүй. Энэ бүхнийг харгалзаад өмнөх засгийн үед цахилгаан станцуудыг хувьчлах шийдвэр гарсан. Хувьчлах гэдэг нь ард түмэнд хэрэглээгээ хүргэх шийдвэр. Хувьчилбал цахилгаан эрчим хүч өнөөдөр хүрэхгүй байгаа хэрэглэгчдэдээ ч хүрнэ. Болиулна гэж ярьж байгаа нь зах зээлийн эдийн засгийн мөн чанарыг ойлгохгүй, социализмаараа байхыг хүссэн эсвэл үнэгүйдүүлж хувьчилж авахын тулд нэг хэсэгтээ хувьчлахгүй гэж гал намжаах арга.

Б.Дорждэрэм

Categories
их-уншсан туслах-ангилал

Монголын хамгийн эмзэг цэгээр байнга оролдох нь хаанахын бодлого вэ?

Эмзэг цэг гэдгийг эхлээд хэлчихье. Энэ бол ардчиллын амин сүнс хэмээн дэлхийд хүлээн зөвшөөрсөн чөлөөт хэвлэл мэдээлэл юм. Хэвлэлийн хүрээлэн гэж олон нийтийн байгууллага Монголд байдаг. Саяхан энэ газарт Германы хоёр иргэн ирсэн юм. Хэвлэлийн хүрээлэн энэ хоёр иргэнтэй нийлж суугаад Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг судална, эздийг зарлана, ямар хүмүүс хөрөнгө оруулдагийг нийгэмд дэлгэнэ хэмээн хэвлэлийн бага хурал хийлээ. Яахаараа Германы хоёр иргэн, Германы төсвийн хөрөнгөөр Монголын чөлөөт хэвлэлийг уудална, эздийг зарлана гэдэг билээ. Түүнийг нь Монголын хэвлэлийн хүрээлэн дэмждэг билээ. Чөлөөт хэвлэл мэдээллийн эздийг гэмт бүлэглэлийн толгойлогчид шиг үзэж, болдоггүй бүхний эхлэл мэтээр нийгэмд ойлгуулах нь эдгээр газруудын гол ажил бололтой. Энэ асуудлаар Хэвлэлийн хүрээлэнд зөвлөгөөн болсон юм шиг байна. Түүнд нь“Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгч Ж.Сандагдорж оролцсон юм уу даа. Миний бие зүгээр байхгүй түүнээс асуусан. “Хэвлэл мэдээллийн байгууллагын эздийг зарлах нь ямар ач холбогдолтой юм бэ. Германы хоёр иргэн юу ярьж байна” гэж. Нөхөр хэлж байна аа, “Би бас наад асуудлыг чинь асуусан. Эздийг зарлах нь ямар үр дүнтэй вэ, хүн хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн байгаа нь буруу юм уу” гэж. Тэгсэн тэдний зүгээс нийгэм дэх бодит ач холбогдлынх нь талаар итгэл үнэмшилтэйгээр юу ч хэлж чадахгүй байна лээ” гэж хариулсан юм.

Ер нь бол “Өдрийн сонин”-ы удирдлага эздийг зарлахын тухайд гудайх юмгүй. Гэхдээ ингэж зарлуулах шаардлага байхгүй, эздийн нэрсийг өгөх ёсгүй гэж үзэж байх шиг байна. Хэрэв тэд олоод зарлах юм бол шууд шүүхдэлцэнэ гэлээ.

Байгууллагын нууцын тухай хуульд “байгууллагын нууц” гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ хэмээн тодорхойлсон

байдаг. Байгууллагын нууцад юу хамаарахыг байгууллага өөрөө тогтоодог.

Байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнт зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох мэдээллийг байгууллагын нууцад хамааруулж болно.

Байгууллагын нууцыг задруулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх ба энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байгаа.

Тодорхой хуульд заасан энэ мэт үйлдлийг германчууд, тэднээс төсөл мөнгө авдаг Хэвлэлийн хүрээлэнгийн нөхдүүд мэдэх болов уу. Энгийн жишээ хэлье. Өнөөдөр Монголын хүн амын 60 хувь ядуу ангилалд байна. Ард түмнээ доромжилж байгаа юм биш. Дэлхийн практикт ядуу пролетар ихтэй улс орнууд эздийг хууль ёсоор нууцалдаг юм. Эрсдэлийг нь тооцож тэр. Өнөөдөр манай улсад захын хүн “Муусайн олигархиуд” хэмээн муухай хардаг болсон. Хэвлэл мэдээллийн бизнес дээр харъя л даа. Чөлөөт хэвлэл мэдээллийн хоёр өөр байгууллагын хоёр өөр эзэн байг. Нэгийг нь МАН-ын гишүүн гэж цоллоно. Нөгөөг нь АН-ын гишүүн гэж цоллоно. Тэгээд ялсан нам нь нөгөөхөө дарамталдаг. Эзнээр тогтохгүй тэдний ар гэр, авгай хүүхэд, хамаатан садан, найз нөхөд… бүгдийг дарамталдаг. Монголын нийгэм ийм л байгаа. Наад захын амьдралын энэ мэт үнэнийг мэдчихээд, сэтгүүл зүйд ганц мэдээ ч болтугай бичиж үзчихээд, хуулиа ганц удаа ч болтугай гүйлгэж харчихаад дараа нь эздээ зарла, редакцийг чинь уудална гэж хуц.

Ер нь энэ Хэвлэлийн хүрээлэн гэдэг байгууллага олон жилийн өмнөөс амьдралгүй, Монголоос хол, сонин бодлого ярьж ирсэн. Эднийх бол Олон нийтийн статустай жирийн нэг байгууллага. Ямар эрх үүрэгтэйдээ, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн далан булчирхайг тоочуулах гээд байгаа юм бэ. Яагаад хэвлэл мэдээллийн бизнес эрхэлдэг хүмүүсийг гэмт этгээд мэт үзэж ирэв. Танайхны зүгээс эздийг баалж, шившиглэсний хүчинд өнөөдөр нийгмийн тодорхой хэсэг тэднийг болохгүй юм хийж явдаг, гэмт хэрэг үйлдсэн мэтээр ойлгодог боллоо. Ингэж ойлгуулан сурталчлахдаа төсөл нэртэй авсан гадныхны мөнгийг ашиглаж ирлээ. Хэвлэлийн хүрээлэнгийн хамгийн ойлгомжгүй үйл ажиллагаа энэ юм. Энэ бүхэн чинь Монголын чөлөөт хэвлэлд маш хортойгоор тусч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг удирдах, түүнд хөрөнгө оруулах нь нийгэмд шившигт үйлдэл юм бол хэн энэ салбарт хөрөнгө оруулах билээ, хэрхэн хөгжүүлэх билээ, эрх нь зөрчигдсөн иргэд хаана хандаж, улс оронд нь юу болоод байгааг хаанаас олж мэдэх билээ. Энэ бол Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мөхөл. Умард Солонгос шиг удирдагчийнхаа бичлэгээс өөрийг хардаггүй, тосгодод нь хэдэн мянган хүүхэд, хөгшид өлсгөлөнгөөр үхэж байгааг мэддэггүй, хөмөрсөн тогоонд буй мэт улс орон болно. Монголын ард түмэн үүнийг лав хүсээгүй.

Хэвлэлийн хүрээлэнгээс ихэд дэмждэг ОНМХ гээч нь үлдэх юм болов уу. Иймдээ хүрсэн бол энэ хоёрыг зэрэгцүүлж байлгах талаас нь тэр гадны байгууллагууд бодооч. Ингэж гуйж байгаа нь өөрөө шившиг л дээ. Ардчилсан Монгол гэдэг хэрнээ мөнгөтэй, ямар бодлоготой нь нууц байгууллагуудаас, тэдний гар хөл бологчдоос “Чөлөөт хэвлэлийг минь үлдээгээд өгөөч” гэж гуйж, бичиж суудаг. Энэ бүгдийн эцэст ганц л логик бий. Монголын ардчиллын амин сүнс нь чөлөөт хэвлэл, чөлөөт хэвлэл уствал ардчилал устана. Ардчилал уствал Монголын тусгаар тогтнол устана. Тусгаар тогтнол уствал Монголын нутаг дэвсгэр байхгүй болно. Ингэх нь хэнд ашигтай гэвэл магадгүй Германыг зовоосон Сирийн дүрвэгсдэд байх. Аль эсвэл Олон улсын төсөл хөтөлбөрөөр баяжаад сууж байдаг сэтгүүл зүйн хэдэн хүнд үү.

Дахин хэлье. Өнөөдөр Монголын хамгийн эмзэг цэг болсон чөлөөт, хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг байн байн оролдох нь, эздийг нь Монголын хамгийн заналт дайсан, болохгүй бүгдийн эх үүсвэр хэмээн үзэх нь, үүнийгээ нийгмийн сэтгэл зүйд ойлгуулахын тулд дахин давтан оролдож байгаа нь хаанахын, хэний бодлого, бас мөнгө вэ гэдгийг хүн бүр бодох цаг болжээ. Энэ бол хийрхэл биш шүү.

П.Хашчулуун

Categories
их-уншсан туслах-ангилал

Хууль шүүхийнхэн минь дээ, Н.Энхбаярыгаа одоо болно оо

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4, 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Улмаар хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн юм. Ийнхүү Монголын төрийг толгойлж, тэр тусмаа Ерөнхий сайд, Их хурлын дарга, Ерөнхийлөгч гэсэн төрийн өндөр дээд албыг хашиж ирсэн эрхэм дахиад шоронгийн хаалга татах дээрээ тулаад байна.

Монгол бол эртнээс хаантай байсан улс гүрэн. Тулгар төр байгуулагдсан 2225 жилийн түүхийн улбаанд мандан бадарч, бууран доройтож ирэхдээ эзэн хаанаа большевикууд шиг ингэж элдэв мууг нь үзэж байсан удаа байхгүй. Оросын большевикууд арван долоон онд төрийн эргэлт хийж хаан эзнээ буудан хороож байсан түүх бий дээ. Харин Н.Энхбаярын амийг чангаасан асуудлууд, хоёр хөлийг нь гозолзуулаад чирээд явсан цагаас хойших үйл явдлыг анзаарахад монголчуудын төрөө дээдлэх ёсыг зориудаар шавар шавхайнд хутгаж байгаа мэт шиг санагдах болов. “Монголын ард түмэн төр гээд сүйд болоод байдаг бил үү. Та бүхний дээдлээд байдаг төр чинь энэ, хөөрхий чааваас даа” гэж хөлийн уланд гишгэгдсэн ноорхой цаас шиг хэн нэгэн өширхөн дэвслээд, тохуурхаад ч байгаа юм шиг.

Ер нь тэгээд хүний шүтдэг шүтээн, эрхэмлэн нандигнадаг зүйлийг нь доромжилно гэдэг маш хорлонтой хийгээд муу үр дагавартай байдаг. Илтээр гутаан доромжилсны үр дүнд хүмүүсийн дээдлэх шүтээн нь эрхэмсэг чанараа алдаж, хувхайрсан мод шиг үнэгүйдэн хэнд ч хэрэггүй болж хувирах нь бий. Хүн гээч амьтан сүслэн дээдлэх шүтээнгүй, өөрийн гэх итгэл үнэмшилгүй болсон цагт адгуус араатан адил зэрлэгшиж эхэлдэг. Энэ бол хүний амьдралын үнэн юм. Энхбаярын тарчлан шаналсан он жилүүдийг харахад яалт ч үгүй ийм сэтгэгдэл төрдөг юм. “Оюун санааг нь нухчин дарсны дараа учир нь олдоно” гэх харгислал шиг уг асуудал монгол төрийг дархлаагүй үхээнц болгох, эрхэмсэг нандин чанарыг нь байхгүй болгохын эхлэл гэлтэй.

Н.Энхбаярын Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангиар яллагдагчаар татагдаад байгаа хэргийг аваад үзэхэд үнэндээ инээдэмтэй санагдаж байна. Энэ хүн үнэхээр л дааж давшгүй нүгэл хураачихсан уу, Монголыг тэр чигт нь зараад идээд уучихсан уу гэхээр өөр дүр зураг харагддаг. Түүнд тулгаад байгаа эхний зүйл анги нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг. Энэ нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбын 50 мянган ам.долларын хэрэг юм. Шийлэгдамба уг мөнгийг намын санхүүжилт нэрээр бусдаас авч Энхбаярт өгснөө мэдэгдсэн. Энэхүү 50 мянган долларын асуудал бол нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуйн жаран тэрбумын дэргэд юу билээ. Өнөөгийн эрх баригч намын гол санхүүжүүлэгч гэгддэг түүний жаран тэрбумын бичлэг задарч, дуулиан шуугиан үүсгэсэн. Гэвч уг асуудал сонгуулийн дараа намжсан. Улсын ерөнхий прокурорын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат өнгөрсөн сарын 17-ны өдөр мэдээлэл хийхдээ “Жаран тэрбумын гэх асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Гол үндэслэл нь Авлигатай тэмцэх газар хянах үедээ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд мэргэжилтнүүдээр шинжлүүлэхэд уг бичлэг нь эвлүүлэг байна гэсэн дүгнэлт гарсан” гэж албан ёсоор мэдэгдсэн. “Монгол төрийн албан хаагчдыг доромжилсон Ардын намынхны жаран тэрбумын асуудал ингээд замхарлаа” гэж олон нийт гаслаад л хоцорсон.

Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгээд байгаа дараагийн асуудлыг хоёр хүний хоорондын наймаа гэж хэлж болно. Намын дарга нь намаа санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж, байр саваа тохижуулах, бусдаас хараат бус байх асуудлыг шийдвэрлэх нь улс төрийн аль ч эвсэл хүчинд байдаг л зүйл. Тэгтэл Энхбаярыг МАХН-ын одоогийн байрлаж байгаа цагаан байрыг 500 мянган ам.доллараар худалдаж авахдаа мөнгө залилсан байж болзошгүй хэмээн торны цаана суулгахаар зэхэж байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар буюу “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж арван таван жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ” гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байна. Хоёр хүний хоорондын наймаа л гэж харагдахаар 500 мянган долларын энэ асуудал Эрдэнэт үйлдвэрийн 500 сая долларын хажууд үнэндээ жижигхэн байгаа биз дээ. Ямар элэнцгийнх нь их мөнгө, зохион байгуулалттай гэмт хэрэг, онц их хэмжээний хохирол байх вэ. Мөн яасан ийсэн арван таван жил хүртэлх хорих ял вэ.

Эцэс сүүлд нь яллах дүгнэлт олдохгүй бас нэг арга сэдсэн нь Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн гэх асуудал. Мөн л Авлигатай тэмцэх газраас Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн буюу “Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэх үндэслэлээр яллуулахаар прокурорт хандсан. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол Энхбаяр гэртээ зочилсон нэгэн иргэний бичлэгийг хийчихсэн байсан нь АТГ-ынхны нэгжлэгээр ил гарчээ. Бизнес эрхэлдэг залуу Энхбаярын гэрт удаа дараа зочилсон бөгөөд тэр бүгдийг дүрс бичлэгт үлдээж хадгалсан байх баримт олдсон гэнэ. Үүнээс үүдэж түүнийг хэрэгт шалгаад байгаа аж.

Орчин үед гэрт орж ирсэн хүнийг төрийн өндөр дээд алба хашиж байсан Энхбаяр байтугай энгийн олон ч нууц бичлэг хийж, баримтжуулж авахгүй бол тухайн айл гэрт юу ярьж, юу ч хийж мэдэх болсон увайгүй цаг шүү дээ. Тиймээс өөрийнхөө гэрт бичлэг хийнэ гэдэг өнөө цагт ялын тогтоол уншихаар асуудал мөн үү. Энэ бүхнээс харахад Намбарын Энхбаяр гэж хүнийг ердөө л сонгуульд оролцуулахгүй гэсэн шалтаг шалтгаан яваад байна уу. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэрхүү сонгуульд Энхбаяр гэж хүн нэр дэвшээд ялалт байгуулан, орой дээр минь гараад суучих вий гэхээс өнөөгийн улс төрийн хоёр гол хүчний удирдлагууд сүнсээ зайлтал айж, чаддагаараа торны цаана суулгахаар улайрч байгаа юм биш үү.

Цагийн юм цагтаа гэдэг. Энхбаяр гэж хүнтэй холбоотой гэх дээрх хэргүүд нэгэнт болоод өнгөрсөн хойно манай хууль шүүхийнхэн яллахаар зүтгэж буй нь ямар учиртай юм бэ. Цагийн юмыг цагт нь хийхгүй яасан юм.

Бүх зүйл өнгөрсөн хойно ингэж тамлаж байгаа нь дэндүү буруу жишиг тогтоож байна. Энэ бол Монголын хууль хийгээд ёс суртахуунд асар хорлонтой зүйл. Мэдээж хууль хүчнийхэн “дээрээс өгсөн үүрэг даалгавар, бусдын шахалтаар” хийдэг байх л даа. “За за л гэхгүй юу. Заавал хийх нь алба уу” гэх хуучны нэг шог яриа байдаг. Түүн шиг тухайн цагтаа илрүүлж, тогтоож чадаагүй асуудлыг “за за” гээд л орхичихмоор юм. “Өнөөдөр хуйвалдааны захиалгат төр үүслээ” гэж Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлээд байгаа. Түүний хэлснээр хуйвалдааны төрийн захиалгаар Монгол Улсын төрийн тэргүүн байсан хүнийг элдвээр гутаах нь мөн чанартаа монгол төрийг гутааж байгаа үйлдэл болж харагдаад байна.

Categories
их-уншсан туслах-ангилал

Татвар нэмэх бол адгийн шааруудын хийдэг арга барил

Эрх баригч Монгол ардын нам найман төрлийн татвар нэмэн элгээрээ харуулдсан эдийн засгаа ямар ч сэхээгүй болгож, ард иргэдийнхээ амьдралыг бүр мөсөн сөхрүүлэхээр улайран зүтгэцгээж байна. Найман төрлийн татвар гэдэгт нь нийгмийн даатгалын шимтгэлийг таван хувиар нэмэх, хос хөдөлгүүрт буюу приус автомашины татварыг 50 хувиар нэмэх, 150 метр квадратаас дээш талбайтай орон сууцнаас татвар авах, 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс 25 хувийн татвар авах, архи, тамхи, дарсанд ногдуулах онцгой албан татварыг нэмэгдүүлэх, хадгаламжийн хүүгээс татвар нэмж авах, төрийн албан хаагчийн цалинг хасах, хүүхдийн мөнгө болоод оюутны тэтгэлгийг олгохгүй байх зэрэг багтаж байгаа юм. Ийнхүү улс орны үнэт баялаг иргэдийнхээ халаас руу аймшиггүйгээр хар савраа шургуулж, төсөв хүнд байна, улсын данс улайлаа хэмээн нүдээ бүлтгэнүүлэн нийгмийг цочролд оруулах нь тэр.

2016 оны төсвийн тодотголд оруулж УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэлсэн татвар нэмэх асуудлыг Ардын намын бүлэг өнгөрөгч баасан гарагт нууц хуралдаанаа хийж байж шийдвэр гаргалаа. Уг шийдвэрээр хадгаламжийн хүүгээс татвар нэмж авах, сарын цалин нь 2.5 саяас дээш төгрөгтэй иргэдээс 25 хувийн татвар авахаар, 150 метр квадратаас дээш талбайтай орон сууцнаас татвар авахаар, хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 60 хувьд нь олгохоор, архи, дарс, тамхины онцгой албан татварыг тус тус нэмэгдүүлэхээр боллоо. Мөн төсөвт өртөг, санхүүжилт нь нэмэгдсэн обьектуудад улсын төсвөөс нэг ч төгрөг хялайлгах боломжгүй гэж мэдэгдэв. Ардын намын засаг ингэж ард түмнээ татварын дарамтаар ноёлон, жинхэнэ ёсоор нь “цусыг нь сорж” эхэллээ.

Мөнгө олж, баялаг бүтээж, эдийн засгийн эргэлт бий болгож байгаа хүмүүсээ төр засаг нь татвар нэрээр шулж мөлжинө гэдэг хамгийн амархан бөгөөд шалгарсан арга юм. Энэ бол адгийн шааруудын хийдэг ганц ажил, арга барил. Цагдаатай, армитай, татварын албатай төрд иргэдээ шулах шиг амархан зүйл байхгүй нь мэдээж. Улсын төсөв хүнд байгаа нь хэнд ч тодорхой. Аль ч засгийн үед сөхөгдөж, хурцаар яригддаг асуудал мөн биз дээ. Түүнд барьц алдаж гүйлдээд, хэн нэгэн нам эвсэл, хувь хүнийг буруутгаад, гоншгоноод байх нь төрийн жолоо атгаж, өндөр хариуцлага үүрсэн нөхдөд үнэндээ утгагүй. Төсөв хүнд байгаа нөхцөлд хэмнэлтийн горимд шилжих нь зүйн хэрэг л дээ.

Харин Ардын намын нөхөд ямар ч хэмнэлтийг хийгээгүй хэрнээ шууд ард түмнийхээ халаас руу улайм цайм гараа шургуулна гэдэг арай хэтэрсэн асуудал болж байна. Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажна гэдэг энэ байх шүү. Үнэхээр л хэмнэх гээд байгаа юм бол наад захын жишээ гэхэд улс төрийн бялуу хуваалт болсон дэд сайдынхаа албан тушаалыг байхгүй болгох хэрэгтэй. Өмнөх засгийн үед одоогийн эрх баригч намынхан яаж орилолдож байж дэд сайдуудыг албан тушаалаас нь буулган, санаа амарч байлаа. Ард түмэн мартаагүй байгаа. Тэгэхээр одоо 13 яамныхаа дэд сайдуудыг эхний ээлжинд ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй байна. Ер нь тэгээд Жасрай гуайн ач охиныг, Очирхүүгийн хүүг дарга сайд болгож сургахын тулд татвар нэмж, ард түмнийхээ нуруунд улам л хүнд ачаа үүрүүлнэ гэдэг маань зөөлхөн хэлэхэд ёс суртахуунгүй зүйл юм. Аливаа юмны наад цаад учрыг ойлгодог хэнд ч гэсэн уг асуудал тодорхой харагдаж байгаа. Хуучин дарга даамлуудынхаа үр ач, зээ нарыг цалинжуулахын тулд ард түмнээсээ татвар нэмэх нэрээр мөнгө луйвардах нь шударга бус гэдгийг захын хүн хэлээд өгнө. Татвар нэмснээр 2017 оны төсвийн орлого 500 тэрбумаар нэмэгдэнэ гэж Сангийн сайд хэлнэ лээ. Улс төрийн албан тушаал болох дэд сайдуудыг байхгүй болговол жилдээ хичнээн төгрөг хэмнэхийг улсын мөнгөний бодлогыг барьж байгаа нөхөд тооцож үзсэн үү.

Өмнөх засгийн үед нэг дэд сайд сардаа 4-4.5 сая төгрөгийн зардалтай гэх тоо баримтыг гишүүд хэлж байсан. Дэд сайдын сарын цалин 1.4 сая, түүн дээр нэмээд унаа машин, шатахуун, утас, туслах, жолооч гээд зардлууд нэмэгдээд тав орчим сая төгрөг болдог байна. Гадагшаа дотогшоо томилолт, албан уулзалт гээд бас л мөнгөн дүн нэмэгдээд явах нь мэдээж. Ингээд бүх сайдын урсгал зардлыг аваад үзвэл жилдээ тэрбум гаруй төгрөгийг хэмнэж болох нь гэсэн тооцоо харагдаж байна. Нэг жилд тэрбум гаруй төгрөгийг хэмнэнэ гэдэг бол том тоо. Тиймээс Ардын намынхан ард түмнээ шулах гэж улайран зүтгэхийн оронд, хүүхэд багачуудыг ялгаж салган мөнгө өгнө гэж тэнэглэхийн оронд, ардчилсан чөлөөт нийгэмд иргэдийнхээ хадгаламж руу шууд гараа шургуулахын оронд эхлээд ядах нь ээ, дэд сайдын асуудлаа цэгцэлчих. Дараа нь төрийн дээрмээ явуулахад бага ч гэсэн нүүр бардам байхаа бодсон нь дээргүй юу.

Татвар нэмэхийг Ардын намын тулхтай гишүүд дэмжихгүй байгаа. “Засгийн газрын гишүүд улс төрийн мэдрэмжээ сайжруул. Төсөв хүндрэхээр цалингаа хасъя, татвараа нэмье гэж оруулж ирдгээ боль” гэж Ц.Нямдорж хэлсэн бол Ө.Энхтүвшин “МАН ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөөсөө ухарч болохгүй ээ. Эдийн засаг, нийгэм хүндрэлтэй байна. Үүнээс гарахын тулд зөв бодлогоор зүтгэх ёстой. 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс 25 хувийн татвар авах тухай хууль оруулж ирж байгаа. Монголын нийгмийн шимэгчид болсон хүмүүс гэж тэднийг ард түмэнд ойлгуулах уу” гээд 150 метр квадратаас дээш талбайтай орон сууцнаас татвар авахыг эрс эсэргүүцсэн.

“Эдийн засаг хямарчихсан, орлого муудчихсан үед бид татвар нэмэх биш ажлын байр олныг бий болгох, татвар төлөгчийн тоог нэмэх чиглэл рүү явах хэрэгтэй. Өнөөдөр дийлэнх иргэд цалингийн, тэтгэврийн зээлтэй байна. Ийм эмзэг үед иргэд рүү очиж байгаа мөнгийг багасгах юм бол ядуурал улам бүр нэмэгдэнэ. Компаниуд банкны хугацаа хэтэрсэн зээлтэй байгаа. Өнгөрөгч оны өдийд 300 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл байсан бол одоо нэг их наяд болчихсон байх. Бодит байдал ийм байхад татвар нэмбэл яах вэ. Гал руу бензин хийсэнтэй адил” гэж Ц.Даваасүрэн гишүүн мэдэгдсэн.

Тухайн улс орон татвараа нэмснээр эдийн засаг сэргэх бус улам мөхөл рүүгээ явж сүйрч дуусдгийг дэлхийн орнуудын түүх бэлээхэн гэрчилдэг. Алдарт “Форбэс” сэтгүүлийг эрхлэн гаргагч Стив Форбэс болон Элизабэт Эймз нарын “Биднийг капитализм л аварна” бүтээлд энэ тухай маш тодорхой өгүүлсэн байдаг.

Тухайлбал, “Илүү хүмүүнлэг нийгэм байгуулъя гэвэл татварыг нэмэх нь зөв гэдэг нь маш буруу ухуулга. Хэт өндөр татвар нь ажил бизнест санхүүгийн торгууль ногдуулж, эрүүл эдийн засагтай байх боломжийг хааж орхидог. Татвар их байх тусам эдийн засгийн аливаа үйл ажиллагааны өртөг нэмэгддэг. Өртөг нэмэгдэхийн хэрээр тэрхүү эдийн засгийн үйл ажиллагааны тоо багасдаг. Улмаар эдийн засгийн өсөлтийг зогсонги байдалд оруулж татвар төлөгчдийн тоог цөөрүүлж хуучин татвар төлөгчдийн татвар ногдох орлогын хэмжээг улам багасгадаг” гэж өгүүлсэн нь бий. Энэ бол зүгээр ч нэг хүний хэлсэн үг биш. Дэлхийн улс орнуудын туулж ирсэн замналаас үүдсэн томьёолол, гаргалгаа юм.

Одоогоос бараг 400 жилийн өмнө англид торго, дарснаас дөрөв дахин их татвар авбал хааны сан өснө гэх бодлого явагдаж, өмнөхөөсөө дөрөв дахин бага орлого олсон тухай жишээг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хэлж байсан. Хүн төрөлхтөн ингэж татвар нэмээд эдийн засаг сөхөрч, эдийн засгийн эмгэг буюу их хямрал нүүрлэдгийг амьдралынхаа туршид баталж, нотолсоор ирсэн. Эл бүгдийг засаг барьж, зайсан сууж байгаа нөхөд л мэддэггүй, мэдсэн ч өнөөдөр болж байвал хамаагүй гэх хүнийрхүү сэтгэлээр хүйтэн хөндий хандаж байгаа нь харамсалтай. “Манай улстөрчид дотор нэг тэрбум ам.долларын хэмжээний хөрөнгийг нааш цааш нь бодож чадах хүн байхгүй. Цаашлаад арав, хорин их наяд төгрөг болбол бүр ч байхгүй” гэж эдийн засагчид ил цагаан хэлж байна лээ, хөөрхий.

“Бизнесийн идэвхжил тааруу, санхүүжилт зогсчихлоо. Татварын бодит дарамт өндөр байна. Татварын реформ болоод бизнесийн орчны шинэчлэл огт хийгдсэнгүй. Ийм үед татвар нэмж, ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж болохгүй” гэх эдийн засагч, судлаач, шинжээчдийн үй олон санал, сэтгэгдэл хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр сүүлийн хэд хоногийн туршид гарч буйг ард түмнээ шулах гэсэн адгийн шааруудын арга барилаар улайран зүтгэгчид ер нь анзаарч байгаа болов уу.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ынхан төрийн албаа, АН-ынхан намын албаа булаацалдаж байна

М.Энхболд ба бусад

Хэт олонхи болж эрх барьсан МАН сонгуулийн өмнө ч дотоод зөрчилтэй байсан. Хэрүүл тэмцэл нь АН шиг ил цагаандаа гарч олон нийтэд хасах оноо авчраагүй болохоос дотоодын “зодоон” нь дэндүү их байлаа. М.Энхболд нөгөө намын даргатай адилхан өөрийн фракцыг илүүд үзэн нэр дэвшүүлж бусдыг шахсан. АН, МАН-ын дарга нартаа ад үзэгдсэн лидерүүд сонгуулийн үеэр хэрхэн шахагдсаныг Сүхбаатар дүүрэг бэлхнээ харуулна. Энэ тойрогт хоёр намын дарга хүнийрхэж хандсан хүмүүсээ илгээж, хэн нь ялахаа өөрсдөө мэд гээд хоёр намын хатуу учраануудыг зөнд нь орхисон. Үнэн хэрэгтээ сонгуулийн хууль өөрчилсөн нь МАН-д хэт олонхийн ялалт авчирсан болохоос намын сайндаа ч юм уу, намын даргын хүчирхэгт, эсвэл ард түмэн бүгдээрээ дэмжсэндээ биш юм. Энэ нь сонгуульд АН-д санал өгсөн сонгогчдын саналын хувийг харахад хангалттай. Сонгуулийн систем л мэдээж МАН-д ашигтай эргэсэн гол хүчин зүйл болов. Сонгуулийн өмнө М.Энхболд нэлээд алсын нүүдэл харан тоглосон. Гэхдээ АН-ыг л өрсөлдөгч гэж харан удирдлагуудтай нь тохироо хийгээд байсан болохоос өөрийн намын бусад фракцынхныг үл тоож, гомдоосон. Зарим хүлээн зөвшөөрөгдсөн лидер, фракцын удирдлагуудыг ч нэр дэвшүүлээгүй шахсан. Мэдээж ингэж адлан шахахдаа ялсан тохиолдолд албан тушаал өгөхөө амлаж. Сонгуулийн дараа нам нь М.Энхболдын төсөөлснөөс илүү суудал авчихсан. Ингэтлээ ялна гэж итгээгүй М.Энхболд баруун, солгойгүй амласны гор нь одоо л гарч байх шиг. Үүдээр нь дүүрэн амлалт нэхэгсэд, горьдогсод. Нэхэгсэд, горьдогсдын буруу ч гэж юу байхав. Гэвч бүгдэд амласнаа биелүүлэх хэцүү. УИХ-д нэрийг нь дэвшүүлэхгүй шахаж татуулж байсан хүмүүсийг хүртэл хээв нэг хоосон үлдээхдээ тулж байна. Тиймээс эрх мэдэл, хэт олонхи болсны аархал нь нам дотроосоо асуудал үүсч магадгүйг түүнд анхааруулж эхэллээ. Одоо албан тушаалын бялуу хуваарилалт бага үлдсэн. Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг газрын дарга дээр л МАН-ын нөгөө олон бэлтгэгдсэн боловсон хүчин гээч нь алаан болно. Мөн намын генсек, нарийн бичгийн дарга нар хэн байхав гэдэг ч нэг хэсэг “зодолдуулна”. Тэр хүртэл тэвчээд л, горьдоод л хараад сууна. Албан тушаалгүй үлдсэн хэсэг, шахуулж, дарамтлуулсан хүмүүс зүгээр суухгүй. Аль хэдийнэ хэсэг бүлгээрээ уулзалдан хударгагүй даргын үйлдлийг буруушааж эхэлсэн. Хэт олуулаа болсны горыг М.Энхболд албан тушаалын хуваарилалт дээрээс мэдэрч эхэлснээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бүр ч их мэдрэх болно. Яг үүнийг л гомдогсод хүлээж, анаж суугаа. Нэг үгээр хэлбэл, Засгийн газрыг огцруулах, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй байх, өрсөлдсөн ч эсрэг ажиллах гээд түүнийг яаж л бол яаж шоглоод байж дөнгөнө.

Эрх мэдэл угаас хүнийг харалган болгож, тойрон хүрээлэгчдээсээ давж харахаа байчихдаг хойно. М.Энхболдыг ч энэ байдал тойрсонгүй. Үе үеийн эрх барьж байсан дарга нарт ийм зовлон ирж л байсан, цаашид ч ирнэ. Энэ хүндхэн байдлыг эв эвдрүүлэлгүй давахгүй бол Ерөнхийлөгчид нэр дэвших санааг нь гомдогсдын багаас бүрдсэн шинэ үеийн Элснийхэн үгүй хийж орхихыг хэн мэдлээ. Ийм явдал энэ намд олонтаа тохиож байсныг эрхбиш санаж буй биз ээ. С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүхийн гээд фракцууд тийм ч амар дээрэлхүүлээд байхгүй л болов уу. Өнөөдрийн байдлаар МАН дотор М.Энхболд ба бусад фракцууд гэсэн нөхцөл байдал үүсчихээд байна.

МАН засаг авснаас хойш нэг сайхан мэдээ сонсоогүй л байна. Засгийн газар хувхай хоосон улс орон хүлээж авсан, эдийн засаг тартагтаа туллаа гэж зарлан, өөд уруугүй татвараар дарамталж эхлэх санал гаргачихлаа. Иргэдийн хувьд МАН-ын эхний алхмууд мэдээж таалагдахгүй байгаа. Мордохын хазгай гэгчээр болохгүй, бүтэхгүй ярьсаар эхэлж байгаа энэ засгийн амьдрах хугацааг аль хэдийнэ өөрийн намынхан нь тогтоочихсон ярьж эхэлсэн байна лээ.

АН-ын фракцуудын тохироог П.Цагаан өөрчлөв

Ялагдлын шокноосоо гарч амжаагүй байгаа АН-ын хувьд ҮЗХ-гоо хуралдуулах, тус хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчээ сонгоно. Яаран сонгохгүй бол эхний ээлжинд орон нутгийн сонгууль хаяанд тулчихаад байгаа. УИХ, аймаг, нийслэлийн сонгуульд ялагдсан ч сум, дүүргийн сонгуульд ялахын төлөө л явах хэрэгтэй. АН-ын дарга болгохын тулд үүрэг гүйцэтгэгч даргыг Намын их хурлаар өрсөлдүүлэхгүй байх санал нь заримынх нь дургүйцлийг хүргэж байгаа бол зарим нь дэмжээд сүйд. Ердөө л өөр өөрсдийн эрх ашигтай нь холбоотой л доо. Ойрд АН-ын фракцууд байсхийгээд л хуралдах болов. Нам шинэчлэхээр гарч ирсэн шинэ үеийн залуус ч бас байнга хуралдаж, ах нартаа зүйл заалт бүхий шаардлага хүргүүлсээр байна. Харин тэдгээр залуусыг харахад фракц болгоны төлөөлөл шиг харагдаж, хардагдаж эхэлсэн ч тэд өөрсдөө бол намын шинэчлэлийн төлөө ах нарын зааварчилгаагаар яваагүй гэдгээ илэрхийлж байгаа. Үнэн эсэхийг цаг хугацаа л харуулах биз.

Фракцгүй нам болно гэж сүр дуулиантай зарлаж байсан АН өнгөрсөн хугацаанд фракц хоорондын хэрүүл тэмцлээсээ болж уруудан доройтов. Одоо АН-ын хувьд МАН шиг төрийн өндөр албан тушаал булаацалдан зодоон хийх шаардлага байхгүй учраас намын удирдлагын төлөө л өрсөлдөөн өрнөж байна. Хамгийн түрүүнд намын дарга хэн болох вэ гэсэн марафон. Монголын ардчилсан нэгдэл буюу МоАН фракцын Г.Батхүү, мөн Лу.Болдын нэр намын даргад яригдаж байна. Хоорондоо тохирч аль нэгийгээ зүтгүүлэх нь тодорхой. Гэхдээ Г.Батхүү нь өрсөлдөх магадлал өндөр. МоАН шинээр байгуулагдсан төдийгүй тийм ч хүчтэй болж чадаагүй нь УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвших эрхээ авах гэж дээрэлхүүлж байгаагаас нь л харагдаж байв. Г.Батхүүгийн хувьд намын дарга боллоо гэхэд тийм ч олон дайсангүй бодь хүн ч бусад фракцын дэмжлэг тааруу байгаа. Харин Нэг ардчиллынхан саяхан МоАН-тай уулзалт хийж цаашид нэгдэж ажиллах талаар ярилцсан байна лээ. Харин энэ үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга п.Цагаан ажлаа хүлээлгэн өгч нам руугаа орж ирснээр төлөвлөж байсан бүх зүйл, фракцуудын тохироо ч өөрчлөгдөж, саяхан хуралдах байсан ҮЗХ ирэх сарын 16 хүртэл хойшиллоо. ҮЗХ-д хорь гаруй хүнтэй Нэг ардчиллынхан Ерөнхийлөгчийн хүмүүс гэгддэг байсан залуус. Тиймээс П.Цагаан орж ирж байгаа тохиолдолд тэдний эхний тохироо буюу МоАН-тай хийсэн яриа өөрчлөгдөж, П.Цагааныг дэмжих нь дамжиггүй.

МҮДН фракцаас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат намын даргад нэр дэвшиж байгаа. УИХ-д сонгогдож гарч ирж чадсан. Хувь хүнийхээ хувьд хүчтэй гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулчихсан. Хүндхэн үед намдаа нэг суудал аваад ирчихсэн. Нам удирдах туршлагатай гээд олон давуу талтай. Мөн П.Цагааныг орж ирэхээс өмнө ҮЗХ хуралдсан бол хамгийн магадлал өндөртэй, ногоон гэрлээр намын дарга болох нь тодорхой байв. Шонхор болон Алтан гадастай МҮДН тохироогоо хийж чадсан. Дэмжлэг авах боломжтой. Үүний хажуугаар АТГ МҮДН фракцынхнаас шалгаад эхэлсэн. Хөгжлийн банкны Мөнхбат, УИХ-ын гишүүн асан Гарамгайбаатарын хүүхдийг шалгаж эхэлсэн нь нэгийг сануулах аж. Алтан гадас МҮДН фракцтай тохирохдоо генсекийг өөрийн хүнээр тавих, Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихэд дэмжих тохироотой. Харин Шонхор фракцаас С.Эрдэнэ, Ж.Батзандан нар намын дарга болох сонирхолтой байгаа. Гэвч нэгэнт фракцууд тохирч чадсан бол энэ хоёр намын даргын албанд санаатай байсан ч дэмжлэг авах магадлал тун бага. АН-ын ҮЗХ-ны хурлаар намын дарга, генсек тодрохоос гадна Ерөнхийлөгчийн сонгуульд хэн өрсөлдөх нь ч ханатай болчихно. Одоогоор Э.Бат-Үүл, П.Цагаан, Н.Алтанхуяг нарын нэр явж байна. Цаашлаад Г.Батхүүгийн нэр ч нэмэгдэж магад. П.Цагаан намын дарга биш байлаа гэхэд генсек болох санаатай. Намын ажилдаа орж аваад Ерөнхийлөгчид нэр дэвших болов уу гэсэн таамаг бий. Намын даргын төлөөх өрсөлдөөнд тодорхой хүмүүсийн нэр явж байгаа бол генсек хэн болохов гэдэг нарийн шийдэгдээгүй байна. Хэрэв Д.Эрдэнэбат намын дарга болбол тохирсон ёсоор “Алтан гадас”-аас генсек болох биз. Мөн бусад фракцууд ч бас өөрийн хүнээр генсек тавих сонирхол маш их байгаа. Одоогоор “Шонхор”-оос гэхэд л С.Одонтуяагийн нэр явж байна. Байж болох л хувилбар. Уг нь сонгуульд ялагдаагүй бол З.Энхболд Ерөнхийлөгчид өрсөлдөх санаатай байсан юм билээ. Тэр байтугай С.Баярцогт ч Ерөнхийлөгчид өрсөлдөх сонирхолтой байж. Түүнийг оффшор данстай хэмээн дээр доргүй, намын дарга нь хүртэл зарлаж, УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж намын нөлөө бүхий хүмүүс зүтгээд байсан нь ердөө л үүнтэй холбоотой байж. Сүүлдээ Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэсэн ам өчгийг нь авч байж УИХ-д дэвшүүлэх эрхийг өгсөн байгаа юм.

Бусад намууд орон нутгийн сонгуулийн бэлтгэлээбазааж эхэлжээ

Өнгөрсөн сонгуулиар МАХН-аас О.Баасанхүү Эрдэнэтэд ялж гарч ирснийг эс тооцвол бусад жижиг намууд бүрэн ялагдал хүлээлээ. Уг нь сонгуулийн өмнө бүгд л хэд хэдэн суудалтай болно. Хоёр том намд ард түмэн итгэл алдарсан гэлцэж байлаа. Гэвч тэдний хэлсэн ярьсан талаар болов. Ийм олон нам хэрэггүй, гэдгийг тэр дундаа гуравдагч хүчин гэж гарч ирэхгүйг өмнөх бүх сонгуулийн дүнгүүдээс харж байна. Зарим нам нь сонгуулиар тойрогт нэр дэвшүүлж, өрсөлдөгчтэйгөө тохироо хийдэг бизнестэй болж, эсвэл намын дарга, олны танил ганц нэг хүнийг л улс төрд оршин тогтнуулах гишүүнчлэлтэй, гишүүд нь өөрсдөө ч тэр намдаа байдаг эсэхээ мэдэхгүй, сонгууль дөхөхөөр нэг хуралддаг байдалтай явсаар өдийг хүрэв.Тэгвэл орон нутгийн сонгуулиар ч өнөөх олон нам өрсөлдөхөөр зэхэж эхэлжээ. Гэхдээ зарим нам нь бүх тойрогт дэвшүүлэх хүн хүч, хөрөнгө мөнгөний бололцоо тааруу учраас боломжтой гэсэн сум дүүрэгтээ илүү анхаарал хандуулахаар ярилцаж байна. Бүгд найрамдах нам гэхэд л УИХ-ын сонгуульд суудал авах магадлалтай тойрогтоо илүү ач холбогдол өгөх гэнэ. Харин ИЗН намын удирдлага болон гишүүдийн дунд УИХ-ын сонгуулийн үеэр маргаан гарч, тэр даамжирч, АН-ыг дагасан намын дарга С.Оюунаас салах цаг болсон гэж гэж яриад эхэлж. МАХН харин ганц О.Баасанхүүгийн ачаар УИХ-д суудалтай нам болсон ч энэ удаа Н.Энхбаярын улстөрд оролцох нөлөө тэр хэмжээгээр багассан төдийгүй, албан тушаалд очих нь бүү хэл өөр хэцүү нэртэй газар луу ачигдах гээд хүндхэн байх шиг байна. Хэрэв асуудал хүндрэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд жижиг намуудаас хүнээ өрсөлдүүлэх ганц боломжтой нь МАХН. Хамгийн их горьдлоготой байсан нь Н.Энхбаяр. Гэхдээ энэ нь тийм ч амар бүтэхгүй гэдэг нь АТГ түүнийг хонон өнжин сахиж, шалгаад байгаа нь нэг юм хэлээд байна.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын нам ард түмнийхээ ачийг хариулж байгаа нь энэ үү

Айхавтар хүмүүс чинь албан тушаалаа өгөхдөө хэлэх юмаа хэлдэг юм билээ. Э.Бат-Үүл сая хотын даргын албаа Су.Батболдод өгөхдөө “За хө би чамд 100-гаад тэрбумтай данс хүлээлгэж өглөө шүү” гэж олны нүдэн дээр хэлсэн. С.Ламбаа Эрүүл мэндийн сайдын албаа өгөхдөө олон улсын хөтөлбөр, хөнгөлөлттэй зээл, тусламжийн тэдэн сая доллар байгаа. Түүнийг шинэ сайд ингэж ашиглах хэрэгтэй дээ гэж зөвлөчихөөд гэр рүүгээ алхсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч гэсэн Энэтхэгээс өгөх нэг тэрбум доллар, Хятадаас өгч буй нэг тэрбум юанийн урт хугацааны хөнгөлөлттэй зээлүүдийн талаар хэлж яриад ажлаа өгсөн байлгүй. Ер нь ажлаа өгсөн бүх л сайд, дарга нар ингэсэн гэж бодож байна. Гэтэл МАН-ынхан ямар санаатай юм мэдэхгүй, юу ч үгүй хувхай хоосон улс орныг хүлээж авсан мэтээр ярьж ард түмний санаа бодлыг үймүүлж эхэллээ. Өмнөх дөрвөн жилд АН-ынхны ард түмний төлөө хийсэн бүгдийг хориглож, цуцалж эхэллээ. Хамтын тэтгэврийн тухай хуулийг цуцаллаа. Ингэснээрээ 50 тэрбумыг хэмнэх гэнэ. Өнөө албан тушаалын наймаанд ирэх 60 тэрбумд нь хүрэхгүй мөнгө байгаа биз дээ. Хүүхдийн 20 мянгыг зогсоолоо. Баян хоосноор нь ялгаварлаж өгөх гэнэ. Байрны зээлээ яая гэж байгаа багш залуу баяных нь тоонд ороод явах нь тодорхой. Оюутны 70 мянга байхгүй боллоо. Ингэснээр 2016 онд гэхэд 11.7 тэрбумыг хэмнэх гэнэ. МАН-ын залуус казинод тоглохдоо 12 тэрбумыг өлхөн алдчихаад нэг нь даагаад гарчихдаг мөнгө. Оюутны автобусны билетийн тал үнэ байхгүй, МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг зогсоолоо. Уг нь МСҮТ-ийг сэргээсний хүчинд бүгдээрээ дээд боловсролтой болно гэдэг өвчин эдгэж, мэргэжлийн ажиллах хүчинтэй болж байсан улс юмсан. Төрийн албан хаагчдын зургаан сарын тэтгэмж гурван сар боллоо. Эмнэлгийн ажилчдын урамшуулал хойшлогдлоо. Төрийн өндөр албан хаагчид, шүүгчдийн цалин танагдлаа. Эдгээр хасч танасан мөнгө нь нийлээд МАН-ын цагаан байрыг босгосон мөнгөнд хүрэхгүй юм билээ. Цаашлаад хувь хүний орлогын албан татварын хэмжээг нэмлээ. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахаар боллоо. Онцгой албан татварын хувь хэмжээг нэмсэн нь суудлын авто машинд гэхэд 3-15 хувиар татвар нэмэгдлээ гэсэн үг. Томоохон амбаартай байхад ч хүндхэн боллоо. 150 метр квадратаас дээш бол бас л татвар төлөх нь. Тэтгэврийн насыг нэмлээ. Нийгмийн даатгалын шимтгэл маань ч таван пунктээр нэмэгдэх нь. Ард түмний халаасыг хоосолж, ёстой нэг модоо барьсан гуйлгачингууд болгох нь.

МАН-ынхан чинь одоо юу болчихоо вэ. Та нарт бараг 100 хувь итгэл хүлээлгэсэн ард түмнийхээ ачийг ингэж хариулж байгаа юм уу. Улс орны эдийн засаг хүндэрлээ гэсэн ганц үгээр ард түмнийг цаашид хэрхэн дарамтлахыг таашгүй байна. Үнэхээр хүнд байгаа юм бол дэд сайдынхаа орон тоог хас. Хийх ажилгүй ийм албан тушаалаар яах гэсэн юм. Гааль, Татвар, МХЕГ-аас эхлээд тэр олон хүчний байгууллагын дэд дарга нарын орон тоог нэмэхээ боль. Монголын нийгэм бол дэлхийд байхгүй тайван амгалан нийгэм. Хэнийгээ мөрдөн мөшгиж, тагнуулдаж, байцааж, хорих гээд байгаа юм бэ.

МАН-ынхны засаглалд гарснаасаа хойш хэлдэг ганц үг нь мөнгө хөрөнгө байхгүй байна. Хийдэг ганц ажил нь тэр газрын даргыг тэгж солилоо, энэ яамны сайдыг ингэж томиллоо. Үүнээс өөрийг хийсэнгүй. Урьд нь байсан АН-ын нөхөд болохоор “Бид тийм сургууль, цэцэрлэг барина. Ийм үйлдвэрийг дэмжинэ, энэ замыг ашиглалтад оруулна. Тэдэн тэрбумын бонд босголоо, үүгээрээ ийм зах зээлээ дэмжинэ. Эдийн засаг дахь мөнгөний эргэлт энэ салбартаа ийм байна. Тэр салбартаа тийм байна” гээд ам уралдан ярьдаг, тэр нь худлаа биш байсан. Тэнд ч сая тоннын цементийн үйлдвэр ашиглалтад орлоо, энд ч тэдэн км-ийн зам нээлтээ хийлээ гээд мэдээ цувдаг байж. Энэ мэдээллүүдтэй нь зэрэгцээд МАН-ынхан “Эндээс нь тэдэн төгрөг иджээ, тэндээс нь тэдэн хувийн авлига авчээ” гээд нийгмийн сэтгэл зүй рүү чихдэг. АН, МАН хоёрын ялгаа энэ л юм байна. АН нь онгироо, бас хийдэг, МАН нь муу санаатай амладаг. АН нь ажил хийснээрээ баалуулж, муулуулж байдаг. МАН нь ажил хийхгүй дүлий дүмбэ царайлж байдгаараа буурьтай, суурьтай харагддаг. Ийм л ялгаатай улс төрийн хүчнүүд юм байна.

Монгол Улс өнөөдөр эдийн засгийн хувьд тийм нөөцгүй, потенциалгүй болчихсон юм уу! Монголбанкны нөөц, өндөр үнэтэй зарах эрдэс баялаг хоёроор эдийн засгаа босгоно гэхээс өөрийг МАН-ынхан олж харахгүй байна гэж үү. Үнэндээ зах зээлийн эдийн засаг гэдэг бол төр мөнгө босгодог юм биш. Иргэд, аж ахуйн нэгж мөнгө босгож зах зээлд эргэлдүүлэхийг хэлдэг юм. Наад зах нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дүүрэн байгаа, багаар тооцоход 500 тэрбум орчим төгрөгийн үнэтэй дутуу баригдсан барилга обьектууд балгас, үхмэл хөрөнгө болоод хэвтэж байна. Хөрөнгө оруулалт байхгүй. Төсвөөс хийгдэх ёстой. Төр мөнгө босгох ёстой гэсэн хаа хаанаа ойлголттой болчихсон. Тэгвэл эдгээр балгасуудаа бүгдийг нь хувийн хэвшлийнхэн, иргэддээ 100 мянган төгрөгөөс дуудаад худалдчих. Хагас их наяд төгрөг иргэд, аж ахуйн нэгжээс орж ирнэ. Төр биш ард түмэн мөнгө босгодог, баялаг бүтээдэг юм гэдэг чинь энэ. Капиталист Герман, социалист Германаа 15-хан жилийн дотор босгоод ирсний нууц юу гээч. Соц Германыхаа өмчийг иргэдэд нь нэг доллараас эхэлж дуудаад өгчихсөнд байдаг юм. Баруун германчуудаас нэг доллар ч гараагүй. Үр дүн нь санаанд багтамгүй гарсан. Өмчтэй болсон иргэд баруун Германы банкуудаас зээл авч эхэлсэн. Зээлээрээ маш их ажлын байр бий болгосон. Хамгийн том үр дүн нь эдгээр хүмүүс маш том татвар төлөгчид болж хувирсан. Тэрнээс манайхан шиг алт зарж олсон банкны нөөц, иргэдээ дарамтлан авч буй эцсийн нэг төгрөгийн татвараараа эдийн засгаа сэргээх гэдэг юм биш. Энэ мэт наад захын санхүүгийн гарцуудыг МАН-ынхан бүгдээрээ тэнэг биш болохоор мэдэж л байгаа. Гэтэл хийхгүй байгаа нь ямар учиртай юм бол!!!

Хоёр үзүүлэлт хэлье. Дэлхийд хамгийн өндөр үнэтэй малын дотор мах манай зах дээр нохойн хоол гээд лангуу дүүрэн хэвтэж байна. Дэлхийд хамгийн өндөр үнэтэй бензинийг монголчууд хэрэглэж байгаа хэрнээ гудамжинд нь машин багталцахгүй байна. Энэ нь тэгээд эдийн засаг нь хямарч, дефольт болж буй улсын шинж тэмдэг мөн үү. Эдийн засаг үнэхээр хямраад сүйд болсон бол өлссөн ард түмэн гудамжинд гараад жагсдаг нь дэлхийн практик. Тэгэхгүй байгаа нь эдийн засаг хямраагүйг хэлж байна. Тэгээд ямар шалтгаантай юм бэ гэж асуух хүмүүс гарах байх. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон шалтгааныг судлаачид дүгнэхдээ “Улстөрчид өөрсдийн нөлөөний компанийнхаа өрийг улсаар төлүүлэх гэж шахалт дарамт үзүүлэхэд нь үгүй гэж хэлснийхээ төлөө огцорсон” гэдэг юм. Үнэхээр тийм бол, төрд гарсан луйварчид компанийнхаа өрийг ард түмнээр төлүүлэх оршлоо хийж “Улс орны эдийн засаг сүйрлээ” гэж байгаа бол ард түмэн харин үүнийх нь эсрэг тэмцэх ёстой. Та нарт сайн санаж сонгосон ард түмнийхээ итгэлийг ингэж гутаан доромжилж болохгүй. Та нарыг сонгосон ард түмний ачийг ингэж хариулж болохгүй.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Биеийн тамиржиж буй улс

Хэдэн жилийн өмнө бид “бөхчүүд улс төрд орж эхэлсэнтэй уялдуулан харьж яваа улстөрчдийг бөх болгоё” хэмээн наргиан болгож байсан сан. Харин өнөөдөр тэр үеийн наргиа түүх болон хоцорч Монголын улс төр илүү спортлог болжээ.

Бөхчүүд, тамирчид рингээ орхивч алдар хүндийн титмээ зүүсэн хэвээр орж болох дэвжээг улс төр хэмээн харах болсон, харснаа хийх ч болсон. Эхний хэдийнх нь олж буй амжилт үлдсэн хэсгийнх нь урам зоригийг сэргээж байгаа бололтой. Дэгсдүүлсэн хүнд бол, Монголын улс төр тамирчдын тэтгэврийн ордон болох нь уу ч гэмээр.

Ардчилсан нийгэмд Спортын төв ордноос Төрийн төв ордонд шилжихийг хэнбугай ч хориглох эрхгүй. Ерөөсөө хэн ч бай сонгогдох эрхтэй, өнөө “жирийн хоригдлоос шоронгийн дарга болтлоо дэвшив” гэдэг шиг.

Цаашдаа манай улс төр улам спортжих нь тодорхой учраас тамирчин маягийн улс төрийнхөө шинж байдлыг ойлгох хэрэгцээ гарч байгаа юм.

Дүр барааг нь наадам тэмцээний сурвалжлагаас үе үе харж баясдаг хүмсийнхээ дүрийг өдөр болгон парламентын сувгаар үзэхэд муу нь юу байхав. Гэхдээ улс төр нь биеийн тамиржиж спортжиход учирдаг нэг зовлон байна аа. Энэ нь тэдний амьдралын чин эрмэлзлээс үүдэлтэй юм.

Тамирчны амьдралын дүрэм бол “ялах, эсвэл ялагдах”. Улс төр, нийгмийн амьдралыг яг спортын нүдээр ингэж хардаг. Тэдний ийм хандлага нь манай улс төрийн амьдралыг арай ч донсолгоотой болгоод байна.

Гэтэл нийгэм улс төрийн амьдрал чинь ялалт ялагдал дээр биш зохицол, ойлголцол дээр оршин тогтнодог үзэгдэл. Спортчин улстөрчид үүнийг ойлгоход амаргүй. Ерөөсөө ялахгүй тийм тэмцээнд ороод ч байгаа юм шиг, эсвэл түрүүлээд байхад нь медаль зүүхгүй орхисон ч юм шиг сэтгэгдэл төрөн бачимддаг болтой юм. Өөрийнх нь санаачилга няцаагдах, тухайн асуудлаар дэмжлэг хүлээхгүй үлдэх зэрэг нь цэвэр ялагдах, тэмцээнээс хасагдахтай агаар нэгээр төсөөлөгдөж бачимдуулна.

Улстөрчдөд цаг нь болоогүй зүйл дээр буулт хийх, тэвчээртэй хүлээж сурах, хэтийн зорилготойгоор ухрах зэрэг нь тун чухал. Харин тамирчин хүн дараагийн тойрогт ялахын тулд энэ удаа бууж өгөх, шувтаргын тэмцээнд амжилт гаргах үүднээс өвдөг шороодох, дараагийн олимпод алтан медаль авахын тулд спортоос түр завсарлах ямар ч боломжгүй.

Ийм дэглэмд дассан, өөрийгөө дасгалжуулсан улстөрчид нийгмийн амьдралын зохицлыг алга болгоод зогсохгүй эхний байранд шалгарахын төлөөх хайр найргүй тэмцээн болгон хувиргаж байх шиг.

Яг нарийндаа улс төрийг ихээхэн спортлог болгосон зүйл бол коммунист дэглэм бөгөөд ХХ зууны дэлхийн нийгэм, улс төрийн байдлыг “хоёр системийн үхэх сэхэхээ үзэлцсэн өрсөлдөөн” хэмээн томьёолж байсан юм. Хорин тавны тэртээ үлдсэн хуучин дэглэмийн маань энэ үзэл санаа өнөөгийн спортлог улс төрийн гал дээр тос нэмэн дүрэлзүүлж байгаа юм.

Хуучин онигоонд гардагчлан “Марксэнгельс гэдэг чинь нарийндаа хоёр өөр хүн юм байна” гэлээ гэдэг шиг улс төр спорт хоёр дэндүү ялгаатай. Улс төрийн ялагдал нь хүлээлт, дараагийн томоохон хожлын бэлтгэл байх нь олонтаа. Нарийн яривал байнга ялах нь хортой төдийгүй хориотой. БНМАУ-ын үед ганц тамирчинтай улс төр байсан нь нэг намын систем бөлгөө.

Генри Киссинжер улс төрийг хэн нь ч ялдаггүй, харин давуу байдал олж авах байдлаар дуусахгүй үргэлжилдэг хөлөгт тоглоомтой зүйрлэсэн байдаг. Наад захын жишээ хэлэхэд Монгол, Орос, Хятад гурван улс хэн нь хэнийгээ цэвэр ялахгүйгээр, нөгөөхөө заавал өвдөг шороодуулахгүйгээр хөршлөн суугаад хэвийн оршин тогтнож болоод байгаа биз дээ.

Хэрвээ тамирчин хүн тэмцээндээ улстөрлөг хандаж, өрсөлдөгчдөө боломж олгож, дэвжээн дээр зохицож, харилцан буулт хийж эхэлбэл юу болох вэ? Биеийн тамиржсан улс төр яг тийм болоод байна.

2016.05.03

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Сар бүр өгдөг өндөр цалин тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлж эхэлжээ

Муугаа мэдэхгүй хэтэрхий их юманд найдаа юу даа, бид. “Риогийн олимпод бүтэн багаараа явлаа, хамгийн багадаа найман медальтай ирнэ. Монголын тамирчдыг алт, мөнгөн медаль авна гэж дэлхий даяар шуугиж байна. Монгол-бөхийн орон. Монгол бөхчүүдээс өрсөлдөгчид нь жийрхэж байна. Боксынхон бол нүдэж байгаад хэд хэдэн медаль авна”. Ийм сүржин мэдээлэл, тархи угаалтад үнэн голоосоо итгэчихээд тамирчдаа олимпоос медаль авсангүй хэмээн нийтээрээ зүхэж сууцгаана. Яг үнэндээ манай тамирчдын байгаа байдал, үнэн төрх нь энэ юм. Харин ч хоёр медаль авсан нь их юм болж. Риогийн олимп манай тамирчдын бодит байдлыг нь илчилж орхилоо.

Монгол Улс маань ядруухан эдийн засагтай. Одоо байдал бүр ч дор байна. Эсгий таавчиг, гутал, хувцаснаас илүү гарахаар томхон үйлдвэрлэл бидэнд байхгүй. Эрдэнэт, Оюу толгой зэрэг том төслүүдийн хувьд зэсийн хүдэр гаргадаг. Зэсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Цементийн хоёр, гурван том үйлдвэр баригдсан ч гадаад зах зээлд гарцаа олоогүй байгаа. Махаа экспортолж хэдэн төгрөг олох боломжтой ч хичнээн жил яриа төдий л байна. Хятад, Орос гээд хоёр том хөрш элдэв шалтаг хэлж голоод мах авахгүй гэх. Муу, муухай дээрээ улцан гэдэг шиг өдгөө малын түүхий эд үнэгүйдэж, жалга гуугаар нэг өмхийрсөн арьс, нэхий дүүрэн байна. Ийм эдийн засагтай орон харин тамирчдаа дэлхийд байхгүйгээр эрхлүүлдэг. Тухайлбал, олимпоос алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаа 120 сая төгрөг, насан туршид нь сар бүр дөрвөн сая төгрөг өгдөг. Мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, насан туршид нь сар бүр гурван сая төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр хоёр сая төгрөгийн урамшууллыг тус тус олгодог. Дэлхийн аваргаас медаль авбал мөн л дээрхээс нэг их дутахааргүй нэг удаагийн урамшуулал, сар бүр өндөр цалин олгоно. Монгол Улсын нэрийг дэлхийд ганц гялайлгах нь энэ хэдэн тамирчин гэж үнэлээд төр ийм шийдвэр гаргажээ. 2012 оноос хойш сар бүр дээрх урамшуулалт цалинг олгож байгаа юм.

Тамирдчынхаа алдар гавьяаг бодитоор үнэлэх, эдийн засгийн байдлыг нь шийдэх, тив, дэлхийд улсынхаа нэрийг дуурсгах алдартай тамирчдыг олноор төрүүлэх гээд олон хөшүүрэг, тайлбар энэ мөнгийг дагалддаг. Тэгвэл энэ их мөнгө, өндөр цалин үр дүнгээ өгсөн үү. Үнэхээр манай тамирчид дэлхийд өнгөлж байна уу? Үгүй юм гэдгийг өнгөрсөн хэдэн өдрийн бөхийн барилдаан, буудлага, боксын тэмцээнээс бид нойроо хугаслан байж, урамгүйхэн харлаа. “Одоо л арчаад өгөх байх даа” гээд горьдонгуй харж суутал хаа байсан Африкийн тамирчинд хүртэл ялагдчих юм. Өрсөлдөгчөө тулж зогсчихоод олигтой мэх хийхгүй. Харин нөгөөдүүл нь хурд, хүч, мэхний гайхамшгийг үзүүлж өгөх юм. Зарим нь барилдааны эхэнд овоо хэдэн оноо авч, ялах магадлалтай болж яваад эцсийн хэдхэн секундэд алдаа гаргаж цэвэр тавиулчихаж байна. Нэг муухан мэх хийгээд өнөөхөөсөө болж хожигдох юм. Сүүлдээ бүр тамирчдынхаа барилдааныг харахаас халширдаг болсон. Чөлөөтийн барилдааныг харж байхад өрсөлдөгч нь хөлд нь сууж ард гараад түвэггүй хоёр оноо авчих юм. Яг энэ мэхээ дахин давтан гурав, дөрвөн удаа амжилттай хийчих жишээтэй. Хөлөө хамгаалж чаддаггүй тамирчин, хамгаалах аргыг нь хэлж мэддэггүй дасгалжуулагч хоёртоо дэмий бухимдаж суулаа. Мэхний олон хувилбар, нэгээс нөгөөд шилжих хурд, үргэлжлэл, тэсрэлт, тэмцэл манай тамирчдаас сая л лав гарсангүй. Бүгд харлаа.

Тамирчдад сар бүр төрөөс өгдөг их цалин пүнлүү эерэг гэхээсээ илүү олон сөрөг үр дагаврыг дагуулжээ. Ийм өндөр цалин мөнгөний хангамжтай болсон тулааны болон хүчний спортын элит давхарга өдгөө бий болсон байна. Элит давхаргад гаднаас хүн орж чаддаггүй. Тэд өөрсдөө, ах дүү, үр хүүхэд, нутаг усны танил тал, эсвэл өөрсдөдөө мөнгө өгдөг хүмүүсээ энэ давхаргадаа оруулдаг. Багаас нь бэлтгэж байгаад сургуулийн аваргаас нь эхэлж түрүүлүүлнэ. Дараа нь олон улсын нэг тэмцээнд явуулна. Бэлтгэж, бэлтгэж явуулж байгаа хойно нэг медаль аваад ирэх нь ойлгомжтой. Үүний дараа жинхэнэ од болгох ажил эхэлнэ. “Хосгүй авьяастай хүүхэд тодорлоо. Энэ л олимпоос юм дуулгана. Монголын нэрийг дэлхийд гаргах шинэ залуу” гээд өдөр шөнөгүй пиар хийнэ. Тухайн хүүхэд үнэхээр авьяастай байна уу, үгүй юу падлий байхгүй. Өөрсдийнхөө давхаргад тэд ингэж бүл нэмдэг. Үүний ард цэвэр өрсөлдөөн алга болж, жинхэнэ авьяастнууд, уйгагүй зүтгэлтнүүд хаалганы гадна үлддэг. Ийм байдал үргэлжилсээр өнөөдөр үр дүн нь гарч байна.

Монголын тамирчид сэтгэлзүйн бэлтгэлгүй байна гэж олон хүн шүүмжилж байна лээ. Аргагүй шүү дээ, сар бүр авах мөнгө, баахан амлалт толгойд нь эргэлдээд хөдөлж чадахаа байчихаж байгаа. Оноо алдах юм бол хожигдоно гэж айгаад хөдөлж чадахгүй зогсож байгаад л эцсийн мөчид ялагдлаа хүлээх юм даа. Сар бүрийн өндөр цалинд хүрсэн тамирчин бол ялах хүсэл тэмүүлэл бүр алга. Сарын долоон сая төгрөгийн цалин авдаг хүн юу гэж биеэ зовоож хүчийг үзэх вэ. Аягүй бол бэртэж гэмтэж мэднэ. Ийм сэтгэхүйтэй тамирчид яаж амжилт гаргах вэ.

“Бэртэлтэй байсан юм, хөөрхий”, “шүүгчид булхайтай шүүлээ” гэдэг тайлбараар хэдий болтол аргацаах вэ. Тамирчин хүн сүүлийн минут байтугай секундыг яаж ашигладгийг дэлхийн өндөр зэрэглэлийн бөхчүүд энэ олимпод харууллаа. Манайхан илүү оноотой мөртлөө сүүлийн хэдэн секундэд хамгаалж үлдэхийн оронд баярлан зугтааж, эсвэл сүрхий мэх хийх гээд хариу мэхэнд орж ялагдахыг нь харлаа. Өөрийгөө медаль авчихлаа хэмээн хэтэрхий эрт баярлан, тэмцээн дуусаагүй байхад гараа даллан гүйж байгаад торгуулчихаж байна. Нүдэнд нь их мөнгө харагдаад сэтгэлээ барьж дийлээгүй байх. Сэтгэл хөдлөлөө хэрхэн барьж сурсныг дэлхийд хосгүй өндөр амжилт үзүүлж буй япон тамирчид үлгэрлэж байна. Олимпийн алтан медальт, дэлхийн хошой аварга Японы шилдэг жүдоч Шоохэй Оно сэтгүүлчийн “Та ялсныхаа дараа яагаад баярладаггүй юм бэ” гэсэн асуултад “Надад хэчнээн баярламаар байсан ч өрсөлдөгчид маань ямар хэцүү байгааг хүндлэх хэрэгтэй. Надад ялагдсан хүн сэтгэл дундуур, харамсан зогсож байхад би яаж баярлаж чадах билээ” хэмээн хариулсан байдаг.

Амжилт гаргасан тамирчдад төрөөс сар бүр өндөр цалин өгдгөө одоо больё. Амжилт гаргавал тухай тухайн цагт нь ахиухан нэг удаагийн урамшуулал өгсөн шиг өгдөг болбол хавьгүй эрүүл, зөв шийдвэр болно. Байнгын урамшуулал, зүгээр өгдөг мөнгө хүнийг мал болгодог. Зүв зүгээр сууж байгаад цалин авдаг хүн ажил хийдэггүйтэй адилхан юм шүү.

Орчин цагт спортын амжилт гаргана гэдэг нэгдмэл сайн менежмэнт, шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл сургуулилт, судалгаа шинжилгээний үр дүн байдаг. Үүн дээр шударга өрсөлдөөн, тухайн тамирчны уйгагүй хичээл зүтгэл, авьяас чадвар, хурд хүч нэмэгддэг гэдэг. Энэ бүхэн алдагдаж, налгар задгай, дүр эсгэж олон жил амьдарсныхаа үр дүнг бид амслаа. Дүр эсгэнэ гэдэг зөвхөн тамирчдад хамаатай бус монголчууд бүгдээрээ хэлбэр хөөж амьдардгийн тод жишээ энэ юм.

Одоо спортын холбоодын удирдлагууд, багш дасгалжуулагч нар нь өөрчлөгдөж солигдох биз ээ. Дүрэм журмандаа өөрчлөлт оруулж сонгон шалгаруулалтаар шилдэг менежер, дасгалжуулагчийг гаргаж ирдэг болъё. Үндэсний шигшээ багийн тамирчдын цусыг сэлбэж, шинэ бодлого, шинэ боловсон хүчнээр салхи оруулахгүй бол Японы олимпод ч бид хэн нэгэн шүүгчид гомдож, бэртэлтэй тамирчнаа өрөвдсөөр медальгүй сууж байх нь байна шүү.

Олимп, дэлхийн аварга зэрэг томоохон тэмцээнд гаргасан амжилтыг нь харгалзан тамирчид сард хэдэн төгрөгийн урамшуулал авдгийг сонирхуулъя.

Зодог тайлсан тамирчид:

1.Олимпийн мөнгө, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальт

З.Ойдов-7.5 сая

2.Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Х.Баянмөнх-7.0 сая

3.Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт П.Сэрдбамба-5.5 сая

4.Олимпийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Бадар-Ууган-5.0 сая

5.Олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар-4.5 сая

6.Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Ж.Мөнхбат-3.5 сая

7.Олимпийн мөнгөн медальт Ц.Дамдин-3.0 сая

8.Олимп, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сэрээтэр-2.5 сая

9.Олимпийн хүрэл медальт Ч.Дамдиншарав, Р.Даваадалай, Н.Энхбат,

Н.Баярсайхан, Д.Нармандах нар тус бүр 2.0 сая

Зодоглож буй тамирчид:

1.Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр-7.0 сая

2.Олимпийн хүрэл, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальт С.Батцэцэг-6.0 сая

3.Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт-4.5 сая

4.Олимп, ДАШТ-ий хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ-4.0 сая

5.Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа-3.0 сая

6.Олимп, ДАШТ-ий хүрэл медальт С.Ням-Очир-2.5 сая

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Албан тушаалд шунан дурлах нь муу юм огтхон ч биш

Сонгуульд МАН үнэмлэхүй ялж, шинэ Засгийн газар байгуулагдсанаар албан тушаалын төлөө шунан зүтгэгсэд тоогоо алдлаа. Сонгууль бүрийн дараа л ийм юм болдог. Тэдний хэнийг нь ч буруутгаж болохгүй. Бүх хүн албан тушаал, эрх мэдэлд дуртай. Бүр нарийн ярьвал дарга болохын төлөөх эрмэлзэл нь хувь хүний эрхийн асуудал. Хуулиар хориглогдоогүй зүйл. Монгол улсын Үндсэн хуульд заасан хувь хүний эрх чөлөөний тухай ойлголт юм шүү. Бүр томоор ярьвал энэ дэлхийн эдийн засгийг шуналдаа хөтлөгдсөн капиталистууд авч явдаг юм. Энэ дэлхийн улс төрийг эрх мэдэл, албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй улс төрчид авч явдаг юм. Ийм хүмүүс авч яваа гээд энэ дэлхий ертөнц сүйрчихээгүй л байна. Обама, Путин, Меркель… бүгдээрээ зүгээр сууж байхад нь хэн нэгэн урьж авчираад албан тушаалын шатаар дээш нь өгсүүлсэн юм байхгүй. Ц.Элбэгдорж, М.Энхболдыг ч гэсэн залуухан хүүхэд гудамжинд алхаж явахад нь ордны цонхоор хэн нэгэн Улс төрийн товчооны гишүүн дуудаад албан тушаалын шатан дээр тавьчихсан юм биш. Бүгдээрээ өнөөдрийн залуус шиг албан тушаал, эрх мэдлийн төлөө шунан дурласан, хөдөлмөрлөсөн, хор найруулсан, улс төр хийсэн. Тэгж байж өнөөдрийн өндөрлөгт хүрцгээсэн. Ямарч мундаг улс төрчийн ялгуулсан амьдрал ийм л түүхтэй байдаг.

Хувь хүний амбиц, эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэлд ганц санал ч гайхамшигтай том замналын эхлэл болдгийг Гитлерийн жишээнээс харж болно. Өрөөсөн нүдээ алчуураар боосон, хэн ч тоож харахааргүй, доожоо муутай тэрээр нацист намын даргын өрсөлдөөнд нэгхэн саналаар ялсан байдаг юм. Ердөө ганц саналын илүүгээр. Тэгж нэг арайхийн намын даргын тамга авсан нөхөр цаашаа юу болж хувирав. Германыг түүхэндээ байгаагүй аж үйлдвэрийн улс болгож, дэлхийн дайныг эхлүүлсэн дээ. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр үлгэрийн баатар болж мэдэх ирээдүйтэй нөхдүүд та нарыг өнөөдөр “Тэр газрын, энэ хэлтсийн даргаар тавиад өгөөч” гээд гүйж яваа ч юм бил үү, хэн мэдлээ.

2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад яг л өнөөдрийнх шиг бужигнаан болсон. Гайгүйхэн шиг “том ах” нартай хүмүүс бүгдээрээ албан тушаалд хүрсэн. Гэтэл заримд нь АН-ын идэвхтэй гишүүн байсны хэрэг ч гараагүй гудамжинд үлдсэн. УИХ-ын гишүүд, сайд, том дарга нар, том хөрөнгөтнүүдийн хүүхдүүд, ах дүү нар, авааль нөхөр, эхнэрүүд нь хүртэл албан тушаал эрх мэдэлтэй болсон. Зарим хүмүүс бүр урьд байсан даргын суудал дээрээ үргэлжлүүлэн суусан. АН-аас УИХ-д сонгогдсон С.Одонтуяа гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээр орж гуйсаар байгаад МАН-ын бага хурлын гишүүн нөхрөө Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын албан тушаал дээр нь үлдээснийг хүн бүхэн мэдэж байгаа. Харин сүүлд Н.Алтанхуягийг огцруулах чуулганы санал хураалт дээр мань эмэгтэй гишүүн яалаа байз… Иймэрхүү жишээнүүдийг цааш нь ярьвал олон бий.

Сонгуулийн дараахь албан тушаалын хуваарилалт ийм л зарчимгүй явдгийн жишээ энэ удаа МАН дээр харагдаж байна. Өнөөдөр жишээ нь дэд сайдаар, Төрийн нарийнаар, агентлагийн даргаар томилогдож байгаа хүмүүсийн дотор МАН-ын байраар орж үзсэн болов уу гэмээр хүмүүс харагдаж байна. АН-ын бүлгийн ажлын албанд орьё гээд гуравхан сарын өмнө явж байсан хүн нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга болно гээд явж байхтай таарлаа. Түүнтэй өрсөлдөж байгаа хүн нь харин МАН-ын төлөө хэл нь хөшиж, гараа гацтал явсан, намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулалцсан хүн дуулдана. Ингэхээрээ л МАН энэ удаа АН-ын алдааг давтах нь. Эцэстээ энэхүү намын бус хувийн зарчим чинь нам доторх эвдрэл, фракц бүлэглэлийн зөрчил, тэмцэл, Засгийн газраа унагаах оршил болдог юм даа. МАН дотор байдал энэ хэвээр үргэлжилбэл ирэх 12 дугаар сар гэхэд дотроосоо хагарна. Ө.Энхтүвшин дээр сөргүүд нь бөөгнөрнө. Ж.Энхбаяр нарын залуу Их хурлын гишүүд нь дөгөөн дэвэргэнэ. Сү.Батболдынхон далдуур санхүүжүүлнэ. Ингээд нэг хагараад эхлэвэл хажуугаас чинь өдөөн турхирагсад, өөртөө ашигтайгаар эргүүлэгсэд, санхүүжүүлэгчид, элдэв мэргэн түргэн санаа хэлж үймүүлэгсэд, дэмий үг зөөгсөд түм бумаараа нэмэгддэг нь урьдын практик юм. Энэ бүгдийн эцсийн хор хохирлыг ард түмэн амсдаг нь хамгийн харамсалтай. Ингэхгүй байхын тулд улс төрийн том намууд өөрийн үнэт зүйлээ зарчим болгох хэрэгтэй байна.

Ялсан намд нэн тэргүүнд баримтлах гурван үнэт зүйл байдгийг орчин үеийн улс төрийн шинжлэх ухаан хэлж байгаа юм. Үүнд нэгдүгээрт, намын үзэл санаа юм. МАН, АН-ын алин ч өнөөдөр Монгол улсад иргэний нийгэм байгуулах, зах зээлийн эдийн засагт төгс шилжихээ зарласан байгаа. Хоёрдугаарт, намын үндсэн капитал гэж байна. Намын боловсон хүчний бодлогыг хэлж байгаа юм. Гуравдугаарт, намын ёс зүй байна. Энэ нь юугаар илэрхийлэгддэг вэ гэвэл намын зүгээс албан тушаалд томилогдож буй хүн намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө зүрх сэтгэлтэй байх, мэргэжлийн түвшин, мэдлэг боловсрол орно. Хоёр том нам яг юун дээр алддаг вэ гэхээр энэ гурван үнэт зүйл дээрээ алдаж ирсэн. Нам нь сонгуульд ялагдангуут сураггүй алга болчихдог нөхдүүд гэж байдаг. Томууд нь болохоор Америк руу алга болдог. Дундаж түвшнийхэн нь болохоор амиа авч гарахын тулд эрх баригчдын өмнө далласан газар нь ил гарч, далд ор гэсэн газар нь далд ороод явчихдаг. Тэгээд хөөрхий намынхаа үзэл санааг туг болгосон хүмүүс нь үлдэж, гандаж зэвэрсэн намынхаа байранд амь оруулж, пролетарийн ажил хийсээр дараагийн сонгуультай золгодог юм. Энэ хүмүүс л сонгуулийн тулаанд ороод явчихдаг. Сонгуулийн дүн гарлаа, Засаг барих асуудал ялсан нам дээр яригдаад эхлэнгүүт өнөө сураггүй байсан, намаасаа дөлсөн нөхдүүд гэнэт гараад ирдэг. Тэд мөнгө, танил талаараа дулдуйдан тооноор орж ирж даргын суудлууд дээр суудаг. Өнөө муу намтайгаа зууралдсан хэд нь торойгоод, шавхаруун дээр нь, зарим нь бүр юу ч үгүй үлддэг нь жам болжээ. Ийм л зарчимгүй, улс төрийн соёлгүй, увайгүй, мөнгө төгрөгийг зорилгоо болгодог үйл явц жил бүрийн сонгуулийн дараа намуудын гал тогоонд үргэлжилдэг учраас намууд төлөвшихгүй байна. Улс орон ч өөдөө явахгүй, уруудаж доройтож байна.

Угтаа бол намдаа зүтгэсэн, намынхаа үнэт зүйлүүдийг эрхэмлэсэн, би энэ албан тушаал дээр байх ёстой, хийж чадна гэсэн өөрийн итгэл үнэмшилтэй хүмүүсийг албан тушаал дээр тавих нь улс төрийн намын эрүүл үйл ажиллагаа юм. Ер нь бол ийм хийж бүтээе гэсэн сэтгэлтэй, өөртөө итгэлтэй хүмүүс албан тушаалд үхэн хатан дурладаг, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж байдаг. Харин манайхан хэтэрхий амбицтай, албан тушаалын төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй хүмүүс гэж тэднийг цоллодог нь хоцрогдол. Дэлхийн бүх цаг үеийн том удирдагчид, улс төрийн том бодлоготнууд бүгдээрээ яг л өнөөдрийн манай залуус шиг албан тушаал, эрх мэдэлд шунан дурлаж, түүнийхээ төлөө тэмцэж байсан. Тэгж байж их гүрнүүдийн удирдагчид болсон. Байх ёстой хүмүүсийг байх ёстой байранд нь, албан тушаал дээр нь байршуулж чадаж гэмээнэ тэр улс орон хөгждөг гэдгийг дэлхийн 200 гаруй улс орны хөгжиж, эс хөгжиж байгаа дүр зургаас өнөөдөр бид хангалттай харж байна. Тийм болохоор албан тушаалын төлөө улайрч буй хүмүүс муухай биш, муу хүмүүс биш. Албан тушаал, эрх мэдлийн төлөө зүтгэ залуусаа. Харин “Том ах” нарт хэлэх үг байна. Хүнээ зөв таниарай. “Ганц худагт” ганц долоо хоног хэвтүүлэхэд л өөрсдийг чинь гүтгээд гараад ирэх хүмүүсийг өөд нь татав. Өнөөдрийн улс төрд шинэ хүнийг хүлээн авахдаа эхлээд хувь хүний ноён нуруу, тэгээд мэдлэг боловсролыг гэсэн шат дараалалтай болсныг Олон улсын практикаас, ядаж ойрын хөрш Си Жин Пин, Путин гуай нараас харж болно шүү.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Дилерээс офшор хүртэл

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Дөнгөж 1991 онд Монгол Улс Төв банк гээч юмтай болж банкны тогтолцоог хоёр шаттай болгосон билээ. Үүнээс өмнө төгрөгийг зохицуулах, арилжаа хийх банкууд холилдчихсон байсан юм. Тэгээд ч социализм нь зах зээлээс гадуур байдаг болохоор ханш, инфляци, арбитражийн гүйлгээ, хувьцаа, бирж, маркэтинг, реклам, диллэр, брокэр, тэр байтугай зээл, зээлийн хүү гэсэн энгийн харилцаа үгүй байсан болохоор энэ талаар хэн ч мэддэггүй шахам байв. Перестройкийн хүчээр анхны ухагдахуун орж ирсэн учир Монголын банкинд буй бага зэргийн валютын нөөцийг хөдөлгөж байх хэрэгтэй юм гэж ойлгожээ. Ингээд 1988 онд Улс төрийн товчооны шийдвэрээр Монголын банкийг арбитражийн гүйлгээ хийж байхыг тушаасан байна.

Энэ хорвоод мөнх ханштай юм гэж үгүй. Банкууд нөөцөө аль нэг хатуу валют, эрдэнэс, алт, урлагийн бүтээл маягаар хадгалах ба ханшийн хөдөлгөөнөөс болж үүнийхээ хэлбэр дүрсийг байнга өөрчилж байдаг. Үүнийг биржээр дамжуулж хийнэ, тухайн валютын бусад валют болон алт зэрэгтэй харьцах ханшийг бирж тогтоодог. Ханш харгалзан нөөцөө хувиргах үйлдлийг арбитражийн гүйлгээ, товчоор дилерийн наймаа гэх ба гүйцэтгэгч хүн болон инстүүцийг дилер гэж нэрлэдэг. Дилер гэж наймаалцагч гэсэн англи үг, казинод хөзөр хуваарилагчийг ч бас тэгж нэрлэнэ.

Ингээд монголчууд анх удаа дилер “тоглолоо”. Тухайн үедээ телетайп хэмээх хоцрогдсон техникээр биржтэй холбогдоно. Ханш бараг секунд тутам өөрчлөгддөг атал телетайпаар хэдэн арван мянган км-ийн холоос дилердэнэ гэдэг аз туршсан хэрэг. Байгаа төвшин л тэр. Эхэндээ ашиг олов. Дилерүүд ч зуу зуун доллараар шагнуулав. Улс төрийн товчоо ч ихэд магтлаа. Монгол Улс гадаад валютын бүх харилцаагаа Зөвлөлтийн гадаад банк болох “Москва народный банк” гэдгээр дамжуулж гүйцэтгэдэг байв. 1990 он гэхэд ЗХУ дампуурч нөөцөд байсан хоёр мянган тонн алт нь газрын гаваар орсон гэдэг. Монголын өчүүхэн нөөц ч Москва народныйгаар ороод алга болжээ. Монголын банкинд байсан 4 тонн орчим бохир алтыг Лондонд цэвэршүүлэх үйлдэл энэ үетэй давхцсан байна. Мэдээж дөрвөн естэй болгож цэвэршүүлээд нэр хүндтэй банкны баталгаа авахгүй бол алтыг цэвэр, сааз, маниат, шижир гэсэн монгол хэмжүүрээр хэн ч авахгүй.

Алт цэвэршүүлсэн, банк арбитражийн гүйлгээ хийж алдсан хоёрыг нийлүүлж байгаад “алт дилерийн хэрэг” гээч юмыг буй болголоо. Мэдээж буруутныг хайж таарна. Улс даяар бужигнасан даа. Үүнд хошуу нэмээгүй хүн гэвэл хэлд ороогүй нялхас л байсан байх. Үнэндээ энэ нь туршлагагүй байдал, техникийн хоцрогдол, ардчиллын өмнөх социалист төрийн шийдвэр зэрэг байсан боловч дөнгөж шинээр гарч ирсэн ардчилсан хүчинд бүх бурууг тохох хөдөлгөөн өрнөлөө. Тэр дундаа Шадар сайд Да.Ганболдод бүгдийг нь үүрүүлэв. Тухайн үеийн Сангийн сайд ховч хүүхэд шиг нэмж хачирлаж байгаад Ардын их хурлын индэр дээрээс баахан гүтгэлэг матаас хэлж байсныг санаж байна.

Алт дилерийн хэрэг бүх ард түмний шүүмжлэлийн бай боллоо. Шилжилтийн хурц хүнд үе эхэлж дэлгүүрт давснаас өөр юмгүй болсон бодит шалтгааныг тэр чигээр нь банкны дилерийн гүйлгээ рүү чихэв. Ард түмэнд арбитражийн гүйлгээг мөрийтэй тоглоом, хөзрийн муушиг маягаар ойлгуулж, шинэ ардчилагчид ширээ тойрч суугаад улсын мөнгөөр мөрийтэй тоглосон дүр төрх буй болголоо. “Чингис хаанаас хойч үедээ үлдээсэн 4 тонн алтыг ардчиллын бацаанууд мөрийтэй муушиг тоглоод алдчихлаа” гэж зарласан хүн УИХ-ын гишүүнээр үг дуугүй сонгогдов. Ер нь үүгээр далимдуулж дэвшиж дээдлэн эрх мэдэл, нэр төр горилогчид гудамжинд ч багтах зайгүй болж байлаа. “Дилер их тоглож, дойлуур их хожив уу” гэсэн хэлц тэр үед цагаан сарын золголтын мэндчилгээ болж байв.

Хийрхэл ашгаа өгч МАХН 70 суудал авч төрийн эрхийг дагнав. Сонгогчдын ойлголтонд тохируулж хийрхсэн хэрэг. Хор холбогдол гэвэл Монголын арилжааны банкууд байтугай Төв банк 2000 он хүртэл айгаад арбитражийн гүйлгээ хийгээгүй юм. Харин 1995 онд гипер инфляци 360 хувь хүрэхэд хүмүүс гар дахь мөнгөө арилжин төгрөгөөс зайлсхийж доллар, юань болгож байснаар иргэд дилерчид болсон. Өдгөө банк байтугай хувь хүмүүс дилер хийхгүй бол доллартай харьцуулахад өдөрт 100 төгрөгөөр унаж байгаа төгрөгийг яалтай ч билээ.

1997 он хүртэл арван хэдэн төрийн банк байгуулагдсаны ганц нэг нь л хувийнх байлаа. Тэр үед нийлбэрээрээ 100 орчим сая доллар найдваргүй тооцогдож банкууд онхолдож байсан боловч нэгийг нь ч дампууруулалгүй нөгөөд нь ачиж бөөгнүүлэх арга хэмжээ авч байв. Төрийн банкуудын удирдлага олгож буй зээлийнхээ 10 хувийг өөртөө шагнал болгон авлигадах нь норм хэмжээ болсон байв. Ил тодоор шүү дээ. Төрийнх, өөрөөр хэлбэл эзэнгүй болохоор аргагүй. Өдгөө хувийн банкинд очоод “Надад зээл олгооч, 10 хувиар нь чамайг шагнана шүү” гээд хэлээд үз дээ! Үүнийг зогсоож банкуудыг албадан дампууруулах арга хэмжээг Азийн хөгжлийн банктай хамтарч хийсэн. Заримыг нь хувийн банкинд нийлүүлж хариуцлагыг нь үүрүүлэх арга хэмжээ автал үүнийг улс төрийн томоохон тоглолт болгон хийрхүүллээ. Арваад тэрбум төгрөгийг нь удирдлагууд нь идээд хоосруулчихсан банкийг хувийн банкинд нийлүүлж хариуцлагыг нь үүрүүлэх гэтэл энэ нь сонгуулийн өмнөх тоглолт болж хувирав. Асар их мөнгийг хуйгаар нь дээрэмчдэд бэлэглэх гэж оролдсон болж таарав. Улмаар санхүүгийн реформ гардаж хийсэн хүмүүс өөрснөө шөнөөр мөнгийг бэлнээр нь ачааны машинд ачин гэр рүүгээ зөөсөн гэдгийг УИХ-ын ёс зүйн хороо батлав. Тэр үед улсын нийт нөөц ердөө 50 сая доллар байсны тэн хагасыг нь машинаар ачин алга болгосон болж таарлаа. Суртал нэвтрүүлэг амжилттай болж дараагийн сонгуульд МАХН УИХ-ын бараг бүх суудлыг авлаа. Үүнд мөн Зориг гишүүний амь насанд халдсан асуудал хавсарсан ба “эд өөрснөө алсан, эдний гараас төрийн эрхийг салгахаас нааш эзэн нь олдохгүй” хэмээн суртчилж байсан эрхмүүд өнөө ч төрийн том алба хашсаар яваа. Харин сонгууль өнгөрөөд банк дампууруулсан, өөрснөө хулгай хийсэн, хувийнханд тараасан зэрэг зайлшгүй эрүүгийн томоохон гэмт хэрэгт орох ёстой асуудлаар эрх баригчид цаашид ганц ч үг унагасангүй. Олон машин бэлэн төгрөг хулгай хийхийг нүдээр харсан Шаравдорж гишүүнээс энэ тухай сурвалжлагч асуухад “Энэ бол ёс зүйн асуудал юм. Би шинэ их хуралд ёс зүй хариуцахаа больсон” гэж тайлбарлаж билээ.

Офшор гэдэг нь гадаадын компани болон хүмүүст бизнесийн тусгай хөнгөлөлт үзүүлдэг бүс нутаг. Европын олон жижиг, дунд улс болоод Кариб орчмын олон арал өөрийгөө офшор бүс болгон зарласан. Эд өөртөө хөрөнгө татахын тулд хоорондоо ширүүн өрсөлддөгөөс Кайманы арал их алдартай. Британид хамаардаг энэ арал ердөө 50 мянган хүн амтай, харин ДНБ нэг хүнд 50 мянган доллар ноогддогоороо дэлхийн хамгийн баян газар аж. Тэнд 100 мянган компани бүртгэлтэйн 500 том банк, 800 даатгалын компани багтана. Арлын нийт орлогын 75 хувийг валютын урсгал хангана. Энэ аралд нар, далайгаас өөр юм байхгүй учир бүх юмаа 100 хувь гаднаас импортолно. Бараг ганц экспорт нь аварга загас гэнэ.

Лихтенштайн, Сингапур, Панам, Монако, Мальт, Кипр зэрэг улсаа офшор болгон зарласан орон нэлээд. Эдгээр офшор бүсэд бүртгэлтэй аж ахуйн нэгжийг офшор компани гэдэг. Монголд хөрөнгө оруулж буй болон оруулах гэж байсан өрнийн компаниуд бүгд офшор. Учир нь тэд Монголд татвараа бүрэн төлнө, харин бүртгүүлсэн офшор бүс нь татваргүй, эсвэл хөнгөлөлттэй учир давхар татвараас зайлсхийнэ. Энэ бизнес эртнээс буй болсон, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны үйлдэл. Хувь хүмүүс ч офшор банк болон даатгалд мөнгөө хадгалуулдгийг хэн ч гэмт хэрэг гэж үздэггүй, дэлхий даяар тогтсон ердийн харилцаа.

Офшор бүсэд хөрөнгө бүртгүүлсэн, офшор банкинд мөнгө хадгалуулсан нь бөөн шуугиан дэгдээдэг явдал ховор бус. Учир нь зарим офшор бүсэд хөрөнгөө нуусан эрүүгийн болон улс төрийн хэрэг гардаг. Гэхдээ ийм үйлдэл аль ч банкинд тохиолддог боловч офшорыг илүү товойлгодог. Хөрөнгө нуусан, мөнгө угаасан хэрэг жишээ нь Швейцарийн банкуудад нэг бус удаа гарч илэрч байлаа. Дэлхийд терроризм газар авснаас хойш офшор банкуудыг шалгах нь их болсон. Өдгөө 100 сая доллараас дээш гүйлгээг НҮБ хүртэл бүртгэдэг, үгүйдээ л бүртгэх гэж чармайдаг болсон. Энэ хяналтаас болоод офшор дансанд буй хөрөнгөө бүртгүүлээгүй нуун дарагдуулсан улс төрчид илрэх нь их болжээ. Офшор дансанд мөнгөтэйдээ бус, тэнд буйгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй учраас л Исландын Ерөнхий сайд бөөн шуугианд өртөн огцорсон билээ.

Офшорын гэмт хэрэг гээч юм сая сонгуулийн өмнө Монголд дэгдлээ. Үүнийг хөрөнгө мөнгө хулгай хийгээд аваачаад нуучихдаг авдар савны маягаар ойлгуулав. Худал үнэн нь мэдэгдэхгүй офшорчдын жагсаалт гарган шоронд хийхийг шаардах уралдаан улс даяар өрнөв. Зарим нь тэднийг цаазаар авахыг шаардаж сонгуулийн сунгаанд манлайлж байлаа. Нэгэнт офшор бол гэмт хэрэг болох нь батлагдсан тул тийш нь зохиомол нэр оруулж гүтгэх явдал жинхэнэ моод болов. Хамаатан садан, найз, нутаг нэгтэн, танил гээд аль нэг нэр дэвшигчтэй холбон гутаах шалтаг маш олон. Интернэтээс Эрдэнийн Бат-Үүлтэй холбоотой 29 нэрс олсноос 7-ыг нь шигшин улс даяар зарлаж ард түмний шившиг болгов. Хэргийн мөрөөр хөөвөл түрэг хүмүүсийн дунд Орхон, Онон, Эрдэнэ, Туул, Уул гэсэн түрэг-монгол нэрс тун элбэг байдаг учир эднийг эвлүүлж Эрдэнийн Бат Үүл болгох нь тун хялбар аж. Офшор данстай байхыг хориглох хууль санаачилна, тийм хүмүүсийг шүүхээр оруулалгүй шууд буудна хэмээн нэр дэвшигчид амлах нь сонгуулийн барианд сайн орох нэг том үндэс гэж ойлгожээ. Ингээд тэртээх алт дилерийн хэргийн шуугиан шиг сайхан үр дүн гарлаа. Мэдээж мөнөөх л алт дилерийн хэрэг шиг, мөнөөх л банкны реформ шиг сонгуулийн дараа энэ асуудал нам чимээгүй болов. Үнэхээр л эдгээр нь цаазын ял сонсохуйц хүнд гэмт хэрэг байсан юм бол, үүнээс болоод улс орон модоо барьсан юм бол яагаад хэнийг ч шоронд хатааж шонд дүүжилдэггүй юм бол?

Одоо улс орныг сүүлийн дөрвөн жилийн дотор сүйрүүлсэн бүлэг этгээдийн тухай шуугиад эхэллээ. Хасах нөөцтэй гэнэ, өр нь улсын төсвийн 10 жилийнхээс давсан гэнэ, улсын төсөв 75 хувийн алдагдалтай гэнэ. Аль ч улс орон, компани тэр байтугай айл, хувь хүн зээл авч бизнес хийдэг. Дэлхийд хамгийн өндөр зээлийн өртэй нь баян АНУ. Ингэж мөнгө эргэлддэг. Монгол Улсын Засгийн газар арай тав хүрэхгүй тэрбум долларын өртэй. Цаашид ч гадна дотноос зээл авч байх болно. Одоо ингээд дэлхий даяар “модоо барьсан, хэзээ ч өрөө төлж чадахаасаа өнгөрсөн” гэж албан ёсоор зарлачихаад “зээл өгөөч” гээд гүйвэл юм олдох уу?

Монгол банкны Ерөнхийлөгчийн “ил гаргаж” тавиад уйлагнасан тоо нь миний сүүлийн хэдэн жил хэлж бичиж анхааруулж байсан тоотой бүрэн мөргөж байна. Гэвч би вээр хөндлөнгийн шинжээч учир нийгэмд цочрол үзүүлж чадаагүй. Харин хариуцагч нь албан ёсоор зарласны дараа төгрөгийн доллартай харьцах ханш өдөрт 100 төгрөгөөр унаж эхэллээ. 1929 оны их хямрал чухам ийм зарласан бодлогогүй алхмаас үүдэлтэй. Америкийн Холбооны банк хэд хэдэн банкийг дампуурсан болохыг зарласан. Гол шалтгаан нь Холбооны нөөцийн Ерөнхийлөгч Строн урд жил нь нас барсан тул онгорхой суудал руу нь тэмүүлэгчид хоорондоо өрсөлдөн нийгмийн өмнө шударгаа гайхуулалцжээ. Кино театрт гал гарвал шууд чангаар орилон зарлаж болдоггүй, тэгвэл хаалган дээр бүгд шахцалдан цөмөөрөө угаартаж үхдэг. Мөнгөний бодлого яг үүнтэй адил учир хариуцсан хүн албан ёсоор цуурч болохгүй. 1929 оны АНУ-ын хямрал гадагш тэлэн дэлхийг хамарч улмаар дэлхийн дайнд түлхсэнийг бодвол Монгол банкны уйлагнаан арай ч нарны аймгийг хямраахгүй биз, гэхдээ Монголыг гуйвуулах чадалтай.

Монголын зах зээлд цочрол үүсгэсэн саяын чарлааны цаад шалтгаан нь хямралын буруутныг хайж илрүүлэн өөрсдөөсөө зайлуулах зорилготой байснаараа дээр өгүүлсэн алт дилерээс офшор хүртэлх шуугиантай төстэй юм. Уул уурхайн гэнэтийн дэлбэрэлтээс Монгол Улс асар их мөнгө олж гэнэт баяжсан нь үнэн. Олсон болгоноо хайр найргүй тараан жорлон усалсан нь үнэн. Ингээд ДНБ-ий өсөлт 17 хувь хүрч дэлхийд тэргүүлсэн нь үнэн. Ингэснээ тэр дороо ядууран “хасах нөөцтэй” болж ДНБ-ий өсөлт бараг нойл болсон нь үнэн. Одоо хямарчихаад байгаа нь үнэн.

Харин буруутныг хайвал төрийн эрх мэдлийг атгаж шийдвэр гаргаж байсан голлох хоёр нам юм. Хэн нь хэнийгээ ч хэлэх эрхгүй. Хамтарч хийсэн нүглээсээ хамтарч гарахыг бодно уу гэхээс биенээ буруутгаад хаачих ч билээ. АН-ын удирдлагуудын хийсэн алдаа завхрал, тэр байтугай хулгай авлига, шамшигдуулал хэдэн шуудай болно, энэ тухай би бишгүйдээ л нэг бичиж анхааруулсан. Тэгэхээр МАН гэж нэг ариухан ухаалаг эх оронч тодорно гэж үү? Энэ хоёр намын удирдлага, голлон шийдвэр гаргагсад нэг үед төрж, нэг орчинд хүмүүжиж өссөн нэг тогооны бүтээгдэхүүнүүд шүү дээ. Нэгэнд нь муучууд, нөгөөд нь шилдгүүд цугларсан гэх нотолгоо олдох уу?

Сая Канадад Дэлхийн нийгмийн их хурал болж Монголыг муугийн жишээ болгон онцоллоо. Нийгмийн халамжид дэлхийн улс орнууд ДНБ-ийхээ 1,4 хувиа зарцуулдаг атал Монгол сүүлийн хэдэн жил хоёр дахин ихийг тараажээ. Гэнэт олдсон мөнгөөрөө туйлж өгсөн тэргүүний орон бол Монгол. Гэнэт Кувейт шиг баяжсанаа тэр дороо Бангла Дэш шиг ядуурсан хачин орон бол Монгол. Баяжаад эхлэнгүүтээ хөөрөлд автан мөнгө өгдөг гадаадын хөрөнгө оруулагчдаа хуйгаар нь хөөж гаргаад “хасах нөөцтэй” болсон орон гэвэл Монгол. Одоо эдэнд итгэж хөрөнгө оруулах газар олдохоо больсон. Цаана чинь Канадад болж буй хуралд Монгол хэмээх сонирхолтой гажиг орны тухай ингэж ярьж илтгэж хачирхацгааж байна.

Үүнд АН буруутай, буруутай. Би л лав дөрвөн жил энэ тухай ярьж “АН-ын эсрэг тууштай тэмцсэн” хэрэгт орчихоод байна. Гэвч “хүүхэд төрүүлсний, хурим хийсний” шагнал мөнгийг хэн санаачиллаа? Алтны 68 хувийн татварыг хэн санаачлан хэрэгжүүллээ (Хэдийгээр олон нүгэлтэй ч хөөрхий муу нэрт Портуун биш шүү)? 2012 оны сонгуулийн өмнө Чалкогоос 300 сая доллар, Эрдэнэтээс 75 сая доллар зээлж аваад хавтгайд нь тараасан эзэн хэн бэ? Банк, уул уурхай, холбоо, боловсролын салбар дахь Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлан хориглох 2012 оны хаврын алдарт хуулийг санаачлан зүтгүүлж батлуулсан нэр бүхий гурван этгээд одоо ч УИХ-д сууж байгаа нь худлаа гэж үү? Одоогийн хямрал дөрвөн жилийн өмнө эхэлсэн юм биш, арван жил үргэлжлэн урхагшсан зүйл. Худлаа гэж үү?