Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёр Япон, нэг Со

НЭГ. ДАМДИНСҮРЭНГИЙН ЯПОН

Япончуудын тухай анхны эерэг ойлголтыг бидэнд анх өгсөн хүн бол Ц.Дамдинсүрэн гуай юм. Түүний “Японд очих замын сүүлчийн тэмдэглэл”-ийг саарал хавтастай “Түүвэр зохиол”-оос нь анх уншиж, тэнд “дайсан самурайнуудаас гадна хүн шиг л хүн амьдардаг бололтой юм байна” гэх төсөөлөл бий болж байж.

Хөрөнгөтөн буюу албан ёсны дайсан орны тухай, дээр нь Халхын голд байлдалцаж явсан Японы тухай сайхнаар бичих осолтой. Осолтой гэхсэх юмгүй, угаасаа боломжгүй. Ийм учраас, Ерөнхий сайд болох гээд байгаа нэг улстөрч нь дайнд дуртай бүр ч горьгүй хүн бололтой гэхчилэнгийн, нам засгийг тайтгаруулсан үг үсэг бий л дээ. Шүлгийн түүвэр гаргахад хүртэл МАХН ба Монгол-Зөвлөлтийн найрамдлыг магтсан зүйлс оруулахгүй бол батлаж өгдөггүй байсан цаг болохоор аргагүй биз. Тэр түүвэрт “Арлын годгор чөтгөр, Азийн ноён болох гэж…” хэмээн эхэлдэг “Японы самурай” хэмээх айхавтар шүлэг нь ч бий. Дамдинсүрэн гуай нэг гараараа нам засагтаа “Японы самурай” хэмээх шүлэг бичиж өгөөд, нөгөө гараараа хүн шиг л хүн амьдардаг Япон орныг бидэнд нээж өгсөн байлаа. Уг тэмдэглэлд, атом цөмийн зэвсэг эсэргүүцэх олон улсын хуралд оролцох гэж ямар хүнд зам туулсан тухай, Японд монгол хэл судалдаг оюутнууд байдаг тухай, тухай тухай…гарна.

Япончууд байгууллагаа сурталчилсан чүдэнз хийгээд, бэлэглээд явдгийг уншаад хэрвээ тийшээ очвол янз янзын зурагтай олон гоё хайрцагтай болох юм байна гэж бодогдож байв. Бас нэг мэргэлдэг хэрэгсэл их сонирхол татаж байв. Мөнгө хийхээр нэг саваа гозосхийж гарч ирэх ба тэнд төлгийн бичиг байх аж. Дамдинсүрэн гуай саваагүйтэн түүгээр мэргэлж үзсэн болтой байдаг. “Та итгэмтгий сайн боловч муу хүн таарч хуурах аюултай” гэх маягийн юм гарсан гэдэг бил үү дээ.

Хөрөнгөтөн оронд үзсэн юмаа муулах нь социалист ертөнцийн төлөөлөгчийн албан ёсны үүрэг учраас мэргэний багажийг капиталистуудаас гэнэн ардыг мөлжих хэрэгсэл хэмээн тэмдэглэсэн нь бий. (Тэр үг одоо ч манайд үнэнээрээ байна) Мэргэ төлгө хориотой социалист лагерын сурагч хөвүүнд тэр их сонин санагдсан.

Дамдинсүрэн гуайн тэмдэглэлээс нэг чухал зүйл мэдэрсэн юм. Тэр нь, япончууд миний анх төсөөлж байсан шиг өглөө сэрэнгүүтээ л “За, өнөөдөр хэнийг алдаг юм билээ” гэж боддог мангаанууд биш юм байна гэсэн эргэлзээ. Тэмдэглэлээс харахад их эрдэмтэнтэй уулзсан олон хүн, түүний дотор монгол хэл сурч байгаа оюутнууд нь “бидэнтэй л адилхан хүн” гэдэг нь мэдэгдээд байв. Энэ бяцхан эргэлзээ бол социалист ертөнцийн хязгаар нутгийн сурагч хөвүүний хувьд гайхалтай нээлт байсан бололтой.

Дамдинсүрэн гуайн тэмдэглэлээс, сурагч миний бие Японы тухай өөрийн төсөөлөлтэй болсноос ч болсон юм уу “Япон-Монгол ярианы дэвтэр” худалдан авч байлаа. Алмаас гэж сонин нэртэй хүний зохиосон, зориудаар ч юм уу, царай зүс муутай хэвлэсэн ном сумын дэлгүүрт байсан юм. Яг тэр үед Алмас судалдаг Равжир гэдэг хүн манай суманд ирж, хязгаар нутагт “Христос дахин мэндэлсэн”-ий дайтай бужигнасныг ч хэлэх үү. Алмаас, Алмас хоёрыг ялгахтай үгүйтэй жаалуудад номын автор сонин санагдсаныг ч бас хэлэх үү?

Дотуур байранд амьдардаг сурагч миний бие өөрийн “бизнес”-ээр тэр номыг худалдан авсан бөлгөө. Учир юув гэхээр ийм юм, сумын дэлгүүрт архины лонх аваачиж тушаагаад оронд нь ном авч болдог байв. Түүнчлэн архийг нь уухаас лонхыг нь уудаггүй байсан томчуудын хишиг буян ч бас мөн. Дашрамд дурдахад, манай үеийнхэн архийг ашиглаж сурахаасаа өмнө лонхыг нь ашиглаж сурсныг дуулгахад таатай байна.

Тэндээс анх “Кон ничива” (Орос хэлний “ничего” гэдэгтэй яасан адилхан юм бэ гэж бодогдож байв) буюу “сайн байна уу”, “Ваташива, монгору жин дэсү” буюу “Би монгол хүн байна”, өөр бас нэг өгүүлбэр тогтоогоод өнгөрсөн. Мартагдсан өгүүлбэр нь монголоор бол “Тээр тэр харагдаж байгаа юм юу вэ” гэсэн утгатай байсан санагдана.

Харин “Соёонара” гэдэг үгийг “Хүний мөр” киноны “өгөр толгой” Гүрсэдээс сурсан байдаг. Яагаав, Японы тагнуулч Гүрсэд дайсан руу морз цохиж холбоо бариад л төгсгөлд нь “Аригато”, “Соёонара” гээд байдаг. Амь наана, там цаана яваа тагнуулчид холбоо барихдаа шифрлэсэн мэдээгээ бушуухан шидчихээд нуугддаг. Харин мань Гүрсэд “баяртай, дараа баяртай уулзъя” гэхчилэнгээр ёсорхож явдаг уужуухан дотортой тагнуул шүү. Төв шуудан дээр очиж Японы эзэн хааны тагнуулын албатай ярих захиалга өгөөгүй нь их юм.

Хэрвээ би улстөрч байсан бол “Ирээдүйд Японтой харилцаа сайжрахыг зөгнөж мэдээд, нууцаар япон хэл сурч байсан” хэмээн ярих байв. Даанч би эгэл хүн учраас хүмүүс үнэмшихгүй. Хүмүүс бие биенийхээ худал ярихыг андахгүй атлаа улстөрчдийг худлаа ярихаар үнэмшдэг нигууртай.

Гэхдээ, “зогс буудлаа”, “гараа өргө” гэхчилэнгийн үгийг японоор тогтоосонгүй, миний үеийнхэн гярмаан хэл үзээгүй атлаа “Хээнди хоох” гэж мэддэг л байсан гээд бодохоор. За даа, тийм өгүүлбэр мөнөөх ярианы дэвтэрт байгаагүй л хэрэг байх даа.

ХОЁР. СОСОРБАРАМЫН ЯПОН

Өнөөгийн япончууд монголчуудыг ойлгохыг маш их чармайдаг, харин манайхан тэндээс жаахан юм хусахыг тэднээс дутахгүй чармайдаг. Ер нь бол, хоёр тал адилхан чармайдаг.

Харин Сосорбарам Монголын урлагийг Япон оронд чамгүй сурталчлахыг чармайдаг. Тэрээр үндэсний урлагийн янз бүрийн хамтлагаар “театр”-аа бүрдүүлэн арлын орноор олонтаа аялжээ. Саяхан, “Билгийн ундарга” театрынхан “Их Монгол” хамтлаг, бас ах дүү хоёр уртын дуучин Ч.Батмэнд, Ч.Батмөнх нар, за тэгээд бүжигчин, бүжиг дэглээч Я.Энхгэрэл гээд авьяастнуудыг дагуулан Японд тоглолоо л доо. Үндэсний урлагийн авьяастнуудын хувьд хөөрхөн бизнес. Гэхдээ дөрвөн тоглолтын хоёрынх нь орлогыг буяны үйлст хандивлачих юм. Мөнгийг нь яг тоолоод өгч байхыг энэ хоёр цийдмэрээрээ хардаг юм байна. Дуулахнаа, ганц энэ ч биш гэнэ. Тээр жил, нөгөө айхавтар цунами болдог газарт буяны тоглолт хийж, хүн ардын сэтгэлийг уртын дуугаар амирлуулжээ. Зүтгэж босгосон, асарч өсгөсөн, ачилж өргөсөн бүхнээ нь нэг л агшинд арилан бүрлэхийг үзсэн тэр хүмүүс одоо ч хэвийн энгүүн амьдралын хэмнэлдээ орж чадахгүй шаналж, бэтгэрч явдаг юм гэнэлээ. Хайртай юмнаасаа салахын хэцүүг хүн төрөлхтөн мэддэг ч, хайртай юм бүхнээсээ зэрэг салахын гашууныг хэн л төсөөлөх билээ? Хаа холын хүн зовлон гунигийг нь нимгэлэхээр ирж, мөнх бусын орчлонгийн мөн чанарын тухай өвөг дээдсийнхээ гүн ухааны аялгууг хайлан хэлж өгөхөд тэд чамгүй тайтгарсан гэх юм. Монголчууд зөвхөн хандивлуулагч, өрөвдүүлэгч, бэлэг хүлээн авагч төдий байхаа больж хэр чинээгээрээ, байгаа юмаа хуваалцагч болсныг харж явлаа.

Тэр хэрээр нь япончууд Сосорбарамыг мэддэг, таньдаг болсон байна. Д.Сосорбарамын зохиосон “Жамаас” дууг Японы алдарт дуучин А.Яширо гэдэг эмэгтэй дуулж байхыг төв телевизээр нь харлаа. Тэр хүн өнгөрөгч зун Монголд ирж дуулсан ба уг нэвтрүүлгийг үзэгчдийн хүсэлтээр давтан үзүүлсэн юмсанж.

Монгол үндэстний урлаг соёлыг амилуулах, хорвоогийн хүн ардад түгээх үйлсээрээ Д.Сосорбарам нэрд гарсан. Өөрөө ч “Дэлхийн язгуур урлагийн маэстро” цолтой. Манай язгуур урлагийн шинэ залуу олон хамтлаг, уран бүтээлчийг тэрээр дэлхийн дэвжээ рүү хөтөлсөн нэгэн. Хэд хоноод би нутаг буцаж, Со үлдлээ. Тэрээр мөнөөх, Японы алдарт дуучинтай хамтарсан тоглолтыг найруулах гэрээн дээрээ ажиллах, завсраар нь С.Беккетийн “Года-г хүлээхүй” жүжигт оролцон тоглох…гэхчилэнгийн ажилтай үлдлээ.

ГУРАВ. ЯПОНГҮЙ СОСОРБАРАМ

Манайхан Сосорбарамыг үндэсний урлагийн зүтгэлтэн, ардчилсан хувьсгалын тугчийн нэг, өөрөө дарга болохгүй мөртлөө өөрийнхөө дарга нарыг айхавтар хангинадаг нөхөр гэхчилэнгээр чамгүй мэднэ.

Ардчилсан хувьсгал гэснээс 90 оны хувьсгал бол манай ард түмний бүтээл. Нэг хэсэг нь амь биеэ хайрлахгүй зориглон босч, нөгөө хэсэг нь уухайлан дэмжиж явсан. Бас зарим нь дэмжээгүй ч гэсэн эсэргүүцээгүй. Эсэргүүцэхгүй байна гэдэг бол том дэмжлэг байсан юм шүү. Ялангуяа “Дайсан этгээдийг илчилж, нугаслан дарахын оронд чимээгүй байж өөгшүүлнэ гэдэг бол дайсантай эвсэхтэй агаар нэг” гэж үздэг коммунист дэглэмтэй оронд. Мэдээж, ардчиллыг үзэн ядагсад, улайран ээргүүцэгчид байсаан, байсан.

Ардчиллыг олуулаа хийсэн болохоор ардчиллын зүтгэлтнүүд олон өнгөтэй. Санаж сэдсэн их үйлсээ, манлайлан хэрэгжүүлэх боломж олохын тулд засаглалийн эрх мэдэлд хүрч яваа ч хүн олон. Ерөөсөө, “коммунист нам төрийн удирдагч”-дыг унагаад оронд нь “ардчилсан нам төрийн удирдагч” болох гэж явсан ч юм уу гэж бодогдмоор нь ч бас байна. Тийм хүмүүсийг хараад “МАХН-д элсээд, намын үүрийн товчоо-аймаг, хотын намын хороо-намын төв хороо-улс төрийн товчоо гэсэн чиглэлээр карьер хөөж болох байтал, заавал ч үгүй хувьсгал хийж түвэг удах ямар хэрэг байсан юм бол” гэж бодогдмоор байдаг.

Харин нөгөө хэсэг нь өөрийгөө нээх боломж олох гэж ардчиллын төлөө явсан. Өөрийнхөөрөө амьдарч, эрх дураараа сэтгэх гэж зөнгөөрөө боссон хүний нэг нь Догмидийн Сособарам (бидний хэлдгээр Со) юм. Социализмын торонд хоригдсондоо бачимдаж, үзэл суртлаар жиргэн насаа барахын оронд өөрийнхөөрөө, гуагласан ч хамаагүй дуугарах гэсэн хүмүүсийн нэг нь тэр. Авьяас билгийн даль жигүүрээ намын үүрийн даргад баглуулахын оронд өөрийн хүслээр элин халин дүүлэх гэж байж ядаж явсан улсын нэг.

Тэр ардчиллын буянаар хүссэн юмаа олж аваад, билиг авьяасын огторгуйд элин халин яваа авьастнуудын нэг болж чадсан. Авах юмаа авснаа мэдэж, үүнээс цааш өөрөөс нь хамаарна гэдгийг ч харсан хэрэг. Тийм болохоор дарга дурга болох гэж давхидаггүй. (Та минь, “Дарга болдоггүй учраас сайн хүн” гэх гээгүй шүү. Дарга болсон сайн хүн зөндөө байна, цаагуур чинь) Харин, юу хүсч байснаа санадаг, юунд хүрснээ мэддэг цөөхөн хүний л нэг юм, манай Со.

Харин өөрт нь эрх чөлөө, боломж олгосон тогтолцоог хачин соргог ажиглаж байдаг, сортоотой нэгэн. Хэрвээ ардчилалд аюул учирвал, түүний тэмцэж олсон боломж, өөрийнхөөрөө элин халих эрх чөлөөнд аюул учирна гэсэн. Тийм болохоор үе үе зурагтаар “сүгсэгнэж” ардчиллын зарчмыг хамгаалж харагддаг нь ийм учиртай.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Төгрөг онхолдохыг Монголбанк ажиглахуй

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Төв банкны дэд Ерөнхийлөгч гээд нэг дажгүй залуу (нэт дээр зураг нь байна билээ) байна. Америк долларын ханш өсөлтийн учрыг нүдэнд харагдаж гарт баригдтал сайхан тайлбарлажээ. Монгол Улс ханшийн чөлөөт дэглэмтэй, энэ нь хуульд тусгагдсан гэнэ. Төв банк ханшийн тогтвортой байдлыг хангахад анхаардаг гэнэ. Эрэлт нийлүүлэлтээс хамаарч эдийн засгийн суурь бүрэлдэхийг бодит ханш гэдэг юм байна. Монголбанк яс тооцоолж байгаад бодит ханшийг тогтоосон аж. Монгол нь америк доллараар нэг их тооцоо хийгээд байдаггүй атал яагаад ингээд байгаа юм бол оо гээд Найман шарга дээр очоод шалгасан чинь тэд л энэ бузар үйлдлийг хийгээд байсан аж. Тэд валют арилжаанд жоохоон хувь эзэлдэг мөртөө ийм муухай юм хийсэн байгаа юм даа. Үүнийг дэд Ерөнхийлөгч хууль бус ажиллагаа гэж шууд нэрлэсэн байна. Арилжааны банкнаас америк долларын зээл аваад одоо шатаж байгаа зээлдэгчдийг банктайгаа эрсдэл хүлээхгүй гэсэн нэмэлт гэрээ хийгээгүй учраас хохь нь гэжээ.Бодлогын хүүг том дүнгээр нэмсэн учир их сайхан үр дүн өгч байгаа гэж байна. Энэ болгоныг Монголбанк бодоод л ажиглаад л тооцоолоод л байгаа юм байна. Дэд Ерөнхийлөгчийн хэлснээр нэг л их боддог тоцоолдог “Монголбанк” гээд өөрт нь хамаагүй нэгэн субьект байдаг бололтой, харин хаяг, дүр төрх, яаж боддог зэргийг нь нуугаад хэлсэнгүй.

Уг нь тун энгийн үнэн бол монгол төгрөгийг араас нь баталгаажуулах хөрвөх валют, эсвэл баталгаажсан үйлдвэрлэл, алт зэрэг үнэт металл, үнэт чулуу, урлагийн үнэт бүтээл гээд дэлхийн зах зээлд баталгаажсан чөлөөтэй хөрвөдөг зүйл Төв банкинд байхгүй хэрэг юм. Заавал америк доллар гээд байх юмгүй, юань, иен, канад ч болно австрали хонгконг ч хамаагүй доллар, евро, стирлингийн фүнт гээд чөлөөтэй хөрвөдөг бол ямар ч валют болно. Аль нь ч байхгүй учраас аймаар мундаг бодоод л ажиглаад суудаг Монголбанк яах ч юм билээ. Буруугаа хэзээ ч хүлээдэггүй монгол зангаараа америк доллар гаарлаа л гэх. Иен, юань, тайвань доллар тэгээд “гаарахгүй” байгаа юм уу? Монгол төгрөгтэй харьцуулахад орос рубль ч гаарч л байгаа бус уу? Ер нь тэд гаараагүй төгрөг унаад байгаа юм биш үү? Америк доллар гээд онцлон чичлэх юмгүй, бүх гадаад орны валют гаарч барьсан ч юм байхгүй мөрөөрөө байрандаа байгаагаар барахгүй монгол төгрөг яаж онхолдож байгааг огт анзаараагүй сууж байгаа.

Монгол Улс ханшийн чөлөөт дэглэмтэй гэх, Найман шарга валют арилжаанд жоохоон хувь эзэлдэг гэх – тэгээд мань Монголбанк бодоод бодоод, ажиглаад ажиглаад тэр муу жоохоонд чадуулчихаж байгаа нь хэний буруу вэ? Ханшийн чөлөөт дэглэмтэй юм бол бодож олсон бодит ханшаараа америк долларыг борлуул гэж арилжааны банкуудыг шахдаг нь яаж байгаа юм бол? Банк арилжаа хийж ашиг олдог болохоор “бодит ханш”- аас илүү үнээр зарахыг хичээнэ – тэгэхээр яахав, цагдаа аваачиж хянуулах уу? Жоохоон Найман шаргаас бүр жоохоон гадаадын элчин сайдын яамдын визний хураамжийг монгол төгрөгөөр үйлд гэж зарлигддаг нь америк долларын гааралтын эсрэг тэмцэл үү? Ингэж болдог юм бол Хойд Солонгосоос Ким Ир Сэний цээж зурагтай визний “хатуу валют” ихээр орж ирэхнээ дээ? Бас Оросоос, Вьетнамаас, Лаосоос, Болгараас… “Америк долларын хадгаламж их байгаа учраас хүүг нь тэглэе” гэсэн хөдөлгөөн улам хүчээ авч байна. Бодвол Монголбанк хэмээх субьект бодож олсон бололтой. Тэглэхээ байг гэхэд хүүг нь тэг рүү ойртуулахаар ярилцаж буй. Юмыг өргөнөөр сэтгэдэг лут мэдлэгтнүүд болохоор хүү бууруулах бодлогыг ганц америк доллар төдийгүй хятад юань, евро зэргээр өргөтгөх саналтай. Тэгэнгүүтээ хадгаламжийн америк доллараа банкнаас аваад гэртээ гудсан дороо нуучихна гэсэн өөрийнх нь далд санааг бусад хадгаламж эзэмшигчид бодоогүй гэж бодож байгаа юм байх даа? Бүгдээрээ зэрэг зэрэг банкнаас валютаа татахаар банк нэг дор төлж чадахгүй дампуурах бус уу? Гэх мэт, гэх мэт…

Валютын нөөцгүй болж, “ноён” гэж цоллогдох өөдгүй муу америк доллар их гаарч байгаа нь Ардчилсан намаас болсон учир дэлхий даяар энэ намыг шившиглэн орох газаргүй болгож, түүхэнд мөнхөд хараар бичигдэхээр болгож дөнгөлөө. За энэ ч яахав, нэг талаас түүхэн аугаа амжилт. Одоо тэгээд яах вэ? Хятадууд 2-4 тэрбум америк доллар өгнө гэсэн цууг өөрснөө тараалаа. Тэгвэл сайн л даа. Ардчилсан намын гэмт хэргийн шинжтэй өөдгүй муухай баабаа үйлдлийг хятадууд хариуцахнээ дээ? Тэгээд л ах дүүгийн гараа сунгаад л, тээ? Яахаараа хятадуудыг тийм тэнэг, мулгуу, гэнэн гэж бодоод байгаа юм бол? ОУВС 1,5 тэрбум доллар өгөх талаар цуурлаа. Болбол хоёуланг нь зэрэг хусчих санаатай мэдээллийн хэрэгслээр захиалгатай баахан суртал нэвтрүүлэг явуулав. Тэнгэр бурхнаас гаралтай, хошногон дээрээ гарал үүслийг нь цэнхрээр бичиж тамгалсан монголчууд юм хойно аль алийг нь зальдчиж дөнгөнө гэж бодоод буй бололтой.

Төсөөлье: Ихэнх оршин суугчид нь хот руу нүүгээд, цөөн айл үлдэн хаягдсан захын нэг ядарсан сумын төвд нэг арчаагүй эр амьдардаг байжээ гэж бодъё. Эхнэр нь хэдэн хүүхдээ аваад салаад холоо явчихсан. Мань ядарсан эр хүн болгоноос мөнгө гуйсаар ойр орчмынхон нь бүр залхчихсан. Тэрээр ганц үйтэн хуаран дээлтэй ч таарсан болгонтойгоо барилдсаар байгаад салмайлгачихсан. Ганц морьтой боловч хэрээ мэдэхгүй ойр хавийн уралдаан болгонд оролцсоор байгаад бахардуулаад үхүүлчихсэн. Бийгээс гэртэй ч арчлахгүй байсаар цас бороонд идэгдээд хүн танихын аргагүй оромж овоохой болчихсон. Хааяа хот хүрээнээс жуулчин, айлчин, төлөөлөгч, дарга ирэхээр албатай юм шиг очиж уулзан мөнгө гуйна. Мөнгөөрөө яах гэж байгаагаа харин ч нэг сайхан бурна даа. Юун түрүүн эх орныхоо нэрийг гаргах гэж байгаа гэж эхэлнэ. Эх орныхоо нэрийг гаргаж яах ч гээд байгаа юм? Зээлэх мөнгөөрөө орчин үеийн үйлдвэр бариад цөлжсөн говьд цөөхөн үлдсэн ургамлаас хорт хавдар бүрэн эмчлэх эм гаргаад хүн тоолж барахгүй олон тэгтэй америк доллараар дэлхий даяар зарж борлуулах юм байх. Өнөөх ургамал нь бараг л үхсэн хүнийг босгож ирэх шидтэй ба жорыг нь эцэг өвгөд нь ам дамжуулан хойч үедээ нууцлан хэлж үлдээсэн аж. Уг нь эмээ гаргаад авчихвал шууд л Нобелийн шагнал авчихмаар боловч даанч одоохондоо хэдхэн америк доллар дутаад байгаа гэх. Гуйж байгаа зээлэх мөнгөө олон дахин нугалж эргүүлж төлөх гэнэ. Хэдийгээр тэрээр үнэхээр дөнгөж долоон жилийн боловсролтой боловч нэг хэсэг баяжих үедээ худалдаад авчихсан хувийн сургуулийн дипломоо мөнгө зээлэх баталгаа болгон духан дээрээ нааж харуулна. Уг нь тэр нэг хэсэг овоо мөнгөжсөн намтартай. Хэдэн жилийн өмнө эцгээс уламжилж ирсэн хөөргийг зараад хэсэг хугацаанд мөн ч өвчигнөсөн дөө. Урчихсан дээл, үхүүлчихсэн морио тэр цагт үнэ хаялцан байж авсан юм. Сум нь тоггүй атал хотоос асар том дэлгэцтэй нимгэн зурагт хүртэл зөөж авчирсан. Муугаа мэдэхгүй архинд дуртай гэж яана. Нэг хэсэг архи голж дагнан коньяк, виски, грэй гүүс гудардаг байлаа. Одоо тэндээс үлдсэн баахан хоосон шилийг зарах гэж гүйх ч авах эзэн олддоггүй. Тааралдсан хүн болгоноос мөнгө гуйж явдаг түүнд зээлэх хүн олдох уу?

Энхбаярын үед ганцхан тэрбум америк долларын Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй байсан манай ард түмэн цатгалдаж үхэх гэж байгаагаа ам уралдан зурагтаар хөөрөлддөг байсан бол эдүгээ 12 тэрбум долларын ДНБ-тэй мөртөө турж үхэх гэж байгаагаа гайхан савж унацгаана. Ингэхээр айлаас эрэхээр авдраа ухвал нэлээд нөөц байгаа бололтой. Их хэмжээний хадгаламж зүсээ хувирган америк доллар болсон нь үнэн ч байж магадгүй. Нэлээд мөнгө “офшоорт”. Офшоортой хүнийг цаазална, америк долларын хадгаламжтай бол хүүг нь тэглэнэ гэж мангасдаж байхаар эвтэй аргаар цуглуулчиж болмоор. Төрийн асар их алдагдалтай үйлдвэрүүдийг зөвхөн эх орны мов монгол төгрөгөөр үнэ дуудан зарвал болох мэт. Гудсанд нуусан америк долларыг нь төгрөг болгох өөр олон арга байна. Хот суурингийн, ялангуяа Улаанбаатарын сул газруудыг үнэ хаялцуулаач. Заавал Их хурлын их мангаруудаас асуулгүй Засгийн газар, хотын захиргаа үүнийг бие даан шийдчиж болдгийг Бат-Үүл яруу тодоор харуулсан шүү дээ. Хямарлаа л гэх, гэтэл ямар их америк доллар гудсан дор байдгийг харлаа. Тэгээд ч үнэ дуудахаар хаа хаанаа шударга. Нийгмийн салбарын хувьчлал гэж бөөн мөнгө. Үнэ дуудахаа больё гэхэд менежмэнтээр өгчихөд л төрийн ачаалал эрс багасаж, нэмэр дээр нь хариуцлага үйлчилгээ нь сайжраад л явчихна. Заавал төр эмчилж, төр ном заахаар болдог, хувийнхан болохоор өвчтөнөө үхүүлээд л, хүүхдийг тэнэг болгоод байдаг хэрэг үү? Дээр өгүүлсэн ядарсан сумын ядарсан эр шиг төр баяжсан үедээ ямар их хэрэгтэй хэрэггүй тоног төхөөрөмж, машин сав авсан гээ. Эргүүлээд зараач, Гобсэк шиг илжиртэл нь хадгалж юугаа хийнээ! 50 сая хүнд үйлчилж хүрэх олон MRI –гаа хямдруулаад ядуу оронд зараач. Засгийн газар хэд хэдэн сайдаараа дамжуулан “Монголд болж буй эдийн засгийн хямралыг бид анхааралтай ажиглаж сууна” гэж албан ёсоор мэдээлсэн. Тэнэг юм шиг мэлийтэл ажиглаж алхайтал сууж байхаар ажиллаач. Тархиараа бардаггүй юм гэхэд ядахнаа булчингаараа.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дуудна гэж баахан хошгорууллаа. Мөнгөө оруулж ирэх гэж байгаа цаадуул чинь тарвага биш хүн юм болохоор шийрлэчихсэн цахиур буу шагайгаад хэвтэж байгаа монголчуудаас айгаад нүхнээсээ гарч ирэхгүй шүү дээ. 1988 онд Америкийн сансар судлалынхан Монголын нутагт 10 тэрбум баррелийн багтаамжтай хөндий байгааг илрүүлсэн. Ийм хөндий устай, нефтьтэй, байгалийн хийтэй эсвэл хоосон байж болдог гэнэ. Чухам юутайг нь өрөм тавьж хайгуул хийж мэддэг юм байна л даа. Дархан цаазтай гээд Их нуурын хотгор, Их говийн дархан газрын хөндийд хайгуул огт хийгээгүй. Дараагийн судалгаагаар Их нуурын хотгорт хоолойгоор зөөхүйц их нефть байж болох таамаглал хятадууд дэвшүүлээд Монголын төрөөс зөвшөөрөл аван хайгуул хийж эхэлжээ. Гэтэл увсынхан хүн амаа хятадтай эрлийзчихэж магадгүй гээд хөөгөөд гаргачихсан. Өөрсдийнхөө хөрөнгөөр хайгуул хийж байгаа улсыг аймагт, суманд, багт, иргэнд юу өгөх гэж байгаагаа хэлэхгүй байна гэсэн гомдол. Увсынхны ихэнх нь нүүгээд төвийн нутгаар суурьшчихсан болохоор нутаг жалгынхаа үзэсгэлэнт сайхан байгалийг сахин үлдсэн, Улаанбаатарын нэг байшингийн ганц орцонд багтахуйц “нутгийн эх орончид” төрийн шийдвэрийг эсэргүүцэн будаа болгож буй нь энэ. Хайгуулчид буцахдаа хий зардлын хоёр сая шахам америк доллараа олон улсын шүүхээр дамжуулан нэхнэ гэж заналхийлсэн. Мэдээж тэд дэлхийгээр нэг зарлана. Харин Монголын Засгийн газар үргэлж эх оронч охид хөвүүдийнхээ талд баттай байдаг болохоор чимээгүй өнгөрөв. Сингапур манайд мөнгө зээлэх сураг гарч байна, Саудын Арабтай зээлийн талаар ярилцаж байгаа, Канад, Австралийн хөрөнгө оруулагчид ирнэ гэж ам алдсан, япончууд Таван толгойд үйлдвэр барина гэж гуйгаад салдаггүй гэх маягийн юм яриад сууж байгаа манай Засгийн газрынханд итгэх хүн олдох уу?

Засгийн газар чаддагаараа албан тушаал л зарж суух шив дээ. Авлигаа ориг монгол төгрөгөөр авч бай л даа, тэгвэл цаадуул чинь гудаснаасаа америк доллараа гаргаж ирж Найман шарга дээр жинхэнэ монгол төгрөг болгоод очно, энэ хооронд валютын нөөц нэмэгдэнэ шүү дээ. Албан тушаал наймаалах бизнесийг Энхбаяр анхлан санаачилж хэрэгжүүлсэн ч тэр нь одоогийн Засгийн газартай харьцуулахад хавьгүй цэгцтэй, ойлгомжтой байж. Юу гэхээр тэр үед албан тушаал худалдах нэг цонхны үйлчилгээ үзүүлдэг ганцхан том их дэлгүүр байсан юм. Одоо болохоор өнөө их дэлгүүрийг нь албан газрын тоогоор задлан учиргүй олон ТҮЦ болгоод цонх болгоноос наймаалцдаг болжээ. Төөрдөг байшин шиг аль цонхонд ямар албан тушаал зарж байгаа нь ч мэдэгдэхгүй. Худалдагч нь ч найдваргүй, нэгэнтэй нь тохиороод америк доллараа өгчихөөд байхад цаанаас нь бүр том худалдагч гарч ирж наймааг буцаах мөртөө төлсөн мөнгийг эргүүлж өгөхгүй, шинээр нэхнэ гээ. Шударга бус байна ш дээ!

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын фракц хоорондын тэмцэл ард түмнийг туйлдуулж эхэллээ

С.Зоригийн хэрэг, Төмөр замын хэрэг Шүүхийн шатанд очлоо. Зэрэг шахуу шүү. Н.Алтанхуягийн эхнэрт хилийн хорио тогтоож, дүүг нь цагдан хорилоо. Залгуулаад АН-аас хэнийг нь хэрэгт холбогдуулах юм, мэдэхгүй. Үргэлжилсээр л байх бололтой. Толгой нь ийм байхад АН-ын ҮЗХ, Их хурал, намын дарга, Ерөнхийлөгчийн сонгуулийн юу нь чухал байгаа юм бэ. ҮЗХ-ны гишүүд, шинэчлэл яригчид юунд итгэж найдаад байгаа юм бэ. Дарга нарыг чинь, том ах нарыг чинь нэг нэгээр нь байцаагаад дууслаа. Өчигдрийн ҮЗХ-ны хурал дээр үг хэлж байсан нөхөр өнөөдөр “Ганц”-д байхад гайхах юм алга. Энэ бүхэн та нарын гол фон болсон АН-ын нэр хүндийг нийгэмд навс унагасаар байна. Шударга хэлэхэд хичнээн цаг хугацаа, орон зай туулж АН-ын нэр хүнд унасаар байхыг та нар таашгүй. Энэ байдлаар бол Ерөнхийлөгчийн сонгуульд ч нөлөөлнө. Энэ хэвээр үргэлжилбэл ирэх 2020 онд ч ард түмний дунд АН инээдэм ханиадам байсаар байна. Эмгэнэл нь үүнд л байна.

Сөрөг хүчин чинь бэлээхэн ийм муугийн загвар болчихсон байгаагаас МАН-ынхан одоо сургамж авах хэрэгтэй. 2013 оны дундаас эхлэн энэ орны улс төр, эдийн засгийн амьдралд юу гээчийн холион бантан болов. “Чингис” бондын хөрөнгөөс Төмөр замд 600 сая ам.доллар өгөхөөр Н.Алтанхуягийн Засгийн газар шийдсэн санагдана. 200 саяыг нь Женко авсан. Үлдсэн санхүүжилт нь жаахан саарч эхэлсэн. Үүн дээр л бяртай байсан Женко түрэгдсэн зан гаргаж Н.Алтанхуягтай илэрхий зөрчилдөв. Үүнийгээ ил тодорхой нийгэмд зарласан нь том хагаралдааны эхлэл. Ингээд Н.Алтанхуягийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь унагав. УИХ дахь АН-ын гишүүн 15 хүн Н.Алтанхуягийнхаа эсрэг кноп дарав. Зарим нь чуулганы танхимд ирээгүй. Чуулганд суусан зарим нь “Наад танхимаасаа хурдан зайлаач” гэсэн утасны командаар юбкаа урчих шахан картаа сугалж гарч гүйснийг Монголын ард түмэн нүдээрээ харж ой нь гутацгаасан. Ингэж нэг санаа нь амарсан нөхөр өөртөө хэт итгэснээ, өөрөөс нь илүү бяртай нөхдүүд нэгдэж аваад өөдөөс нь хөдлөхийг огтхон ч тооцоогүй. Ингээд л засаглалд олонхи болсон АН-ынхан юун улс орноо удирдан жолоодох, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, Таван толгой дээр таван хэсэг болж хоорондоо алалцаж, биесээ барьж шоронд хийж, шүүрэн шанага шиг болцгоов. Үр дүн нь гэвэл улс орон, ард түмний амьдрал доройтож, эдийн засгийг таг зогсоож, улс төрийн гүн хямралд орсон. Эх орноо иймэрхүү болгосных нь шанд ард түмэн тэднийг тэр чигээр нь төр засгаас зайлууллаа. Үнэндээ Н.Алтанхуягийг огцруулсан тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл АН өөдөө нар үзсэнгүй. Үргэлжилсэн бүрхэг өдөр, салхи шуурган дунд байна. Үүндээ тэд дүгнэлт хийж, ойлголцож, нэг шугаман дээр даруй гарахгүй бол өөрсдөд нь ямар аймаар ужиг тусч үргэлжилсээр байхыг өнөөдөр нийгэмд шуугиан тарьж байгаа эхэнд дурдсан хэргүүдээс харж болно. Дээрх хэргүүдийг тийм амархан Шүүх шийдчихгүй байх аа. Долоохон сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах байлгүй. Өө бүр, өшөө өргөжүүлж АН-ын арай дөнгүүр, сонгогдох магадлалтай нөхдийг хамруулсан шигээ явсаар 2020 оны хавар хүргэж ч мэднэ.

АН-д үүрлэсэн ийм л ужиг хагаралдаан өнөөдөр МАН-д адилхан өрнөж эхэллээ. МАН-ын фракц хоорондын тэмцэл оволзож, хөнжилдөө орох завгүй хөлхөлдөн тэмцэлдэж байна. Анхлаад албан тушаалын наймаагаар эхэлснийг ард түмэн мэдэх байгаа. Тэр шинээр ирсэн дарга чинь тэрний хүүхэд, энэний дүү, түүний нууц амраг нь… гээд захын иргэн цайны газар яриад сууж байгаа нь нууц биш болжээ. Улс төр судлаачдын бичиж байгаагаар бол МАН-д М.Энхболдын буюу хотын фракц, увсынхан буюу Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нараар толгойлуулсан фракц, Сү.Батболд-С.Баяр нарын фракцууд илэрхий хоорондоо зөрчилдөж эхэлсэн байна. Сүүлийн мэдээллээр бол С.Баярыг Элчин сайдаар явуулснаар Сү-гийнхэн хэсэгтээ хүч нь сулрах төлөвтэй гэжээ. М.Энхболд тэдэнтэй ойлголцох гээд л байгаа бололтой. Гэвч хоёр фракцийн зарим нөхөд хоорондоо үзэлцсээр байгааг С.Бямбацогтын нүүрний шархнаас харж болно. АН-ынхан хэдий хатуу хөтүү үзэлцдэг ч нэгнийхээ нүүр рүү арай ч цохиж байгаагүй байх. Тэгэхээрээ л МАН-ын гурван том фракцын тэмцэл хурц хэлбэрт оржээ. С.Баяраар нь харахаар ойлголцоод ч байгаа юм шиг, С.Бямбацогтоор нь харахаар алалцаад ч байгаа юм шиг. Яах аргагүй АН-ын шинж тэмдэг рүү бүрэн утгаар хэлбийлээ. Өнөөдөр МАН доторх гурван том фракцийн зөрчлийг зүйрлэвэл Крыловын ёгт үлгэр санаанд орно. Хавч, галуу, загас гурав олсон ачаагаа авч явахын тулд гурван тийшээ чангаасаар дуусдаг шиг. Загас нь ус руу, галуу нь тэнгэр рүү, хавч нь газраар чирдэг. МАН яг л тийм байдалтай байна. Ойрын жишээ гэхэд “Эрдэнэт”-ийн захирлын асуудал байна. М.Энхболдын фракц нь Бадамжунайг, Увсынх нь фракц Алтанг, Сү-гийнх нь Д.Зоригтыг зүтгүүлснээр гацалт үүссэн гэж судлаачид бичиж байна. Энэ ч бага хэрэг. Улс оронд хамгийн хор уршигтай тусч буй зөрчил нь ам.долларын өсөлт байна. Ам.долларын ханшийн өсөх, буурах бодит прогноз Монголбанкинд л багцлагдана. Аль үед нь суллах, аль үед нь чангалах, үүнээс хэн ашиг олох, хэн алдах, эцсийн дүндээ хэний нэр хүнд унах гэхчилэн. Долларын ханшийн огцом савлагаа Засгийн газар, Ерөнхий сайдын нэр хүндэд халтай тусч байгаа. Ерөнхий сайдын нэр хүнд унана гэдэг нь М.Энхболдын фракцын нэр хүнд унана гэсэн үг. Харин Увсын фракцад бол долларын өсөлт падлий ч байхгүй. Харин ч тэдний улс төрийн зорилгод ашигтай, улам дөгөөгөөд сууж байгаа. Сү-гийнхэнд бүр ч хамаагүй, харинчиг Оюу толгойг бид хөдөлгөсний хүчинд Монгол Улс өнгөрсөн жилүүдэд доллартай байж, улс орны эдийн засаг сайжирч байсныг мэдэж байна уу хэмээн С.Баяр өчигдрийн чуулган дээр чанга тод хэлнэ лээ. Крыловын ёгт үлгэр шиг Монгол Улс хэмээх том ачааг МАН чирч явахдаа ийнхүү гурван тийш нь чангааж байна. Үүнээс болж хичнээн аж ахуйн нэгж дампуурч байна. Ард түмний амьдрал хэрхэн доройтож байна. Энэ хэвээр МАН-ын фракцууд цааш алалцаад байвал энэ улс оронд хөдлөх ямар ч том төсөл хөтөлбөр, эдийн засаг байхгүй. Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Цахилгаан станцууд, Нефтийн үйлдвэр, Банк, Мах… юу ч байсан гурван тийш нь чангаасаар 2020 онтой золгоно. Тэр үед зөрчил нь улам ужгирч өнөөдрийн АН-ынхан шиг засаглалаас буучихсан хойноо ч бие биенээ шоронд барьж өгсөөр сөнөцгөөнө. Улмаар МАН-ын фракцууд өнөөдрийн энэ зөрчлөө нийгмийн сэтгэл зүйд АН-ынхан шиг хүргээд байвал Монгол Улс сүйрнэ дээ. Тийм болохоор сошиал дахь ямар ч эзэн биегүй, золбин сувгуудаар шившгээ дэлгэхээ даруй зогсоох хэрэгтэй. Энэ чинь ард түмэнд хортой. Өмнөх дөрвөн жилд АН-ын нөлөө бүхий гишүүд эсрэг фракцын нөхдөө нийгэмд гутаан доромжлох зорилготой хэдэн зуун хүнтэй сошиалын багуудыг цалинжуулан ажиллуулж байлаа шүү дээ. Эцэст нь өөрийгөө ч, өөрийнхөө намыг ч сонгуулиар намнаж эцэстээ бүгдээрээ Эрүүгийн цагдаа, АТГ-ын хавиар өнөөдөр газар ширтэн эргэлдэцгээх болсныг та бид харж байна. Өчигдрийн түүх ийм байхад нам доторх эсрэг фракцаа намнах зорилготойгоор хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг нөлөөндөө байлгах, сошиалын баг бүрдүүлэх үйл явц МАН-ын томчууд дотор өнөөдөр хэдүйн бий болж эхэлснийг судлаачид бас бичээд эхэллээ. Ямартай ч М.Энхболдын фракц Монголын нэгэн өдөр тутмын сонины хувьцааг худалдаж авсан байна. Сү-гийнхэн сошиалын нэгэн том редакц байгуулж буй сурагтай. Эдгээр чинь л өөрөө өөрсдийгөө сөнөөх, намаа булшлах зэвсэг болдог юм шүү дээ.

МАН-ынхаан, та бүхэн өнөөдөр Монголын хувь заяаг авч явах үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүс. Танай намд фракц хоорондын зөрчил тэмцэл, алалдаан байх нь хамгийн аюултай. Хор уршиг нь ард түмэнд тусна. Ард түмнээ туйлдуулсны хариу хатуу ирдэг нь хүний хорвоогийн маргашгүй үнэн бололтой. АН-ын фракцын толгойд байсан хүмүүс өнөөдөр ямар хүнд байдалд байна. Цаашид хэн нь ямар хүнд байдалд орохыг бурхан ч мэдэхгүйд хүрлээ шүү дээ.

Д.БАТБОЛД

Categories
их-уншсан туслах-ангилал

С.Чинзориг гишүүнийг өвөл идэштэй, зун айрагтай байлгах гэж үр хүүхдээ битгий золиослоосой?

Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригийн Их хурлын чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэ нь малчин гаралтай С.Чинзориг гишүүний санаачлан боловсруулсан малчдын насыг таван жилээр урагшлуулах хуулийн төсөл юм. Уг хуулийн төсөл батлагдсанаар хориос доошгүй жил малчнаар ажилласан 55 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй тэтгэвэртээ суух болж байна.

Малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулсан Чинзориг гишүүн үнэхээр хөдөөнөөс гаралтай гэдэг нь үнэн байх л даа. Өвөрхангай аймгаас Их хуралд сонгогдсоныг олон түмэн мэднэ. Харин малчин түмэндээ сүрхий хайртай юм шиг дүр үзүүлж, тэдний ахуй амьдралыг жигтэйхэн мэддэг хүн шиг нийгэмд тодорч байгаа гишүүний хүүхдүүд мал малладаггүй. Малын бууцанд дөхөх нь бүү хэл Монголын нийгэмд ч амьдрах дургүй. Эхнэр хүүхэд нь англи, америкаар л байдаг юм гэж дуулддаг. Тийм атал чухам юуны учир малчдын тэтгэврийн насыг урагшлуулах гэж улайран зүтгээд байна вэ гэхээр хөдөөд залуу малчид ховордоод байгаа гэнэ.

Нэг ёсондоо манай эрхэм гишүүн Чинзоригийг өвөл идэштэй, зун намрын цагт айрагтай байхыг нь бэлдэх хүмүүс цаашдаа дутагдаж магадгүй хэмээн тэвдэж сандарсандаа малчдыг эрхлүүлэх ээлжит аргаа ийн сэдсэн хэрэг л дээ. Чуулганы хуралдааны үйл явцаас энэ байдал нь илэрхий анзаарагдаж байсан. Тухайлбал, “Малчдын залуу халааг бэлтгэхэд энэ хууль ихээхэн хөшүүрэг болно. Тиймдээ бид тэтгэврийн насыг таван насаар наашлуулж өгье, малчнаар ажилласан жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлж тооцдог болъё гэдэг асуудлыг тусгасан. Мөн Их хурлаас баталсан Нийгмийн даатгалын талаар баримтлах бодлогод малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцна гэж заасан байгаа. Энэ хууль цаашдаа хэрэгжээд явах байх” гэж улайм цайм мэдэгдсэн.

Я.Содбаатар, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Д.Мурат, Н.Энхболд, М.Билэгт нарын олон гишүүд уг хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, “Монголын малчин түмэнд хүлээлт үүсгэсэн төрийн шийдвэр боллоо”, “Нүүдлийн мал аж ахуйг хамгаалахад маш том хувь нэмэр орууллаа”, “Залуу малчдын тоог бууруулахгүй авч үлдэхэд зөв бодлого болж чадна” гэх зэргээр хоолойгоо чичрүүлэн байж ихэд нялуун тайлбаруудыг өгч байлаа. Хөдөөд залуу малчид ховордож байна гэдэг бол Монгол төрийн түшээдийн айж сандрах биш, харин ч баярлаж бахархах зүйл юм.

Малчид үр хүүхдээ, ирээдүй хойч үеэ боловсролтой, соёлтой, мэдлэг чадвартай хотын иргэн болж төлөвшүүлэхийг зорьж байна.

Өөрсөд шигээ уулын мухар сахисан өрөвдөлтэй, гунигт хувь заяаны эзэд болгохгүй гэж тэмцэж байна. Гэвч Монголын төр малчдаа эгээ л хоцрогдсон, бүдүүлэг амьдралтай нь хадаж орхих гэж, улмаар устгаж үгүй болгон мөхөөх бодлогоо тулган шаардсан хэвээр. Бидний амьдарч буй соёлт нийгэмд, нийслэл хотод зэрлэг бүдүүлэг омгийнхон ороод ирэх вий гэсэндээ уг хуулийг хэрэгжүүлэх гэж амь тэмцэн зүтгэцгээж байгаа нь илт.

Ц.Даваасүрэн гишүүн “Монгол Улс нийслэл хотын утаатай тэмцэх мөнгөөрөө малжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн бол илүү үр дүнгээ өгөх байсан. Хэдэн зуун тэрбум төгрөгийг наад зах нь малын хашаа саравч болгосон бол Улаанбаатарын утаа багасах байсан” гэж Их хурлын чуулганы танхимд хэлж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ. Малчдаа хотод оруулж ирэхгүй, хөдөөдөө нүүрэндээ үстэй адгуусынхаа нуруун дээр үүрд дуусаг гэсэн төрийн түшээдийн санаа бус уу.

Малчид хүүхдээ бараг л арван настайд нь сургуульд оруулж болно гэх хуулийг төр засаг гаргаж байсан. Энэ бол маш холын урхагтай, туйлын буруу шийдвэр болсон. Ерөөсөө нүүдэлчин малчдыг устгах гэсэн бодлогын хөрс суурь нь гэж хэлж болно. Ерөнхий боловсролын сургуульд сурах насандаа орж суралцаагүй бол тухайн хүүхэд харанхуй бүдүүлэг хүн болохын эхлэл тавигддагийг хэн хүнгүй бүгд мэднэ. Мөн малчдын зээлийг хүүг бууруулах тухай хууль байна. Малчдыг малгүй болгох, модыг нь бариулах гэсэн хамгийн харгис хууль. Эл бүхний үргэлжлэл нь саяхан баталсан малчдын тэтгэврийн насыг наашлуулах хууль юм. Эрт тэтгэвэрт суулаа гээд малчдад ямар нөлөө байна вэ, ингэхэд. Бодит амьдрал дээр бодоод үзье л дээ.

“Хөгшин бид хоёр тэтгэвэртээ гарлаа. Одоо энэ мал манайд хэрэггүй” гээд хоттой хонь, зэлтэй үхрээ уул руу туухгүй нь лавтай. Тэтгэвэртээ суусан суугаагүй малаа хариулах нь үнэн. За яахав дээ, төрөөс таван төгрөг л авах юм биз дээ. Монголын төр малчдыг бусдаас илүү ингэж харж үзэж байгаа нь Америкийн индианчуудын амьдралыг эрхгүй санагдуулдаг. Энэ тухай манай сонин “Монголын малчдыг Америкийн индианчуудын хувь заяа хүлээж байна” гэж бичиж байлаа. Америкчууд индианчуудаа устгахдаа тэдэнд зориулсан тусгай хуулиуд гаргаж байсан түүх бий.

Америкийн дэлгүүрүүдийн гадаа индианчуудын өдтэй толгой, монхор хамартай зурагт самбар байдаг. Тийм дүрс бүхий самбартай дэлгүүрээс архи, тамхиа наян хувийн хөнгөлөлттэй худалдан авна. Бусад хүнсний бараагаа үнэ төлбөргүй авах эрхтэй. Ингэж төр засгаараа тэтгүүлснийхээ үр дүнд индианчууд архичин, тамхичин болсон. Ямар ч ажил алба хийх шаардлагагүй учир амьд үхдэлүүд болоод эцсийн дүнд устаж үгүй болсон.

Яг ийм эмгэнэлт хувь заяаг Монголын төр малчиддаа үүрүүлж байна. Өнөөдөр бид бэлчээрийн мал аж ахуйг сайн дурын аж ахуй гэж үзэх хэрэгтэй. Жалга жалгын мухар сахисан малчдыг дэмжих бус мах, сүүний чиглэлийн фермерүүдийг бодлогоор дэмжих цаг нь ирсэн. Улаанбаатарын ойр орчимд Төв аймгийн нутаг дэвсгэрт, мөн Дархан, Эрдэнэтийн чиглэлд мах, сүү, тариалангийн хичнээн олон фермерүүд үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой. Үүнд төр засгийн зүгээс жижигхээн зохицуулалт л хийгээд өгчихвөл болох нь тэр. Төрийн зохицуулалт л дутагдаж байгаа.

Түүнээс “Гацуурт” компаниас аваад хувийн өч төчнөөн аж ахуйн нэгжүүд амжилттай ажиллаж байна. Малчдыг аанай л зэрлэг бүдүүлэг нийгэмд нь хашиж орхино гэж хоолой нийлүүлэн орилолдоод байгаа гишүүд орчин үеийн шинжлэх ухаанаа дагасан фермерийн аж ахуйг дэмжих хэрэгтэй. Түүнээс биш хөдөөд залуу малчид ховордлоо хэмээн хуулийн төсөл барин саарал ордон дотроо сандарч гүйлдээд байгаа чинь зэвүүрхэл төрүүлж байна. Тэгэхээр яг жинхэнэдээ Чинзориг гэж нөхөр малчдынхаа амьдралыг мэддэгтэй, тэднийг хайрлаж энэрсэндээ тэтгэврийн насыг нь урагшлуулах гээд байгаа юм биш гэдэг нь ойлгогдож байгаа байх. Их хурлын эрх ямбат гишүүнийг өвөл нь идэштэй, зун нь айрагтай байлгахын тулд Монголын малчид үр хүүхдээ битгий золиосой гэдгийг эцэст нь хатуухан хэлье.

Б.БАТБОЛД

Categories
их-уншсан туслах-ангилал

Цахим бороохой

Дөнгөж өчигдөрхөн дөө, арван жилийн сургуулийн бололтой нэг охины зургийг “Биеэ үнэлдэг сурагч охин ангийнхаа хөвгүүдэд ДОХ тараалаа” гэсэн тодотголтой цахим хуудсанд байрлуулчихсан байсан. Түүнийг өчнөөн хүүхэд үзээд, бие биендээ дамжуулаад, сургууль, анги даяараа доог тохуу хийгээ биз ээ. Хөөрхий охин ямар их шаналж, гутарч, ганцаардаж буйг бид төсөөлшгүй юм. Магадгүй, тэр амьд явах боломжгүй мэт санаж, амиа хорлох тухай бодож байгаа. Юун дэмий зүйл бичдэг юм гэж та бодуузай. Хэрэв таны хүүхэд арван жилийн сурагч бол хамгийн их анхаарал хандуулах сэдэв энэ болоод байна.

Ухаалаг гар утас, интернэт ердийн хэрэглээ болсон энэ цагт хүүхэд бүр өөрийн фэйсбүүк, инстаграм, твиттер, и-мэйл хаягтай болж, анги сургууль, найз нөхдөөрөө нэг групп үүсгэн мэдээлэл солилцох зэргээр харилцаа үүсгэдэг. Арван жилийн сурагчдын хувьд фэйсбүүкийг хамгийн түгээмэл ашигладаг. Сонирхолтой мэдээлэл оруулан өөрийн болон найз нөхдийнхөө гоё зургийг тавьж, гэрийн даалгавар хийхдээ нэгнээсээ асууж лавладаг байсан энэ цахим хуудас өдгөө сурагчдын бие биенээ гадуурхаж дээрэлхэх, мууг нь үзэх хамгийн өргөн талбар болжээ. Үүнээс үүдэн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 20 гаруй хүүхэд амиа хорлосон байна. Өөрөөр хэлбэл, цахимаар муулуулж, доромжлуулж, гүтгүүлсэн хүүхдүүд амиа хорлохоос өөр сонголт байхгүй мэт сэтгэл санааны хүнд цохилтод ордог. Анзаарга сайтай эцэг эхчүүд бол хүүхдийнхээ зан аашийн өөрчлөлтийг анзаарч мэдээд, хүүхэдтэйгээ ярилцан, багш найз нөхөдтэй нь уулзан учир начрыг нь олдог, бүр болохгүй бол өөр сургуульд шилжүүлдэг. Анзаарч мэдэрч чадаагүй эцэг, эх нь хичээлдээ явсангүй, юундаа уурладаг болчихоов гэх зэргээр нэмж загнасаар байгаад тэднээсээ үүрд хагацаж байна.

Цахим сүлжээ дарамт зурган илэрцүүдХүүхдүүдийн дунд газар аваад байгаа цахим гадуурхал бол маш хурдан хугацаанд олон хүнд хүрч, өнгөц бодит бус мэдээлэл тараадаг, тэр хэрээрээ гадуурхагдаж байгаа хүүхдэд хүнд цохилт өгдөг. Америкийн Цахим гэмт хэргийн судалгааны хүрээлэнгийн хийсэн судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь цахим дээрэлхэл, дарамтыг байнга мэдэрдэг ба нийт судалгаанд оролцогсдын талаас илүү хувь нь ямар нэг хэлбэрийн цахим доромжлолыг хүртэж байсан гэжээ. Манайд ч гэсэн ийм судалгаа гарсан байна. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 5000 сурагчийн дунд судалгаа хийхэд цахим гадуурхлаас үүдэн дөрвөн сурагч бүрийн нэг нь амиа хорлох талаар боддог, долоон сурагч бүрийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагч бүрийн нэг нь нэгээс дээш удаа амиа хорлох оролдлого хийсэн гэж хариулжээ.

Өнгөрсөн дөрвөн жилд цахимаар гадуурхагдаж амиа хорлосон 20 гаруй хүүхдийн гунигтай түүхийн талаар Цагдаагийн газраас мэдээлсэн юм.

…Баянзүрх дүүргийн нэгэн сургууль дээр “Охин шиг царайтай банди манай сургуулиас зайл” гэсэн давалгааг фэйсбүүкээр өрнүүлжээ. Сургуулийн ихэнх хүүхэд тэр давалгааг дэмжиж, наймдугаар ангид сурдаг өнөөх хүүг найзаасаа хасч эхэлсэн байна. Сургууль даяараа түүнийг шоолж, найз нөхөдгүй болсон хүү нэг л өдөр энэ ертөнцөөс яваад өгчээ.

…Ангийн хоёр охин муудалцсаны дараа нэг нь нөгөөгөө чадах гэж ганцаардуулах хөдөлгөөн өрнүүлжээ. “Бусдын хайрыг булаагч охин. Бэлгийн замын халдварт өвчинтэй. Аборт хийлгэсэн” гэх зэргээр гүтгэн фэйсбүүк хуудастаа тавьжээ. Түүнийг нь хүүхэд бүр шэйрлэн бие биендээ дамжуулж, зарим нь найзаасаа хасч эхэлсэн байна. Үр дүнд нь охин гурван ч удаа амиа хорлох оролдлого хийсэн байна. Энэ бол Сонгинохайрхан дүүрэгт болсон явдал.

…Баянгол дүүргийн нэгэн сургууль дээр хэсэг хүүхэд “Тэнэгүүдийг дэлхийгээс зайлуулах хөдөлгөөн” өрнүүлж анги ангиас нэг хүүхэд сонгон доромжилж эхэлсэн байна. “Дэлхийгээс зайл”, “Манай сургуулиас яв”, “Тэнэгтэй найзалсан хүүхдийг мөн тэнэг болгоно” гэх зэргээр байнга доромжлон, бусад хүүхдүүд ч тэнэг болохгүйн тулд найзлахаа больжээ. Тэдний зарим нь амиа хорлох гэж оролдсон ч азаар, ар гэрийнхэндээ энэхүү доромжлол, дарамтын талаар хэлснээр энэ давалгааг зогсоож чаджээ. Гэхдээ гадуурхагдсан ихэнх хүүхэд өөр сургуульд шилжсэн гэнэ.

Цахим гадуурхал манайд ид хүчээ авч байгаа бол дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд ч мөн л асуудал болсоор байна. Гэхдээ тэд үүнээс урьдчилан сэргийлэх олон арга хэмжээ авч, сургууль, эцэг эх, сурагчдын дунд сургалт, зөвлөгөөн хийж, шаардлагатай гэвэл сэтгэл зүйчтэй уулзуулдаг. Дэлхийд хамгийн их алдаршсан, хүн болгон шахуу мэддэг цахим гадуурхлуудын жишээ бий. Ийм хэрэг дахин бүү гараасай гэсэндээ тэдний тухай зураг хөрөгтэй нь цахим ертөнцөд байршуулсан юм.

…Америкийн Техас мужийн ахлах сургуулийн сурагч Дэвид Молакийг хэсэг залуус ямар ч шалтгаангүйгээр интернэтээр гутаан доромжилдог болжээ. Дэвид Молак дээрх үйлдлийг удаан тэвчсэн ч, тэсэлгүй өөрийн аминд хүрсэн юм. Дүүгээ өнгөрсний дараа ах нь “Орчин үед айлган сүрдүүлэгчид сайн хүмүүсийг сургуулийн арын хашаанд, хувцас солих өрөөнд дээрэлхэхээ больж, хуурамч цахим хаягаар нэр шүүж далдлан, хэдэн арван км-ийн цаанаас байж болох бүх муухай үгсээр айлган сүрдүүлж, зүрхийг нь үхүүлдэг болжээ” гэж цахим хуудаснаа харамсан бичиж үлдээжээ.

… Цэнхэр өнгөнд дуртай байсныхаа төлөө Балтимор хотын ахлах сургуулийн сурагч Грэйс Мс.Комас сургуулийн найз нарынхаа цахим гадуурхалд өртсөн юм. Асар хурдан хугацаанд сургууль байтугай хот даяараа түүний тухай тархжээ. Охины оршуулганд хүмүүс үс, хумсаа цэнхэр өнгөөр будан ирж гашуудсан байна.

…Их Британийн 14 настай Ханна Смит гэх охин биеийн жин, гэр бүлийнх нь тухай элдвээр бичсэн цахим ертөнц дэх олон хоногийн мэдээллийг тэсч чадахгүй амиа хорложээ.

Энэ мэт маш олон жишээ дурдаж болно. Учир нь ямар ч хүүхэд цахим гадуурхалд өртөх магадлалтай юм. Онц сурлагатан, муу сурдаг, царайлаг, царай муутай хэн ч цахим гадуурхлын золиос болж болно. Сурлага сайтай, царайлаг нэгэнд атаархаж цахимаар элдэв гүтгэлэг тарааж байхад бүрэг, ядруухан, хэт намхан, тарган, өндөр, хувцас муутай байгаагийнх нь төлөө бусад хүүхдүүдийг ч сургууль даяар дээрэлхэн ганцаардуулж байна.

Тэгвэл ямар хүүхэд бусдыгаа ингэж гадуурхаж дээрэлхдэг вэ гэж судалжээ. Хүүхдүүд үе тэнгийнхэндээ өөрөө хүлээн зөвшөөрөгдөхийн тулд, өөр нэгнээ доош татах, үе тэнгийнхнийхээ анхааралд өртөх, өөрийгөө хүчтэй гэж мэдрэх, хохирогч хүүхдэд атаархдаг мөн дургүй учраас, эсвэл зүгээр л бусдыг доромжилсноороо хөгжилтэй байж чаддаг гэсэн хариулт өгсөн байна.

Хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болсон цахим орчин энхрий хонгор үрсэд маань хар сүүдрээ хэдийнэ тусгаж эхэлжээ. Цахим бороохойгоор нэвширтлээ нүдүүлсэн тэд маань арав хориороо орчлонгоос буцсаны дараа л бид нэг юм сэхээрч эхэлж байх шиг. Яг үнэндээ хүүхдүүддээ анхаарал тавьдаггүй, хэтэрхий зөнгөөр нь орхидгийн үр дүнд тэд маань цахим гадуурхлын золиос болж байна. Эцэг, эхчүүд томчууд бид амьдралдаа арчаатай, хариуцлагатай явахгүй бол үр хүүхдүүд маань бидний алдааны, арчаагүй байдлын төлөө бусдад адлагдах магадлал өндөр юм. Чингэлтэй дүүргийн нэгэн сургууль дээр өрнөсөн “Халтруудаас салъя” фэйсбүүк давалгаанд өртсөн 12 настай охин амиа хорлосон баримт байна. Аав, ээж нь архи ууж лааз түүдэг гэж охиныг адалсаар байгаад ийм байдалд хүргэжээ. Тиймээс таны согтуу яваа бичлэгийг цахим орчинд тавиад охиныг чинь сургууль даяараа чичилж байх вий. Уураа барьж чадалгүй хэн нэгэнтэй хэрэлдэж байгааг чинь баримтжуулаад хүүгээс чинь найз нөхөд нь нүүрээ буруулах вий гэдгээс ч бид сэрэмжилж байх ёстой болжээ.

Цахим гадуурхал бол нэгэн төрлийн шинэ гэмт хэрэг юм. Хүүхдүүд цахим орчинд маш харгис, ширүүн ааш араншинтай болж, бие биенээсээ өшөө авах хэрэгсэл болгож байна гэж цагдаагийн газраас хийсэн судалгаанд онцолжээ. Учир нь тэнд ямар нэгэн хяналт байдаггүй, нэр хаягаа нууцалж болдог учраас ингэж дураараа дургидаг.

Таны хүүхэд цахим дарамт, доромжлолд өртөж байгаа эсэх, эсвэл хэн нэгнийг цахимаар гадуурхах аянд нэгдсэн эсэхийг мэдэхийн тулд тэднийг гар утас болон интернэт сүлжээ ашиглаж байхад нь царай, нүүрний хувирлыг анзаарах, огцом сэтгэл хөдлөл, уур уцаар, гутралын шинж төрх гаргаж байгаа бол хүүхэдтэйгээ дотночлон эелдгээр ярилцах хэрэгтэй. Мөн багш, найз нөхөдтэй нь харилцаатай байх зэрэг зөвлөмжүүдийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан байна. Үүнээс гадна нэгээс наймдугаар ангийн хүүхдүүдийн фэйсбүүк хаягуудыг хаах, эсвэл багш эцэг эхчүүдийн хяналтад байлгах, цахимаар гадуурхах хэрэг үйлдсэн хүүхдүүдийн эцэг эхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ тооцох цаг болжээ. Нэгэнт ийм төрлийн гэмт хэрэг байдаг болчихсон, мөрддөг шалгадаг газартай ч болчихсон юм чинь хариуцлагын тогтолцоог нь сайжруулж, тохирох хууль журамд нь заагаад өгөх хэрэгтэй. Австралид л гэхэд цахим гадуурхал санаачилсан хүүхдийн эцэг эхийг хоёр жил хүртэл хугацаагаар хорьж шийтгэдэг болсон байна лээ.

Цахим гадуурхлын золиос болон амиа хорлосон хүүхдүүдийн гунигтай түүх дахин ийм хэрэг битгий гараасай гэсэн анхааруулга, сануулга болон үлджээ. Сөрөг муу мэдээллээр дүүрэн цэнэглэгдсэн цахим бороохойн өмнө хүүхэд гэдэг хэтэрхий уяхан, эмзэг турьхан билээ.

Categories
их-уншсан туслах-ангилал

Бид нэг юм үзнэ

Нэг. “Манай эрин” тӨгсЧ байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр нөхөр Дональд Трамп сонгогдож байгаа бололтой юм. “Сонгогдож л байг уу, дарга аа…” гэлээ гэгчээр нэгэнт л сонгогдсоноос хойш сонгогдолгүй л яахав.

Ер нь Трамптай, Трампгүй дэлхий ертөнц нэг юмны босгон дээр ирээд байна. Филиппиний Ерөнхийлөгчийн “хар тамхины дайн”-аас эхлээд хашир догь үндэстэн болох Английн ард олны “бриксит” шийдэл хүртэлх улс төрийн тайз нэг юм хэлсээр байгаа юм.

Дэлхийн эталон үндэстэн Английн Гадаад хэргийн сайд Борис Жонсоноос эхлээд Эрдоган, Дэниель Ортега, Дутерте, Раздак, Орбан, Лукашенко, Мадуро, Ассад…гээд ер бусын лидерүүдээр дэлхий дүүрсэн.

Манай хэдэд улс нь жижигдээд байгаагаас биш бидэнд өөрийн Каддафи, Ортега, Мадуро захаас авам.

Энэ бүхэн юу хэлээд байна вэ гэхээр, ийм юм: Хүн төрөлхтний мангар болсон, эсвэл сонгох чадвараа алдсан гэсэн үг бол биш. Зүгээр л нэгэн үеийн үнэт зүйл үеэ өнгөрөөж, сайн байсан юм сайнаараа байхаа больж эхэлсний илрэл юм.

Үнэн хэрэгтээ ХХ зуунд хүн төрөхтөний хамжин дэмжин тогтоосон олон улсын дэг ёс, үнэт зүйлс үеэ өнгөрөөж байна гэсэн үг.

Дэлхийн нэгдүгээр дайнаар бие биеэ баахан хядсан хүн төрөлхтөн Лиги Наций буюу одоогийн НҮБ маягийн зүйл байгуулж нийтийг хамарсан дэг тогтоох гэж оролдсон боловч олигтой амжилт олсонгүй.

Харин дэлхийн хоёрдугаар дайны дараагаар НҮБ байгуулагдсан нь амжилт олжээ. Хэдийгээр АНУ тэргүүтэй капиталистууд, ЗХУ тэргүүтэй коммунистууд тэнд цусаа гартал үзэж тарж байсан боловч бүгдээрээ НҮБ-ынхаа үнэ цэнийг ухаарч хүндэлж байсан юм. Чухам энэ хүндлэл дундуур манай эх орон БНМАУ олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, 1961 онд НҮБ-д элсэж тугаа мандуулж байв. Тэр үед шинээр “Улс болох”, эсвэл “Нэг улс нөгөөгөө эзлэн алга болгох” асуудал чухам энэ байгууллагын шийдвэрээс хамаарч байлаа. Харин өнөөдөр Украины эргэн тойрны асуудал болон Крымыг Орост нэгтгэсэн, Донецкийн “бүгд найрамдах улс” бий болсон жишээг харахад “улс болох” асуудал НҮБ-д улам бүр падлийгүй болж байна.

Ерөөсөө НҮБ байтугай хэн ч хүлээн зөвшөөрөөгүй Исламын улс бодитой оршин тогтнож байгаа нь үүний нэг жишээ. Исламын улс газрын зураг байхгүйгээр бодитойгоор оршин тогтнох болсон нь ерөөсөө “димаркаци хил хязгаартай улс орон” гэдэг ойлголтыг ч өөрөөр харахад хүргэж байна.

Ардчиллын өлгий гэгдэх АНУ-д цуутай популист Трамп Ерөнхийлөгч болон гарч ирснээр Америкт социализм байгуулаад эхлэхгүй нь лавтай ч “хүн төрөлхтний ХХ зууны үнэт зүйл” үеэ өнгөрөөсний хамгийн тод жишээг харуулж байгаа бололтой.

Сайн сайхан зүйлс дуусч байгаа хэрэг биш харин сайн сайхны тухай бидний хэмжүүр хуучирч байгаа гэсэн үг байх. Өөрөөр хэлбэл, ХХ зууны дундуур бүрэлдэн тогтсон дэлхийн шинэ дэг ёсны “Манай эрин” ийнхүү өндөрлөж байна.

Хоёр. СоциализмынмӨхӨл нь шинэ дэг Ёсны тӨгсгӨл болов

Үнэн хэрэгтээ “Манай эрин”-ий мөхөл 1990-ээд оноос эхтэй. Капитализмтай эсрэгцэн зогсож байсан социалист систем нуран унаснаар хүний хөгжлийн нэгэн эрин үндсэндээ дууссан байна. Капитализмын үнэт зүйлсийг улам улам тодруулж байсан коммунизм нуран унаснаар барууны ардчиллыг харьцуулах, хайрлан ариглах үзэл санаа өөрөө хямралд орсон бололтой. Зөвлөлтөөр тэргүүлсэн социалист лагерийн орыг хэн ч авсангүй. Дэлхий даяараа “сайхан ардчилсан”, “муухан ардчилсан”, “бараг ардчилсан”, “ардчилсан ч юм шиг” орнуудын нийлбэр боллоо.

Ардчиллын дутууг гүйцээх, хоцрогдсон зарим улс үндэстэнд зэр зэвсгийн хүчээр ардчилал бэлэглэх оролдлогууд сайхан бүтэлгүйтсэний жишээ нь Ирак, Ливи, Сири болж үлдлээ.

Түүнчлэн, олон нам оролцсон сонгууль явуулаад явуулаад Путин л засагладаг Орос ба ардчилсан чөлөөт сонгууль явуулдаггүй боловч 5-10 жилийн хугацаанд удирдлагаа бүрэн сольдог Хятад хоёрын хэн нь ардчилсан болохыг бурхан л мэдэх байх.

Хуучин “социалист бүх улс нэгдээд ЗХУ тэргүүтэй нэг улс болно” гэж үзээд “ойртон нягтрах бодит зүй тогтол” хэмээн томьёолж Монгол хийгээд Зүүн Европыг хамарсан хөтөлбөр хэрэгжүүлж байсан ч бүтээгүй юм. Гэтэл Соц.систем унасны дараа Европын капиталист орнууд “Европын холбоо” болон нэгдэх гэж үзсэн боловч хүний жаргал хүнд наалдаагүй юм болохыг харуулаад тарах дээр тулж байна.

Хүн төрөлхтөн дэлхий ертөнцийн хүн ард ёс суртахууны үнэт зүйлсээрээ жигдрээгүй цагт эдийн засаг улс төрийн бүтцээрээ жигдрэх ямар ч боломжгүй юм байна гэсэн дүгнэлт л бидэнд үлдлээ.Оросын холбооны улс хуучин Зөвлөлтийн дүрийг өөртөө авах гэж оролдсон боловч бүтэл муутай байна. Учир нь оросууд маань Америктай л харилцах шинэ арга хайж байгаагаас биш социализм байгуулах гээгүй болохоор энэ бүтэх ч үгүй.

Иймээс дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон дэлхийн дэг ёс нь ЗХУ тарсны дараагаар сөрөг намгүй атлаа дотроо түмэн фракцид хуваагдсан, нэгдсэн шийдвэр гаргах чадваргүй Засгийн газар шиг болсон хэрэг. Яг л 1996-2000 оны Монголын Засгийн газар гэсэн үг.

Ийнхүү ХХ зууны дэлхийн улс төрийн шинэ дэг ёсны нэгэн багана болсон социализм нурснаар шинэ дэг ёс өөрөө нурж эхэлсэн нь одоо ч үргэлжилж байна. Социализм нурсан нь муухай юм биш, яг түүн шиг нэг үеийн дэг ёс үеэ өнгөрөөж байгаа нь ч муухай юм биш билээ. “Манай эрин” сайхан байсан нь дараагийн эрин муухай байхын баталгаа биш юм.

Гурав. Үл жигдрэхертӨнц

Буддын сургаалд нэг ийм санаа байдаг юм: Шинэ үнэт зүйлийг ухааран төсөөлөхөд хуучин үнэт зүйлс садаа болдог, ийм учраас гэгээрэлд хүрэхийн сайхныг чамд төсөөлүүлэхэд хэцүү, санаа саванд чинь багтахгүй ээ гэж.

Бид нэг юм үзэх нь үзнэ. Муухай юм гэж бодохгүй байна. Бидний нэгэн үеийн үнэт зүйлсийн хугацаа дуусч байх шиг байна. Энэ нь үнэт зүйлгүй болно гэсэн үг биш, харин цоо шинэ, төсөөлөгдөөгүй явсан шинэ үнэт зүйлсээ бүтээнэ гэсэн үг.

Амьдрал угаасаа сайн тийшээ чиглэгдсэн аугаа хувьсал бөлгөө. Тийм ч учраас дэлхийн нэгдүгээр дайны эрэлхэг цэрэг Швейк “Юм яаж ч муудсан сайжрах тийшээ явдаг” гэж захисан билээ.

Эмээ маань миний багад ярьдаг байсан зүйл санаанд байна: Жаал хөвүүний бяцхан оюуны савны хэмжээнд тааруулан хорвоогийн байдлыг тайлбарлан хэлэхдээ “Дэлхий дээрх чүдэнзний бүх хайрцаг ижил болохын цагт хорвоо тэгшрэх юм гэнэ лээ” гэдэгсэн. Хэдийгээр чүдэнзний хайрцаг гарснаас хойших афоризм гэдэг нь тодорхой ч дорнын гүн ухааны улбаа шингээстэй хэллэг бололтой. Дэлхийн бүх чүдэнзний хайрцаг хэзээ ч нэг загварт орохгүйн адил ертөнц үргэлж шинэ шинэ утга агуулга, үнэт зүйлсээр баяжиж, өмнөхөөсөө ялгарч явах болно, хэзээ ч нэгэн хэвийн царцанги байдалд орохгүй.

Монголчуудын хөх мөх толбо молбод би итгэдэггүй. Гэхдээ Буддын гүн ухаанаар амьсгалсан нүүдэлчид байсан гэдэгт эргэлздэггүй юм.

Бид нэг юманд тулж байна. Тулна гэдэг бол зам дууссаны дохио. Нэг зам дуусахаас нааш нөгөө зам эхэлдэггүй. Харин юм дуусах муухай гэж бодож байгаа хүн удахгүй эхлэх зүйлийн сайхныг төсөөлж чаддаггүй.

Б.ЦЭНДДОО

Categories
их-уншсан туслах-ангилал

Ерөнхий сайд Эрдэнэбат эздийнхээ авсан “Эрдэнэт”-д очоогүй байж “Оюу толгой”-н амсар дээр омогдож омогдож ирлээ

Сүүлийн үеийн Монголын нийгмийн гол шуугиан нь “Эрдэнэт” үйлдэр тойрсон асуудал болоод байгаа. “2016 оны эхний найман сарын байдлаар “Оюу толгой” компани 244.6 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Харин “Эрдэнэт” үйлдвэр өнгөрөгч жил 284 тэрбумыг өгсөн хэрнээ өнөө жил 20.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн нь Оюу толгойтой харьцуулахад хэрхэн ажиллаж байгаа нь тодорхой харагдана” гэж Их хурлын гишүүн Ц.Нямдорж мэдэгдсэн. Түүний мэдэгдэлтэй холбогдуулан тус үйлдвэрээс хэвлэлийн хурал зарлаж, Нямдоржийн мэдэгдэл ташаа болохыг залруулсан юм.

“Эрдэнэт” үйлдвэр 2016 оны эхний найман сарын байдлаар улсын төсөвт 64 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна гэж ерөнхий захирал нь дуулгасан. Хорин тэрбумын уг асуудалтай зэрэгцээд “49 хувийг хувийн хэвшил авч буй нь сайн хэрэг. Ингэснээр эрх барьж буй намынхны хошуугаа зоож байгаад сордог байдал алга болно. Төр 51 хувь дээрээ нэмээд 49-ийг авсан бол дураараа дургиж, ялсан намынхны сонгуулийн мөнгөө босгох гол талбар нь болно” гэх зэргээр эдийн засагч, судлаачдын байр суурь нийгэмд зогсоо зайгүй хүрч байв. Мөн Ж.Батзандан “Эрдэнэт”-ийн 49 хувийг Засгийн газар дур мэдэн шийдсэнийг эсэргүүцсэнээрээ намаасаа хөөгдөх дээрээ тулсан гээд яалт ч үгүй Монголын нийгмийн гол трэнд нь “Эрдэнэт” болоод байв.

Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат улстөрчдийн дунд хамгийн халуун сэдэв болж, төрийн түшээдийг өөр хооронд нь дайсагнуулан, хэн бүхний анхаарлын төвд байгаа “Эрдэнэт” үйлдвэрийг тойрч, Монголын төрд өндөр татвар төлсөн гэх “Оюу толгой”-д очин сүржин мэдэгдэл хийдэг нь ямар учиртай вэ. Үндсэндээ нийгмийн шуугианы гол цэгээс зайлсхийж, манайхны хэлдгээр “Нүдэн балай чихэн дүлий” царайлан, өндөр татвар төлж буйд нь өширхсөн юм шиг “Оюу толгой”-д очиж омогдсон нь олон түмний гайхшралыг төрүүллээ. Энэ дашрамд дуулгахад, “Эрдэнэт” бол Эрдэнэбатын эздийнх нь юм гэсэн. Тэгж яригдаад байгаа. Эздийнхээ “саалийн ферм” рүү очиж элдэв үг хэлэх шонгүй учир Өмнийн говийг зорьж л дээ, хөөрхий.

“Оюу толгой ажилчдаа олон жил онгоцоор зөөлөө. Одоо орон сууцны хотхон барьж өгөх хэрэгтэй. Компанийн гадаад, дотоод худалдан авалт болон ханган нийлүүлэлт, ялангуяа санхүүгийн үйл ажиллагаанд Монголын Засгийн газар 34 хувьдаа ногдох хяналтыг бодитой хэрэгжүүлнэ. Оюу толгойн ажилчид нь Оюу толгойн ашигт малтмалаасаа үнэ цэнэтэй” гэж Ерөнхий сайд Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэс Оюу толгой” болон “Оюу толгой” компанийн удирдлагуудад үүрэг өгсөн. Эрдэнэбатын энэ үгийг сонсоход их гоё. Үнэхээр л ард иргэдийнхээ өмнөөс тэнд ажилладаг бүх хүний төлөө хэлсэн үг шиг санагдана. Гэвч бизнесийн ёс зүйн дүрэм гэж маш чухал зүйл бий. Компани хоорондын гэрээ яаж хийгдсэн, түүний дагуу л бүх зүйл явах журамтай. Түүнээс хэн нэгэн дарга сайд очиж гоё ганган үг хэлж, үүрэг өгсний дагуу байдал өөрчлөгдөхгүй. Үндсэн гэрээнд нь тусгагдаагүй бол энгийн иргэн байтуай Ерөнхий сайд нь хэлээд ч асуудал шийдэгдчихдэг юм биш. Эрдэнэбат хэлсэн юм чинь гээд шууд л хот байгуулаад эхэлнэ гэвэл үнэндээ инээдтэй хэрэг болно. “Оюу толгой” бол барууны соёлтой, эхнээсээ л тэрхүү хууль журмыг чандлан сахисан компани. Дэлхийн шилдэг компаниудын оршин тогтнох гол үндэс суурийн нэг нь компанийн дотоод соёл, дэг журам, гэрээ, дүрмэндээ байдаг.

“Оюу толгой” компани “Бидний ажлын арга барил” хэмээх бизнесийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажилладаг. Үүнийгээ бизнесийн үйл ажиллагаандаа баримталдаг хэм хэмжээ гэж тодорхойлсон байна лээ. “Бидний ажлын арга барил нь бизнесийн үйл ажиллагааг ёс зүйтэй, шударга явуулах зорилгыг тусган харуулсан бөгөөд компанийн засаглалын өндөр стандартыг даган мөрдөж, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг шаарддаг. Маш олон стандарт байдаг. Тэдгээр нь хүндэтгэл, ёс зүй, хамтын зүтгэл, хариуцлага зэрэг гол үнэт зүйлсэд суурилна” гэжээ.

Энэ нь хаашаа ч хөдлөн гуйвж дайвахгүй, хэний ч үг үйлдэл, улс төрийн мэдэгдэлд автахгүй, зөвхөн гэрээ дүрмийнхээ дагуу ажлаа явуулна гэсэн уриа тунхаг нь юм. Өнгөрөгч жил “Эрдэнэс Монгол компанийн удирдлагууд давхар дээл өмслөө, Оюу толгойн ТУЗ-ийн гишүүнээр томилогдоод жилд 100 мянган ам.долларын цалинг хувааж авдаг” гэх мэдээллүүд гарч байсан. Үүнд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Энэ бол бидний буюу манай компанийн хийх ёстой ажил. Компанийн хуулийн дагуу, засаглалын зарчмаараа бид ажиллах ёстой. Эрдэнэс Монгол-ын ажилтнууд бүрэлдэхүүн компаниудынхаа ТУЗ-ийн гишүүнээр томилогдож компанийн үр ашигтай удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх стратегийг баримтлан ажиллах дүрэмтэй” гэж хариулаад бүхний амыг хааж байсан удаатай.

Дэлхий дахины хөрөнгө оруулагчдад нээлттэй, олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтэд хувьцаагаа гаргасан компаниуд засаглалын ийм л зарчмаар явдаг. Тэгэхээр Эрдэнэбатын “Оюун толгой”-н удирдлагуудад өгсөн үүрэг бол зүгээр жүжиг. Ард түмэндээ хайртай болж харагдах гэсэн, ажил хийж байгаа дүр үзүүлэх гэсэн, түүнийгээ олон нийтэд хүргэх гэсэн ядарсан аргынх нь нэг юм. Үндсэндээ телевиз дагуулж очин Монгол даяар шоудах гэсэн өрөвдмөөр санаа нь байхгүй юу. Харин өнөө телевизийн нөхөд нь даргын суудал булаацалдан хоорондоо алалцаад юун Эрдэнэбатынхаа шоуг нэвтрүүлэх вэ. Мэдээллийн хөтөлбөрийнхөө дундуур нэгнийхээ нэр хүндэд халдсан нэвтрүүлгийг явуулаад Оюу толгойн мэдэгдлийг нь олигтой ч гаргаж чадаагүй дээ.

Харин нийгмийн сүлжээгээр “Манай дарга ширүүхэн дуугарлаа”, “Оюу толгойд очоод хатуу үүрэг өглөө” гэж долдойчууд нь хэлэх үгээ олж ядан, нус нулимсаа унагах нь холгүй, завсар зайгүй бичиж байна. Энэ үйл явцыг хараад өмнөөс нь ичих юм. Үнэндээ хэлэх ч үг олдохгүй юм.

Оюун толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн эхний зардал болох 4.2 тэрбум ам.долларыг олон улсын 19 банк, санхүүгийн байгууллага шийдээд явж байгаа. Эдгээр байгууллага болоод олон улсын дүрэм журамтай санхүүгийн нэгдэл комдпаниуд Эрдэнэбатыг ингэж үүрэг даалгавар өгөхийг хараад инээд нь хүрч байгаа нь мэдээж. Монголын Засгийн газрын тэргүүн нь бизнесийн ёс зүйн зарчмыг мэддэггүй юм байна гэх ойлголтыг авсан нь харамсалтай. Үнэндээ өнөөдөр чинь монголчууд бидний туулж өнгөрүүлсэн социализм шиг нэг нь үүрэг тавиад, нөгөөх нь тэмдэглэж аваад явагддаг ажил гэж байхгүй болсон шүү дээ. Төгсгөлд нь хэлэхэд, нийгмийн гол дуулиан болсон “Эрдэнэт”-д очиж ганц үг ганхийгээгүй байж Оюу толгойн амсар дээр омогдож омогдож ирсэн чинь цагаа олсонгүй Эрдэнэбат сайд аа. Ингэж хий хоосон жүжиг тавьж, долдойчуудаараа магтуулан Монголд нэгэнт унаад байсан нэр хүндээ олон улсад унагахын хэрэг байсан уу.

Б.БАТБОЛД

Categories
их-уншсан туслах-ангилал

Солонгос дарга бөөтэй байсныхаа төлөө, монгол дарга бөөгүй байсныхаа төлөө балардаг гэнэ ээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хувьдаа бөөтэй байсныхаа төлөө огцрохдоо тулаад байна. Солонгосын ард түмэн бол тэрхүү нөхөр Чой Сүн Силь гэж эмэгтэйн мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг нэг их тоохгүй байгаа юм байна. Харин Солонгосын төрийн ажил хэрэгт бөөгийн нөлөө орж, Ерөнхийлөгч нь мухар сүсгээр улс орныг удирдахыг оролдож байсных нь төлөө ард түмэн асар ихээр зэвүүцэж, асар ихээр эгдүүцэж байна. Ерөнхийлөгчийн хар багын найз, аав нь Солонгосын бөө нарын удирдагч байсан Чой Сүн Силийн хувийн компьютероос 200 гаруй албан бичгийн файл олдсоны ихэнх нь Пак Гын Хэгээс түүнд илгээсэн төрийн нууцад хамаарах бичиг баримтууд, хэлэх үгнүүд, зөрүүлээд Чойгоос түүн рүү явуулсан заавар зөвлөгөө, сэдэл санаа, ингэ тэг гэсэн шийдвэрүүд байсан нь солонгосчуудын уурыг дээд цэгт нь хүргэжээ. Өнөөдөр Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн нэр хүнд 14 хувиар унасан нь амиа хорлосон Ерөнхийлөгч Но Му Хёнгийнхоос хэд дахин илүү болжээ. Ерөнхийлөгч нь бөө удган, лам зайрангийн үгээр улсаа удирдаж залах гэвэл иргэний нийгэм төлөвшсөн улс орон ийм эмзэг, ийм мэдрэмтгий хүлээж авдгийг дэлхий ертөнц өнөөдөр харж байна.

Ингэхээс ч өөр аргагүйд хүрсэн бололтой. Өнөөдөр олон улсын шинжээчдийн бичиж байгаагаар бол Пак Гын Хэ эдгээр бөө удгануудынхаа нөлөө, тэднийхээ хэлсэн мэргэ төлгөнд итгэж Кэсоны аж үйлдвэрийн бүсийг хааж, эдийн засгийн хамтын ажиллагаанаас бүрэн татгалзсан байх магадлалтай гэнэ. Хоёр Солонгосын ойлголцлын хамгийн дээд шат бол энэхүү Кэсоны аж үйлдвэрийн бүс байсан юм. Умард Солонгосын нутагт ийм онцгой бүсийг БНСУ-ын зүгээс байгуулж, умардаасаа ажилчид авч ажиллуулж байсан нь бараг нэгдэж нийлэх мөрөөдлийнх нь эхлэл байсан гэж судлаачид үздэг юм билээ. Гэтэл Ерөнхийлөгч Пакад бөө найз нь “Ким Чен Ун эдгэшгүй өвчтэй болсон учир удахгүй болсон, хоёр жилийн дараа гэхэд хоёр Солонгос нэгдэх үйл явц эхэлнэ” хэмээн итгүүлснээр Кэсоны аж үйлдвэрийн бүсийг хаасан гэж үзжээ. Үнэхээр бөө нар Солонгосын Ерөнхийлөгчид ингэтлээ нөлөөлж байсан бол улс орноо мухар сүсгээр удирдаж байжээ гэдэгт нь итгэхээс өөр арга алга. Солонгосын ард түмний уур хилэн үүнд л багтраад байна. Өнөөдөр бөөтэй хамтран улс орноо удирдах гэсэн Ерөнхийлөгчөө эсэргүүцсэн жагсаал Солонгост хүрээгээ тэлж, жинхэнэ давалгаалж байна. Юунд хүрэхийг мэдэхгүй. Хэрэвзээ Пак хатагтай дан ганц авлигын хэргээр асуудал боссон бол эсэргүүцэгчдийн тоо ингэтлээ цаг минутаар өсөхгүй байсан байх. Иргэний нийгэм хэдийнэ төлөвшсөн Солонгосын ард түмэнд авлига, хээл хахуулийн гэмт хэргээс илүүтэй оюун санааны гэмт хэрэг аймшигтай хүндээр тусч байгааг дэлхий харж байна. Өнөөдрийн хүн төрөлхтөн шинжлэх ухаанжсан төр засагтай байхыг хүсч, тэмүүлж, итгэл найдвараа болгодог болгосныг эндээс харж болно.

Дэлхийн энэ хандлага тэгвэл өнөөдөр манайд ямар байна вэ. Улс орон удирдаж байгаа хүмүүс, улстөрчдийн хувьд бөө, ламгүй байгаанууд нь бараг баларлаа гэж дуулдах болсон. Улстөрч нэгэнд урагшгүй жаахан юм тохиолдвол л “Тэрийгээ тэгж аргалуулсангүйгээс боллоо, энийг ингэж бөөлүүлсэнгүйгээс боллоо, энэ удганы хэлснээр явсан бол Их хурлын гишүүн болчих байсан юм, тэр зайрангийн заавраар явсан бол төрийн сайд болчих байсан юм” гэж ярьдаг болжээ. Ингэтлээ цагаандаа гарчихаад байна. Их тэнгэрт байсан гурван айлаас сэжиг хүрмээр зүйлс олноороо дуулддаг байсан. Тэд бүгдээрээ л энэ улсад нэр дуулдсан бөө зайран, лам хар, мэргэч төлгөч, үзмэрч, хутагт хувилгаад, ирээдүйд иш үзүүлэгч… ер бүгдийг нь хамж аваачаад биесийнхээ эсрэг юм хийлгэж байна гэсэн яриа байсхийгээд л гардаг байсан нь гайхмаар юм биш. Тэр айлуудын өрхийн тэргүүнүүд дотор ном ёсоороо сургууль төгсөж, системтэй боловсрол эзэмшсэн хүн төгс байхгүй дээ. М.Энхсайхан, Н.Алтанхуяг нарыг эс тооцвол. Ийм л хүмүүс байсан болоод ч тэр юм уу, энэ улс орныг мухар сүсгийн хэмжээнд удирдах сургууль хийсэн байж магадгүй. Ер нь манай дарга нар, улстөрчид байсхийгээд л Түвд, Балба, Дарамсала… гээд энэ ертөнцийн хөгжлийн мухардмал газрууд руу явцгаадаг. Тэндээсээ баахан хутагт хувилгаад залж, ном уншлага болж, элдэв хараал жатгын эсрэг яриа хөөрөө болдог. Салтаагаараа баахан шороо цацаж, сор залж, бөө дуудаж, уул ус руугаа архи дарс цацаж ирсэн. Тэр байтугай нэгэн өрхийн тэргүүн нь зуурдаар өнгөрөхөд нөгөөгийнх нь бие тавирч, хөлс нь гарч байсан тухай яриа ч бий. Мэдэх хүмүүс нь мэднэ. Өмнөх УИХ-д лав “чанар” гэл үү юмаа авсан найман бөө байгаа тухай барин тавин яриа бий. Өнөөдрийн УИХ-д дуулдаж байгаа нь таван бөө байгаа гэх. Цаашдаа нэмэгдэх биз. Ер нь манай төр засгийн ажил, тушаал шийдвэр, ажлын хэмнэл нь огцом, гэв гэнэтийн байдгийг ард түмэн мэднэ. УИХ-ын дарга солигдох, Засгийн газар огцрох гээд цаад шалтаг, шалтгааныг нь хайхаар хүн үнэмшихээр, итгэл үнэмшил төрөхөөр юм байдаггүй. Одоо бодоход нөгөө л бөө зайран, лам хувилгаадынх нь “Үүнийг болохгүй” гэсэн айлдвар зарлигтай холбоотой байх. Сүүлийн жилүүдэд хутагт, хувилгаад, богдуудаа би ч тодруулна, чи ч тодруулна хэмээн маргаж, булаацалдаж байгаа дуулдах болсон. Бодвол тэднээрээ дамжуулан нийгэмд нөлөөлөх, нэр төрөө өсгөх, том бизнес болгох гэхчилэн хүчин зүйлүүдтэй байдаг байх. Энэ нь Монголын төр-шашин хоёр холион бантан болж хамаагаа алдсаны шинж. Уг нь бол Үндсэн хуульдаа шашин-төр хоёрыг салгасан заалттай.

Солонгосын энэхүү Ерөнхийлөгч нь хувьдаа бөөтэй байсан, түүнийгээ төрийн ажилд оролцуулдаг байсан явдал нь бидэнд сургамж болох ёстой. Манай төрийн ажлыг бөө зааварлаж ирсэн жишээ бий гэж бараг болно. Бөөгөөрөө гайхуулж шашны ёслолыг төрийн ордонд хийж, Монголын бүх л улстөрчдийг цуглуулан, тойруулж зогсоодог байсныг өнгөрсөн жилд өчнөөн харсан даа. Ийм л мухар сүсэг төрд орох тохиолдлыг одооноос эхлэн албан ёсоор хуульчлан хааж, таслан зогсоох хэрэгтэй. Монголчуудын шинэ үе асар ихээр баруунжиж, шинжлэх ухааныг шүтэж, өндөр соёлтой болж байна. Эд бол мухар сүсгийг үзэж чадахгүй, автахгүй, нөлөөлөх ч боломжгүй үеийнхэн. Ийм шинэ монголчууд олноороо бидний нүдэн дээр өсөн торниж, үржин тэлж байна. Эдэнд бууж өгөхөөс өөр сонголт байхгүй. Тэд ирээдүйд Монголыг авч явна. Өнөөдрийн Монголын төр дэх мухар сүсгийг анхааралтай ажиглаж, буурь суурьтай судалж байгаа эрдэмтэнд, судлаачид цөөнгүй байгаа юм билээ. Тэд удахгүй судалгаагаа эрдэм шинжилгээний бүтээлийн хэмжээнд ард түмний оюун санаанд хүргэх байх. Үүнд итгэлтэй байна. Тэр цагаас эхлэн төр шашны ялгаа, бөө, мухар сүсгийн зааг нийгмийн сэтгэл зүйд бодитой ойлгогдох биз ээ.

Харин өнөөдөр бодитой хэлж чадах, олон улсад батлагдсан нэг л үнэн байна. Улстөрчдийн мэдлэг чадвар дутаж, улс орноо удирдаж чадахгүйд хүрч, цөхрөнгөө барахаараа оюун санааны хувьд хамгийн ойр зүйл нь бөө, шашин, мухар сүсэг болдог гэсэн амьдралын үнэн. Тэгвэл дэлхийн их гүрэн ЗХУ задарч, замаа алдаж байх үед Ельцин нэг ч удаа сүмээр ороогүй байдаг юм шүү. Тэр өөрийнхөө бяраар л Орос орныг авч үлдсэн. Оросын католик шашны том зүтгэлтнүүд бүгдээрээ түүнтэй уулзахыг хүссэн байдаг юм. Хүчтэй удирдагч бол Үндсэн хуульдаа итгэдэг. Хүчтэй удирдагч бол өөртөө, улмаар хүчтэй залгамж үедээ итгэж найддаг. Үүнийг бид хоёр хөршөөсөө бэлхнээ харж байна даа, уг нь.

С.БАТБОЛД

Categories
их-уншсан туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг

“Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалт өчигдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд боллоо. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулсан юм.

-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын эргэн тойронд өрнөөд байгаа асуудлуудад байр сууриа илэрхийлнэ үү?

-“Эрдэнэт”-ийн хувьчлал гэлээ. Миний харж байгаагаар энд ямар нэгэн хувьчлал явагдаагүй. Гадны улс орон, аж ахуйн нэгжид байсан 49 хувь Монголын аж ахуйн нэгжид ирсэн. Хэрвээ хувьчлал явагдахаар бол Монгол Улсын Засгийн газар хэлэлцээд УИХ-аар шийдээд хувьчлалын хөтөлбөрт ороод шийдэгддэг. Нэр томьёоны хувьд ингэж ойлговол зүгээр байх аа гэж бодож байна.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр “Эрдэнэт”-ийн асуудлыг ярьсан юм уу?

-Бүх л Засгийн газар 1990 оноос хойш “Эрдэнэт” үйлдвэр, төмөр зам “Монголросцветмет” гэх мэт ОХУ-тай холбоотой асуудлаар үргэлж л ярилцаж ирсэн. Их өрийн асуудлыг 2003 онд тэглэх гэж байхад хоёр талын эдийн засагчид Монголд ногдох “Эрдэнэт”-ийн хувь 70-д хүрч байгаа юм байна гэсэн. Ер нь энэ үйлдвэр 680 сая шилжих рубльд баригдсан үйлдвэр шүү дээ. Монголчууд, Монголын Засгийн газар, төр аль нь ч бай “Эрдэнэт”-ийн гадна байгаа хувийг нэмэгдүүлж авах, болж өгвөл 100 хувь үндэсний аж ахуйн нэгж болгох тал дээр үе үед л ярьж байсан зүйл. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нь энэ асуудлыг ярина, ярихгүй гэсэн хууль дүрэм байхгүй. Тиймээс энэ асуудлыг уг зөвлөлөөр яриагүй.

-МАНАН-гийн хуйвалдааны төр гэж ярих болсон. Энэ бүхний ард таныг байгаа гэдэг?

-МАНАН-гийн төр бол сонин хэвлэл, сэтгүүлчдийн хэллэг. Одоо нэг намын, МАН-ын Засгийн газар, УИХ байгуулагдаад ажиллаж байгаа. МАН-нд сонгогчид хариуцлага үүрээд тулгамдаж байгаа асуудлыг шийдээд явах бүрэн эрх, боломжийг дангаар нь өгсөн. 65 гишүүнтэй болно гэдэг ямар ч асуудлыг шийдэх эрх энэ Засгийн газар, УИХ-д байгаа.

“Эрдэнэт” үйлдвэрийн тос шороонд хутгалдаж явсан, ажилчин байсан хүн бол би. 10 дугаар ангиа төгсөөд л энэ үйлдвэрт орж анхныхаа цалинг авч байсан. 1990 онд Эрдэнэтээс анх удаа улс төрийн албанд сонгогдож Улсын бага хурлын гишүүн, Ардын их хурлын депутат болоод ирж байсан ийм хүн. “Эрдэнэт” үйлдвэрийн ард миний ямар нэг хувийн сонирхол байхгүй. Бүр хатуу хэлье, нэг ч төгрөгийн сонирхол байхгүй. Миний сонирхол бол “Эрдэнэт” үйлдвэр цаашаагаа сайн явах.

-“Эрдэнэт” үйлдвэрийн энэ бүх асуудалд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын оролцоо бий юу?

-УИХ-ын Дэд даргын албан тушаал бол Монгол Улсын дөрөв дэх том албан тушаал. Дэд дарга мэдэгдэл хийнэ гэдэг тушаалын том багаар хэлж байгаа бол дөрвөн томын нэг л дээ. Энд гурван том оролцоо гэдэг ч юм уу, дөрвөн томын оролцоо ч байсан гэдгийг би хувьдаа мэдэхгүй байгаа.

-Танд “Эрдэнэт”-ийн хувьцаа бий юу?

-Ямар нэг хувьчлал явагдаагүй, ямар нэг хувьцааны асуудал байхгүй.

-“Эрдэнэт” үйлдвэрийн“Эрдэнэт” үйлдвэрийн ард миний ямар нэг хувийн сонирхол байхгүй. Бүр хатуу хэлье, нэг ч төгрөгийн сонирхол байхгүй. Миний сонирхол бол “Эрдэнэт” үйлдвэр цаашаагаа сайн явах.

-“Эрдэнэт” үйлдвэрийн энэ бүх асуудалд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын оролцоо бий юу?

-УИХ-ын Дэд даргын албан тушаал бол Монгол Улсын дөрөв дэх том албан тушаал. Дэд дарга мэдэгдэл хийнэ гэдэг тушаалын том багаар хэлж байгаа бол дөрвөн томын нэг л дээ. Энд гурван том оролцоо гэдэг ч юм уу, дөрвөн томын оролцоо ч байсан гэдгийг би хувьдаа мэдэхгүй байгаа.

-Танд “Эрдэнэт”-ийн хувьцаа бий юу?

-Ямар нэг хувьчлал явагдаагүй, ямар нэг хувьцааны асуудал байхгүй.

-“Эрдэнэт” үйлдвэрийнЭлбэгдорж руу дайрах юм бол, Ерөнхийлөгч рүү дайрвал рейтинг өсөөд байна гэсэн. Зарим хүн рейтингийг рентген гэж яриад байгаа юм. Заримдаа миний рентген өсч байна гэж. Ер нь бол ард түмэн рентгенд харж байгаа юм шиг энэ улстөрчдийн ярьж байгаа зүйлийг нэвт хардаг болсон доо. Хэвлэлийнхнийг бүгдийг нь, ард түмнийг айхавтар цочоох, тэндээс рейтингээ өсгөөд дараачийн зорилго руугаа явах ийм хувиа бодсон зүйл цаашаа явахгүй ээ. Тэгэхээр энд цаг алдсан байна. Хамгийн гол зорилго юу байсан бэ гэхээр Засгийн газар байгуулагдаад 100 хоног өнгөрлөө. Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёр юу хийв ээ. Сангийн сайдын хувьд хамгийн гол асуудал оруулж ирж шийдүүлэх байсан. Ярих юм юу ч байхгүй. Ярих гэхээр л зогсоосон, хаасан, боосон, хассан, танасан. Бүтээсэн зүйл нэг ч байхгүй. Ерөөс эндээс л хүмүүсийн анхаарал, сонирхлыг холдуулах гэсэнарга шүү дээ. Хамгийн гол нь Ц.Нямдорж дээр авч үзэх юм бол өнөө таван хууль. 70 жилийн турш Монголын ард түмний, дээрээс нь нэмээд нээлттэй нийгэмд шилжих 26 жилийн дотор Монгол хүмүүсийн хөлс, цус, нулимсаар туршигдсан тэр хар тогтолцоо, хуулийг халах гэж энэ хуулиудыг оруулж ирсэн шүү дээ. Тэгтэл УИХ баталчихсан байхад буцаагаад хаяж байгаа юм. Үнэхээр л ард түмний нурууг тэнийлгэх, албан тушаалтнуудын хувьд нэлээд хатуу хууль байсан. Тэгээд үүнээс хүмүүсийн анхаарлыг сарниулж байгаа юм. Ц.Нямдоржтой “Эрдэнэт”-ийн асуудлыг яриагүй бол сэтгүүлчид түүнтэй уулзаад “Тэр таван хуулийг яагаад буцааж байгаа юм. Та өмнө нь Хууль зүйн сайд байсан хүн” гээд л асуух байсан. Ц.Нямдоржийн тооцоо бол “Одоо сонгогчидтойгоо уулзахад “Эрдэнэт”-ийг аврагчийн дүрээрээ тэдэнд очно” гэж л тооцсон. Хувийн ийм өчүүхэн эрх ашгийн үүднээс мэдэгдэл хийжээ. Үүний цаана улс орноо бодсон ямар нэг үйлдэл алга аа. Ц.Нямдорж үүнийхээ оронд намаасаа шаардах ёстой байсан. “Амласан зүйлээ оруулж ир л дээ, Чойжилсүрээн” гэж. Б.Чойжилсүрэнг би танихгүй, мэдэхгүй гэж хэлэхгүй л байх, Ц.Нямдорж.

-Саяхан Малыш Энхтүвшин гэх хүн С.Зоригийн хэргийн талаар сонинд ярилцлага өгсөн байсан. Тэрээр таныг гар утас руу нь мессэж бичсэний дагуу л ажилладаг гэж ярьсан байсан. Энэ үнэн үү?

-Сая С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж явахад тэр хүнтэй таарсан. Ерөөсөө арван хэдэн жил огт таараагүй. Тийм учраас над руу мессэж бичдэг тийм зүйл огт байхгүй. Тэр бол худлаа. Элбэгдоржтой холбоод шуугиан дэгдээхээр л яана гэж боддог юм бүү мэд.

-С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байна?

-С.Зоригийн хэрэг гарснаас хойш хууль, хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан даа. Энийг шалгаж байгаа, үүн дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй шүү. Хянаж байгаа улс нь ч энийг сайн харж байгаа. Ер нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн энэ хэргийн эзнийг олоход бид туслах ёстой. Хэрэг шүүхийн шат руугаа очиж шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уугэсэн ойлголт байгаа. Монгол Улсын Ерөнхий прокурор бол төрийн хууль цаазын жинхэнэ зөвлөх гэдэг. Би Ерөнхий прокуророос л хяналт тавьж байгаа хүнийх нь хувьд асууж тодруулдаг.

-Орон нутгийн сонгуульд таны хүү нэр дэвшиж байгаа. Тантай зөвлөсөн үү?

-Манай хүү Эрдэнэ энэ сонгуульд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд нэр дэвшиж байгаа. Энэ бол цэвэр өөрийнх нь сонголт байгаа юм. Олон түмний төлөө явъя гэсэн сонголт байгаа бол тэгээд зорилго нь зөв байгаа бол бид залуусыг дэмжих нь зөв байх л даа.

-Төрийн албан хаагчдыг олон тоогоор нь ажлаас халж байгаад та ямар тайлбар өгөх вэ?

-Хүмүүстэй тааралдахад бас фэйсбүүк, твиттерээр над руу хүмүүс маш их захидал бичдэг. Улсууд гасалж байна. Би өглөө бүхэн ажилдаа очихдоо айдастай байна. Өнөөдөр чамайг халлаа гэж хэлэх байх даа гэж. Яагаад ингэж айдастай очиж байна вэ гэхээр машинаа лизингээр авчихсан. Тэрийгээ цалингаасаа төлдөг. Байрны зээлэнд хамрагдчихсан. Бүр коммунист суботник шиг болчихлоо. МАН энэ талаар дээд түвшиндээ хэлж л байгаа байх, үүндээ анхаараарай гэж. Цэвэрлэгч, мэргэжилтэн гээд хэнийг ч голохгүйгээр бүр жагсааж байгаад толгой дараалан хөөж явуулж байна. Халах тусам, шинээр хүн авах тусам төрийн албаны чадвар улам дордоод байна. Энэ үнэн л дээ, гурав, дөрөв, гуч, дөчин жил ажиллачихсан тэр хүмүүс Монголын асар үнэтэй капитал байхгүй юу. Асар үнэтэй. Гэтэл тэр хүмүүсийг хөөж явуулаад зүгээр л нэг шахааны хүмүүсийг оруулж ирж байна. Ц.Нямдорж мэдэгдэл хийснээс ч болдог юм уу яадаг юм, энэ хүний хөл газар хүрээгүй газар алга боллоо. Энэ нөхрийн шахаж тавиулдаг бүлэглэл банк санхүү зэрэг салбаруудыг бүхэлд нь барилаа ч гэдэг юм уу. Уг нь энэ асуултыг ард түмэн асуух ёстой юм. Сонгууль болоод амьдрал чинь дордов уу, сонгуулийн өмнөхөөс сайжрав уу гэхээр бүгд л зуун хувь дордлоо л гэж байна. Чухал асуудлаас анхаарал холдуулахын тулд чанга дуугаар мэдэгдэл хийгээд байх шаардлага ерөөсөө байхгүй. Одоо бол мэдэгдэл хийдэг цаг биш, ажил хийдэг цаг. Манайд ажилладаг дулааны улирал маш бага. Дөрвөн жил гэдэг маш богино хугацаа. Одоо бид бүгдээрээ нэгдээд нийлээд ажилламаар л байгаа юм. Би энэ Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд хэлж байгаа. Бид нэг Монгол. Сонгууль дуусчихлаа. Одоо нэгдээд нийлээд ажиллая. Ер нь бидэнд бие биенээ шүүмжлэх, зөрчилдөх энэ үйл явц хангалттай. Одоо болоо. Тэр ярих хэлэх, бие биенээ гутаах нь хангалттай. Энэ богинохон хугацаанд нийлж нэгдээд эрх авсан энэ улсууддаа итгэл өгч бололцоог нь олгох ёстой.

Бид замбараагүй явж, дуртай юмаа ярьж, дургүй юмаа шүүмжилж татан унагаж, нэгнийгээ гутааж одоо болсон. Одоо бид ажил хийдэг үндэстэн болох хэрэгтэй. Тулгамдаж байгаа асуудлыг шийддэг үндэстэн болох хэрэгтэй. Хүмүүстээ ажлын байрыг нь бий болгож, хийж бүтээж байгааг нь дэмждэг тийм үндэстэн болох ёстой. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийг Монголын ард түмний нэг хэсэг гэж боддог шүү. Хувийн хэвшилд ажиллаж байгаа бол буруу, муу гэж хардаг сэтгэхүйгээ орхих хэрэгтэй. Монголын амьдралын 80 хувь нь хувийн хэвшлийн нуруун дээр явж байгаа. Харин ч нээлттэй нийгэм, ардчиллын ач энэ мөн. Бүх амьдрал, бүх аж ахуйн нэгж, бүх ажил руу ордог байсан төрийн гар, хуруу ингэж багассан.

-Төсвийн тодотголоор Сангийн сайдын оруулж ирсэн зүйлүүд дээр та ямар саналтай байсан бэ?

-Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилогдсоноос нь хойш нэг л удаа уулзсан. Сонгуулийн дараа Засгийн газар, УИХ маш хурдан ажилдаа орох ёстой гэдэг байр суурийг барьсан. Б.Чойжилсүрэн сайд энэ нь буруу, тэр нь буруу гээд зогсоогоод байвал зогсоогоод байж болно л доо. Бүтээн байгуулдаг, барьдаг энэ талдаа сайн шүү дээ. Харин Сангийн сайдын хувьд ямар хүн бэ, энэ хүний илүү Сангийн сайд МАН-д байх байсан уу, үгүй юу гэдэг нь асуудал байж магадгүй. Шууд хэлье. Улстөрчид, энэ Ц.Нямдоржийн шахаа, мөнгөний хүч энэ Сангийн сайдыг бий болгосон байж магадгүй. Иймэрхүү байдлаар албан тушаалыг хувааж авах байдлаар хуйвалдаж, сэдэв хүлээгээд суух маягаар улс төр хийхээ болих хэрэгтэй.

-Сүүлийн үед гадны банк оруулж ирэх тал дээр олон талын байр суурь гарах болсон. Ялангуяа “Bank of China”-гийн эргэн тойронд?

-Манайд банк санхүүгийн чиглэлийн үйл ажиллагааг чөлөөлөх ялангуяа хоёр дахь зах зээлийг бий болгох, манай хувийн гэлтгүй бүх аж ахуйн нэгжүүд бүгдээрээ айл гэрийн, нэг хүний өмч байхаа боль оо. Та нар хөрөнгийн биржээрээ дамжуулаад Монголын ард түмэнд тэр хувьцаагаа зараач ээ. Олон нийтийн компани болооч, компанийн олон улсын хамгийн сайн засаглалыг хэрэгжүүлээч ээ. Үүнд нь Засгийн газар, УИХ-ын зүгээс хийх ажлаа хурдан хийж хуулиа баталъя.

Би Б.Чойжилсүрэнтэй уулзаад хэлж байсан. Чиний оруулж ирсэн саналыг хамт олон хүлээж авахгүй байна. Чи мэргэжилтний санал барьж орж ирээд бөөн хэрүүл болох юм. Чамд улс төрийн алсын хараа алга. Би Ерөнхий сайдтай уулзахдаа хэлж байсан дарга нарын албаны өрөөнөөс эхлээд таналтаа эхлээч ээ гэж. Надаас ч эхэлсэн болно. Тэр тансаглалаасаа танах чиглэлд ажиллаач. Маш олон боломж бий.

Манай өмнөд хөршийн Монголын эдийн засагт оролцож байгаа хөрөнгө оруулалт, худалдаа зэрэг нь аль ч орноос илүү байгаа. Манай хамгийн том худалдан авагч, хамгийн том хөрөнгө оруулагч, банк санхүүгийн салбарт хамгийн том хамтарч байгаа улс. Бид чинь үндэсний аюулгүй байдлын өөрийн гэсэн үзэл баримтлалтай, өөрийн зарчимтай. Нэг орны хөрөнгө оруулалт ямар түвшинд байх уу гэдгийг мэддэг, бидний байршил их өвөрмөц. Бид цаашид энэ чиглэлээр Монголын ард түмэнд хэрэгтэй зүйл дээр хамтарч хийх ёстой. Миний байр суурь бол “Bank of China” гэдэг банк Монголд орж ирээд зээл өгөөд явах шаардлага алга. Аль ч орноос эдний банк санхүүгийн оролцоо Монголд өндөр байна. Харин ч шаардлагатай өөр орны энэ түвшинг хангачихсан, оръё гэж байгаа банкны салбар байгаа болбол манайх руу орж ирээгүй, манайд хөрөнгө оруулалт хийгээгүй орон байгаа бол оруулах хэрэгтэй. Иймэрхүү байдлаар бид тэнцвэрээ барьж явбал яасан юм. Энэ дотроо Монголын банкуудын нэр дээр гардаг арилжааны банкуудын шүүмжлэлийг ч би хуваалцдаг. Сая Ц.Нямдорж мэдэгдэл хийхдээ ярьж байна билээ. Бид тэр банкийг оруулж ирэх гэж байгаа, оруулж ирнэ гэж. Харин тэр банк оруулж ирэх асуудлыг ҮАБЗ дээр ярина шүү. Өмнө нь ч ярьж байсан. Би байр сууриа тодорхой хэллээ.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк худалдаж авсан. Гэтэл таныг тус банкинд хувьцаа эзэмшдэг гэх мэдээлэл байна. Мөнгөний эх үүсвэрийг нь хаанаас гаргасан байдаг юм бол?

-Ер нь бид ийм худал зүйлийн хойноос явах хэрэггүй дээ. Надад Худалдаа хөгжлийн банкинд хувь, хувьцаатай байх ямар ч шаардлага байхгүй. Нэг зүйл хэлье. Хувь хувьцаа эзэмшдэг нь байтугай, Монголд өнөөдөр хийгдэж байгаа 20 сая төгрөгөөс дээших гүйлгээ хяналтад байгаа шүү. Олон улсын янз бүрийн гүйлгээ, хар бор мөнгө гэдэг чинь ёстой өнөө шилэн данс гэдэг шиг хяналтад байгаа. 10 мянган ам.доллараас дээш асуудалтай гүйлгээ хийгдсэн Монголбанк хянаад явчихаж байгаа.

-Хотын дарга асан Э.Бат-Үүл С.Зоригийн хэргээр шалгагдаж байгаа тухайгаа хэлэхдээ таныг МАН-тай хамтарч өөрийгөө гүтгэж байна. Өөрийнх нь эсрэг Их-Эвсэл байгуулагдсан гэсэн?

-Э.Бат-Үүлийг би үргэлж дэмжиж ирсэн. Баатар болтол нь дэмжсэн дээ. Цаашдаа ч дэмжинэ. Дээр би хэлсэн, С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийнхэнд хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй. Байх ёсгүй гэдгийг Ерөнхий прокурорт үргэлж хэлж байгаа. Ер нь улс төрөөс болоод хэн нэгнийг хардаж байна сэрдэж байна гэж харснаас энэ хэрэг удсан байх. Би ингэж хардаг. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг шүү дээ. Хүн бол санал бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Өдөр, шөнөгүй ажилласан хууль хяналтын байгууллагын улсуудад талархаж явах хэрэгтэй, хийж байгаа ажилд нь. Хэцүү, маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Би Ерөнхийлөгч болоод л миний ширээн дээр, миний анхааралд өдөр тутам байдаг нэг зүйл бол С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг, учир холбогдлыг нь, эзнийг, алуурчныг, ямар нөхцөл байдал тэр үед үүссэнийг Монголын ард түмэн мэдэх хэрэгтэй гэж л боддог. Хууль хяналтын байгууллагын ажилд Э.Бат-Үүл талархаж явах хэрэгтэй. Монголчууд талархаж явах хэрэгтэй. Би энэ нэлээд ахицтай явж байгаа гэдгийг хэлье. Энэ хэрэг яагаад ийм нууцлагдмал байгаад байна вэ гэвэл эхнээс нь тагнуулын байгууллагад харьяалуулаад илрүүлэх үйл ажиллагаанд нь тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагааны нууц байдаг зүйлүүд орчихсон учраас энэ хэргийн нууцлал гэж яриад байдаг юм л даа. Гэхдээ энэ хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг ил байна гэдэгт итгэж байна. Ер нь манай хэвлэл мэдээллийн байгууллага янз бүрийн зүйл сонирхдог, эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэж байдаг. Энэ хүмүүс ёстой эцсийн хуудсыг нь эргүүлэх байлгүй. Энэ хэрэг илрэхгүй 18 жил боллоо. Энэ хэрэг ямар учиртай байсныг дахиад 18 жил монголчууд эцсийн чулууг нь хүртэл эргүүлж харах байх гэж бодож байна. Гэхдээ үүнийг илрүүлэхийн тулд явж байгаа, ажиллаж байгаа, бүр эхнээс нь явсан цөөхөн хүн байдаг юм даа. Ямар хүндрэл, ямар хэцүү юман дундуур явсан гэж бодно. Ерөнхийлөгч болж гарч ирээд л би Аюулгүйн зөвлөлийг хуралдуулж байгаад тэр зөвлөлөөс тусад нь зөвлөмж энэ хэргээр гаргасан.

-Төмөр замын асуудал?

-Энэ асуудалд ганцхан зүйл хэлье. Ер нь бид өөрсдөдөө итгэмээр байгаа юм. 1990-ээд оны эхээр ЗХУ задраад явж байхад задарсан бүх улсдаа төмөр замыг нь өгсөн байдаг. Монгол Улс Орос улсад ойрхон дагуул орон гэж явдаг байлаа шүү дээ. Тэгэхэд бидэнд та нар энэ төмөр замаа ав гэхэд нь тэнд байсан зарим хүмүүс “Бид чинь орос ах наргүй яаж үүнийг авч явах вэ дээ. Чадахгүй” гэж хэлээд буцаасан байдаг. Одоо бол яаж ч уйлаад төмөр замын асуудал Монголын аж ахуйн нэгжид 100 хувь ирнэ гэж байхгүй л дээ.

Төмөр замын удирдлага яаж тавигдсан, юу болсон талаар үнэхээр мэдээлэл алга. Энэ бол Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх асуудал. Хүн бүхэн нэг нэг нэр халаасалчихсан явж болохгүй л дээ.

-ОУВС-тай хэлэлцээр хийх тухай яригдаж байгаа?

-Хэлэлцээр хийвэл ийм сайн тал, ийм муу тал байна гэж ярьдаг. Энэ бол хоёр талтай асуудал. Ганцхан үндэслэлийг иш үндэслэл болгож бид хэлэлцээр хийх нь зүйтэй гэдэг дээр би өмнөх засгийн үед ч зогсч байсан. Хэлэлцээр хийх хэрэгтэй. Тэр нь ямар үндэслэл байсан бэ гэхээр санхүүгийн сахилга бат гэдгийг бий болгоё. Үүнийг Засгийн газартайгаа юм уу, Сангийн сайдтайгаа эрх барьж байгаа хүмүүс нь хариуцлага тооцож чадахгүй байна шүү дээ. Тийм байгаа биз дээ. Ерөөсөө л Засгийн газар нь төсвөө оруулж ирдэг, УИХ-ын гишүүд нь дураараа тэлж л байдаг. Өөр өөрийнхөө тойрог, өөрийнхөө сонирхож байгаа юм руу хаяулах юм бол төсөв баталсан нэртэй болдог. Баталсны дараагаар дандаа тодотгож байдаг. Тэгээд Монголын ард түмэн тавьсан тэр өр зээлэнд нь унаж байдаг. Тэгэхээр сахилга бат гэдэг юмыг ерөөсөө Монголд ОУВС-тай хэлэлцээр хийж бий болгохгүй бол энэ гарах гээд тэмцээд байгаа хямрал цаашилбал хэцүүднэ. Одоо хэдэн тэрбумаар нь энд тэндээс мөнгө зээлнэ. Ер нь манайд мөнгө зээлж магадгүй хоёр, дөрвөн тэрбум гэж яриад байгаа. Миний байр суурь бол ярьж болно оо, ганцхан өмнөд хөрштэй биш. Мексик маш хүнд байдалд ороод Америктай ярьж байгаад өндөр хүүтэй авсан бондоо бага хүүтэй мөнгөөр солиулж зээл аваад эдийн засгаа босгоод эргүүлээд өгсөн туршлага байна. Ийм туршлага улс орнуудад байна. Европоос Германтай, Азиас Япон, Өмнөд Солонгостой ярьж болно. Хоёр хөрштэйгээ, Америктай ярьж болно. Тэгээд явж явж байгаад нэг орон нь тунаж магадгүй. Хөнгөлөлттэй зээлээр бондыг сольж болно. Тэгэхээс өөр аргагүй болсон байж магадгүй. Тэгэхээр ОУВС-тай л ярь.

-Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай болгох нь зүйтэй гэх санал гарах болсон. Та үүнд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалаа ажил хийдэг болгоё. Хугацаан дээр нь ч бодож болно. Дөрвөн жил биш таван жил болгож болно. Үнэхээр ингэж Монгол юмаа хийдэг, бүтээдэг, зах замбараатай, сахилгатай ийм юм руугаа бид орох болсон. Задарсан, эрх чөлөө ярьдаг тийм зүйл хангалттай. Монголд бол тэр хэвлэлийн эрх чөлөө, хүн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, шүүмжлэх эрх чөлөө хумигдахаараагүй болсон. Энэ нь байж байг. Нөгөө талдаа хийдэг, бүтээдэг эрх чөлөө, чадамжийг заавал дээшлүүлэх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн суудал гэдэг бол Монголын төлөө юм боддог хүнд юм бодогдуулдаг суудал шүү. Улстөрч бол дараачийн сонгуулиа боддог, харин төрийн зүтгэлтэн бол дараачийн үеэ боддог. Би аль аль замаар нь явсан. Улсын эдийн засаг, улс төрд нь юу хийх хэрэгтэй байна вэ. Би энэ бүхний дотор нь орсон юм шиг харж байгаа. Ийм ийм зүйл хийх хэрэгтэй гэж.

Түрүүн та бүхэн АН-ын шинэчлэлийг асууж байна билээ. АН гэхэд эхлээд ямар үзэл энэ намд байх ёстой юм бэ гэдгээ маш тодорхой болгох хэрэгтэй. Юу хийх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Дүрмээ тодорхой болгох хэрэгтэй. Тэнд байгаа хүмүүс, Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хүрсэн энийгээ аваад явах бүтэц бий болох ёстой. Одоо бол ажил хийдэг цаг. Мэдэгдэл, сэдэв хийж, цаг хүйтрэхийг, хүмүүс зурагтынхаа өмнө суухыг хүлээгээд суух шаардлага байхгүй. Лав л надад тийм юм байхгүй. Надад ямар ч тийм шаардлага алга. Өнөөдөр надад Ц.Нямдоржийг шүүмжлэх эсвэл тэнд Худалдаа хөгжлийн банкны 49 хувийг авсан хүнийг магтах тийм шаардлага байхгүй. Би Ерөнхийлөгчийн хувьд Ц.Нямдоржийг ч төлөөлөх хэрэгтэй. Эрдэнэбилэгийг ч төлөөлөх хэрэгтэй. Би ядарч яваа хүнийг ч төлөөлөх хэрэгтэй. Би чадаж яваа хүнийг ч төлөөлөх эрхтэй. Намайг үзэн яддаг хүнийг ч төлөөлөх үүрэгтэй. Намайг дэмжиж талархдаг хүнийг ч төлөөлж байгаа. Энэ утгаараа л хэлж байгаа юм. Хэдүүлээ энэ хэтэрхий улстөржилт хий хоосон, хүмүүсийн даралт ихэсгэсэн энэ юмаа багасгая. Хийх юман дээрээ төвлөрье. Ард түмэн хэцүү асуулт асууж байна. Хариуцлага шаардаж байна. Хийнэ гэсэн бол хийдэг л байя. Чадна л гэж гарсан, энэ хүндрэлтэй байдлыг засна л гэж гарсан. Үүнийг засахад ямар нэгэн нам ямар нэгэн зүйлийг үнэхээр харахгүйгээр хамтарч ажиллаж чадна.

-Ирэх онд таны бүрэн эрх дуусна. Та Ерөнхийлөгчөөс буугаад ямар ажил эрхлэх вэ. АН-ын дарга болох уу. НҮБ-д ч ажиллаж магадгүй гээд байгаа шүү дээ?

-Би яг үнэндээ Монгол Улс маргааш хийх ажилд л санаа зовж байгаа. Түүнээс биш өөрийн ажил юм уу, өнгөрсөн, одоо үйл явцад миний мөр, миний хийсэн ажил яаж үлдэх бол гэдэгт огт санаа зовохгүй байна. Ажил хийх шаардлагатай бол би зүтгэнэ ээ. Хийх юм байгаа бол, Монголын улс төрд юу хийх хэрэгтэй вэ, нийгэм, эдийн засагт юу хэрэгтэй юм, ард түмэнд юу дутагдаж байгаа юм, ард түмний улс төрийн эрхийг буцааж өгөхөд юу хэрэгтэй юм, хүмүүсийг ажилтай болгоход юу хийх хэрэгтэй вэ, ямар арга хэмжээ авах уу, хэдэн жилийн дотор шийдэх вэ. Үнэхээр олон жил зүтгэсний хувьд би энэ бүхнийг харж байна. Олон улсад яах юм, хоёр хөрштэйгөө яаж харилцаад явах юм. Бүс нутагтаа ямар байдалтай байх юм, ямар боломж байгаа юм. Ямар боломжууд Монголыг тойрч алга болоод байгаа юм. Япон гэдэг өндөр хөгжилтэй орны Ерөнхий сайд, БНСУ-ын Ерөнхийлөгч нь Владивостокийн уулзалтад очоод Путин Ерөнхийлөгчтэй гар бариад Монголын зүүн талаар тойрох бүх дэд бүтцийн асуудлыг шийдээд явж байна шүү дээ. Монгол орхигдож байна. Үүнийг Засгийн газар харж ярьж байх ёстой. Манай баруун талд Казахстанаар дамжаад Европ руу гардаг дэд бүтэц явж байна. Үүнийг бид ярьж, үүн дээр хоёр хөрштэйгөө ойлголцож явах ёстой. Түүнээс биш тэнд буруу шийдчихсэн юм шиг байна, энд буруу шийдчихсэн юм шиг байна. Тэр хүн тийм буруу бичиг явуулсан байна гээд бид дотроо нэгнийхээ сэтгэлд ямар нэгэн юм хийж болно л доо. Гадны хамтарч ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэлд үндэслэлгүйгээр муу юм хийх ерөөсөө шаардлага байхгүй.

Над дээр “Би АН-ын шинэчлэлийг хийнэ. Үүнд хүчээ зориулна” гэж олон хүн орж ирсэн. Би бүгдэд нь дэмжинэ гэж хэлсэн. Би Батхүү чамайг дэмжиж байна, Цагаан, Гантөмөр, Тэмүүжин нарыг дэмжиж байна. Тэр залуучуудыг ч дэмжиж байна. Зөв шүү дээ.

-Бонд босгохоос өөр арга зам үлдсэнгүй юу?

-Монгол Улсын үнэлгээ, түвшин, рейтинг нь их доошоо буусан. Тэгэхээр бонд асар өндөр хүүтэй босох магадлалтай байгаа юм. Засгийн газар их олон эх үүсвэр хайж байгаа байх аа. Санхүүгийн эх үүсвэрүүдийг шийдэхдээ ОУВС-тай хамтрах нь зүйтэй. Монгол Улс санхүүгийн хувьд хатуу сахилгатай болох ёстой.

-Өнөөдрийн уулзалтыг Ц.Нямдоржийн эсрэг ярих гэж л зохион байгуулж байна гэж олон нийт шүүмжилж байна?

-Би өнөөдөр нэг хүний талаар ярих гэж энд ирээгүй. Ийм зүйлд Монголын ард түмэн хууртахгүй тийм билгийн нүдтэй болсон. Тийм чадвартай болсон. Сэтгүүлчид үнэлэлт дүгнэлт өгч нэг хүний яриа, мэдэгдлийг хараад гарахдаа бүрэн автаад гардгаа болимоор байгаа юм. Аливаа юмны цаад талыг яаж унших вэ гэхээр өөрөө үнэтэй зүйлтэй, зарчимтай байх ёстой. Үнэхээр энэ Монголын төлөө хийгдэж байна уу гэдэг шугаман дээр тавиад үз. Тэгээд тэрэн дээр тань зөрж байгаа бол та дүгнэлтээ хийж болно.

-АТГ-ын даргаар Д.Энхжаргалыг та дэмжсэн. Түүнийг М.Энхболдтой нэг нутгийн хүн гэдэг. Таныг албан тушаалаасаа буусан ч шалгагдахгүй гэх тохироо хийсэн гэх?

-Ерөнхийлөгчийн ажлыг өгөөд хуулийнхан шалгана гэвэл би зангиагаа зүүгээд гутлаа өмсөөд очно. Би нэг ч хэвлэл дуудахгүй. Нэг телевиз тавьчихаад өөрийгөө өмөөрүүлэх хүн биш. Би сөрөг хүчний удирдагч байхдаа хүртэл шалгуулаад шүүх дээр очоод цагаадаад гарч л байсан. Зөндөө олон асуудлаар хуулийнхны өмнө очдог. Хуулийнхан асуух ёстой.

Би малчны хүүхэд явсан. Цэргийн сэтгүүлч. Үзэгтэй, шинельтэй явсан. Би “Эрдэнэт” үйлдвэрийн гараа тосолсон ажилчин явсан. Энэ бол өндөр хувь заяа. Миний ард түмэн надад энэ боломжийг олгосон. Би үргэлж баярлаж явна. Эцсийн амьсгалаа хураатлаа энэ Монголын ард түмний төлөө хийх юм байвал өөрийнхөө хувь нэмрийг оруулж зүтгэх болно. Та нар бод доо, үнэхээр гараад явчих, үнэхээр тийм Монгол гэсэн сэтгэлгүй байсан бол миний хүү тэгээд нэр дэвшээд явж байх уу. Монголчуудын төлөө, тэр хорооны иргэдийн төлөө зүтгэе гээд. Би үр хүүхэд, нэр төр, Монголоо боддог хүн шүү дээ. Надад гадны нэг улс оронд очоод байшин авчихсан, давхар иргэншил гуйгаад явдаг ёсзүй байхгүй. Монголоос хулгай хийгээд гадаадад хадгалуулдаг тийм ёсзүй байхгүй. Тийм зүйл миний санаанд ч ордоггүй. Ойр дотнынхоо хүнийг хэлмэгдүүлэх гээд явдаг тийм юм санаанд минь ч ордоггүй. Өнөөдөр миний ямар буруу байна вэ гэхээр Ерөнхийлөгчийн суудалд сууж байгаа нь буруу. Энэ л илүү харагдаад байгаа юм. Зарим нь надад эрхэлдэг юм. Туслахаараа яриуллаа гэж. Ажил ихтэй байна л даа.

Тэмдэглэсэн: Д.САРУУЛ

Categories
их-уншсан туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Зарим зүйл хуульгүй байсан нь дээр

Мушгичих вий дээ, хэвлэлийн эрх чөлөөнд зориулж хэлсэн үг юм шүү дээ. Сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-ийн асуудлаар сэтгүүлчидтэй өргөн уулзалт хийх үеэрээ тэдний олон асуултад хариулт өглөө. Энэ уулзалтыг нэлээд бичсэн учраас үргэлжлүүлэх гэсэнгүй. Харин энэхүү уулзалтын үеэр түүний хэлсэн нэгэн үг их таалагдсан нь “Зарим зүйл хуульгүй байсан нь дээр байдаг юм” гэсэн үг. Ер нь тэрээр хэвлэлийн эрх чөлөөний талаар угаасаа ийм л бодолтой явдаг хүн шиг байгаа юм. Одоогоос арав гаруй жилийн өмнө хэвлэлийн эрх чөлөөний талаар өөрийн бодлоо хэлэхдээ “Монгол хүн морио унаад л явж байг. Заавал тэрийг хуульчлах хэрэг юу байна. Түүнтэй адил хэвлэлийн хууль гаргаж сэтгүүлчдийг дөнгөлөх хэрэг байна уу” гэж хэлсэн.

Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт дээр сэтгүүлч түүнээс “Хэвлэлийн эрх чөлөөний хууль юу болсон бэ, та татаад авчихсан юм уу” гэж асуухад тэр дээрх алдартай хариултаа хэлээд “Хууль хэрэв батлагдсан бол хэвлэлийн эрх чөлөөг боомилох байсан юм” гэж хэллээ. Хууль бол аливаа үйлдэлд хэм хэмжээ тогтоож, ёс зүйн хязгаар босгыг тогтоох л үүрэгтэй. Хууль үнэхээр батлагдсан бол ардчилсан чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд устах байсан байх аа. Гэхдээ Монголын хэвлэл мэдээлэл хуульгүй юм биш, бас хуультай. Үндсэн хуульд иргэн хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээр хангагдана гэж заасан. Дээр нь Э.Бат-Үүлийн дөрвөн заалт бүхий Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль бий. Эдгээр хуулийн хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байхад тэгээд болно. Э.Бат-Үүлийн хууль дээр Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг хууль санаачлан батлуулахыг хориглосон заалт бий. Үүн дээр Ц.Нямдоржийн гэж хэлж болох Эрүүгийн хуулийн 111 дүгээр заалт буюу “Гүтгэх” гэдгийг аваад хаячих хэрэгтэй. Тэгээд л өөр хуулийн хэрэггүй гэсэн үг. Энэхүү 111 дүгээр заалт нь хэрэг дээрээ томоохон албан тушаалтнуудад зориулсан заалт юм. Тэдний хууль бус үйлдлийн талаар сэтгүүлч дуугарч болохгүй гэсэн дарамт бол энэхүү хуулийн заалт билээ.

Хууль батлагдаж байх нь бусад салбарын тухайд муу юм биш. Харин хэвлэлийн эрх чөлөөний хуулийн тухайд бол хууль батлагдлаа гээд мундаг ариун болчихно гэж ойлгож болохгүй. Чөлөөт хэвлэлээ боомилох үйл явц хууль эрх зүйгээр баталгаажиж, сэтгүүл зүйгээ дарамтлах хэрэгсэл боллоо гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр харж байхад хувийн чөлөөт хэвлэл мэдээлэл рүү алгуурхнаар дайрч байгаа нь алсыг харсан, муу санаатай, ардчиллын үнэт зүйл болсон чөлөөт хэвлэлийн дархлааг устгахыг зорьсон, нийгмийн сэтгэл зүйг чөлөөт хэвлэлийг үзэн ядах үзэл рүү чиглүүлсэн байдалтай байгаа нь гадны явуулгатай мэт. Зүйрлэвэл, зааныг өдөрт нэг няслахад жилийн дараа үхсэн байдаг гэсэн үзэл санаа философиор явж байх шиг. Монголын сэтгүүл зүй тэнэг биш болохоор ийм л мэдрэмж төрөөд байгаа. Ийм мэдрэмжийг эхнээс нь авч эхэлсэн. Тийм учраас Монголын сэтгүүл зүй яав ч зүгээр суухгүй, дуугүй суухгүй, хөдөлнө.

Бусдын жишээг харъя л даа. Турк бол хөгжилтэй орон. Энэ улс хэвлэлийн эрх чөлөөний хуультай. Тэр хуульд нь “Төрийн эсрэг…” гэсэн заалт хэвлэлийнхэнд зориулагдан тусгагдсан байдаг. Өнөөдөр энэ дэлхий дээр өдөрт хэдэн арваар нь сэтгүүлчдийг баривчлан хорьж, редакцийг нь хааж байгаа улс орон бол эднийх боллоо. Яах аргагүй хэвлэлийн хуультай, тэр хуульдаа сэтгүүл зүйн эрхийг хязгаарлан боомилсон заалттай учраас энэ улсын сэтгүүлчдийн тэн хагас нь шоронд орж, цөөнгүй тооны хэвлэл мэдээллийн байгууллагын хаалгыг лацадлаа. Угтаа тэд ямар ч санаа зорилгогүйгээр сэтгүүл зүйн өдөр тутмын ажил болох болж буй үйл явдлыг мэдээлсэн юм. Ажлаа хийснийхээ төлөө төрийн эсрэг үйл ажиллагааг сурталчилсан хэрэгт хуулийн заалтаар буруудаж ял авч байгаа нь энэ. Ардчилсан Солонгос байна. Эх орон, удирдагчийнхаа эсрэг үзэл санааг дэлгэрүүлэх юм бол… гэсэн заалт тэдний хуульд бий. Хэвлэлийн эрх чөлөөний хуультай улс орнууд гэвэл дэлхий дээр иймэрхүү л улс орнууд байдаг юм шүү дээ. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний хууль гаргаж гэмээнэ эдний нэгэн адил боллоо гэсэн үг.

Харин бидний үлгэр авч ярих дуртай Америк зэрэг улс орнуудад хэвлэлийн эрх чөлөөний талаар ямар байдгийг хэлье л дээ. Америкийн Үндсэн хуульд “…үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний эсрэг хууль батлахыг хориглоно” гэсэн заалттай. Үүнийгээ л баримтлаад явж байдгаас бус Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаар тусгайлсан хууль гаргадаггүй. Хөгжсөн улс орнуудын хувьд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хуулиар шүүх боломжгүй гэж үздэг. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон цагаан ордонд дадлагажигч Моника Ливинский гэж бүсгүйтэй хормой хотны явдал үүсгэсэн нь дэлхийгээр нэг юм болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бөмбөгдөж өгсөн. Клинтон библи дээр гараа тавьж байгаад би тэгээгүй хэмээн хэлсэн. Гэтэл өнөө Ливинский нь бандаашаа нуучихсан байж байгаад гаргаж ирж шинжлүүлснээр бүх зүйл бодитой болсон. Энд юу хэлэх гээд байна гэхээр энэ бүх үйл явдалд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид маш их хутгалдсан. Хэрэвзээ хэвлэл мэдээллийн хуультай байгаад түүгээр зохицуулагдсан бол аль ч улсын хамгийн өндөр дээд албан тушаалтан бээр шүүх засаглалд нөлөөлж юм уу, библи дээр гараа тавьж тангарагласныхаа маргаашаас эхлээд бичсэн, нэвтрүүлсэн бүх хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг хуулиар дарамтлах байсан. Хуульгүй учраас хувийн чөлөөт хэвлэл мэдээлэл рүү хандсан дарамт нэг ч гараагүй. Эцэстээ Америкийн Ерөнхийлөгч ялагдаж дадлага хийж байсан эмэгтэй ялсан. Хэвлэлийн хуульгүйгээр үнэнийг олж болдгийн тод жишээ бол энэ. Урт удаан хугацаанд үргэлжилсэн энэ маргаантай холбоотойгоор нэг ч хэвлэлийн байгууллага, нэг ч сэтгүүлч хохироогүйг, хуулийн хариуцлагад татагдаагүйг дэлхий харсан.

Тэгвэл өөрийн орны практикаас үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хуулиар шүүж болдоггүй жишээг хэлье. Өнөөдрөөс 26 жилийн өмнө монгол хүн бүр, Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллага социализмын бүрэн төгс ялалтыг магтан дуулж, зүйл бүрээр дэмжин бичиж, хэвлэн нийтэлж байлаа. Өнөөдөр тэр бүхэн худлаа болсон. Социализм, коммунизмыг магтан дуулж, сурталчлан бичиж байсан түүнийг хуулийн тэдийн тэддүгээр заалтаар хариуцлагад татсугай гэх юм уу. Хуульд л захирагдаж амьдрах ёстой. Ингэхээрээ ямар ч цаг үед хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хууль шүүхээр зохицуулж болдоггүй юмаа гэдгийн жишээ энэ. Хүний үзэл бодол яаж ч хувьсан өөрчлөгдөж болно. Өнөөдөр үнэн гэж байсан бүхэн маргааш худлаа болдгийг 26 жилийн өмнөх үзэл бодлоосоо бид харлаа.

Ардчилсан чөлөөт хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг бол ардчиллын үнэт зүйл, улс орны тусгаар тогтнолын баталгаа гэдгийг дэлхий өөрөө тунхагласан юм. Чөлөөт хэвлэл мэдээлэл нь өөрөө хуулийн дарамтанд орж, гадныхны гар хөлийн явуургаар сэтгүүлчид нь байгууллагынхаа эсрэг турхиралтад орох аваас нийгмийн эмх замбараагүй байдал хар аяндаа үүснэ гэдгийг тэдгээр турхирагсад нь мэдэж байгаа. Нийгэм эмх замбараагүй байдалд хүрнэ гэдэг, тэр нь бүр даамжирсаар хяналтаас гарах нь Монголд шунасан гадныхны хувьд нэн таатай үйл явц. Ингэж үймж бужигнасан улс оронд яадаг вэ гэхээр энхийг сахиулах ажиллагаа нэрийн дор том гүрнүүд, мэдээж хамгийн ойроор Хятадын арми НҮБ-ын мандаттай ороод ирдэг юм. Үүний оршил нь эхлээд Монголын нийгмийн сэтгэл зүйн хөтөч болсон чөлөөт хэвлэлийг тогтворгүй, бодлогогүй, редакцигүй, эзэнгүй, хүссэн бүхэн дураараа залж удирдаж байх тийм нөхцөл байдал руу оруулах явдал. Ингээд дараагийн алхам нь Монголын нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх. Ийм л аюул занал айсуй. Тийм болохоор цэргийн сэтгүүлч явсан Ц.Элбэгдорж хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг үгүйсгэж, бүр “Зарим зүйл хуульгүйгээр явахгүй бол болохгүй байна аа” гэдгийг чангаар хэлж байна. Хууль гарвал ардчилсан нийгмийн үйл явдал дунд чөлөөтэй хөрвөж, нийгэмд сигнал өгөн сэрээж байдаг ардчилсан чөлөөт хувийн хэвлэл мэдэээллийн хэрэгсэл боомилогдон устах аюулд орж мэдэх нь гэдгийг тэр мэдэрч байгаа бололтой. Чөлөөт хэвлэл уствал Монголын тусгаар тогтнол устана. Үүнээс өөр ямар ч үр дүн гарахгүй.

П.ХАШЧУЛУУН